Аймгийн арслан Г.Ганцоож
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2005-2009 онд суралцаж төгссөн үндэсний бөхийн анхны ангийн хамт олныг онцоллоо.
Монголын спортын салбарт шинэ үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэн гаргаж буй хамт олон бол дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургууль. Тамирчдын хөлс, хөдөлмөрөө урсгаж бэлтгэлээ хийдэг “Аварга” сургуулийн спортын заалнаас Монгол Улсын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр 2008 онд төрсөн байдаг.
Арвин түүхтэй сургуулиас төрсөн алдартнуудын цуваа улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан нараар үргэлжилнэ.
2005 оны намар нутаг нутгийн бөх болох хүсэл мөрөөдөлтэй 32 залуу “Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангид багш А.Элбэгийн удирдлагад элсэн орж байжээ. Эдгээр залуус гавьяат багш улсын начин Б.Адьяахүүгийн дор бөхийн эрдэмд суралцаж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ.
Тэгвэл өнөөдөр “Аварга” сургуулийн үндэсний бөхийн анхны ангийнхнаас улсын начин Б.Сангисүрэн, Г.Ганжад, аймгийн хурц арслан Ш.Дарханбат, аймгийн арслан Б.Баттүвшин, Б.Тайван, Ж.Наранбаатар, У.Батгэрэл, Г.Ганцоож нарын улс аймгийн алдар цолтой хүчтэнүүд төрөн гарчээ.
АЙМГИЙН АРСЛАНТАЙ БОЛЛОО
Энэ ангийнхны анхны томоохон амжилтыг 2006 онд хоёрдугаар курсын оюутан Б.Сангисүрэн өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа наадамд хорьж болохгүй хорин насандаа долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж багш нар болон нутгийн зон олноо баярлуулжээ. Энэ цагаас хойш ангийн нөхөд нь цолоо ахиулахын тулд илүү хөдөлмөрлөж, дор бүрнээ хичээх болсон гэдэг. Б.Сангисүрэнгийн амжилт “булган сүүлтэй” байж араас нь ангийнх нь олон залуус аймгийн цолд хүрсэн юм.
Үүний дараа Ж.Наранбаатар 2010 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд аймгийн заан Л.Батзоригоор долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэхэд ангийн нөхөр Ш.Дарханбат Өмнөговь аймгийн наадмын түрүү бөхөөр тодорч аймгийн арслан цол хүртжээ.
Мөн 2011 онд Архангайн У.Батгэрэл Сүхбаатар аймгийн наадамд одоогийн улсын харцага Т.Баасанхүүг аймгийн заан цолтойд нь орхиж түрүүлснээр ангийн арслангуудынхаа тоог нэгээр нэмсэн байна.
Энэ онд Б.Тайван Ховд аймагтаа, Б.Хүрэлчулуун Булган аймагтаа тав давж аймгийн цолны босго алхацгаасан аж.
Улсын начин Г.Ганжад
АНГИЙН НАЙЗУУД ТҮРҮҮ, ҮЗҮҮРТ ШАЛГАРАВ
Үндэсний бөхийн анхны ангийнхнаас МҮБХ-ноос зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд амжилттай барилдаж их амжилтынхаа гарааг эхэлсэн хүмүүс олон. 2011 оны дөрөвдүгээр сард болсон сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд энэ ангийн залуус одтой наадаж Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Г.Ганцоож ангийн найз Ховд аймгийн харьяат Б.Тайвантай үлдэж түрүүлсэн байна. Энэ барилдаанд “Аварга” сургуулийн ангийн төлөөлөл Г.Ганжад амжилттай барилдаж дунд шөвөгт шалгарч байжээ. Г.Ганцоож зун нь Хэнтий аймгийнхаа баяр наадамд сумын заан цолтой барилдаад аймгийн заан С.Жиенханыг орхиж түрүүрлсэнээр аймгийн арслан цолд хүрсэн юм. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан 2012 оны хавар улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Ду.Батбаяр нарын шилдгүүдийг өвдөг шороодуулж их шөвөгт шалгарсан байна.
УЛСЫН ЦОЛТОН ТӨРӨВ
2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадамд ангийнхнаа бодвол арай туршлагажсан аймгийн арслан Б.Сангисүрэнд багш Б.Адьяахүү нь “Улсын цолонд хүрэх болов уу” гэж найдлага тавьж байв. Б.Сангисүрэн начин баяр наадмын дөрвийн даваанд Дорнодын улсын начин Ж.Гансүхийг даваад начны даваанд үе тэнгийн залуу хүчтэн Булган аймгийн арслан А.Отгонбаатартай тунаж зоримог дайчин барилдан өвдөг шороодуулж улсын цолны өндөр босгыг алхжээ. Тав давсан залуу начныг зургаагийн даваанд амлаад барилдчих аварга, арслангууд олдсонгүй. Тэрээр нэг үеийн хүчтэн Ч.Санжаадамбатай тунаж удтал хүч үзэж барьц сонгуулж тахим өгчээ.
Мөн 2017 оны улсын их баяр наадмаар ангийн нэгэн хүчтэн улсын цолтны өнөр бүлд багтсан нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Галсан-Очирын Ганжад. Тэрбээр баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Завханы улсын гарьд Ш.Жаргалсайханыг давсан бол начин цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамбын аманд очжээ. Улсын цолны босгоор алхахын тулд энэ цагийн манлай хүчтэн, идэр аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулах хүнд даалгавартай тулав. Гэсэн ч залуу аваргатай эн тэнцүүхэн хүч үзэж өвдөг шороодуулснаар олон жил мөрөөдсөн улсын начин цолд хүрсэн.
Улсын начин Б.Сангисүрэн
УЛСЫН ЦОЛТНУУДЫНХАА ТООГ НЭМЭХЭЭР ЗҮТГЭЖ БУЙ ЗАЛУУС
Ангийнхаа хоёр начны араас улсын цолд хүрэхээр “Аварга” сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны төгсөлтийн олон залуус эрчимтэй бэлтгэлээ базааж байна. Тэдний нэг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбат. Тэрбээр өнгөрсөн зун аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн бөгөөд бөх сонирхогчид түүнийг өмнийн говиос улсын цол хүртэх дараагийн хүчтэнээр нэрлэдэг.
Мөн Ховд аймгийн арслан Б.Тайван улсын начны даваанд босч байсан туршлагатай бөх. Тэрээр 2015 оны улсын баяр наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаагаар дөрөв давсан ч улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодож улсын цол хүртэх мөрөөдлөө хойшлуулсан юм.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат улсын начин “уурган дэгээ” хэмээх Сугар начны удмын хүчтэн аймгийн арслан Ж.Наранбаатар энэ ангиас улсын цолд хүрэх өндөр магадлалтай залуусын нэг. Энэ ангиас улсын цолд зүтгэж буй аймгийн арслангуудын нэрс Архангайн У.Батгэрэл, Хөвсгөлийн Н.Баттүвшин, Хэнтийн Г.Ганцоож нараар үргэлжилнэ.
“Аварга” сургуулийн үндэсний бөхийн ангиас дан ганц бөхийн бус олон төрлийн спортын шилдгүүд төрөн гарсан байдаг. Тухайлбал, бодибилдингийн Монгол Улсын хоёр удаагийн аварга, мистер Мянганбаатар энэ хамт олонтой дөрвөн жилийн турш нэг танхимд суусан байна. Мөн Монголын регбигийн үндэсний шигшээ багийн гишүүн Д.Баярманлай энэ ангид суралцаж төгссөн юм.
О.ДАШНЯМ