Categories
мэдээ цаг-үе

Б.Жамбалдорж: Ээжийгээ багадаа алдсан минь намайг орчлонг эргэцүүлж шүлэг бичих шалтгаан болсон

Энэ сарын 4-нд Багануур дүүрэгт Гүн галуутайн “Болор цом-37” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд 30 найрагч шалгарч өрсөлдсөнөөс яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлж цомын эзэн боллоо. Яруу найрагч Б.Энхжаргал удаахь байрт орсон бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байр эзэлж, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тусгай байрт шалгарсан юм.


“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдоржийг шагнал гардаж авсных нь дараа уулзаж дараахь ярилцлагыг авлаа.

-“Болор цом-37” наадмын тэргүүн шүлэгч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Сүүлийн таван найрагч үлдэж шүлгээ уншсаны дараа та тайзны ард маш их догдлолтой, нүдэндээ нулимстай харагдсан. Өөрийгөө сүүлийн тавд үлдэнэ гэдэгт итгэлгүй байсан байх?

-Би “Болор цом”-д шүлгээ уншаад гурван жил болж байна. Шүлгээ өгөөд зургаан жил болж байна. “Болор цом”-д анх шүлгээ өгөөд шилдэг 30 найрагчийн дунд миний нэр байхыг хараад баярлаж билээ. Дараа жил нь шүлгээ уншаад хасагдаж байлаа. 2018 оны “Болор цом”-ын шилдэг 30 найрагчид тэнцээд наадамдаа хүрч ирээд өөртөө итгэлгүй ч юм уу нэг тиймэрхүү байдлаасаа болоод тавдугаар байрт орсон. “Нулимстай анчин”, “Их шувуу” шүлгүүдээ уншсан. Харин өнөөдрийн хувьд яруу найрагчдыг хүмүүс янз янзаар л хэлдэг. Миний хувьд сайн яруу найраг цаасан дээр ч, уншихад ч байдаг болов уу гэж боддог юм. “Болор цом” авна гэдэгт огт итгэлгүй байсан. Ний нуугүй ярихад, хэн нэгэн “Болор цом” авах нь тодорхой. Ялангуяа, өнөөдөр тусгай байр эзэлсэн, Монголын үндэсний радиод хамтран зүтгэдэг О.Цэнд-Аюуш найрагчийг “Болор цом” авчихаасай гэж дэмжиж ирсэн. Тайзан дээр шүлгээ цааснаас харж унших, номноос харж унших гээд нэг тийм агшин байдаг юм байна. Тэр агшин нь над дээр ирсэн болов уу гэж бодож байлаа.

-Та тайзан дээр “Би ээжийгээ цастай зүйрлэж энэ шүлгээ бичсэн юм аа” гэсэн. Сүүлийн шатанд уншсан шүлгийнхээ тухай яривал?

-Би “Жамын цас” гэж шүлгээ уншсан. Би зүгээр л ахуйгаа бичсэн. Баруун монголчууд мэднэ дээ. Баруун монголчуудын гэрийн унь нь бургас. Бургасан унь хугардаггүй мөн чанартай. Тэрийг бодож суугаад, ээжийгээ санаад “Бургасан унь нахилзуулан…” гээд л шүлгээ бичиж эхэлсэн. Бид чинь багадаа гэр дээрх цасаа шүүрддэг шүү дээ. Тэр агшнаас, багын тэр сэтгэхүйгээ яаж том санаатай болгох вэ гэж бодоод л,

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яйш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон” гээд ингэж ахуй өрнөж байгаа хэрнээ дунд нь мөн чанар, жамын тухай хавчуулах мөртлөө төгсгөлд нь аваачиж зангидаад,

…Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас шүү дээ… гэж хүний болон цасны мөн чанарыг харьцуулсан. Нэг нь богинохон, нөгөөх нь урт ч гэлээ жинхэнэ мөн чанартаа адилхан нэг л агшин юм аа гэж цар хүрээг нь өргөнөөр харж бичсэн юм. Ямарваа нэг баатарлаг тууль, дайн бичээгүй. Миний өссөн ахуй, өөрийн минь ахуй л гарна. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж, өссөн. Гэрийнхээ цасыг унагаж байсан, аав ээждээ загнуулж байсан тэр ахуй минь өнөөдөр намайг орчлонг эргэцүүлж, ийм шүлэг бичихэд хүргэсэн юм болов уу. Хүн бүр л ээжийгээ, аавыгаа алддаг. Би 29 нас хүрч байгаа залуу хүн. Хоёр охин дүү, аавтайгаа амьдардаг байснаа сая өрх тусгаарлаж, гурван сайхан охинтой болсон. Амьдрал ахуй минь өргөжөөд сайхан явж байна. Аав минь намайг ажил хөдөлмөрт сургаж, нэг юмандаа тууштай байлгадаг зан чанар, ээжийгээ багадаа алдсан тэр мөн чанар намайг энэ орчлонг эрэгцүүлж шүлэг бичих шалтгаан болсон юм болов уу гэж боддог.

Би урьд нь бурхны зураг зурдаг, монгол зураг зурдаг байлаа. Зураач болно гэж боддог байсан. Гэтэл хүний хэтэрхий их хүссэн юм бүтдэггүй юм билээ. Зураач болж чадахгүй, яруу найрагч болох гээд хичээгээд явж байгаа. Өнөөдөр яахав, “Болор цом”-ын тухай сайн, муу зөндөө л юм ярьж байна. “Болор цом” болох дөхөхөөр хүмүүс сайн, муугаар ярина гэдэг чинь энэ наадам ямар хэмжээний нэр хүндтэй наадам бэ гэдгийг харуулж байна. Зохиолч, уншигчийн уулзалт болдог.

Үүнийг үгүйсгэдэг хүмүүс ч зөндөө байдаг. Энд Д.Цэнджав, Б.Хүрэлбаатар, Т.Галсан гуай, Д.Цоодол гуай гээд ардын уран зохиолч, мундаг хүмүүс ирсэн байна. Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, яруу найрагч мөн биз дээ, эд. Зохиолч, уншигчийн уулзалт мөн байгаа биз дээ. Бид яахав, эдэн шиг мундаг байж чаддаггүй юм аа гэхэд ядаж шүлэг бичиж сэтгэлээ зөөлрүүлж яваа ийм л залуус. Яруу найргийн наадамд Э.Гантулга, Г.Лхагвадорж, О.Цэнд-Аюуш гээд манай үеийн болоод доод үеийн шилдэг сайхан залуучууд шүлгээ уншлаа. Өнөөдөр надад маш сайхан, санамсаргүй байлаа. Олон түмний хайр хишгийг дааж, цаашдын уран бүтээлдээ хичээнэ гэж хэлэхгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байна. Өөрийнхөө уран бүтээлийг л гаргана. Улам гоё болгоно гэж хэлэхгүй. Ямар болохыг би мэдэхгүй байна. Залуу хүний хувьд хичээнэ, өөрийнхөө өнцгийг олж харна. Хэн нэгнийг даган дуурайх юм надад байдаггүй юм.

-Танаас Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагчийн тухай асуухгүй байхын аргагүй л дээ. Та хоёрт сайхан дурсамж харин ч их бий байх?

-Тийм ээ, намайг бага байхад Хөөдөөгийн Эрдэнэбаатар гэж яруу найрагч Монголын уран зохиолд цойлоод гараад ирчихсэн байсан. Би арван жилийн л хүүхэд. Х.Эрдэнэбаатар ах чинь нутагтаа их догшин ширүүн байсан шүү дээ. Очиж уулзах гэхээр халгана. Ховд аймгийн зохиолч, сэтгүүлч Н.Баасанжав бол миний анхны багш. Х.Эрдэнэбаатар ах тэр багшийн маань найз. Багшаараа дамжуулаад Х.Эрдэнэбаатар ахтай уулзах гэхээр намайг ерөөсөө тоодоггүй байлаа. Би Х.Эрдэнэбаатар ахтай багш, шавийн хэмжээний ойр дотно байгаагүй. Талийгаач маань Ховддоо.

Би хотдоо. Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах маань тийм омголон бадрангуй зантай байдаг байсан бол би зөөлөн. Нутгийнхаа тэр том найрагчдаа зориулж энэ наадмын нэгийн даваанд “Агшин” гэж шүлэг зориулж уншлаа.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн

дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *