Categories
мэдээ нийгэм

Б.Батцэцэг: Монгол Улсын гадаад харилцаа 2023 онд идэвхтэй хэлбэрээ хадгалах болно DNN,mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ “Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр бодлогын баримт бичгүүддээ томъёолсон. Энэхүү бодлогоо маш сайн баримталж, өнгөрөгч 2022 онд хэрэгжилтийг нь хангаж ажиллалаа. Энэ нь дээрх бодлого нь анхнаасаа зөв бодлого байсан гэдгийг нотолсон үйл явдлаар дүүрэн он болж өнгөрлөө гэсэн үг юм. Би энд гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын орчин анхнаасаа зөв байсан гэдгийг дахин хэлэх байна. Хоёрдугаарт, хоёрдогч болон гуравдагч хөрш, НҮБ, олон улсын бусад байгууллагуудын хүрээнд өөрийн байр суурийг хадгалж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллалаа. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ унасан энэ үед харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гадаад харилцаагаа эрс идэвхжүүлэх шаардлага бий болсон. Монгол Улс 2022 онд гадаад харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж, эрчимжүүлсэн жил болсон. Үүнд, 10 гаруй гадаад айлчлал, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Гадаад харилцааны 6 сайд манай улсад айлчиллаа. Өмнөх 30 жилийн айлчлалуудын давтамжуудыг харахад, жилд 2-3 өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлдэг байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхацсан. Айлчлалынхаа үеэр ноён Антонио Гутерреш “Монгол Улс бол энх тайвны билэг тэмдэг” хэмээн нэрлэсэн нь нэн чухалд тооцогдоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцсон. Түүнчлэн Египет Улсад болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсоныг та бүгд мэдэх билээ.

Цаашид манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах гурван зүйл дээр хамтарч ажиллая гэсэн чиглэлтэй буй. Нэгдүгээрт, Тогтвортой хөгжил-2030, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” платфортод оруулах, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж дижитал үндэстэн болох гэсэн бодлогын чиглэлд илүү нягтарч ажиллах шаардлагатай.

Хөрш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнгээ өгч, улс төр, гадаад худалдаа, хил гааль гээд олон салбарт бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргахад нөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалаараа гадаад худалдааний хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үзэж, ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохиролцсон.

Буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эцэслэн ярьж тохирлоо. Энэхүү айлчлалын хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргасан. Гашуунсухайт, Ганцмод, Хангимандал, Замын-Үүд, Эрээний боомтын дэд бүтцийг сайжруулах, төмөр замын ажлыг эрчимжүүлэх, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ярьсан гацаатай асуудлууд дээр бид ахиц гаргав. Хятад улс боомтын хөгжлөө цогцоор нь авч үзэж, тавигдах шаардлагаа дээшлүүлсэн. Иймд бид тэрхүү бодлоготой нийцүүлж Боомт хариуцсан сайдыг томилж, Боомтын үндэсний хороог шинэлэн байгуулж чамгүй ажлыг эхлүүлээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг БНХАУ тал бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Манай талаас ТЭЗҮ-тэй сайн төслүүдийг Хятадын талд өгч, дараа дараагийн ажлаа тохирох юм. Энэхүү айлчлалын хүрээнд 16 баримт бичигт гарын үсэг зурсан ба 19 заалт бүхий хамтарсан мэдэгдлийг гаргасан.

2021 онд Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ уг ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 2022 оны хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсад хийсэн айлчлал харьцангуй цөөн хэдий ч тус улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан. Бид хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хэрэгжиж байгааг харилцан тэмдэглэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Узбекстанд болсон ШХАБ-ын уулзалтаар гурван улсын Ерөнхийлөгч авто зам, төмөр зам зэрэг “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүд дээр тохиролцоонд хүрсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *