Categories
мэдээ цаг-үе

Б.Баяржаргал: Бодлого бодно гэдэг асуудлыг шийдэж сурна. Мэдээж математик худлаа шийдвэр гаргахгүй

Хурдтай хөгжлийн эрин үе хүн төрөлхтнийг цэгцтэй, хурдтай сэтгэхийг шаардаж байна. Математикийн шинжлэх ухааныг амьдралд ойртуулж хэлбэл цэгцтэй сэтгэх тухай ойлголт гэж эрдэмтэд томьёолдог аж. Бүх шинжлэх ухааны үндэс гэгддэг математикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн сонин хачин, монголчууд энэ салбарт ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын математикийн тэнхимийн багш, доктор Б.Баяржаргалтай ярилцлаа. Дашрамд дурдахад, улсын математикийн 55 дугаар олимпиад энэ өдрүүдэд болж байгаа юм.


-Математикийн шинжлэх ухааныг хүмүүс хийсвэр шинжлэх ухаан гэж хүлээж авдаг. Тиймдээ ч хүн бүр математикч болох албагүй гэж үзэх нь бий. Гэхдээ тоон ухаан хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Таныхаар энэ салбарыг тодорхойлбол…

-Би байгалийн ерөнхий зүйл тогтлыг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгодог. Байгалийн ерөнхий зүй тогтол гэдэг нь 1+1=2 гэдэг бол хүний толгойноос нь гараагүй. Тоо тоолохыг хүн үүсгэсэн болохоос цаанаа нэг бүтэц байгаа. Түүний дагуу үүссэн байгалийн ерөнхий зүй тогтол юм. Математик гэхээр хүмүүс хийсвэрээр ойлгодог. Хэдий хийсвэр байсан ч хэзээ нэгэн цагт заавал амьдралд хэрэглэгддэг.

-Эрдэмтэд тооны онолд 9.5 сая оронтой анхны шинэ тоог нээсэн тухай мэдэгдэж байсан. Сүүлийн үед энэ салбарт гарсан шинэ нээлт юу байна вэ?

-Дэлхий дээр математикийг бүх чиглэлээр нь хөгжүүлж байгаа. Миний мэдсэнээр Мянганы бодлого гэж 6-7 бодлого байдаг. Нэг тоог нь бодвол нэг сая ам.долларын шагналтай. Түүний нэгийг ОХУ-ын эрдэмтдийн бодсон хариуг нь өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн.

-Ямар бодлого байсан бэ?

-Гурван хэмжээст биет байлаа гэхэд гадаргуу нь хэчнээн янз байж болохыг бодож гаргасан. Аяга гэхэд гадаргуутай. Гадаргуу нь хэчнээн янз байх вэ гэх мэт. Маш өвөрмөц гадаргуу байж болдог. Эрдэмтэд хоёр болон дөрвөөс дээш хэмжээстэд нь ангилчихсан, харин гурван хэмжээст огторгуйд ангилж чадахгүй байсан юм. Энэ бол 1900 оны олон улсын хурал дээр яригдсан бодлого. Эрдэмтэд 120 орчим жил бодсон гэсэн үг.

-Монголчуудыг потенциал өндөртэй ард түмэн гэдэг. Монголд энэ шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байна?

-МУИС-ийн Математикийн тэнхим 18 багштай. Тэдний 16 нь доктор. Хоёр хүнээс бусад нь бүгд гадаадад доктор хамгаалсан. Тэгэхээр нэг үеэ бодвол нэлээд сайн баг хамт олон бүрдээд байна. Монгол эрдэмтдийн олон өгүүлэл гадаадын сэтгүүлд хэвлэгдэж байна. Гадаадын сэтгүүлд гарч байна гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ юм хийж байгаагийн илэрхийлэл.

-Та ямар бүтээлээр докторын зэрэг хамгаалсан бэ?

-Би 2014 онд ХБНГУ-ийн Оснабрюкийн их Сургуульд “Hilbert-Kunz theory for bi­noids” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өөрөөр хэлбэл, байр сэлгэдэг үйлдлүүдийг судалдаг шинжлэх ухааны чиглэлээр хамгаалсан.

-Улсын математикийн 55 дугаар олимпиад нийслэлд эхлээд байна. Та Монголын математикийн хороонд харьяалагддаг. Хорооноос олимпиадын зохион байгуулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-Математикийг олон хүүхэд сонирхдог. Янз бүрийн олимпиадууд ч зохион байгуулдаг болсон. Олимпиад болоход Улаанбаатар хотын баг гээд ганц баг оролцдог байсан. Энэ тал дээр дүүргүүдийг дэмжих санаачилга гарч энэ жилээс дүүргийн багууд улсын олимпиадад оролцож эхэлж байна. Дүүргүүдийг олимпиад руу татаж оруулах, оролцогчдын тоог нэмж, тэндээс сайн хүүхдүүдийг илрүүлэх зорилготойгоор энэ арга хэмжээг авч байна.

-Улсын олимпиадад нийслэлийн баг тэргүүлдэг гэж байна. Аймгуудын хувьд аль аймаг сайн давхидаг вэ?

-Улаанбаатар хотын баг ихэвчлэн тэргүүлдэг. Бүх хүүхдийнх нь авсан оноог нийт хүүхдийнх нь тоонд хуваагаад дундажлахад тийм үзүүлэлт гардаг. Харин орон нутгийн хувьд Хөвсгөл аймаг их сайн. Хөвсгөлийн хүүхдүүд сүүлийн үед жил бүр тогтмол 1-2 медаль авдаг болсон. Багаараа Улаанбаатар хотын дараа жагсдаг, зарим удаа түрүүлсэн тохиолдол ч бий.

-Хөвсгөл тэргүүн эгнээгээ алдахгүй байгаа нь багш боловсон хүчин нөлөөлж байна уу?

-Багшаас л шалтгаална. Хөвсгөлд шижигнэсэн дөрвөн залуу багш бий. Хөвсгөл аймаг дээр үеэс шавь сургалтаар хүүхдийг бэлтгэж ирсэн суурь байдаг юм.

-Математикийн багш нарыг чадавхжуулахад танай хороо анхаардаг уу?

-Олимпиадын хорооны зүгээс энэ чиглэлд гэхээс илүү олимпиад зохион байгуулах тал дээр түлхүү ажилладаг. Улсын олимпиад гурван даваатай болдог. Дээр нь П.Энхболдын нэрэмжит улсын уралдааныг зохиодог. Намарт бүсийн олимпиад гэж бас болно. Эдгээрийг хариуцаж ажилладаг сайн дурын төрийн бус байгууллага юм.

Яахав, орон нутгаас багш, сурагчдад сургалт авах хүсэлт манай багш нарт ирдэг. Тэр бүрт нь яваад тусалж дэмждэг.

-Математикийн олимпиадыг бага ангийнхны дунд зохион байгуулахыг салбарын яамнаас хориглосон. Энэ шийдвэрийг олимпиад зохион байгуулагч та бүхэн хэрхэн хүлээж авав?

-Ер нь зааглах нь зөв. Би бага ангид олимпиад явуулахыг дэмждэггүй. Цөөхөн байх нь чанартай. Сүүлийн үед чанаргүй олон олимпиад зохиогдож, засалт нь буруу болж, хэл ам үүсдэг. Тэр гомдол, санал нь яаманд хүрсэн болов уу. Тиймээс үүнийг хянах нь зөв байх. Яамтай манай хороо хамтарч ажилладаг. Яамны зүгээс бусад төрлийн олимпиадыг ч зааглах бодлого барьж байгаа юм билээ. Хэдэн гол олимпаидуудаа үлдээгээд бусдыг нь явуулахгүй болох чиглэлтэй. Тэр дотроо математикийн олимпиадыг гэхэд МУИС зохион байгуул гэдэг үүрэг өгөх жишээтэй. Тодорхой эзэнтэй, бодлого нь хаанаас гарч байна, засалтууд нь хаанаа болохгүй байна гэх асуудал нь бүгд шийдэгдэнэ. Нөгөө талаар нэг газар төвлөрчихөөр олон олимпиад ч болох үндэсгүй болно. Жилдээ цөөхөн олимпиад зохиогддог болох болов уу гэсэн таамаглал байна.

-Олимпиадад оролцож байгаа хүүхдүүдийн чадвар нэмэгдэж байна уу?

-Сүүлийн үед олимпиадад орж байгаа хүүхдүүд нас нь залуужиж байна. Жишээ нь, энэ жилийн 12 дугаар ангид 10 дугаар ангийн хоёр хүүхэд оролцож байгаа. Тэр хоёр бараг түрүүлчих болов уу. Бүр зургадугаар ангийн хүүхдүүд есдүгээр ангид орчихсон олимпиадад оролцоод явж байна. Үүнээс харахад хүүхдүүд нэлээд сайжирсан. Өнгөрсөн жил анх удаа манай улс олон улсын олимпиадаас зургуулаа медаль авсан. Нэг мөнгө, таван хүрэл авсан. Олон улсад гаргаж байгаа амжилт ч ахиж байна гэсэн үг. Олон улсын олимпиадад дэлхийн 100 гаруй улс орж байгаа. Монгол Улс дөчин хэдэд, Францтай эн тэнцээд явдаг. Өмнө жагссан улсуудыг харахад эль эрт хөгжчихсөн орнууд байдаг.

-Математикт хүн бүр дурлах гол шалтгааныг дурдаач!

-Хүний мэдлэг бол бөмбөрцөг шиг. Мэдлэг томроод байхад гадна талд нь мэдэхгүй байгаа нь нэмэгдээд байдаг. Их мэдэх тусам их мэдэхгүй нэмэгддэг. Бага мэддэг хүнд бага л мэддэг юм байгаа. Математикт бол хязгаар байхгүй. Тиймээс матетамтикийн давуу тал нь хүүхдэд маш их зүйл өгдөг. Түүнийг хүмүүс өөрсдөө мэдэхгүйгээр л хэрэглэдэг. Математикийн бодлого бодно гэдэг асуудлыг шийдэж байгаа хэрэг юм. Мэдээж математик худлаа шийдвэр гаргана гэж байхгүй. Аливаа зүйлийг яавал зөв сайн болох вэ гэдэг талаас бодож эргэцүүлдэг болно.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *