Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралийн хар салхины улмаас нүүрсний 54 уурхай үйл ажиллагаагаа зогсоожээ

Австралийн баруун эргийн Квинсленд муж онцгой байдал зарлаад байна. Дебби нэртэй хар шуурга эрэг рүү ойртож байгааг Цаг уурын алба сануулж байгаа бөгөөд салхины хурд цагт 263 километр хүрч байгаа аж. Австрали нь 1 сая 880 км2 газар нутагтай буюу манай улсаас том юм.

Даваа гаригийн өглөө Proserpine эрэг дээр тэнгэр цэлмэг цаг агаар тогтуун байсан ч мягмар гариг гэхэд бүх зүйл эсрэгээрээ эргэж үерт бүхэлдээ автжээ. Хар салхины улмаас модод үндсээрээ сугаран хийсч бүс нутаг тэр чигтээ усан бороонд автсан байна. Оршин суугчдын хэлж байгаагаар орон сууцнууд доргин чичирч цонхнууд нь хагарчээ. 34 мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдэл зуун жилд нэг удаа л тохиолддог байна. 2011 онд хамгийн сүүлд далайн хар шуурга энэ бүс нутагт тохиолдож байжээ. Энэхүү үерийн улмаас нүүрсний экспортоосоо 3.6 тэрбум долларын алдагдал хүлээж байжээ.

Энэхүү Дэбби нэртэй хар салхи нь тус улсын аж үйлдвэрийн онцгой бүс болох Queensland эрэг рүү чиглэн явж байна. Австралийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлдэг коксжуулсан нүүрсний экспорт гол бүс үерээс үүссэн усан бороонд цохигдож нүүрс тээвэрлэдэг төмөр зам болон далайн боомтууд их хэмжээгээр эвдэрч сүйдсэн аж. Энэ нь экспортод урт удаан хугацаанд муу үр нөлөөгөө үзүүлж болзошгүй гэнэ. Тус боомт коксжуулсан нүүрсний 60 хувийг тээвэрлэдэг аж. Үерийн улмаас нүүрсний 54 уурхай нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа зогсоожээ.

Монголын хувьд энэ байдал нь ашигтай байдлыг үүсгэж болох юм. 2011 оны Австралийн үерийн үеэр монголын талд нүүрсний экспорт өсч байжээ. Энэ үед нэг тонн нь дэлхийн зах зээл дээр 420 ам.доллар болж байхад манай улс 100 доллараар экспортолж байсан юм. Түүний дараагаас манай экспорт үргэлж буурсаар ирсэн юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *