Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Эрдэнэдалай: Сөрөг хүчнүүд нэгдэж эрх баригч намд хяналт тавих, хариуцлага тооцох алхмыг маш эрчимтэй хэрэгжүүлэх ёстой

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, улс төр судлаач, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Эрх баригчдын өмнө тулгарч байгаа сорилтуудын тухай тодруулахгүй юу?

-Бид хоёр жил дараалан гурван удаагийн сонгуульд оролцлоо. Энэхүү сонгуулиудын үр дүнд парламентад Монгол ардын нам олонх болсон. Мөн орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, Ерөнхийлөгчийн сонгуульд ч МАН-аас нэр дэвшигч сонгогдлоо. Мэдээж сорилт бол их бий. Ялангуяа, сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цал тахлын байдал Монголын улс төрийн нөхцөлд нөлөөлөөд байна. Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох, нийгэм, эдийн засгийн олон талын ямар асуудлууд үүсээд байна, үүнийг хэрхэн бодлогын зохицуулалтаар шийдвэрлэх зэргээр том сорилтуудтай тулгарсан. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй. Ядуурал, ажилгүйдэл их, бизнесийн салбарт томоохон хүндрэлүүд үүссэн гэх зэргээр тоочвол олон зүйл бий. Тэгвэл энэ бүхэнд ямар бодлого баримтлах вэ гэдэг нэлээн хурцаар тавигдаж байгаа асуудал юм. Сүүлийн саруудад вирусийн тархалт маш өндөр болсоор байна. Хүн амын өвчлөлийн тоотой харьцуулахад нас баралтын түвшин өндөр болж ирлээ. Энэ бүхэн нь эрх баригчдад зөв, зохистой бодлого боловсруулах шаардлагатайг харуулж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн энэ жилийн сонгуулийн хувьд хэд хэдэн онцлогтой боллоо. Ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир сонгуулийн үеэр хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн барих, сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор иргэдэд халдвар тараахгүй байх зэрэг олон зүйл байсан. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн байлаа. Парламентад анх удаа суудалтай болсон нам улс төрийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Нөгөө хоёр намтай харьцуулахад Хөдөлмөрийн үндэсний намын хувьд орон нутаг бүрт бүтэц, салбар, зохион байгуулалт байхгүй гэдэг утгаараа сонгуулийн сурталчилгаа хийх, олон хүнд хүргэх зэрэг асуудлууд төвөгтэй байсан байх. Түүнчлэн, зарим иргэн цагаан сонголт хийлээ, нөгөө талаас сонгуулийн ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн бага хувьтай байлаа. Хэдийгээр сонгогдсон Ерөнхийлөгч саналаа өгсөн хүмүүсийн олонхын саналыг авсан ч нийт санал өгөх насны хүн амын тоотой харьцуулах юм бол бага хувиар сонгогдсон тохиолдол болж байна.

-МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсноор хяналтын тогтолцоо алдагдаж, дарангуйлал үүслээ гэх мэдэгдлүүдийг сөрөг хүчин удаа дараа хийж байгаа. Ийм үндэслэл бий юү?

-Ерөнхийлөгч нам бус байна. Харьяалагдаж байгаа намаасаа татгалзах ёстой. Тэгэхээр шууд тэгж хүлээж авах асуудал мөн үү, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүд гээд ярихаар шууд парламент болон Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох явдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарлаж өгсөн байгаа. Бид ардчилсан улс. Дээрээс нь манайд олон намын тогтолцоо байна. Бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байгаа. Парламентад МАН олонх болсон ч сөрөг хүчин гэж байна. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагууд нэмэгдэнэ. Тэгэхээр энэ бүхнийг тооцоод үзвэл нэг намын дарангуйлал гэж шууд хүлээн авч болохгүй. Эргээд энэ нам ямар үйл ажиллагаа явуулах вэ, сонгогчдод хэр нээлттэй байх вэ, иргэдийн санаа бодолд тулгуурласан ямар бодлого хэрэгжүүлэх, ямар хууль батлах вэ гэдэг нь их чухал

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг талд гарлаа. Үүний эерэг тал нь юу байж болох вэ?

-Парламентын баталж байгаа хууль, Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд, түүнийг хэрэгжүүлж байгаа байдал зэрэг нь нэг бодлогоор,нягт уялдаатай явж, хүлээж байгаа үр дүн нь ойлгомжтой, тодорхой байх зэрэг давуу талууд байж болно. Гэхдээ нөгөө талаас үүнд хяналт байх ёстой. Дээр хэлсэн. Парламентад суудалтай болон суудалгүй сөрөг хүчнүүд нэгдэж голлож байгаа намын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох алхмыг маш эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн улс төрийн намаар хяналтыг ойлгож болохгүй. Иргэний нийгмийн байгууллагууд, дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид байна. Бүр сонгогчид, ард иргэд өөрсдөө энэ тохиолдолд хяналтыг сайн тавьдаг байх ёстой. Ямар нэг алдаа дутагдлыг засч залруулах бодлогын шийдлүүдийг танилцуулдаг байх учиртай.

Парламентад олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж байна, дээрээс нь тухайн намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч боллоо гээд хэн нэгний үгийг сонсохгүй харанхуйгаар зүтгээд явна гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд ажлын хэсэг ажиллаад явж байна. Чиг үүргийнхээ хүрээнд сонгогч олны итгэлийг хүлээж сайн ажиллах үүрэгтэй.

-Нэг талаас МАН дээр бүх ачаа ирж, цар тахлыг амжилттай давах сорилттой тулгарч байгаа учир хэрхэн ажиллахаас хамаарч намын нэр хүнд, дараагийн сонголтын асуудал шийдэгдэх болов уу?

-Тийм. Нэг нам парламентад олонх болох, Засгийн эрхийг барих зэрэгт тухайн нам маш сайн ажиллаж чадах юм бол том боломжийг бий болгодог. Иргэдийн итгэлийг авч сонгогдсон нам маш зөв шийдвэрүүдийг гаргах, оновчтой хувилбаруудыг санал болгож явах нь дараа дараагийн сонгуулиудад өндөр үнэлгээ авах, дахиад дараагийн сонгуульд эрх барих боломжийг ч олгож болох юм. Тэгэхээр МАН энэ тохиолдолд маш сайн хичээж ажиллахаас өөр аргагүй. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нь туйлаас чухал юм. Олон нийтийн өндөр хяналт байж, эргээд дүн тавих болно шүү дээ.

-Улс төрийн намуудын санхүүжилт, төсөв мөнгийг шилэн болгох, үүнд хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстойг зарим улстөрч шаардаж байгаа. Энэ нь хэр чухал асуудал вэ?

-Сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь эргээд хэд хэдэн асуулт, магадгүй хардлагыг бий болгож байна. Жишээ нь, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой, төсвийн мөнгө үнэхээр шилэн, хяналттай байж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирээд байна. Тэгэхээр намын санхүүжилтийн хувьд сонгуульд маш их хэмжээний мөнгө зарцуулах, иргэд сонгогчдын саналыг маш ихээр худалдаж авах, тэдэнд нөлөөлөх оролдлогыг хийх, элдэв амлалт өгөх, дарамтлах зэрэг асуудлууд байсаар байгаа нь туйлын харамсалтай юм. Ялангуяа, ковидын нөхцөл байдал үүссэнээс хойш төсвийн зарцуулалт, түүнд хяналт тавих оролцоо зэрэг нэлээн асуудалтай болчихлоо. Жишээ нь, ковидын эсрэг чиглэж байгаа төсөв мөнгөний зарцуулалт юу болсон бэ, халдвар хурдацтай тархсан энэ цаг үед яаралтай ямар арга хэмжээнүүдийг авах юм зэрэг асуудал дээр бодлогын шийдлүүдийг гаргахгүй, харин наадам хийх үү, үгүй юү гэх зэргээр яриад сууж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Сонгуулиас сонгуульд хэн их мөнгөтэй, хэн их сонгуулийн кампанит ажлыг мөнгөөр хийж байгаа тэр нэр дэвшигч, нам ялдаг урвуу хамаарал, чиг хандлага дэлхийн улс орнуудад ажиглагдаж байна. Тэр хандлага манайд байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Сонгуулийн тогтолцооны хувьд томоохон улс төрийн намуудад илүү ашигтай, олон нийтийн санал гээгддэг, шударга бус зарчмаар хуваарилалт хийгддэг зэрэг шүүмжлэлүүдийг хэлдэг. Энэ тухайд?

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг судлаачид нэлээн дэвшүүлж байгаа. Жишээ нь, бид мажоритар тогтолцоотойгоор сонгуулийг явуулах тусам нэгээс хоёр нам парламентад давамгайлдаг хандлага байсаар байна. Үүний хор уршиг нь цөөхөн сонгогчийн санал парламентад төлөөлөлтэй байдаг. Үлдсэн ихэнх сонгогчийн санал гээгддэг зэрэг сөрөг тал байдаг. Сүүлийн үед ажиглагдаж байгаа бас нэг зүйл бол сонгуулийн кампанит ажлын сурталчилгааны үед сонгууль хийгдэнэ гэхээс илүү урьдчилаад сонгуулийн далд сурталчилгаанууд маш их явуулдаг болсон. Сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор олон үйл ажиллагаа хийдэг. Энэ мэт хар буруу технологиуд ихээр ажиглагдах боллоо. Яваандаа, ийм байдлаар үргэлжлээд, хязгаарлаж чадахгүй бол манай улсын ардчилал, сонгуулийн мөн чанар, төлөөллийн зарчим алдагдах сөрөг талтай.

Энэ бүхнээс иргэдийн улс төрийн мэдлэг боловсролыг маш яаралтай нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа, сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, энэ хүн яг юу хийх вэ гэдэг бодлогыг сонгож сонголтоо хийдэг болох хэрэгтэй. Өмнө нь ямар нэг байдлаар мөнгө тарааж санал авч байсан, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгохгүй байх, татгалзах зэрэг хариуцлагатай сонголт хийдэг болох шаардлага зайлшгүй тулгамдсан байна. Иргэд сонгогчдыг мэдлэг боловсролтой болгохоос гадна сонгууль зохион байгуулдаг арга технологи, саналыг луйвардаж авдаг элдэв бохир технологиудаас салгах, ялангуяа, санал хураах байрны хүртээмжтэй байдал, сонгогч саналаа нууцаар гаргах хэр боломжтой зэргийг шийдвэрлэх шаардлага бий. Энэ бүхэн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа, ажиглалтуудаас нэлээн харагдаж байна.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *