Categories
мэдээ нийгэм

​Аварга, арслангуудыг Б.Гончигдамба шиг ажлаа хийхийг шаардаж байна

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 854 жилийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж байна. Монголын бахархлын энэ өдөр Их эзэн хааны хөшөөнд төрийн гурван өндөрлөг, хүндэтгэл үзүүлж, “Чингис хаан” одонг дуучин Г.Ариунбаатарт гардуулсан билээ. Үүний дараа чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Гэвч, өнөөдрийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар зодоглосонгүй. Ер нь улсын аварга, арслан зэрэг өндөр цолтнууд бөхийн барилдаанд ховорхон барилдаж байгааг шүүмжлэн “Өдрийн сонин”-ы аравдугаарын сарын 17-ны №240 /5505/ дугаарт гарсан нийтлэлийг дор сийрүүллээ.


Сүүлийн хоёр удаагийн дараалсан томоохон барилдаанд гарьд Б.Гончигдамбаас өөр өндөр цолтой бөх үзэгдсэнгүй. Уул нь монгол бөхөд чинь аварга, арслан цолтой бөхчүүд олон болоод байгаа биз дээ. Нэг хэсэг Бат-Эрдэнээс өөр аварга, Мөнх-Эрдэнээс өөр арслан байхгүй байсан цаг бий. Гэтэл олдохоороо өлдөнө гэгчээр өнөө аварга, арслангууд нь пээдийгээд зодоглодоггүй юм байна.

Төрийн өндөр дээд цолонд хүрсэн хүмүүст үүрэг хариуцлага гэж нэг чухал зүйл байдаг. “Одоо ч би төр түмний хүн боллоо доо” гэдэг нь ийм учиртай. Үнэхээр монгол наадмын сүр жавхланг бадруулж, төрийн зарлигаар цол хэргэм хүртэнэ гэдэг өндөр үүрэг байх нь мэдээж. Үүнийгээ умартаад үндсэн ажлаа мартаад их зан гаргаж, амин хувиа хичээх нь зохисгүй. Тийм болохоор улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын нэр бүхий бөхчүүдийг барилдахыг шаардаж байна.

Энэ жилийн түрүү бөх шинэхэн аварга улсын наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглох нь бүү хэл хамраа ч цухуйлгасангүй. Одоо эрх биш бөхийн өндөр цолонд хүрсэн хүн алтан гулдмайгаар даллахад хөөрч гүйгээд хүүхэд шиг хөнгөн үйлдэл гаргахгүй биз дээ. Энэ талаар С.Мөнхбат аварга айхтар сануулсан ярилцлага өгсөн байна лээ. Гончигдамба зодоглосон барилдаанууддаа түрүү, үзүүрт хүрээд байгаа. Ажлаа хийж байгаа хүн ямар чиг л байсан үр дүнг нь ингэж амсдаг хуультай юм.

Б.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *