Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбат: Эд хөрөнгийг алдсан, алдаагүй хамаагүй орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Б.Энхбаттай ярилцлаа.


-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар 36 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 12300 нь хулгайн гэмт хэрэг юм. Энэ нь нийт гэмт хэргийн 34 хувийг эзэлж байна гэсэн үг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад жил ирэх тусам хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Гэмт хэргийн гаралтад эдийн засаг, хүн амын суурьшил, ядуурал, хуулийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хохирогчийн буруутай үйлдлээс ч болдог. Иргэдийн өмчийн, халаасны хулгай ихэссэн байна.

-Халаасны хулгайн гэмт хэрэг юунаас болж ихэсч байна. Цагдаагийн байгууллага хулгайчидтай хэрхэн тэмцэж байгаа юм бэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 2016 онд 500, 2017 онд 800, 2018 онд 1900 тус тус үйлдэгдсэн байна. Өнгөрсөн онд 55 хувиар огцом өссөн. Орон байрны хулгайн гэмт хэрэг өссөн. Хэн нэг этгээд орон байранд хууль бусаар нэвтрээгүй бол халааснаас орхигдсон, гээгдсэн зүйлийг авч явсан бол Зөрчлийн хуулийн дагуу шийтгэж байгаа. Гаргасан зөрчил нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хохиролтой бол Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг. Аливаа эд хөрөнгийг алдсан, алдаагүй хамаагүй орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.

-Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол хуулиар хэрхэн зохицуулдаг вэ. Хулгайчдыг цагдаагийн байгууллага бүртгээд орхидог юм уу. Цагдаа нар хулгайчдаа таньж, энэ нөгөө хэн байна гэж ярилцдаг юм билээ?

-Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг зүйлчилж өгсөн. Тус хуулийн тайлбарт “Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж оруулсан. Тус хуулийн 2, 3 дахь хэсэгт “Хүн байнга оршин суудаг орон байр, тусгайлан бэлтгэгдсэн байр, агуулах, түүх соёлын эд зүйлтэй холбоотой хохирол учирсан тохиолдолд хамаарахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд хулгайн эд зүйлийг байнга амьдралын эх үүсвэрээ болгож байгаа нь тогтоогдвол хорих ялаар шийтгүүлнэ. Хамгийн дээд тал нь 12 жил хүртэлх хугацаагаар ял шийтгүүлэхээр заасан. Ингэж хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлыг зохицуулсан. Зөрчил гаргаж, хулгай хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол торгоод явуулаад байдаг гэсэн үг биш юм.

-Цагдаа нар өөрсдийн эд зүйлээ алдахаар маш хурдан илрүүлдэг. Харин иргэдийн хулгайд алдагдсан эд зүйлтэй холбоотой асуудлыг удаашруулж шийдвэрлэдэг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хохирсон хүн мэдээж хэрэг гомдолтой байдаг. Гэхдээ хулгайн гэмт хэргийг бүртгээд орхичихдог үйлдэл огт байхгүй. Магадгүй тухайн гомдол гаргасан иргэнд “хэргийг орхичихлоо” гэсэн бодол төрж болзошгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэг нь илрээгүй байж болно. Цаана нь заавал ямар нэг учир шалтгаан бий гэж бодох хэрэгтэй. Бүх төрлийн хойшлуулшгүй ажиллагаа явагддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд илрээгүй 21 мянган гэмт хэрэг бий. Үүний 9500 нь хулгайлах гэмт хэрэг юм. Нэг хэрэг дээр нэг мөрдөгч тогтмол ажиллах, олон хэрэг дээр нэг мөрдөгч зэрэг ажиллах нөхцөл байдал бий. Иргэнд хүрч үйлчлэх ажил удаашралтай болох тохиолдол байна. Иргэдэд хэргийнх нь талаар цагдаагийн байгууллагаас хариу ирүүлээд байвал шалгаж байна гэсэн үг. Илрээгүй, ямар нэг сэжүүр таамаг гараагүй тохиолдолд тэр болгон хүнтэй холбогдож амждаггүй юм. Иргэд зав чөлөөтэй цагтаа анхаарал хандуулж, ирж уулзсан ч нээлттэй байдаг. Шинэ хуулийн зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 17.1-т зааснаар таны орон байранд халдлага үйлдсэн л бол хохирол жижиг, том нь хамаагүй гэмт хэргийн бүртгэлд орно. Дуудлага мэдээлэл хүргэсэн л бол боломжийнхоо хэмжээнд ажиллаж байгаа гэсэн үг. Хэн нэг этгээдийн хэргийг орхидог үйлдэл байхгүй. Иргэд өөрсдөө үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй. Эд хөрөнгөө өөрсдөө сайтар хамгаалах нь хамгийн чухал.

-Хулгайн гэмт хэрэг яагаад ихсээд байгаа юм бол?

-Нэг талаараа хулгайн гэмт хэргийг өөгшүүлж буй асуудал ченж нар, ломбардтай холбоотой. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас стандартыг хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгаж байгаа. Эд хөрөнгө барьцаалан зээл авах дүрэм журмын дагуу ажиллах ёстой. Хулгайн эд зүйлийг мэдсээр байж, авч ашигласан, борлуулсан, хадгалсан тохиолдолд мөнгө угаах зүйл ангиар зүйлчлэхээр болсон. Эрүүгийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэж оруулсан. Уг хуульд “Гэмт хэргийн улмаас олсон, хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус үйлдлийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн бол найман жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Үүнийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайн явагдаж байгаа. Гэхдээ учир дутагдалтай зүйл бий. Хулгайн гэмт хэргийн тоо нь өсөөд ирэхээр ажиллах хүчний хувьд хомс болсон. Цагдаагийн алба хаагчдын ачаалал нэмэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зарим зүйлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр заримыг нь дэлгэрэнгүй, нэг бүрчлэн авч үздэг. Хулгайн гэмт хэрэг дээр гэм буруутай этгээдүүдийг цагдан хорих асуудал учир дутагдалтай байсныг бид нэлээн бодлогын чанартай үйл ажиллагаа явуулсан байгаа. Иймээс одоо хоригдох асуудал чангарсан. Нэг талаараа хулгайн хэрэг багасах байдал ажиглагдсан.

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй байна?

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж явуулсан. Хулгай хийсэн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тухайлбал, гадагшаа зорчих эрхийг хязгаарлаж байна. Эд хөрөнгө барьцаалдаг. Хувийн баталгааг авдаг. Тухайн этгээд “Би дуудсан цагт ирнэ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн баталгаа бичдэг. Энэ нь хулгай хийсэн этгээдэд зохимжтой биш. Хулгай хийсэн хүн дахин хулгай хийх магадлал өндөр болчихдог. Судалгаагаар их өндөр хувьтай гарсан. Мөн цагдан хорих үндэслэлүүд хязгаарлагдмал болчихсон. Хулгайчид мөрдөн байцаалтаас оргон зайлсан тохиолдолд хорьдог, цагддаг, эрүү үүсгэдэг зүйл анги байхгүй больсон. Хорих ангиас зугтсан бол дахиад авчирна. 18 сар л хорино. Хугацаа дууссан бол дахин тэр хүн хэрэг хийвэл хорьж болохгүй. 200 гаруй үйлдэлтэй 30 орчим хүн холбогдсон дөрөв, таван жил үргэлжилсэн хэргийг шүүхийн байгууллага тасалсан. Давж заалдах шатны шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэрэг удааширч явсаар байгаад хорих хугацаа нь дуусаад гадуур шалгагдах болсон. Үүгээр сөрөг нөлөө үзүүлдэг. Тэд дахиад л гэмт хэрэгт холбогддог. Хулгайн хэргийг богино хугацаанд шийдвэрлэдэг. Хулгайчтай тэмцье гэвэл хулгайчдыг нийгмээс тусгаарлах ёстой. Тэднийг ял эдлээд гараад ирэхэд нь амьдралын боломжийг олгох хэрэгтэй. Тухайлбал, ажил байр бий болгож, зөв замаар мөнгө олох арга замыг нээж өгөх ёстой юм. Их болгоомжтой, бодлогоор хандах асуудал. Гадаадад манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлддэг. Солонгост манай улсын нэр хүнд буурсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил хийсэн. Тодруулбал, “Иргэн та гадаад улсад зорчихдоо хулгайлах гэмт хэрэгт холбогдохоос сэргийлнэ үү” гэсэн сэрэмжлүүлэг хуудас тараасан. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, мөрдөн байцаах албаны хулгайн хэлтсээс хуудас боловсруулж, тараасан. “Хулгайчаас сэрэмжилье” гэж иргэдэд ухуулга хийсэн. Иргэд өөрсдөө ухамсартай хандах ёстой. Ихэнхдээ 18-30 насныхан хулгайн гэмт хэрэгт холбогдож байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтийн ухамсартай оролцоо, туслалцаа чухал юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *