Categories
мэдээ цаг-үе

Б.Ганзориг: Ойн бизнес хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн

Хуучнаар ойн цагдаа буюу орчин цагийн хэллэгээр байгаль хамгаалагч нар өчигдөр чуулав. Нийтээр тэмдэглэх баяр, ёслолын хуулийн дагуу жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт “Ойн модны салбарын ажилчдын өдөр” гэж тэмдэглэдэг. Энэ өдрөө тэмдэглэх хүрээнд төрийн албанд зүтгэж байгаа салбарын инженер, техникийн ажилчдын хүрээнд өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгөөр байгаль хамгаалагч нар хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус зөвлөгөөнийг зохион байгуулагчдын нэг БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээх албаны дарга Б.Ганзоригтой ярилцлаа.


-Зөвлөгөөнд хэн оролцож, юу ярьж байна?

-Сум болон сум дундын ангиудаас төлөөлөгчид оролцож байна. Ажил үүргээ гүйцэтгэхэд ямар бэрхшээл тохиолдож байгаа, түүнийг хэрхэн даван туулах талаар ярилцаж байгаа. 39 ойн анги, таван нэгж оролцож байгаа.

-Анги, нэгж гэж юу вэ?

-Ойн анги гэдэг нь 450 мянган га ойн санг хариуцаж байгаа нэгж. Ойн нэгж нь нутаг дэвсгэрээр ойн ангиудаа удирдлагаар хангадаг нэгж.

-Манай нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой эзэлдэг вэ?

-Мэргэжлийн хүмүүс 11 хувь гэж үздэг. Энэ хувь хэвээрээ л байгаа.

-Найман хувь гэж яриад байгаа шүү дээ.

-Найман хувь гэдэг нь яг мод ургаж байгаа талбараа тооцож ярьж байгаа юм. Хуулиар шатсан талбай, үржүүлгийн болон бэлтгэлийн талбайг ойн санд оруулж тооцно. Энэ нийлбэрээр 11 хувь болдог.

-Манай ойн эрүүл мэнд ямар байгаа бол?

-Ойн эрүүл мэндийг олон шалгуураар тооцно. Манай нийт ойн санг ерөнхийдөө хөгшин талдаа гэж хэлж болно. 70 орчим хувь нь хөгширсөнд тооцогдоно.

-Удахгүй 70 хувь нь устана гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Хөгшин мод үхэж байгаа мод гэсэн үг биш. Цаашид техникийн болц нь нэмэгдэхгүй болсон модыг хөгшин гэж үзэж байгаа юм. Техникийн болц гэдэг нь тэр модноос авах ашиг шимийг хэлнэ. Хэдийгээр модны ашиг шим нэмэгдэхгүй ч хэдэн зуун жил мод амьдарч, байгальд үзүүлэх үүргээ гүйцэтгэж чадна.

-Хорхой шавьжинд баригдсан хэсэг байгаа гэдэг.

-2018 оны тооллогоор 300 гаруй мянган га ойд тийм асуудал гарсан. Энэ жил 60-аад мянган га ойд эрүүлжүүлэх ажил зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилд ойн хөнөөлт шавьжийн тархалт 40 гаруй хувиар буурсан.

-Түймэрт хэр их ой сүйдсэн бэ?

-Энэ жил 300 гаруй ойн түймэр гарсан мэдээ бий. Хохирлын хэмжээ гарах арай болоогүй байна.

-Дэлхийд гарч байгаа том түймрүүд аглаг зэлүүд ойд ургамлын олон жилийн хур хаягдлаас болж түлш шиг асаад дийлдэггүй гэсэн мэдээ байдаг.

-Үнэн. Манайх цэвэрлэгээний чиглэлээр судалгаа хийгээд дүнгээ гаргасан. Өнөөгийн байдлаар 60 гаруй сая га ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай. Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлээд бага ч гэсэн цэвэрлэгээ хийж байна.

-Хаана цэвэрлэгээ хийж байна?

-Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр гэх мэт сумуудад цэвэрлэгээ хийж байна.

-Цэвэрлэгээг хэн хийдэг вэ?

-Мэргэжлийн байгууллагууд орон нутгаас зөвшөөрөл авч хийдэг. Цэвэрлэгээгээр босоо мод авахгүй. Олон жил дагтаршаад шатамхай бодис шиг болдог хэсгийг л цэвэрлэнэ. Харин хатаад цаашид амьдрах чадваргүй болсон зарим модыг цэвэрлэж байгаа.

-Тийм мод байх уу?

-Богд ууланд бий.

-Далимдуулаад Богд уулыг нүцгэлээд байшин барьчихгүй биз дээ?

-Тийм ямар ч боломж байхгүй.

-Ой цэвэрлэхийн тулд цэвэрлэх саналаа гаргасан байгууллага мөнгө төлөх үү, эсвэл ой цэвэрлэж өглөө гээд төр мөнгө өгөх үү?

-Ой цэвэрлэх санал гаргасан байгууллага орон нутагт “гоожинг”-оо л төл, тэгээд л болно. Зарим сум, багийн иргэдийн ихэнх нь ойн цэвэрлэгээнээс түлээний хэрэгцээгээ хангадаг.

-“Гоожин”-д хэдэн төгрөг төлөх вэ?

-Эрхийн бичиг 2500 төгрөг. Хэмжээнээсээ хамаараад 300-400 мянга. Ер нь нэг их үнэтэй биш.

-Шавьжинд идэгдсэн модыг авч болох уу?

-Болно. Гэхдээ тухайн сумын ИТХ шийднэ.

-Говьд ойн анги байдаг уу?

-Байгаа. Манай улсын нийт ойн сан сангийн 20 шахам хувийг заган ой эзэлдэг. 6-7 сая га газар заган ойтой.

-Говьд ихээхэн хэмжээний ой байгуулсан иргэд байдаг гэсэн.

-Байгаа. 2-3 гавьяат цолтой хүмүүс бий. Харамсалтай нь энэ зөвлөгөөнд оролцоогүй. Энд ойн ангиудын мэргэжилтнүүд ирсэн юм.

-Ойн байцаагч нар уу?

-Одоогийн хэллэгээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч.

-Хэн томилдог вэ?

-Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг МХЕГ. Тэр торгууль, шийтгэл оноох эрхтэй, хяналт тавьдаг хүн. Байгаль орчны байцаагч нь ойтой харьцах мэргэжлийн бодлого хэрэгжүүлдэг хүн. Нэг нь бодлого хэрэгжүүлнэ, нөгөө нь хяналт тавьдаг байцаагч сум бүрт бий.

-Төр ойгоо бүрэн хянаж чадаж байгаа гэсэн үг үү?

-Тийм.

-Тужийн нарс сүйдсэн гэж ярьдаг байсан.

-Монголын ойчдын хамгийн том ажил, бахархал. 20 жилийн турш сүйдсэн 17 мянган га талбайг сэргээж төрд хүлээлгэн өгсөн дөө.

-Бид ойн сан багатай байж мод түлэх нь зөв үү, асар их нүүрстэй байж багахан ойгоосоо түлээ бэлтгэх нь буруу гэж үздэг хүмүүс цөөнгүй байна?

-Ойн мэргэжилтнүүд бас тэгж үздэг. Хэрэгжих боломжтой санал шүү дээ. Өнөөдөр орон нутагт цэвэрлэсэн модоо боловсруулаад шахмал түлш болгодог Германы технологийг хэрэгжүүлж байгаа газрууд байна. Булган, Сэлэнгэ аймгуудад хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлээд эхэлчихсэн.

-Хувийн хэвшлийнхний тарьсан ойг хувийн гэх үү, төрийн гэх үү?

-Хэрэв тарьсан ойгоо төрд худалдах хүсэлтэй бол төр худалдан авна. Төрд худалдахгүй гэвэл хувьдаа л үлдэнэ.

-Би чацаргана тариад түүнийгээ үнэлээд банкнаас зээл авахад та нар үнэлгээ хийж өгөх үү, чанар, үр өгөөж гээд банк бас хаширлана даа.

-Банктайгаа л тохирчихвол, үнэлгээ хийхэд асуудал байхгүй. Жишээлбэл, алимны модыг үнэлэхэд хэдэн жил өгөөжөө өгсөн, цаашид олох өгөөж, төрд худалдаад хэдэн жил ашиг олох гээд мэргэжлийн үнэлгээ байдаг.

-Ойн бизнес хийхэд төрөөс дэмжих үү, хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Мэдээж байгаль орчинг сайжруулах бизнес учраас дэмжинэ. Өнөөдөр засч, нэмэх юм байгаа ч ойн хууль их боломжийн орчин бүрдүүлсэн.

-Энэ жил самар түүлгэхгүй гэсэн яриа байна.

-Самар дөрвөн жилд нэг удаа ихээр ургадаг. Энэ жил ургац муутай. Улсын хэмжээнд хоёр суманд л ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл өгсөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *