Categories
мэдээ нийгэм

Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав

Австралийн Холбооны парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг албан ёсоор байгуулагдав. Тус бүлэгт Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, сенатчид зэрэг нийт 22 гишүүн тэдгээрийн дотор Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Пэрри, Төлөөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишоп, Австралийн Шадар сайд бөгөөд Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд У.Трасс нар тус тус оржээ.

Бүлгийн даргаар Австралийн парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах болон худалдааны хамтарсан байнгын хорооны дэргэдэх Тусламж, гадаад бодлогын дэд хорооны дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Ш.Стоун сонгогдоод байна.

Тус дэд хороо нь гадаад бодлого, тусламжийн бодлогыг зангидан хариуцдаг болно. Австрали Улсад 2013 оны 9 дүгээр сард парламентын ээлжит сонгууль болж, парламент шинээр эмхлэн байгуулагдсан юм.

Монголын бүлэгт эрх баригч-Либерал намаас 10 гишүүн, сөрөг хүчин-Хөдөлмөрийн намаас 9 гишүүн, мөн эрх баригч намтай эвсэн Засгийн газар байгуулсан Үндэсний намаас 3 гишүүн тус тус орон ажиллаж байна. Мөн бүлгийн гишүүдийг мужийн төлөөллөөр авч үзвэл, Австралийн Күинсланд, Нью Саут Уэльс зэрэг мужаас сонгогдсон тус бүр 6 гишүүн, Баруун Австрали мужийн 4 гишүүн, Виктория мужийн 3 гишүүн, Тасмани мужийн 2 гишүүн болон Өмнөд Австрали мужийн нэг гишүүн тус тус байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *