Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Гадаадад гацсан монголчуудын буцаж ирэх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой

Өмгөөлөгч, доктор Б.Гүнбилэгтэй гадаадад гацсан монголчуудын эрх зүйн байдлын тухай ярилцлаа.


-Гадаадад олон мянган монголчууд гацчихаад нутагтаа ирж чадахгүй байна. Энэ хүмүүс Монголдоо ирэхийг ихэд хүсч байна. Одоогийн төрөөс барьж байгаа бодлого хууль зүйн хувьд хэр зөв бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д зааснаар “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан. Монгол Улсын хувьд Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Үндсэн хуулийн шаардлагыг энэ хуульд тодорхой ахицтайгаар зохицуулсан боловч, иргэдээ гадаадаас авчирах, буцах эрхийн хязгаарлалт дээр хууль зүйн хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Монгол Улс одоогоор онц байдал зарлаагүй учир иргэдийн зорчих эрхийг зөвхөн хууль гаргаж байж хязгаарлах ёстой. Монголдоо буцаж ирэх үндсэн эрхийг Засгийн газрын шийдвэрээр биш, зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой байдаг.

-Одоо бол Засгийн газрын шийдвэрээр эргэж ирэх эрхийг хязгаарлаад байгаа тийм үү?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1.19-д улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх бүрэн эрхийг УИХ-ын зүгээс Засгийн газарт өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Хэдий хугацаагаар эх орондоо буцаж ирэхийг хязгаарлаж болох вэ гэдэг хугацааг зөвхөн УИХ-аар шийдвэрлэнэ. Ингэж Засгийн газарт эрх олгож, иргэний үндсэн эрхийг дордуулж болохгүй.

Учир нь манайх онц байдал зарлаагүй байгаа. Онц байдал зарласан бол нөхцөл байдал ондоо, зохицуулалт нь ч шууд хязгаарлалт үүсгэж болно. Манай Үндсэн хуулийн шаардлага бол УИХ-ын түвшинд анхаарлыг аваачиж, тухай бүр нь төрийн эрх барих дээд байгууллагаараа асуудлыг шийдэж, хэдэн хоног, сараар хязгаарлах вэ, одоо сунгах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэ гэсэн үг юм. Ингэж УИХ-аар шийдвэрлэснээр Засгийн газар, УОК гээд олон байгууллагуудын төсөв, санхүү, бэлэн байдал гээд ажлуудад төрийн эрх барих дээд байгууллага анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний үндсэн эрхийг дээд зэргээр анхаарч байна гэсэн санаа. Цар тахлын онцлог нь нэг хэсэг газар нутагт онцгой дэглэм тогтоочихоод байгаа биш үр дагавар нь улс даяар гарах, дэглэм нь улс даяар хэрэгжиж байгаа.

-Одоо тэгвэл цаашид яах ёстой вэ?

-Манай Засгийн газрын авч хэрэгжүүлсэн маш сайн зүйл бол цар тахлыг дотооддоо алдаагүй. Энэ бол том ололт. Одоо ололтоо улам баталгаажуулаад онц байдал зарлаагүй байгаа энэ боломжоо ашиглаад иргэдээ гаднаас бүрэн авах, орж ирэх бүхий л үүд хаалгаа, зөвхөн шууд нислэг гэхгүйгээр зохион байгуулах, түүнд эдийн засгийн бүхий л боломжоо ашиглан шуурхай арга хэмжээ авах ёстой. Төсвөөр байшин, зам бариад болоод байгаа бол төрийн боловсон хүчин нөөц, хөрөнгө мөнгөө нэн түрүүнд иргэдээ авахад зохицуул.

Онгоц нь хүрдэггүй юм бол өөр орны онгоцнууд хөлсөл. Гадаадад гацсан иргэдийн үндсэн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь төрийн өөрийн үйл ажиллагааны сул талуудыг харуулаад байна. Газраар орж ирсэн тэр охины хэрэг үүнийг тод харууллаа. Карантины байруудаа нэмэх, дулаан байгаа дээр олноор нь шуурхай оруулж ирэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэртээ ирж чадахгүй гацсан монголчууд, оюутнууд бол тусгаар тогтносон улсын харьяалалтай, иргэн гэх үнэт зүйлтэй хүмүүс учир нэн яаравчлах хэрэгтэй.

Карантинаа сунгаж, иргэдийн буцах эрхийг хязгаарлаж байгаа бол дахин хэлье зөвхөн УИХ-аар хууль гаргаж байж, хугацааг нь сунгана. Засгийн газар бол хэрэгжүүлэгч мөн. Иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж байгаа бол УИХ өөрөө ЗГ-аа дэмжээд хамтраад, анхаарлаа хандуулаад төсөв мөнгийг нь хангалттай гаргаж, биечлэн оролц гэсэн үг. Энэ бол зөвхөн манай Үндсэн хуулийн зохицуулалт биш, олон улсын хүний эрхийн гэрээ конвенциор баталгаажсан хүний эрхийн эрэмбэ юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *