Categories
мэдээ соёл-урлаг

Б.Батмэнд: “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг залуус ухаарч, ухаж ойлгоосой || DNN.mn

МУГЖ, Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Баасанхүүгийн Батмэндтэй ярилцлаа.


-Дуулалт жүжгийн бэлтгэл ханаж байна уу?

-Бэлтгэл жигдрээд их сайхан болж байна. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой гуайн цомнол, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болдын найруулга “Үлэмжийн чанар” хэмээх цадиг түүхийн дуулалт жүжиг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд тоглогдох гэж байна. Манай Их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ базааж байна.

-Бэлтгэл хэзээнээс эхэлсэн бэ?

-Уг дуулалт жүжиг 2008 онд анх тавигдсан. Цар тахал болон бусад шалтгаанаар сүүлийн гурваас дөрвөн жил тоглогдоогүй. Өглөө арван цагаас эхлээд өдөр нэг цаг завсарлаж цайгаа уугаад орой хүртэл жүжгээ бэлтгэдэг. Уран бүтээлчдийн хувьд дүрээ судлах, ойлгох, найруулагч юу харуулахыг зорьж байгааг бодох гээд сарын өмнөөс бэлтгэлээ эхэлсэн. Манай театрын дууны алба, бүжигчид, хөгжимчид бүх уран бүээлчид оролцож байна. Жүжгээ тоглох өдөр дөхөх тусам тайз, гэрэл, арын албаныхан, шуум дууныхан гээд бүгд л цаг наргүй ажилладаг даа. Театрын онцлог энэ шүү дээ, нэг уран бүтээлд бүх албан хаагчдын ур ухаан, авьяас, сэтгэл, хөдөлмөр шингэдэг.

-Та хэний дүрийг бүтээж байгаа вэ?

-Би жүжгийн гол дүр Говийн V ноён хутагт Данзанравжаагийн дүрд ажиллаж байна.

-Дүрээ бүтээхийн тулд удаан хугацаанд судалсан уу?

-Уран бүтээлч хүн аливаа нэг уран бүтээлд ажиллахад заавал судалгаа шаардлагатай. Тиймээс говийн ноён хутагтын дүрийг чадан ядан бүтээхийн тулд ном зохиол судлахаас гадна, А.Шартолгой гуайтай Дорноговь аймаг, Хамрын хийдээр явж судалгаа хийсэн. Энэ хүний дэлгэрүүлж байсан соён гэгээрлийн ул мөр баларшгүйгээр үлдэж, уран бүтээлийг үеийн үед өв дамжуулан авч ирсэн байна шүү дээ.

-“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг хүмүүс яагаад үзэх ёстой юм бэ?

-Тэртээ 200 гаруй жилийн өмнө ноён хутагтын сургаал, үзэл баримтлал, нийгмийн байдал, хүмүүсийг хэрхэн соён гэгээрүүлж байсан гэх мэт тухайн цаг үетэй танилцах, бид үүнээс илүү байх ёстой юм биш үү гэдэг ойлголт авна. 200 жилийн өмнөх нийгэмд сургаалыг ингэж айлдсан байхад өнөөдөр бид яах ёстой вэ гээд л бодох, үзэгдэл бүрийг ухаарч, ухаж ойлгоосой гэж хүсч байна.

-Зөвхөн 17, 18-нд тоглогдох юм уу?

-Одоогоор хоёр удаа л тоглохоор төлөвлөсөн. Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урдагийн их театр гэх хоёр байгууллага дундаа нэг тайзтай. Тайзны нөхцөл бололцооноос хамаарч олон хоног тоглох боломжгүй.

-Дуулалт жүжгийн дараа ямар уран бүтээлд ажиллахаар төлөвлөж байна?

-ҮУИТ-ын ажлын төлөвлөгөө улирлаар гардаг. Дууны албаны хувьд “Учиртай гурван толгой”, “Сүнжидмаа” гэх мэт дуулалт жүжгүүдээ сэргээнэ. Мөн Монголын соёл урлагийг гадаадын жуулчид, дотоодын үзэгчдэд зориулж “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо тоглоно. Энэ жилийн 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаандаа бэлтгэнэ гээд л ажил ундарна аа.

-Хөл хорионы хоёр жил гаруйн хугацаанд тайзаа үгүйлэв үү?

-Зуны улиралд гэхэд л 100 хоног тасралтгүй тоглодог хүмүүс хоёр жил тайзан дээр гараагүй гэхээр үгүйлэлгүй яахав. Тэр тусмаа ойрд дуулалт жүжигт ажиллаагүй болохоор сайхан байна.

-Та хэзээнээс ҮУИТ-т ажиллаж эхлэв?

-1998 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт уртын дуучин Н.Норовбанзад багшийн удирдлага дор төгссөн. Сургуулиа төгсөөд зургадугаар сарын нэгнээс хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгад орсон. Дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, одоо Үндэсний урлагийн их театр болжээ. Гурван төрийн нүүр үзэж байна гэдэг шиг гурван нэртэй болсон (инээв). Ахмад хүмүүс Улсын Ардын дуу бүжгийн чуулга нэрээр нь сайн мэддэг. Үндэстнийхээ их өв соёл, ардын урлагаа өвлөн сурч, түгээн дэлгэрүүлж, гадны орнуудад сурталчилж, Монгол Улсынхаа урлаг соёлын нүүр царай болдог хамт олноороо бахархаж явдаг.

-Уртын дуучин болоход МУГЖ, СУИС-ийн уртын дууны багш Б.Батболд ах тань нөлөөлсөн үү?

-Урлагийн хүн болоход ахаас илүү аав минь нөлөөлсөн. Миний аавыг Б.Баасанхүү гэдэг, насаараа нэгдлийн жолооч хийсэн. Хөдөөгийн “Найр ахлаач” байлаа. Ах маань хуучинд Гэгээрлийн дунд сургууль гэдгийг төгсөөд СУИС-ийн уртын дуулаачийн ангид элссэн юм. Би тэр үеэс л уртын дууг шимтэж, анзаарч эхэлсэн. Монголын радиогоор явдаг байсан “Хүсэлтийн хариу”, “Домогт дууны сангаас” зэрэг нэвтрүүлгийг сонсдог байлаа. Уртын дуунуудын домгууд их сонирхол татна. Радиогоос сонсож сурсан дуугаа сумын наадамд барилдчихаад харьж явахдаа ахдаа дуулж өгсөн. Ах “Чи СУИС-ийн уртын дуулаачийн ангид шалгалт өг, тэнцэх байх” гэж урам өгсөн. Тэгээд дараа хавар нь хотод ирж шалгалт өгөөд тэнцсэн. Хамгийн анх “Эр бор харцага”, аавын дуулдаг байсан “Нарийн сайхан хээр”, “Эрдэнэ засгийн унага” дууг сурч байлаа.

-Та эхээс есүүл гэсэн. Б.Батболд багш та хоёроос өөр урлагийн салбарыг сонгосон хүн бий юу?

-Урлагийн салбарыг сонгосон хүн ховор. Гэхдээ бүгд найрын гурван дуутай хүмүүс бий.

-Ахтайгаа хамтарч “Өнө чуулга”-ыг байгуулсан. Олон шавьтай юү?

-“Өнө чуулга” хэмээх монгол өв соёлоо заах сургалтын төв, ТББ байгуулаад 10 гаруй жил болжээ, давхардсан тоогоор 200-300 хүн суралцсан. Үндэсний их баяр наадам, төрт ёсны том үйл ажиллагаануудад манай чуулгын уртын дуу сонирхогчид оролцдог. Ихэнх нь уртын дуу, монгол өв соёлоо сонирхдог, өөр салбарын мэргэжилтнүүд байдаг. Чуулгаас гадна Б.Батболд ах СУИС-д 10 гаруй жил, миний хувьд Монгол Улсын Консерваторид найм дахь жилдээ багшилж байна. Бидний үндсэн зорилго монголчуудын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ зааж сургах, судлах юм.

-Сүүлийн үед уртын дууг сонирхох залуус нэмэгдэж байна уу?

-Нэг үеэ бодвол, залуус өв соёлоо их сонирхдог болж байна. Сүүлийн үед чуулгын залуус Монгол бөхийн холбоотой хамтарч Бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг эхлээд дуусах хүртэл тасралтгүй уртын дуу дуулдаг болсон. Дээр үеэсээ л наадам гэдэг наана нь бөх, нөгөө талд нь шагайн наадгай, цаана нь уртын дуугаа дуулаад, нум сумаа харваад цогц тоглолт байсан шүү дээ.

-Та тайзан дээр байхдаа юуг чухалчилдаг вэ?

-Дуу хуурын бишрэм сайхныг, урлагийн гоо сайхныг үзэх гэж хүмүүс ирдэг. Тиймээс би ямар нэг алдаа, өө сэв гаргах эрхгүй.

-Хоолойгоо яаж хайрлаж, хадгалдаг юм бэ?

-Норовоо багш маань “Уртын дуучин гэдэг уралдааны морь шиг байх ёстой” гэж сургадаг байсан. Тиймээс үргэлжийн бэлтгэл хйидэг, маргааш өглөө ямар ч тоглолт гарч ирж магадгүй шүү дээ (инээв). Урлагийн хүн архи, тамхи, авгай хүүхнээс хол явж, тодорхой хэмжээний сахил хүртсэн юм шиг байх ёстой.

-Жүжгийн бэлтгэлд хамт байгаа залуус танай чуулгын хүүхдүүд үү, бүгд л таныг “Багш аа” гэж дуудах юм?

-Консерватори, чуулгын зарим шавь нарыгаа найруулагчийн зөвшөөрлөөр уран бүтээлд оролцуулдаг. Залуучууд “Ах аа, багш аа би одоо яахаар байна, та сонсоод өгөөч” гэдэг юм. Бид чинь үргэлж бие биенээсээ суралцаад л явдаг.

-Таны хүүхдүүд урлагийг сонирхож байна уу?

-“Загасчны морь усгүй” гэдэг шиг бүгд өөр мэргэжилтэй (инээв). Тэд айхтар зүтгэсэнгүй, би ч дэмжсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *