Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний
байгууллагуудын хурал боллоо. Энэ хурал монголчууд бидэнд хаалттай болов. Үндсэн
илтгэлүүдээ англи хэл дээр тавьж, хурал болж байгаа газар нь ч олон нийтэд
мэдээлэгдэлгүй өнгөрлөө. Бүр сэтгүүлчдэд мэдээлэл дутмаг олдож байснаас ингэж дүгнээд
байна. Цөөн хэдэн сонин, сайтад “Чуулган болно, болж байна” гэсэн товч мэдээ
гарч, ихэнх телевизээр энэ тухай мэдээлэл бараг цацагдсангүй. Ядаж нэг
телевизээр шууд дамжуулж хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, бусад орны жишээ,
хэтийн төлөв ямар байгааг ард түмэнд ойлгомжтой хүргэх болов уу гэсэн ч тэгсэнгүй.
Яг юу болоод өнгөрөв. Ихэвчлэн гадаад улс орнууд иргэдийнхээ
эрхийн тухай яриад өнгөрчээ. Тодруулбал, бүс нутгийн 28 орны хүний эрхийн
байгууллага, НҮБ-ын тусгай илтгэгчдээс бүрдсэн 160 гаруй нөхөд өнгөрсөн хэдэн өдөрт
англи хэл дээр Монголоос бусад улс үндэстний хүний эрхийн тухай хүүрнэлдсэн нь
энэ бололтой юм. Гадныхан Улаанбаатарт ирж өөрийн орныхоо эрүү шүүлтийн эсрэг,
хүний эрх зөрчигддөг явдлыг халахаар, иргэнийхээ эрхийн төлөө том том илтгэлүүдийг
ийнхүү тавьж байхад Монгол орон хүнийхээ эрхийг хэлж, ярих нь бүү хэл иргэддээ
ч энэ тухай мэдэгдсэнгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Монголын Хүний
эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг л улсаа төлөөлж энэ чуулганд илтгэл
тавьсан гэж байгаа. Гэхдээ түүний илтгэлд яг юу туссаныг бүү мэд. Учир нь
илтгэлээ урьдаас бэлдэж, төлөвлөлгүй тухайн үед санаандаа буусан зүйлийг
ярьсныг сэтгүүлчид сүүлд нь мэдсэн юм.
Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт болсон хүний эрхийн төлөөх
томоохон чуулганы дараа ийм л яриа, сэтгэгдэл үлдэж байна. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж уг чуулганд уригдаж үг хэлээгүй бол бүр ч бүрхэг төсөөлөлтэй үлдэх
байсан биз. Төрийн тэргүүн тус хуралд хүрч очоод “Хүний эрхийн асуудал дээр, хүнийхээ
эрхийн төлөө Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ. Хүний эрхийн төлөөх бүхий
л гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон. Энэ бүхэн Монголд яг л хууль шиг хэрэгжинэ”
хэмээн товхийтэл дуугарсныг олон нийтэд түгээхэд ард түмэн алга ташин хүлээн
авч буй нь мэдрэгдэж байв. Үүнээс өөрөөр монголчуудын эрхийн төлөө, иргэдийн
эрхийг хамгаалж ярьсан нь тун ховор бололтой байна. Зарим нэг хүмүүс энэ талаар
үгээ хэлэхийг хүссэн ч биднийг оруулсангүй гэж гомдоллож яваа нь дуулдсан. Үндсэндээ
бидний хувьд үр өгөөжгүй хуралдаан болж өнгөрлөө
гэж дүгнэсэн ч болохоор байгаа юм.
Эндээс малчин монголчуудад хүний эрх үнэхээр хамаагүй юм уу
гэсэн асуулт урган гарч байгаа. Бид өөрсдийгөө хүн гэж санаад хүний эрх яриад
байсан нь буруу байсныг сая гэрчилчихлээ. Уг нь бид Ази, Номхон далайн бүс
нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хэмээх томоос том автортай
чуулган Улаанбаатар хотод болохоос өмнө яг энэ асуудлыг хөндөж хичнээн жил
ярьж, хэрхэн хийрхэж ирснийг олон түмэн мартаагүй байх.
Бусдыг дуурайж олон ч жил хүний эрх ярьсан жишээг “Өдрийн сонин”-ы шарласан хуудсууд өнөөдөр ч гэрчилсээр. Тухайлбал, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярын гэх асуудал бий. Түүнийг өмгөөлөгч Л.Баярмаа, Ц.Цэрэнжээ нар “Өдрийн сонин”-ы №101 (4741) дугаарт “Энэ хэргийн эргэн тойронд сонин сонин юм тохиолдож байна. Хүний амь эрсэдлээ. Өмгөөлөгч зодууллаа. Шүүгдэгчдийг 50 тэрбум төгрөг идлээ, уулаа, угаалаа гэх зэргээр холбогдоогүй хэрэгт нь гүтгэж байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон биз дээ. Энэ конвенцид гурав дахь этгээдийн эсрэг мэдүүлэг авахын тулд хүнийг хорих, дарамтлах, доромжлохыг хориглоно гэж заасан. Хуульч хүний хувьд үнэхээр цөхрөнгөө барж байна” хэмээн өгүүлж байв.
Мөн шоронд амиа алдсан Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Т.Нямдорж “Өдрийн сонин”-ы 2014 оны тавдугаар сарын 14-ний дугаарт “Төрийн тусгай харуул хамгаалалттай газар байсан хүн амиа алдлаа. Хорих ангийн эмч, эмчилгээний ажилтнуудын асуудал биш цаашлаад хуулийн байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын хууль бус үйлдэл хөндөгдөнө. Мөн хорих газрынхан энэ хүнийг хоригдож байхад хэрхэн харьцаж, эрхийг нь зөрчиж байсан гэх мэтээр сөхөх олон ноцтой зүйлс бий. Эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн гэх яриа байгаа нь үйлчлүүлэгчийн эрхийг ямар хэмжээнд зөрчиж байсныг харуулж байгаа хэрэг” хэмээн ярьсан байдаг. Түүнээс гадна Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мөн оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн дугаарт “Хууль тогтоогчид иргэний эрх зүйн салбарыг шалан дээр унагаж Монгол Улсыг эрүүгийн орон болгож байна. Миний бичсэн ноорог цаасыг АТГ-ынхан олж аваад олон нийтэд тарааж иргэний захидал, харилцааны нууцад халдсан. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаанд хүртэл саад учруулж өмгөөлүүлэгчийн маань эрхэд удаа дараа ноцтойгоор халдсаар байна” хэмээн өгүүлж АТГ-ыг шалгуулна гэдгээ мэдэгдэж байжээ.
Сэжигтнүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүж хүний эрх зөрчдөг талаар ердөө гуравхан жишээг сонины хуудаснаас жишээлэн дурдахад л ийм байна. Ер нь зөвхөн шоронд л хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш. Гэр дотор, гадаа гудамжинд гээд нийгмийн бүхий л харилцаанд иргэдийн эрх зөрчигдөж байдаг. Харин энэ тухай дэвшүүлэн ярих, олон улсын туршлага судлах томоохон боломж ийнхүү бидэнд хаалттай өнгөрчээ. Угтаа бидэнд Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хамаагүй байсан бололтой.