Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалтуудыг зөв хийж чадвал бид хөгжинө

Эдийн засгийн ухааны доктор, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Таны ярианд “Төрийн зохицуулалт” гэдэг үг их гардаг. Төрийн зохицуулалт гэж юу вэ?

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг зөв, үр ашигтай, тэнцвэртэй хөгжүүлэх, бизнес эрхлэх, орлого олох, илүү үр дүнд хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн зохицуулалт гэдэг. Төрийн зохицуулалтгүй улс орон дэлхийд алга. Зохицуулалтууд нь оновчтой, оновчгүй, үр дүнтэй, үр дүнгүй гэдгээрээ ялгардаг. Ухаалаг, зөв хийж байгаа нь хөгжиж, иргэдээ амар тайван амьдруулж, чадахгүй байгаа нь сүүл мушгиж, мөнхийн асуудалтай орчинд амьдарч байна. Ямар ч хүндрэлтэй асуудалд гарц байдаг. Тэр үр ашигтай байх гарцыг л олох асуудал.

-Чөлөөт зах зээлд төрийн зохицуулалт хэрэггүй, “эрэлт нийлүүлэлтээр зохицуулна гэдэггүй бил үү. Манайд үүсээд байгаа хүндрэлүүд зохицуулалтгүйгээс үүдэлтэй юу?

-Төрийн зохицуулалтыг үгүйсгэж, бүхнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт,”үл үзэгдэгч гар” зохицуулаад явдаг гэдэг онол хуучирсан. Үл үзэгдэгч гарын онолыг төөрөгдөл гэж үздэг хэсэг ч бий. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан байдаг. Харамсалтай нь төр нь зохицуулж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Харин төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ нь төрийн зохицуулалтаас илүү өргөн хүрээтэй ойлголт.

-Монголын төр төрийн зохицуулалтыг хэр хийж ирсэн юм бол?

-Хэр хийж ирсэн нь улс орны хөгжил, ард иргэдийн амьдралын түвшин ямар байгаагаар илэрхийлэгдэнэ. Улс орны хөгжил, та бидний амьдрал нэг л болохгүй байгаа нь төрийн бодлого,зохицуулалт муу байсан,байгаагийн илэрхийлэл.

Бидний туулж өнгөрүүлсэн 30 жилийн түүх нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт зайлшгүй гэдгийг нотолж байгаа. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулдаг гэж эндүүрч, шийдэх ёстой асуудлуудаа тухай бүр нь шийдээд яваагүйгээс асуудлууд улам хүндэрсээр ирлээ. Тухайлбал, 70 сая малтай мөртлөө махны үнийг дийлдэхээ болилоо. Аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгож, ачаалал, даацад нь тохирсон менежмэнт хийгээгүйгээс унаган байгалиа талхлуулж, сүйтгүүлэх хэмжээнд хүрч байна. Улаанбаатар хотын утаа, хөрс, ус, үзэгдэх орчны бохирдол нь төрийн бодлого, зохицуулалт байсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Монгол төгрөгний ханшийн уналт, бодлогогүй гадаад худалдаа, үйлдвэрлэлийн дампуурал, үнийн өсөлт, ядуурал, 30 тэрбум ам.долларын гадаад өр, банкны зээлийн өндөр хүү, баялгийн муу менежмэнтээс үүдэлтэй орлогын тэгш бус байдал гээд төрийн бодлого, зохицуулалтгүйгээс үүссэн муу жишээг хэдэн зуугаар нь хэлж болно. Асуудлыг хүндрүүлэхгүйгээр улс орноо төрийн зөв бодлого, зөв зохицуулалтаар аваад явах боломж байсан. Одоо ч, цаашид ч байна. Улс эх орон, иргэдийнхээ төлөө төр байж, төрийг татвар төлөгчид тэжээдэг. Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэм, эдийн засгийн хүнд асуудлууд гарч ирнэ. Хувийн хэвшил яаж ч чардайгаад үүнийг дангаараа шийдэх боломжгүй. Хувийн хэвшил ашгийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй тул зарим асуудлууд орхигддог. Ялангуяа ашиг орлого багатай, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбаруудад дутагдах хөрөнгө оруулалтыг нөхөх, ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх, бага орлоготой хүмүүсийг ажлын байраар хангах, өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэх гэх мэт олон асуудлыг төрийн зохицуулалтаар шийдвэрлэнэ.

-Төрийн бодлого, төрийн зохицуулалтын хамаарал ямар байх. Төрийн зохицуу-лалтын хийдэг бусад орны туршлага ямар байна вэ?

-Салбар болон эдийн засгийг бүхэлд нь хамарсан хямрал, ажилгүйдэл нэмэгдсэн, мөнгөний эргэлт саарсан, дэлхийн болон өөрийн зах зээлд таагүй байдал үүссэн үед төрийн эдийн засгийн оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй. Төрийн бодлогын хэрэгжилт нь төрийн зохицуулалтын хэлбэрээр илэрхийлэгддэг тул харилцан хамаарал бүхий ойлголт юм. Төрийн зохицуулалт хэзээ илүү хэрэгтэй вэ гэвэл нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, хямралыг даван туулах гэх мэт тодорхой ажлуудыг тодорхой хүрээнд, тодорхой хугацаанд хийхэд хэрэгтэй болдог. Улс орнуудад төрийн зохицуулалт өөрийн гэсэн хэлбэр, зорилго чиглэл, хамрах хүрээтэй байна.

Европын орнууд, Герман, Их Британи, Франц, болон Скандиновын орнууд, мөн Япон, Солонгос, гээд Азийн орнууд, Латин Америкийн хөгжиж буй нэлээд хэдэн оронд төрийн зохицуулалтын сайтар хөгжсөн механизм бүрэлдсэн гэж үздэг. Харин төрийн зохицуулалт нэг их хөгжөөгүй ч эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарах, ажилгүйдэл өсөх болон инфляци нэмэгдэх үед төрийн зохицуулалтын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлдэг улс орон олон.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын одоогийн явуулж буй бодлого төрийн зохицуулалт гэж үзэж болох уу?

-Америкийг дахин агуу их гүрэн болгох гэсэн Трампын бодлого төрийн зохицуулалтын нэг хэлбэр мөн. Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, Америкийн жирийн иргэдэд илүү их ажлын байр бий болгож, гадагшилсан хөрөнгийн урсгалыг буцааж татах зэрэг бодлогын үр дүнд АНУ-ын эдийн засаг түргэн хугацаанд сэргэж, хүчирхэгжиж эхэлснийг эдийн засагчид үнэлж байна.

-Төрийн зохицуулалт хийх шаардлага ямар үед үүсэх вэ?

-Төрийн зохицуулалтыг, Нэгдүгээрт, үүссэн асуудлыг зах зээл өөрөө зохицуулж чадахгүй нөхцөл байдал үүсвэл төрөөс зохицуулах хэрэгцээ гарна. Үүнд, Мөнгөний нийлүүлэлт, эргэлтийг зөв зохицуулах, төрийн үйлчилгээг нийгмийн эмзэг давхаргад хүргэх, ядуурлыг бууруулах, баялгийн хуваарилалтад гарч байгаа тэгш бус байдлыг арилгах гэх мэт. Хоёрдугаарт, чөлөөт зах зээлийн механизм мөнгөөр илэрхийлэгдсэн хэрэгцээг эрэлт нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог. Гэтэл мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж бас байна. Нийтийн үйлчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, төрийн удирдлага, эрчим хүчний нэгдсэн систем, холбооны үндэсний сүлжээ, нийгмийн дэг журмыг сахиулах, вакцинжуулах, ундны усыг хамгаалах гэх мэт олон асуудлуудад төрийн зохицуулалт шаардагдана.

Гуравдугаарт, гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг арилгахад төрийн оролцоо чухал. Зах зээлийн үйлдвэрлэл, хэрэглээнд зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, мөнгөөр илэрхийлэгдэхгүй хомсдол гардаг. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, нөөц баялгийг зохистойгоор хуваарилах боломжийг алдагдуулдаг. Энд төрийн зохицуулалт хэрэгтэй болно.

-Төрийн зохицуулалт, оролцооны хязгаар гэж байх уу. Байвал тэр нь ямар байх?

-Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, шаардлагатай бараагаар хангах, гадаад нөлөөллийг сулруулах зэрэг нь чөлөөт зах зээлд төрөөс оролцох оролцооны хязгаар гэж ойлгож болно. Гэхдээ төрөөс аж ахуйн ажилд хэт хутгалдан орж, хувийн бизнесийг булаах, шударга бусаар өрсөлдөх явдал байж болохгүй.

-Салбар бүрт зохицуулалтын бодлого байх уу. Аль салбарт илүү байх вэ?

-Төрийн бодлого, зохицуулалтаар зайлшгүй хийгддэг олон асуудлууд бий. Тухайлбал, Хөгжлийн бодлогыг тодорхойлох, орлогыг төлөвлөж хуримтлуулах, зарлагыг оновчтой хуваарилах, зах зээлийн тэнцвэрийг хадгалах, хяналтын механизмыг ажиллуулах гэх мэт. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон орлогыг зах зээл шударга гэж үздэг. Олох орлого, ашгийн хэмжээ нь оруулсан хөрөнгө, хөрөнгө оруулалтаас хамаардаг. Мөн нийгэмд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, ажил хийх чадваргүй хүмүүс олон байна. Ажлын чадвартай ч зах зээлд өөрийн байр сууриа олж чадахгүй хүмүүс ч бас байна. Мөн төрийн албаныхан байна. Тэд зах зээлийн өрсөлдөөнд орж, ашиг, орлого олж чадахгүй. Эдгээр хүмүүсийг бодлогоор орлоготой болгох нь төрийн ажил. Зах зээлийнх биш. Зах зээлийн эдийн засаг оршин тогтноход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ эрхлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргийг төр өөртөө авна. Харамсалтай нь манай төр ийм үүргээ өнгөрсөн хугацаанд оновчтой, бодлоготой зөв хийж чадсангүй. Бизнес эрхлэгчдээ аливаа эрсдэлээс хамгаалж, зөвлөх үүрэг төрд бий. Монгол Улс 3,2 сая хүнтэй. Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд их,дээд сургууль,коллеж байгуулж ажиллах зөвшөөрөл 200-аад ийг олгожээ. Ашигт малтмал хайх, олборлох лиценз 7000-ыг олгосон байна. Элдэв сонин, сэтгүүл, кабелийн телевиз, сайтууд, дэлгүүр, хоолны газар, шөнийн цэнгээний газар, караоке, жуулны баазууд ББСБ, ХЗХ гээд зах зээлийн багтаамжаасаа давсан үйлчилгээний эрхийг төр тооцоо, судалгаагүй олгож иргэдээ хохироож байгаа нь харамсалтай. Түүнийг хүсч авсан иргэд буруугүй. Яагаад гэвэл тэд ажил, хөдөлмөр эрхлэж сайн, сайхан амьдрахыг хүсч байгаа. Буруу зүйлд оруулсан энэ хөрөнгө оруулалт зөв зүйлд орсон бол хувь хүндээ, төрдөө ч ашигтай байх байсан. Хувийн хэвшилд эрхзүйн статус олгох, хувийн өмч эзэмших эрх олгох, байгуулсан гэрээ хэлцлийг дагаж мөрдөх, эрх зүйн үндсийг төр тогтооно. Эдгээр нь төрийн зохицуулалтын хэлбэрүүд юм. Энэ утгаараа төр эдийн засгийн харилцаанд арбитрын үүрэг гүйцэтгэнэ. Өрсөлдөөн бол эдийн засгийг хөдөлгөгч хүч. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа, үйлчилгээгээр өрсөлддөг. Харин монополь энэхүү нөхцөлийг өөрчилдөг. Төр монополын эсрэг хууль гаргаж хэрэгжүүлнэ. Төрөөс инфляцийн эсрэг арга хэмжээг авч, хямралын үед бараа үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгцээг урамшуулах, хөрөнгө оруулах, ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, төрөөс нэмэлт зардал гаргах, хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээ авдаг.

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжих үед барааны нөөц барагдах, импорт нэмэгдэх, төлбөрийн тэнцэл муудах, ажиллах хүчин хомсдох, цалин хөлс нэмэгдэж, үүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өсөх зэрэг сөрөг нөхцөл байдал үүсдэг. Ийм тохиолдолд төрөөс зохицуулалт хийж, хэрэгцээний өсөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, барааны хэт үйлдвэрлэл, хөрөнгийн хэт хуримтлалыг сааруулж, ирээдүйд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажлын байр багасах эрсдэлийг бууруулдаг.

Төрийн зохицуулалтыг хийхэд шинэ дадал хэрэггүй. Харин шинэ түвшин дэх мэдлэг чадвар, төр, ард түмэндээ үнэнч зүтгэх зүтгэл, ёс зүй, сахилга хариуцлага хэрэгтэй.

-Төрийн зохицуулалтад хамрах зүйлийг нэмж тайлбарлаж өгнө үү?

Төрийн зохицуулалтад хамаарах зүйлсэд эдийн засгийн мөчлөгийг удирдах, салбарын болон орон нутгийн бүтэц, орлого хуримтлуулах, ажил эрхлэлт, ажилгүйдэл, мөнгөний бодлого, төлбөрийн тэнцэл, үнэ болон үнийн хэлбэлзэл, өрсөлдөөний нөхцөл, нийгмийн харилцаа, нийгмийн халамж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, байгаль орчин, экологийн зохицуулалт, гадаад эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоо орно.

Манай зарим бүс нутагт хөгжил удааширч, төвөөс алслагдсан бүс нутаг эзгүйрэх, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байна. Иймд төрийн зохицуулалтаар үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хэт төвлөрөхөөс сэргийлж, бүс нутгийг жинхэнэ утгаар нь төрөлжүүлж хөгжүүлж, үндэсний болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол брэнд бүтээгдэхүүнийг бий болгож болно. Үндэсний эрх ашгаа дэлхийд хамгаалах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд төрөөс гадаад худалдааны зохистой бодлогыг хэрэгжүүлж, газрын баялгийн үр ашиг муутай урсгал, ажиллах хүчин гадагшлах үйл явцад хяналт тавьж, валютын ханшид нөлөөлөх, төлбөрийн тэнцлийг удирдах зэрэгт төрийн зохицуулалт маш чухал үүрэгтэй. Төрийн оновчтой, зөв зохицуулалтаар хүндрэлтэй асуудлын шийдлийг өөрөөс нь олж болно.

-Төрийн зохицуулалтын хязгаар гэж байх уу?

-Тодорхой хязгаарын хүрээнд төрөөс зах зээлд оролцох оролцоог тодорхойлж, ухаалгаар зохицуулах нь нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдэхэд тусална. Харин хязгаар хүрээнээс давж, зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь зохицуулах гэж оролдох, үйлдвэрлэлийн нөөцийг хуваарилж, үнийг захиргааны аргаар барих, үйлдвэр аж ахуйн газруудын өрийг төлөх, технологийн хувьд хоцрогдсон салбарт ажлын байрыг хадгалж, төсөв бүрдүүлэх зорилгоор татварын бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн бололцооноос хэтэрсэн нийгмийн халамж явуулах нь буруу зохицуулалт болно. Төрийн зохицуулалтыг зөв хийснээр эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, бүтцийг зөв болгож, төлбөрийн тэнцлийг эрүүүлжүүлж, инфляцийг зорилтот түвшинд хадгалж болно. Мөн ажилгүйдлийг бууруулж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж болно. Ийм үр дүнд хүрвэл нийгмийн бухимдал арилж, олон түмэн төр засагтаа итгэх итгэл нь сэргэж, төрийн нэр хүнд дээшилж, эе эв,амар амгалан тогтоно. Орчин үеийн нийгэм эдийн засгийн хөгжилд үүссэн олон тулгамдсан асуудлыг дан ганц зах зээлийн механизмаар зохицуулаад явах боломжгүй.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэх мэт салбаруудад төрийн зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэх арга зам?

-Эдийн засгийн хөгжилд боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал чухал үүрэгтэй. Боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай ажиллах хүчин улс орны хөгжлийг эрчимжүүлж, хөгжлийг хурдасгана. Хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлтийн чанарт онцгой нөлөөлөх салбарууд бол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалах салбарууд юм.

Иргэдийн оюуны болон материаллаг хэрэгцээ хангагдаж, дундаж давхарга нийгэмд зонхилох байр суурьтай болсноор нийгмийн түншлэлийн зарчмууд, улс орны хэтийн хөгжлийн ирээдүйг тодорхойлж, нийгэм, улс төрийн тогтвортой байдал хангагдана.

Хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг зөв тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн алдааг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэнэ. Хөгжлийн зөв төлөвлөлт, түүний сөрөг нөлөөллийг арилгах замаар хөгжлийн тэнцвэрийг хангах нь төр зохицуулах үндсэн ажлуудын нэг мөн. Зах зээл өөрөө тэнцвэрээ олно гэдэг нь төөрөгдөл. Олдог юм гэхэд хохирол их амсана.

-Бодлоготойгоо төрийн зохицуулалт яаж хэрхэн уялдах вэ?

-Сайтар төлөвлөсөн хөгжлийн бодлогыг салбаруудад хэрэгжүүлэх нь төрийн зохицуулалт мөн. Эдийн засгийн идэвхижил, сулрал, түүний мөчлөгийг тооцоолж, холбогдох арга хэмжээг авах, төсөв, мөнгөний бодлогыг зөв хэрэгжүүлэх, шударга өрсөлдөх орчныг бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих гэх мэт асуудлууд нь нийгмийн түншлэлийн таатай орчин бий болох хөрс нь болно.

Зах зээлийн үр ашигтай орчныг бий болгож, оролцогч талуудын эрх зүйн орчинг тогтвортой байлгахад төр анхаарах ёстой. Үнийг тогтворжуулах нэрийдлээр бизнесийнхнийг үнээ буулгахыг шахах, эсвэл бизнесийнхэнтэй төр өрсөлдөх зэрэг нь зах зээлд харш юм. Үндэсний компаниудаа дэмжиж, тэдэнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх таатай боломж олгох, шинэ технологи, инновацийг дэмжих, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход төрийн зохицуулалт онцгой чухал үүрэгтэй.

-Манайд энэ чиглэлд ямар төрийн зохицуулалтын хэлбэрүүд байж болох вэ?

-Тухайлбал, эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг урамшуулах, үндэсний агаарын тээврийн компанийг дэмжиж, гадаадад зорчихдоо түүгээр үйлчлүүлэх, төрийн худалдан авалтад үндэсний бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах, үнэ тарифыг үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж тогтоох, үндэсний брэнд бүтээгдхүүн худалдан авсан жуулчдад дотоодын татварыг буцаан олгох үйлчилгээ /TAX FREE/ нэвтрүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэгчдэд тодорхой урамшуулал олгох гээд олон ажил байж болно. Эдгээр нь зах зээл дэх төрийн зохицуулалтын хэлбэрүүд юм.

Бизнесийн ашиг, орлого олоход шаардагдах мэдээллээр аж ахуйн нэгжүүдийг төрөөс үнэгүй хангах үүрэгтэй. Тухайлбал, тариа ногооны болц, ургац хураалтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж болохыг мэдээлэх нь төрийн үүрэг. Эцэст нь хэлэхэд, төр зохицуулалтаа хэчнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэж, улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Төрийн оновчтой, зөв зохицуулалт өнөөгийн Монголын хөгжилд маш чухал асуудал.

Б.ТӨГӨЛДӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *