Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн буюу Аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн шатны сугалаа өчигдөр шөнө явагдлаа. Олон жил энэ тэмцээнийг өнжсөн хэд хэдэн клубууд хэсгийн шатанд шалгарч тус тусын хэсэгт багтсан юм.
Тэмцээний A хэсэгт өнгөрсөн улирлын Европа лигийн аварга Атлетико Мадрид клуб Германы Боруссия Дортмунд, Францын Монако болон Бельгийн Брюгге клубуудтэй нэг хэсэгт багтжээ. Үүнээс гадна долоон жилийн дараа Аваргуудын лигт эргэн оролцож буй Италийн Интер Милан клуб харьцангуй хүнд буюу Испанийн Барселона, Английн Тоттенхэм, Нидерландын ПСВ Эйндховен клубуудтэй нэг хэсэгт багтсан байна.
Францын аварга ПСЖ клуб Италийн Наполи, Сербийн Црвена Звезда болон өнгөрсөн улирлын дэд аварга Ливерпүүлтэй хамт C хэсэгт багтсан юм. Харин D хэсэг “амьдралын” буюу хамгийн сул хэсгээр нэрлэгдсэн бөгөөд энд ОХУ-ын аварга Локомотив Москва, Португалын Порту, Германы Шальке 04, Туркийн Галатасарай клубууд багтаад байна.
Хэсгийн шатны нээлтийн тоглолтууд есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд явагдах юм.