Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.02.27/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “Бид шүүхэд 10 гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэгэн ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа учраас гэрч шинжээч нарыг оролцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаан хойшилж байна. Гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшиллоо. Мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах саналыг прокурорт гаргасан ч хүлээж аваагүй. Хэрэг анхан шатны шүүх дээр ирэхэд мөн энэ саналыг тавихад ч хүлээн аваагүй. Тиймээс шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах санал тавихад шүүх хүлээн авсан” гэлээ.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019.02.27-ныг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 10.00 цагт Б.Махбалын гэм бурууг шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *