Categories
мэдээ нийгэм

Азийн супер сүлжээ байгуулах судалгааны ажлууд хийгдэж байна гэв

​“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг зурган илэрцүүд

“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад оржээ.

Энэхүү нарны цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгааг салбарын хүмүүс хэллээ.

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна” гэв.

-НАР, САЛХИ, УС ЗЭРЭГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас хэлэлцүүлгийн талаар тодрууллаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар яриач?

-“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, Эрчим хүч зохицуулах хороо хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар Уур амьсгалын өөрчлөлт нөлөөллийг бууруулна гэсэн агуулгатай. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого, хуультай. Энэ хууль төрийн бодлогын дагуу л явах ёстой.

Монгол Улсын нарны станцын бий болгох хүчин чадал 700 МВт байгаа, харин салхины станц 500 мб байдаг. Нийтдээ 1200 МВт хүчин чадал бий болгоно.

Нар, салхи байхгүй бол цахилгаан байхгүй болно. Бид зохистой харьцааг тэнцүүлэх үүднээс сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20 гэж тогтоосон. Монголын нэгдсэн сүлжээнд 245 МВт –ын цахилгааныг нар, салхины эх үүсвэрээр гаргах боломж байна. Үүний 120 МВт нь бий болсон. Ахиад 120-130 МВт нэмэгдэнэ. Энэ оны эцэс гэхэд дахиад таван нарны станц, нэг салхины станц ашиглалтанд орно. Энэхүү станцууд ашиглалтад орвол оны эцэс гэхэд зорьж буй 20 хувьдаа хүрэх юм. Сэргээгдэх эрчим хүчийг цаашдаа зөв хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонирхож байна. Энэ талаар тодруулаач?

-Сэргээгдэх эрчим хүчийн хуулинд салхинаас үйлдвэрлэсэн цахилгааны нэг килобайтыг 9-10 цэнтээр худалдаж авна. Нарны эх үүсвэрээс гаргасан цахилгааныг15-18 центээр худалдаж авна гэж хуульчлаад өгсөн байгаа. Энэ бол хамгийн өндөр үнэ. 2007 онд гаргасан тарифф шүү дээ.Үүнээс хойш арав гаруй жил болж байна. Дэлхийд өнөөдөр технологи сайжраад сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт эрс буурсан. Дэлхийн дундаж үнээс манай хуулиар тогтоосон үнэ хоёр дахин их байгаа. Өндөр үнээр худалдаж авах учир хөрөнгө оруулагчид олноороо ирж байна. Бидний зүгээс хийх гэж байгаа гол өөрчлөлтийн агуулга нь дэлхий жишгийн дагуу хөгжүүлье. Хуулинд байгаа өндөр үнийн босгыг байхгүй болгоод үнийг чөлөөлж өрсөлдөөний журмаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг өгөх хуулийн төслийг санаачилна гэж зорьж байгаа.

Төвийн эрчим хүчний системд 11 эх үүсвэрээс цахилгаан нийлүүлж байгаа. Энэ онд 1081 КВт буюу хамгийн их ачаалалтай байна. Үүний дундаж үнэ 145 төгрөг байгаа. Гэтэл нарны станцын цахилгаан нэг кБ.т нь 422 төгрөг байна. Салхины цахилгаан станцаас гарсан цахилгаан 230 төгрөг байна. Импортоор авч байгаа цахилгаан 204 төгрөг байдаг.

Хэрвээ эрчим хүчний хуулийг өөрчилж өрсөлдөөн зарлавал одоо байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ хоёр дахин буурах төлөвтэй байна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ямар ямар боломжууд байгаа вэ?

-Хэрэглэгч бүр үйлдвэрлэгч болох боломжтой. Байшингийн дээвэр дээр нарны дэлгэц тавих. Нарны энергийг цахилгаан биш дулаан болгон хувиргаж дулааны хангамж халуун ус, гэрийн халаалтад ашиглаж болно.

-Сэргээгдэх эрчим хүчийг экспортлох боломж бий юу?

-Нар салхины станц бариад тэндээс гарсан эрчим хүчийг том зах зээл рүү экспортлох боломж бий. Орос, Хятад, Монгол, Япон, Солонгос улсуудын дунд цахилгаан дамжуулах том сүлжээ барьж байгуулах судалгаа хийгдэж байна. Үүнийг азийн супер сүлжээ гэж нэрлэнэ. Судалгаа энэ оны эцэс дараа оны эх гэхэд дуусна. Нааштай үр дүнд хүрвэл таван улсын дунд өндөрсгөсөн шугам бариад нар салхи нүүрснээс гаргасан цахилгаанаа экспортолж валют олж ирэх том боломж нээгдэнэ гэж харж байгаа. Цаашдаа Монгол Улс өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаад 2023, 2024 он гэхэд эрчим хүчээ экспортлоно гэсэн зорилт тавьсан.

-Дөргөн, Тайшир цахилгаан станцууд баруун аймгуудыг цахилгаанаар хангаж хүчирдэг үү?

-Дөргөний цахилгаан станц нь 12 МВт хүчин чадалтай Ховд аймгийн нутагт байгаа. Баруун гурван аймаг буюу Увс, Ховд, Баян-өлгий аймгуудыг цахилгаанаар хангах зориулалттай. Баруун гурван аймгийн цахилгааны 30 хувийг л Дөргөний цахилгаан станц хангадаг. Үлдсэн хувийг нь ОХУ-аас импортоор авч байгаа. Харин Тайшир нь Говь-Алтай аймагт байдаг 11 МВт хүчин чадалтай. Говь-Алтай, Завхан аймгийн 50 орчим хувийг цахилгаанаар хангадаг. Тус аймгууд үлдсэн хэрэглээгээ төвийн системээс авдаг.

-Усан цахилгаан станц Монголд их хэрэгтэй гэдэг. Энэ талаар яриач?

Усан цахилгаан станц Монгол Улсад хамгийн их хэрэгтэй. Гарч буй цахилгаан нь хямд байдаг. Далан ашиглан өвөл, зунгүй ажиллуулах боломжтой. Мөн зардал багатай нөхөгдөшгүй эх үүсвэр гэв.

-УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ-

Монгол Улсын хэмжээнд:

  • Нийлбэр чадал нь 20 МВт бүхий хоёр нарны цахилгаан станц
  • Нийлбэр чадал нь 100 МВт бүхий хоёр салхин цахилгаан станц
  • 0.38 МВт-аас 12 МВт хүртэлх дөрвөн усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний 145.4 МВт -ын нийлбэр чадал бүхий 8 үйлдвэрлэгч 2017 онд 262.2 сая квт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлж, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *