Categories
мэдээ цаг-үе

Б.Батхуяг: Хяналт тавьдаг хамгийн хүчтэй байгууллага бол иргэд өөрсдөө юм

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч АН-ын бүлгийн дарга Батаагийн Батхуягтай ярилцлаа. Төр засгийн үйл ажиллагааны зарцуулалт, төсвийн хяналтыг иргэд хянах, мэдэх эрхийг нээх санал санаачилга өрнүүлж, Иргэний танхимыг нээж өгсөн гэдгээр нь уншигчид түүнийг мэднэ.


-Таныг Чингэлтэйн Батхуяг гэх юм билээ. Дүүрэгтэйгээ холбогдсон түүхээсээ яриач?

-Чингэлтэй дүүрэгтэйгээ салшгүй холбоотой ажиллаж, амьдарч ирсэн. Бага нас минь Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Тасганы овооны баруун бэлд өнгөрсөн. Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Миний аав Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах 10 дугаар ангийн Улс төрийн орлогчоор ажиллаж байв. 2001 онд санхүүгийн чиглэлийн анхны компаниа байгуулахдаа төрж өссөн Чингэлтэй дүүрэгтээ байгуулж байв. 2003 оноос Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл энэ дүүрэгтэйгээ, иргэдтэйгээ холбоотой ажиллаж байна.

-Та иргэдийн төлөөлөгчөөр арав гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа хамгийн гол хийсэн нэг ажил тань иргэдэд төрийн үйл ажиллагаа, төсөвт хяналт тавих эрхтэй болгосон гэдэг юм билээ?

-Хяналт тавьдаг хамгийн хүчтэй байгууллага бол иргэд өөрсдөө юм. Иргэний оролцоотой нийгэм хөгжиж байна. Иргэдэд тулгамдсан асуудлыг мэдэх, шийдэх гарц нь иргэдийнхээ үгийг сонсдог, шийдвэрлэдэг байж төрийн шийдвэр, төсвийн зарцуулалт оновчтой үр дүнтэй байна. Анх Иргэний танхим байгуулах санаачилга гаргаж, энэ санал маань дэмжигдэхгүй явсан үе бий.

Манай Чингэлтэйнхэн дүүргийнээ төсвийн зарцуулалтын талаар бодит мэдээлэлгүй явж ирсэн. Төсвийн санхүүгийн ил тод байдал манай улсад маш хязгаарлагдмал. 2010 онд Дүүргийн иргэдийн хуралд бид Иргэний танхим байгуулахаар тогтоолын төсөл хоёр ч удаа оруулахад унагаж байлаа. Тухайн үед МАН-ын 23, АН-12 төлөөлөгч байсан үе. Цөөнх учраас АН-аас асуудал өргөн барихад олонхын саналаар дэмжихгүйгээр унагадаг жишиг байсан. Энэ заавал байх ёстой гэж зүтгэсээр иргэдийн оролцоог хангах зорилгоор 2012-2016 онд Ардчилсан нам олонх болох үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороондоо Иргэний танхимыг байгуулж чадсан.

-Иргэдийн оролцоо одоо ямар түвшинд байна вэ?

-Аливаа нийгэм цаг үеэ дагаад хөгжиж байна. Зөв зүйтэй хэрэгтэй ажил тодорхой хугацааны дараа ажил хэрэг болдог. Одоо дүүргийн бүх хороонд Иргэний танхимын ажилтантай болсон. Иргэд танхимаараа үйлчлүүлж, мэдээлэл авч, илүү их оролцоотой болж чаджээ. Иргэдийн оролцоо, хяналтыг тавих ёстой гэдэг байр суурийг хатуу барьж ирсний хувьд мэдээлэлтэй иргэн Та энэ улсын жинхэнэ эзэн, өмчийг мэдэх эрхтэй, мэдэх ёстой юм шүү.

-Өнөөдөр тулгамдсан олон асуудал байна. Та дотор нь ажиллаж байгаа хүний хувьд Улаанбаатар хот яагаад ийм олон тулгамдсан асуудлуудтай болов?

-Дарга нар зурагтаар гарахаараа нэг том байшингийн зураг үзүүлж тууз хайчлаад бүх юм сайхан байна, “Аз жаргалтай Улаанбаатар” боллоо гэцгээдэг. Бодит байдал дээр байшин, тууз хоёрын цаана харагддаггүй асар олон асуудал бий. Татвар төлөгчдийн мөнгө төрийн данхайсан албаны тансаг сайхан өрөө тасалгаа, тоног төхөөрөмжинд зарцуулагдаад байгаа юм уу. Эсвэл иргэдийн тулгамдсан асуудлууд эхнээсээ нимгэрсээр байх уу.

-Улаанбаатар хотын удирдлагууд иргэдийг 92 хувийн аз жаргалтай амьдарч байгаа гээд байгаа. Яг ямар үндэслэлээр энэ тоог гаргаж ирсэн юм бол?

-Улсын статистикийн тоо ч юм уу иргэдэд өгч байгаа мэдээ, мэдээллийг хараад тоог хаанаас нь харж хэлбэл гоё харагдах вэ гэдэг дээр тоглолт хийдэг. Өнөөдөр бодит амьдрал дээр аз жаргалтай байна уу үгүй юү гэдгийг хүн бүр мэдэж байгаа. 2016 оны сонгуулиас хойш МАН хүн болгоны хүсдэг аз жаргал гэдэг үгийг малгайлж тавиад “Аз жаргалтай Улаанбаатар” боллоо гэж шоудсан. Зүгээр л тэр үгээр хуурчихсан. Улаанбаатар хотын захиргаа хотын төвд түгжирч байхын оронд Хан-Уул дүүрэгт 97 тэрбум төгрөгөөр маш сайхан байшин барьчихсан байсан. Гэтэл тэр нь энэ байшинг барих уу, эсвэл цэцэрлэггүй бүх хороогоо цэцэрлэгтэй болгох уу гээд иргэдээсээ асуусан бол хэн ч нэг барилга барихыг зөвшөөрөхгүй байсан.

-Дүүргийн хуралд төсвийн эрх мэдэл хэр бий вэ?

-Дүүрэг жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг гэх урсгал зардалд зориулах, 30 орчим тэрбум төгрөг нь дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд шат дараалсан хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын цалин бусад зардлуудад зарцуулагддаг. Хуулийн хүрээнд дүүрэг ногоон байгууламжаа арчлах, хог хаягдлаа цэвэрлэх, явган авто замаа засч сайжруулах, тоглоомын талбайгаа тордох, байшин пасатаа арчлах, гэр хорооллын гудамж, зам талбайгаа засч сайжруулах ёстой. Иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээ болох сургууль эмнэлэг, цэцэрлэг гэх мэт боловсролын болон соёлын байгууллагын спортын үйл ажиллагаа, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх гэх мэт асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Төсөв нь ч энэ чиглэлээр батлагддаг.

-Улс төрийн сонголтоороо АН-ыг сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Намайг дээд сургуулийн ахлах ангид сурч байх үед нийгмийн шилжилт хөдөлгөөн болж ардчилал, хувьсгалын тухай телевиз, радиогоор ярьж, жагсаал цуглаан өрнөж байсан. Бид нийгмийн шилжилтийн үед хүмүүжсэн хүүхдүүд. Тухайн үед ард түмэн монгол даяараа нийгмээрээ шилжилтийг, ардчиллыг хүссэн. Тийм учраас залуучууд бид ч гэсэн анхнаасаа ардчиллыг дэмжсэн. Хэн нэгэн дэмж гэж хэлээгүй. Энэ зөв зүйтэй алхам болж байгаа юм байна гэдгийг ухаарч шилжилт, өөрчлөлт рүү тэмүүлэх болсон. 18 нас хүрээд анхны сонгуульд оролцохдоо шууд л Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүмүүсийг дэмжиж байлаа. Бизнес эрхэлсэн зах зээлийн системд шилжихэд хэрвээ чи л чаддаг бол чадлаараа сайхан амьдар. Уйгагүй хөдөлмөрлө. Тэгвэл бүх зүйл сайхан болно гэсэн бүх боломжийг олгож хэн ч юу хийхийг хорьж цагдаагүй. Биднийг долдугаар ангид байхад үсээ ургуулж, хувцас формоо өөрсдийнхөөрөө өөрчлөөд очиход л багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж аав, ээжийг нь дуудаж ирүүлэн индэр дээр гарган олны өмнө үсийг нь хайчилж байсан. Ийм үе байсан гэвэл одоо хүүхдүүд итгэхгүй байх. Монголын ард түмэн яагаад ардчиллыг хүссэн бэ гэвэл тэнд ямар нэгэн байдлаар эрх чөлөө байна гэдгийг мэдэрсэн юм.

-Таныг их олуулаа өссөн гэдэг. Олуулаа өсөх, цөөхүүлээ өсөхийн хоорон дахь хэрхэн ялгааг хэрхэн хардаг вэ?

-Манайх эцэг эхээс наймуулаа, долоон хүүтэй, нэг охинтой өнөр өтгөн айл. Ганц нэг нь хөдөө гадаа явчихаар яагаад ч юм цөөхүүлээ байгаа юм шиг санагддаг. Олуулаа бужигнаад л байх дуртай. Бидний хүмүүжил ч тэгж өссөн. Олуулаа байхад баяр баясал, жаргал зовлонгоо хуваалцах нь сайхан байдаг. Баяр, гунигаа бусадтай хуваалцахгүй байна гэхээр төсөөлөхөөргүй.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Анх нээсэн компани маань санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ нь санхүүгийн зах зээл рүү орох сонирхлыг өдөөсөн учраас энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Дараа нь МУИС-ийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хуульчдын холбооны өмгөөлөгчөөр ажиллах, найзуудтайгаа хамтран өмгөөллийн үйл ажиллагаа иргэдэд үзүүлдэг болсон. Одоо Дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгч, АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *