Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Хүчирхийлэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг эзэлж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.


-Бага насны хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээсний уршигаар гал түймрийн аюулд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг өмнөх долоо хоногт бүртгэгдсэн шүү дээ. Шалтгаан нь юу байв?

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд айлын гэр шатаж байгаа дуудлага цагдаагийн байгууллагад 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Тус гал түймрийн аюулд бага насны хоёр хүүхэд өртөж амь насаа алдсан тохиолдлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул хуульд зааснаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж битгий үлдээгээч гэж олон ч удаа энэ чиглэлийн байгууллага, алба хаагчдаас сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн. Хаана анхаарал болгоомжгүй хайнга байдал байна, тэнд эрсдэл үүсч байна шүү дээ. Он гарсаар хүүхдүүд орон гэртээ гал түймрийн аюулд өртөж амь насаа алдсан харамсалтай тохиолдол ес бүртгэгдлээ. Цаашид ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд хүүхдээ галын болон бусад аюул ослоос мултрах боломж, аюулгүйн зааварчилгааг өгөх хэрэгтэй байна. Хөл хорионы үед хүүхэд асран хамгаалагчийн анхаарал халамж, хараа хяналтаас бүрэн хамаарч байгаа энэ үед хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, аюулгүй орчинд амьдрах олон зүйл нь гэр бүлийн хүрээнд хамгаалагдах ёстой. Гэтэл энэ хугацаанд хариуцлагагүй ээж, аав, асран хамгаалагчийн буруугаас болж, хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох явдал буурахгүй байгаа нь харамсалтай. Тэр битгий хэл өвчнийг бага дээр нь үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь авч эмчилгээг бүрэн хийлгэхгүй тоомжиргүй явсаар өвчин нь хүндэрч амь нас хохирох, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ өөрөө унтаж хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байгаад анхаарч, яавал хүүхдэдээ аюулгүй, осолгүй байх вэ гэдэг дээр эцэг, эхчүүд бодмоор, анхаармаар зүйлүүд байна.

-2020 он эхлээд цар тахалтай холбоотойгоор улс оронд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм үйлчилсэн. Энэ хугацаанд хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол бүртгэгдсэн үү?

Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 35 хувиар, гэмтсэн хүүхэд 29.3 хувиар буурсан. Мөн насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 36.4 хувиар буурсан. Хэдийгээр статистик мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа боловч хаалттай хаалганы цаана хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байж болзошгүйг хорооны хамтарсан, нийгмийн ажилтнууд, хорооны хэсгийн ахлагч нар, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, алба хаагч нар онцгой сонор сэрэмжтэй байж, хүчирхийллийн эрсдэлтэй хүүхдийг байнга илрүүлж хариу арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэсэн хэдий ч ахуйн хүрээнд онц ноцтой, олныг айдаст автуулсан хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэр бүлийн хайртай дотны хүмүүс нь /хойд эцэг, хамаарал бүхий хүн/ үйлдэх асуудал буурахгүй байгаа.Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 60 орчим хувийг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл эзэлж байна. Хаалттай хаалганы цаана айл бүрт төрийн байгууллага хүрч ажиллах боломжгүй байна. Иймд хөршийн холбоо хамгийн чухал байна. Таны дээд, доод, хажуу айлд хүүхэд хүчирхийлэлд өртөөд байгаа юм биш биз дээ. Та энэ нь надад хамаагүй, бусдын хэрэг гэж бодож байгаа бол, ирээдүйд таны хүүхэдтэй хамт амьдрах нийгэм ямар байгааг төсөөлөөд нэг үзээрэй. Иргэд амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг нийтлэг хэлц үгийг хэлдэг. Энэ бол хуучин улиг болсон үг шүү. Ирээдүйн Монголын иргэдийг, мөн өөрийн хүүхдийг хүчихийлэлгүй зөв нийгэмд амьдруулъя гэж хүсвэл та заавал 102, 107, 108 тусгай дугаарт дуудлага өгөх хэрэгтэй. Бид бүгд хүчирхийллийг үл тэвчих үзлийг өөртөө шингээж чадаж гэмээнэ хүүхдийн эсрэг хүчирхийллийг бага дээр нь зогсоох боломжтой. Та мэдээлэл өгснөөр энэ чиглэлийн байгууллагууд ажлаа хийх болно. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 21-ний 152 дугаар тогтоолоор 103 хүүхдийн байцаагч шинээр томилогдох болсон. Эдгээр алба хаагч нарыг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх чиглэлээр нь ажиллуулах болно. Энэ ажил бол ганцхан төрийн ажил биш. Бүх хүний ажил, үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Эцэг эх, асран хамгаалагч нар ялангуяа бага насны охин хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах шаардлагатай. Магадгүй таны хүүхдийг эсрэг хүйсний хүн хардаг тохиолдолд охин хүүхдээ хэнтэй юу хийж байгааг тогтмол хянаж байх үүрэгтэй. Хамгийн наад захын жишээ нь 30 минут тутам хүүхдээ юу хийж байгааг асууж байх хэрэгтэй. Хүүхдээсээ юу болсон, юу болж байгааг тодруулж асууж байх хэрэгтэй. Хүүхдээ байнга ажиглаж байх, зан харилцаанд нь өөрчлөлт орж байна уу үгүй юү. Хэлж чадахгүй нууцтай болсон байна уу үгүй юү гэдгийг эцэг эхчүүд та бүхэн хянахаас өөр хэн хамгийн ойр дотно байж, хянаж, анхаарал халамж тавьж чадах билээ дээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч этгээдийн бүртгэл судалгааг нийслэлийн хороо бүрээр хийж нэг бүрчилсэн хяналт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар зорин ажиллаж байна. Одоохондоо хүн хүчний нөөц дутмаг байгаа боловч цаашид чадах чинээгээрээ ажиллах болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нэг бүрчилсэн урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулбал хүүхдэд учрах аюул эрсдэлийг бууруулж чадна гэж найдаж байна. Энэ чиглэлээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр байсан бэ?

-Нийслэл хотод энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30.7 хувиар тус тус буурсан байна. Ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарсаар байна. Энэ жилийн хувьд ковидоос шалтгаалж хүүхдүүд гэр бүлийн орчинд ихэнх цаг хугацааг өнгөрүүлж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага их байгаа гэдгийг хэлмээр байна.

-Эцэг эхчүүд, асран хамгаалагчдад хүүхдээ гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд юуг анхаарах талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхгүй юү?

-Хүүхдүүд гэмт хэргийн золиос болохоос илүүтэй ахуйн осолд өртөх магадлал их байна. Цагдаагийн байгууллагаас “Сэргийлэгч хүү, охин”-ы дүрээр хүүхдийн аюулгүй байдлын 70 төрлийн зөвлөмж бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байгаа. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэсэн тус зөвлөмжийг мөн хүүхдүүдийн ихээхэн сонирхон үздэг Дрийм ТВ гэх мэт телевизүүдээр тогтсон хугацаанд цацаж байгаа үүнийг хүүхдүүддээ үзүүлээрэй гэж хүсмээр байна. Тухайлбал хүйтний улиралд орон гэртээ халаагуур /тень/ залгах тохиолдолд хүүхдүүддээ цахилгааны залгуур, утас зэргээр тоглож болохгүй, нойтон гараар хүрч болохгүйг, шүдэнз галаар наадаж болохгүйг сайн ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дэргэд шүдэнз, асаагуур, янз бүрийн цэвэрлэгээний бодис, эм тариа, иртэй үзүүртэй зүйл байлгахгүй байх, халуун тогоог хол байлгах, цонхоор унахаас сэргийлж хаалт хамгаалалт хийх, хамгийн чухал нь хүүхдийг харгалзах хүнгүй гаднаас нь цоожилж үлдээхгүй байх гэх мэт олон санамжийг өгмөөр байна. Таны гэрт байгаа цахилгаан хэрэгсэл хэр чанартай вэ, утас нь халж, шалбарсан, халалт үүсч хайлж байна уу, масс үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх, олон зүйл зэрэг залгахгүй байх, утаа мэдрэгч дохиоллыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс угаарын хийнд хордох аюул байгааг, Монгол гэрийн янданг галд тэсвэртэй материалаар хамгаалалт хийж, яндангийн цонолт халалтаас сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, заавал төмөр сав поошигт хийж байх, гэртээ галд шатамхай бензин, бусад тослох материал хадгалахгүй байх, удахгүй шинэ жил болох нь, бенгалын галаар тоглох, шинэ жилийн гацуур модоо цахилгаан гэрлээр чимэглэх зэрэг бас л эрсдэл үүснэ. Үүнд байнгын сонор сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.Түүнчлэн хүүхдийн цахим орчны хэрэглээг эцэг, эхчүүд хянаж байх шаардлагатай байна. Таны хүүхэд хэтэрхий олон цагаар цахимд суугаад байна уу, хэнтэй чатлаад байна, ангийнхаа чат грүппэд ангийнхаа хүүхдийг доромжлоод цахим гадуурхалтад өртүүлж байгаа юм биш биз, бас таны хүүхэд үе тэнгийн гадуурхалтад өртөөд сэтгэл санааны хувьд гунигтай, айдастай, уйтгар гунигт автан амьдрах сонирхолгүй болоод байгаа юм биш биз гэдгийг анхаарч өсвөр насны хүүхдээ ажиглаж байх, гар утсыг нь заримдаа үзэж шалгаж байх, хоорондоо ярилцаж санал бодлыг нь сонсож байх зэргээр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй гэж эцэг, эхчүүддээ зөвлөе.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *