Өнөөдөр ЖДҮХС-гаас улстөрчдийн авсан зээл нийгмийг цочирдуулж байна. Харин энэ их мөнгийг бүрдүүлдэг МҮХАҮТ-ийн гишүүн компаниуд, танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав маш их шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр дээрх хэргийг “ЖДҮ-ийн жимс”, улстөрчдийн авсан зээлийг нийтийн мөнгөний хулгайн зөвхөн орой гэж үзэж байна.
-Таны нэрлэж байгаагаар “ЖДҮ-ийн жимс”-ний хэрэг гэж юу вэ?
-Миний яриад байдаг нийтийн мөнгө эзэнгүй, түүнээс албан тушаалтнууд хэр зэрэг их идэж болох цоорхой байгааг улстөрчид баталлаа. Аж ахуйн нэгжүүд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж байна. Ганц жишээ хэлэхэд энэ жил татвар хоёр их наяд төгрөгөөр давж биелэхээр байгаа. Төр мөнгө хурааж авахдаа сайн ажиллаад, зарцуулах болохоороо ард түмнээс нүүрээ буруулдаг болчихсон. Энэ гажуудал нууж хаахын аргагүй болоод өнөөдөр илэрч байна.
-Хуульд ямар нэгэн хориг байхгүй юу?
-Манай Үндсэн хуульд нийтийн буюу татварын мөнгийг төрөөс, албан тушаалтнуудаас хамгаалах заалт байхгүй.
-Хэдэн жилийн өмнөөс яригдсан энэ асуудал яагаад хэрэгжихгүй байна?
-Албан тушаалтнууд, төрийн түшээд хэрэгжүүлэх сонирхолгүй, хэдэн тэрбумаар олон нийтэд мэдэгдэхгүй ашиглаж байх сонирхолтой байгаа юм. Төрийн энэ их том мөнгөний зарцуулалт нууц байдаг нь “ЖДҮ-ийн жимс”-ний хэргээр илэрч байгаа юм. Гэхдээ энэ хэрэг бол зөвхөн мөсөн уулын орой.
-Юу гэсэн үг вэ?
-Үүнээс том мөнгөний асуудал бий.
-Жишээлбэл?
-2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт 2.7 их наяд төгрөг зарцуулсан. Монголбанк Засгийн газартай санамж бичигт гарын үсэг зураад энэ их мөнгийг гаргасан. Монголбанк мөнгө гаргахдаа арилжааны үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Өнөөдөр бид тэр их мөнгийг Монголбанкны алдагдал гэсэн нэрийн дор төлж байна. Чингис бондын ҮАБЗ хуралдаад журам гаргах үүрэг өгсөн. Өнөөг хүртэл хэрэгжээгүй. Өнөөдөр бид таван тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Цаана нь таван тэрбум долларын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
-Яагаад ийм том цоорхой үүсэв?
-Мөнгө, хөрөнгийн урсгалыг хянадаг хоёр байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог улстөрчдийн гарт өгчихсөн. Бид тэднийг энэ мөнгийг хянаж байгаа гэж итгэсэн. Гэтэл нөгөөдүүл нь хулгай хийж байгаад баригдах жишээтэй. Энэ хянах ажиллагааг хуульчилж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол хулгай үргэлжилнэ. Ингэхдээ хуульд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог улстөрчдөөс хараат бус болгох хэрэгтэй. Бүр тодорхой хэлбэл, энэ байгууллагууд Үндсэн хуулийн хамгаалалтад үйл ажиллагаагаа явуулахаар хуульчлах ёстой. Тэгж байж хулгай зогсоно.
-Хууль өөрчлөхгүйгээр хулгайг зогсоох арга байхгүй?
-Хүсэл байвал зогсоож болно шүү дээ. Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар энэ нэр ус нь гараад байгаа гишүүдийг УИХ-ын дарга, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор ҮХЦ-д өгөөд шалгуулж болно. Нийт сангуудаар 2.4 их наяд төгрөг гарч байна. Энэ их мөнгө хяналтгүй байна гэсэн үг. Урлаг, спортын санд ч мөнгө хуваарилдаг. Энэ мөнгө хэнд, яаж очсон тухай мэдээлэл байдаггүй биз дээ.
-Энэ сангууд заавал байх шаардлагатай юу?
-Сайд нарын багц хуулиар зохицуулагддаг. Гэтэл тодорхой зорилтот бүлэгт мөнгө зарцуулах шаардлагатай. Энэ зорилгыг гүйцэлдүүлэхэд ашигладаг. Байж болно. Зарцуулалт ил тод байх ёстой. Хэдэн жилийн өмнө хороо, сум бүрт 100 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө хэний гараар орж алга болсон тайлан байдаггүй. Ингээд нийтийн мөнгө хорооны даргаас эхлээд эрхэм гишүүний мэдэлд ямар ч хяналтгүй орчихдог байхгүй юу. Өнгөрсөн жил бид төсвийн орлого, зарлагын оновчлол нэртэй загвар гаргасан. Эндээс харахад мөнгө хангалттай цугларч байна. Зарлага ямар ч хяналтгүй.
-Зээл, тусламжийг хянадаг газар байна уу?
-Засгийн газрын зарлагыг Монголбанк хянаад явж байх ёстой. Энэ ч бас нийтийн мөнгө.
-Нийтийн мөнгийг хянах бэлэн загвар байна уу?
-Би 2010 онд Польшийн Үндсэн хуулийг орчуулсан. Баабар хянасан. Энэ хуульд “нийтийн санхүү” гэсэн том бүлэг байгаа. Одоо тэр маань үнэд орж эхэлж байх шиг байна. Энд нийтийн мөнгийг эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийн заалтууд байгаа юм.
-Өөр эрх мэдэлтнүүд идэж болох ямар мөнгө байна?
-Өнгөрсөн хавраас мэдэгдэж байгаа их хэмжээний мөнгө бий. Хэсэг залуус эрүүл мэндийн яамны эмнэлгүүдэд өгдөг үйлчилгээний мөнгийг хэрхэн хуурамчаар авдаг аргыг илрүүлсэн. Эмнэлгээр үйлчлүүлээд хөнгөлөлттэй эмийн үнийн зөрүүг энэ сангаар дамжуулж авдаг. Харин тэдгээр залуус НӨАТ-ын талоныг эмчийн бичиж өгсөн жортой холбосон программ хийчихэж. Гэтэл сард 700 сая төгрөгийн үлдэгдэл гарч ирсэн байдаг. Сар бүр энэ сангаар 2.1 тэрбум төгрөг урсдаг. Хуурамч жор бичээд л бүх мөнгийг аваад байсан нь илэрсэн. Сар бүр 700 сая төгрөг хусна гэдэг хэтэрхий байгаа биз дээ. Жилдээ зөвхөн эмчийн жороос 8.4 тэрбум төгрөг идэж байсан байна. Өөр бас ор хоног, оношлогоо гээд мөнгөний том урсгал бий.
-Одоо энэ мөнгөнд хяналт тогтоож чадсан уу?
-Нөгөө программаа улс орон даяар хэрэгжүүлэх гэсэн чинь 200 шахам эмнэлгийн дарга нар эсэргүүцсэн. Гэхдээ Д.Сарангэрэл сайд их овсгоотой ажилласан. Нөгөө залууг Технологийн газрын даргаар тавиад программыг хэрэгжүүлсэн. Манай тариаланчид бас их гомдолтой байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тэдэнд баахан дэмжлэг үзүүлж байгаа нэртэй техник, тоног төхөөрөмж, түлш, бордоо өгдөг. Намар буцаагаад будаа, тариагаараа төлөхөөр өчнөөн татварын дарамт болж хувирна. Манай татварын системд энэ талын зохицуулалт байдаггүй. Энд сангаас өгч байгаа мөнгө бол дотац. Гадны орнуудад бол энэ мөнгө зах зээлийг монопольчлоогүй, өрсөлдөөнийг хязгаарлаагүй бол төрөөс зохицуулалт хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, сангаас мөнгө авсан бол хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Зорилтот бүлэг нь дарамтад ороод байхад нөгөө улстөрчид хэдэн тэрбумаар авчихаар иргэд бухимдахаас аргагүй шүү дээ. Гэхдээ баригдсан хэдээ яллах нь гол нь биш. Хяналтын механизмаа яаралтай харах хэрэгтэй. Одоо идсэн уусан илрээд байгаа юм биш. Өмнө нь алга болсон таван тэрбум долларын яриа ч бий.
-Тэр бас юун мөнгө вэ?
-2013-2014 хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр. Компанийн захирлууд татвар төлсөндөө горойдоггүй. Тэдний төлсөн татварыг хяналтгүй идэж байгаад л бухимддаг байхгүй юу.
-Польшийн Үндсэн хуульд улстөрчийг мөнгөнд ойртуулахгүй байх ямар хориг байна?
-Парламентын гишүүн улсын сан, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хөрөнгө төсөв, үүнтэй холбоотойгоор аливаа ашиг олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд заачихсан. Зөрчсөн тохиолдол парламентын дарга хурлаараа хэлэлцээд өндөр албан тушаалтны цэцэд өгч шийдвэрлүүлнэ.
-Та УИХ-ын даргыг ҮХЦ-д хандуулах гээд байна уу?
-Тийм. УИХ-ын дарга ҮХЦ-д хандсан тохиолдолд долоо хоногт шийдэгдэх ёстой. Гэхдээ манай ҮХЦ-д нийтийн мөнгө, санхүүгийн талаар тавьсан асуудал бараг явдаггүй.
-Яагаад?
-Банк, хөрөнгө санхүүгийн талаар мэдлэгтэй хүн байхгүй. Хуулийнхан л Цэцэд суудаг учраас.
-Та хуурамч бензин үйлдвэрлэж байгаа асуудлыг анх гаргаж тавьсан, хэр их мөнгөний тухай асуудал вэ?
-Том мөнгөний тухай асуудал. Тэр хольдог бодис 100 мянган тонноор яригдаж байна. Өнгөрсөн жил Сангийн яам намайг хуурсан. Уг нь хуурамч түлшийг зогсоох арга нь маш амархан. Тэр хилээр оруулж ирээд байгаа бодис дээр татвар тавьчихад асуудал шийдэгдэнэ.
-Сангийн яам одоог хүртэл татвар тавиагүй юм уу?
-Тавиагүй байна. Өнгөрсөн хавар асуудал босч байхад Сангийн яам онцгой татвар тавина гэж амласан. Онцгой татвар өнөөг хүртэл тавихгүй байгаа нь өөрөө асуудал. Ямар олон хүн хохирч байгааг мэдэж л байгаа. Одоо чуулганаар онцгой албан татвар тавих байх гэж харж байгаа. Хэрэв тавихгүй бол улайм цайм луйвар хийж байна гэсэн үг л дээ. Эдийн засгийн цагдаа үүнийг мөрдөх ёстой. Хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг хэн олгоод байгааг шалгах ёстой л доо. Өнөөдөр нийт түлшний 70 хувийг уул уурхай хэрэглэж байна.
Энэ өндөр орлоготой компаниудын татварыг жаахан нэмчихэд л ахуйн хэрэглээний 30 хувийн үнийг зохицуулах боломжтой байхгүй юу. Өнөөдөр НӨАТ-ын ачаар хуушуур зарсан орлого хянагдаж байна. Уул уурхай, нийтийн мөнгө ямар ч хяналтгүй болчихоод байна.
Үргэлжлэл бий.