Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш нарыг бэлтгэлээ

Социализмын үед тусгай сургуулийн “согог зүйч” мэргэжлийн 120-иод багшийг гадаадад бэлтгэсэн түүхтэй. Өдгөө эдгээр багш нарын дийлэнхи нь 50-аас дээш насныхан юм. Харин МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын нэг жилийн хөрвөх ангийг 50 оюутан төгсч байна.  МУБИС-ийнхан мэргэжлийн чадварлаг багш нартай  баг бүрдүүлж,  олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулсан аж. БШУЯ-ны  дэмжлэгээр 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн одоогийн нэг жилийн хөрвөх сургалтын ангийг өргөжүүлэн, Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр аймаг орон нутгаас элсэлт авч, дөрвөн жил суралцуулж, бакалаврын зэрэгтэй төгсгөх зорилт тавьсан аж.  Эхний нэг жилийн ангийн оюутанууд нь ихэвчлэн тусгай сургуулиудад ажилладаг, ажлын туршлагатай багш нар юм. Төгсөгчдийн нэг Дауны холбооны гүйцэтгэх захирал Г.Ариун байлаа.  Түүнээс энэ ангийг сонгосон зорилго болон Монгол дахь дауны өвчтэй хүүхдүүдийн суралцах нөхцлийн талаар тодруулав.
– 1993 оноос өмнө хуучин ЗХУ, Зүүн Европын  орнуудад согог зүйч бэлтгэж байжээ. Харин зах зээлд шилжсэнээс хойш  бэлтгэсэн анхны тусгай хэрэгцээт боловсролын багш нар нь бид.  2008 онд Дауны холбоо байгуулагдсан, зургаан жил ТББ-д ажилласан. Дауны хам шинжтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйг судлахаар ирсэн юм. Дауны хам шинжтэй хүүхдүүд сурч чадахгүй, эцэг эхийн бүрэн асрамжид байдаг, бусадтай харьцаж чадахгүй гэсэн ойлголт байдаг. Бусад оронд ийм өвчтэй хүүхдүүд энгийн хүүхэдтэй адил цэцэрлэгт хүмүүжиж, сургууль, коллежид сурах боломж бүрдүүлж өгдөг. Гэтэл манай нөхцөлд ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуулиар хязгаарладаг. Орон нутагт сурах боломж огт байхгүй. 0-6 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна.  Энгийн хүүхдүүдтэй ижил орчинд өсгөх хандлага руу явах хэрэгтэй. Хүүхэд бүрийн чадвар өөр.  Тухайн хүүхдэд тохирсон хэмжээнд нь сургах арга зүй бий болгох учиртай. Манай төрийн бус байгууллага анхдагч оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан  Хүүхэд хөгжлийн төв  байгуулж байна. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хандаж, энэ төвийг байгуулсан.  Эхлүүлж байтал улс нь хараад дэмжих байлгүй дээ гэж боддог гэж тэр ярив. Дауны холбоонд бүртгэлтэй 190 хүн бий.  Эдний 80 хувь нь 0-16 насныхан  аж. Дауны өвчнийг хүүхэд төрсөн цагаас нь туршлагатай эмч нар оношлох боломжтой байдаг гэнэ. 


Тусгай боловсролын багш Д.Баяртай ярилцлаа.  Тэрбээр 1981 онд ЗХУ-д согог зүйч мэргэжил эзэмшжээ. Одоо бол  нийгэм хүмүүнлэг байх учиртай гэсэн үүднээс согог гэдэг үгнээс  татгалзаж байгаа гэнэ. Согог гэдэг нь анагаах ухааны  хэллэг гэсэн шүү.  Тэрбээр Багшийн дээд сургууль төгсөөд 29 дүгээр тусгай сургуульд  сул сонсголтой хүүхдийн багшаар очиж байжээ.  Тэр үед сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд хамт хичээллэдэг байж. Ахмад багш нарын туршлагаас суралцах замаар ажиллаж байжээ.  Хоёр жилийн дараа нам засгийн бодлогоор  сургуулиасаа гурвуулаа  Эрхүүгийн  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багш бэлтгэх  сургуульд суралцсан аж.  “Бидний үеийнхэн тэтгэвэрт гарч байна. Төрөөс энэ байдлыг харгалзаж ийм анги нээсэн. Сургалтанд хамрагдсан хүмүүс тусгай сургуульд хоёроос дээш жил ажилласан, ажлын туршлагатай, хүмүүнлэг үйлстэй багш нар. Бид Монголдоо анх удаа үндэсний боловсон хүчнээ бэлтгэж байна” гэж Д.Баяр багш ярилаа. Хөгжилтэй орнуудад  зөвхөн эмнэлэгт төдийгүй хот дүүргүүдэд эцэг эхэд зөвлөх  хэл заслын төвүүд  ажилладаг гэнэ.  “Эцэг эх, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх лаборатори төв байгуулахаар  шавь нартайгаа ярьж байгаа. Эхний ээлжинд зөвлөгөө өгөх сайт нээхээр төлөвлөж байна. Дээхнэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нууж дардаг байсан. Одоо бол ийм хүмүүст тусгай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэсэн нийгмийн зөв соёл төлөвшиж байна” гэж Д.Баяр багш хэлсэн юм.     
 Хүүхэд хэл ярианы хоцрогдолтой эсэхийг хэрхэн таних талаар багшаас лавлав.  Анх эхлээд шулганаж хэлд орж байгаа үеэс нь ээж, аав нь бусадтай харьцуулж үзэх хэрэгтэй. Авиаг зөв дуудаж байгаа эсэхийг, авиа сольж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй юм байна. Хүүхдийн ярьж байгаа  зүйлийн  утга санаа ойлгогдож байгаа эсэхийг анзаар.  Утга төгс өгүүлбэр хэлж, авиагаа зөв дуудаж байвал санаа зовох хэрэггүй.  Авиагаа алдаатай хэлж,  яриа нь ойлгогдохгүй бол мэргэжлийн хүнд хандаарай.  Хүүхдийн хэл ярианд орчин их үүрэгтэй.  Хэл ярианы хоцрогдол нь  анатоми физилогийн бүрэн бүтэн байдал, төв мэдрэлийн системээс хамаардаг.  Хэл ярианы түр согогтой эсвэл хөгжлийн бэрхшээл нь тогтонги эсэхийг судалж байж л тогтооно гэв. 

МУБИС-ийн хичээлийн танхимд нэг жил амжилттай суралцан дадлага хийсэн тайлан, бүтээлээрээ оюутнууд үзэсгэлэн гаргасан байлаа.

Б.Янжмаа

 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд яагаад хуучин хувцсаа худалдаж болохгүй гэж

Дэлгүүрээс авсан дороо голж орхисон  хувцас хунар  танд байдаг л байлгүй. Ялангуяа хүүхнүүдэд иймэрхүү зуршил гэм биш зан байдаг. Загвар нь таалагдахгүй ч шинээрээ,  хаяхад хайран, шатаахад тиймхэн хувцас хунараа хамаатан садны хүн амьтанд гуйх шахуу өгч байж далд оруулдаг. Эдгээр хувцас хунарыг хэр тааруу үнээр худалдаж аваад хэрэгтэй хэн нэг нь авах боломжийг олгодог дэлгүүр байвал зүгээр дээ.   Гадаадаас ирдэг комиссын барааны талаар энд ярих гээгүй юм. Ер нь монголчууд гадаадынхны өмсч хэрэглэж байсан эд зүйлсээс эрээлж цээрлэлгүй хэрэглэж байгаа юм чинь энэ төрлийн бизнесийн орон зай байгаа л байлгүй. Гэр оронд хөглөрч хог шахуу болсон хэрэггүй эд зүйлсээсээ хэдэн төгрөгийн ашигтайгаар сална гэдэг сайхан санаа. Хямдхан  хувцас хунар  эрж хайсан  хүмүүс байж л таараа.  Хуучин хувцас, эдлэлийн бизнес хотын хогийг ч багасгах буянтай үйлс. Загвар хөөдөг хүмүүс энэ төрлийн дэлгүүрийн гол нийлүүлэгч байх вий. Манай нэг ах лав шинэ загварын зурагт гарах болгонд телевизээ сольдог сонин зуршилтай. Японд амьдарч байгаад ирсэн танил маань хэлсэн юм аа. Манайхан тэнд очихоороо үнэтэй дэлгүүрээс юм авч дийлэхгүй. Хуучин бараа зардаг дэлгүүрийн сүлжээгээр орох дуртай байдаг гэсэн.  Японд хуучин бараа, хувцас эдлэлийн сүлжээ дэлгүүр байдаг гэнэ. Монголд ч бас ийм хэдэн дэлгүүрийн хэрэгцээ бий дээ бий.

Б.ЯНЖМАА 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гамшгийн үед мэдээлэл түгээхээс гадна олон нийт хэрхэн хүлээж авч байгааг тандах нь чухал

“Та хэвлэлд юу бичихийг хянаж чадахгүй байж болно, харин амаа хянаж чадна” хэмээн ДЭМБ-ын Зүүн бүсийн Эрсдлийн  үеийн мэдээлэл харилцаа холбоо хариуцсан зөвлөх Жой Равика Каминейд манай засаг захиргааны ажилтануудад  зөвлөж байна.  Тэрбээр олныг хамарсан өвчлөл, гамшгийн үед мэдээлэл харилцааны ямар стратеги барих талаар Эрүүл мэндийн яаманд төрийн албан хаагчдад “номын дуу” сонсгосон юм.   Энэ үеэрээ Жой  Хятадад гарсан H7N9  вирусын халдварыг жишээ болгов.  Халдвар гарч эхлэхэд хэвлэлээр шуугисан.  Гэхдээ яг ямар өвчин болохыг эцэслэж тогтоогоогүй. Ямар хариу гарсаныг, яагаад хүн нас барж байгаагийн учир шалтгааныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа.  Иймэрхүү үед юу хийх ёстой вэ. Хүн бүр аливаа мэдээллийг өөр өөрийн өнцгөөр хүлээж авдаг.  Эрсдэл гэдгийг мэргэжлийн хүн учруулсан хохирлоор тооцдог байхад жирийн хүмүүс хэр зэрэг айдас төрүүлж байгаагаар нь үнэлдэг. “Хэрэв ханиаднаас болоод халуурч байгаагаа мэдэж байвал та айхгүй. Харин энэ үед  үл мэдэгдэх өвчнөөс болж халуурах тохиолдол их  байгаа талаар мэдээг сониноос уншвал та айх нь аргагүй” хэмээн Жой зөвлөх эрсдлийг ангилж  байна. 

 Үер усны аюулыг олон нийт  байгалийн гамшиг учраас яах ч аргагүй хэмээн харьцангуй хүлээцтэй ханддаг бол “Химийн бодис задраад, хордлого үүссэн гэвэл илүү ууртай  хүлээж авдаг” талаар тэр ярив. Учирсан хохирлыг буцааж болох бол хүмүүс  тайван хүлээж авна. Жишээлбэл үсийг чинь буруу тайрчихвал “За яахав дээ ургачих юм чинь” гэх бол “Чихийг чинь  сэт авчихвал ургуулж болохгүй учраас ноцтой хүлээж авах нь аргагүй”. Өөрөөр хэлбэл гамшгийн үед олон нийт  мэдээллийг яаж хүлээж авч байгааг тандах нь чухал гэж Жой онцолж байна лээ. Эрсдлийн үеийн мэдээлэл харилцаа гэдэг нь  засаг захиргааны мэргэжилтэнүүд, олон нийт харилцан мэдээлэл солилцсоны дүнд  хүмүүс өөрсдийнхөө төлөө ямар нэг арга хэмжээ авах боломжтой болохыг хэлнэ. Мэдээллийг хүмүүс хэрхэн хүлээж авч, ямар хариу урвал үзүүлж байгааг тандаад мэдээгээ олон нийтийн сэтгэл зүйд тохируулан шинэчилж байх хэрэгтэй. Олон нийтийн сэтгэл зүй бүрдэхэд хэвлэл мэдээлэл гол нөлөө үзүүлдэг учраас хэвлэлийнхэнтэй ажиллахаа мартаж болохгүй. 

Эрсдлийн үеийн харилцаа холбооны стратеги боловсруулахдаа эрсдэлийн хэмжээ, хүмүүсийн хүлээж авах хандлагыг тооцох учиртай. Эрсдэл бага, хүмүүс ч тоохгүй бол хамтрагч харилцагч байгууллагуудтай мэдээлэл солилцоод өнгөрч болно. Гэтэл эрсдэл их байхад хүмүүс айхаа мэдэхгүй үе ч байдаг гэнэ. Филиппинд ийм юм тохиолджээ. “Далайн шуурга болно, өндөр газраас холдоорой” гэж сэрэмжлүүлсээр байхад хүмүүс байдаг л нэг далайн шуурга биз хэмээн тоохгүй өнгөрчээ. Ийм үед хүмүүсийг айлгаж, сэтгэл хөдлөлийг нь дээд түвшинд аваачихуйц  өнгө аясаар ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй юм байна. Дараагийн илүү ноцтой үр дагавараас зайлсхийхийн тулд  шүү дээ. Эрсдэл багатай үед хүмүүс уур хилэнтэй хүлээж аваад байвал  тайвшруулах аястай  стратеги барих учиртай. Яагаад эрсдэл бага байгааг баримтаар нотлон харуулах нь зөв.

 Эрсдэл ч өндөр, хүмүүсийн айдас ч өндөр үед яах вэ. Энэ тохиолдолд яг юу болоод байгааг дэлгэрэнгүй тайлбарлаж, хүмүүсийн сэтгэл зовж байгааг мэдэрч байгаагаа илэрхийлэх аж.  Юу болоод байгааг бид нар ч, та нар ч мэдэж байна, хамтдаа даван туулъя гэдэг бол ийм л үед хэлэх үг. Харин энхийн цаг буюу эрсдэл бага хүмүүс ч тайван үед хүн амын дунд юу яригдаж байгааг тандаж, хүмүүсийн сэтгэлийг түгшээж болох зүйлсийг илрүүлж, намжаах арга хэмжээ авна. 

Мэргэжлийн байгууллага болон олон нийтийн харилцаанд итгэлцэл эрсдэлийн үеийн харилцааны гол суурь гэлээ.  “Харин олон нийт засаг захиргааны мэдээлэлд итгэхгүй бол яах вэ” гэж ДЭМБ-ын зөвлөхөөс асуусан юм. Хонгор суманд гарсан мөнгөн усны хордлогын үеэр эрх баригчид “Хонгор хордоогүй” гэж хэчнээн хэлээд хүмүүс итгэж өгөөгүй шүү дээ.  “Арьсаа хамгаалах гэж ингэж хэлж байна” гэж олон нийт хүлээж авч байгаа бол яах вэ? 

-Энэ бол маш хэцүү, шийдвэрлэхэд амаргүй зүйл. Итгэлцэл гэдэг маш чухал. Итгэлцэл  урт хугацааны туршид бий болдог. Итгэл алдарсан үед буцаагаад итгэл олж авах амар биш. Эрсдэлээ бодитой үнэлж чадсан бол  мэдээллийг иргэддээ аль болох шуурхай хүргэх хэрэгтэй. Хүмүүс яагаад итгэхгүй байгааг танд. 2012 онд Камбожид бага насны хүүхдийг хамарсан, өндөр нас баралттай  нууцлаг өвчин гарсан. Таваас доош насны хүүхдүүд өдөрт хэд хэдээрээ нас барж байлаа. Хэвлэлийнхэн “Камбожийн бага насны хүүхдүүдийг шийтгэсэн нууцлаг шинэ өвчин гарлаа” гэж мэдээлсэн.  Эцэг эхчүүд маш их бачимдаж хүлээж авсан. Олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд хүртэл газар дээрээс нь сурвалжлахаар очсон юм. Үнэндээ тэр нь бага насны хүүхдэд нийтлэг тохиолддог гар, хөл, амны өвчин байсан. ДЭМБ Камбожид туслахаар очсон.  Одоог хүртэл энэ нь хүүхдүүдийн дунд нийтлэг тохиолддог өвчин гэдгийг ойлгуулахаар ажиллаж байгаа” гэв.       

Эрсдэлийн үеийн харилцааны талаар буруу ойлголтууд бий. Болж байгаа үйл явдлыг мэдээлчихвэл эмх замбараагүй байдал үүснэ гэсэн болгоомжлол байдаг. Гэтэл мэдээллийг цаг алдалгүй өгч байхад олон нийтэд итгэл төрдөг. Эсрэгээрээ бодит мэдээлэлгүй байх нь олон нийтийн бухимдлын шалтгаан болох нь бий. Дараагийн ташаа ойлголт нь тодорхой гарц олдсоны дараа, бүх юм тодорхой болсны дараа хүмүүст мэдээлэл өгнө гэдэг. Юу хийх, ямар арга хэмжээ авахаа их ч, бага ч мэдэж байсан мэдээлэл өгөх л ёстой. 

Анагаах ухааны нарийн ойлголтыг жирийн хүмүүс ойлгохгүй гэсэн хандлага байдаг. Үнэн хэрэгтээ  орчин үеийн хүмүүс таниас ч нарийн мэдээллийг судлаад мэдчихсэн байх нь олонтаа. Мэдээллийг буруу түгээсэн жишээнүүд ч бий. Хэт олон мэргэжилтэнээр яриулж, хэт олон төрлийн мэдээлэл өгч хүмүүсийг төөрөгдүүлдэг. Мэдээлэл хоцроход ноцтой байдал үүснэ. Сайн боловсруулсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл зовнилыг ойлгож байгаа гэдгээ яриандаа  илэрхийлж бай. Бид чадна. Туршлагатай мэргэжилтэнүүд ажиллаж байгаа гэдгийг хэлээрэй хэмээн ДЭМБ-ын зөвлөх Жой зөвлөсөн шүү.

Б.Янжмаа             

Categories
редакцийн-нийтлэл

Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн номын тасархайг “танилаа”

ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн номын тасархайг аль номын хэсэг болохыг нь тогтоосон байна.  14 үгтэй алга дарам хэвлэмэл номын тасархайг археологийн эрдэмтэд Торгоны зам дагуух эртний Монголын  Хар хотоос олсон юм байна.  Өвөр монголын эрдэмтэд эндээс олон хэл бичгийн 100 гаруй тасархай  олсон юм. Эрдэмтэн Ёшида Жүн-ичи, Чимэддорж нар удирдан хориод эрдэмтний хүчээр “Хар хотоос олдсон монгол дурсгалын судалгаа”   номыг 2008 онд япон, хятад хэлээр Токио хотод хэвлэн гаргажээ. Харин энэхүү номд орсон дөрвөлжин бичгийн тасархайг  мөнөөх эрдэмтэд ямар ном болохыг нь таниагүй аж. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар үүнийг хоёр монгол бичмэл эхтэй тулгаж таньсан аж. Тэр нь Сажа нутгийн эрдэмтэн Пагва лам Лодойжалцаны зохиосон “Шэйжэ равсал шэйжавын данжой” буюу “Мэдэгдэхүүнийг бэлгэтэеэ гийгүүлэгч нэрт шастир”-ыг Монголын дөрвөлжин үсгээр хэвлэсэн ном гэнэ.  Уг олдсон тасархайг одоогийн үсгээр буулгавал “…(цагт)  болбоос нэгэн бээр болъюу. Эд үлгэрээр сав ертөнц хийгээд амьтны биесийн цагийг цаглан үлгэртъюү. Сав ертөнц бүтэхийн шалтгаан  нь тэнд төрөгчид амьтны хамт үйлдсэн заяаны эрхээр бүтьюү. Бүтэхийн ёсон (нь)…” гэх мэт үгс бүхий өгүүлбэрүүд аж. Энэ номыг Хубилай хааны хүү Чингим хаан хүү  зохиолгосон гэх. Энэ ертөнц хүн амьтан бүх юмыг тэвч гэсэн утгатай өгүүлбэр юм байна.  Уг шастир нь таван бүлэгтэй том ном юм. XIII зууны сүүлийн мөчлөгт хамаарах дурсгал аж. 

Дөрвөлжин үсгийг Хубилай хааны зарлигаар Пагва лам  1269 онд зохиосон гэнэ.  Тухайн үед уйгаржин монгол бичиг байсан ч Юань гүрний үед Түвд, Монгол, Дундад Азийг хамарсан нэгдсэн нэг бичиг хэрэгтэй гэж үзсэн учраас ийнхүү дөрвөлжин үсэг мэндлэх хөрс суурь бүрджээ. Их Юань улсыг мандаж байх үед дөрвөлжин бичиг нь 100 орчим жил ихээр хэрэглэгдэж байжээ.   

Р.Отгонбаатар гуайг дөрвөлжин бичиг судлаад хэр удаж байгааг лавлахад “Монгол хэл бичгийн багш хүн учраас эрхбиш ухааныг нь мэднэ. Гэхдээ дөрвөлжин үсэг таньдаг томчууд нь таниагүй юм” гэв. 

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхичид гишгэх газаргүй

Тамхины хяналтын хууль гарсан биш ганц далайлгадаг юмтай боллоо. Өглөө
автобусанд явж байсан чинь жолооч тамхи баагиулж яваа харагдав. “Сайн байна уу.
Нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татаж
болохгүй шүү дээ. Хуулиар хориглосон юм ” гэчихлээ. Жолооч тамхиа цонхоор шууд
л чулуудчихав. “Анх удаа л надад ингэж хэлж байна. Хэрвээ хүмүүс хэлбэл тамхи
татахгүй л дээ” гэж байна аа бас. 
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулж 
явахад тамхи зуусан  хүн мэр сэр
тааралдана. Хууль гарсан болохоор ч  тэр
үү шаардлага тавихаар чих зөөлөнтэй хүлээж авдаг юм.

 АН-ын УИХ дахь  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би тамхи
татдагийнхаа төлөө яагаад ял үүрэх ёстой юм” гэж хуулийн төслийн өөрчлөлтийг
хэлэлцэх үеэр өөрийгөө өмгөөлсөн  байна
лээ. Бусдыг хордуулж байгаагийнх нь 
төлөө тамхичидийг дарамтлах нь зүйн хэрэг шүү дээ. Одоогийн УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл  хэдэн жилийн өмнө
“Аавыгаа Америкт урих гэсэн чинь тамхи татдаг болохоор нь өрөвдөөд байна.
Америкт тамхичин хүнд гишгэх газар байхгүй” гэж ярьж байсан юм. Монголд ч гэсэн
тамхичин хүнд гишгэх газар байхгүй болгох хэрэгтэй. Тамхичид ч гэсэн тамхи
татах газар байхгүй гэж гоншигноод байх 
хэрэггүй шүү дээ. Тамхи татахгүй бол эрүүл мэндэд нь л сайн биз дээ.

Б.Янжмаа      

Categories
редакцийн-нийтлэл

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь
тодорхой болов.  Эх хүний хувьд би
хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний
хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн
хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад
хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн
иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо
хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах
зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин
боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч
догь.

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор
зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн
газраас  “Хогны уут” хөтөлбөр
хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин
боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж. 
Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж
дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд
хогноосоо салахын тулд ямар стратеги барив? 

Эхлээд тэд  хаягдал дахин
боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь
хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог
ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт
олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч
түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал 
дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад
ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр
олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л
хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж,
хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал
түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр
солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул
дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт”
хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн
туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.
 Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн
мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ?

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой
хог хаягдал эзэлдэг.  Одоогийн
байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л
ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий. 
Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг
хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь
ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа
биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын
хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон
уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.Янжмаа                   

Categories
редакцийн-нийтлэл

Засгийг засах жор

Эдийн засгийн хямралын гол буруутнаар Эдийн засгийн
хөгжлийн сайд  Фортуна Н.Батбаяр тодорч,
суудлаасаа буух төлөг улс төрчдийн ам дамжин буугаад байна. Түүн дээр мөн
хөрөнгө оруулагчидтай хэл үгээ ололцож чаддаггүй, тэднийг үргээдэг хэмээн ад
үзэгдээд байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгаас хамгийн түрүүн явуулах
сайдуудын тоонд дурдагдах болсон. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүртэл түүнийг “Чалко”-той
хийсэн гэрээг дур мэдэн өөрчилсөн эсэхийг нь шалгахаар болоод буй.  “Засгаас хамгийн түрүүн явуулах сайд биш” нь
тодорхой болоод буй Х.Тэмүүжинг авч үлдэхээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос
авахуулаад АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан намын
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хүртэл мэдэгдээд байгаа. Цахим
ертөнцөөр ч Хууль зүйн сайдын фэнүүд мундахгүй байгаагаас харахад мань эр “мотор”
сайтай юм гээч.  АН-ын ерөнхий нарийн
бичгийн дарга Ц.Оюундарь манай сэтгүүлчид ярихдаа “Эдийн засгийн бодлогыг  авч яваа яам шалгуурт тэнцэхгүй байна.  Өнгөрсөн хугацаанд сайдынх нь санаачилж, кноп
дарж байсан саналууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан гэх мэтээр  мань Фортунаг “муулав”. Засгийн газрын
кабинетэд ойрын үед салхи оруулах ёстой гэж үзэж буйгаа тэр нуусангүй.

Засгаас хамгийн түрүүнд явуулж болох хийгээд  явуулж болохгүй сайд нарын жагсаалт гарахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багагүй үүрэг гүйцэтгэж орхив.
Өнгөрсөн амралтын өдөр зурагтаар дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө тэр Засгийн
газрын хариуцлагагүй сайдуудыг  “засварлах” замын зургийг гаргаж өгсөн гэхэд
болно. 

Сайд нарын давхар эрх мэдлийг хязгаарлах зорилготой
“Давхар дээл тайлах” гэж нэрлэгдээд байгаа хуулийн төслөө Ерөнхийлөгч эргүүлэн
татахгүй гэдэг нь тодорхой болсон. Үнэндээ МАН-ын  гох дэгээ тавьж орхисон 2014 оны долдугаар
сарын 1 гэдэг хугацаа ч чухал биш бололтой. “Энэ Засгийн газрыг огцруулах,
бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Харин хариуцлага тооцох асуудал
дээрээ тооцоод явах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэллээ.

 Үнэндээ манай сайд
нар муухайдаа суудалтайгаа зууралдаад, гадаадын сайд нар ёс зүйтэйдээ өөрсдөө
сайн дураараа огцроод байдаг юм биш аж. Албан тушаалтануудтай хариуцлага
тооцдог механизм нь тодорхой байдаг гэнэ л дээ. Японд гэхэд л жилдээ Засгийн
газрынхаа 70-80 хувийг нь шинэчилдэг аж.  Хариуцлага тооцдог гурав, дөрвөн шатлал байдаг
юм байна. Ёс зүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх учиртай. Ийм тохиолдолд
тухайн албан тушаалтны араас хууль, хяналтынхан шалгаж мөшгөдөггүй.  Хэрэв байдал өөрөөр өрнөж, сайд энэ нөхцөлд
ажлаа өгөхгүй бол дараагийн ээлжинд улс төрийн хариуцлага ирнэ. Улс төрийн
хариуцлага нь арай хүнд шийтгэлтэй. Дахиад сонгуульд оролцож, нэр дэвших эрхгүй
хоцордог. Энэ шатны хариуцлага ч хүлээхгүй манайхны хэлдгээр сандалтайгаа
зууралдаад байвал хууль хяналтын байгууллага нь оролцдог аж. Харин манайд  “Хариуцлагын зохицуулалт алга” гэж
Ерөнхийлөгч хэллээ. “Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгд  хариуцлага гэж яриад байдаг. Нэрийг нь
сонсоод яваад байгаа энэ зүйлийн зүсийг нь 
одоо бүгдээрээ харъя” гэж Ерөнхийлөгч онцолжээ.  Давхар дээл тайлах хууль зөвхөн эхлэл гэнэ.
Цаана нь бас Улс төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох хууль оруулахаар
зэхсэн аж.

“Багийн даргаасаа авахуулаад Ерөнхийлөгчөө хүртэл
сонгогддог бүх албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт хийх” нь  Ерөнхийлөгчийн мөрөөдөл бололтой.  Эргүүлж татах механизм хэрэгтэй гэнэ.  Үгүй бол “хуулийн байгууллага нэг УИХ-ын
гишүүнтэй хөөцөлдөөд, гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг. Ийм
л учраас ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж
байгаа” гэнэ. Монголын төрийг сайхан харагдуулах Ерөнхийлөгчийн арга зам “Эрх
мэдэл, хариуцлагын тогтолцоог сав саванд нь, дээл дээлэнд нь оруулах” аж. “Засгийн
газар гэдэг Ерөнхий сайдын сав, УИХ гэдэг танхимд сууж, хуулиа баталж байх
учиртай. 17 нөхөр УИХ-д суугаад азаргалчихсан, фракцын дүрэмд орчихсон, нэгийг
нь хөдөлгөх гэхээр засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалаад, шийдвэр
гаргаж чаддаггүй. Манай төрийн нэг эмгэнэл шийдвэр гаргаж чадахаа болилоо.
Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахгүй боллоо” гэж
Ерөнхийлөгч оношилсон. “Хугацаа хойшлуулахгүйгээр асуудлыг шийдээд явъя.  2016 он гэхэд УИХ-д нэр дэвших нь өөрсдийгөө
тодорхойлчих, засагт байх нь засгаа тодорхойлчих. Сонгуулийн хуульдаа, намуудын
хуульдаа, тодорхой өөрчлөлтүүдийг хийчихье. Намын, сонгуулийн санхүүжилт,
бизнес улс төрийг салгасан хуулийн маш тодорхой заалтууд орж ирэх юм. Энэ
бүхнээр бид асуудлаа засна. Энэ бүхнийг би түлхсэн шиг түлхэнэ” гэж Ц.Элбэгдорж
тайлбарлав.

 “Эдийн засгийн
хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болсон” нь энэ салбарын сайдыг
яамтай нь “цомхотгоход” хүргэжээ.

Давхар дээлийг нь тайлуулах гэхээр Засгийн газрын хувь
заяаны асуудал болж хувираад байгаа. Харин Ерөнхийлөгч Засгийн газрыг
ганхуулахгүйгээр засах жор хэлнэ лээ. Одоо 17 сайдтай. Олон түмэн дэмжихгүй
байгаа гурван сайдыг өөрчлөхөд асуудал үүсэхгүй гэнэ. Засгийн газрын кабинетийн
50 хувь нь зэрэг огцроход Засгийн газар огцрох хуультай. Харин эхлээд гурвыг,
дараа нь дөрвийг өөрчилсөн ч болно хэмээн зовлон үзсэн “чавганц” зөвлөж байна.
“Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг
хэрэггүй  гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө
УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гээд байгаа. Шинэ яам байгуулаад ажил нь мундаг
сайжирсан зүйл харагдахгүй байна.  Ийм
өөрчлөлт хийхэд Ерөнхий  сайдад бүрэн эрх
боломж нь бий” гэж Ц.Элбэгдорж гарц санал болгоно лээ.  

МАН-ын бүлэг Засгийн газраас санал болгосон “Эдийн
засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай 
УИХ-ын тогтоол”-ын төсөлд хошуу нэмсэн байна лээ. “Төсвийг тэлсэн
бодлогыг зогсоож, төрийн байгууллагуудын үр ашиг муутай бүтэц орон тоог 30
хувиар цомхотгон, чиг үүргийн хувьд давхацсан яамдыг арав хүртэл бууруулахаар”
түүндээ тусгажээ.  Эдийн засгийн хөгжлийн
яам янз нь “Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээ”-нд хамрагдах  вий.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Насны найзууд

Равжаа хутагтын ша­дар бүсгүй Дади­шуа­ригийн “Анх бага насандаа”
хэ­мээх тунирхлын үг шиг ангийнхаа Эвлэ­лийн үүрийн дарга Б.Чулуун­баа­тарт Н.Хүрэлбаатар
найз  нь 
утасдаад, уйлах шахаж “Чи л сайн сайхан юм ярьж биднийг Улаангом руу илгээлтээр
явуулаа биз дээ” хэмээн тунирхлын үг чулуудсан удаатай гэнэ. Тунирхсан шалтгаан
нь том биш ээ. Ангийнхны дурсамжийн номонд анхаарал тавих­гүй, өөрийнхөө яруу найр­гийн
номоо хийгээд яваад нь эгдүүцсэн юм байж. Тунирхлын түүх сөхөгдөхөд “Би арав хоног
эмнэ­лэгт хэвтэж байж тэр номон дээр нь ажилласан” гэж С.Тойвгоо гуай зүүлт тайлбар
хийж байна.  1966 онд Увс аймгийн Баруун туруун
сумын 10-ын “А” ангийг төгсөгчдийн хувьд анхны илгээлт өвөр­лөж, аймагтаа бүү хэл
улсдаа түүчээ байснаараа бахархдаг юм билээ. 10-ын “А”-гийнхан ангиараа Монголын
хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт авч, Улаангомын  гурилын үйлд­вэрт хоёр жил ажил­ла­сан
содон түүхтэй улс. Уулзах хүсэлтийг маань хүлээж аваад, нэг ангийн хоёр охин, зургаан
хүү ирсэн байв. Харин  Т.Өнөрбаян багш ангийн
хүүхдүүдээсээ нэг их ялгарахгүй харагдана. Тэрбээр шавь нараасаа гурав, дөрөвхөн
эгч. Улсын багшийн дээд сургуулийн орос хэлний анги төгсөөд, Баруунтурууны арван
жи­лийн сургуульд томи­логдож, есдүгээр ангийн 
хүүхдүүдийн анги даасан багш болжээ. 

-Ангийнхнаа уруу та­­таж үймүүлэхээр маань Т.Өнөрбаян багш  “Чамайг Жунгуузад хэл­нэ дээ” гэдэг сэн. Хөг­шин
сурагч нар залуу  багшийн үгэнд орохгүй болохоор
сургуулийн Эв­лэлийн үүрийн дарга, математикийн багш нөх­рөө­рөө далайл­гаж байгаа
нь тэр гэж Б.Чулуунбаатар тайл­барлав. Д.Жунгууз нь зүгээр ч үгүй боксчин маягийн
залуу байж.

-Манай ангийн М.Цэвээн тэргүүтэй хэсэг сурагч 1966 оны хавар  “Багш аа, танд нэг юм хэлнэ ээ” гээд байх юм.
“За, хэлээч” гэхээр “Дахиад жаахан бодоод хэлнэ ээ” гэнэ. Хэдэн удаа ийм яриа болсны
эцэст “Бид сургуулиа төгсөөд бүгдээрээ Эвлэлийн илгээлтээр аймгийн шаардлагатай
газар ажиллаад, дараа нь дээд сургуульд орохоор шийдсэн” гэдэг юм байна. Үүнийг
би толгой дааж шийдэх эрхгүй. Холбогдох газарт хэлж, хариуг нь  өгөхөөр тохиролцов. Би сургуулийн захиргаагаар
дамжуулж, аймгийн нам, эвлэлийн хороонд уламжлан хариуг нь хүлээж байв.1966 оны
тавдугаар сард байх аа, Увс аймгийн  Гурилын
үйлдвэрт хоёр жил илгээлтээр ажиллах урилга ирсэн нь улсын хэмжээнд гурав дахь,
аймагтаа анхных нь болж, улс орон даяар зарлагдан, түүхэнд үлдэж билээ хэмээн багш
нь дурслаа.  Б.Чулуунбаатар “Нэг их хөөрч
догдолсон бид улаан туг дэрвүүлсэн, шинэхэн гучийн тэвшин дээр өдөржин нүдүүлсээр  Улаангомд очиход аймгийн төвийн хөдөлмөрчид цуглачихсан,
туг лоозон болж угтаж байлаа” хэмээн дурсав. 
Биднийг үйлдвэр маань зэргэлдээх орон сууцандаа нэг өрөөнд хоёр, гурваар
нь оруулж, өрөөнд маань ор хөнжил, гудас бүтээлэг, ширээ сандал, боорцогны тос хүртэл
бэлтгэсэн байлаа. Очсон өдрийн оройгоос эхлэн үйлдвэрийн захиргаа, аймгийн эвлэлийн
хороо, намын хороо шил дараалсан хүлээн авалт хийж, бидэнд баяр хүргэж захиас  сургааль айлдсан сан.     

Дагалдан ажилчнаар хоёр сар ажиллаад, шалгалт өгч жин­хэлцгээсэн
гэж нэг ангийнхан ам уралдан хуучлав. Тэшүүрийн улсын аваргын хүрэл медаль хүртэж,
хоёрдугаар зэргийн тамирчин болсон Г.Аюурзанаас бусад нь хот байтугай аймгийн төвөө
ч үзээгүй байсан  учраас ихэнхид нь Москвад
ирсний дайтай санагдсан гэнэ.  Улаангомын
гурилын үйлдвэр баруун аймгийнхныг гурилаар хангадаг, 90 ажилтантай том газар байж.
Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүдийг нэг дор ажилтнаар авахаар үйлдвэрт хүндрэл учраа­гүй
юм уу гэж гайхахад маань Д.Хөхөө гуай “1937 онд аж үйлд­вэрийн комбинат баригдаад,
эх орон даяар үйлдвэржилтийн ажил өрнөсөн. Ажиллах хүчний хүрэлцээ муу байснаас
1965 онд сургууль төгсөгчдийг үйлдвэрлэлд хуваарилах  Сайд нарын зөв­лөлийн тогтоол гарсан үе” хэмээн
тухайн цагийн нөхцөл байдлыг тайлбарлав. 
Нийслэлийн 15 ду­гаар дунд сургуулийн наймдугаар ангийн сурагчид мөн Төв
аймгийн Баян сумын “Найрамдал” нэгдэлд илгээлтээр гарсан юм байж. Тэд­нийг ажлын
байран дээр нь сургаж, аравдугаар ангийн боловсролтой болгоход нам, засгаас анхаарсан
юм билээ. Энэ хоёр ангийн хүүх­дүүд хожим нь бүгд их, дээд сур­гуульд суралцсан.
Араасаа  асар олон залуусыг үлгэрлэн дагуулах
учраас тухайн үеийн Эвлэлийн төв хороо, Сайд нарын зөвлөл асар их анхаарал тавьсан
гэж нэг ангийнхан ярьцгаав.  Хожим 2006 онд
Анхны илгээлтийн эздийн 40 жилийн ойгоор Монголын Залуу­чуудын холбооноос энэ ангийнханд
батламж гардуулж, “Мартаж үл болох хүмүүс” уулзалт зохиосон удаатай. 

Ангийн Эвлэлийн үүрийн дарга Б.Чулуунбаатар “Нэгдүгээрт манай хамт
олон 58 жилийн турш өвдөх, үхэх өөдлөх жаргах бүхэнд хамт байж, нэг ангийнхан байж
чадсан. Бидэн шиг жилд хоёроос дөрвөн удаа уулздаг анги байхгүй дээ. Хоёр дахь бахархах
юм нь илгээлт. Өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй түүхэн үйл явдлын эзэд болсон.
“Тэр үед өвчигнөөд илгээлтээр гарсан юм” гэсэн сэтгэгдэл одоо ч төрдөггүй” хэмээн
дүгнэв. Тэр үеийн төр засаг амлалтдаа хүрдэг байсан. Илгээлтээр хоёр жил ажиллаад,
их сургуульд суралцахаар  цагаан онгоц хөлөглөн,
Улаанбаатарт ирээд, цайллаган дээрээ хундагаа хагартал тулгаж байлаа. Бидэнд тэр
үйлдвэрт бүтээсэн ч юм бий, устгасан ч юм бий. Үйлдвэрийн дарга Я.Далибаг гуай биднийг
буцахад “Системийн хэмжээнд гурван удаа түрүүлэхэд маань гол хүч болсон залуусаа
алдаж байгаадаа харамсч байна. Өдөр болгон цагдаагийн газар дуудагдаж өчигдөр орой
кино, бүжгийн дараа танайхан ингэсэн тэгсэн гэж чихнээс хонх уядаг дайсны цэр­гүүдээс
салж байгаадаа баяртай байна” гэж нулимс унагаж билээ хэмээн Эвлэлийн үүрийн дарга
үргэлжлүүлэв. “Хоёр жилийн турш нэг ч охиныг жирэмсэн болгоогүй, хамгаалж ирсэн”
гэж ангийн улаан хамгаалагчдын нэг байсан Н.Хүрэлбаатар бахархлаа. Охидоо хамгаалж,
толгойгоо хагалуулсан удаатай, тэр.  “МААМС
буюу Мал аж ахуйн машинт станцын залуучуудаас 
охидоо хамгаалах гэж бөөн ажил болдог байсан” гэж багш нь дурсав. Нутгийн
хулигаанууд ч бэрх даваа байж.  

Эдний ангиас есөн багш, эмч дөрөв, эдийн засагч гурав, малын эмч,
зоотехникч гурав, инженер техникийн олон мэргэжилтэн төржээ. Дутуу цагаан гэгддэг
байсан ангийн жаахан Г.Бүрэнцагаан нь эдний ганц цэргийн хурандаа. Я.Цэдэнбал гавьяат
багш болсон. Хоёр доктор төрүүлсэн анги. Олон жил сургуулийн захирлаар ажилласан
Б.Чулуунбаатар асуудал дэвшүүлж бай­на аа. “Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр ангийн
хүүхдүүдийг III цахилгаан станц үзүүлэх болов. 
Сургуулийн захиргаанаас арай гэж зөвшөөрөл аваад,  цахилгаан станцын захирал, ерөнхий инже­не­рээс
авахуулаад бүгдийг нь гуйлаа. Үйлдвэрийн газар осолтой аюултай гээд зөвшөөрдөггүй.
II цахилгаан станцын инженер миний дүү учраас аргагүй зөвшөөрсөн дөө. Үйлдвэр үзэхдээ
хүртэл аюултай гэвэл энэ хүүхдүүд хэзээ мэргэжлээ сонгох юм бэ? Хэзээ нялх байдлаасаа
гарах юм. Цагаан захтан бэлтгээд байгаа юм биш үү” гэж тэр шүүмжилсэн.      Ангийн найз, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоогийн өрөөнд нэг ангийнхан
бужигнаж буй нь энэ. “Тэр хоёр жилд үнэхээр ажил, амьдралын туршлага суусан. Үйлдвэр
халаалтын системгүй, Увсад -50 хэм хүрч хүйтэрдэг учраас хэцүү үе байсан” гэж Д.Хөхөө
ярив. Энд өнгөрүүлсэн хоёр жилийн ажлын туршлага амьдралд чинь хэрэг болсон уу гэхэд
“Бололгүй яах вэ” гэнэ. Мань эр илгээлтийн эзэн байхдаа токарийн тавдугаар зэрэгтэй
болжээ. Хожим нь Улсын багшийн дээд сургуулийн үйлдвэр сурганы ангийг хөдөлмөрийн
багш мэргэжлээр төгсч, олон жил хөдөлмөрийн багш хийсэн түүнд токарьчин байсан үе
нь ихэд хэрэг болжээ.  “Баруунтурууны сангийн
аж ахуйн сургуульд намайг явуулах гэж аав, ээж маань хурим хийж байгаа  хүүхэн мордуулахын дайтай юм болсон. “Малгай байгаагүй
учраас ам дөрвөлжин даавууны дөрвөн үзүүрийг зангидаж өгсөн, шарваар хэмээх өргөн
өмд оёж, хаанаас ч олсон юм орос бакалын танаг тосолж өмсгөсөн. Одоо бо­до­ход алиалагч
шиг л харагдаж байсан болов уу. Тэр үед ихэнхи хүүхэд над шиг хувцасласан учраас
нэгнээ шоолно гэж байхгүй нь даанч сайхан” хэмээн Д.Хөхөө хуучилсан юм.

С.Тойвгоо гуайн сурагчийн эхний өдрүүд ээжид нь лав амаргүй байсан
даа. Түүнийг долоон настайд нь эгчтэй нь ханьсуулан сургуульд өгсөн юм байж. Ээжээрээ
үүрүүлэн аргадуулан байж хичээлдээ очоод, ээжийгээ явмагц энд тэнд нуугдан хичээлээ
таслаж цаг нөгцөөдөг байж. Ээж нь яагаад ингээд байгааг асуухад “Тэгвэл та битгий
харьж бай. Манай ангийн цонхны дэргэд байж байгаад үе үе шагайж хар. Тэгвэл би хичээлээ
таслахгүй” гэсэн юм байж. Хөөрхий ээж нь хичээл тартал сургуулийн хашаанд сууж,
хүүгээ хүлээнгээ монгол гутал улладаг байж.

“Ангийн хамгийн жижигхэн нь би” гэж М.Батжаргал хэлэхээр нь гайхав.
Одоо бол тэр хамгийн том харагдаж байна лээ. Г.Аюурзана “Наадах чинь олон банкны
яс барьсан хүн” хэмээн даапаалав.  М.Батжаргал
Монголбанкинд олон жил ажилласан. “Төв Ази” банкны захирал байсан гэхээр банкны
дампуурлын дараа олон юм дуулсан нь тодорхой. Ц.Басанжав нэгдүгээр курстээ цэрэгт
татагдсан байна. Ангийн охин Г.Аюурзана “Карантинд байхад нь эргэж очсон чинь нүд
нь гялалзсан халтар юм болсон байсан” гэнэ. Түүнийг  Ш.Наташа, Б.Чулуунбаатар нар нь мөн эргэж очсон
аж. Ангийн охин Ш.Наташа эргэж очихдоо  цэргийн
найздаа хоёр хоногийн чөлөө авахуулах гэж хоёр хүүхэдтэй гэргийн дүрд чадмаг тоглосон
аж.  Одоогийнх шиг “Оюутан цэрэг” хөтөлбөр
байсан биш гурван жил цэрэгт алба хаагаад үргэлжлүүлэн сурсан гэнэ. Дээд сургуулиас
татагдаж очсон цэргүүдийг тусгай анги болгож, Батлан хамгаалах яамнаас хүн очиж,
хятад хэл, морз энэ тэрийг  заадаг байж.
“Бээжинд тагнуулд явуулах нь” гэж айгаад хятад хэл сурахгүй гэж хэдэн цэрэг тохиролцсон
юм билээ.  Хэрэггүй тэгж, сурч л байдаг байж
гэж одоо Ц.Басанжав инээж байна. Тэр аймгийн тэргүүний эмч болж байсан туршлагатай
эмч. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан гэж байгаа. “Манайд тэргүүний ажилтан
болоогүй хүн байхгүй. Доод тал нь хоёроос гурван салбарын тэргүүний ажилтан цолтой”
гэцгээв. Далимдуулаад С.Тойвгоо Засгийн газрын хүндэт жуух бичгээрээ гайхуулаад
авлаа. “Манай оронд анх удаа гарсан булчин задрах гоц халдварт өвчний дэгдэлтийг
зогсоох, халдвар тархахаас сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласныг үнэлж,
Төв аймгийн Заамар сумын Засаг дарга С.Тойвгоог Монгол Улсын Засгийн газрын жуух
бичгээр шагнав” гээд М.Энхсайханы гарын үсэг байна.   Манай оронд анх удаа хэмээн онцолсон болохоор
нь хэрэгт дурлаж “Холерын үед ажиллах стандарт байхгүй байсан биз. Яаж учраа олов”
гэж сонирхлоо. 

-Нэг өдөр аймгийн дарга А.Гон­чиг утасдаж, “Танайд айхав­тар өвчин
дамжаад очсон. Хөтөлөөс барилгын материал ачсан машинтай хоёр хүний нэг нь холертой.  Өвчтөн замдаа нас барсан. Янз нь Хайлаастад оршуулжээ.
Шарилыг гаргаад шатаах хэрэгтэй гэсэн.  Эмнэлгийн
эрхлэгч, цагдаагаа аваад Хайлааст руу явлаа. Шарил тэнд байсангүй. Хөнжилдөө ороогоод,
Улаанбаатар руу аваад явсан юм билээ.  Шарил
ухах гэдэг осолтой ажил байжээ. Аймгийн даргын хэлснээр шарилыг ухаад гаргасан бол
цагдаа, эмч, бид гурав холер тусах байж хэмээн С.Тойвгоо хуучлав.  Мэдээж удахгүй ном ёсоор нь ажиллаж эхэлжээ.
“Бүх хөдөлгөөнийг хааж, 20 гаруй пост гаргасан. Нойр хоолгүй явдаг. Өдөртөө бүх
постоо эргэж,  240 гаруй км явдаг байлаа”
гэж мань эр тайлбарласан юм.

Ангийн дарга, онц сурлагатан явсан Т.Шаапаа гурилын үйлд­вэрийн Улаанбуланд
хамгийн эрэлттэй  баянхуурч. Ц.Басанжав, Д.Хөхөө
хоёртой гурвуулаа ажилч­дын сууцанд нэг гэр бүл болсон. Хөдөөний хүүхдүүд нүүрс
түлж сураагүй. Пийшингийнхээ сойлтыг хааж хоноод,  угаартсан удаатай. Азаар үйлдвэрийнхэн ээлжиндээ
ирээгүй гурвыг эрж хайж ирээд, амийг нь аварчээ. МУИС-ийг ца­хил­гааны инженер мэргэжлээр
төгссөн тэрбээр Орхон аймгийн Мэр­гэжлийн хяналтын газ­рын зөв­лөх байцаагч. Их
тэнгэр цог­цолборын дэд захирлаар найман жил ажиллажээ. Т.Очирхүү гишүүн ээждээ
шар сүү захьдаг байсныг, П.Очирбат Ерөнхийлөгч “Амьсгаа ихтэй, таргалаад болдоггүй”
хэ­мээн Их тэнгэрийн гүүрний наана машинаасаа буугаад алхдаг байс­ныг Т.Шаапаа сонирхуулсан.
Аав ээж нь өхөөрдөж дууддаг нэрийг нь албан ёсных болгочихсон юм билээ.    

Ш.Наташа тэтгэвэрт гардаг жилээ л гэхэд Улсын техник тех­­но­логийн
олимпиадын багш нарын ангилалд аварга болж бай­жээ. Түүний бэлтгэсэн хүүхдүүд “Үнсгэлжин”
тэмцээний хувцас загварын  арван удаагийн
аварга болсон амжилттай.  

28-уулаа аравдугаар ангиа төгсч байснаас өдгөө 17 хүүхэд үлдсэн.
12 нь бурхан болсон гэнэ. Тэднийг багад  улс
орон даяар нэгдэлжих хөдөлгөөн явагдаж, соёлын хувьсгал өрнөсөн үе байлаа.  Хотын төдийгүй хөдөөгийн айл бүрийг хоёр ээлжийн
хөнжлийн даавуутай болгож, хир буртаг бөөс хуурснаас чөлөөлөх их аян өрнөсөн үе.
Тэднийг ахлах ангид орох үед “Сурагчийн соёлч нөхөрлөл” моодонд оржээ.  Ангийн бүх хүүхэд уг нөхөрлөлд хамаарагдах ба
хоёр жилээр үүрэг амлалт авдаг байж. Унших номын жагсаалт гаргаж, хүн бүр уншсан
байх учиртай. Орны даавуу цэвэр, шүдний оо саван сойзтой байна. Дотуур хувцсаа цогийн
индүүгээр дарсан байх ёстой. Гутлын тосоо өөрсдөө үйлдвэрлэлэг жортой. Машины дугуй
шатаагаад, гарсан хар хөөг модны давирхай, тостой хутгаад гялалзсан хар тос гаргаж
авна. Охид үсний туузаа янданд ороож индүүднэ. Өглөө бүр таваас зургаан цагт гимнастик
хийнэ. Дуу, нийтийн бүжиг сурсан байх  үүрэгтэй.
Орой орондоо орохдоо даавуугаа бохирдуулахаас сэргийлж, хүүх­дүүд хөл дороо цаас
дэвсдэг байж. Дотуур байр халцархай модон шалтай байж л дээ. Хожим эмч болсон Г.Аюурзанад
энэ нь зуршил болж,  орондоо орохын өмнө алчуур
дээр гишгэх дамжлага туулдаг гэсэн.   

Баруунтурууны 10-ын “А” ангийнхны сүлд дуу нь:

Балчир үеэсээ үерхэж нөхөр­лөсөн

Багын нөхөд минь ангийн хүүхдүүд минь

Бууралтах тусмаа ижилсэн ээнэгшсэн

Буянтай андууд минь, насны найзууд минь хэмээх мөрүүдтэй. 

58 жил зовлон жаргалаа хуваалцсан ангийн охид, хөвгүүд үнэхээр “Насны
найзууд” шүү.

Б.ЯНЖМАА

Categories
редакцийн-нийтлэл

Чингис бондын мөнгийг ямар төслүүдэд оруулсан бэ?

Дуулиант
“Чингис бонд”-ын санхүүжилтээр юу хийсэн тухайгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
Н.Мөнхбат мэдээлсэн юм.

1.Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто зам

 Уг
төсөлд 570 тэрбум төгрөг олгохоор хуваарилсанаас  369 тэрбумыг нь олгоод буй. Замын ажил 68 хувьтай
яваа юм байна.  Нийтдээ 1.800 км зам баригдахаас
930 км-ыг нь бүрэн хучиж дуусган ойролцоогоор 150 км-ийн суурийн ажил хийгдэж, хучилт
хийхэд бэлэн болжээ. Төслийг хэрэгжүүлэгч нь Зам тээврийн яам.

2.”Гудамж” төсөл

Нийт
33 уулзварын төсөл хэрэгжүүлж буйгаас 16 уулзвар болон хоёр автозамын барилгын ажлыг
бүрэн гүйцэтгэсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн
үндэслэлийг хийж дуусгасан бөгөөд Туул голын даланг дагуулан барих хурдны замын
инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын эхний санхүүжилтийг олгоод
байна. 200 сая долларын хөрөнгө хуваарилагдсан. 47.6 тэрбум төгрөг, 1.9 сая доллар
олгожээ. Дээрх 18 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь 92.6 хувьтай яваа гэнэ. Төслийг
хэрэгжүүлэгч нь Эдийн засаг хөгжлийн яам.

3. Шинэ төмөр зам төсөл

Тавантолгойгоос
Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төслийг Чингис бондын хөрөнгөөр
санхүүжүүлж байгаа. Уг төмөр замын төсөлд 200 сая ам. долларын санхүүжилт хийх шийдвэр
гарчээ.  Өдгөө 164.2 сая долларыг нь олгоод
буй. Уг төмөр замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төмөр
замын  далан босгох буюу газар шорооны ажил
70 хувьтай, төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай явна. Урьдчилсан Техник эдийн
засгийн үндэслэлээр шинэ төмөр замыг барьж босгоход 700.0 сая ам. доллар шаардлагатай
гэсэн дүгнэлт гарсан юм.     Төслийн хэрэгжүүлэгч байгууллага Монголын төмөр
зам төрийн өмчит компани.

4.”Чингис хаан” Боинг-767
онгоц

Төслийг
хэрэгжүүлэгч нь МИАТ ТӨК.

Монгол
Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайн иргэний тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг
санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын Эксим банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн
эх үүсвэрт шилжүүлсэн ба Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл
2.9 сая ам. доллар байна.  Тогтоолоор батлагдсан
дүн нь 115.0 сая доллар юм билээ.  Эргэн төлөлтийн
дүн 81.3 сая доллар болжээ.

5.Таван толгойн цахилгаан
станц

Хэрэгжүүлэгч
нь Эрчим хүчний яам.

Таван
толгойн цахилгаан станцын төслүүдийн ус, байгаль орчны судалгаа хийгдэж, дууссан.
Геологи, инженерийн судалгаа хийгдэж байгаа. Уг станцын төслийн техникийн саналыг
хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн дөрвөн компанид хүргүүлжээ. Санхүүгийн саналыг
хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэлээ. Таван толгойн цахилгаан станцад 14.8 сая ам.доллар
олгох шийдвэр гарснаас 3.8 сая ам, долларыг төслийн санхүүжилтэд олгоод байна. Дашрамд
дурдахад Хөгжлийн банк УИХ, Засгийн газраас баталсан бүтээн байгуулалтын том төслүүдийг
санхүүжүүлэх үүрэг хуулиар хүлээсэн юм билээ.

6.
Эгийн голын усан цахилгаан станц.

 Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам. Эгийн голын усан
цахилгаан станцын төслийн ус, байшаль орчны судалгаа, геологи инженерийн судалгаа
хийгдэж байна. Одоогоор Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 2.3 сая ам, долларын
санхүүжилт хийсэн агаад 34.0 сая ам долларын санхүүжилт батлагдсан аж.

7
Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн
төслүүд

Хэрэгжүүлэгч
нь Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын
газар.

Тогтоолоор
батлагдсан дүн 200.0 тэрбум төгрөг. Олгосон дүн 101.8 тэрбум төгрөг. Улаанбаатар
хот гэр хороолол болон орон нутагт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга
байгууламжийн 92 төслийг хэрэгжүүлэхээр баталсанаас 33 төслийн хувьд ажил гүйцэтгэх
гэрээг байгуулан ажиллаж байна. Нэг ажлыг Улсын комисс хүлээн авч, ашиглагч байгууллагад
шилжүүлсэн. Ихэнх ажлуудын  хувьд хүйтний
улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын болон туршилт тохируулгын  ажил хийх боломжгүй  шалтгаанаар 2014 онд үргэлжлүүлэхээр хойшлуулсан.  92 төсөпд нийт 416 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд  үүнээс эхний ээлжинд 200.0 тэрбум төгрөгийг Чингис
бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь
72.2 хувьтай яваа.

8.
Ноолуур, ноос, сүү оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн
аж ахуй зэрэг ХАА, хөнгөн үйлдвэрийн таван салбарын төслүүд

Хэрэгжүүлэгч
нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам.

ҮХААЯ,
Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж,
2013 оны наймдугаар сарын 12-ний өдөр 
269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд 1.7 тэрбум төгрөгийг
төслийн нэгжийн үйл ажиллагаанд  зориулан
олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээж авсанаас
64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр
53 компанид  53.7 тэрбум төгрөгийн зээл олгогдоод
байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн батлагдсан зээлийн хэмжээ
100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт
банкнаас санхүүжүүлээд байна.       

     9. Төрийн орон сууцны корпорацийн төсөл

Хэрэгжүүлэгч
нь ТОСК, ТӨК

“Буянт
Ухаа-1” орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу
гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад 
зориулсан уг барилга 1м квадрат нь 1 сая 280 мянган төгрөгийн үнэтэй. Эхний
ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтад ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг
2014 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.  Буян Ухаа хорооллын ажлын гүйцэтгэл 94 хувьтай
байна.  Тогтоолоор батлагдсан санхүүжилтийн
дүн 100.0 сая доллар. Олгосон дүн 72 тэрбум төгрөг.

10.
Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн
нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл

Хэрэгжүүлэгч
нь Уул уурхайн яам.

   Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын  арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая
хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх болсон.
Одоогоор уг төслүүдийн судалгаа хийгдэж байна. Арматур үйлдвэрлэхэд зориулж 12 сая
ам. доллар олгоод байгаа гэнэ лээ.  

 11. Байшин
Үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл

Хэрэгжүүлэгч
нь Эрэл ХХК.

Тоног
төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж
эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байна. Жилд
150.000 метр куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2014 онд ашиглалтад
орно. Төслийн нийт санхүүжилт 42 сая ам.долларын  30 хувийг Эрэл компани хийсэн бөгөөд  үлдсэн хэсэг буюу 16 сая ам. долларын санхүүжилтийг
Германы Коммерц банкнаас  Хөгжлийн банкаар
дамжуулан зээлдүүлэх замаар санхүүжүүлж байна. Төслийн ажлын гүйцэтгэл 30 хувь буюу
тоног төхөөрөмж 100 хувь үйлдвэрлэгдэж, суурилдуулах ажил үлдээд байна. Тогтоолоор
батлагдсан санхүүжилт нь 14 сая ам.доллар юм билээ.

Төслүүдийг гүйцэтгэлээр нь
санхүүжүүлдэг гэдгээ Н.Мөнхбат захирал онцолсон юм. Хөгжлийн банк цаашдаа ч санхүүжилтийн
эх үүсвэр олохоор ажиллаж байгаа агаад бондоос гадна өөр санхүүжилтын арга зам ч
хайж байгаа гэсэн. Одоогоор тус банк “Чингис” бонд, Японы зах зээлд босгосон”Самурай”
бонд, өөрсдийн босгосон “Евро” бондоор санхүүжигдэж байгаа гэнэ. Монголын бондын
 эрэлт хэрэгцээ гадаад зах зээл дээр бий гэж
Н.Мөнхбат захирал хэлнэ лээ. Чингис бондын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 1.4 их
наяд төгрөг бий. Үүнээс 400 орчим тэрбум төгрөг нь хуваарилагдаагүй эх үүсвэр.  Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлэхэд
оруулах болов уу гэж Хөгжлийн банкны захирал ярина лээ.   

Хөгжлийн банк  өөрийн эх үүсвэрээс босгосон хөрөнгөөр ч томоохон
төслүүдийг санхүүжүүлж байгаа аж. Тухайлбал  Яармагийн орон сууцны хороололд гэхэд л 20 тэрбум
төгрөгийг олгожээ. Барилга угсралтын ажил нь 40 орчим хувьтай яваа гэнэ. Хэрэгжүүлэгч
нь Пи Ай Эм Эм ХХК аж.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Хаврын синдромын загварын чиг хандлага дээлээ тайлах ба өмсөх

Дээлээ нөмрөх гэсэн хэллэг байдаг. Харин манай улстөрчид давхар дээлээ
тайлах гэсэн үгийг моодонд оруулж дөнгөв. УИХ-ын чуулганаар давхар дээлийг
тайлах хуулийг долдугаар сарын 1 -нээс хэрэгжүүлэх санал дэмжигдчихлээ. Үндсэн
хуулийн цэц  дээр тордоггүй л  юм бол Н.Алтанхуягийн танхимын дөрвөн сайд
“золигт гарах” янзтай.  УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүний албыг давхардуулан хашихгүй байх  саналыг Ерөнхийлөгч гаргахдаа 2016 оноос
хэрэгжүүлэхээр санал болгосон. Ирэх сонгуулиар намууд УИХ-д хэнийгээ сойх, сайдад
хэнийгээ авч үлдэх вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой байг гэсэн санаа байлгүй.
Сөрөг хүчнийхэн үүн дээр нь тоглолт хийж Засгийн газрын гишүүдийг “цөмөх”-өөр
яарчихлаа. Сайд нарын давхар дээлийг тайчин нүцгэлэх агуулга бүхий тэдний
загварын шоуны уянгын халил хэтийдээд 
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд нөмгөн дээлтэй “загвар
өмсөгчид”-ийнх нь имижийг шүүмжилж “1937 оныг санагдуулсан” хэмээн гомдоллоод
авсан. Ингэхэд уг шоуг дэглэгчид дуучин С.Жавхлангаас давхар дээлтэй сайд нарын
зэрэг зиндаанд нь нийцүүлэн,  дээлийг нь
хэрхэн хүндэтгэлтэй тайлуулах тухайд суралцмаар юм. Мань дуучин цас бороог үл
хайхран “Би дээлээ өмсдөг, дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг” хэмээн тууж яваа.

МАН-ынхан өөрсдөө давхар дээл өчнөөн өмссөн хэрнээ “Давхар дээл”-ээ тайл
хэмээн шаардах нь “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах”-ын үлгэр болов. Давхар
дээлтэй давчидна гэж санаа зовоод байгаа бол цаадуул чинь өөрсдөө дээлээ тайлах
“тоглоомын дүрэм”-ээ хоног хугацаатай нь тогтоочихсон шүү дээ. Өнөө маргаашгүй
гэж адгах нь насыг насалсан намын намбанд таарахгүй юм сан.  “Төрийн
албыг төрлийн алба болголоо” гэх мэтийн лоозон хашгирахад  өмнөөс нь ичих шиг болдог. Өмнө нь сөрөг
хүчний шаардлагаар төрийн албанаас төрлөө шахаагүй байж өдгөө яг тэр уриаг
“будаа идэх” нь дэндүү бүдүүлэг сонголт. Ядаж л яруу найрагч ерөнхий нарийн бичгийн
дарга нь иймэрхүү утгатай уриа лоозонг хэдийг л бол хэдийг зохиочихмоор.  Архи уудаг аав
хүүхдээ “Архи битгий уу” гэж загнах нь хэр жинтэй сонсогдох вэ. Эмх цэгцтэй
байж чаддаггүй ээж охиноо цэвэрч нямбай сургах гээд нэмэргүй. Дөрвөн удаа
“давхар дээл” өмссөн гэх Ц.Нямдорж сайд харин дээлээ муулахгүй гэж жудагтай
загнасан байна лээ. Одоо байгаа сайд нарын давхар дээлийг хуулж хаялаа гээд ард
түмэнд ашиг тусаа өгөх нь юу л бол. Ер нь тэгээд дээл тайлуулах  шоу сөрөг хүчний улс төрчдийн “Хонгилын үзүүрт
харагдах гэрэл”-ийг  ойртуулахаас  биш  жирийн
хүмүүсийн хувьд бол амны зугаа төдий зүйл.

МАН-ынхан туршлагатай  улс төрийн
хүчний хувьд томхон сэдэв дээр тоглолт хиймээр юм.  Олонх монголчуудын хувьд  газарт байгаа цалингаараа тэнгэрт  хадсан үнэтэй хүнс, үйлчилгээг яаж авах вэ гэж
толгойгоо гашилгаж яваа. Мөнгө цаас болж, мөчиг тачигхан амьдарч байгаа олон
түмэндээ нэмэр тус болох ажил санал болгохын  оронд бусдын дээлийг  тайлуулж, өөрсдөө өмсөхөд л  анхаараад байвал сонгуулиар хүмүүс  “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн
чанар өөрчлөгдөхгүй” гэдэг сонголтыг л хийх байх даа.

Б.Янжмаа