ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох байсан ч шүүгч өвчтэй гэх шалтгаанаар хойшиллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гаригт болохоор болсон бөгөөд өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Махбал, хохирогч талын хууль ёсны өмгөөлөгч З.Хүрэлсүх нар ирсэн юм. Харин хохирогчийн ар гэрийнхэн хохирогчийн аав нас барсан шалтгаанаар сэтгэл санааны байдлаас хамаарч шүүх хуралд ирсэнгүй. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренченхорол, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Д.Батбаяр, Н.Намжилцогт нар байлцав.
Одоогоор гэм буруутай нь тогтоогдсон Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэргийг эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ.