Categories
мэдээ улс-төр

Автотээврийн С зөвшөөрлийн үнийг хямдруулах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Замын Үүд-Эрээний хооронд явж байгаа оросын “69” машины асуудлыг Хятадын тал оруулдаггүй. Би энэ асуудлаар заримдаа Хятадын талтай ярьдаг. Уг нь та нар үүнийг зохицуулдаггүй. Мөнгө авах, зөвшөөрөл өгөх болохоор та нарын асуудал, хэрүүл гарахаар орон нутгийн асуудал болдог. ГХЯ энэ асуудлаар мөн ярьж байгаа. Энэ бол танай яамны ажил юм билээ. Үүнийг шийдээд өгөөч. Автотээврийн С зөвшөөрлийг үнэгүй олгож болдоггүй юм уу. Зориудын хомсдол бий болгоод зардаг байдал иргэдийг бухимдуулж байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Хоёр улсын хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа. Бээжингээс зөвшөөрөл ирэхээр оны хоёрдугаар хагаст гуравдагч орны машиныг оруулдаг болно гэсэн. С зөвшөөрлийн үнийг хямдруулах боломжтой. С зөвшөөрлийн тоог Хятадтай тохирдог. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг Хятадын талаас бага олгодог.

С.Бямбацогт: Автотээвэрт тусгай зөвшөөрөл гэх хүнд суртлыг багасгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Автотээврийн салбарт автозам, төмөр зам, нисэх гээд олон салбар хамаардаг. Авто тээвэрт тавьсан замаа нүүрс, ачаа бараа тээвэрлэж, тавьсан замаа эвдээд байдаг. Төрийн албан хаагчдын тоог багасгана гээд агентлагуудаа төсөвт байгууллага болгосон. Гэтэл аж ахуйн нэгж болчихоод орлого хөөгөөд явчихсан. Үүнд тээвэрчид зөвшөөрөл авах гээд бөөн ажил удаж байна. Тухайлбал, тээврийн жолооч дээр тусгай сургалтад суралцаж, мэргэшсэн жолооч бэлтгэнэ гэж байна. Энэ асуудлуудаа яаж шийдэх вэ? Улс хоорондын, мэргэшсэн жолооч, хот хоорондын тээвэрлэлт гээд бөөн хүнд суртал байна. Олон тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөлнө гэсэн. Хүнд суртал, авлига, шан харамжийн асуудлаа яаж шийдэх вэ?

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Тээврийн салбарт уялдаа холбоог нь зохицуулах асуудал байгаа. Теримнал, ложистикийн төвүүдтэй уялдаа холбоог зохицуулж байгаа. Даац хэтрүүлэх асуудал дээр олон улсын конвенцийг мөрдөх заалттай ч уул уурхайн тээвэрлэлтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх шинэ зохицуулалт хийсэн. Үүнийг хуулийн төсөлд тусгасан.

Мэргэшсэн жолоочийн асуудал өмнөх хууль дээр байсан. Мэргэшсэн жолооч гэдгийг олон улсын тээвэрт шаардаж байгаа. ЗЦГ-аас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болно гэдэг. Харин мэргэшсэн гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг барьж байхыг анхааруулдаг. Мэргэшсэн жолоочийн эрхийг таван жилийн хугацаатай олгодог.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээхүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуунсухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар Автотээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *