ДБЭТ–ын гоцлол дуучин Б.Гомбо–Очиртой ярилцлаа. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд Соёлын төв өргөөнд “Өвөрмөц” сонгодог тоглолтоо хийх юм.
–Буржгар гэдэг тодотгол тенор хоолойтой дуучин гэдэгтэй адилхан таныг илэрхийлэх юм аа. “Дуучин Б.Гомбо–Очиртой уулзъя” гэсэн чинь үүдний жижүүр “Буржгар уу” гэж байна лээ?
-Төрөлхийн буржгар юм аа. Хойно Большой театрт манайхан тоглолт хийж байхад ч оросын үзэгчид “Монгол Пушкин” гэж ярьсан байна лээ. Манай аав Ховд аймгийн Зэрэг сумынх, ээж маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Ховдын хоёр хүний дундаас нэг ийм өвөрмөц нөхөр гарч ирсэн. Ээжийн ах эгч нар бүгд буржгар үстэй, үсэрхэг, уулын хүн гэдэг шиг нөхдүүд бий. Гэхдээ би монгол, тэр дундаа захчин хүн.
–Таныг гадаадын хүн гэж андуурдаг байх даа?
-Андуурах тохиолдол байдаг. Гадаадад явж байгаад “Монголоос ирсэн” гэхээр гайхдаг. Гадаадад амьдарч байгаа монголчууд нь ч бас гайхаад “Чамайг анх хараад монгол гэж бодоогүй ш дээ” гэдэг.
–Таныг зарим монголчууд ч Пушкин гэж хочилдог юм билээ. Ингэхэд шүлэг яруу найраг сонирхдог уу?
-За ёстой, шүлэг яруу найраг оролдож үзээгүй. Эмэгтэй хүнд ч бараг шахуу захиа бичиж үзээгүй, мессэж л бичнэ үү гэхээс биш. Яруу сайхан бичих талаараа маруухан.
-“Өвөрмөц” гээд сонгодог тоглолт хийх юм байна. Тэр тоглолт таны гадаад төрх шиг өвөрмөц байх болов уу?
-Өвөрмөц гэж нэрийг миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Сэрж меценат” сан, “Apple” продакшныхан ярьж байгаад өгсөн. Өнгө төрх, хоолойны хувьд ч өвөрмөц юм болов уу гээд ийм нэр өгсөн юм. Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж явна. Сонин содон юмнуудыг түүж байна. Ямар ч байсан тоглолт дээрээ өвөрмөц байх болов уу гэж найдаж байна.
–Дуучин С.Нарантай поп дуу дуулна гэсэн үү?
-Дуучин С.Наран эгчийн өөрийнх нь зохиосон нэлээд хүчтэй хоолой шаардсан дууг хамт дуулна. Улсын филармонийн найрал хөгжим, С.Наран эгчтэй хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байна даа. С.Наран эгчид хамт дуулах санал тавихад “Тэгэлгүй яах вэ, хоёулаа шинэ содон уран бүтээл хийе” гэсэн л дээ. Миний ийм дуу байдаг гээд сонсгосон. Түүнийг нь аялж үзэхэд хэдийгээр поп дуу ч хоолой шаардсан бүтээл байлаа.
–Поп дуу дуулсан юм байна. Өөр хэв маягаар дуулж, өөрийгөө сорьж үзсэн үү?
-Нийтийн дуу гэгддэг дуунуудыг оюутан байхдаа дуулдаг байсан. Би Ховд нутагт харьяалагдаж явдаг хүн. Нийтийг хамарсан, зохиолын дуу дуулж, үзэгч сонсогчдыг татах тухай ч боддог. Манай ДБЭТ 500 хүний суудалтай. Сонгодог урлаг сонирхогч дундаа л эргэлдмээргүй санагдаад анхны бие даасан CD хийсэн. Ховд нутгийнхаа 16 сумын зохиолын сайхан дуунуудыг дуулсан. Тэр байдлаараа ганц нэг дуу дуулах бодолтой яваа.
-“Тунгалаг Буянт” гээд дуулах нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай хамтарч дуулсан. Энэ дуу маань тоглолтын үеэр бас дуулагдана.
–Та баруун аймгийн аялгаар ярьдаг уу?
-Би аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөний ах дүү нар дээрээ очвол аялга орчихно шүү. Багадаа амралтаараа ууланд хонь мал хариулж л байлаа.
–Солонгост бас дуулж байсан гэсэн үү?
-Солонгос руу дөрвөн ч удаа явлаа. Саяхан тэнд сар суралцаж, “Лучиа ди Ламмермур” дуурьт Норманно гээд туслах дүр бүтээчихээд ирсэн. Манай дуурийн театрын Гала концертыг солонгосчууд сайхан хүлээж авсан л даа.
–Сонгодог тоглолт гэхээр хамрах хүрээ хязгаарлагдмал байж магадгүй. Эрсдэлтэй биш үү?
-Би эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Энэ тоглолтод маань Монголын сайхан хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дуулагдана. Сонгодог тоглолт гэхээр хүмүүс унтчихна гэж зарим хүн боддог шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Хүмүүсийн мэддэг итали, англи, герман дуунууд дуулагдана.
–Та Ж.Вердийн “Аида” дуурийн Радамесийн дүрээр ДБЭТ–ийн босго давсан хүн. Одоо бүтээхийг хүсч байгаа дүр бий юу?
-2011 онд СУИС төгсөхдөө “Аида” дуурийн Радамесийн дүрд анх дуулж, диплом хамгаалж байлаа. “Аида” дуурь бол их хүнд дуурь. Дуулалтын хувьд ч хоолой их шаарддаг. Эргээд харахад зургаа, долоон гол дүр бүтээсэн байна. Энэ бол маш бага тоо. Миний мэдэхгүй дуурь ч дэлхийд дуулагдаж байгаа. Манай дуурийн театрт ч олон дуурь тавигддаг. Надад бүтээх дүр маш их байна. Дуурийн театрт тавигдаж байгаа тенор хоолойтны ямар дүр байна. Бүгдэд нь дуулахыг бодож явдаг. Одоо бол “Риголетто” дуурийн Герцогийн дүрийг бүтээх гээд явж байна даа.
–Нэг том дуурьт дуулахад хэр их юм унших шаардлагатай болдог вэ?
-Нэг дуурь тавихад жилийн хөдөлмөр орно. Итали, герман үгнүүдээ цээжилнэ, нэг дуурийн зохиол 300 гаруй хуудастай. Үгээ цээжлээд, удирдаач, найруулагчтай ажиллана. Жилийн хөдөлмөр ордог ч хоёр гуравхан цаг дуулдаг. Анх дуурь хийж байхад хэлний бэрхшээл их байлаа. Яваандаа үгээ уншиж сураад, ганц нэг үг мэддэг болоход гайгүй болж эхэлсэн л дээ. Хамгийн хэцүү байсан нь Аидагийн Радамесийн дүр байсан даа. Юугаа ч мэдэхгүй оюутан дуурийн театрын тайзан дээр гарахад амаргүй. Гэсэн ч дурсгалтай байсан л даа.
–Таныг жүжиглэх чадвар сайтай гэдэг юм билээ. Кинонд тоглох санал ирдэг үү?
-Нэг кинонд тоглох санал ирсэн юм. Хуульч мөртлөө жаахан уудаг, эхнэрээ дээрэлхдэг, зоддог дүр байсан. Татгалзсан л даа. “Ийм дүрд тоглохгүй” гэсэн. Тэр дүрээр хүмүүс намайг хүлээгээд авчихвал яах юм бэ гэсэн бодол төрсөн юм.
–Та хөгжим тоглодог гэсэн. Ямар үед хөгжим тоглох хүсэл төрдөг вэ?
-Гэрт морин хуур, баянхуур ямаха, үлээвэр хөгжим байсан учраас дунд сургуульд байхдаа олон хөгжмөөр ганц нэг ая тоглодог байсан. Одоо бол бүх хөгжим аавынд байдаг. Гэрт хөгжим байвал ганц нэг ая тоглочихно.
–Зав гарвал хийх дуртай зүйл юу вэ?
-Ширээний теннис тоглох дуртай. Дунд сургуульд байхдаа аймгийн аваргын төлөө өрсөлдөж байлаа. Гар бөмбөг, сагсан бөмбөгт ч дуртай. Зав гарвал найз нартайгаа заал авдаг.
–Баруун нутгийнхны амьдралын хэв маягаас танд үлдэж хоцорсон зүйл байдаг уу?
-Хөдөөгийнхөн хээгүй, илэн далангүй зантай. Надад ч тэр нь байдаг шиг байгаа юм. Энд тэнд явахдаа ч хээгүй байдаг. Чанасан махыг хутгаар зүсч иддэг бол би шүдээрээ зулгаагаад идчихдэг.
–Ховдоос төрсөн урлаг, улс төрийн алдартнууд олон. Хэр нутгархаг вэ?
-Ер нь их холбоотой байдаг. Хөдөлмөрийн баатар Б.Зангад багш маань маш их урам зориг өгч, зааж сургадаг. Улстөрчид ч уулзана, санал тавьдаг.
–Сонгуулийн үеэр дуулж хуурддаг байх нь ээ?
-Дунд сургуульд байхдаа Ц.Дамиран гишүүний сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож, ямахагаа үүрээд гудмаар явж тоглодог байлаа. Хамгийн их мөнгөтэй сурагч байж дээ. Ангидаа ганцаараа гар утастай явдаг. Өдрийн 5000 төгрөг авч байлаа. Нутгийнхаа гишүүдийн сонгуулиар явж байсаан.
–Б.Гомбо–Очир гэхээр хуучинсаг нэр шиг сонсогдож магадгүй. Урлагийн сонсголонтой нэртэй байх талаар бодож байсан уу?
-Үгүй ш дээ. Ээжийн нагац ах нь нутаг усандаа мэргэн түргэн хүн байсан. Тэр хүн Гомбо-Очир гэж нэр өгсөн. Ямар ч байсан тэр нэрээрээ явж байгаа. Солих тухай ч боддоггүй.