Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам-2017” өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглож, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Электриком” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Хишигбаатар найм даван түрүүлж, цэргийн хурц арслан цолыг хүртлээ. Харин Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэн цэргийн заан цол хүртэв.
Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарснаас О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмэв. Хэнтийн сумын заан Бадрах тав давж шөвгөрөн, цэргийн начин цол хүртлээ. Мөн тав даван шөвгөрсөн а.а М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг олгов. Түрүүлэх бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан О.Хангай арслан зургаагийн даваанд түрүү бөх Б.Хишигбаатарын даацтай мэхэнд өвдөг шороодсон юм.