Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баасанцогт: Бидний бичлэг цахим орчинд цацагдсанаар хоёр, гурван гэр бүл салах, зарим нь амиа хорлох хэмжээнд тулж байна

Бүх нийтээр коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ үед хууль, шүүхийн байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд PARKVIEW хотхоны 752 дугаар байранд бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, наргисан гэх бичлэг хоёр хоногийн өмнө цахим орчинд цацагдсан юм. Тухайлбал, олон нийтэд ил болсон тус бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн ТГн ХНХийн дарга асан Д.Отгонбаатар, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар тус тус байж, секс үдэшлэг хийсэн хэмээн “Шударга монголчууд” цахим хуудас нийтэлсэн билээ. Тэгвэл тус асуудалтайхолбоотой сэтгүүлчид болон хуульчид Clubhoused хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр тус бичлэгт холбогдсон ҮАБЗ-ийн ажилтан гэх Б.Баасанцогт энэ асуудалтай холбоотойгоор тайлбар өгч асуултад хариулсан юм.


-Та бичлэгийн талаар юу хэлэх вэ?

Би тухайн бичлэгт нэр дурдагдсан хүмүүстэй 2003 оноос хойш гэр бүлийн найзуудын харилцаатай байсан. Энэ мэдээлэлд намайг ҮАБЗ-ийн ажилтан хэмээн зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаад үнэхээр харамсаж байна. Би ҮАБЗ-д ажиллдаг биш өмгөөлөгч хүн. Бид хууль шүүхийн байгууллагад 10 гаруй жил хамт ажилласан хүмүүс, гэр бүлийн найзууд. Тухайн бичлэгт гарч байгаа эмэгтэйчүүдийн нэг нь манай нэг найзын эхнэр. Одоо хамтран амьдрагч ч гэдэг юм уу. Хэдэн цагийн өмнө энэ бичлэг цахим орчинд цацагдсанаар хоёр, гурван гэр бүл салж сарних, зарим нь амиа хорлох хэмжээнд тулж байна. Би энд орж ирсэн нь бодит нөхцөл байдлыг ярих гэсэн юм. Коронавирус гарсантай холбоотойгоор уулзаагүй удсан багийн найзууд цуглаж, уулзсан ийм л асуудал байгаа юм. Түүнээс биш бид зохион байгуулалттайгаар уулзалт зохиосон зүйл байхгүй.

-Тус бичлэг дээр хэзээний үйл явдал гарч байгаа юм бол?

-Миний санаж байгаагаар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр болов уу. Камерын бичлэг дээр нь огноо нь байсан байх.

-Тэгэхээр та бүхэн багын найзууд гэсэн үг юм уу?

-Зарим нэгнийх нь фэйсбүүк хаяг руу ороод үзвэл бидний гэр бүлийн зургууд байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс биш бидний уулзалтыг шүүгч нарын албан тушаалтай холбоод улс төр болгоод ярьж байгаад үнэхээр харамсаж байна.

-Таныг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй ойрхон ажилладаг хүн гэх мэдээлэл гарсан байсан шүү дээ?

-Албан тушаалтан, улстөрчдийн л яриа. Би бол тэр байгууллагад ажилладаггүй. Харин дээр дурдагдаж байгаа хүнийг бол мэднэ. Сая Бат инженер миний талаар МИАТ-д ажиллаж байсан гэж хэлж байх шиг байна. Үнэн. Би Гансүх даргыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад МИАТ-д ажиллаж байсан. Тэгэхээр энэ асуудал дээр архидалт болоод, олон тооны биеэ үнэлэгчид авч ирээд, найрлаж наргиад байсан асуудал байхгүй. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар бид хэрэг наймаалцсан юм шиг байна. Өндөр албан тушаалтнуудын хэрэг шийдсэн түүний захиалагч нь би болж хувираад байгаа юм уу хаашаа юм. Ингэж хүнийг ул мөргүй гүтгэж болохгүй ээ. Хүн гүтгэх хуультай. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаач ээ гэдэг үүднээс ийшээ орж ирж бодит байдлыг ярьж байгаа юм. Түүнээс биш Идэр, Болдбаатар шүүгч, тэр хүний хэрэгтэй нь холбогдуулаад намнаж, түүнд нь намайг ҮАБЗ-ийн ажилтан болгож холбоод ийм зохион байгуулалттай найруулга хийж байна. Шүүгч хүн халдашгүй дархан байх ёстой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй. Үнэхээр гэмт хэрэг үйлдэж байвал үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог. Гүйцэтгэх ажиллагаа нь прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явагддаг. Тиймээс ийнхүү олон нийтэд цацсан бичлэг дээр хэд хэдэн хууль тогтоомжийг маш ноцтойгоор зөрчиж байна гэж би харж байгаа.

-Энэ бичлэгийг гүйцэтгэх ажлын шугамаар биднийг тагнаж, чагнаж, мөрдөж бичлэг хийсэн хэмээн үзэж байна уу?

– Би бол Булганд байгаа хүн. Эрхэлсэн ажилгүй. Тэгэхээр эрхбиш над дээр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй байх гэж бодож байна. Тэр улстөрчдийн хэргийг шүүсэн шүүгч нар дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан юм биш биз дээ гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл, тэр байрны камерын бичлэг байгаа юм. Би бас өнөөдөр очоод тэр байрыг шалгаад үзлээ л дээ. Хаана нь камер байна гээд харлаа.

– Та Булганд байгаа гэсэн үү?

-Би хотод байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр ямар ч байсан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явагдсан уу. Хэрэв найз нөхөд цуглаад уулздаг үйл ажиллагааны бичлэгийг хуулж аваад олон нийтэд цацаж байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажиллагаа гэж хардахаас өөр сонголт үлдээхгүй байгаа юм. Энэ камерын бичлэгийг дурын нэг иргэн аваад олон нийтэд задалж, цацаж чадахгүй байх гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар прокурорын зөвшөөрлөөр энэ бичлэгийг авдаг. Гэтэл прокурорын зөвшөөрлөөр авагдсан бичлэг эрүүгийн хэргийн нотлох баримт болдог учраас олон нийтэд задрах ёсгүй. Энэ чинь хүний нэр төр, алдар хүнд, бүхэл бүтэн 4-5 айлын аж амьдрал цаана нь байгаа. Тэгэхээр хууль бус аргаар энэ бичлэгүүдийг авсан байна гэж бодож байгаа.

-Хэн ямар зорилгоор энэ бичлэгийг цацсан гэж хардаж байна вэ?

– Би маш олон хүнийг хардаж байна. Тухайлбал, бичлэг дээр гарч байгаа шүүгчдийн шийдсэн хэрэгтэй холбоотой тодорхой нам, улс төрийн бүлэглэлүүдийн хийж байгаа үйл ажиллагаа гэж харж байгаа.

-Тухайлбал, СБД-ийн шүүгч Болдбаатар ямар улстөрчийн хэргийг шийдсэн юм бол?

-Шүүгчид дотор улстөрчийн хэргийг шүүдэг шүүгч, бусад хэргийг шүүдэг шүүгч гэж байхгүй. Шүүгч дээр хуваарилагдаж ирсэн хэргийг л шүүдэг. Яг ямар ямар хэрэг шүүснийг одоогоор би хэлж мэдэхгүй байна. Хүсвэл өөрөөс нь тодруулж асуугаад энэ өрөөнд ярихад бэлэн байна.

-Хуульчид, шүүгчдийн хооронд найз нөхдийн холбоо байгаад байна л даа. Ажил үүрэг гүйцэтгэж байх үед найз нөхдийн холбоо ямар байх ёстой юм бол. Ингээд уулзаад байж болдог юм уу?

-Бид нар 2004 оноос хойш гэр бүлийн найзууд байсан. Шүүхэд жижүүр, нарийн бичиг, туслах хийхээс бид ажлын гараагаа эхлүүлсэн. Би ҮАБЗ-д ажиллаж байгаагүй. Ажиллаж ч үзээгүй.

Та гомдол гаргах уу?

-Гомдол гаргана.

-Яг ямар үр дагаврууд гараад байгаа юм бол?

-Тухайлбал, тэр бичлэг дээр байгаа хүмүүсийн гэр бүлийн харилцаанд томоохон хэрүүл гарч, амиа хорлох түвшинд асуудал гарч байна.

-Нэг эмэгтэй нь тэнд байсан эрчүүдийн нэгнийх нь эхнэр байсан гэхэд заавал амиа хорлох түвшинд асуудал хурцадна гэж үү?

-Цахим орчинд гарч байгаа яриа гүтгэлэг, бичиж байгаа асуудалд хүмүүс тийм байдал руу орж байна. Өөрөөр хэлбэл, тэнд байсан бүх хүмүүсийн ар гэр ойлгож хүлээж авахгүй шүү дээ. Тийм ч учраас цахим орчинд бичиж байгаа мэдээлэлд итгэснээр ийм байдал үүсч байна. Бид хэн нэгэн охидоор түрий барьж хүн амиа хорлох гэж байна гэж байгаа асуудал биш. Энэ бичлэгт дурдагдсан бүх хүмүүсийн ард амьдрал бий. Тэр хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсээд байгаа юм.

-Та өмгөөлөгч гэлээ. Тэгэхээр бичлэгт гарч байгаа шүүгчдийн шүүж байгаа хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юу?

-Үгүй. Би хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагааг эдгээр шүүгчид дээр орж болохгүй. Яагаад гэхээр найз нөхдийн харилцаатай асуудалд шүүгч болон өмгөөлөгч татгалзах ёстой. Эдгээр шүүгчдийг шүүгч болсон цагаасаа хойш шүүсэн нэг ч хэрэг дээр би өмгөөлөгчөөр орж байгаагүй.

-Тэгэхээр та тус бичлэгтэй холбоотойгоор бидний буруу байгаагүй гэж үзэж байгаа юм уу?

– Хүний амьдрал юм чинь найз нөхдүүд хоорондоо цугласан уулзалтыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Бид олон жил найзалсан гэр бүлийн найзууд…

-Та гэр бүлийн найзууд гэлээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүд гэр бүлийнх нь хүмүүс гэсэн биз дээ?

-Зөвхөн нэгнийх нь гэр бүлийн хүн. Өөрөөр хэлбэл, тэнд чинь таван хүн байна шүү дээ. Таван хүний нэг нь биеэ үнэлэгч гэж бичсэн байсантай холбоотой хүн. Тэр хүнтэй бид гэр бүлийн найзууд биш. Чулуунбаатар, Болдбаатар, Идэр бид дөрөв гэр бүлийн найзууд. Тэгэхээр би найз нөхөдтэйгөө уулзсан, миний найзууд надтай уулзсан асуудал яагаад цахим орчинд сэвэх хэмжээний гэмт хэрэг болчихов гэдгийг гайхаад байгаа юм. Бидний бичлэг задарсан асуудлыг гэмт хэрэг гэж харж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *