Categories
мэдээ цаг-үе

Б.Ганболд: Манай улсад хувийн мөрдөгчийн эрх зүйн орчин байхгүй

Монголын хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ганболдтой ярилцлаа.


-Хүний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч нууцаар бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацах тохиолдол их болжээ. Үүнийг ямар хуулийн, ямар зүйл заалтаар зохицуулдаг вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хүний хувийн халдашгүй дархан байдалд халдсан утга агуулга бүхий дүрс, дуу бичлэг цацагдах хандлага их ажиглагдаж байна. Энэ бол хууль зүйн зохих хэм хэмжээний хүрээнд хийгдэх ёстой хүний ухамсарт үйлдэл юм. Тиймээс хэн нэгэн дуртай этгээд бусдын эрхэмсэг оршихуй, дотоод ертөнц, нандин чанарт дур мэдэн халдаж хөндлөнгөөс нөлөө үзүүлж оролцох нь зохисгүй хэрэг болдог. Ийм учраас энэ харилцааг хууль тогтоомжийн хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал, МУ-ын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт. Жишээ нь, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй /13/, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална /17/. Хэрэв энэ үйлдэл хууль бус шинжтэй байвал Эрүүгийн хуулийн 13.5, 13.6, 13.8, 13.10, 13.11, 13.12, Зөрчлийн тухай хуулийн 6.21, 6.22 зэрэг аль тохирох зүйл заалтаар зүйлчлэн хууль зүйн хариуцлага тооцно.

– 2017 онд шинэчлэхэд Эрүүгийн хуулиас хассан гэсэн. Өмнө нь ямар зохицуулалттай байсан бэ. Нууцаар бичлэг хийсэн этгээд ямар хуулийн шийтгэл хүлээдэг байсан бол?

-Асуулт ба хариултын аль алиныг нь дэлгэрүүлж ойлгож, тэр хэмжээгээр хариулах хэрэгтэй болж байх шиг санагдлаа. Учир нь хоёр хуулийн шинэчлэл ба харьцуулалттай холбоотой асуудал гэж ойлголоо. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үедээ 2015 онд Гэмт хэргийн тухай хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн л дээ. Энэ хуульд зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор анх тусгасан юм. Харин үүнийг академич С.Нарангэрэл үгүйсгэн шүүмжилж байсан талтай. Энэ байдлаас улбаалан авч үзэхэд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу, дүрсний бичлэг хийсэн бол /13.8.1/”… бичлэгийг олон нийтэд тараасан бол /13.8.2/” гэсэн 2015.12.03-ны өдрийн Эрүүгийн хуулийн заалтыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол” гэж 2017.05.11-ний өдрийн Эрүүгийн хуулиар өөрчлөн найруулж, ингэхдээ “… бичлэгийг олон нийтэд тараасан бол /13.8.2/” гэсэн хэсгийг нь хүчингүй болгосон.

-Эрүүгийн хуулиас хассанаас хойш энэ төрлийн зөрчил нэмэгдсэн үү. Хассан шалтгааныг та яаж харж байна?

-Хуулиар гэмт хэрэгт тооцохоо болих, эсхүл зөрчил ба гэмт хэрэгт тооцох зэргээс хамаарч зөрчлийн гаралт ихсэх, эсхүл багасах гэдэг нь харьцангуй утга юм. Нарийвчилсан статистик тоо мэдээ судалгаанд тулгуурлан гаргах нь илүү үнэ цэнэтэй. Тийм учраас асуудлын гол шалтгаан, нөхцөлийг тооны бус аргаар олж шийдвэрлэх нь зохимжтой. Эрүүгийн хуулиас хассан буюу зөрчил, гэмт хэрэг өөр хоорондоо сүлэлдэх нь дур зоргын хэрэг биш, харин эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь ба хавсарга шинжлэх ухааны нарийн асуудал байдаг. Би энэ талаас нь л хардаг. Харин хувийн амбиц гаргах болон улстөржих зэрэг бохир арга замаар хуульд хуруу дүрэх нь хамгийн хортой бөгөөд өөрөө хуулийн хулгайн гэмт хэрэгт тооцогддог.

-Энэ төрлийн зөрчлийг Эрүүгийн хуулиар зохицуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би зөвхөн судлаачийн хувьд хариулах юм бол тэр бүр үйлдлийг эрүүлжүүлэх нь сайн санаа биш. Харин практик хуульчийн нүдээр харахад амьдрал дээр гарч байгаа бохир заваан зүйлийг бодохоор эрүүдэн шүүх нь болохоор мэт. Яагаад ингэж хариулж байна вэ гэхлээр шууд л энэ бол гэмт хэрэг, эсхүл энэ бол зөрчил, яав ч гэмт хэрэг биш гэж их мэдэж хэлэх нь боломжгүй. Учир нь эрүүгийн эрх зүй гэж айхавтар зүйл бий. Харамсалтай нь бүх л эрх зүйч, хуульч нар эрүүгийн эрх зүйг их л мэдэж ярих юм. Би хувьдаа 20 жил судалж байгаа ч гүнд нь нэвтэрч чадаагүй л өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл судалгаа, нотолгоо, үндэслэл, шалтгаант холбоо байх ёстой учир тэр юм.

-Хүний хувийн орон зайд нэвтэрч нууцаар бичлэг хийсэн зөрчлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зөв үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Эхлээд нэг зүйлийг тайлбарлая. Анх ямар хууль байгаад дараа нь яаж өөрчилж, хүчингүй болгосныг өмнө нь хэлсэн. Энэ бүхнийг яриад байгаа нь энэ асуултыг хариулахад зориулагдсан хэрэг. Одоо дагаж мөрдөж байгаа хуулиар бол … бичлэг хийсэн бол зөрчил /2017.05.11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 6.22/, … бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол гэмт хэрэг /2017.05.11-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.22/-т тооцогдоно. Үүнээс бид ялгаа заагийг олж харах нь чухал. Гэхдээ нэг үйлдэл тус бүрдээ бус үргэлжлэн хийгдэж, нэг нь нөгөөгийнхөө шат дамжлага болж илрэх байдал практикт түгээмэл учир нэг салбар эрх зүйн хувьд багтааж үзэх нь зөв.

-УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд “Миний гэрт эсвэл ажлын өрөөнд чагнах төхөөрөмж байршуулсан, намайг тагналаа, чагналаа” гэж Төрийн ордонд хүртэл ярих болжээ. Чагнах төхөөрөмж байршуулах эрхийг хаанаас олгодог вэ?

-Улс төрийн сенсаци, амбиц зэргийг би хувьдаа хэлж мэдэхгүй. Төрийн ордон бол улс төрийн тоглоомын талбай бус төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх институцийн талбар л гэж би хардаг. Хууль зүйн хувьд төрөөс тогтоосон хууль бий. Жишээ нь, Гүйцэтгэх ажлын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай гэх мэт хуулиар зохицуулагдана.

-Ямар байгууллага чагнах төхөөрөмж байршуулах эрхтэй байдаг юм бэ?

-Дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, эрх бүхий албан тушаалтанд энэхүү бүрэн эрх бий. Тухайлбал, нөгөө алдарт гурван үсэгтэй байгууллага. Жишээ татахад Сангарагчаа гэх хүнийг АТГ-ын дарга байхдаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж ял оногдуулсан шийтгэх тогтоол гарч байсан практик бий.

-Хүний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч чагнах төхөөрөмж байршуулсан иргэн баригдсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Иргэнд бол ийм эрх ч байхгүй, үүрэг ч байхгүй. Энэ бол төрийн чиг үүрэг, эрх хэмжээний нарийн асуудал. Манай улсад хувийн мөрдөгчийн эрх зүйн орчин байхгүй. Хэрэв хувь хүн ийм үйлдэл хийсэн бол “мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Өмнөх сэдэвтэй уялдуулан хэлэхэд хүний хувийн орон зайд халдаж бичлэг хийх явдал нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, хувь хүний нууцын задруулах, нэр төрд халдах, заналхийлэх зэрэг эрүүгийн шинжтэй олон гэмт зан үйлийг дагуулж байдгаас гадна ёс зүйн хувьд эвгүй сэтгэгдэл төрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх, нийгэмд талцал хуваагдах үүсгэх гэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгодог.

-Тухайн хохирсон иргэн хаана, ямар байгууллагад хандаж болох вэ?

-Өргөдөл, гомдол хүсэлтийг хаана ч хэзээ ч гаргах нь иргэдэд нээлттэй. Гагцхүү хуулиар харьяалал тогтоосон бол тэр журмаар хандах ёстой. Өөр тусгайлан нөхцөлийг хуулиар тогтоосон буюу хориглосон зүйл байхгүй болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *