Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнгөнтуяа: Улстөрчдийн хэлмэгдүүлэлт миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдож, зургаан сар гаруй хугацаанд хоригдсон Б.Мөнгөнтуяа манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Хэрэгт холбогдож эхэлсэн цагаас хойш түүний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байгааг, мөрдөн байцаагч нарт дарамтлуулж, зургаан сар гаруй хугацаанд шоронд хоригдсон талаараа ярив. Хууль хяналтынхан зургаан сар хорьсны дараа хорих үндэслэл болж байсан зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон талаар болоод шүүхээс түүнд оноосон шийдвэрийн талаар ярилаа. Шүүхээс Б.Мөнгөнтуяад “Багануур” ТӨХК-д 800 гаруй сая төгрөг төлж, хохиролгүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр “Дээрх мөнгийг энэ насандаа өндөр цалинтай ажил хийсэн ч төлж чадахгүй. Сая төгрөгийн цалин аваад 60 гаруй жил ажиллаад ч дуусахгүй” хэмээн ярив. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хэрхэн холбогдсон талаар бидний ярилцлага эхэлсэн юм.

-“Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан бодогчоор хэзээ орсон бэ?

-Анх 2012 оны арваннэгдүгээр сард ажилд орсон. Тухайн үед гүйцэтгэх захирал Эрдэнэбулган ажлын санал тавьсан юм. “Залуу хүмүүс нийлээд том хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм. Бидэнд нягтлан бодогч хэрэгтэй байгаа. Чи сонирхож байвал ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тэгээд л сарын 700 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон. Ерөнхий нягтлангийн хувьд сар бүр хэлтсийнхэнтэйгээ нийлж тайлан гаргах, “Багануур” ТӨХК-ийнхантай хамтран ажиллаж буй гэрээг хэрэгжүүлэх, биелүүлэх ёстой. “Багануур” компанитай сар бүр тооцоо нийлэх үүрэгтэй байсан. Сар бүр тогтсон хугацаанд мөнгийг нь хоцрогдолгүй шилжүүлэх, хоёр компанийн гаргасан тайлан хоорондоо нийлж байна уу гэдгийг шалгадаг байсан. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компаниас нэг л хүнтэй харилцдаг байсан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд “Багануур” компанийн таван захирал эхлээд гарын үсэг зурсан. Дараа нь манай компанийн гүйцэтгэх захирал зурсан. Хамгийн сүүлд би гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Миний гэрээнд оролцож байгаа гол үүрэг хэдэн төгрөгөөр нүүрс худалдан авч байгааг хянах, тооцоо яаж нийлж байгааг компанийнхаа зүгээс хянах үүрэг хүлээж л гарын үсэг зурсан. Үүнээс өөрөөр гэрээнд оролцох үүрэг надад огт байхгүй. Хоёр жилийн хугацаанд Багануур компанийнхны өөрсдийн боловсруулж гаргасан гэрээнд тусгагдсан мөнгөн дүнгээр нүүрс худалдаж аваад мөнгийг нь цаг тухайн үед нь шилжүүлээд явж байсан. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компанитай хийсэн гэрээнд тусгагдсан төлбөр тооцоонд нэг ч удаа асуудал гарч байгаагүй. Шаардлагатай гэсэн баримтаа хоёр талаас нийлүүлж байгаад тулгалт хийдэг. Тэр нь таардаг байсан. Хоёр тал үүнийгээ баталгаажуулаад актаа үйлдээд нэхэмжлэхээ бичээд явдаг. Нэхэмжлэхийн дагуу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Хоёр жилийн хугацаанд “Багануур” компанийн зүгээс манай компани руу хандаж төлбөр тооцооны асуудал гарлаа гэж нэг ч хүн ярьж байгаагүй.

ЗУРГААН САР ХОРЬСОН ЗҮЙЛ ЗААЛТЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН”

-“Нүүрс” хөтөлбөр дуусахаас гурав хоногийн өмнө АТГ-аас таныг баривчилсан байдаг байх аа?

-“Нүүрс” хөтөлбөрийн гэрээ дуусч, хоёр талаасаа хэрэгжүүлсэн гэрээгээ дүгнэхэд гурав хоног дутуу байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ сууж байтал гэнэт АТГ-аас явж байна гээд том биетэй арав гаруй залуу ороод ирсэн. Надад 265.2, 150.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар танилцуулсан. Тэгээд танилцсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай, юунд буруутгаж байгаа талаар асуухаар “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Тэгж байгаад ямар хэрэгт холбогдоод байгаагаа мэднэ биз. Бичиг, үсэг мэддэг юм бол наад цаасаа унш” гэсэн. Тэнд байсан хүмүүс бүгд л загнасан, зандарсан байдалтай байсан. Ажлын байранд нэгжлэг хийж байна гээд орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд АТГ руу аваад явсан. Гурван цаг гаруй хугацаанд хүлээлгэж суулгаж байгаад гэр нэгжих зөвшөөрөл үзүүлсэн. Ингээд манай гэр рүү аваад явсан. АТГ-ынхан гэрт очоод юу хайгаад байгаа нь мэдэгдэхгүй хамаг зүйлсийг ухаж гаргаад байсан. Муухайгаар хэлэх юм бол орон байрны хулгайч шиг соёлгүй, бүдүүлэг загнасан. Хамаг хувцас шалан дээр гаргаж шидээд, ор эргүүлж хаяад гэрийн бүх зүйлийг бусниулсан. Юу ч аваагүй. Тэгээд дулаан хувцсаа өмс гэсэн. Хувцсаа солиод өмсөж байхад хүртэл бүгд хараад зогсож байсан. АТГ руу эргүүлээд аваад явсан. Ямар хэргээр шалгаж байгааг асуухаар огт хариулаагүй. Уг нь учир шалтгаанаар хорих гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэх ёстой биз дээ. Чи ийм хуулийн зөвлөгөө авах эрхтэй ч гэдэг юм уу хэлдэг баймаар юм. Огт тийм юм байхгүй. Эрүүгийн хуулийн ном уншуулчихаад л хорьсон. 01:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьсон.

Тэгэхэд анх удаа шоронд хоригдож үзсэн үү?

-Тийм ээ. Хаашаа авч явж байгаа нь мэдэгдэхгүй, хар теньтэй машинд суулгаад аваад явсан. Тэгж байгаад нэг газар аваад ирсэн нь Цагдан хорих төв байсан. Шоронд хоригдохгүй гэж зөндөө эсэргүүцсэн. Мөрдөн байцаагч “Чамайг яахыг харна аа” гэж заналхийлээд байсан. Кинон дээрээс хардаг байсан шорон гэдэг аймаар газарт очсон. Камерт хоригдоод арай гэж нэг хоносон. Маргааш нь гэрийнхэн нэг өмгөөлөгч авчихсан ирсэн. Өмгөөлөгч ирээд “72 цаг л саатуулах байх. Одоо хоёр хоног тэсчих. Аргалж байгаад л гаргаж авна” гэж хэлээд явсан. Гэтэл 14 хоног хорих шийдвэр гарчихсан байсан. Өмгөөлөгчтэй л уулзана. Өөр хүмүүстэй уулзуулахгүй. Ингээд сар хоригдож байтал АТГ-ын мөрдөн байцаагч ирсэн. Ирээд өөд уруугүй загнаж байгаад явсан. Эхлээд “Юу байна даа. Эндээ дасаж байна уу. Бие хаа нь дажгүй юу” гэж байснаа сүүлдээ “Идэж ууснаа ярь” гээд л загнаад байсан. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэсэн яваад өгсөн. Ингээд сар гаруйн дараа дахиж ирж байцаалт авсан. Зургаан сар найм хоног хорихдоо ердөө тавхан удаа л байцаалт авч байгаа юм. Байцаалт авахдаа бараг юм асуухгүй. Ажил юу хийдэг. Ажил дээрээ юу хийж байсан. Мөнгө гаргах эрх хэн хэнд байсан талаарх ойр зуурын юм асуудаг. Дорвитой ямар ч байцаалт аваагүй. Хавтаст хэрэгт хийгдсэн надаас авсан мөрдөн байцаалтад уншихаар юм юу ч байхгүй. Нэг ч удаа тоо асуугаагүй ойр зуурын анхан шатны мэдэгдэхүүний зүйлс л асуусан юм чинь. Ер нь шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно. Намайг зургаан сар хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. АТГ-ын шат шатны дарга нар, Хууль зүйн яам, сайд, прокурорын газрын шат шатны дарга нарт, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл намайг хууль бусаар хоригдож байгаа үндэслэлүүдийг хууль зүйн тайлбартай нь хүргүүлж, хууль бусаар цагдан хоригдож байгаа учир суллаж өгөх хүсэлтийг өгсөн байдаг. Харамсалтай нь хаашаа ч хандах боломжгүй болсон байсан. Ямар ч арга зам байхгүй. Өөрөө гарахын тулд худлаа ярилтай нь биш гүрийгээд л зургаан сар найм хоносон. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоригдож байгаад Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад сулласан. Цагдан хорих төвөөс гарсны дараа найм хоног хэтрүүлж хорьсон байсан. Хоригдож байх хугацаанд ходоодны шарх сэдэрч, биеийн байдал муудсан. Олон удаа хүсэлт гаргаж байж эмнэлэгт хэвтсэн. Маш олон килограмм турж, хараа муудаж, арьсны өвчин туссан. Дөрвөн хананы дунд ямар хэрэгт орооцолдсон гэдгээ мэдэж чадахгүй шаналж байх хэцүү юм байна лээ. Аав, ээж минь эргэх болгонд нүдэн дээр хөгширч байгаа нь харагддаг байсан. Шоронд хоригдож байсан талаар одоо бодохоор нуруугаар хүйт оргиж, айдас төрдөг. Зургаан сар үйлийг минь үзэж хорьчихоод энэ хэрэгт чи хамаагүй юм байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 265.2, 150.3 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгснээ шал өөр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн.

Гэр бүлийн хүний чинь хувьд үнэхээр хүнд байсан нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэл санаагаар тусалж, дэмжиж байсан биз дээ.

-Үнэхээр хэцүү байсан нь тодорхой. Ханилсан хань нь үл мэдэгдэх хэрэгт шалгагдаж байгаа болохоор маш хэцүү байсан гэж ярьж байна лээ. Гэхдээ намайг буруу зүйл хийх хүн биш гэдгийг мэдэж байсан болохоор миний талд баттай зогсож чадаж байсан. АТГ-аас Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсад онц их хэмжээний мөнгөний хохирол учруулсан гээд удаа дараа мэдээлэл хийж байсан шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бол 3,6 тэрбум төгрөгийн хохирол эсвэл 13 тэрбум төгрөг гээд хоёр янзаар бичээд байсан. Тэрийг хараад маш их гайхсан. Л.Гансүхийн хамаатан Мөнгөнтуяа гэж бичээд л гэрээсээ гарахаас ч айдаг болсон. Хамаатны хүмүүс ч гэсэн мөнгө идчихсэн юм шиг ойлголттой болчихсон байсан. АТГ шүүх хурал болохоос өмнө намайг гэмт хэрэгтэн болгож нийгэмд ойлгуулчихсан. Монголын хууль хяналтынхан хүний эрхийг ингэж зөрчиж хэлмэгдүүлж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт бүрэн итгэж байсан. Хэн ч харсан мөнгө идээгүй нь тодорхой байсан. Тиймээс шүүх үнэн зөвөөр хэргийг шийдээд өгнө гэж найдсан.

Хэрэгтэйгээ хэдийд танилцсан бэ?

-Мөрдөн байцаагч нарт байцаалт өгөхгүй гээд шинжээч нарын гаргасан тайланг хармаар байна гэж маш олон удаа хүсэлт тавьсан. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Долдугаар сарын 31-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг аравдугаар сард арай гэж Цагдан хорих төвд үзсэн. Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хараад гайхсан. Нягтлан бодогчийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүн шинжээчээр ажилласан нь тодорхой байсан. Та бүхний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа дүгнэлт байна уу гэхээр мөрдөн байцаагч нь би тэрийг мэдэхгүй гэдэг. Тэгвэл 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, татвараас зайлсан гээд байгаа шинжээчийн дүгнэлтэд татварын газраас шалгалт хийлгэе, хөндлөнгийн газраар дахиж шалгуулъя гэхээр зөвшөөрөхгүй байсан. Аргаа бараад ядахдаа тайлан тооцоогоо хамгаалж тайлбар өгье гээд ч авч хэлэлцээгүй. Шинжээчийн дүгнэлт байхад хангалттай гэж АТГ, Прокурор үзсэн. АТГ-аас шинжээч нараас асуулт асуусан. Шинжээч нар тэдний асуусан асуултад хариулсан байдаг. Түүнээс хөндлөнгийн аудитын шалгалт огт хийгээгүй байсан. Зөвхөн асуултад хариулсан нь шууд харагдаж байсан юм. Нарантуяа мөрдөн байцаагчид “Энэ дүгнэлтэд буруу гаргасан байна. Үүнд тайлбар өгмөөр байна” гэж хэлэхээр “Би мэдэхгүй. Шинжээч нарын гаргасан дүгнэлт” гээд байдаг. “Санхүүгийн баримтыг дутуу үзсэн байна. Яах арга байхгүй санхүүгийн баримт байгаа” гэхээр мөрдөн байцаагч “Баримтыг нь дутуу үзсэн юм байлгүй дээ” гэж хариулдаг байсан. Бие бие рүүгээ чихээд асуултад хариулахгүй бултаад байдаг. Шинжээчийн тайлангийн талаар олон хоног бодож үзсэн. Үнэхээр учир нь ойлгогдохгүй байсан. Хаанаас нь юу гаргаад ирсэн нь тодорхойгүй. Дөрвөн аргын тоогоор нэмж хасаад хаячихсан. Зөвхөн баримт байхгүй учраас буруу байна гээд байдаг. Ямар ч компани хоёр жилийн хугацаанд гурван тэрбум төгрөгийг санхүүгийн ямар ч баримтгүй гүйлгээ хийнэ гэж байхгүй нь тодорхой шүү дээ. Шүүх хурал дээр ч гэсэн ямар ч баримт байгаагүй. Санхүүгийн баримт нь уг нь прокурор дээр байх ёстой байтал АТГ-т байгаад байдаг. Шүүх хурлын үеэр ч баримт авчраагүй. Одоо хүртэл АТГ-т санхүүгийн баримтууд байгаа. Шинжээч нар ямар учраас ийм дүгнэлт гаргачихсан юм бэ гэхээр АТГ-ын гаргаж өгсөн баримтыг үндэслээд гаргасан гээд байдаг. Хавтаст хэргийн тэддүгээр хуудаст авагдсан баримтыг үндэслэж гээд байдаг. Хуудсанд баримт байна гэж байхгүй биз дээ. Тэгэхээр шинжээч нарыг би санхүүгийн баримт дээр огт суугаагүй гэж бодож байна. Санхүүгийн баримтыг үзэх нь битгий хэл манай компанийг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хаана ачдаг, яаж тараагддаг вэ гэдгийг огт мэдэхгүй байсан. Нүүрсийг яаж шигшиж байсан, шигшиж байгаа тоног төхөөрөмж “Багануур” компанийнх юм уу, манай компанийнх юм уу гэдгийг ч мэдэхгүй сууж байсан шүү дээ.

ШИНЖЭЭ Ч НАР ӨӨРСДИЙНХӨӨ ГАРГАСАН ДҮГНЭЛТЙИГ ХАМГААЛЖ ЧАДДАГГҮЙ

Шинжээч нарын гаргасан дүгнэлтийн талаар та шүүх хурал дээр нэлээд шүүмжлэлттэй хандсан. Нягтлан бодогч нарын ёс зүй гэж байхгүй байгаа талаар ярьж байсан?

-Цацрал, Баярсайхан, Мөнхзул, Үндэсний аудитын газрын шинжээч Ичинхорлоо нар шинжилгээ хийсэн байдаг. Аливаа шинжилгээг хэний ч оролцоогүйгээр хөндлөнгөөс хараат бусаар хийх ёстой. Шууд санхүүгийн баримт тайлан дээр ажиллаж дүн шинжилгээ гаргадаг. Үүнээсээ өмнө тухайн байгууллагын онцлогийг судалж, яаж үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг судалж үзээд бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн байна уу, эсвэл харилцахаар дамжуулсан байна уу гэдгийг хүртэл тогтоох ёстой. Ямар журмын дагуу санхүүгийн баримт үйлдсэн талаар гаргасан хүмүүсээс тайлбар авдаг. Ингэж санхүүгийн тайланд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Хүний гаргасан баримтан дээр шинжилгээ хийж тэрэнд нь хариулсан. Тухайлбал, надаас асууж тайлбар авч болно. Хариултаа шинжээчийн дүгнэлт гэж үзээд байдаг. Дүгнэлтээр гаргаж ирсэн тоог хаанаас гаргаж ирсэн тоо вэ гэхээр хариулж мэдэхгүй. 30 жил нягтлан хийсэн, гурвуулаа мэргэшсэн нягтлан бодогч гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө хэдхэн жил ажиллаж байгаа надаас долоон дор юм хийсэн. Асуухаар түгдэрч гацаад зогсоод байдаг. Би тэр гурван хүнийг манай салбарын нэр хүндийг шороотой нь хутгасан хүмүүс гэдгийг шуудхан хэлмээр байна. Нягтлан мөнгө иддэг гэсэн хардлагыг тэд уг нь няцаахын төлөө байх ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл ийм улайм цайм худлаа дүгнэлт гаргачихаад ичихгүй зогсоод байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа санхүүгийн баримтад ингэж худлаа дүгнэлт гаргаж болохгүй биз дээ. Тэдний худлаа гаргасан дүгнэлтийн цаана хүн байгаа. Хүний хувь тавилан байгаа гэдгийг ухаарахгүй байсан. Нягтлан бодогч хүн хэзээ ч гэрээн дээр шинжилгээ хийх ёсгүй. Гэтэл гэрээн дээр шинжилгээ хийгээд байдаг. Шинжилсэн гэрээн дээрээ асар олон тэрбум төгрөгийн хохирол гаргаж ирээд байгаа нь гайхмаар байсан. Үндэсний аудитын газрын Ичинхорлоогийн гаргасан дүгнэлт нь ердөө нэг хуудас байгаа юм. Хуулийн тайлбар авахаар дүгнэлтээ хамгаалж чадахгүй зогсоод байдаг. Мөнгө авчихаад ийм дүгнэлт гаргаж өгч байгаа юм. Дээрх хүмүүсийг Сангийн яаманд шалгуулахаар өргөдлөө өгчихсөн байгаа. Тэднийг санхүүгийн баримтан шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрхгүй хүмүүс гэж үзэж байгаа. Дараа дараагийн удаад над шиг л хүний хувь тавилангаар тоглож хэлмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ.

Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?

-Шүүх шийдвэрээ гаргасан. Надад торгуулийн ял өгсөн. Төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр ял өгсөн. Гэтэл би төрийн алба хаагч биш шүү дээ. Хувийн компанийн жирийн нэг нягтлан хүн. Тийм хүнийг ийм зүйл ангиар яллана гэж бодоогүй. Ой тоонд ч багтахгүй байсан. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Үүнийг 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Мөн хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Өөрөөр хэлбэл би “Багануур” компанид 800 гаруй сая төгрөг төлөх өртэй болсон.

-”Багануур” компанийнхан өөрсдөө ямар ч хохиролгүй гэж мэдэгдсэн шүү дээ?

-Манай компанийн “Багануур” компанитай байгуулсан гэрээний талаар яримаар байна. “Багануур” компанийн тонн нүүрсийг 27500 төгрөгөөр өгөх өөрсдийн хийсэн гэрээ шүү дээ. Бүх зүйлсээ өөрсдөө хийсэн. Гэрээнд тусгагдсан зүйл заалт, хэдэн төгрөгөөр худалдах үнийн санал гээд бүгдийг нь хийсэн. Бидний зүгээс тусгайлан бэлдэж хэвлэсэн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан байдаг юм. Тэр гэрээн дээр “Багануур” компанийн захирлаас эхлээд удирдах таван албан тушаалтан гарын үсгээ түрүүлээд зурчихсан байсан. Өөрсдөө боловсруулсан, гэрээг бид хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Эхний жил тэгж явсан. Хоёр дахь жилдээ мөн л ялгаа байхгүй анх “Багануур” компанийн боловсруулсан гэрээн дээр гарын үсэг зурсан. “Багануур” компанийнхан өөрсдөө 27500 төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан. “Багануур” компанийнхан шүүх хурлын үеэр бид хохироогүй гэдгээ хангалттай хэлсэн. “Бид хохироогүй, ашигтай ажилласан” гээд байхад шүүгчид үүнийг огт авч хэлэлцээгүй.

БАГАНУУР” КОМПАНИЙН ДАРГА НАРЫН ГАРГАСАН ШИЙДВЭРТ БИ БУРУУТАЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗСЭН

Жингийн зөрүүнээс хохирол үүссэн гээд байдаг юм билээ?

-“Багануур” компани яаж хохирсон юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийн хохирол яаж гарч ирсэн юм бэ. “Багануур” компанид 20-30 жил ажилласан удирдах, шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнуудын хийсэн гэрээ. Тэд өөрсдөө нүүрс худалдаалах үнээ гаргасан мөртлөө хариуцлага хүлээхгүй хохирогч болдог. Ямар ч эрх мэдэлгүй нягтлан нь буруутай гээд байдаг. “Багануур” компанийнхан 27500 төгрөгөөр нүүрс худалдаалж байгаагаа хорогдлоо тооцоолж л өгсөн байж таараа. Тэдний гаргасан үнээр л бид нүүрс худалдаж авсан. Гэтэл шүүгч нар “Багануур”-ын дарга нарын гаргасан үнэ буюу 27500 төгрөгөөр тонн нүүрсийг худалдаж авсан нь чиний буруу. Чи 27500 төгрөгөөр авах ёсгүй байсан юм. Гэрээнд огт тусгагдаагүй ч гэсэн өөрөө дур мэдэн үнийг нь 39500 төгрөг болгон нэмж авах ёстой байсан. Тиймээс тонн тутамд 11500 төгрөгийг Мөнгөнтуяа төлөх нь зөв гэж үзсэн. Юу гэсэн үг вэ. Би дэлгүүрээс хувцас 27500 төгрөгөөр худалдаж авчихаад байж байтал худалдагч нь хоёр жилийн дараа хүрч ирээд би чамд хувцсаа 27500 төгрөгөөр зарсан нь буруу байжээ. 39500 төгрөгөөр зарах байсан юм. Одоо надад зөрүү мөнгө өг гэж нэхэж байгаатай адилхан байгаа биз дээ. “Чи буруу гэрээ байгуулчихсан байна. Хоёр заалтыг буруу оруулсан байна” гээд ял өгөөд байгаад гайхаж байна. Би өөрөө юмаа зарсан бол өөр шүү дээ. Гэтэл эзэд нь өөрөө худалдах үнээ гаргасан зүйлийг худалдан авагчийн буруу гэж шүүх үзэж байна. Үнэхээр улсад хохирол учруулсан гэж хууль хяналтынхан үзээд байгаа бол тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах шийдвэг гаргасан “Багануур” компанийн удирдлагууд буруутай. Хувийн компанийн ямар ч эрх мэдэлгүй нягтлан “Багануур” компанийн дарга нарын гаргасан шийдвэрээс хэлмэгдэж, буруутан болж онц их хэмжээний мөнгөний өрөнд орж байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Намайг өөр нэг буруутгаж байгаа зүйл бий. Ямар ч байгалийн баялгийг газрын гүнээс олборлох явцад чулуу гарч ирдэг. Нүүрстэй хамт гарч ирсэн чулууг “Багануур” компанийнхан огт ангилан ялгалт хийдэггүй. Тэгсэн байгалийн чулуу гарч ирсэн нь миний буруу болж хувирсан. Нунтаг нүүрсийг шигшиж иргэдэд өгсөн нь, уурхайгаас ирэх замдаа нүүрс унасан, хөлдүү нүүрс жиндээ хүрддэггүй, замдаа хулгайд алдсан, нойтон нүүрс ууршаад жин нь хөнгөрсөнд Мөнгөнтуяа буруутай гэж шүүгч нар үзсэн. Өвөл нойтон нүүрс өртөөн дээр авчирчихаад хавар нар гараад ууршиж жин нь хөнгөрсөнд яагаад надад буруу өгөөд байгаа юм. Нойтон хувцас наранд хатахаараа хүртэл жин нь хөнгөрдөг биз дээ. Ямар ч эдийн засгийн судалгаа шинжилгээ байхгүй жингийн зөрүүг нүүрсний үнээр үржүүлээд хохирол гэдэг зүйл гаргаад ирсэн. “Багануур” компанийнхан өөрсдөө хорогдол гардаг гэдгийг мэдэж байгаа. 30 жилийн түүхтэй төрийн өмчит компани өөрсдөө хорогдлоо тооцож явдаггүй. Манайхаас бусад нүүрс худалдаалсан газартаа хорогдлын тооцоогоо хуваагаад хариуцлагаа хүлээдэг. Манай компани дээр огт тэгээгүй байсан. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Бүр шоконд орчихсон.

-800 сая төгрөгөө яаж өгөх юм бэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өөр арга байхгүй биз дээ ?

-Идэхгүй, уухгүй, ямар ч хувцас худалдаж авахгүй агаар дээр жингүүдэж явлаа гэж бодоход би 70 жилийн хугацаанд төлж дуусах мөнгө. Хоёр жил ажиллах эрхийг хасчихсан. Шуудхан хэлэхэд намайг чи үх гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Ажил хийх эрхийг хасчихаад яаж хохирол гээд байгаа мөнгөө төлүүлэх гээд байгаа юм бэ. Би амьдрал зохиож болохгүй, хүүхэд гаргаж болохгүй. Намайг ажилд авах газар одоо хаана ч байхгүй болчихсон. Бүгд надаас айна шүү дээ. Би өөрөө мэргэжлээрээ ажиллахаас ч айж байна. Миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн. Ямар ч эд хөрөнгө байхгүй. Дөнгөж амьдралаа босгох гээд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа жирийн нэг нягтланг яаж 800 сая төгрөг ол гээд байгааг ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа мөнгийг нь идэж уусан бол хамаа алга гэхсэн. Гэтэл юу ч хувьдаа завшиж идэж уугаагүй хүн нүүрсний жингийн зөрүү болсон мөнгийг яаж төлөх болж байна вэ. Манай компани улсаас мөнгө аваад ийм асуудалд орсон бол ондоо хэрэг. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Хаана ч байхгүй мөнгийг босгож ирээд гурван хүнээр төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх хурлыг телевизээр шууд дамжуулаагүй байсан бол өдийд би гудамжаар ч тайван явж чадахгүй байсан. Шүүх хурал болохоос өмнө үнэхээр айдастай байсан. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялтан болгочихсон. Улсаас онц их хэмжээний мөнгө идсэн хүн гээд нийгэм даяар ойлгуулчихсан. Азаар шүүх хурал телевизээр шууд явсан болохоор иргэд намайг мөнгө огт идээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгж байж хүний нүүр рүү эгцэлж хардаг болсон.

Улс төрчдийн хоорондын тэмцлээс болж та бүхнийг хэлмэгдүүлж байна гэж ярих хүмүүс олон байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр намайг хэлмэгдүүлж байна. Улс төрөөс болоод хэлмэгдэж байна. Би “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр хамгийн удаан хоригдсон. Хамгийн залуу, ганц эмэгтэй нь би. Улс төрчид намайг хэлмэгдүүлж байна. Жирийн ажлаа хийж яваа залуу хүнийг хэлмэгдүүлж, амьдралгүй болгож, сайхан амьдрах гэсэн мөрөөдлийг нь үгүй хийж ирээдүйг нь харанхуй болгож мухардалд оруулж байна. Би хариуцлага хүлээх хуулийн этгээд биш шүү дээ. Үнэхээр нүүрсний хог, наранд хатсан жин, чулуунаас болж “Багануур” компани хохирлоо гэж байгаа бол гэрээ байгуулсан компани хариуцлага хүлээх ёстой. Гэтэл компани нь хохирох ёстой зүйлд яагаад жирийн ажилтан нь хариуцлага хүлээх ёстой юм бэ. Яагаад хувь хүнээс энэ мөнгийг нэхээд байгааг шат шатны хуулийн байгууллагаас асуугаад хариуг олохгүй байна. Хоёр компанийн хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд нягтлан огт буруугүй баймаар. Яагаад хувь хүнээр тэр хохирол гээд байгаа мөнгийг төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Би шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Зөвхөн ажлаа л хийсэн хүн. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *