Categories
мэдээ нийгэм

Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллерийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллерийг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаанзагалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, зорилтот бүлэгт хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажилладагт талархалаа илэрхийлсэн юм. Мөн энэ жил өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад зориулж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15 мянган боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэсэн тусламж болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж, малын эрдэс, тэжээлийг ард иргэдэд хүргэж ажилласныг онцлон тэмдэглэлээ.

Харин Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллер, Монголын Улаанзагалмай нийгэмлэг энэ жил “Цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эрсдэл болохоос урьдчилан сэргийлэх тусламжийг хүргэн ажиллаж байгаа нь Азидаа анхдагч байгууллага болж байгааг онцолсон юм.

Мөн уулзалтын үеэр хоёр тал цаашид зөвхөн зудын гамшиг гэлтгүй монгол оронд дийлэнх тохиолддог үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *