Хөлбөмбөг сонирхогчдын амтархан үздэг Аваргуудын лигийн хамгийн үзүүштэй хэсэг болох хэсгийн тоглолтын хуваарь тодорч 2020/2021 улиралд аль баг хаана, хэнтэй учрах вэ гэдгээ мэдлээ. Хэдийгээр өнгөрөгч улирал коронавирусийн тархалтаас шалтгаалан сунжран, тогтож хэвшсэн хугацаанаасаа хойшлон өндөрлөсөн ч шинэ улирал нь удаан хүлээлгүй уламжлалаараа шууд л наймдугаар сард эхэлж рейтинг багатай багуудын халз тоглолтуудаар үргэлжилсэн. Тэр халз тоглолтуудаас шалгарсан найман баг, үндсэн 24-тэйгөө нийлээд хэсгүүдэд хэрхэн яаж хуваагдах сугалаа Женев хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. За тэгэхээр Европын шилдэг 32 баг доорх байдлаар найман хэсэгт хуваагдан ирэх жилийн хавар хүртэл тоглох нь ээ.
“A”хэсэг
1. Бавари
2. Атлетико Мадрид
3. “Ред Булл” Зальцбург
4. “Локомотив” Москва
“B” хэсэг
1. “Реал” Мадрид
2. “Шахтёр” Донецк
3. “Интер” Милан
4. Боруссиа М
“C” хэсэг
1.Порту
2.Манчестер Сити
3. Олимпиакос
4. Марсель
“D”хэсэг
1. Ливерпүүл
2. Аякс
3. Аталанта
4. Мидтьюлланн
“E” хэсэг
1.Севилья
2.Челси
3. Краснодар
4. Ренн
“F” хэсэг
1. Зенит
2. “Боруссиа” Дортмунд
3. Лацио
4. Брюгге
“G” хэсэг
1. Ювэнтүүс
2. Барселона
3. Динамо К
4. Ференцварош
“H” хэсэг
1.ПСЖ
2. Манчестер Юнайтед
3.РБ Лейпциг
4.“Истанбул” Башакшехир
Сугалааг харахад хэд, хэдэн онцлог анзаарагдах вий. Оросоос анх удаа гурван баг энэ нэр хүндтэй тэмцээний шигшээ шатанд шалгарсан нь анзаарагдана. Дани улсын аварга Мидтьюлланн хэмээх урт, хэцүү нэртэй баг анх удаагаа томчуултай хамт хэсгийн хуваарилалтад орж үзлээ.
Бас Турк улсын аварга “Истанбул” Башакшехир хэмээх шинэ баг дээд түвшинд тоглох боломж оллоо. Туркийн тэргүүн Эрдоганы хайртай баг тавхан жилийн дотор доод лигээс дээшилж, улсын аварга болж улмаар Аваргуудын лигийн шигшээд багтаж чадсан нь яалт ч үгүй том хүний хаялга, буян төлөөлсний үр дүн биз ээ.
Уламжлал ёсоор Орос болон Украины багууд нэг хэсэгт багтаагүй. Ювэнтүүс, Барселона хоёр “G” хэсэгт багтлаа. Нэг их гайхаад байх зүйл биш ч гэлээ хоёр багийн бүрэлдэхүүнд Криштиану Роналду, Месси нар байгаа, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчид хоорондоо учралгүй хоёр жилийг өнгөрөөчихсөн гэж бодвол бас анхаарал татах ёстой биш гэж үү.
Түрүү улирлын аварга “Бавари” багийн ялалтын шуугиан намжиж амжаагүй байхад үргэлжлээд дараагийн улирал эхэлж буй нь яах аргагүй нөгөө коронавирустэй холбоотой агаад УЕФА хэр барагтай тогтсон уламжлалаа өөрчлөөд байдаггүй заншлаа бас дагасныг тооцоолох хэрэгтэй байх. Хэсгийн эхний тоглолтууд аравдугаар сарын 20-21-нд эхэлж төгсгөлийнх нь арванхоёрдугаар сарын 8-9-нд тоглох хуваарь гарсан байна лээ. Түүнчлэн арваннэгдүгээр сараас эхлэн зарим улсын Цэнгэлдэх хүрээлэнд коронавирусийн халдвар харьцангуй гайгүй байх аваас үзэгчдийг Цэнгэлдэхэд оруулахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ зөвшөөрөл халдвар хэт их тархсан Англи, Франц, Итали, Испанид үйлчлэхгүй, харин коронавирусээ их, бага хэмжээгээр хянаж чадаж буй Орос, Герман зэрэг улсууд Цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийн 30 хувьд нь таарахаар үзэгчдийг бүхий л хамгаалах хэрэгсэл, зай барилт зэргийг нь сахиулсны үндсэн дээр Цэнгэлдэхэд зочлон үзхийг зөвшөөрчээ. Женев хотноо зохион байгуулсан уг сугалааны үеэр УЕФА өнгөрөгч улирлын шилдэг хөлбөмбөгчдөө зарласныг бас мартамгүй. Шагналыг Аваргуудын лигийн шинэхэн аварга “Бавари” бүхэлд нь хамсан.
Роберт Левандовски шилдэг хөлбөмбөгч, Мануэль Нойер-шилдэг хаалгач, Жоошуа Киммих-шилдэг хамгаалагч, Флик-шилдэг дасгалжуулагч гээд бүгд “Бавари”-гийнхан. Гадуур үлдсэн ганц шагнал буюу шилдэг хагас хамгаалагчийн шагналыг Ман Ситигийн Кевин де Брюйне авна билээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ