Categories
гадаад мэдээ

Австрид “Ногоон паспорт” төсөл хэрэгжиж эхэллээ

Австри улсад аялал жуулчлал, нийтийн хоол, соёл, спортын салбарын байгууламжуудад нэвтрэх “ногоон паспорт” төслийн эхний үе шат өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Коронавирусний вакцинжуулалт эрчимжиж, халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор Австри хэвийн амьдралдаа эргэн орж байгаа юм. Цар тахлын улмаас 2020 оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилсэн хязгаарлалтын дараа тус улсын зоогийн газар, зочид буудал, бялдаржуулах клуб, зугаа цэнгэлийн хүрээлэнгүүд өнөөдрөөс нээгдэж байна. Вакцин хийлгэх ёстой 7.5 сая хүнээс тавдугаар сарын дунд гэхэд 3 сая гаруй нь эхний тунгаа, үүнээс 1 сая гаруй нь хоёр тунг бүрэн хийлгэсэн байх аж. Австрийн эрх баригчид зун гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Өнөөдрөөс эхлэн зөвхөн коронавирусний вакцин хийлгэсэн гэрчилгээтэй, халдвар аваад эдгэрснийхээ дараа эсрэг биетийн шинжилгээ хийлгэсэн бичигтэй эсвэл коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс кафе, бялдаржуулах клуб, театруудаар үйлчлүүлж, зочид буудалд бууж болно. Энэ сард эдгээр баримтыг цаасан хэлбэрээр үзүүлэх шаардлагатай бол зургаадугаар сараас бүрэн дижитал хэлбэрт шилжих аж.

“Ногоон паспорт”-ыг зөвхөн Европын Холбооны орнуудад хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинуудыг хийлгэсэн хүмүүст олгох юм байна. Харин Оросын “Спутник V”, Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хийлгэсэн хүмүүс зоогийн газар, театрт очихын тулд коронавирусний шинжилгээ өгөх ёстой байна.

Австрийн эрх баригчид мөн ЕХ-ны ихэнх орон болон зарим гуравдагч орнуудаас ирэх жуулчдыг заавал тусгаарлах журмыг энэ сарын 19-нөөс эхлэн цуцлахаар болжээ.

Одоогийн байдлаар тус улсад зоогийн газрууд 22:00 цагт хүртэл ажиллаж байгаа бөгөөд шөнийн цагаар гэрээсээ гарахад тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна.

Австрийн Засгийн газар халдварын тархалтын байдлаас шалтгаалан зургаадугаар сард шөнийн клубүүдийг нээж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөхөөр төлөвлөжээ. Одоо тус улсад худалдааны төвүүд, музейнууд нээгдсэн байгаа бөгөөд эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ энгийн амны хаалт биш FFP2 ангиллын амны хаалт зүүх ёстой байна. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх журам хэрэгжсэн хэвээр байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *