Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганболд: Монголд хамгийн ойрхон “баруун” бол БНСУ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдтой уулзаж ярилцлаа. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа билээ.

Яриагаа, манайд хамгийн ойр орших “гуравдагч хөрш” бол Бүгд Найрамдах Солонгос улс юмаа гэдгээс эхлэх үү?

-Манай улс гадаад бодлогодоо тэргүүлэх чиглэл болгож хөрш болон зэргэлдээ орших өндөр хөгжилтэй, уламжлалт харилцаатай цөөн орнуудыг онцгойлон авч үздэгийн зэрэгцээ мөн гуравдагч хөршийн ойлголтыг тодотгож өгсөн. БНСУ тэргүүлэх чиглэлийн ч гурав дахь хөршийн ч ойлголтонд аль аль хамаарах орны нэг. Энэ сарын 26-нд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна. Монгол Улс тухайн үед Азийн бусад хуучин социалист орнуудаас хамгийн түрүүнд 1990 оны 3 дугаар сард БНСУ-ыг хүлээн зөвшөөрч албан ёсны харилцаа тогтоосон. Манайхаас хагас жилийн дараа Хятад, ОХУ, оны сүүлээр Вьетнам гээд үргэлжилсэн. Тиймээс энэ ч гэсэн манай хоёр ард түмний итгэлцэл, харилцааны онцлогийг илтгэх болов уу.

БНСУ нь манай ардчилал, зах зээлийн хөгжлийн сонголтыг эхнээс нь дэмжиж, шилжилтийн үеийн эдийн засаг, нийгмийн хүндрэлүүдийг даван туулахад ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн орны нэг бөгөөд Монголын ард түмэн үүнд нэн талархалтай байдаг юм. БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар манай оронд нэн шаардлагатай эрүүл мэнд, мэдээллийн технологи, дэд бүтцийг сайжруулах зэрэг нийгмийн ач холбогдолтой олон төслүүд хэрэгжсэн. 2011 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээ байгуулагдаж, уг зээлийн хүрээнд “Үндэсний оношилгоо, эмчилгээний нэгдсэн төв” эмнэлгийн 55.5 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхлээд байна.

Бүгд найрамдах Солонгос улс ба Монгол орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Бид ой, тэмдэглэлт үйл явдлыг “тийм онцлогтой”, “ийм чухал тохиолтой” хэмээн тодруулж сурсан улс. Тэгэхээр нэг талаасаа “улиг” болсон ч гэмээр юм асуух гэж байна л даа. Энэ ойн онцлог юу вэ гэж. Ямар ч байсан “энэ ой 2015 онд болж байгаагаараа онцлог” гэж бол бодохгүй л байна.

-Солонгос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой үнэхээр онцлогтой. Яагаад гэхээр энэ бол Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, “Гурав дахь ертөнц” хэмээн нэрлэж болгоомжилж байсан орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэх алхам хийж эхэлсний 25 жилийн ой. ХХ зууны Монгол Улс гадаад бодлогоо өөрөө тодорхойлж, бие даан шийдвэр гаргаж эхэлсний 25 жилийн ой. Монгол Улсын иргэдгадаадад чөлөөтэй зорчиж болдог болсны ч бас 25 жилийн ой. Нэгтгээд хэлэхэд, монголчууд хаалттай ертөнцөөс гарч дэлхий дахиныг таньж эхэлсний,эргээд монгол хүн гэж ямархуу улс байдгийг ертөнцдаяараа таньж эхэлсний ч 25 жилийн ой юм.

Монголчууд тэднийг, солонгосчууд биднийг сайн таних болсон. Харин аль өнцгөөс нь илүү мэдэх болсон нь сонин?

-Монголчууд бид нээлттэй, бас ойлгомжтой талдаа гэж тодорхойлж болох хүмүүс болов уу. Мөн чанараа дотроо удаан нууж, битүүлэг амьдарч чаддаггүй. Ийм болохоор нэг монгол хүн чимээгүй, хоёр монгол яриатай, гурван монгол дуулиантай гэж ярьдаг байх. Ийм учраас гурав биш, гурван зуу биш, гурван мянга биш, харин гучин мянгуулаа хүртэл олноороо ирээд сууж байсан монголчууд танигдахгүй бол өөр хэн танигдах билээ.

Дээр нь солонгосчуудаа ч манайхан сайн таньдаг болсон. Ер нь бол хувьсгалт хүмүүжлээр өссөн,хүн нэг бол “манай талын цав цагаан” эсвэл “дайсны талын падан хар” байх учиртай гэсэн туйлширмал үзэлтэй монголчуудын хувьд хүн таних том сургууль болсон байх аа. Үндэстний онцлог чанарыг сайн муугаар үнэлэх нь чухал биш. Харин үлдээж буй сургамж, мэдээлэл, итгэлцлийг олж харах нь чухал. Сул болооддавуу талуудыг нь сайн мэддэг үндэстэнтэй харилцаж буй хүн “үл мэдэх”-ийн айдсаас чөлөөтэй, тэр хэрээрээ итгэлтэй болдог. Энэ утгаараа бид бие биенээ танихуйн шинэ түвшинд гарсан. Сонирхолтой, онцлог зүйл ч бас ажиглагддаг. Жишээлэхэд, энд ирсэн монголчууд жигтэйхэн амархан солонгосжоод яг л солонгос шиг болох нь элбэг байдгийг нүүдэлчдийн дасан зохицох чадвар гэж харж болно. Гэтэл солонгос нөхдүүдийн зарим нь дорхноо монголжоод л ердөө өчигдөр хөдөөнөөс ирсэн нүүдэлчин шиг араншин, хандлагатай ч болоод байхнь бас л сонин санагддаг.

Хоёр орны иргэд бие биеэ сайн таньдаг болсон ч, хүрээ нь жаахан хязгаартай юм шиг санагддаг. Жишээлэхэд, ажил хайж очсон иргэдээр нь нийт үндэстнийг төсөөлж байгаа нь жаахан ч болов өрөөсгөл юм биш үү?

-Харамсалтай нь, Бүгд найрамдах Солонгос улстай томоохон хөрөнгө оруулалтын хүрээнд хамтран ажиллаж чадахгүй байгаагаас болоод бид томоохон түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага хуримтлуулж чадалгүй өнөөг хүрлээ. Энэ сул талаас болоод хоёр орны иргэд бие биеэ жижиг, дунд түвшинд л таньдаг мэддэг болсон тал бол бий. Өөрөөр хэлбэл монгол хүн гэхээр хар, цагаанаар ажиллаж ам бүлээ тэжээх зорилготой, тэрнийхээ төлөө ямар ч “зоримог” юм хийхээс сийхгүй ч байж мэдэх нэгнээр тэд төсөөлдөг ч юм уу? Эргээд манайхан ямархан нэг жижиг, дунд үйлдвэрийн эзэн, эсвэл Монголд цайны газар нээсэн, асуудлаа шийдэхийн тулд монгол хүний лхэрэглэдэг бүхий л аргыг хэрэглэдэг хүнээр тэднийг дүрслэн ойлгох маягтай тал бол үнэхээр бий.

Гэхдээ байдал өөрчлөгдөж эхлээд байгаа. Бие биенээ сайн таньсан маань нэг том амжилт гэждээр хэлсэн. Тиймээс одоо бизнесийг жинхэнэ утгаар нь итгэлцэл, хариуцлагын үндсэн дээр явуулах хүсэл эрмэлзэлтэй компани, хүмүүс цөөнгүй гарч ирж байгаа нь үүний нэг илрэл болов уу. Солонгосын олон улсад нэр хүндтэй компаниуд ч дунд зэргийн бизнесийн компаниуд ч эрүүл, харилцан ашигтай, ирээдүйгээ харсан санал тавьж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт өмнөхөөс илүү олон салбарыг хамрах боллоо. Өмнө нь зөвхөн гуанз, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарт голдуу бизнес эрхэлж байсан бол зам барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулж байна. Тухайлбал “Самсунг”, “ПОСКО ЭНЕРЖИ”, “Халла” групп Монголын бүтээн байгуулалтын төслүүдэд гүйцэтгэгчээр оролцож эхэлсэн бөгөөд гол нь үүгээр дамжиж хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх суурь тавигдаж байгааг анхаарч дэмжих ёстой юм. Хөрөнгө оруулалт, худалдааг хөгжүүлэхэд юуны өмнө Солонгосын бизнес эрхлэгчдэд Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах шаардлагатай байна. Элчин сайдын яамнаас БНСУ-ын Худалдааг дэмжих КОТРА байгууллагатай хамтран эдийн засгийн форум зохион байгууллаа. Оролцогчид Монголын хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлдог бүхий л хууль дүрэм, тогтоол заавартай эх хэлээрээ өргөн хүрээнд танилцан тодорхой ойлголттой болсон. Энийг яагаад чухалчлаад байна гэхээр хөгжингүй орнуудын бизнесийн ертөнц чинь юун түрүүн хүнд итгэхээс эхэлдэг, итгэгдсэн хүн нь ч хэлснээрээ үлддэг. Манайхан чинь олон юм бодолгүйгээр “За” гэчихдэг, “Хөөцөлдөөд үзэхэд болох л байлгүй, хэрвээ болохгүй бол яая гэх вэ, ямар надаас болсон биш” гэж хайнга хандах нь элбэг. Бидний энэ занг мэдэхгүй олон хүн хөрөнгө мөнгө, албан тушаалаараа хохирсон. Бүтэлгүй бизнес эхлүүлсэн, компанидаа хохирол учруулсан ажилтан, албан тушаалтанхалагдаж, буурч бизнесийн ирээдүйгээ алдан амьдралаараа хохирдог гэдгийг бид бодолцдоггүй. Яг л өөрсөд шигээ “Сониноос, өнөөх чинь бүтээгүй шүү”, “Ээ яадаг золиг вэ” гэсгээд өнгөрдөг аятай бодоод байх шиг байгаа юм.

Иймээс Монголд хөрөнгө оруулалт хийх, бизнес эхлүүлэхийг сонирхож байгааталууднэг нөхөр “Бат, бат…арыг нь ах нь даана” гэж ханхалзах яах вэ, цаад хууль дүрэм, шийдвэр гаргах процедур ямар болохыг мэддэг, ажил хэрэг яаж өрнөдгийг багцаалдаг байх нь хэрэгтэй юм.

Өнгөрсөн хорин таван жилийн гол туршлага, өнөө цагийн зорилгыг товчдоо юу гэмээр байна.

-Дипломат харилцааны 25 жилийн хугацаа нь үлэмжийн хичээл зүтгэл шингэсэн, маш баялаг түүхтэй, үнэлж баршгүй туршлага хуримтлуулсан үе байлаа. Хүний насаар бол 25 жил бол 50 насны хагас нь. Энэ утгаараа хоёр орны харилцаа балчир нялх үеэ давсан хүчирхэг идэр насан дээр иржээ. Харилцааны дараагийн үеийн гол зорилтыг монгол хүний имижийг шинэчлэхээс эхлэх учиртай. Эх нутагтаа үлдсэн ам бүлээ тэжээхийн тулд юу ч хийхэд бэлэн ажилчин байхаа больж, хөгжлийнхөө хүнд үеийг асар их тэвчээрээр давж, туршлага хуримтлуулсан сайн түнш, хамтрагч болон хувирах учиртай. Заасан ажлыг хийж өгөөд хөлс авдаг бус ажлыг хамтран хийдэг, нийлж босгодог бүтээлч Монголын имиж эхэлж бий болж байж, хөрөнгө оруулагч, хамтын асар том сонирхлыг бүтээгч болох зам руу сая орно.

Дээр нь монгол хүний шинэ имиж гэдэг бол энд байгаа Элчин сайдын яам дангаараа хийчих ч юм биш, бас зөвхөн Солонгосчуудад итгэгдэх асуудал биш. Бие даасан, ардчилсан хөгжлийнхөө шинэ шатанд монгол хүнийхээ дүр төрхийг нийтээрээ шинэтгэх асуудал.

Өмнөд Солонгосын хөгжлийн түвшин, технологиийн чадавхи энэ тэрийг манайхан ярилтгүй мэднэ. Хамгийн гол нь Солонгос бол манайд хамгийн ойр оршдог “баруун”-ы орон. Хөгжлийн эрэмбээр ч гэсэн учиртай, жишээлэхэд Япон, Америк, Баруун Европ шиг хол тасраад алга болчихоогүй. Тийм болохоор монголчууд бид эрчимтэй хөгжвөл ойрын ирээдүйд өмнөд Солонгос шиг л болж болох юм байна хэмээн төсөөлж болохоор газар. Ийм учраас ХХ зууны дундуур амьжиргааны түвшин, ахуйн хөгжлөөр биднээсээ бараг доор байж байгаад үсрэнгүй хөгжсөн энэ орон бидэнд ойрын ирээдүйн баримжаа болдог. Бас бид ч гэсэн хурдан зуур ингэж хөгжиж болох юм байна гэсэн итгэл төрүүлдэг. Гэтэл германчууд, англичууд, америкчууд яг өнөөгийн бидний амсаж буй зовлон бэрхшээлийг аль үедээ туулж давсан бол гээд харахаар дэндүү цаана, маш эрт, харьцангуй дээр үеийн явдал болоод ирдэг.

Хамгийн олон монголтой орны Элчин сайдын яамны ажлын онцлог юу байна?

-Энд байгаа Элчин сайдын яамны ажлыг хоёр хүрээнд авч үзэж болно. Юуны өмнө БНСУ руу хандсан харилцаа байна. Гадаад бодлогын хувьд бүс нутгийн аюулгүй байдал, олон талт яриа хэлэлцээний үйл явцад БНСУ чухал байр суурь эзэлдэг. Ялангуяа АНУ, Хятад, Япон, ОХУ зэрэг дэлхийн их гүрнүүдтэй харилцаж, Умард Солонгостой учраа олж, НҮБ-ыг өөрийнх нь иргэн тэргүүлж байгаа зэрэг амжилтуудаас нь бид суралцах ёстой юм. Нөгөө талаас нь авч үзвэл манайтай ижил төстэй геополитикийн орчинд байгаа улс шүү дээ. Ардчиллын үнэт зүйлс, аюулгүй байдлын баталгаа, техник технологийн талдаа АНУ-тай холбоотон. Нөгөө талдаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг амьжиргаа талдаа Хятадаас хамааралтай. Энэ хоёрын хооронд хэрхэн тэнцвэр хадгалж, өөрийнхөө байр суурийг бэхжүүлж чадаж байгаа гадаад бодлого, дипломат ур чадвараас нь суралцах ёстой гэж үздэг.

Хоёр орон бүс нутгийн хүрээнд бие биеэ дэмжиж амжилттай хамтран ажиллаж ирсэн. Цаашид манай улс АПЕК-ийн гишүүн болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын оролцогч болох, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд хамтран ажиллах, 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах хүрээнд БНСУ-тай нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий.

БНСУ гадаад далайд болоод гурав дахь зах зээлд гарах хамгийн ойр гарц. Тус улстай яригдаж буй далайн тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах, энэ чиглэлээрх БНСУ-ын санаачилсан Торгоны зам, Евроазийн санаачилга зэрэг худалдаа, тээврийн дэд бүтцийн хамтын ажиллагааны санал, санаачилгуудад оролцох асуудлыг нухацтай судалж, гол орнуудыг холбогч гүүр болох талаар бодлогочиглэлээ тодорхой болгох нь чухал байна.

Элчин сайдын Яамны ажлын нөгөө хэсэгбол энд байгаа монголчуудын асуудал. Нэгэн үе 30000 давж байсан монголчууд өдгөө 24.000 орчим дээр тогтож байна. Эндээс “харласан” гэгдэх нь 7000 орчим. Харин 2012 онд 12000 хүн нутаг буцсан боловч хямралаас үүдсэн шалтгаанаар эргэж их ирсэн шиг байгаа юм. Энэ тоо бол ерөнхийдөө манай улсын нэгэн аймгийн хүн амын тоо. Хүмүүс хувийн амьдралын зовлон гачаал, бэрхшээл учрахаар л Элчин сайдын яамандаа ханддаг. Хэр хэмжээ, хүн хүчнийхээ дээд боломжийг ашиглаад л туслах, зөвлөх, зовлон жаргалыг хуваалцах нь бидний үүрэг. Хүн л болсон хойно янз янзын л сэтгэгдэл үлдэх нь зүй. Жаахан юман дээр баярлаад, талархаад явдаг хүн байхад хамаг боломжоороо хандаад байхад сэтгэл дундуур байдаг “Элчин сайд нь өөрөө ирсэнгүй, хүн л явуулсан байх чинь билээ” гэхчлэнгийн гоморхолтой үлдэх ч энүүхэнд. Үе үеийн элчингийнхний амсаж, үзэж ирсэн зүйл л дээ.

Одоо БНСУ-д суугаа Элчин сайд бүрээс жирийн монгол хүний асуудаг юмыгл асуух гэж байна. Та таах гээд үзэх үү?

– Бараг л таачих шиг боллоо. Ер нь Улаанбаатарт тааралдсан хүмүүс хоёр улсын харилцаа хөгжиж байна уу гэхийн оронд “хэзээ визгүй болох гэж байна” гэж асуудаг. Энэ нь угаасаа хоёр улсын харилцааг хэр хөгжүүлсний нэгэн шалгуур л даа.

Үе үеийн элчин сайдууд ард түмнийхээ ийм үүрэг даалгаврыг хангах гэж зүтгэж ирсэн. Нэгэн үеэ бодвол визийн нөхцөл хөнгөрсөн. Одоо 4 дараалан өмнөд Солонгост ирээд хугацаандаа буцсан бол визгүй нэвтэрдэг болчихсон байгаа. Өнөөгийн бидний нэн тэргүүний зорилго бол дээр өгүүлсэн тоог 2, ядаж 3 удаа болгохоор хөөцөлдөж байна. Солонгосын талаас харахад ялгаагүй боловч Монгол талаас харахад ялгаатай.

Дээр нь Солонгосын талд “харилцан визгүй зорчих” асуудал тавих болгонд харлаад үлдсэн 7000 иргэний асуудлыг байнга сөхөж тавьдаг.

Манай зүгээс эдгээр иргэдийн асуудлыг нэлээнонцлог байдлаар авч үзэж, өөрөөр шийдэх учиртай гэсэн байр суурьтай байгаа. Эдгээр хүмүүст хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, тэд харьцангуй түрүүн ирсэн, сүүлийн үед ирж байгаа улсыг бодвол “хагас албан ёсны” байдалтай болчихсон улс. Тэдөнгөрсөн 25 жилийн дотор ямар нэгэн байдлаар албан ёсны хагас хугас бичиг баримттай болж чадсан. Сүүлийн үед эдний цагаачлалын хууль журам маш чангарч, “цоорхой”-гоо тун чигжүү бөглөсөн. Хоёрдугаарт, хүний амьдралын тавин насны хагасыг энд өнгөрөөхдөө монгол орчин ахуйгаасаа холдож, буцаж ирлээ гэхэдэх нутагтаа байр сууриа олоход хэцүү болсон. Гол нь энийгээ бас мэдээд ирж чадахгүй байгаа. Гуравдугаарт, тэд Солонгосын хууль журам, ахуй орчинд уусан “солонгосжиж” энэ орны хөгжил дэвшлийн төлөө 25 хүртэл жил зүтгэн хөдөлмөрлөсөн, тус улсын хөгжлийн өнгө төрхийг бүтээлцсэн улс. Ийм учир шалтгаанаар тэдний асуудлыг хүндэтгэн үзэж шийдүүштэй гэж бид үздэг юм.

Визтэй болсноор харлах, үлдэх явдал ихсэх биш багасна гэсэн байр суурьтай улс бас байдаг. Наад зах нь “Солонгосоос нэг гарчихвал эргээд орж ирж чадахгүй” гэсэн айдас арилна. За тэгээд нутагтаа нэг хүрээд ирвэл буцмааргүй санагдаж ч болно. Нэмж хэлэхэд, БНСУ-д ОХУ, Казахстаны иргэд ч визгүй зорчдог шүү дээ. Бидэн шиг л нийгэм улс төрийн системийн задрал, хувирлын шуурганд туугдаж л яваа улсын иргэд.

-Солонгос улс бол манайх шиг хоёрхон орны дунд эх газарт байдаг улс биш, дэлхийн зах зээлд өөрийн суурийг эзэлсэн орон. Энэ улс Монголтой сайн сайхан харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой нь үнэн. Гэвч зөвхөн Монголтой л сайн байхаас хамаг юм нь эхэлдэг улс гэж бас хаана ч үгүй. Улс гүрнүүд эдийн засгийн хувьд илүү хүчирхэг болж, түүнийхээ хаялгаар улс орноо хөгжүүлэх боломжийг эн тэргүүнд тавьж, энэ л сонирхлоороо бусадтай харилцдаг. БНСУ ч тийм.

Яг ийм утгаараа бизнесийн асар их ашигтай хамтрагч, хэтийн найдвартай түнш хэмээн үзсэн ОХУ, Казахстантай харилцан визгүй зорчдог болсон. Томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болсон ирээдүйн түншдээ, илүү сайнаар хандаж байгаагаа харуулсан үйлдэл л дээ. Монгол ч гэсэн хөрөнгө оруулалтын нөхцлөө сайжруулаад, найдвартай хамтрагч болоод ирвэл маргааш нь л олон орон руу визгүй болоод ирнэ шүү.

Бас Бүгд найрамдах Солонгос улс бол ардчилсан, ардчиллыг дэмждэг орон. Гэхдээ хөрөнгө оруулалт бизнесийн орчинд голлон харилцах нэг толгойтой, эрх бүхий газрынхаа гаргасан шийдвэрийг нөгөөх нь нураагаад хаячихдаггүй тийм улс оронтой хамтрахыг чухалчилдаг. Монгол, Орос, Казахстан гурвыг хүний эрх, ардчиллын индексээр жагсаахад нэгэн янзын хариу гарах байх.

Харин “төр болон эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн найдвартай байдал” гэсэн үзүүлэлтээр харвал өмнөх байрлал эсрэгээрээ л эргэнэ дээ, ер нь. Монголын ардчилал ч гэсэн шинэ үедээ орж байна. Ардчилал гэдэг бол толгойгоо сольж болдог байхын нэр болохоос толгойлогчгүй байхын нэр биш гэдгийг ухаарч, шийдвэр гаргах түвшин нь ойлгомжтой болохгүй бол болохгүй нь.

Монгол орныг дорд үзэх, монголчуудыг гомдоох ямар ч зорилго энэ улс, үндэстэнд байхгүй шигээ зөвхөн монголчуудыг л хайрлаад дэмжээд явчихвал хөгжинө гэсэн концепци өнөөдөртөө л лав үгүй. Хүнд ямар харагдах нь тухайн хүний төрх, араншингаас хамаардаг шиг улс үндэстэн ямар сэтгэгдэл төрүүлэх нь төр засаг, төр засгаа өөрийн сонголтоор бүрдүүлэгч ард олны зан төлөвөөс л хамаарах хэрэг.

Ойн хүрээнд, хуучнаар бол үзэл суртлын ажил гэдэг дээ, тийм ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Энэ онд тохиож буй Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны Засгийн газар дээд, өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүдийг харилцан хэрэгжүүлэхээр тохирсон. Монгол Улсын ГХЯ, Хөрөнгө оруулалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНСУ-д суугаа ЭСЯ, Солонгос дахь Намянжү Монголын соёлын төв хамтран өнгөрсөн 2 дугаар сарын 25-нд Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг КОТРА-гийн дэмжлэгээр “Хөрөнгө оруулалтын уулзалт” зохиолоо. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээг дээр дурдсан. Ирэх 4 дүгээр сарын 8-нд хүндэтгэлийн хүлээн авалт, үндэсний хувцасны загварын шоу, 9 –нд БНСУ-ын Үндэсний Ассамблейн байранд гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний хувцасны загварын шоу соёлын арга хэмжээ, мөн 12 дугаар сарын 6-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын гала концертыг Сөүлд хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр соёлын арга хэмжээг зохион байгуулахад Солонгосын Хендэ, Поско энержи, Лотте, KAL, Халла компаниуд болон Солонгос-Монголын Форум, Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын Өргөмжит элч ивээн тэтгэж байгааг онцлон тэмдэглэж, сониноор дамжуулан талархал илэрхийлье.

Алс холын сайхан зүйлс бол бидний зорилго мөн л дөө. Гэхдээ ойрын “жижиг мэт” боловч зайлшгүй алхмуудыг орхиж болохгүй. Бид юун түрүүн монгол хүн, монгол улсын имиж, төрхийг шинээр бүтээх нь хамгийн гол болоод байгааг хэлсэн. Солонгосчууд ядуурал, зүдүүрлийн зовлон, орон гэрээ тэжээх гэж харьд одохын хэцүүг мэддэг, бас мэддэг тэр хэсэг нь амьд сэрүүн сууж байгаа тийм улс. Гэвч суурин иргэд учраас нүүдэлчдээс өөр, хэрэлдэхээрээ салж нүүхийн оронд хэн хэнийхээ эрх ашгийн нийтлэг талыг гол болгон шийдэх туршлагатай иргэд байсан, угаасаа.

Сая “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг “Солонгосын сан” болон бусад дэмжигч байгууллагууд, манай уран зургийн галерейтэй хамтран гаргалаа. Монголийн орны ойрын түүх, байгалийн үзэсгэлэн, хотшил, амьдралын хэв маягийг тусгасан энэ үзэсгэлэн солонгосчууд болон энд байгаа монголчуудад зориулсан хоёр хөтөлбөрөөр нэлээн удаан ажиллах юм. Дараа нь Солонгосын улс төр, бизнесийн бүлэглэлүүд рүү чиглэсэн хэд хэдэн том арга хэмжээ төлөвлөөд явж байна.

Ойн хүрээнд хийдэг ажил бол ойн л ажил. Харин цаг үеийн, хойшлуулшгүй ажил гэж байдаг даа. Ойрын үед монголчуудын анхаарлыг татмаар ямар үйл явдал болох гэж байна вэ?

-Өнөөдөр томоохон хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ орчин бүрдүүлэх, үндэстнийхээ имиж, төрхийг шинэчлэхээс наана, хамгийн ойр, голж орхимгүй нэгэн чухал ажил байгаа нь аялал жуулчлал. Засаг төрийн ямар ч шийдвэр санаачилга хүлээлгүйгээр хийж, ашгийг нь хүртэж болох салбар бол манай байгалийн жуулчлал. Одоо тун удахгүй Сөүлд олон улсын аялал жуулчлалын яармаг зохиогдоно. Энэ яармаг манай аялал жуулчлал эрхлэгчид ёстой бөөн, бөөнөөрөө ирж оролцууштай. Салбар хариуцсан яамдын төлөөллөөр хязгаарлалгүй, хувийн хэвшлийнхэн, туроператоруудыг бүр уриалмаар байгаа юм. Солонгосчууд болохоор Улаанбаатар хотод “Сүнжин гранд” гэдэг ганц буудал л мэддэг байдлыг өөрчлөх цаг болсон. Хүн хүний бэл бэнчин янз бүрийн адилаар жуулчны зэрэг дэв ч ондоо. Нэг хэсэг нь тансаг маягаар аялахыг эрхэмлэж байхад нөгөө нь тэндхийн хүний адилаар л явахыг чухалчилж, гурав дахь нь хамгийн хямдаар хэрэн явж, юм үзээд ирэхийг бодно. Ийм ч учраас янз бүрийн түвшний аялал, жуулчлал, зочлол эрхэлдэг хүмүүс өөр өөрийн үйлчлүүлэгчээ эндээс л олж авдаг юм. Хэдэн мянган жуулчин авдаг бэнчинтэй компаниас хэдхэн хүн гэр хотондоо хэд хонуулж, аятайхан байлгаад буцаах хэмжээний бэлтэй нэгнийг хүртэл цөмөөрөө эндээс хувь хүртүүштэй. Дээр нь, нийслэл хот маань “Найрсаг Улаанбаатар” болж, жуулчдыг татах хөтөлбөр дэвшүүлсэн тухай сайхан мэдээллүүд ч дуулдаж байна.

Манайхан Сөүлийн аялал жуулчлалын хаврын яармагт оролцох хүсэлтэй компани, иргэдэдЭлчин сайдын яамныхан бүхий л талаар дэмжин тусална. Энэ нь шаардлагатай мэдээллээр хангахаас эхлээд талуудтай зуучлах дэм үзүүлэх бүхий л тал дээр санаа тавина гэсэн үг. Хэрвээ захиалбал, бөөнөөр нь тосч аваад буудалд хүргэх, яармагт аваачих ажлыг ч зохион байгуулж болно.

Сайхан санаа байна. Гэхдээ ийм ажил “Намар тийшээ ирээрэй”, “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг шиг хаяг тодорхойгүй байх учиргүй. Иймээс аялал жуулчлалын бизнес сонирхогчдод хандах хаяг хэрэгтэй.

-Тиймээ, яг үүнийг чинь нэмж хэлэх гэж байлаа. Сөүл дэх ЭСЯ-ны утас 82- 02-798 3464 майл хаяг:mongol10@kornet.net

Ярилцлага өгсөн танд баярлалаа

-Талын салхи Сөүлд-

БНСУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд “Талын салхи” нэртэй үзэсгэлэнг Сөүлд гаргалаа. Монголын шинэ түүх, байгалийн үзэмж, амьдралын хэвшил, хотшлын төрхийг харуулсан 100 шахам гэрэл зураг дэлгэсэн энэ үзэсгэлэнг “Солонгосын сан”-гийн байранд нээсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-аас Монголд сууж байсан элчин сайдууд, Сөүлээс манай улсыг хамааран суудаг дипломат төлөөлөгчийн газрынхан, худалдаа бизнесийн төлөөллүүд оролцлоо. Үзэсгэлэнг тус улсад ажиллаж амьдардаг монголчуудад сурталчлах зорилгоор хэд хэдэн газарт дахин байршуулах аж.

Талын салхи үзэсгэлэнг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд нээлээ.

Нүүдэл, иргэншлийн ер бусын зохицол болсон Монгол орны тухай мэдээллийг олон солонгос хүн сонирхдог

БНСУ-аас Монгол Улсад суух анхны Элчин сайд Вон Ён Сүн итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа нь.1990 оны долдугаар сарын 9.

Анхны элчин сайд Вон Ён Сүн гуай гэргийн хамт ирж

үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Монголчуудын бахархал бол уртын дуу, морин хуур бөлгөө

Уртын дуунд уярсан толгой


Үзэсгэлэнгийн хүндэт зочид дурсгалын зураг татуулав.


Үндэсний хувцастай монголчуудтай зургаа авахуулж буй зочид


1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан хэсэгт

С.Цацралтын бүтээлүүд тавигджээ.


Үзэсгэлэнгийн танхимд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *