-Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй-
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Амралт аяллын үе эхэлжээ. Орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байх шиг. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослууд ч ар араасаа гарч байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?
-“Ковид-19”-ийн хөл хорио цуцлагдлаа. Хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан иргэдийн хөдөлгөөн хөдөө орон нутаг руу чиглэж байна. Орон нутгийн замын ачаалал ч илэрхий нэмэгдлээ. Иргэдийн тухайд уул овооны тахилга болоод орон нутгийн наадмаа зорьж байна. Энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх аяныг улсын хэмжээнд зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь статистик тоон мэдээллээс харахад 4593 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 42489 иргэн гэмтэж бэртсэн байгаа юм. Дээрх тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд амралт аяллын гурван сарын хугацаанд ТЦА-аас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулахгүй бол 250-300 хүн зам тээврийн ослоор нас барах магадлал харагдаж байгаа юм.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, тэр дундаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийж байгаатай холбоотой байна л даа. Саяхан л гэхэд Өвөрхангай аймагт “Land cruiser prado 70” маркийн тээврийн хэрэгсэл “Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхэд нь зүүн гар тийш эргэж таарсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж “Land 200” нь онхолдож ослын улмаас гурван хүн нас барсан. Өөр нэг шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдлгөөнд оролцож байна. Сая Улаанбаатараас Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэж явсан том оврын тээрийн хэрэгсэл эвдэрч Дундговь аймгийн нутагт замын зорчих хэсэгт зогссон байхад нь Harrier маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас таван хүн газар дээрээ нас барсан. Том оврын тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын зорчих хэсэгт зогсохдоо ослын гурвалжин тэмдэгт байршуулаагүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдтай явсан Harrier маркийн автомашин ослын тэмдэг байршуулаагүй том оврын тээврийн хэрэгслийн доогуур орж олон хүний амь нас хохирсон.
Үүнээс гадна жолооч нар орон нутгийн замд нойр дутуу явж байна. Дорнод аймагт бэр гуйгаад буцах замдаа өөдөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гурван хүн газар дээрээ нас барсан. Гурван хүүхэд өнчрөөд хоцорч байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн өөдөөс гарч ирсэн машины жолооч хэсэгхэн хугацаанд л зүүрмэглэсэн. Ингээд л халз мөргөлдсөн байна лээ. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ ядарсан бол зогсох хэсгүүдэд тодорхой хугацаанд унтаж амраад хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд таныг учирч болох эрсдэлээс сэргийлдэг.
Өөр нэг шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн жолооч этгээд согтууруулах ундаа хэрэглэчихээд жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэх тохиолдол гарч байна.
Сая Баянхонгор аймагт овооны наадамд оролцоод буцах замдаа жолооч нь согтууруулах ундаа хэрэглэж 16 настай хүүхдэд жолоо шилжүүлсэн байдаг. Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож хоёр хүн нас барсан. Энэ мэт жишээ өдөр тутам шахуу тохиолдож байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аянг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хянаж байгаа. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх постер самбаруудыг байршууллаа. Үүнээс гадна хэвлэл мэдээлийн хэрэгслүүдтэй хамтарч нөлөөллийн ажил зохион байгуулж ажиллаж байна.
-“Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх нэрний талаар тордуулмаар байна л даа.Дүрмийн дагуу л хөдөлгөөнд оролцоход заавал “Аажуу яв” гэж шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Хэт удаан явахыг замын хөдөлгөөний дүрэмд хориглодог биз дээ. Нөгөө талдаа шатахууны үнэ тэнгэрт хадсан ийм цаг үед холын замд удаан явах нь иргэдийн эдийн засагт хохиролтой санагдах юм.
-Нэрний тухайд олон санал гарсан л даа. “Аажуу” гэх энгийн ярианы хэллэг хүмүүст ойрхон байх болов уу л гэж зөвлөлдөөд сонгосон. Албаны хатуу хэллэг хүнд тэр бүр хүрэхээ больсон шүү дээ. Энгийн хэллэг бол хүний чихэнд ойр тусна. Энд нэг зүйлийг онцлоход, замын хөдөлгөөний дүрмийн дагуу л оролцохыг шаардаж байгаа юм. Жолооч, зорчигчдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх үүргийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа юм шүү.
-Налайхын замд олон жолооч торгуулдаг. Хурд хэтрүүллээ гээд л шууд торгуулийн хуудас бичээд оноо хасдаг. Улаанбаатараас Налайх хүртэлх замыг хотын гаднах хөдөлгөөн гэж үзэх үү. Тухайн замд ямар хурдтай хөдөлгөөнд оролцох вэ?
-Замын хөдөлгөөний дүрмээр суурингийн доторх хөдөлгөөнд 60 км цагийн хурдтай явах ёстой. Налайхын Оргил худалдааны төвийн наад талаар Улаанбаатар Налайх зааглагддаг. Тэр хүртэлх хэсгийг суурийнгийн доторх зам гэж ойлгоно. Налайх өнгөрсөн гэх тэмдэгтээс цааш дараагийн суурин хүртэл 80 км цагийн хурдтай явна. Багануур эхэллээ гэх тэмдэгтээс цааш 60 км цагийн хурдтай явна гэсэн үг. Тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг зам арчлалтын компаниуд хариуцах ёстой. Зарим нэг газарт тэмдэг алга болсон байж болно. Гэхдээ суурин руу дөхөж байгаа бол хурдаа сааруулж 60 км цагийн хурдтай л явах ёстой. Жолооч нарын зүгээс орон нутгийн замын хурдыг 100 км цаг болгоё гэх саналыг нийгмийн сүлжээнд гаргадаг. Үүнийг боломжгүй гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Техникийн үзүүлэлтийн тухайд болж байна. Нөгөө талд замын нөхцөл байдал болохгүй байгаа юм. Орон нутгийн зам гурван метрийн л өргөнтэй байдаг. Хамгийн багадаа 3.5 метрийн өргөн байж л цагт 100 км цаг хурдалж болно. Өнөөдрийнх шиг нөхцөлтэй замаар хурдтай зорчиход зам тээврийн осол гарах эрсдэл өндөр. Энд нэг зүйлийг онцлоход, орон нутгийн замд тээвийн хэрэгсэл онхолдох осол түгээмэл гардаг. Тэр дундаа приус маркийн тээврийн хэрэгслүүд. Шалтгааныг нь судлаад үзэхэд пириус маркийн тээврийн хэрэгсэлд өндөрлөгөө хийдэг. Үйлдвэрийн стандарт алдагдсан тээврийн хэрэгсэл орон нутгийн замд хурдлахад багахан хэмжээний эргэлтэд л замын хажуу руу шидэгдэх өндөр эрсдэлтэй. Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хэвийн үзэгдэл болжээ. Нэг шөнийн дотор л 500 гаруй согтуу жолооч илэрч байна. Энэ юутай холбоотой вэ. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байна уу. Эсвэл өөр хүчин зүйл байна уу?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь эрх зүйн орчинтой шууд холбоотой. Бид үүнийг Зөрчлийн тухай хуульд оруулахдаа торгуулийн санкцыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан юм. Хөдөлмөрийн хөлс өсөхөд торгууль дагаад өсч байх ёстой гэж үзсэн. Одоо 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгоод өнгөрч байна. Энэ нь өнөөдрийн хөдөлмөрийн хөлстэй уялдахгүй, согтуугаар жолоо барьсан хүнд нөлөөлөхгүй байна л даа. Бусад улс орнуудад хөдөлмөрийн хөлсөөр нь хэмждэг. Та таван сая төгрөгийн цалин авдаг байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол таван сая төгрөгөөр торгуулна. Дээрээс нь жолоодох эрхийг нь тав хүртэлх жилийн хугацаагаар хасдаг. Мөн согтуугаар унаж замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг нь ч хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, таны тээврийн хэрэгслийг өөр хүн барьж замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн үг. Энэ мэтээр бусад улс орнуудын жишиг манайд нэвтэрч байж л жолооч нарын ухамсарт нөлөөлнө. Эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Согтуугаар жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцоно гэдэг нүдээ боочихоод хутга бариад явж байгаа алуурчинтай яг адилхан. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцоход гарч байгаа үр дагавар санамсаргүй мэт харагдавч согтуурчихаад жолооны хүрдний ард сууж байгаа нь санаатай үйлдэл мөн.
-Жолооч нар хот дотор гол төлөв ямар зөрчил гаргаж байна вэ. Өдөрт хэдэн зөрчил бүртгэгдэж байна вэ?
-Улаанбаатарт бэлэн бусаар нэлээн зөрчил ногдуулдаг. Өдөрт л 5000-6000 зөрчилд арга хэмжээ авч байна. Үүнийг задлаад харахад жолооч нарын түгээмэл гаргадаг зөрчил нь дуртай газраа тээврийн хэрэгслээ үлдээдэг. Хоёрдугаарт, нэгдүгээр эгнээгээр зорчдог. Мөн улаан гэрлээр дайрдаг түгээмэл үзэгдэл бий. Энэ гэрлээр л амжиж орохгүй бол амьдрал нь сүйрчих гээд байгаа юм шиг хандлага гаргадаг. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол гаргах тохиолдол бий. Үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог. Дээрх зөрчлүүд л торгуулийн дийлэнхийг эзэлж байна.