Categories
мэдээ соёл-урлаг

Б.Ганхүү: Л.Жанчивдоржийн маань ээж ”Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж билээ || DNN.mn

Багш, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүүтэй ярилцлаа.


-Та “Шийдсэн охид” кинонд тоглосон байна лээ. Энэ тухайгаа яриач?

– Сүүлийн үед хүүхдийн кино хийгээд байгаа Д.Болорцэцэг найруулагч энэ киног хийсэн юм. Яаж биднийг цуглуулах санааг сэдсэн юм, дандаа Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан А.Цэгмэд, би, Б.Туяа, П.Долгорсүрэн бид хэд тоглосон юм. Бие биедээ туньдаг, айлгадаг, найзалдаг, тусалдаг, халуун сэтгэлтэй найз авгай нарын үерхлийн тухай кино юм. Ийм хөгшин авгай нар нэг дор гардаггүй болохоор сонирхолтой байсан байх л даа. Энэ далимаар бид харин сайхан уулзаад, театраа яриад, уйлж дуулаад сайхан байсан шүү дээ.

-Та нар амьдрал дээр ч найзууд гэсэн үү?

-Амьдрал дээр ч Туяачка, А.Цэгмэд, П.Долгорсүрэн бид хэд найзууд байхгүй юу. Харин С.Сарангэрэл биднээс залуу, сүүлд ирсэн хүүхэд. Би ерээд оны эхээр театраасаа гараад явсан, СУИС-д багшилж байсан шүү дээ. Нэг театрт ижилхэн уран бүтээл хийж байсан. А.Цэгмэд бид хоёр эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Янз бүрийн дүрд тоглож байсан улсууд байхгүй юу даа. Хөдөө бригадаар улсын төлөвлөгөө биелүүлэх гэж их явж байлаа шүү дээ.

-А.Цэгмэд гуай та хоёрыг хүмүүс их андуурдаг гэсэн үү, хөгтэй тохиолдол их байсан уу?

-А.Цэгмэд бид хоёр хоёулаа эрэгтэй дүрд гүйж байсан болохоор ч тэр үү хөдөлгөөн, яриа хөөрөө төстэй юм байлгүй дээ. Ерөнхийдөө нүүрний хэлбэр ч ойролцоо шиг байгаа юм. Манай Цэкү гимнастикийн спортын мастер юм чинь надаас гялалзуур хүүхэн шүү дээ. Гэхдээ бид хоёрыг энд тэнд явахад андуурдаг юм. Намайг “А.Цэгмэд эгч ээ, гарын үсэг авъя, зураг авахуулъя” гэдэг. Заримдаа “Эгч нь биш” гэдэг. Хааяа ялгааг нь хэлж өгдөг. Намайг хэд гурван дуу аяладаг болохоор тэрүүгээр маань бас таньдаг. Манай А.Цэгмэдийг хөдөө гадаа явж байхад бас андуурдаг гэсэн. “Та чинь сайхан дуулдаг шүү, дээшээ суу” л гэж гэнэ. Тийм мэтийн андуурч эндүүрсэн юм олон байдаг юм аа. Хүүхэд, залуучуудын театрт бид тувт л хамт байсан даа. Бригадаар явж байхад хөгжилтэй юм их болно. Манай Цэкү гялалзуур. Заримдаа бид өдөрт олон тоглоод ядардаг. “Алив шуурах уу” гэдэг байхгүй юу. Тэгээд шуураад, 120 минутын юмыг 50 минутад гялалзуулах удаа байсан. Энд ч таньдаг айл, хамаатны хүн урьсан шүү гээд хэдүүлээ будгаа хальт арилгаад, ум хумгүй л айлдаа очно.

-Л.Жанчивдорж гуайтай хамт тоглож байв уу?

-Л.Жанчивдоржтойгоо олон уран бүтээлд хамтарч тоглож байсан. Цаадах чинь нүүрээ будчихаад, тайзан дээр гоё буржгар үстэй, ганган залуу гарна шүү дээ. Бид хоёр аав, хүү ч болж тоглож байлаа. “Гэгээ” гээд жүжигт Л.Жанчивдорж миний аав, хошуу ноён болдог. Хошуу ноён залуудаа миний ээжтэй учир ургуулж байсан юм байна л даа. Бүсгүй харин хүүхэдтэй болсноо ноёнд хэлээгүй. Сүүлдээ нөгөө хүүхний хүүхэд нь бас бус юман дээр цор цор хийгээд ноёны уурыг нь хүргээд, байхаар нь зодуулж, байгаад алчихдаг юм.

-Ээж нь энэ жүжгийг үзчихээд их дурамжхан байсан гэсэн үү?

-Тийм ээ. О.Бат-Өлзий энэ тухай бичсэн байгаа биз дээ. Манай театрын хаврын урлагийн бригад Хөвсгөлийн Галт суманд очиж тоглосон юм. Бригадын ахлагчаар туслах найруулагч Ш.Вандансэнгээ явсан. Энэ сум манай Жааяагийн төрсөн нутаг. Жааяа найруулагчаас хэдэн урилга гуйсан чинь барагтай бол урилга өгдөггүй зарчимч хүн мөртлөө “гараа гаргаж”, 20 урилга өгсөн байгаа юм. Нөгөөдхөө нутгийнхандаа тараагаад, ээж нь ч очиж, жүжиг үзсэн юм билээ. Жүжгээ тоглоод, орой ээжийнд нь ирцгээсэн. Хонь гаргачихсан, хачин сайхан дайлна шүү дээ, манай хөдөөгийнхөн. Ш.Вандансэнгээ найруулагч “За, жүжиг ямар санагдав” гэсэн чинь ээж нь “Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж. Жааяа “Ха ха. Энэ чинь жүжиг шүү дээ” гэж тайлбарлаж, биднийг бөөн инээдэм болж байхад настай ээж нь миний ээжид тоглосон Ц.Цолмон бид хоёрын гарыг атгаад, хааяа дух үнэрлэж “Эвий эвий” гээд сууж билээ. Хөдөөгийнхөн тийм үнэнчээр юм үздэг.

-Л.Жанчивдорж гуай танд бас зөвлөгөө өгч байсан гэл үү?

-Хүнд гэмгүй,зөөлөн сайхан хүн байсан даа. Бид хоёр партнёрлож юм юманд тоглодог байлаа. Залуу байхад ч сайхан шүү дээ. Манайхан хоол идчихээд нүүр амаа сэргээж будна. Би байхгүй, өглөө пудр түрхчихээд тэр чигтээ явдаг. Сормуусаа харин буддаг. Залуудаа гоё нүд, сормуустай байсан шүү дээ. Тэгээд л болчихож байгаа юм. Тэгсэн чинь Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан эгчид маань Жааяа хэлсэн гэсэн. Театрт надтай уулзах гээд ирэхэд нь “Танай дүү чинь сайн жүжигчин, дажгүй хүүхэн. Аятайхан гоё хувцас авч өмсөж бай гэж хэлээч” гэсэн юм билээ. Би хамаагүй явна л даа. Эрээн даавуугаар юухэн хээхэн хийгээд өмсчихдөг. Залуу насаараа л гоёдог байж дээ. Ялангуяа бригадаар явахад бид бөөн тоос шороон дунд явдаг юм чинь. Би өвгөнийхөө томдсон пиджак өмсөөд, бакал углачихдаг байлаа. Бид чинь аймгийн төв орж байж л усанд орно шүү дээ. Очиж очиж Жааяа тэгж хэлж байсан. Одоо ч бодохоор инээд хүрээд байдаг юм.

-Таны “Эхийн ач” гээд дуун дээр эгч тань хөгжимдсөн үү, их төстэй харагдсан?

-Тийм. Муу эгчтэйгээ дүрээ үлдээчихье гэж бодсон. Би чинь өргөж авсан, төрүүлсэн хоёр сайхан ээжтэй, хоёр сайхан аавтай. Сайхан ээж нарынхаа дурсгалд зориулаад, өөрийнхөөрөө аялачихъя гэсэн юм.

-Та “Саруул талын ерөөл” кинонд уран зохиолч Балбарын эхнэр хи хи инээж гэдгэнэж годгоносон, хүрээний аальгүй хүүхний дүрийг хэдхэн хоромд гоё харуулсан байдаг даа. Та залуудаа гоё хүүхэн байжээ?

-Хүн болгон л залуудаа гоё байдаг шүү дээ. Би бас гайгүй байсаан. Р.Доржпалам найруулагчийн кино л доо. “Д.Нацагдоржийн зохиол Хи хи жүжгийн аалигүй хүүхэн шүү чи” гэж надад хэлсэн юм. Гурван хүүхэн утга учиргүй хөхрөлдөөд байдаггүй юу. За би тэр л юм байна даа гэж бодсон.

-Залуу байхад чинь дэлгэцийн гол дүр өгсөн бол таныг бүх хүн таньдаг болох байж дээ гэж бодогдлоо?

-Баярлалаа миний дүү. Тэр үед чинь улсын төлөвлөгөө биелүүлэх учиртай. Театрынхаа гол жүжигчдийг кинонд өгдөггүй байсан юм. Дөрөв, таван киноны саналыг хүлээж авч чадаагүй. Тэр харамсалтай юм болсоон. Өдий хүртлээ 50-иад жил жүжигчин хийсэн ч хүн мэдэхгүй байгаа юм чинь. Одоо бол эмээ, ээжийн дүрд гардаг юм чинь намайг яаж мэдэх юм. Зурагтаар л гарахгүй бол тэр үнэтэй юмыг чинь хөгшчүүл үзэхгүй шүү дээ.

-Нөхөр чинь таныг аальгүй хүүхний дүрд тоглосон гээд ичээд байсан гэл үү?

-Тэгсэн шүү дээ (инээв). Манай хөгшин залуу байсан. 1984 оны кино шүү дээ. Багш нар нь танай авгай ингэж тэгж харагдлаа гээд хэлэхгүй юү. Над дээр ирээд “Чи хачин юманд тоглох юм” гэж байсан. Манай СУИС-ийн багш миний инээдийг задлаад хичээл дээрээ зааж байсан.

-“Шийдчихсэн охид” гэснээс амьдрал дээр та бүр шийдээд зүтгэсэн тохиолдол байсан уу?

-Амьдрал дээр тийм юм их тохиолдоно шүү дээ. Би охиноо алдчихаад, охиныхоо дурсгалд зориулсан кино хийхээр шийдсэн юм. Яг киногоо хийх гэхээр мөнгө байхгүй. Багш, арын албанд л ажиллаж байсан юм чинь. Яаж кино хийе дээ гэж бодож байсан. Заавал хийнэ гэж бодож зүтгэсэн. “Хувь заяаны тойрог” киногоо Г.Бандицэрэн шавьтайгаа хамтарч зохиолыг нь бичиж, найруулсан. “Амилсан хайр” гээд хоёр ч киног охиныхоо дурсгалд зориулж, спонсорлож, өөрөө гол дүрд нь тоглож, олон сайхан шавь нарынхаа хүчээр хийсэн. “Амилсан хайр”-аа өөрийн шавь Д.Цогтбаатар гэж найруулагчтай хамтарч бичсэн юм. Маш их зориг тэвчээр, ухаан зарж байж энэ киног хийсэн шүү. Кино хийнэ гэдэг амаргүй. Сүүлийн үед бас хөгширчихөөд олон сайхан дуучдын дэргэд ичихгүй бас ганц нэг дуу аялаад байна аа.

-Арай хожуу дуулах авьяасаа гаргав уу даа?

-Эвий дээ, эвий. Яах вэ. Би завгүй ажилтай байсан юм. Сургуулийн сургалтын албанд ажиллаж байхдаа бүх юмаа хариуцдаг. 1991 онд лаборантаас эхлээд, деканы нарийн бичиг болоод, сургалтын алба болоод явчихсан чинь асар их ажилтай болсон. Өглөө хамгийн эрт ирнэ, орой хамгийн орой явдаг. 2013 оноос л дан багшийн ажлаа хийсэн. Түүнээс өмнө сургалтын ажилтай хавсарч явсан. Тэгээд багшилж эхэлсэн чинь сайхан зав гардаг юм байна. Одоо би юу хийх ёстой билээ гэж бодож байгаа юм. Тэгээд л дуу дуулъя гэдэг бодол надад орж ирсэн юм. Энэ бас их зориг шүү дээ (хөхрөв). Би огт зүгээр байдаггүй. Тувт кинонд ордог. Жижиг жижиг дүрүүд бүтээнэ. Гэхдээ жижигдэхгүй шүү дээ, хөөрхөн ажилтай. Туслах дүрийн тусламжтайгаар гол дүр амилдаг юм шүү дээ. Аль ч дүр нь ялгаагүй л дээ. Цаг хугацаа орно. Бас бодно. Үгээ тогтооно. 2021 онд би арван кинонд орсон. Клип, шторк зөндөө юманд ордог. Бидэнд ажил мундахгүй шүү дээ. Одоо ч хоёр киноны урилга ирсэн байна. Гол дүр биш л дээ.

-Та 70 гаруй ээжийн дүрд тогложээ. Дүрээ хооронд нь ялгаруулах гэж хичээдэг үү?

-Би 70 гаруй киноны дүрд орсон. Тайзны бүтээл 60-70 юм даа. Радио телевизэд кинонд дуу оруулдаг, телевизэд уншлага хийдэг байлаа. Ялгаруулах гэж хичээнэ. Үрчгэр нүүр чинь өөрчлөгдөхгүй хэцүү юм. Гэхдээ ихэвчлэн ижил хэмжээний ээжийн дүр ирээд байдаг. Тухайн үед юу өгүүлэх гээд байгаа юм гэдгээ ойлгож аваад түүгээр нь л явчихдаг. Өөр яах вэ дээ. Түүнийг чинь жүжигчний хэлээр бол өгөгдсөн нөхцөл гэж ярьдаг юм. Дүрдээ ороод л явчихна.

-Жүжигчин болсны хэрэг гарлаа даа гэж бодож байсан үе чинь хэзээ вэ?

-Сайхан жүжигт тоглоод, зритель сайхан алга ташиж байх үед л сайхан. “Гэгээ” жүжгийг үзээд хүмүүс их л алга ташдаг байлаа. Манай Хүүхэд, залуучуудын театрынхан Германы гурван хотод тоглосон юм. Би гол дүрийн эрэгтэй туулайд тоглож байсан. Дараа нь Болгар улсад явж тоглосон. Бас л гол дүрд нь тоглож байлаа. Тэгэхэд бас л гоё байсан даа. “Жүжигчин гэдгийн ид хавыг үзэж байна даа, урлагийн буянаар олон сайхан оронд явж байна даа” л гэж бодогдож байв. Тэр хөөрхөн шонхойсон хүүхдүүд чинь баглаа баглаа цэцэг өгөхөөр ай бас хөөрхөн шүү.

Пижигнэтэл алга ташна. Тэр бол хамгийн том баяр. Германы нийслэл Берлинд тоглож байхад нэг хөөрхөн хүү чихмэл цагаан цэнхэр бамбарууш өгсөн нь одоо ч байдаг. Ач нараа “Жаахан тогловол тогло, битгий муухай болгочихоорой” гэдэг. Хүү маань “Ээжийн хайртай тоглоом” гэдэг. Монголд тоглож байхад тийм их цэцэг, тоглоом өгдөг байсан биш дээ. Анх удаа тэгэхэд тэвэр дүүрэн цэцэг авч билээ. Тухайн үед манайхан тиймэрхүү юмандаа маруухан байлаа шүү дээ. Гоё л юм билээ. Манайхыг бодвол хөгжилтэй орон байсан. Зочид буудалд дөхөөд очиход хаалга нь нээгдэхэд үлгэрт гардаг шиг гэж бид хөхрөлдөж байлаа шүү дээ. Нүд нээгдэж, ээж аав, найз нөхдөдөө сонин сайхнаа хуучилж байв. Урлагийн буян их шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *