Categories
мэдээ нийгэм

Б.Чулуудай: Аав минь жам ёсны эрхээ шаардаж өлсгөлөн зарлаж байна || DNN.mn

409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.Пүрэвдулам “Э.Бат-Үүл баатар жам ёсны эрхээ шаардаж өлсгөлөн зарлаж байна. Энэ хүн өөрийгөө гэм буруугүй, өөрийгөө сулла гэсэндээ өлсгөлөн зарлаагүй. Харин Монгол Улсад ардчилсан зарчим алдагдаж байгааг эсэргүүцэж байна. Тэрээр өмгөөлөгчөөрөө буюу надаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Түүний өгүүлснийг би хэлье. Тэрээр “Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон захидал харилцааны эрхээ сэргээх хүртлээ өлсгөн зарлана. 1990 оноос өмнөх дарангуйлал эргэн ирсэн байна. Энэ дайн удаан үргэлжилбэл жижиг орнуудыг хамгаалдаг олон улсын тогтолцоо нурна. Энэ дайнаас болж Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орж ч болзошгүй” гэсэн агуулгатай үг дайсан.

Би Э.Бат-Үүлтэй өчигдөр очиж уулзсан. Өлсгөлөн зарлана гэдэг амархан гаргах шийдвэр биш. Хорих ангийн дотоод журам байдаг. Эмнэлгийн хяналтад, хорих ангийн удирдлагын зөвшөөрлийн дагуу өлсгөлөн зарладаг. Гэвч хорих ангийн удирдлагууд хариу өгөөгүй байгаа. Гэсэн ч өөрөө өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлсэн. Гэр бүлийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс өлсгөлөн зарлахыг нь эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Хэрэв энэ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах юм бол амь насыг нь Монголын төр, прокурорын байгууллагаас нэхнэ гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай “Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг гуравдугаар сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан. Захидал харилцааны эрхийг нь хассан. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдэж байна. Захидал харилцааны хувьд, надад болон манай охинд захидал бичсэн. Тэрийг нь өгөөгүй. Мөн хоёр нийтлэл бичсэнийг нь нийтлээгүй. Ийнхүү түүнийг нийгмээс бүрэн тусгаарлаж байна. “Путины колончлол эргэн ирэх үү?” гэх нийтлэл нь “Путин даян дэлхийн энх тайвны бэлэгдэл болсон олимпын наадмыг үеэр дайн эхлүүлсэн. Энэ нь хүн төрөлхтний өмнө хийсэн гэмт үйлдэл. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг том гүрнүүдийг нухчин дарж болно гэж ойлгож болохгүй” гэсэн агуулгатай байсан. Аав маань захидал харилцааны эрхээ сэргээлгэхээр прокурорт хандсан. Цаашдаа ч прокурор хүсэлтийг нь хүлээж авахгүй бол өөрийн эрхийн хүрээнд хуурай өлсгөлөнд шилжинэ гэж хэлсэн. Өчигдрөөс өлсгөлөн зарласан гэж ойлгож байгаа. Одоо цаг минутаар хэмжигдэнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *