Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дөлгөөн: Шинэ жилийн захиалга нэрээр урьдчилгаа төлбөр авч иргэдийг залилах гэмт хэрэг түгээмэл гарч байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Цахим залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар аргаар үйлдэгдэж байна?

-Цахим залилангийн үйлдлийг судлаад үзэхэд шинэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж болно. Өнөөдөр бүх зүйл цахим болсон. Мобайл банк, интернэт банк иргэдийн хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор бусдад мөнгө шилжүүлэхэд хэдхэн секунд л зарцуулдаг болсон. Хялбараар мөнгө шилжүүлдэг аргыг гэмт этгээдүүд анзаарч үйлдлээ илүү боловсронгуй болгосон байна. Хохирогчийг яаж хуурч мөнгийг нь авах талаар тэд толгойгоо гашилгаж эхэлсэн. Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж чаддаггүйгээс болж гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж байна. Нөгөө талдаа мэдлэг тааруу байгаа нь залилуулах шалтгаан болж байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар залилах төрлийн 10300 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8056 нь цахимаар үйлдэгдсэн. Цахимаар үйлдэгдэж байгаа залилангийн хэргийг задлаад үзэхэд хоёр төрлийн залилан яваад байна. Иргэдийн тухайд үйлчилгээ авахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэх байдлаар залилуулдаг. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу л мөнгө шилжүүлчихдэг. Мөн бусдын цахим хаягт ямар нэгэн байдлаар нэвтэрч танилуудаас нь мөнгө зээлэх байдлаар гэмт хэрэг үйлдэж байна.

-Фэйсбүүкт бага хувийн хүүтэй мөнгө зээлдэнэ гэх зар түгээмэл тааралдах юм. Иргэд ч тодорхой хэмжээний харилцаа үүсгэж залилуулах тохиолдол байх шиг. Тэд иргэдийг ямар аргаар залилаад байна вэ?

-Жишээ татаад хэлье л дээ. Цахимд бага хувийн хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэх зар алхам тутамд тааралддаг. Энэ бол иргэдийн анхаарлыг татах өгөөш гэж хэлж болно. Бодит амьдралд жирийн иргэн бага хүүтэй зээл бусдад өгөх үү гэдгийг манайхан эхлээд бодож үзэх хэрэгтэй. Гэтэл үүнд итгэж залилуулсан жишээ маш олон бий. Одоо ч залилуулсаар л байна. Цагдаагийн байгууллагад ирж байгаа гомдол мэдээллүүдтэй танилцаад үзэхэд зээлийн урьдчилгаанд мөнгө шилжүүлээд л залилуулсан байдаг. Жишээ нь, цахим орчинд 100 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлдүүлнэ гэх зар түгээмэл бий. Иргэн сонирхоод зарын дагуу ханддаг. Гэмт этгээд хариуд нь иргэний үнэмлэхийн хуулбар,хаана ажилладаг, зээлээ буцааж төлөх баталгаа гэх мэтийн зүйлсийг шаардана. Мэдээллийг бөглөөд өгөхөд нь шууд “Та манай шаардлагыг хангаж байна. Зээлийн гэрээ байгуулъя” гэж хариулна. Ингэхдээ 100 сая төгрөгийн зээлийн шимтгэл нэг сая төгрөг та бидэнд эхлээд өгөх хэрэгтэй. Энэ мөнгөө шилжүүлэх л юм бол таны зээл шууд л гарлаа гэж хэлдэг. Иргэн үүнд нь итгээд тухайн мөнгийг нь шууд л шилжүүлдэг. Энд нэг зүйлийг онцлоход, данс нь байгаа юм чинь цагдаа нар олж болно гэх ойлголт манайханд байдаг. Гэмт этгээдүүд тэнэг биш. Залилан хийхдээ хэзээ ч өөрийнхөө хувийн данс ашигладаггүй. Урьдчилж бэлтгэсэн данс ашигладаг.

-Энэ төрлийн залилан гадны улс орнуудаас үйлдэгдэж байна уу?

-Судлаад үзэхэд гадны улс орнуудаас халдсан байдаг. Залилагч этгээдийн данс нь Хаан ч юм уу,Голомт банкны данс байх нь түгээмэл. Хохирогчдын зүгээс үүнийг монгол иргэнд залилууллаа гэж ойлгох нь бий. Залилагчид гэмт хэрэг үйлдэхдээ монгол иргэний хувийн данс ашигладаг.

-Иргэд залилагчдад интернэт банкны нууц үгээ шууд өгчихдөг юм уу. Гэмт этгээдүүд ямар аргаар бусдын данс руу халддаг юм бэ?

-Тийм.Гэмт этгээдүүд иргэдийг залилахдаа “Та интернэт банкныхаа нууц үгийг надад өгөх хэрэгтэй. Таны дансны хуулгыг харж, зээлийн эргэн төлөлт хийх боломжтой эсэхийг тань шалгана” гэж хэлдэг. Манайхан үүнд нь итгээд нууц үгээ өгчихдөг. Ингээд таны данс залилагч этгээдийн мэдэлд бүрэн шилжинэ. Ийм аргаар олсон дансаа бусад иргэдийг залилахдаа ашигладаг.

-Монголчууд хэн нь ч мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж байгаа нь ямар шалтгаантай юм бэ. Үүнд та бүхэн дүн шинжилгээ хийдэг биз дээ?

-Хохирсон хүмүүсийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийгээд үзэхэд 35-аас доош насны техник технологийн наад захын мэдлэгтэй хүмүүс мөнгөө залилуулж байгаа тохиолдол бараг байхгүй. Харин 35-аас дээш насны, тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн иргэд залилагчдын олз болж байгаа нь харагддаг. Тэд технологийн мэдлэг хомс, фэйсбүүкт тавьсан мэдээлэлд шууд л итгэчихдэг. Ийм энгийн үйлдэлд итгээд л мөнгөө өгчихдөг.

-Сэрэмжлүүлээд хэлэх цаг үеийн шинжтэй ямар залилан түгээмэл гарч байна вэ. Удахгүй албан байгууллагуудын шинэ жил болно. Энэ үеэр ихэвчлэн ямар төрлийн залилан гардаг юм бэ?

-Коронавирусийн халдвар дэгдсэн үед маск зарж иргэдийг залилж байсан. Харин оюутнууд хичээлдээ ирэх үеэр түрээсийн байртай холбоотой залилан их гардаг. Ингэхдээ зах зээлийн ханшаас бага зэрэг доогуур үнэ санал болгож иргэдийг татдаг. Эдгээр залилангуудын тухайд урьдчилгаа төлбөрөө байршуул гэх байдлаар бусдыг төөрөгдүүлдэг. Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол өөр хүн орох гээд хүлээж байна гэх байдлаар бусдыг залилдаг. Удахгүй шинэ жил болно. Энэ үеэр өвлийн өвгөний түрээсийн үйлчилгээ, заал талбай түрээслүүлэх нэрээр иргэдийг залилдаг. Байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх заал талбай хомс болдог шүү дээ. Залилагчид үүнийг ашиглаж урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилна. Иргэд үүнд анхааралтай байж царайг нь хараагүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй.

-Фэйсбүүкийн нууц үгээ алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл хажууханд байгаа талаар та ярилцлагын эхэнд дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ төрлийн гэмт хэрэг тоо хэмжээний хувьд маш их үйлдэгдэж байна. Үүнд цахим орчны талаар мэдлэг мэдээлэл хомс хүмүүс л өртдөг. Найзын тань хаягнаас гар утсанд ирсэн кодоо хэлж өгөхийг хүссэн чатыг тан руу бичдэг. Анзааралгүй өнөөх кодыг нь хэлээд өгчихвөл таны хаяг залилагчийн мэдэлд шилжинэ. Тухайн кодыг ашиглаж фэйсбүүкийн нууц үгийг чинь солиод л найзуудаас чинь мөнгө зээлдэнэ. Энэ залиланд та өртсөн бол эргэн тойрны бүх хүмүүс эрсдэлд орж байгаа юм. Таны эргэн тойрны хэн нэгэн өртлөө гэж үзвэл тэр хүний ойр орчмын бүх хүн мөн л эрсдэлд орно гэсэн үг. Яг л коронавирусийн халдвар шиг тархдаг. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь утсандаа ирсэн кодыг хэнд ч өгч болохгүй. Гар утсанд орсон кодыг хэн нэгэнд өгөх нь гэрийнхээ түлхүүрийг танихгүй нэгэнд өгч байгаатай яг ижилхэн. Сүүлд нь хэлэхэд, иргэд бага хэмжээний мөнгө залилуулсан бол тоохгүй орхидог. 10.000-20.000 төгрөг бусдад залилуулсан бол цагдаад мэдэгдэлгүй хаядаг. Энэ хандлага гэмт этгээдүүдийг өөгшүүлдэг. Залилагч этгээдүүд бага хэмжээгээр олон хүнд хохирол учруулдаг. Хэдэн төгрөг ч залилуулсан бай цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх нь зөв. Цахим орчинд бусдад залилуулахгүй байх энгийн арга бол хэн нь мэдэгдэхгүй хүн рүү урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийх, утсандаа ирсэн кодыг бусдад мэдэгдэхгүй байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *