БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдаж буй Азийн 17 дугаар наадмын үеэр манай эмэгтэй жүдочдын хоолонд нь БНСУ-ын зүгээс эмэгтэйчүүдийн хэрэглэл хийж, гутаан доромжилсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ “Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн байсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ тал багийн ахлагчийн хувьд та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “-Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна” хэмээн хариулжээ.
Түүнчлэн “Монголын багийн далбаа буруу байрлуулсан тохиолдол гарсан байна?” гэх асуултад тэрбээр, “-Монголын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид даруй засч, залруулсан. Далбаа солигдсон нь Төв стадионд биш, олимийн тосгонд биш, дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон явдал гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйлаа. Дарвуулт завины төрөлд Монголоос тамирчин оролцоогүй. Энд мөн нэг зүйлийг хэлэхэд, энд зарим тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Монголын хүн амын тоог буруу зөрүү гаргасан, Монголыг Хятадын Хонгконг, Макаотай ижил ойлгогдохоор бичсэн алдаа мадаг гарсан. Тэмцээний шүүлттэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ бүхэн дээр бид гомдол гарган, асуудлыг нарийн шалгуулах тал дээр анхаарал тавьж байгаа” хэмээжээ.