Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алив, найзууд минь тэврэлдье

Үзэг нэгтэн, фэйсбүүкийн найз маань “Өглөө цагтаа ирсэнгүй гэж цалин хасдаг, заавал ажил дээрээ байх ёстой” гэх мэт хэт уламжлалт, үүрэг хариуцлага нэхдэг байснаасаа хааяа ичээд байх юм” хэмээн нүүр номдоо бичсэн байна лээ. Үнэхээр ковидын нөхцөл байдал уламжлалт ажлын байр хэмээх ойлголтыг эвджээ. Дэлхий нийтээр цахимаар ажиллах соёлыг хүлээн зөвшөөрч, манай намууд хүртэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цахим ажлын байрны тухай дурдав. Ковид дуусч, амьд харилцаа цэцэглэх өдрүүд айсуй. Гэсэн ч долоо хоногийн аль нэг өдөр цахимаар ажиллах, эсвэл цахимаар ажиллах боломжтой ажлаа цахимаар хийгээд, ажлын байран дээр ажиллах шаардлагатай ажлуудаа ажил дээрээ амжуулах байдлаар уян хатан ажлын нөхцлүүд ч бий болгож болно.

Энэ бүхэн ажлын үнэлгээ өөрчлөгдөхөд хүргэж буй юм. Өглөө ажилдаа ирээд цагаа бүртгүүлж, ажлын байран дээрээ сууж байгаа хүнийг ажилласан гэж үзэх үү. Аль эсвэл ажлын үр дүнгээр нь хүнийг үнэлэх үү гэдэг асуулт зүй ёсоор ургана. Үнэндээ өдөржин ажил дээрээ суусан ч үр бүтээлгүй байж болно. Ажил дээрээ харагдаж үзэгдээ ч үгүй мөртлөө час хийсэн ажил гараас гаргасан ажилтан байж мэднэ. Ковид дууссан ч Улаанбаатарын түгжрэл ойрын мөддөө дуусахгүй. Нийслэлчүүд маань ажил дээрээ ч биш, гэртээ ч биш зам дээр, автобус, унаанд “амьдарч” мэдэхээр байна. Цахимаар ажиллан, цаг, мөнгөө хэмнэх сонголт бий.

Алив, найзууд минь тэврэлдье. Сонголт олон байх тусмаа ашигтай шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвсүрэн: Монголын томоохон ордуудын нүүрс, занарын судалгааг хийж, үр дүнг нь бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонирхлыг татсан

Канад улсын ”In­ternational Achieve­ments Research Center” байгууллагаас Монголын эрдэмтэн, академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн шалгаруулсан билээ. Академич, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Барнасангийн Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Монгол эрдэмтэнг яагаад дэлхийн шилдэг хэмээн зарласныг хүмүүс сонирхох байх л даа.

-Би ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм. ШУА-д 43 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд 600 гаруй бүтээл туурвисан байдаг. Түүнээс 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг босго өндөртэй, олон шалгуур давж байж өгүүлэл нийтлүүлдэг, дэлхийн химийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Англи, Америкт хэвлэгдсэн гурван номын бүлгийг англи хэл дээр бичиж хэвлүүлсэн юм. Эдгээрээс маань гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ эшлэл хийдэг. Энэ бол эрдэмтэн судлаач хүний хамгийн чухал үзүүлэлтийн нэгд тооцогддог юм.

Канад улсын ”Inter­national Achievements Re­search Center” байгууллага миний гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд, дэлхийн эрдэмтэд хичнээн удаа эшлэл хийж, өөрийнхөө бүтээлд хэрхэн тусгаж байгаа талаар статистик мэдээллүүдийг сонирхож цуглуулж үзсэн юм билээ. Канадын энэ олон улсын байгууллага 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн шалгаруулалтад намайг оруулаад, Химийн инженерийн чиглэлээр 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн гэрчилгээ ирүүлсэн юм. Би түүнд нь баяртай байна. Монголын нэг эрдэмтний бүтээлийг гадаадынхан сонирхож байгаа нь сайхан санагдсан. Миний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн дэлхийн жишгээс дутахгүй, хамт яваа юм байна.

-2019 он гэхэд дэлхийн эрдэмтэн судлаачид таны бүтээлээс 700 гаруй удаа эш татсан гэсэн тоо байсан?

-Тийм. Одоо бараг 800 хүрч яваа. Жил болгон өсөөд байдаг юм.

-Манай монгол эрдэмтэн ямар чиглэлээр ажиллаад, ингэж бусад улс орны эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдсөнийг манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

-Би бол шинэ нийлэг полимерийг нийлэгжүүлэх, байгалийн полимерийг химийн модификацын аргаар боловсруулж, шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан боловсруулах чиглэлээр эхний хориод жил ажилласан. Болгар улсын Софийн Хими технологийн их сургууль, Лондонгийн их сургууль, Германы Мюнхений их сургуульд очиж нийлэг полимерийн судалгааны чиглэлээр нэлээд ажилласан. Сүүлийн гучаад жил Монгол орны нүүрс, занарын хими, технологийн судалгаа хийж байгаа хүн. Олон ордын нүүрсний шинж чанарыг тогтоох, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, хагас коксжуулах, боловсруулах судалгааны дүнг нэгтгээд, Монголын томоохон 25 ордын нүүрс, 20-иод томоохон ордын занарын судалгааг явуулсан үр дүнгүүдээр бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонорт хүрч, тэдний сонирхлыг татсан байна. Надтай төсөөтэй чиглэлээр ажилладаг эрдэмтэд л сонирхоно шүү дээ.

-Хятад, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан нүүрсний судалгааны төслийн Монгол талын удирдагчаар та ажилласан юм билээ. Хятад бол нүүрсний гүн боловсруулалт хийдэг улс. Монголын нүүрсний судалгааны аль чиглэлийг тэд сонирхдог вэ?

-Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрсний хамгийн том шилдэг байгууллагын эрдэмтэдтэй хамт бид Монголын дөрвөн томоохон орд, Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Чандгана тал гээд ордуудын нүүрсний шинж чанарыг судалж, хийжүүлэх шингэрүүлэх судалгаануудыг Хятадын өндөр технологийн нарийн багаж төхөөрөмжүүдээр боловсруулах чиглэлийг судалж, гурав, дөрвөн жил ажиллаад дуусах шатандаа явж байгаа. Хятад нүүрс ихтэй, нүүрсний судалгаа өндөр хөгжсөн ч бидний хүсэлт, сонирхлын үүднээс энэ судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа.

-Манайхан ихэнхдээ нүүрсийг шатаадаг гэсэн ойлголттой байдаг. Нүүрс шатаах нь агаар бохирдуулдаг гээд дэлхий нийтээр ад үзээд байгаа. Гэсэн ч дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байна. Нүүрсээ шатаахаас гадна химийн аргаар боловсруулах боломж шинэ найдвар авчрах болов уу?

-Нүүрс агаар бохирдуулж байна гэдэг ойлголт цахилгаан станцад чанар муутай хүрэн нүүрс түлэх, утаа, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг ихэсгэж байгаатай холбоотой. Нүүрсийг хийжүүлнэ, шингэрүүлнэ, коксжуулна гэдэг химийн аж үйлдвэр шүү дээ. Олон өндөр технологиор боловсруулдаг. Америк, Герман, Өмнөд Африк, Хятадад нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, зөндөө том үйлдвэрүүд ажиллаж байна. Энд нүүрнээс шатдаг хий гаргаж аваад, эрчим хүчинд хэрэглэнэ. Бензин шатахуун гаргаж авна. Нүүрснээс кокс гаргаж авна. Төмрийн хүдэртэй хольж боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байгаа юм. Энэ үйлдвэрүүд цаашдаа хоригдоно, баригдана, байхгүй болно гэж байхгүй. Химийн аргаар боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологиуд шүү дээ. Энэ арга технологиудыг нүүрсийг шатаахтай хольж хутгаж ойлгож болохгүй.

-Дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байгаа цагт нүүрс боловсруулах технологиуд моодноос гарахгүй байх л даа.

-Монгол маш их нүүрсний нөөцтэй орон шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл үндсэндээ нефтийн 50-иад жилийн нөөц л байгаа юм. Харин нүүрсний нөөцийг дэлхий даяараа 160 жил ашиглах боломжтой. Нефтийн нөөц барагдах үед хүссэн хүсээгүй нүүрснээс хийн түлш, бензин шатахуун, химийн бодис материалаа үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Дээр хэлсэн өндөр технологийн боловсруулах технологиуд ус агаар шиг хэрэгтэй болно. Тийм учраас нефть байгаа юм чинь нүүрс хэрэггүй гээд хаяж болохгүй. Нефть барагдаад ирэхэд нүүрсээ хэрэглэхэд бэлэн байхын тулд судалгаа шинжилгээний ажил урьдчилж явж байдаг.

-Та бас зарим сонирхолтой судалгаа хийж байсан юм билээ. Тарваганы тосыг боловсруулаад байгалийн бүтээгдэхүүн гаргаж авч байсан гэсэн үү?

-Тарваганы тосыг боловсруулаад, химийн аргаар хувирган, эпоксидын полимер гаргаж авч, түүнээсээ лак, будаг гаргаж авч байсан. Тэр бол нүүрсний судалгаатай харьцуулбал өчүүхэн жаахан юм шүү дээ. Монгол малын сүүний ээдмэнцэрээс мод, цаас наадаг хуурай, шингэн цавуунууд боловсруулж, барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нүүрснээс мебелийн хүрэн будаг гаргаж авч байсан. Нүүрснээс бордоо гаргаж авч, газар тариаланд хэрэглэх гэх мэт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жижгэвтэр ажлууд олон.

-Та олон патент авч байсан юм билээ. Нэг хэсэг ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал) гэж их яригддаг байсан даа?

-Шинэ нийлэг полимер гаргаж авсан гадаадын гурван патент бий. Монголын 12-13 патент бий.

-Та бизнесийнхэнтэй хамтарч нэлээд ажилласан юм билээ. MCS Улаанбаатар газ компанийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан гэсэн үү?

-Тэгсэн. Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл. Дорнодын Адуунчулууны нүүрсийг боловсруулж, мөн 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах бас нэг том төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан юм. Бид ТЭЗҮ боловсруулаад, Уул уурхайн яамаар арваад жилийн өмнө батлуулсан. Батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч сонирхох шатандаа явж байтал баррель нь 140 доллар хүрч байсан нефть 25 доллар хүртлээ буусан юм. Тэгэхээр зэрэг нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудлыг хөрөнгө оруулагчид харзнаад эхэлсэн. Ингээд саатал үүсдэг. Ямар үед нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудал чухлаар тавигддаг гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ баррель нь 80 доллараас дээш гарахаар л энэ асуудал яригддаг. Энэ бол судлаач, эрдэмтэд биднээс хамаарч байгаа зүйл биш. Дэлхийн зах зээл, олон улсын харилцаанаас хамаарах асуудал. Энэ том мега төслийг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Монгол шиг жижигхэн орон хөрөнгийг нь гаргаад барьчихдаг асуудал биш. Ийм шалтгаанаар Монголд энэ том үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа юм. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах үйлдвэрийг бидний ярьдаг жижиг цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд байгуулж болдоггүй. Том хөрөнгө оруулалт шаарддаг, маш олноор нь үйлдвэрлэж байж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдардаг. Монголынхоо хэрэгцээнд тааруулсан жижиг үйлдвэр байгуулна гэвэл угаасаа утгагүй.

-Та гадаадад төдийгүй эх орондоо үнэлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд тань олон шавь хамтран зүтгэгч нар чинь баяр хүргэж байсан?

-2021 оны сүүлчээр манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилээр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Шинжлэх ухааны байгууллагад 1979 оноос хойш 43 дахь жилдээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа. Химийн мэдлэг технологийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхээр 30 гаруй жил багшилсан. Надад хэдэн зуун шавь бий. Олон шавь нар маань баяр хүргэсэн.

-Та Баянхонгор аймгийн Заг сумын малчин Б.Барнасангийн ууган хүү юм билээ. Таныг номын мөр хөөж, гадаадад сурахаар явахад ээж, аав тань их л баярлаж, бахархсан байх даа?

-Миний аав, ижий удмын малчин хүмүүс. Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. Би 1963 онд Заг сумын бага сургуульд орж, дотуур байраар явж, аравдугаар ангиа төгсөж байлаа. Би бол хөдөө гараад, 500 хонь маллаад, амьдрах юм бол хэнээс ч дутахгүй сайхан амьдарна даа. Миний химийн багш Баянхонгор аймгийн Г.Дагвасамбуу гэж хүн байсан. Химийн мэргэжил эзэмшихэд маш их нөлөөлсөн хүн байгаа юм.

1973 онд манайх Загийн голын эхэнд малтайгаа байсан. 50-60 км мориор Заг сумын төв орж билээ, Болгарт явахад маань сүүгээ өргөөд хоцорч байсан даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МУГЖ Ж.Оюундарь: Уран бүтээлийнхээ төлөө золиос гаргахад хүнд санагддаггүй

Гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр 1992 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй.


-Та ямар уран бүтээл дээр ажиллж байгаа вэ?

-Театр дээр “Анна Каренина” жүжгийн бичлэг хийгдэж байна. Энэ жүжигт Шербацкая хатагтайн дүрд тоглосон. Хоёр хоног тоглоод, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” жүжгийн бичлэг бас хийгдэнэ. Энэ жүжгээ үзэгч түмэндээ зориулж гурав хоног тоглоно доо. Залуус маань, студи ангийн оюутнууд маань Д.Намдаг гуайн “Шинэ байшинд” жүжгийн бэлтгэл ажилд орчихсон яваа.

-“Хаадын хаан. Андгай” жүжгийн Өэлүн эхийн дүрийг жүжигчин Ж.Оюундарь бусдаас их өөр гаргасан гэж яригдаад байсан. Та ямар талаас нь гаргахыг зорьсон бэ?

-Н.Наранбаатар найруулагч энэ жүжгийг авсанд баярласан. Бидэнд бахархал, манлайлж явах хүн хэрэгтэй байгаа юм. Хүн болгон манлайлагч байж чаддаггүй. Чингис гэдэг хаадын хаан гэсэн утгатай юм билээ. Өэлүн эхийн дүрийг авна гэж огт бодож байгаагүй. Тэгтэл ийм сайхан роль өгсөн. Маш том хариуцлага л даа. Яагаад гэхээр энэ дүрд төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Н.Сувд гуай янз бүрээр л тоглолоо шүү дээ. Тайзан дээр ч, кинонд ч тоглож байсан. Хүн бүрийн сэтгэлд буусан, Өэлүн эх гэхээр Н.Сувд харагддаг. Намбалаг, зөөлөн, сайхан ээжийн дүрийг бүтээсэн. Гэхдээ би бас энэ дүр, характераар нь гаргахыг зориогүй. Хэдийгээр эдгээр мөн чанар байгаа ч бас жаахан өөр байх ёстой гэдэг үүднээс судалгаа хийсэн. Судлаад үзэхээр гайхалтай монгол эмэгтэйчүүд байсан юм билээ. Гадаа гарч эр болж, дотор орж эм болж, дайн тулааны үед нөхөр хэзээ ирэхийг бүү мэд, ирэхгүй ч байж магадгүй. Дайн тулаанд явсан хүмүүс гурав, дөрвөн жилээр явчихдаг байсан. Тэгэхээр нөхрөө хүлээнгээ бүх ажлыг нь хийнэ. Нөхөр ирэхэд хүүхэд нь том болчихсон байх жишээтэй. Бодоод үзэхээр монгол эмэгтэйчүүд юм юм хийж чаддаг гайхалтай чадвартай юм билээ. Тийм учраас дайчин, байлдах үедээ байлддаг, эмэгтэй хүн, эх хүний үүргээ гайхалтай гүйцэтгэдэг гэдэг үүднээс гаргасан.

Эх хүний, эхнэр хүний үгийг эрчүүд ч сонсдог байсан. Эмэгтэй хүний үүрэг том байсан. Тэр талаас нь бодож гаргасан. Зөвд зөөлөн, бурууд хатуу байж чаддаг. Дөрвөн хүүгээ улсыг захирах түвшинд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг энэ эмэгтэй өөрөө маш их боловсорсон, ухаалаг хүн байж таарна. Тийм ч учраас Хонгирад овгоос хатан сонгодог байж. Ингээд бодоод үзэхээр энэ эмэгтэй бол төгс эмэгтэй байж. Төгс, дайчин, хатуу талаас нь гаргахыг хичээсэн. “Өэлүн эхийг ингэж гаргасанд баярлалаа” гэж зарим хүн хэлж байсан. Хүмүүст хүрсэнд баяртай байна.

-Хаан хүнийг өсгөж бойжуулсан эх шүү дээ. Эх нь Чингис хаанд маш их нөлөөлсөн байж таарна?

– Маш их нөлөөлсөн. Жамух хэлдэг шүү дээ. Ээж шиг чинь ухаантай хүн, Бөртэ шиг эхнэр надад заяасан бол би өдийд ингэж явахгүй гэж хэлсэн байдаг. Энэ дүрийн судалгааг хийж, түүхэн зохиолууд уншиж байхдаа бахархах сэтгэл төрж байлаа. Энэ сайхан улс орныг байгуулж үлдээсэн байхад яагаад бид ийм байгаа юм бэ гэж хүртэл бодогдож байв. Хэдийгээр олуулаа биш ч монголчууд маань авьяастай, оюуны олимпоос хүртэл тэргүүн байр эзлээд ирдэг. Ингээд бодохоор монголчууд чадварлаг ард түмэн. Ийм мундаг хаадыг хүмүүжүүлсэн гэхээр монгол эмэгтэйчүүд асар ухаантай хүмүүс юм.

-Та бас хүүтэй эх хүн шүү дээ. Хүүг өсгөх, охин өсгөж хүмүүжүүлэх гэдэг өөр шиг байгаа юм. Хүүг халирамтгай, хүний үгээр явдаг болгож болохгүй юм шиг?

-Хүнээр хүн хийх гэдэг амаргүй. Заримдаа хүүгээ арай л хүний үгэнд оромтгой болгоод байна уу даа гэж боддог үе байдаг. Хэлж сургасаныхаа эсрэг юм ярьчих тохиолдол ч гарна. Хүү маань “Ээж та ингэж болохгүй гэдэг мөртлөө одоо тэг гэхээр би алийг нь дагах юм” гэдэг. Би амьдралд ийм юм байдаг гэж хэлж байгаа юм, алинаар нь явах нь чиний ухаан мэдэх хэрэг. Ухаантай хүн дандаа ухаантай байдаггүй. Тэнэг хүн ч дандаа тэнэг байхгүй. Миний үзэл бодлын дагуу амьдар гэж байгаа юм биш. Амьдралд ийм юм байдаг гэж сануулж байгаа юм шүү гэдэг.

-Таны жүжгийн бэлтгэл хийж, дугуйт тавцангаар гулгаж тэшээд яваа бичлэг сошиалд байна лээ?

-Найруулагч өөрийн тавилтыг ярьсан юм. Өэлүн эх утаан дундаас гарч ирнэ гэхээр нь би утаан дундаас гарч ирэхдээ явган алхах бус гулсах мэт хөвж явбал гоё юм байна гэж төсөөлсөн. Тэгээд энэ хэсгийг бэлтгээд найруулагчдаа үзүүлэхэд “Наадах чинь уг нь их гоё байна. Тайзан дээр та яваадах” гэсэн юм. Тэгээд би явж сурах гээд коридорт дасгал хийж байхад менежер маань зураг аваад, сошиалд тавьсан байна лээ. Гэхдээ тайз маань жаахан дэгэн догонтой учраас явдаггүй юм билээ. Үсрээд л явчихсан. Тэгээд энэ санаа маань хэрэгжээгүй л дээ. Уг нь сонин юм хийе гэж бодсон юм. Би янз бүрийн юм туршиж, өөрийгөө эвдэхийг оролддог.

-Нэг залгахад та “Кино зураг авалттай явж байна” гэсэн шүү дээ. Тэр нь “Миний муу найз” гэдэг кино мөн үү?

-Тийм. “Миний муу найз” кино маань нээлтээ хийх гэж байна. Дорнодод очиж, Халхын голд зураг авсан. Дорнодын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал зохиолыг нь бичээд, санал тавьсан юм. Надад сайхан санагдсан. Киноны дууны клип маань саяхан гарсан. Сайхан нөхөрлөлийн тухай кино. Хүн ганцаараа амьдардаггүй, хамт олон, багаараа, найз нөхдийн дунд явдаг. Энэ кинонд манай Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуай, алтан партнёр У.Батбаатар маань, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Ё.Алтангэрэл маань Дорнодын театрын уран бүтээлчид оролцсон. Нөхөрлөл агуу гэдгийг энд илүү мэдэрсэн. Киноны дуу нь үнэхээр их таалагдсан. Фэйсбүүкийн бүх найзууд маань сонсоосой гээд эхнээс нь илгээсэн л дээ.

-Танд амьдрал дээр “Миний муу найз” гэхээр хүн хэр олон байдаг вэ?

-Найзууд олон. Гэхдээ яг үлддэг найз ховор. Хүний амьдрал зам мөр өөр, өөр учраас муулах юм алга. Дотны найз гэвэл гавьяат У.Уранчимэгийгээ хэлнэ. Миний найз В.Дэлгэрмаа гэж нэгдүгээр эмнэлэгт ажилладаг мундаг эмч бий. Дуучин Г.Түмэндэмбэрэл гуайн охин Ш.Түмэнчамин найз маань байна. Оюутан байхаасаа одоо хүртэл найзалж ирсэн Н.Сарантуяа найз маань байна. Зовлон, жаргал дунд хамт байдаг хэдэн сайхан найзтай.

-Саяхан таны “Хослон дуулъя” гээд жүжигчин Б.Шинэбаяртай дуулсан бичлэг харсан. Үнэхээр сайхан дуулсан байна лээ. Таны дуулахыг сонссон чинь таны аав Л.Жамсранжав гуай “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд “Хамгийн дундаас онцгой” дууг эвлэгхэн гоё дуулсан нь санагдлаа?

-Жүжигчин хүн дуулах, бүжиглэх, хөгжим тоглох аль алийг нь хийж чаддаг байх хэрэгтэй байдаг. Багадаа Л.Галмандах багшийн “Нарны дуулал” хамтлагт явдаг байсан. Хүүхэд насны л юм. СУИС-д бас хичээл заадаг байв. Би өөрийгөө дуулж чаддаггүй гэж боддог. “Харц хатан” жүжигт дуулах болсон, дуулж үзүүлсэн чинь М.Найдалмаа багш маань “Хүүе,чи харин материалтай хүүхэд үү” гэсэн юм. “Дуулж чадах нь уу” гэсэн чинь “Хөгжүүлбэл ёстой хөөрхөн дуулах юм байна” гэсэн л дээ. Тэнд дууны бэлтгэл хийж байгаад хаячихсан. Энэ жил шинэ жилийн нэвтрүүлэгт орох болоод, Б.Шинэбаяр бид хоёр “Хослон дуулья” дууг бичүүлсэн юм. Одоо бидэнд дууны хичээл өглөө болгон орж байгаа. Манай театраас бас дууны хичээл сэргээж байгаа. Бүжиг, тайзны ярианыхаа дасгалд бас орно.

-Таны бас нэг дүү чинь дуулдаг даа. Та жүжигчин Б.Нармандахын хүүхдүүдтэй хэр харилцаа холбоотой байдаг вэ?

-Нэг их ойр биш шүү дээ, бид нар. Аавыг байхад очиж золгодог байсан. Аав ч өнгөрсөн, очихоо ч байсан. Ойр холбоотой байдаггүй. Гэхдээ Б.Нармандахын бага хүүхэд нь дуулдаг. Тэмцээнд орж байсан юм билээ. Ээж нь дуулдаг болохоор бас ээжийн авьяас байдаг байх л даа.

-Таныг 1992 оноос хойш ерөөсөө театраасаа орж гараагүй тууштай явсан хүн гэдэг?

-Би ээждээ “Та хэтэрхий үнэнч хүмүүжүүлчихсэн юм биш үү” гэдэг юм. Яг наад сэдвээр чинь ярьж байсан юм. Ээж “Үнэнч бай, сэтгэлээсээ хандсан юманд үр дүн гардаг” гэж хэлдэг юм. Аав, ээж хоёулаа тэгж ярьдаг байсан. Нэг л зорьсон бол түүгээрээ явдаг зантай. Шоугаар, киногоор явах боломж байсан. Тэгсэн бол мөнгө төгрөг илүү олох боломж байсан. Гэхдээ яваагүй. Төсвийн байгууллага учраас театрын цалин бага шүү дээ. Бид олсон орлогоо улсдаа тушаадаг. Сэтгэлтэй хүн л ийм газар ажиллана. Миний амьдрал эндээс л эхэлсэн. Би багаасаа л театрт ажилласан. Миний дассан улаан байшин. Үндсэндээ ажил нэгт, гэр маань хоёрт явдаг. Ихэнхи цагаа ажил дээрээ л өнгөрүүлдэг. Ажлын хажуугаар кино, шоунд оролцож амждаг. Бас багшилдаг байсан. Ажил ихтэй байх тусмаа бүгдийг нь зохицуулаад байдаг юм билээ. Ситид багшилж байхад “Дариа эгчээ, хаанаас ийм их эрч хүч гардаг юм бэ, нэг мэдэхэд л кинонд тоглочихсон байх юм, театрт жүжигт тоглоод, энд бас гүйж явах юм” гэдэг байлаа.

-“Өртөө” кинон дээр хөгшин дүрд хувиргах гээд нүүрийг чинь цавуудаад базчихсан гэдэг шүү дээ. Төсөөлөхөд хэцүү санагдсан. Ер нь тийм золиос их гардаг уу?

-Уран бүтээлийнхээ төлөө золиос гаргадаг болохоор хүнд санагддаггүй. Сая бас кинонд ороход үсээ тайруулах хэрэгтэй болсон. “Арай хийж ургуулж байгаа үсийг маань тайруулах гээд байх юм” гэсэн ч дүр нь таалагдсан болохоор зориглоод үсээ тайруулсан. Ямар нэг золиос гаргахад харамсдаггүй. Өөрөө л шийдвэр гаргаж байгаа шүү дээ.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Хамгийн түрүүнд ковид хурдан алга болоосой гэж хүсч байна даа. Аль ковидын өмнө зурагнуудаа авахуулчихсан мөртлөө гараагүй кинонууд маань ч байгаа. Түүхэн киноны хоёр ч санал ирсэн. Тэр маань бүтчихвэл зүгээр байна. Иймэрхүү л бодолтой байна даа. Биеийнхээ уян хатан чанарт бас анхаарч байгаа.

-Та чинь 2011 оны гавьяат бил үү. Аав чинь таныг гавьяат болохыг үзсэн үү?

-Тэр үед аав байгаагүй шүү дээ. “Би ч охиноо гавьяат авахыг харах юм байна аа” гэж нэг удаа ярьж байсан. Хөөрхий, харж чадаагүй.

-Аавын чинь ном байдаг. Та тэмдэглэл бичдэг билүү?

-Аав их гоё ном бичсэн. Н.Ганхуяг багш ярьдаг “Аавын чинь ном гайхалтай. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө түүх, дурсамжийг бичдэг. Жаамаа ах бол дандаа хүнийг бичсэн. Хүмүүсийн түүхийг бичихэд аавын чинь номноос авч ашигладаг” гэсэн. Аав маань таван хүүхдийнхээ тухай төрсөн цагаас нь авахуулаад тэмдэглэсэн дэвтэр байдаг. Гарсан цаг минутаас нь авахуулаад онцлогуудыг нь бичиж тэмдэглэсэн байдаг. Би ном гаргах юм сан гэж боддог. Гэхдээ зохиол бичих гэдэг мэргэжлийн ажил юм. Ямар ч юманд цензур байхгүй болчихоод байна л даа. Дуртай болгон найруулагч хийгээд, зохиол бичээд, сурвалжлагч хийгээд явах юм. Дөрөв, таван жил суралцаж, эзэмшдэг мэргэжлийн ажлыг хүн болгон хийх гээд байна шүү дээ. Хүнд авьяас байж болно. Түүнээс биш мэргэжлийн түвшинд бүтээл гарахгүй шүү дээ. Тийм ч учраас мэргэжлийн түвшний кино ч гарахгүй байна. Үүнд эмзэглэдэг. Дээр үеийн кинонууд яагаад сайн байсан гээд яригдаад байдаг гэхээр дандаа мэргэжлийн улсууд, номыг нь үзсэн, маш олон жил энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүс энэ ажлыг хийж байсан. Тийм болохоор би ном гаргах гэж яардаггүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ням-Очир: Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй

Төвөд судлаач Г.Ням-Очиртой Цагаан сарын талаар ярилцлаа.


-Бид баяр тэмдэглээд байдаг ч зарим заншлынхаа утга учрыг төдийлөн сайн мэдэхгүй байх нь ч бий. Та олон газраар явж, Цагаан сар үзсэн гэсэн. Хаагуур явж байв. Цагаан сарыг хэр олон оронд тэмдэглэдэг бол?

-Би Төвөд судлалын чиглэлээр судалгаа хийдэг учраас Өмнөд Монголд сүм хийд, буддын шашны уламжлалаар 10 гаруй жил судалгаа хийсэн. Өмнөд Монголд харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Ордост үзсэн. Дээд Монголд Лавран, Гүмбүм хийдэд Цагаан сар хэрхэн тэмдэглэхийг харсан. Цагаан сарын өмнө, хойно Бээжингийн Хаалттай хотын зүүн хойд талд байдаг Юнхэгүн хэмээх монгол сүмд Цагаан сарын шинийн 15-нд том цам гардаг. Тэр цамыг үзсэн. Өвлийн сүүл сарын 23-24-нд хийдэг Гал тахилга Ордост, Хөх хотод үзсэн. Энэ бол миний өөрийн хобби л доо. Монголын бурхны шашин соёл Төвөдийн Буддын шашинтай ямар холбоотойг судалдаг. Монгол Хималайн бүс нутгийн соёлын хүрээний улс. Өмнөд Монголд, Хималайн өвөрт Ладак, Непал, Бутанд ч Цагаан сар тэмдэглэдэг юм билээ. Өөрсдийн Цагаан сарыг өмнөд монголчууд, дээд монголчуудынхтай харьцуулж үзэхээр эрс өөр байдаг. Ялангуяа 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш манай Цагаан сар их өөр болсон.

-Ингэхэд Цагаан сарын үүслийн талаар та юу хэлэх вэ?

-Цагаан сарын тухай Ордост маш сонин тоолол бий. Ер нь Цагаан сар болоод түүнтэй төстэй энэ баяр бол сарны тоолол буюу Калачакра дандар Зилуба бандида Шамбалын орноос авчирснаас эхтэй гэж үздэг эрдэмтэд бий. Зарим нь Ашок (Гаслангаас нөгчсөн хаан гэж монголчууд нэрлэдэг) хааны Буддын шашныг тэлэн дэлгэрүүлж, Грек Ромтой хил залгасан МЭӨ I зуунаас эхлэн тэмдэглэсэн ч гэх үзэл бий. Цагаан сарын баяр юугаараа онцлог гэхээр монголчуудын ид хүчирхэгжиж байх үеийн ул мөртэй их холбоотой. Ялангуяа Төвөдөд саяхныг болтол хаврын тэргүүн сарыг Хорда буюу Монгол сар гэж нэрлэдэг байсан ч тун саяхнаас Лосар гэж нэрлэх болжээ. Хубилай хаан Бээжинд төвлөөд, Шар зурхайн ёсоор тэмдэглэж эхэлжээ. Хятадууд маш их ажилладаг, хол явж ажил хийдэг хүмүүс. Цагаан сараар тэднийг гэрт нь хариулж амраадаг байжээ. Нийтээрээ Цагаан сараар нэг нас нэмлээ гэж үздэг, нийтээрээ сар амардаг тогтолцоог Хубилай хааны үед бий болсон гэж үздэг юм билээ. Хятадууд жилдээ нэг л удаа амардаг. Бидэн шиг байсхийгээд ийм, тийм баяр тэмдэглэж амардаггүй.

Чингис хаан ч Ази дорно дахинд урд төрсөн том хаадаас үлгэр жишээ авч байсан болов уу. Чингис хаан сарны тоолол баримталдаг Хималай, Төв Азийн ард түмэнд том нөлөө үзүүлсэн. Монголчууд Цагаан сарын баярыг Чингис хааны үеэс өөрийн гэсэн онцлогтой тэмдэглэдэг болжээ. 1207 онд монголчууд баруун хойд Хятад болон Төвөдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлсэн байдаг. Төвдийн сүм хийдийн алтадсан дээврийг алт гэж бодоод, хуулж авчирч, 100-гаас дээш настай хүмүүстээ аяга хийж өгсөн гэдэг. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үг энэ үйл явдлаас улбаатай. Цагаан сарын баярын гол утга учир ийм. Хамгийн өндөр настай хүндээ хүндэтгэл үзүүлдэг. Цагаан сараар хүн бүр нэг нас нэмлээ гэж үздэг. 100 Цагаан сар үзсэн хүн бусдадаа хамгийн их хүндлэгддэг. Анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй, дайн тулаантай үед 100 насална гэдэг гайхамшиг. Өмнөд Монголын Зүүн тал руу харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Хамгийн өндөр настай хүндээ ойр хавийн бүх хүн очиж, хүндэтгэл үзүүлдэг. Зүгээр л хөлд нь мөргөөд, адис авдаг. Тан шиг урт наслах юм сан гэсэн хүслээ илэрхийлж байгаа хэрэг. Түүнээс биш өндөр настан нь бэлэг өгөх албагүй. Бэлэг өгдөг заншил хэдийнээс эхлэлтэй юм бол гэж сонирхож үзсэн. Намайг бага байхад Цагаан сар ховорхон тэмдэглэдэг, малчдын баяр гэж үздэг байлаа. Үүнээс өмнөх Цагаан сар гэхээр 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа тухайн үеийн хэвлэлд нэг хүн гэрээ барьцаалж, Цагаан сар хийчихээд, Цагаан сарын дараа орон гэргүй болсон тухай мэдээлж байсан гэхээр тухайн үед Цагаан сарыг хөлтэй тэмдэглэж байсан бололтой. 1990 оноос Цагаан сарын хэлбэр өөрчлөгдсөн ч үндэсний хувцсаа өмсдөг, үндсэн агуулгаа сэргээж чадсан байгаа юм. Түүнээс өмнө нь Цагаан сар хориотой байлаа шүү дээ.

-Цагаан сарын зарим заншил дахин төрөхтэй холбоотой байдаг гэж та бичсэн байна лээ. Цагаан сарын зан үйлийн онцлог, ялгаатай зүйлс юу байв?

-Өмнөд Монголын зүүн хэсэг рүү маш олон хийд оронтой, бурхны шашинтай хүмүүс байдаг. Энэ хүмүүс битүүний шөнө бүгд гадаа гараад, тэнгэрт мөргөдөг юм билээ. Нутгийн лам, хувилгаан хүмүүсээс лавлахад “Энэ бол битүү юм буюу хүн эхээс төрж байгаатай адилхан зан үйл. Манай энд хятад, монгол хүмүүс зэрэгцээд амьдарч байна. Монголчууд гал тахидаг. Битүү юм хагарлаа, шинээр төрлөө гэж үздэг. Гэртээ орж шинэ дээл хувцсаа өмсөөд, өглөөний нар мандахад бие биетэйгээ баярлан золгодог. Гал тахилгын 23 буюу Цагаан сар болохоос долоо хоногийн өмнө галаа тахиж байгаа нь тухайн жилд нас барагсдадаа утаа галаар дамжуулан хооллож, баярлуулж байгаа хэрэг. Гал тахиснаас хойш долоо хоног БАРДО буюу зуурдад сууна. Энэ үед худалдаа наймаа хийхгүй, гэр орондоо ихэвчлэн суух бөгөөд битүүний шөнө битүү хагалж, дахин төрж байгааг бэлгэдэн, банш, бууз, хуушуур иднэ. Улмаар Шинийн 1-ний өглөө бүгд дахин төрсөн мэт яаран шинэ хувцсаа өмсөж, бие биетэйгээ золгож, нэг нас нэмдэг. Тэгэхээр бүгд Цагаан сараар төрсөн өдрөө хийдэг гэсэн үг. Хятад, Төвөд нийтээрээ энэ баярын хамгийн гол утга учир нь энэ. Манайд бол гал тахилга нь хотод мартагдсан. Баянхонгор, зарим хөдөө орон нутагт бол гал тахилга хийдэг л юм билээ. Аливаа соёл цулаараа оршин тогтнодоггүй. Талхан дээр масло, элсэн чихэр, жимсний чанамал түрхээд, хиам тавиад идэж байгаатай адил олон соёлын давхаргууд нийлж байж, соёл бүрддэг. Хятад, Төвөдийн соёл ч тийм. Зарим шашны соёл, зан үйл устаж үгүй болсон хэрнээ ой санамжид үлдсэн байдаг. Ялангуяа монголчууд олон бууз хийдэг. Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй. Хүрээнд лам нар хохимой банш гэж хийдэг байсан нь дайснаа дарах бэлгэдэлтэй байж.

-Тавгийн боовны талаар бас асуух гэсэн юм. Хавсай, ул боов, баруун тал руугаа болохоор гүрмэл хийдэг нь ямар учиртай вэ?

-Байгаа газрын эдийн засгийн чадамжтай холбоотой болов уу. Дээд монгол буюу Цагаан сарын эртний хэлбэр төрхөөрөө байгаа газрын баярын гол бэлгэдэл бол дэлхийн хаад байсан хүмүүсийн баяр байдаг. Тийм учраас дээд монголчуудын Цагаан сар Төвөдийнхөөс өөр. Дээд Монголын Лавран, Гүмбүм хийд байдаг. Дээд монголчуудын ярьж буйгаар монголчууд бол хаадын хаад гэж үздэг учраас арслан (махир) хөлт ширээн дээр идээгээ засдаг гэнэ. Хаадын хаан буюу Загварвадын хаан, хүрдэн орчуулагч хаан өөрийн зочныг хэрхэн дайлж, цайлж баярлуулах адил тэмдэглэх учиртай гэж үздэг. Нэгэн цагт америкчууд шиг дэлхийн эзэн байсан монголчууд тэр хүчирхэг үеийнхээ ой санамжаар л тэмдэглэдэг хэрэг. Тавгийн идээний хамгийн гол хоёр зүйл нь Сүмбэр уул, Сүүн далай юм. Бид энэ тухай нэг их мэддэггүй хэрнээ зөнгөөрөө тавгийн идээгээ долоо юмуу есөн давхар засдаг. Энэ нь Сүмбэр уулыг бэлгэддэг. Халх монголчууд буудайн гурил худалдаж авах боломжтой байсан учраас хэв гаргаад ул боов хийдэг. Дээд монголчуудын хувьд тэр өндөрлөг газар руу гурил тээвэрлэх боломжгүй. Арвайн гурил дээрээ цэцгийн урлаг буюу ямааны дотор өөхийг өнгөнд оруулаад, гоё чимэглэж хийдэг урлаг байна. Арвайн гурилаа овоолж тавина. Эсвэл шар тосоор багсарч тавина. Дээд монголчууд бол Сүмбэр уулнааса шууд гараараа авч, тостой холиод зуураад идчихдэг. Сүмбэр уул нь ул боов, хавсай, арвайн гурил, тосон баримлын урлагийн гайхамшиг. Сүүн далайгаа Дээд Монголд бол таргаар төлөөлүүлдэг юм билээ. Халхад бол өвөл үнээ тугаллаагүй байдаг учраас сүү тараг элбэг биш. Сүүн далайгаа хонины ууц, үхрийн өвчүүгээр орлуулдаг юм байна. Далай учраас хондлойны хоёр бондгорыг тэгшилдэг шүү дээ. Заавал нүсэр хийх албагүй. Дээд монголчууд, өмнөд монголчууд иддэг хоол нь онцлогтой. Нэг их бууз идээд байхгүй. Гараараа гурилыг сунгасаар байгаад урт урт гурилтай шөл хийж иддэг. Үүнийгээ урт наслахыг бэлгэдсэн гэдэг. Дээд монгол, Хөх нуурын монголчуудын Цагаан сар тэмдэглэж байгаагаас үзвэл мөн л хамгийн урт настай хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг, урт наслахыг бэлгэдсэн урт гурилтай шөл юмуу, эсвэл дахин төрж байгаагаа бэлгэдсэн битүү хоол иддэг юм билээ. Цагаан сар тэмдэглэдэг улсууд бол нийтээрээ нэг нас нэмж байна гэж бэлгэддэг. Дээр нь цам гардаг. Бээжингийн Юнхэгүн монгол хийд, хамгийн олон гэлэн сахилтай монголчууд суудаг хийдийн лам нар шинийн 15-нд цам гаргадаг. Энэ цамыг үзэх гэж олон хүн зорьж очдог. Энэ цамыг Лавран, Гүмбүм хийдэд ч харайдаг. Тухайн амьдарч байгаа газрынхаа уул ус, үхлийн эзэн Ямандаг бурхан, Эрлэг номун хаан гол дүр байдаг. Үхлийн дараах амьдралын тухай театрчилсан үзүүлбэр байхгүй юу. Үндсэндээ Цагаан сарын өмнөх Гал тахилгаас хойших долоо хоног, шинийн 15 гээд 21-22 хоног баярлаад, хэвийн амьдралдаа ордог.

-Цагаан сарын соёл, зан үйлд олон улсын нөлөө туссан байх нь. Орчин үед юуг нь авч үлдэх вэ, юуг нь орхих вэ. Та Цагаан сараар ямар зан үйлийг гүйцэтгэдэг вэ?

-Мэдээж ээждээ золгодог. Цагаан сар бол бидний Хятад, Оросоос өөр байх соёлын дархлаа юм. Л.Тэрбиш багшийн зурхайгаар зүг мөрөө гаргадаг. Олон жилийн турш хүн өөрийн хэр чинээ, соёлын онцлогт тохируулж тэмдэглэж иржээ. Христийн шашныхан хүртэл Цагаан сарын боовны адислага гэж хийдэг болсон байна. Сүмийнхэндээ, сүсэгтнүүддээ Цагаан сарын боов тарааж өгдөг болсон. Цагаан сарын боовыг авсаархан, амттай хийвэл яадаг юм бол. Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй болов уу. Аливаа зүйл уламжлал шинэчлэл дээр тогтдог. Цагаан сарын бэлэг гэсэн ойлголт бий. Өөрсдийнхөө мөнгөний урсгалыг гадагш алдахгүйн тулд бэлгэнд бэлэн мөнгө өгдөг байвал зүгээр юм уу гэж боддог. Нэг хэсэг Цагаан сарыг айхавтар цамаан, гял цал хийдэг байснаа бодвол сүүлийн хоёр жил ковидын үед бидний чамирхал, хийрхлийн хөөс хагарч байна. Мэдээж Цагаан сараа сайхан тэмдэглэлгүй яах вэ. Үндэсний хувцасны хөгжил давхар явж байгаа. Цагаан сар ураг, овгийн баяр байдаг. Цагаан сар монголчуудын төрөх, үхэх, гэрлэх хүчирхэг байх, бүх хэлхээ холбоог зузаатгадаг байсан. Жилийнхээ ажил амьдралыг дүгнээд, овог аймаг доторх асуудлаа цуглаж хэлэлцдэг байсан. Шинэ жилээр бол ураг овгийнхон ах дүүс тэгж бөөнөөрөө цугладаггүй. Сүүлийн үед яригдаад байгаа цус ойртолтын асуудлыг ч цэгцлэх, ураг саднаа таних мэдэлцэх боломжтой баяр. Соёл ёс заншил, уламжлалын контентууд энэ үеэр цацагдаж байх учиртай. Цагаан сарынхаа утга учрыг сайтар тайлбарлаж таниулж байх шаардлагатай. Цагаан сар Буддын шашинтайгаа бас холбогддог. Монгол төрийн шүтээн Жанрайсагт очиж мөргөдөг байсан уламжлал тасарч байгаад сэтгэл дундуур байдаг. Энэ бол уламжлалт Цагаан сарын үнэ цэнийг асар их бууруулсан гэж үздэг. Хамгийн түрүүнд шинийн нэгний өглөө төрийнхөө шүтээнд хүндэтгэл үзүүлдэг хаант төрийн уламжлалтай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс эхлээд энэ уламжлалаа сэргээгээсэй гэсэн бодолтой байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Сайн боловсруулах хэрээр түлш үнэтэй болно. Гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ

ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидаас агаарын бохирдол, сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх боломжийн талаар тодрууллаа.


-Улаанбаатарын утаа их байгаа талаар нийслэлчүүд шүүмжилж байна. Сайжруулсан түлшний чанарын асуудлаар ч яриа хөөрөө өрнөлөө. Зарим хэрэглэгч иргэдийн зүгээс “Сайжруулсан түлш өмнөхөөсөө хатаалт муу, чийг ихтэй учраас утаа их гарч байна” гэж дүгнэсэн байна лээ. Харин эрдэмтэд энэ талаар судалж байгаа юм болов уу?

-Оршин суугчдын хувьд Улаанбаатарын удаа ердийнхөөс арай их байгаа талаар ярьж байна. Утаа олон юмнаас хамаарна шүү дээ. Тухайн өдрийн температур, салхины байдал, бусад олон нөхцөл бий. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэрэглэгчийн тоо нэмэгдсэн талаар мэдээлэл харсан. Мэргэжлийн хүмүүсийн ярихыг сонсоход инверс- (Агаар солилцоонд орохгүй, бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр, хөндийдөө тогтох үзэгдэл)-ийн нөлөө их байна гээд байгаа юм. Түлш үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээс гадна хэрэглээний хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн талаар ярихыг та бүхэн сонссон байх. Энэ болгон нөлөөлнө шүү дээ.

-Улаанбаатар уулсын хөндийд байрладаг учраас агаарын бохирдолд газар зүйн байрлал нөлөөлдөг талаар сонсч байсан санагдана. Ингэхэд та бүхэн түлшний чанарын асуудлаар хариу өгөх үү?

-Түлшний чанарыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй эрдэмтэд санал нэг байна. Түлшин дэх хүхрийн хэмжээг огт бууруулж чадаагүй байгаа шүү дээ.

-Таван толгойн нүүрсийг угааж, баяжуулаад түлш үйлдвэрлэж байгаа гэдэг шүү дээ. Угааж, баяжуулахад хүхэр нь хэвээрээ үлддэг гэсэн үг үү?

-Тийм. Бид Тавантолгойн мидлинг ашиглаж байгаа шүү дээ. Хүхэр дээр бид ямар нэг арга хэмжээ аваагүй учраас хүхрийн агуулга хэвээрээ байгаа.

-Хүмүүс нэг л эвгүй үнэр агаарт дэгдээд байна гэдэг. Тэр нь бодвол хүхэр шиг байгаа юм?

-Хүхрийг бид бууруулж чадаагүй учраас хүхэрлэг хий үүсдэгээрээ л үүсч байгаа. Сайжруулсан түлшний хамгийн гол давуу тал бол шахсан учраас РМ (тоосонцор) буурсан. Манай түлшний хоёр том дутагдал нэгдүгээрт, хүхэр өндөртэй, хоёрдугаарт, үнс ихтэй. Мидлинг буюу хаягдал нүүрс ашиглаж байгаа учраас үнс ихтэй. Таван толгойн нүүрсэнд агуулагддаг үнс 20 хувь байдаг бол баяжуулаад урагшаа гаргаж байгаа нүүрс 10 хувийн үнстэй. Бидний ашиглаж байгаа мидлинг гэж яриад байгаа завсрын бүтээгдэхүүн бол 30-аас дээш хувийн үнстэй. Гурав дахь сул тал нь маш холоос Таван толгойн уурхайгаас зөөж байгаа шүү дээ. Цаашид үнсийг бууруулах шаардлагатай. Магадгүй төвийн бүсийн, хотод ойрхон, боломжийн нүүрс ашиглах, эсвэл Тавантолгойнхоо урагшаа гаргаж байгаа баяжмалыг ашиглавал үнс нь багасна. Хүхэр бууруулахын тулд манайхан санал болгодог л доо. Шохойтой холих, янз бүрийн хүхэр бууруулдаг технологи ашиглах шаардлага бий. Гэхдээ нэгэнт технологийг нь боловсруулчихсан учраас шохой нэмэх гэх мэт өөрчлөлт оруулахад амар биш. Цаг хугацаа зарцуулна. Энэ чиглэлээр Таван толгой түлшийнхэн өөрсдөө ажиллаж байгаа юм билээ.

-Сайжруулсан түлшний технологийг сонгохдоо эрдэмтэд судлаачдын саналыг авсан юм уу. Зарим эрдэмтэн дараагийн шатны цэвэр түлш буюу дулааны боловсруулалт хийсэн түлшинд шилжих шаардлагатай гэж манай сонинд ярьсан. Хагас коксыг шахмал түлшний түүхий эд болговол нүүрсний бохирдол, хүхрийн тодорхой хэсгийг нь зайлуулж болдог гэсэн л дээ.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд бид сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа шүү дээ. Манай компаниуд ч, эрдэмтэд ч ажиллаж байсан. Тодорхой түвшинд нүүрсийг боловсруулах чиглэлээр маш олон эрдэмтдийн санаа, технологи байдаг. Хэд, хэдэн компани утаагүй түлш үйлдвэрлэх гэж үзсэн. Хэдий чинээ сайн боловсруулна төдий чинээ сайн түлш гарна. Гэтэл сайн боловсруулах хэрээр үнэтэй болно. Түлш үнэтэй болох тусам гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Одоогийн сайжруулсан түлшийг маш хямдхан авч байгаа. Сайн түлш хийж болно. Маш үнэтэй болчихвол эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно шүү дээ. Эрдэмтдийн олон янзын санаа төдийлөн хэрэгжээгүй нь эдийн засгийн шалтгаантай. Хагас коксжуулна гэхэд л үнэтэй тусна.

-Тэгэхээр хагас коксоос гаргаж авах цэвэр түлш өртөг өндөртэй учраас дэмжигдээгүй байх нь ээ?

-Ер нь нүүрсийг хагас коксжуулаад шахчихвал хүхэр, бусад хольцууд зайлуулагдах боломжтой. Тавантолгойн мидлинг бол төвийн бүсийн юм уу Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулсан түвшний нүүрс байхгүй юу. Тийм учраас Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулснаас Таван толгойн мидлинг ашиглах нь технологийн хувьд боломжтой гээд ашиглаад явж байгаа юм. Одоо бол цаашдаа төвийн бүсэд байгаа, дэд бүтцийн хувьд боломжтой гайгүй түвшний тухайлбал, Шарын голын нүүрсийг сайн чанарын холбогчоор холбоод түлэхэд болохгүй зүйлгүй. Хагас коксжуулж болно, гагцхүү үнэтэй тусаад байгаа юм. Урьд нь хэд, хэдэн компани хагас коксжуулаад явж байсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ технологийг үнэтэй учраас эдийн засгийн хувьд бололцоогүй гэж үзсэн. Нэг тонн хагас коксын үнэ 180,000 төгрөгөөр үйлдвэрлэгдэж байхад нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 130,000 байх жишээтэй.

-“Солонгос, Хятадад ийм түлш түлж байна” гээд нүхтэй, дугуй шахмал түлшний зураг сошиалд явсан. Тэр нь энэ хагас кокс ашигласан түлш байх л даа?

-Би харж байсан. Технологийн боловсруулалт орвол үнэ нь өсдөг. Худалдан авах боломжтой, чанартай гээд олон шаардлага тавихаар тэр болгоныг зэрэг биелүүлж чадахгүй байна шүү дээ. Яг одоогийн түвшинд түлшний үнийг 75 хувь бууруулчихаад байгаа юм. Үнэтэй түлш үйлдвэрлээд татаас өгөөд явбал ахиад л эдийн засгийн асуудал үүснэ. Энэ түлшийг хоёр жил түлээд, үйлдвэрлээд ч сурчихлаа. БОАЖЯ, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалт, лабораторийн шинжилгээгээр түлшний чанар өөрчлөгдөөгүй, стандартын дагуу хийгдэж байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ.

-Барьцалдуулагч бодисын тухай бас ярьцгаадаг. Манай эрдэмтэд ядаж барьцуулагч бодисоо ч хийж чадахгүй, Хятадаас авч байна гэцгээдэг?

-Эрдэмтдийн санал болгосон олон төрлийн барьцалдуулагч байдаг. Тодорхой түвшинд аливаа ажил хийхэд манайд химийн суурь үйлдвэрүүд байхгүй. Заавал гаднаас хамааралтай болчихдог. Хамгийн боломжтой хямд, өртөг бүхий барьцалдуулагчийг ашиглах шаардлагатай. Манайхан өртгийг хямдруулах гэж хичээсэн ч үнэтэй тусаад байгаа. Химийн суурь үйлдвэр байхгүй учраас барьцалдуулагчийн асуудал хүнд байгаа юм. Харин нефть боловсруулах үйлдвэр байгуулагдчихвал тэндээс гарч байгаа шаар, үлдэгдлийг ашиглан харьцангуй хямд, сайн чанарын боломжийн барьцалдуулагчтай болчих байх.

Монголын зарим компани өөрсдөө барьцалдуулагч хийгээд явж байгаа юм билээ.

-Химийн ухааны доктор Ж.Дугаржав эрдэмтэд цэвэр түлшний есөн шийдэл боловсруулж, дөрвөн патент авсан талаар дурдсан байсан. Ер нь эрдэмтэд сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх судалгаа үргэлжлүүлж хийж байгаа юу?

-Ямар төсөл хэрэгжүүл гэнэ, түүнийг л эрдэмтэд хэрэгжүүлдэг шүү дээ. Өнөөдөр утаа их яригдаж байна гээд би утаа судална гээд сайн дураараа шийдчихдэггүй. Өөрөөр хэлбэл, улсын захиалгаар ямар төсөл хэрэгжиж байна, тэр хүрээндээ ажилладаг. 2010-2015 оны хооронд байх аа доктор Ж.Дугаржавын удирдсан баг утаагүй түлш үйлдвэрдэх төсөл хэрэгжүүлсэн. Янз янзын түүхий эдийг холбогчоор ашиглан төрөл бүрийн түлш үйлдвэрлэсэн. Био масс холбогчтой түлш төдийлөн хурдтай хэрэглээнд орчихгүй байна л даа.

-Агаарын бохирдол ихсэхээр эрдэмтэд юу хийж байна аа гэсэн шүүмжлэл нэмэгддэг л дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалж, санал дэвшүүлж, засагт зөвлөж байгаа зүйлс хэр байдаг вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэл боловсруул гээд даалгавар өгч байсан шүү дээ. Тэр үед тодорхой түвшинд шийдэл боловсруулсан. Аливаа шийдэл хугацааны хувьд хэрэгжих бололцоотой байх учиртай. Цахилгаанаар асуудлыг шийдэх талаар санал болгосон. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлттэй зуух гаргаад явж байсан. Тэр болгон үйлдвэрлэлд нэвтрэхгүй юм л даа. Аливаа санаа үйлдвэрлэлд нэвтэртлээ цаг их зарцуулдаг шүү дээ. Бид шийдэл гаргаад, зах зээлд нэвтрүүлэх талаар төдийлөн сайн ажиллаж чадахгүй л байх шиг байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Очирбат: Тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ

ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд уулын инженер, академич, багш П.Очирбатын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болсон юм. Ерөнхийлөгч П.Очирбат сэнтийгээсээ буугаад очсон хамт олон нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнхан. “Судлаач, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч П.Очирбат 30 гаруй ном бүтээж, 120 гаруй илтгэл өгүүлэл бичин, эрдэм судлалын ажлыг тасралтгүй үйлдвэрлэж ирсэн”-ийг эрдэм шинжилгээний хурлын үеэр нөхөд, шавь нар нь онцолж байлаа. Баасан гаригт болсон уг хурлын дараа ойн эзэнтэй цөөн хором ярилцсан юм.


– Анхны Ерөнхийлөгч 80 хүрлээ –


-Анхны Ерөнхийлөгч маань 80 нас хүрлээ. 80 насны төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ?

-Үгүй одоо ингээд л тэмдэглэчихлээ шүү дээ. Ерөөсөө л энэ. Гэрт мэдээж хэрэг Ш.Цэвэлмаа гуай бас ёсолно гэж байна лээ. Тэр нь нууц. Мэдээж хэрэг надад сайхан хоол хийж өгнө. 100 гр өгнө. Тэрийг хэрэглэнэ үү, байна уу өөр асуудал. Ийм л маягтай байна шүү дээ.

-Таны “Тэнгэрийн цаг” гээд ном байдаг шүү дээ. Нэг хэсэг хүмүүс “Тэнгэрийн цаг” гэдэг цаг хугацааны талаар их ярьдаг байсан даа. Ингэхэд “Тэнгэрийн цаг” үргэлжилж байгаа юу?

-Тэнгэрийн цаг гэдгийн утга учир бол Монголын ард түмнийг тэнгэр ивээж, ардчилал гэдгийг авчирч, бид цоо шинэ нийгэмд шинэ маягаар амьдрах цаг ирлээ гэсэн утгатай. Шинэ цаг үе, ардчилал, эдийн засгийн шилжилт энэ бүхэн үргэлжилсээр байна. Тийм учраас тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ. Улам л сайхан эрч хүчтэй үргэлжилж байна.

-Та анхны Ерөнхийлөгч, өмнөх удирдагч нараас огт өөр имижтэй байсан л даа. Сая эрдэм шинжилгээний хурал дээр зарим судлаач ярьсан. Таныг 1980 онд “Удирдах ур чадвар” гээд ном гаргаж байсан гэлээ. Хээгүй Ерөнхийлөгч гэдэг удирдлагын ухааныг нарийн судлаад, өөрийн орны нөхцөлд зохицуулж гаргаж ирсэн дүр төрх юм биш үү?

-Өмнөх төрийн удирдлагууд, тэдний ажиллаж байсан нөхцөл огт өөр шүү дээ. Ардчилсан нийгэмд шилжихээр ардчилсан төрийн тэргүүн гэдэг дүр төрх нь өмнөхөөсөө ялгаатай байх ёстой. Олон түмнийхээ дотор байж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй болсон.

Хуучин нийгэмд бол нийгмийн бүтэц зохион байгуулалт удирдах хүмүүсийн ажлын арга барил бичигдсэн учраас тэрүүгээр л явж байж. Шинэ нийгмийг бүрэлдүүлэх үеийн удирдагч бол шинэ дүр төрхтэй, төрийн бодлогыг ард түмэнд тулган хүлээлгэж хэрэгжүүлэхийг үүрэгдэх бус, яах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санаа бодлыг нь сонсч, хамтын ухаанаар шинэ нийгмээ байгуулах шаардлага тулгарсан юм.

Малчин айлд очиж ярьж хөөрч, хийгээд өгсөн цай хоолыг нь идэж уучихдаг, гудас дэвсээд дээлээ нөмрөөд унтчихдаг байсан. Тийм учраас намайг хээгүй гэдэг байхгүй юу. Нэг их хээтэй болох гээд хэрэг байхгүй л дээ.

-Д.Бямбасүрэн гуай тэр үеийн тухай дурсч байсан л даа. Жагсаал цуглаан болоогүй өдөр гэж байхгүй, элдэв янзын хэрүүл зарга дэгддэг байсан үед анхны Ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангах үүргээ гүйцэтгэж байсан гэсэн. Тэр үед амаргүй байсан болов уу?

-Мэдээж шүү дээ. Маш олон өргөх бичиг барина. Хүн болгон өөрийн үзэл бодол, санаа сэтгэлийг ил тод хэлэх, чөлөөтэй хэвлэх нийтлэх ярих хөөрөх энэ болгон чөлөөтэй болсон үе шүү дээ. Өмнө нь олон ургалч үзэлсээд байх юм байсангүй. Нэг л намын үзэл баримтлалыг дагадаг байв. Хэрэв тэрийг зөрчвөл хариуцлага хүлээж хэрэгт татна. Яаж ч магадгүй шүү дээ. Чөлөөтэй болоод ирэхээр хүмүүс чөлөөтэй задгай ярьж хөөрдөг. Шинээр байгуулагдсан улс төрийн хөдөлгөөнүүд, намууд өөр өөрийнхөө үзэл бодлыг тулгана. Нэгийг нь авч болохгүй. Гурван намынхан ярихаар аль алинд нь авах юм байдаг шүү дээ. Олон ургалч үзлийг уралдуулж, дундын нэг хувилбар гаргаж ирдэг байгаагүй юү дээ. Үүнийг л зарим тохиолдолд бөөрөнхийллөө гэдэг байсан. Минийхээр болсонгүй гэж гомддог юм уу, яадаг юм.

-Гэхдээ Д.Бямбасүрэн гуай бол таныг бөөрөнхий гэж хэлээгүй харин туйлширдаггүй гэсэн.

-Юу гэж туйлшрах вэ дээ. Туйлширна гэдэг чинь л өөрийнхөө үзлийг тулгах шүү дээ, бусад хүмүүс юу ярьж байна, тэр дотроос нь авах гээх юм юу байгааг тунгааж байж шийдэх учиртай. Ардчилсан нийгэмд бол туйлшрах хориотой эд л дээ.

-Зарим улстөрч таныг шүүмжилдэг байсныг саналаа. Б.Ельцин “Хэлмэгдүүлэлтийн асуудал одоогийн Орос оронд холбогдолгүй” гэхэд нь манай П.Очирбат сүйхээ гаргаад, өөдөөс нь Зөвлөлтийн үеийн өр өнөөгийн Монголд хамаарахгүй” гээд хэлчих байсан юм гэдэг л дээ. Гэхдээ бодит байдал дээр 1993 онд Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр та ингэж хэлэх боломж байсан юм уу?

-Ингэж ярьдаг л даа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл урд өмнө хийж байгаагүй юм. Манайхан ч Зөвлөлтийн талд “Та нар буруутай” гэж тулгаж байсан юм байхгүй. Харин Б.Ельцинтэй уулзах үед “Ийм хэлмэгдүүлэлт болсон, энэ бол тухайн үеийн Зөвлөлтийн удирдлага, дээрээс нь Коминтерний нөлөө, энэ болгоноос болоод ийм харамсалтай буруу үйл ажиллагаа явуулж байсан. Энэ буруу үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа бид шинэ нийгэм, тогтолцооны үед ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэж, амлалт авъя” гэсэн юм. Урьд өмнө зөвшөөрдөггүй байсан юмыг хүлээн зөвшөөрүүлээд, энгийнээр хэлбэл миний буруу, дахиад тэгэхгүй ээ гэж хүн буруугаа хүлээдэг шүү дээ. Түүн шиг Оросын тал буруугаа хүлээгээд, дахиад хамтын ажиллагаандаа ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн. Тухайн мэдэгдлийн гол ач холбогдол үүнд байсан.

-Сөргүүлээд шууд их өрийн асуудлыг ярих боломж байгаагүй байж болох юм.

-Их өрийн асуудлыг ярьсан шүү дээ. Юу гэж ярьсан гэхээр одоо зах зээлийн харилцаанд шилжлээ. Өр төлбөрийн асуудлыг төлөх төлөхгүй, ямар хэсгийг нь хөнгөлөх вэ, ямрыг нь цаашаа үргэлжлүүлэх вэ гээд бидэнд ярих юм бий. Хэрэв өр төлдөг юм аа гэхэд юугаар төлөх юм бэ. Ядаж Таван толгойн орд газрыг хамтарч босгож ирж, хөрөнгө оруулж, тэндээс гарах орлогоос зарим нэг төлбөрийн асуудлыг шийдэхэд болохгүй юм байхгүй шүү дээ гэж хүртэл Б.Ельцинд хэлж л байсан. Тэрийг хэвлэлд тухайн үедээ бичээгүй л дээ.

-Та “Ээжээрээ овоглох нь миний хувьд ээжээ гэсэн дээд хүндэтгэл” гэж нэг ярилцлагадаа хэлсэн. Гэхдээ та бас таны “Дуудуулах овогтой аавыгаа мөнхжүүлж чадаагүй” гэж ааваасаа нууцхан өршөөл эрсэн шүлгийн мөрүүд байдаг шүү дээ.

-Хувь тавилан тиймээс л хойш. Би тэр шүлэгтээ бичсэн шүү дээ. Тэр чинь хэд хэдэн нөхцөлтэй. Миний эцэг лам хүн байсан. Нэгдүгээрт лам хүний хүүхэд гэсэн яриа, нөгөө талаар өөд болсон эцгийнхээ ясыг өндөлзүүлж нэрээр нь дуудаад байхыг цээрлэдэг. Тийм ч юм байсан л байх. Энэ талаар би зөндөө ярьж байсан. Сургуульд ороход “Овог нэрээ хэл” гэхээр хэлж мэдэхгүй зогсоод байсан. Аавыг чинь хэн гэдэг юм гэхээр “Аав байхгүй” гэж байгаа юм. “Ээж байна уу“ гэсэн “Байна”, “Хэн гэдэг вэ” гэхээр нь “Пунсалмаа” гэдэг. Тэгээд л Пунсалмаагийн Очирбат гээд л бичнэ шүү дээ.

-Та бас ээжийнхээ тухай ном бичсэн юм билээ. Би харин Ш.Цэвэлмаа гуайд зориулж “Бурхан хань минь” шүлэг бичиж, энэ шүлэгт гавьяат А.Энхтайван ая хийгээд та хоёр вальс эргэж байсныг санаж байна. Тэр шүлэгт “Харц гаралтай ханиа хааны зэрэгт хүргэсэн” гэсэн мөрүүд байдаг санагдаж байна?

-Тийм мөр байдаг.

-Ш.Цэвэлмаа гуай ч бас анхны тэргүүн хатагтай шүү дээ. Монголчууд энэ хүнд сэтгэл хангалуун байдаг. Та ч гэсэн эр нөхрийн хувьд өндөр үнэлсэн хэрэг байх л даа?

-Мэдээж. Тэгэлгүй яах вэ. Ш.Цэвэлмаагаас үнэ хүндтэй бүсгүй хүн надад өөр юу байх вэ.

-Хоёр охинтой биз дээ?

-Үгүй ээ яалаа гэж. Охид бол өөр. Хүний хань, гэргий гэдэг базарваань, тийм л байхгүй юу. 50 гаруй жил 60 шахам жил ханилж байна. Энэ чинь дажгүй л байгаа биз дээ.

-Ерөнхийлөгчөөс буусны дараа юу хийх вэ гэдэг амаргүй асуудал шиг байгаа юм. Та бол судалгаа эрдэм шинжилгээ, сургах ажилд дахиад 20 жил зүтгэсэн байна. Та ажлаа өгөөд юу хийх вэ гэж их бодсон уу?

-Нэг их бодоод байсан юм байхгүй. Би бол Ерөнхийлөгчийн албыг тушаагаад, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертациныхаа судалгаан дээр суусан шүү дээ. Тэгээд хоёр жил нухаж байгаад, 1999 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Надад хийх ажилгүй яая даа гэх үе байгаагүй. Ном эрдмийн ажил хийгээд явсан. Доктор хамгаалаад, энэ сургуульд Удирдах зөвлөлийн дарга болоод, тэрнээс хойш туж энд л байгаа.

-Сая эрдэм шинжилгээний хурлын үеэр С.Цэдэндорж профессор танд зориулж “Энэ хүнээс юу нэхээд байгаа юм бэ, хангалттай их юм хийлээ, одоо болсон юм биш үү” гэсэн утгатай шүлэг бичиж байснаа уншсан. Тэгснээ бас хүн 80 хүртлээ их юм хийдэг юм байна. Ахиад юм нэхье гэдэг шүлэг бичмээр юм байна гэсэн шүү?

-Нэхнэ гэж байна.

-Та тэгээд одоо үргэлжлүүлээд хийх ажлаа төлөвлөсөн юм уу?

-Нэхсэнийг нь хийнэ (инээв). Ном бич гэвэл бичнэ. Нийгмийн ямар ч захиалгыг биелүүлэхийн төлөө ажиллана.

-80 нас гэдэг бас гоё өндөрлөг л дөө.

-Гоё, сайхан нас.

-Тэгэхээр энэ өндөрлөг дээрээс өнгөрүүлсэн амьдралаа харахад та өөртөө хэр оноо өгөх вэ?

-Оноо нь яах вэ. Би бол уйдаагүй. Сайхан ажилтай, сайхан гэр бүлтэй, сайхан эх оронд амьдарч өдий хүрчээ. Юу болоод өнгөрснийг тооцох завдалгүйгээр амьдрал буцалсаар байгаад л, амьдрал дунд тэмцсээр байгаад, чанагдсаар байгаад зүтгэсээр байгаад, хийсээр яваад нэг мэдэхэд 80 хүрсэн байна шүү дээ. Сургуульд сурлаа, уурхайд ажиллалаа. Төрийн байгууллагад ажиллалаа. Бүр төрийн дээд өндөрлөгт ажиллалаа. Дараа нь эрдэм судлалын ажилд их цаг зарлаа. Шинжлэх ухаан боловсролын салбарт 20 гаруй жил сурган хүмүүжүүлэх, бичих туурвих, ажил хийлээ. Уйдах, хийх байхаа олж ядах үе гарсангүй. Идэвхтэй, буцалсан амьдрал дотор бужигнасаар байгаад ирсэн учраас миний амьдрал хөгжилтэй, бүтээлтэй, бас хүнд бэрх байлаа. Албан тушаал ахих тусам хүлээх хариуцлага өндөр. Мэдэх, мэдэхгүй ажилд тохоогдоно. Ю.Цэдэнбал дарга намайг Түлш, эрчим хүчний яамны сайдаар томилно гэхэд нь би “Би уул уурхайн инженер, эрчим хүчний салбарыг мэдэхгүй ээ, тийм учраас би тавигдаж байгаа зорилтыг хангах хэмжээнд хүрээгүй гэж өөрийгөө боддог” гэсэн юм. Ю.Цэдэнбал гуай “Чи мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа чинь сайн байна. Мэдэхгүй зүйлээ түргэн хугацаанд мэдэж ав, тэгээд сайн ажилла. Чиний хэлснийг би товчооныхонд танилцуулна аа” гэж байсан юм.

-Цэдэнбал Филатовагаас болсон уу монголчууд нэг хэсэг төрийн тэргүүн эхнэрийнхээ зөвлөгөөг авдаг эсэхийг сонирхдог байсан шүү дээ. Та Ш.Цэвэлмаа гуайн зөвлөгөөг сонсдог байв уу?

-Ш.Цэвэлмаа юу зөвлөх юм. Хүнд зөвлөх нь битгий хэл өөрөө ч мэдэхгүй, цоо шинэ нийгэмд хамт орж байгаа юм чинь. Яах вэ, ханиа хайрлана, биеэ бодох талаас нь сануулна шүү дээ. Нерв зарцуулна, олон цагаар сууна. Хэцүү шүү дээ.

-”Нүүрсний хаанчлал дуусаагүй” гэсэн таны нэг өгүүлэл харсан. Нүүрсээ боловсруулаад ашиглах ирээдүйтэй гэж үздэг үү?

-Тэгдэг. “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги” гэж ном бичсэн. Нүүрсийг зөвхөн цахилгаан станцын түлш болгож хэрэглэх төдий биш цааш нь химийн үйлдвэрийн үнэ цэнэтэй түүхий эд болгож ашиглах, нүүрс химийн үйлдвэрийн шинэ салбарыг хөгжүүлэх талаар номондоо бичсэн.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Ном л бичиж өнгөрөхгүй юу.

-Ш.Цэвэлмаа эгчтэй бас ярилцана биз, яриад дуусчихсан уу?

-За тэгээд яриад байх нэг их юм байхгүй дээ. Д.Сүрэнхорлоо тэгсэн гэж байгаа юм, Ц.Гомбосүрэнг “Чи одоо цаас мэрээд буруу хараад суучих юм. Надтай суугаад юм ярихад яадаг юм” гэж. Тэгээд өөртөө тэгж байна гэнэ. “Үгүй одоо өнөөх чинь юм ярья гээд хүрээд ирвэл би одоо юу ярьдаг билээ” гэж… (инээв).

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Анхны Ерөнхийлөгч 80 хүрлээ

ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд академич, багш П.Очирбатын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд сууж, анхны Ерөнхийлөгчийн олонд төдийлөн танигдаагүй өөр нэгэн дүр төрхийг тольдох шиг болов. Ерөнхийлөгч П.Очирбат сэнтийгээсээ буугаад очсон хамт олон нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнхан. Гэхдээ уулын инженер байсан хүний анхны хамт олон ч гэж болох юм билээ.

Анхны Ерөнхийлөгчид баяр хүргэхээр ирсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Уулын инженер гэдэг уулын инженерүүдийн хамгийн чухал цол шүү” гэж онцолсон нь учиртай юм билээ. Тэрбээр Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг төгссөн, уулын инженер-маркшейдер мэргэжилтэй ажээ. “Орчин үеийн уул уурхайн салбарын 100 жилийн 55-д нь П.Очирбат гуай маань бидний зүг чиг болж явлаа. Жирийн уулын инженерээс гараагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл гайхамшигтай, бахдам замыг туулсан эрхэм танд 80 насны ойн баяр хүргэж, урт насалж удаан жаргахыг ерөөе” гэж сайд хэлсэн юм.

Г.Ёндон сайдаас ч богино хугацаанд танхимд үзэгдэж, цахилаад гарсан хүн бол анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа байлаа. Тэрбээр хурлын дундуур орж ирж, нөхрөө “Жаахан ийшээ суу” хэмээн гараараа дохиж байгаад, гар утсан дээрээ хэдэн зураг дарж аваад, ханьтайгаа хэдэн үг шивнэлдчихээд гарч одов. Зураг дарж явангаа бас над руу толгой дохин мэндэлж, “Өдрийн сонин уншдаг шүү, ийм шүү” хэмээн эрхий хуруугаа гозойлгож амжсан.

Эрдэм шинжилгээний хурал гэхээр дандаа ч ажил яриад байсангүй. “П.Очирбат бол Монгол Улсын төр, нийгмийн түүхэнд тодоор бичигдэх товариш мөн” гэж тодорхойлж амьтан инээлгээд авсан Д.Дондов гуай “Нэгэн жарны андын нөхөрлөл”-ийн талаар нарийн ширийнийг уудаллаа.

No description available.

“Нүүрсний” хэмээгддэг Д.Дондов бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, АИХ-ын депутатаар сонгогдож явсан, доктор хүн. Ленинградын Уул уурхайн дээд сургууль төгсөх үедээ Ооёо нэгэнт хамт олны дунд нэр хүндтэй, “сүргийн манлай” болон тодорсоор байлаа хэмээн нөхөр нь тодорхойлсон. “Тэр оюутан байхдаа МАХН-д элссэн юм. Бидний хэн ч энэ тухай бодож байсангүй” гэж Д.Дондов өгүүлсэн юм. Анхны Ерөнхийлөгчтэй оюутан ахуй цагийн нөхөд тэрбээр П.Очирбат гуайн “Тэнгэрийн цаг” номонд ч дурдагддаг агаад тэдний онигоо нэг, хоёроор зогсохгүй.

Д.Дондов Москвад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга байхдаа П.Очирбат найздаа “Шинэ жилийн мэндчилгээ” илгээсэн юм байж. Түүндээ “Шилэн хавтастай, Шотланд автортой “ном“ нэгийг явуулав. Шинэ жилээр “уншаад”, сэтгэгдлээ ирүүлнэ үү” гэсэн юм байж. Хариу нь ч иржээ. “Сайхан ном байна. Дахин дахин уншаад баймаар юм байна, ирүүлж үзээрэй” гэсэн байж.

-Ирүүлдэг байсан л даа хэмээн П.Очирбат гуай наргиа болгов. Тэрхүү онигооноосч улбаатай юу, эсвэл хашрууд бие биенийхээ юу идэж уудаг, уухаа больсныг анддаггүй юм болов уу. Хурлын үеэр нэг нь “Одоо уухаа больсон ч гэсэн санаж байж магадгүй” хэмээн шотланд виски бэлэглэж байна лээ.

Нөхөд, шавь нарын бэлэгнээс гадна одон чхүртэв. П.Очирбат гуайдУул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уул уурхайн алдрын од” хүртээв. Цалин цагаан мөнгөөр хийсэн, үнэт чулуугаар бүрсэн уг одыг бүтээхэд анхны Ерөнхийлөгчийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Шарын голын уурхай санхүүжүүлсэн гэнэ. “Манай уул уурхайн Чингис хааны одон байгаа юм” гэж дэргэд нэг хүн тайлбарлав. Үнэхээр ч 2005 онд П.Очирбат гуайд хүртээсэн “Чингис хаан” одонтой төстэй харагдаж байсан шүү.

No description available.

Хурлын төгсгөлд П.Очирбат гуай Чингис есөн өрлөгөө өргөмжилөн сайшааж байгаа юм шиг л нөхдийнхөө гавьяа, зүтгэлийг дурдсан юм. “Монгол Улсын уул уурхайд Д.Дондовын байгуулсан гавьяа их. Уулын инженер маркшейдер шавь сургалтыг Д.Дондов бий болгосон юм. Түүний бэлтгэсэн маркшейдерууд Монголын бүх уурхайд яваа. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд Д.Дондов хувь хэмрээ оруулж, хөтөлбөр боловсруулж, өөрөө туж багшилсан юм. Мань хүн оюутнуудад хэлдэг хоёрхон үг байдаг. “Нөхөр минь чи маркшейдер бол эсвэл рейс тоологч бол. Энэ мэргэжлийг эзэмших өөр арга байхгүй” гэдэг хэмээн П.Очирбат танилцуулсан.

ЗХУ-д төгсч ирсэн П.Очирбатыг Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр авч, хэдэн сарын дараа Шарын голын уурхайн ерөнхий инженерээр томилогдоход нь уурхайд хүргэж явсан Я.Гомбосүрэнг тэрбээр “Халамжлан хүмүүжүүлэгч, хамтран зүтгэгч минь хэмээн хүндэлж явдаг. Түүнээс хойш хөөрхий 80 гартлаа туж л хамт явж байгаа юм” гэв. Я.Гомбосүрэн гуай тэгэхэд хэлтсийн дарга байж. Анхны Ерөнхийлөгчид маань ч бас сайддаа “амьдрал үзүүлсэн” түүх байдаг гэнэ шүү. Яаманд ажиллах болсон залуу П.Очирбатад Баян-Өлгийд сайддаа үйлчлэх үүрэг ногдсон тухай ийнхүү хуучиллаа.

-П.Дамдин сайд цэмцгэр, өндөр шаардлагатай хүн байсан.

Сайд “Энэ манай яамны нүүрсний мэргэжилтэн байгаа юм” гэсэн чинь өнөө дарга огт өөр болоод, надад таваг дүүрэн бууз хийж өгөөд жигтэйхэн сайхан болж билээ.

Баян-Өлгийд “Гуанзанд ороод хоол аваад ир” гэсэн бишбармак гээч хоолыг нь би захиалж аваад, сайддаа өгсөн чинь том далбагар бүтэн цорой байна. “Энийг чинь яах юм, зулгаах юм уу” гэнэ. Хутга эрээд пижигнэчихсэн чинь олддоггүй, гал зуух руу нь орсон чинь хуванцар иштэй урт балиус байна. Бэлтгэлд хэрэглэдэг бололтой юм. П.Дамдин сайддаа авчраад өглөө. “Ямар хаашаа юм бэ, үхэр алах гэж байгаа юм шиг, наадхаар чинь яах юм” гэж байна. “Сайдаа, энд өөр хутга алга” гэлээ. “Ямар завхарсан газар вэ, хутга шөвөгтэй байх хэрэгтэй шүү дээ” гэж байна. Давхиад Нүүрстийн хотгорын уурхайд яваад очсон, тэнд ямар гуанз, буудал байх биш. Үдийн цайны цаг ч боллоо. Уурхайн дарга “Мах чаначихсан” гэж байна. Жижигхэн байшинд ороход үүдэнд нь данхтай ус барьчихсан гар угаалгаж байна. Сахалтай, сайхан өвгөн малгайтайгаа ёс төртэй суучихсан Аллах бурхандаа залбирал үйлдээд, хутга барьж аваад л мах зүсээд огтлоод, түмпэн рүү хийгээд байв. Тойроод суусан “товаришууд” түмпэнгээс мах авч иднэ. Мань хүн мах хэрчсэн гарынхаа салаагаар урссан тосыг долоох юм. Тэгээд л дахиад хэрчнэ. П.Дамдин гуай тэрийг хараад “Энэ одоо ямар хаашаа юм бэ” гээд… Ухаан нь үдийн хоол идэж байна шүү дээ. П.Дамдин сайд намайг ажилтай танилцуулж, би П.Дамдин сайдыг амьдралтай танилцуулж явлаа шүү дээ гэж П.Очирбат гуай хошигносон.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбыг тэрбээр “Манай сургуулийн бүтээгдэхүүн бас л дээгүүр ордог инженер. Би ерэн хэдэн онд дарга мэргэжил гэж хэлчихээд баахан амьтанд шүүмжлүүлсэн. Дашийн Бямбасүрэн “Дарга мэргэжил гэж юу яриад байгаа юм” гэхгүй юу. Чи Удирдлагын академийн захирал биз дээ. Чи тэгээд юу заагаад байгаа юм. Мэргэжил олгоод байгаа биш юм уу” гэж байж нэг юм дуугүй болгосон шүү дээ хэмээн П.Очирбат гуай хуучилж, танхимд суусан хүмүүсийг хөгжөөв. “Дарга бол мэргэжил. Тэр талын мэргэжлийг манай энэ Д.Дамба гарамгай эзэмшсэн. Ланжгар дарга байгаа юм. Ямар сайндаа манай “Шувууныхан” (“П.Очирбат гуайн найз нөхөд гэр бүлээрээ хамрагддаг аялагчдын групп) дарга тавьчихаад салахгүй байгаа шүү дээ. “Шувууныхан” энэ хүнээр даргалуулж байх дуртай. Энэ маань ч бас дургүй биш байдаг юм гэнэ.

Танхимд суусан хүмүүс түүнийг Ерөнхийлөгч гэхгүй зүгээр л академич, багш гэж дуудах юм. Доктор Х.Жаргалсайхан “Академич П.Очирбат бол Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөгжлийн стратегич, биднийг сурган хүмүүжүүлэгч” хэмээн тодорхойлсон юм. “Бид оюутан цагаасаа П.Очирбат гуайн өгүүлэл, номыг уншиж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн” гэж тэр илтгэсэн.

No description available.

Тулгын гурван чулуу шиг гурван ном нь П.Очирбат гуайн хар, саарал, хөх ном гэж мэргэжлийнхэн, оюутнууд дунд алдаршсан гэнэ шүү. Нүүрсний хар ном нь гэхэд л “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” гэсэн урт нэртэй юм билээ. 2002 онд хэвлэгдсэн юм байна. Үүндээ нүүрсийг иж бүрэн боловсруулах стратеги, шатдаг занарыг нефть химийн түүхий эд болгон ашиглах тухай, нүүрсийг иж бүрэн хаягдалгүй ашиглах талаар ч өгүүлсэн байна. Цахилгаан станцын утаанаас хүртэл ховор элемент ялган авах, үнсийг барилгын материал болгон ашиглах зэргийг ч багтаасан уг бүтээл мэргэжлийн хүмүүсийн ширээний ном болжээ.

“Монгол Улсын эрдэс баялагийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи” (1998) хөх номонд ураны аж үйлдвэрийн хөгжлийн стратеги, газрын тосны цогцолборын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо зэрэг өргөн хүрээг хамарчээ. “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи” саарал номонд алт, мөнгө, алмаазыг хамруулсан байна.

Доктор Х.Жаргалсайхан П.Очирбат гуайг сурган хүмүүжүүлэгч гэсэн нь учиртай. Түлш, эрчим хүчний сайд байхдаа “Удирдах ур чадвар” бэсрэг ном гаргахад нь уул уурхайн инженерийн ангийнхан амтархан уншиж байсан гэнэ. Уг номд “Удирдлагын шинжлэх ухааныг нарийн судалж эзэмшиж, өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан хэрэглэх ёстой” гэснийг Х.Жаргалсайхан доктор иш татсан юм. Анхны Ерөнхийлөгч маань аль 1980-аад онд удирдлагын ухаан судалж байсныг бодоход зарим нэгний төсөөлдөг шиг зүгээр л “Билэг танхай монгол” байгаагүй бололтой дог.

Судлаач, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч П.Очирбат 30 гаруй ном бүтээж, 120 гаруй илтгэл өгүүлэл бичин, эрдэм судлалын ажлыг тасралтгүй үйлдвэрлэж ирсэнийг эрдэм шинжилгээний хурлын үеэр нөхөд нь онцолж байлаа.

П.Очирбат гуай хамт олондоо, хамтран зүтгэгчиддээ “Баярлалаа” гэж хэлсэн юм. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн амаргүй албанд зүтгэж, улс үндэстнийхээ эв нэгдлийг хангах үүргээ амжилттай биелүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа. Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүслэн” киног маань үзсэн хүн бүр хавдартай тэмцэж байгаа эмч нарыг Солонгост сургах зардлыг босгоход нэмэр болох юм

М.Мөнх-Оргил механик инженер, хуульч мэргэжилтэй. 2013 онд ШУТИС төгссөн. Д.Тэмүүжин Шанхайн уламжлалт анагаах ухааны их сургуулийг 2018 онд төгссөн. Тэд “Дусал тус” сан байгуулж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд туслах том мөрөөдөлтэй залуус. Энэ талаар тэдэнтэй ярилцлаа.


-Яагаад элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүст туслах болов?

М.Мөнх-Оргил– Манай ээж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Элэг шилжүүлэн суулгаад гараад ирэнгүүтээ л цоо шинэ хүн болчихсон. Надад ид шид шиг л санагдсан. Ээж хагалгаанд ороод 30 гаруй цаг болсон. Орохоосоо өмнө гарын арьс нь харлаад эхэлсэн байсан л даа. Мэс заслын дараа арьс нь урдаасаа эхэлж цайраад ирдэг юм билээ. Тэгээд л ийм асуудалтай хүүхдүүдэд тусалъя. Энэ чиглэлийн эмч бэлтгэхэд нэмэр болъё гэж шийдсэн юм. “Дусал тус” сан байгуулахаасаа өмнө хоёр хүүхдэд хандив цуглуулж өгсөн. Манай сан 50-иад гишүүнтэй. Сар бүр бид хэд боломжоороо мөнгө цуглуулдаг.

Д.Тэмүүжин-Гол нь зовлон мэддэг хүмүүсийг гишүүнээр авбал зүгээр санагддаг. Энэ чиглэлийн олон сан бий. Одоогоор танилууд, найз нөхдөө уриалаад явж байна. Манай сангийн гурван үндсэн зорилго бий. 18-аас доош насны элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд туслая гэж зорьж байна. ЭХЭМҮТ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай бас уулзсан.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд 50-80 хүнтэй баг ордог. Ерөнхий эмчээс авахуулаад туслах эмч, сувилагч, асаргаа сувилгаа хийдэг багийнхан, цэвэрлэгч хүртэл багт багтдаг. Эмч нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар зорьсон. Хятад, Солонгосын эмч нартай холбогдож байгаа. Ковидоос шалтгаалаад гадаадад сургалтанд хамруулах ажил хумигдаад байна. Яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж авч өгье гэсэн юм. Дуслын системээс эхлээд маш олон урсгал зардал гарч байдаг. Хагалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг бид судалж байгаа. Манай удирдах зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад ийм гурван асуудал дэвшүүлсэн. Алсдаа эрхтэн шилжүүлэн суулгах том цогцолбор барих мөрөөдөлтэй байгаа.

-”Хүслэн” кино хийсэн гэлүү?

М.Мөнх-Оргил-”Хүслэн” кино маань арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн. Жаахан бэрхшээл тулгараад, кино театруудаас киногоо буулгасан байгаа. Юнивишнд тавихаар хүмүүс үзэх байх. Энэ киноноос олсон орлогоороо эмч нарыг Солонгост сургахаар ярилцаад байгаа юм. Эмч нарын замын зардлын асуудал байдаг. Үүнд нь туслах юм.

-Кино хийхэд бас зардал их шаардсан байх?

М.Мөнх-Оргил-Киноны зардлыг эхнэр бид хоёр хувиасаа гаргасан. Ионсей эмнэлэгээс бидэнд эмч нарын төлбөрийг 70 хувь хөнгөлж өгөх сайхан мэдээ дуулгаад байгаа. Юнивишнд кино оруулахад бас дараалалтай юм билээ. Кино маань тавигдаад ашиг орлого олоод эхэлбэл эхний ээлжинд эмч нараа сургалтанд явуулах бодолтой байгаа.

-Залуус том зорилго тавьсан байна. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхэд олон байдаг уу?

Д.Тэмүүжин– Өнгөрсөн хавар сангаа байгуулаад, эмнэлэгийн төлөөлөлтэй очиж уулзахад өнөөгийн байдлаар 80-85 хүүхэд байна гэж ярьж байсан. Элэгний хатууралд ороод, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүүхэд байгаа ч хүлээлт үүсээд байгаа юм билээ. Улс дааж чадах нь байна, чадахгүй нь байна. Зарим хүн хандив, мөнгө босгоод өөрийнхөө мөнгөөр хийлгэж байгаа юм билээ.

-Д.Тэмүүжин эмчээрээ ажилладаг уу?

Д.Тэмүүжин- 2018 оноос эмчээрээ ажиллаж байгаа. Уламжлалт анагаах ухаанаар, эмийн бус аргаар хүнийг яаж эрүүлжүүлэх чиглэлээр ажилладаг. Оргилын маань ээж хагалгаанд ороод, бид эмнэлэг дээр хамт байлцахдаа “Их хүнд асуудал юм байна. Энэ чиглэлээр юм хийвэл яах вэ” гэж бодоод энэ ажлыг эхлүүлсэн юм.

-Ямар хүмүүс сан байгуулаад, хүмүүст туслах гээд яваад байгааг хүмүүс сонирхох байх л даа. Тэгэхээр өөрсдийнхөө тухай яриач. Монголын уламжлалт анагаах ухаанаас Дорнын анагаах ухаан тэр дундаа Хятадын анагаах ухаан өөр үү?

Д.Тэмүүжин-Ерөнхийдөө суурь нь ижил. Гэхдээ хувьслынхаа явцад өөр өөрийн нөхцөлд зохицсон уламжлалт анагаах ухаан болж хөгжсөн. Өвчнийг анагаах эдгээх, урьдчилан сэргийлэх өөр өөрийн онолтой. Хятадад сар бүр дэлхийн хэмжээний том хурлууд болдог. Би бол нуруу нугасны өвчин, суудлын мэдрэлийн өвчнөөр мэргэшихийг хичээдэг.

-Хүмүүс хүндэрсэн үедээ эмчид очдог уу эсвэл урьдчилан сэргийлэхэд анхаарч байна уу?

-Арван хүний гурваас дөрөв нь хүндэрсэн үедээ ирдэг. “Үнэхээр болохоо байлаа, эмчээ“ гэж ирдэг. Бусад нь “Би өвдөх гээд байна” гээд ирдэг. Манайхан бас өөрийгөө их чагнана. Яаж өвдөхгүй байх талаар мөн сэргээн засах чиглэлээр зөвлөгөө өгдөг.

– Эрхтэн шилжүүлэн суулгахдаа тулна гэдэг маш олон үе шатыг туулна шүү дээ. Элэг, бөөр чинь эвгүйдэж байна шүү гэдэг эхний дохионууд яаж ирдэг вэ?

-Эхний дохио нүд, чих, нүүр аман дээр харагддаг. Нүдний доогуур харлах, чих шуугих шинж тэмдэг илэрнэ. Нойр муутай үед элэг гэмтдэг. Судас бариад оношилох үед “Та нойр муутай юу” гэхэд үнэхээр тийм байдаг. “Элгээ хамгаалахын тулд нойроо сайн ав” гэдэг. Амьдралын зөв дадалтай байхыг зөвлөдөг. Эрсдлийг нь урьдчилж хэлэхээр тэр хүн элэгний хатууралд орохгүй, хавдар тусахгүй. Ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэгийн хаалгыг татахгүй шүү дээ. Ингэж л монгол хүний амь насыг хамгаалахыг зорьж байгаа.

-Чих шуугих бас дохио юм байна шүү. Манайхан “Чих шуугиад, утасны мод шиг дүнгэнээд байна” гээд л явдаг.

-Хэн нь муулаад, магтаад байна гээд явцгаадаг шүү дээ.

-Хүүхдүүд яагаад элэг солиулахад хүрч байна вэ?

-Удамшил нөлөөлнө. Ээж аав, эмээ өвөөгөөсөө авахуулаад амьдралын хэв маяг нь буруу байна. Эрүүл бус хооллодог. Ээж, аав нь зөв хооллодог бол таны хүүхдийн өвдөх эрсдэл буурна. Наад зах нь хүүхдээ орой эрт унтуул, өглөө юм идүүлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийлгэж байх нь өвдөхөөс урьдчилан сэргийлэх арга.

-Залуу хүн цалингаа хуримтлуулах ёстой. Зардал мундахгүй. Гэтэл орлогынхоо тодорхой хувийг хандивт зарцуулдаг гэхээр мундаг юм аа?

– Олж байгаа орлогынхоо тодорхой хувийг санд оруулдаг. Залуу хүн хариуцлагатай байх ёстой. Бусдад жаахан ч болов тус больё. Надад хариу нь ирэхгүй ч миний хүүхдүүдэд буян болох болов уу гэж боддог.

-”Хүслэн” гээд кино хийсэн гэсэн. Ер нь яагаад кино хийхээр шийдэв?

М.Мөнх-Оргил: “Revolution” студид манай найзууд байдаг. Нэг удаа “Дусал тус” сангийнхээ танилцуулгыг хийлгэхээр очсон юм. Тэр үед хойно хүмүүс яриад байсан. Нэг охин амьдралын буруу хэв маягаар яваад, элэгний хавдар туссан тухай ярьсан. Надад нэг гоё кино зохиол шиг санагдсан юм. Киноны төгсгөл хэсэг нь миний зорилготой уялдаад, донорын асуудлыг хөндье гэж шийдсэн. Киногоо өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлж, зураг авалт маань наймдугаар сард дууссан л даа.

No description available.

-Та бол киног санхүүжүүлсэн юм байна, тийм үү?

-Эхнэр бид хоёр санхүүжилт гаргасан юм. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг хөтөлдөг байсан хөтлөгч, зохиолч А.Миеэгомбо зохиолыг нь бичсэн. Гол дүрд нь СУИС-ийн оюутан Г.Хүслэн тоглосон юм. Гавьяат жүжигчин У.Батбаатар, жүжигчин С.Сарангэрэл, Г.Ганбат нар гол дүрд тоглосон. Найруулагчаар А.Даваажаргал, Б.Батсүх нар ажилласан юм.

-”Хүслэн” кино бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн үг үү?

-Бодит амьдралаас сэдэвлэсэн. Б.Батсүх найзын маань танил нь олон жилийн өмнө тийм асуудалтай тулгараад, хүүхдээ алдаж байсан юм билээ. Арав гаруй жил энэ кино зохиолын тухай бодож явсан гэсэн. Тэгээд нэг өдөр санаандгүй байдлаар бид гурав уулзаад,кино хийхээр шийдсэн юм. Кино маань амжилтад хүрэхээр сандаа мөнгө хуримтлуулаад эмч нараа сургахад зарцуулахаар төлөвлөсөн юм. Кино театруудад үзэлт багатай, Юнивишнд тавьчихаар гайгүй болох болов уу гэж найдаж байна. “Хүслэн” киног үзсэн хүн бүр хавдартай тэмцэж байгаа эмч нарыг Солонгос руу сургалтанд явуулах зардлыг босгоход нэмэр болох юм.

-Киноноос өөрөөр яаж хандив цуглуулдаг вэ?

-Манай найзууд дөч, тавиулаа. Сард арав, хорин мянгыг өгөөд байхаар нэг мэдэхэд л гайгүй мөнгө цуглачихдаг юм.

Д.Тэмүүжин:Ойр тойрны мэддэг хүмүүсээсээ хандив гуйдаг. Бид бас түнш байгууллагууд сонгоод, манайд хандив өргөсөн хүмүүс гишүүн байгууллагуудад тодорхой хэмжээний бонустай үйлчлүүлэх талаар зөвшилцөж ярилцаж л байгаа.

Кино хийсний дараа эмч нартайгаа уулзахад “Киног нь үзсэн. Тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөөлөх ажил хийж байгаа нь сайн байна” гэж ярьж байсан.

-”Дусал тус” сан ямар хүмүүст туслаад байна вэ?

Д.Тэмүүжин:-Нэг хүү, бас нэг найман настай хавдартай охинд тусалсан. Сүүлд Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн байцаагч эмэгтэйд тус болсон юм. Тэр эмэгтэй бурхан болсон л доо. Гэхдээ нэгдүгээр эмнэлэгт сэхээнд байхад нь ар гэрийнхэнтэй нь уулзаад, сангаасаа тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлээд, нөхөрт нь гардуулаад явахдаа бахархаж л байлаа. Манай санд итгээд, олон хүн хандив өргөөд, бид түүнийг нь тусламж шаардлагатай хүмүүст хүргэх гоё л юм билээ.

М.Мөнх-Оргил: Тэр эмэгтэйд туслах гол шалтгаан зургаагаас доош насны гурван хүүхэдтэй байсан. Элэгний хавдрын эцсийн шатандаа орчихсон, жирэмсэн байхдаа элэгний хавдартай гэдгээ мэдээд, дээр нь ковид туссан байсан. Хамгийн бага нь дөрөв, тавхан сартай нярай хүүхэд. Тэгээд бид хүүхдүүдэд нь тус болъё гэж бодсон юм. Яах аргагүй олон өвчин хавсарсан учраас өөд болсон л доо.

Одоо Монголд 150 мянган хүн элэгний В,С вирустэй гэсэн тоо байна лээ. Энэ хүмүүс маань 10-15 жилийн дараа элэгний хатууралд хүрэх эрсдэлтэй. Хавдар тусах эрсдэл их. Энэ тохиолдолд элэг шилжүүлэн суулгах хэрэгцээ гарна. Гэтэл Монгол Улсын маань элэг шилжүүлэн суулгах баг өнөөгийн хурдаараа явбал хэр олон хүнд тусалж чадах билээ. Олон хүнийг “Одоо яая гэх вэ дээ” гээд хаялтай биш. Сан байгуулсан гол шалтгаан маань хавдрын эрсдэлтэй 150 000 хүмүүсийн ядаж 70-80 мянгыг нь аваад үлдчихье гэсэн юм.

Д.Тэмүүжин: Сард хамгийн ихдээ хоёр л хүн хагалгаанд ордог юм билээ. Жилд 24 хүн л орно. Өөрөө мөнгө зардлаа олсон ч дараалал гэж бий. Дараалалаас илүү нэг асуудал нь донор. Донор олддоггүй. Эсвэл ээж, аав нь, эгч дүү нь, үр хүүхэд нь л донор болдог. Биднийг эмч нартай уулзаж, судалгаа хийж байхад “Донорын асуудал хүнд байна” гэж ярьж байсан. “Эрүүл монгол”, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Олон сангууд бий. Бүгдээрээ хамтраад монгол хүний амийг аваръя. Нэг хүнийг аврахад ард нь байгаа дор хаяж арван хүнийг аварч чадна шүү дээ.

Ингэхэд танай ээж хагалгаанд ороход донорын асуудлыг яаж шийдсэн бэ?

М.Мөнх-Оргил:-Манай эгч донор болсон. Хагалгааны маргааш нь босоод, хоёр сарын дараа элэг нь хэмжээндээ очсон байсан. Хүний элэг хурдан төлждөг юм билээ. Элэгнийх нь 75 хувийг нь авч суулгасан шүү дээ.

-Хандив тусламж үзүүлэх хүнээ яаж сонгодог вэ?

М.Мөнх-Оргил: Манай сангийн Удирдах зөвлөлд долоон хүн байдаг. Хандив тусламж гуйсан хүмүүсийн мэдээлэл маст хүрчихээрээ мөнгө нь дороо босчихдог. Нэг хандивын дор ахиад 10-15 хүн тусламж гуйдаг. Тэндээс харж байгаад арай олонд хүрээгүйг нь сонгодог юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Данзан: “Нарны дор үнэнтэй яваарай” гэдэг маань аав нь ингэж явлаа шүү, чи бас ингэж яваарай гэсэн утгатай

Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Данзантай ярилцлаа.


-Нэг сарын 1-нд таны фэйсбүүктээ оруулсан “Өнөөгийн Монгол” гээд шүлгийг харсан л даа. Шинэ оны эхний өдөр нэг л сонин байдаг даа. Хоосон ч юм шиг. Харин та тэр өдөр өнөөгийн нийгмийн тухай эргэцүүлжээ?

-Өмнө нь бичсэн шүлэг л дээ. Тэр өдөр нүүр номдоо оруулсан юм.

-Харин надад энэ мөрүүд таалагдсан.

“Улс төрийн сонгуульд талцсан хийрхэлт Монгол

Ууж идэхийн төлөө дайтсан жийрхэлт Монгол

Ноёд, баяд нь шорондоо багтахгүй ялтан Монгол

Ноомой түмэн нь шоундаа уйдахгүй яршигт Монгол” гэсэн үнэн үгтэй мөрүүд санагдсан шүү. Өнөөгийн нийгмийг шүүмжлэлт өнцгөөс хараа юу даа?

-”Өнөөдрийн Монгол” гэж сүүлийн гучаад жилийг хэлж байгаа юм. “Маргаашийн Монгол” гэж бас маргааш өдөр нь оруулсан байгаа. Тэр нь ойрын арваад жил ийм болоосой гэсэн хүсэл байхгүй юу. Дараа нь би “Өчигдрийн Монгол” гээд сүүлийн 70 жилийн тухай бичих санаатай байгаа юм.

-Яавал ”Маргаашийн Монгол”-ыг өөдрөгөөр харах вэ?

-Боловсролтой, ухаантай, зөв хүмүүс л дээшээ гарч байж Монголыг өөд нь татна. Намаар гарах юм л даа. Би улс төр ярих дургүй. Гэвч нам гээчээс төр засгийг байгуулдаг тогтолцоотой юм байна шүү дээ. Аль ч намд сайн, муу хүмүүс байдаг юм байна.

Сайн хүмүүс нь жин дарж байна уу гэдэг л байна. Лав л муу хүн очоод сайн болж байна гэвэл хэцүү. Сайн хүн очоод муудчихаж магадгүй тал байна. Эх оронч үзэл мах цусанд байдаг даа. Эх оронч үзэлтэй, боловсролтой мэдлэгтэй хүн л юм хийнэ.

-Р.Нямдорж гуай та хоёр Бөхийн холбооны ажлаа өгсний дараа нийгмээ гэгээрүүлэх чиглэлээр ажиллахаар өмнө нь тогтчихсон байсан гэдэг сонирхолтой санагдсан шүү. Зарим хүмүүс ажлаа өглөө, тэтгэвэрт гарлаа юу хийх вэ гээд өөрийгөө хайж эхэлдэг шүү дээ.

-Ер нь 2006 онд бөхийн ажлаа өгнө гэж тооцож байсан юм. Тэгээд Нийгмийн гэгээрлийн сан гэж байгуулаад, Р.Нямдорж гуай нь “Яаж жаргах вэ” гэдэг ном бичээд, би “Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг”, “Сэтгэлээс илүү хүчтэн үгүй” гээд гурав, дөрвөн ч ном бичсэн юм. “Нийгмийн гэгээрлийн төлөө” гэсэн уриатай “Жин” гэж сэтгүүл долоо, найман дугаар гаргасан. Лекц уншлаа. Нэг хүн хоёр ажил зэрэг хийж чадахгүй гэж би боддог. Би их сургуульд багшийн ажил хийж байгаад Бөхийн холбоо руу ороод, өргөдлөө өгөөд, их сургуулиасаа шууд гарсан юм. Багшилж цалин авч, Бөхийн холбооны ажил хийсэн дүр үзүүлж явж болохгүй байсан. МУИС-ийн багшийн ажлыг хаяад гарч байгаа хүнийг тэр үед тэнэг л гэж зарим нь бодож байсан байх. Тэгээд Бөхийн холбооны ажилд бид зүтгээд Монгол бөхийн өргөөг бариад, 60 шинэ зүйл хийсэн шүү.

-Таны “Насны хайр” гээд гоё дууны шүлэг байдаг даа. Түүн шиг Р.Нямдорж гуай та хоёр насны найзууд юм биш үү?

-Тэр талаараа бид хоёр Геннист бичүүлж болно. 1972 оны намар МУИС-ийн гадаа танилцсан хоёр. Физикийн ангид хамт сурсан. Гуравдугаар курсээс дотор нь групп болгож хуваахад нэг группт орсон. 1977 онд төгсөөд хоёулаа МУИС-д багшаар үлдээд, хамт ажилласан. Бөхийн холбооны ажил руу хамт яваад, 2018 оны дөрөвдүгээр сард ажлаа өгөнгүүтээ тавдугаар сардаа Нийгмийн гэгээрлийн сангаа Нийгмийн гэгээрлийн холбоо болгож, өргөжүүлээд, үйл ажиллагааны 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна.

-Та Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн юм билээ. Яагаад та дандаа дэд тэргүүн болдог юм бэ. Бусдад найр тавьдаг хүн үү?

-Бөхийн холбооны ажил сонгуульт ажил шүү дээ. Тэргүүнээр Р.Нямдоржийг бөхчүүд санал нэгтэй сонгосон юм. Тэгэхээр би найзтайгаа өрсөлдөх шаардлага байхгүй. Нийгмийн гэгээрлийн холбооны ажлын хувьд ч Р.Нямдорж маань надаас олон зүйлээр илүү хүн. Хуулийн салбарт суралцаж, их сургуулийг хоёр дахь удаагаа төгссөн. Сэтгэл судлалын хичээл их заасан. Ийм ийм юм мэддэг учраас нэгдүгээрт, хоёрдугаарт угаасаа юманд хандах хандлага, буурь, чадвараараа надаас хавьгүй давуу хүн байхгүй юу. Нөхөртэйгөө нэгдүгээр байрны төлөө өрсөлдөх шаардлага байгаагүй. Мань хүн л хөтөлж жолоодож явж байхгүй юу.

-Та хоёрыг эхнэрүүд чинь хардахаар л хамт байдаг юм биш үү?

-Тэдэндээ зарцуулдаг цагаасаа л илүү хамт байдаг. Өглөө явна, шөнө ирнэ. Амралтын өдрөөрөө утсаар ярина. Зуны амралтаар бид сар орчим салдаг байсан юм. Тэр дундуураа уулзахаараа бас л ажлаа ярьдаг. Тэр нь хүртэл авгай нарт маань ямар байсан юм мэдэхгүй.

-Эхнэрүүд чинь бас найзууд уу?

-Гэр бүлийн найзууд байлгүй яах вэ. 1977, 1978 онд гэрлэцгээсэн. Тэгээд л найзууд. Бид хоёрын үерхэл нөхөрлөл 50 дахь жилдээ орж байгаа юм. 50 жил салахгүй нөхөрлөсөн улсууд хэр олон байдаг юм мэдэхгүй.

-Амин найзууд хүртэл бие биенээ хулгайч, худалчаар нь дууддаг цаг болжээ. Эхнэр, нөхөр хоёр хүртэл эвдрэхээрээ нэгэндээ хэлэхгүй муу үг гэж алга. Дотно сайхан нөхөрлөхөд баримтлах зарчим гэж байх уу?

-Байлгүй яах вэ дээ. Байгаад л тэр байхгүй юу даа. Зарчим гэхээсээ бид хоёулаа хөдөө төрж өссөн. Би Ховд аймгийн Дарви суманд, мань эр Говь-Алтай аймгийн Чандмань суманд. Нэг ялгаатай нь би малчны хүүхэд, Р.Нямдорж маань сумын төвийн албан хаагчийн хүүхэд. Аав, ээжүүдийн бидэнд өгсөн хүмүүжил гэж байна аа даа. Хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөөрэй гэдэг. Үглээд байхгүй. Гэхдээ үлгэрүүд нь яг байгаа юм. Бид физикийн мэргэжилд дурлаад нэг ангид орж. Бөх сонирхсон байна. Уран зохиол сонирхсон байна. Сонирхол, үзэл бодол адилхан байхгүй юу. Тийм учраас бидэнд зөрчилдөх юм байхгүй. Ам муруйж үзээгүй. Бие биенийхээ сэтгэлд муу юм хийчих вий гэж ямагт бодно. Хүн дотно хүндээ л гомддог. “Салшгүй сайн нөхөрт марташгүй муу үг бүү хэл” гэдэг дээ. Одоо сүүлдээ бид хоёр биенээ чи гэж чадахгүй, та гэж ярьдаг болоод байна.

Би нэг үг хэлсэн чинь Р.Нямдорж “Маш зөв байна” гэсэн. Юу гэхээр “Бид хоёр юун сайн улс төр рүү орсонгүй вэ, юун сайн бизнес рүү орсонгүй вэ” гэсэн юм л даа.

Тэгсэн бол “Махаа идэж, маяагаа зулгаах” байжээ. Мөн ч жаргалтай амьдарч байна даа, хоёулаа гэж байгаа юм. Дуртай юмаа л хийж амьдарч байна. Бөхөд дуртай, бөх үздэг, дурладаг, бичдэг байсан улсууд. Бөхчүүд биднийг ажиллаач гэсэн. Сайн ажиллалаа. Хүн чинь хийсэн ажлаараа бахархаж амьдрах учиртай. Монгол бөхөд 60 шинэ зүйл хийсэн гэдгийн томоохон таван ажлыг дурдвал Бөхийн өргөө байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэдэг байгууллагыг бий болгосон. Монгол бөхийг Геннист бичүүлсэн. Монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. “Монгол бөхийн нэвтэрхий толь” бичсэн.

Дашрамд дурдахад, Монголд спортын томоохон дөрвөн том цогцолбор байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын төв ордон, Буянт-Ухаагийн спортын ордон энэ гурвыг Хятадын Засгийн газар мөнгөө өгөөд, барилгачид нь барьж өгсөн юм шүү. Манайхан Хятадыг муулах дуртай. Би хүний тусыг боддог шүү. Харин Бөхийн өргөөг монгол архитектор зургийг нь зурж, монгол инженер тооцоог нь хийгээд, монголчуудынхаа мөнгийг цуглуулж, монгол барилгачид монгол тоосгоороо барьсан юм шүү. Ажлыг хийх нэг арга байдаг. “Ингэх хэрэгтэй байна, энэ маш зөв байгаа юм” гээд төр засагтаа бичиг бичээд, уулзаад явсан бол төр засаг бололцоогүй, аль эсвэл ойшоохгүй бол энэ ажлыг хийхгүй. Өнөөдөр Бөхийн өргөө байхгүй байх байсан. Бид шууд зургийг нь зуруулаад, компаниудаар яваад хандив цуглуулж эхэлсэн юм. Гудамжинд явж байгаад гоё хаягтай компани байвал ороод уулзана. 10.000 төгрөг, 100.000 төгрөг бариад гарна. “Битгий дэмий юм донгосоод бай” гэж загнуулаад гарна. Орой нь ажил дээрээ цуглаад, “Өнөөдөр тэдэн компаниар орлоо, төдөн төгрөг цугларлаа” гээд тайлан тавина. “Маргааш тэрүүгээр орно” гээд төлөвлөж аваад гарна. Машин байхгүй. Р.Нямдорж бид хоёр автобусаар явна. П.Даваасамбуу гуай маань нэг муу “69”-тэй түүгээрээ явна. Биднээс ахмад хүн байсан даа. Монголын бүх аймаг, ихэнхи сумаар явсан юм. Ингэж босгосон юм. Үүгээрээ бахархдаг юм даа.

-Монгол эр хүний намба, жудаг гэхээр монгол бөх санаанд буудаг. Гэхдээ сүүлийн үед “Бөхчүүд хүртэл эвдрэлцээд байна” гэж ярьдаг боллоо. Ярилцаад хэлэлцээд учраа олж болдоггүй юм болов уу?

-Хүнийг ёс жудаг, ноён нуруу гэдэг юм авч явдаг. Ёс жудагтай, ноён нуруутай байхад тэмцэл маргаан, зодоон нүдээн хаана ч гарахгүй. Ний нуугүй хэлэхэд, бид өв соёлыг хөгжүүлэх гэж явахдаа соён гэгээрүүлэх ажлыг бага хийсэн байна. Гэхдээ бид хийж байсан. Залуу бөхчүүдийг цуглуулаад, эрдэмтэн мэргэдээр лекц уншуулдаг байлаа. Д.Чойжамц хамба, гавж Ё.Амгалан, квантын физикч доктор О.Лхагва, допингийн мэргэжилтэн О.Амарцэнгэл нарыг урьж, Р.Нямдорж бид хоёр ч лекц уншиж байсан. 300-400 бөхөд лекц уншуулж байв. Бөхчүүдийг ирэхэд бид захидал бичиж өгдөг байсан. Ном уншаарай, хашлага руу бие биенээ битгий мөргүүлээрэй. Битгий муухай үг хэлээрэй гэх мэтээр захидаг. Хэтэрхий магтаж дөвийлгөх, магтаалд дасгах энэ бөхчүүдийг эвдэж байна. Үүнээс болоод хүн эвдэрдэг л юм байна даа. Допингийн хувьд дэлхийд тэмцээд дийлэхгүй байгаа шүү дээ. Эд маань цаашдаа аваад явчих байх аа. Бусдынхаа алдаанаас бөхчүүд маань сурах байх.

-Зарим хүмүүс ингэж ярьдаг л даа. “Үндэсний бөх ямар олимп, олон улсын спорт биш. Заавал допингийн шинжилгээ авах шаардлага байгаа юм уу” гэдэг?

-Аливаа өрсөлдөөн шударга байх учиртай. Нэгнийх нь гар хөлийг тушчихаад барилдуулж болохгүйтэй адилхан. Нэг нь бяр оруулах юм хэрэглэчихээд барилдаж болохгүй. Допинг хүний эрүүл мэнд, үр удамд муу нөлөөтэй. Манай үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд чөлөөт жүдо, самбоор дэлхийд өрсөлдөнө шүү дээ. Тэгвэл допингтой бөхчүүд гээд манай хэдийг хардаж сэрдэнэ. Нэг хэсэг нь шударга, үнэн хүчээрээ барилдаад байна. Одоо гэнэдэж ханасан байх ёстой. Олон бөхөөс допинг илэрлээ. Хаширч сурсан баймаар юм. Олон бөх хайран нэр хүнд цол хэргэмээ алдлаа.

-Цагаан сар дөхөж байна. Омикрон гээд Цагаан сарын барилдаан болох нь уу, яах нь вэ. Та өмнө нь урьд жилийн барилдааны бичлэгийг үзүүлж болно гээд санал гаргаж байсан даа. Энэ жил Бөхийн холбоо шийдвэр гаргах байлгүй дээ?

-УОК л шийдвэр гаргана шүү дээ. Бөхийн холбоо тэр шийдвэрийг дагаж биелүүлнэ. Одоогоор хагас үзэгчтэй барилдаанууд хийж байна. Төр, засаг маань юу гэж шийднэ, түүнийг нь дагах учиртай. Барилдаан болохгүй тохиолдолд сүүлийн арав, хорин жилийн шөвгийн бөхийн барилдааныг харуулбал сайхан байх юм болов уу гэж би ноднин ярьсан юм.

-Та соёл гэгээрлийн ажлаараа сургуулийн захирлуудтай уулзаад л яваа юм билээ, олон захиралтай уулзав уу?

-Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 100 гаруй дунд сургуулийн захиралтай уулзсан. Манай багш нар, захирлууд сайхан улсууд юм билээ. Ярилцахад сайхан ойлголцдог аргагүй, шалгарсан удирдагчид юм байна шүү, захирлууд маань. Бид яагаад захирлуудтай уулзсан тэмдэглэл бичдэг гэвэл тэргүүн туршлага нэвтрүүлнэ гэж өнгөрсөн нийгэмд ярьдаг байсан. Өгөөжөө өгдөг байсан ажил. Нэг аймагт байгаа шилдэг туршлагыг Монгол даяараа түгээн дэлгэрүүлдэг байлаа. Захирал болгонд хөөрхөн санаа, хийж байгаа ажил байна. Түүнийг нь дэлгэрүүлэх юмсан гэж бодоод, тэмдэглэл бичээд байгаа юм. Сургууль, захирлыг дарамтлах юм их байдаг юм байна. Нэг л юм болоход цагдаа дууддаг. Сошиалаар шүүмжилдэг. Манай аав, ээжүүд хоёр хүүхдийнхээ эвийг олохгүй, тоглоомоо булаацалдаад зодолдоход нь уурлаж, загнадаг. Тэгэхэд 40-50 хүүхэд суулгачихаад ажиллаж байгаа багш жаахан алдаа гаргахад тэрэн шиг булай юм байхгүй мэтээр фэйсбүүктээ бичиж гутаадаг юм байна. Тэгэхээр тэр багш “Би багшлахаа больё” гээд өргөдлөө бариад ороод ирдэг гэж байна. Тэгж хүний урмыг хугалдаг юм байна. 40-50 хүүхэдтэй ажилладаг багш нараа ойлгож хүндлээч гэж би бичсэн юм. Эцэг, эхчүүдтэйгээ сайхан хамтарч ажиллаж байгаа сургуулиуд ч байна. Сүүлийн үед би ном унших тухай л бичиж байна. Соён гэгээрүүлэх ажлыг манай холбоо гурав, дөрвөн чиглэлээр хийдэг юм. Байгууллага, хамт олны хүсэлтээр лекц унших юмуу сургалт зохион байгуулдаг. Бид хоёртой хамт гавьяат багш Ц.Гүррагчаа захирал лекц уншдаг. Ном товхимол бүтээж хэвлүүлдэг.

-Ухаарлын цуврал гэж гаргасан байна лээ. Саяхан нэг хүн “Хэрвээ та аав бол” номыг уншихад сайхан санагдсан гээд пост бичсэн байна лээ?

-Болдогсон бол тэр номыг Монголын бүх аав уншаасай гэж бодож бүтээсэн. Аав хүнд байх 26 чухал чанар байна гэж тооцсон. Айл гэр амгалан байх ааваас хамаарна. Аавын нөмөр нөөлөг, түшиг ухаан үлгэрээс хамаарна.

-Урьд цагт аавууд биеэрээ л үлгэрлэж байсан. Таны аав хоньчин хүн байж, аавын үлгэр дуурайл нөлөөлсөн байж таарна?

-Үлгэртэй, нэр хүндтэй хүн байсан даа, манай аав. Олон таван үггүй, өмнөх ажлаа сайн хийдэг. Сураар урлагийн бүтээл шахуу хазаар ногт, чөдөр хийдэг. Шатар, хорол сийлчихдэг. Монгол бичгээр Доржзовд гэж судар байдаг, “Очироор огтлогч” гэсэн үг. Лам ах нь орчуулж хэлж өгөөд, түүнийг нь монгол бичгээр бичээд, айлуудад тараах жишээтэй. Сургуульд сураагүй хүн шүү дээ, аав маань. “Олонтой яваарай” л гэж хэлдэг байсан. Тэрийг л бодож явдаг. Миний “Нарны дор үнэнтэй яваарай” гэж дууны шүлэг бий. Аав хүн өдий дайны үг хүүхдэдээ хэлдэг байхаар хэмжээнд нүүр бардам амьдраасай. Дахилт нь ийм юм л даа

Нарны дор үнэнтэй явлаа

Насныхаа энгээр үлгэртэй явлаа

Сарны дор журамтай явлаа

Санааныхаа эрхээр жудагтай явлаа гэж. Аав нь ингэж явлаа шүү, чи бас ингэж яваарай гэсэн утгатай.

Categories
мэдээ нийгэм

Б.Азжаргал: Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа.


-Үүдэнд байгаа машинууд танай ажилтнуудынх уу, иргэдийнх үү. Төрийн албан хаагчид байгууллагын гадаа машин тавьдгаа болих хэрэгтэй гээд та үүрэг өгөөд байсан даа?

-Иргэдэд үйлчлэх авто зогсоол гэсэн бичгийг хараагүй юм уу. Зөвхөн манайх гэлтгүй бусад газрууд бүгд тийм байгаа шүү дээ.

-Дарханд ковидын нөхцөл байдал ямар байна вэ, өнөөдөр (өчигдөр) 10 тохиолдол илэрсэн гэсэн үү?

-Шинэ жилийн баяртай холбоотойгоор өсчихөв үү гэж бид анзаарсан. Эсрэгээрээ хүүхдийн өвчлөл буурсан. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой хөдөлгөөн багассантай холбож ойлгож байгаа. Сүүлийн 52 дахь долоо хоногийг эс тооцвол тохиолдлын тоо буурч байгаа нь төрийн, боловсролын байгууллагууд шинэ жил тэмдэглээгүйтэй холбоотой. Үндсэндээ 50-70 хүнтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяр зохион байгуулснаас биш гол масс болох төрийн байгууллагууд шинэ жил хийгээгүй нь бууралтад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тархвар зүйн муруйгаар ковид буурсан үзүүлэлттэй байгаа. Вакцинжуулалтын хувьд өнөөдрийн байдлаар 31000 хүн гуравдугаар тунд хамрагдсан. Улсын хэмжээнд 53 хувьтайгаар тавдугаарт эрэмбэлэгдэж яваа. Эмнэлэгт өчигдрийн байдлаар 77-78 хүн хэвтэн эмчүүлж байна. Ковидын нөхцөл байдал хэвийн түвшинд очсон. Хяналтандаа байлгаж чадаж байна гэж ойлгож болно. Нас баралт сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байж байгаад өчигдөр нэг бүртгэгдсэн. -Цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа эхлэхэд таныг сошиалд хүмүүс сайшааж “Мундаг Засаг дарга байна, нийслэлд аваад ирмээр байна” гэж зарим хүн сэтгэгдэл бичиж байсан?

-Тэр ч яах вэ. Хэтрүүлэг л дээ. Айхавтар мундаг сайндаа биш, төрийн ажлыг хийгээд л явж байгаа. Би бас сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ үед ОБЕГ-аас Команд штабын сургууль их хийсэн. Гамшиг аюулын үед төрийн байгууллагын удирдлагууд яаж ажиллахыг заадаг сургалт. Түүнээс биш миний сайных биш. Манай бүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд Команд штабын сургуульдаа маш сайн хамрагдаж байсны үр дүн юм болов уу. Дээр нь иргэддээ мэдээллээ зөв тодорхой өгчихөөр ойлгож хүлээж авч, дагаж мөрддөг юм байна гэдэг нь бас тэр үеэр харагдсан. Эрүүл мэндийн байгууллага, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын олон хүний хүч оролцоотой явж байна даа.

Нийслэлтэй манайхыг харьцуулах арга байхгүй. Хүн амын тал хувь нь байдаг улсын нийслэлд том, өргөн хүрээтэй асуудал яригдана. Битгий жишиж яриарай гэж би олон хүнд хэлж байгаа.

-Саяхан таны нэг бичлэг сошиалд явж байна лээ. Тэр нь бас л нийслэлтэй харьцуулах сэжим болсон. Та энэ бичлэгт “Нийслэлийн удирдлагуудын ярьсан шиг 74 ширхэг тусгай зөвшөөрөл гэж огт байдаггүй юм аа” гэж хэлж байна лээ.

-Асуудал ярихаар ингэж харьцуулмааргүй байгаа юм л даа. Би орон нутагтай холбоотойгоор л ярьж байгаа юм. Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм. Орон нутагт тусгай зөвшөөрөл өгдөг 5-10 салбар л бий. Жишээ нь, түлхүүр олшруулдаг хүн хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй шүү дээ. Үсчин ажиллуулах гэж байгаа бол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүй. Авдаггүй юмыг би авахаа болилоо гэж хэлэхгүй биз дээ. Тэрийг л хэлж байгаа юм. Манайд албан ёсоор тусгай зөвшөөрөл хүсдэг нефть хангамжийн байгууллагууд, шатах тослох материалууд, архи согтууруулах ундаа, тамхины тусгай зөвшөөрлүүд байна. Хуульд заасан тусгай зөвшөөрлүүд нь тодорхой тоотой. Нийслэл мэдээж өргөн байгаа. Яагаад гэвэл орон нутгийнхаас илүү олон төрлийн үйл ажиллагаа байгаа шүү дээ.

-Дархан хоггүй, цэвэрхэн сайхан хот гэж их ярьдаг даа. Дотоодын үйлдвэрүүдийн хуванцар сав хүлээж авах автомат машинуудыг суурилуулж байгаа гэсэн үү?

-Иргэд нь хуучин тогтсон соёлтой учраас нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал бага харагддаг юм. Гэхдээ айл өрхүүдээс татан зайлуулж байгаа хог хаягдлын асуудал төвлөрсөн газрын шүдний өвчин хэвээр байгаа. Энэ жил бид нийтийн аж ахуйн газраа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгож тусад нь гаргаж байгаа. Энэ хүрээндээ хогны менежмэнтийг сайжруулах талаар хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хогоо ангилж ялгадаг болгох юм. Гэр хорооллын хогийг задгай авдаг байсан бол савлаж авдаг хэлбэрт шилжсэн. Татан зайлуулалтыг богино хугацаанд хийх боломж бүрдсэн. Хог дахин боловсруулах мини үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа. Том төсөл ярихаар уддаг юм билээ. 100 мянган хүн амтай хотод дахин боловсруулах үйлдвэр ач холбогдолгүй гэдэг дүгнэлт гардаг. Одоо жижиг үйлдвэр байгуулъя гэж байгаа юм. Манай байгууллагын гадна хуванцар сав авдаг цэг бий. Эдгээр цэгүүдээс авсан хаягдлуудыг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг бага оврын үйлдвэрүүд ашиглалтад оруулах санаатай байна. Хогны менежмэнтийн хувьд бусдаас илүү гэж хэлэхгүй. Хөвсгөл, Эрдэнэтэд маш сайн туршлагууд байгаа юм билээ. Миний нэг зарчим бусдын сайн туршлагыг хуулах. Эрдэнэт, Хөвсгөлийн туршлагуудыг хэрэгжүүлье гэсэн юм.

-Барилгын үнэ хөөсрөхөд барилгын материалын үнийн өсөлт хувь нэмрээ орууллаа. Ингэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр арматур үйлдвэрлэж байгаа юу?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурын үйлдвэрлэл хэвийн байгаа шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй дөрвөн жилийн хугацаанд гангийн үйлдвэр барих гэрээ байгуулж, газрыг нь олгосон. Ер нь Дархан барилгын материалын төв. Улаанбаатарын барилгын гол нэрийн бүтээгдэхүүнийг Дарханаас нийлүүлдэг. Тийм учраас Дарханд барилга харьцангуй хямд үнэтэй босох боломж бий. Гэхдээ орон нутгийн барилгын материалаас илүү импортоор орж ирдэг бусад дагалдах бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, өнгөрсөн жил орон сууцны үнэ нэмэгдсэн тал бий. Бид Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу “Залуус I” хороолол, мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ жил дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Эндээ хямдруулсан үнээр иргэдээ оруулах боломжийг эрэлхийлж байгаа. Гэхдээ өнөөдөр цаасан дээр гэрээ байгуулаагүй учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Газар, дэд бүтэц шийдээд, барилгын компаниудыг орж ажиллах хүсэлт тавьж байгаа юм.

-Дарханд арьс ширний үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах ажил хэр ахицтай яваа вэ?

– Хоёр жилийн өмнө хувийн хэвшлийн консорциумууд нийлээд, орон нутгийн өмчийн оролцоотойгоор Арьс ширний үйлдвэр байгуулагдсан. Дэд бүтцийн ажил нэлээд хийгдсэн. Зарим нь 85 хувьтай, зарим нь 20-30 хувьтай яваа. Харамсалтай нь консорциумын ажил төртэй холбогдсон хэсэгтээ саад тотгор үүссэн. Харилцан ойлголцол, хийсэн ажлаа үнэлэх үнэлэмж зөрүүтэй. Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа. Засгийн газар, салбарын яамны шийдвэрээр Арьс ширний цогцолборт одоогийн олгосон газрын дэргэд дахин шинээр газар олголт хийгдэж, Арьс ширний цогцолборыг шинээр байгуулах ажил эхэлж байгаа. ХХААХҮЯ-нд Дархан арьс ширний цогцолбор төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагдсан. Бид орон нутагт хүлээсэн үүргийнхээ дагуу газар олгосон. Бид аль алийг нь дэмжиж байгаа. Хувийн хэвшил нь ч ажлаа хийгээд Арьс ширнийхээ цогцолборыг бий болго, төр нь ч Арьс ширний цогцолбороо бий болгог. Мэдээж хувийн хэвшил нь өндөр амбицтай байгаа. 10 сая арьс боловсруулна гэж байгаа. Төрийнх нь түүнээс арай бага. Эхний ээлжинд 3-5 сая арьс боловсруулах үйлдвэр байхад боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Аль алийг нь бид хүлээж авахад бэлэн байгаа. Аль алинд нь газар олгосон. Эцсийн дүндээ барилга нь баригдаад, үйл ажиллагаа нь явагдаад, ажлын байр нэмэгдэх нь чухал.

-Нэг хэсэг арьс шир боловсруулах технологи байгаль орчинд халтай гээд татгалзаад байлуу?

-Арьс ширний цогцолборын ТЭЗҮ-ээс харахад орчин үед энэ асуудлыг бүрэн шийдчих боломжтой юм билээ. Төмөрлөгийн үйлдвэртэй залгаа учраас саарал усыг нь гангийн үйлдвэрт дахин ашиглах боломжтой. Саарал усыг цэвэршүүлэх байгууламжийг давхар шийдэж өгч байгаа юм. Тийм учраас Туул гол руу бохир ус цутгадаг шиг үйлдэл Хараа гол дээр давтагдахгүй гэсэн үг.

-Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байлгах тухай их ярьцгаасан. Энэ хэрэгжиж байна уу?

-Цөм сүрэг бий болгосон. Хонгор сумын нутагт байрлаж байгаа. Өнгөрсөн жил төл мал 98 хувьтай хүлээж авсан. Сайн үүлдрийн төлөө малчдад тодорхой нөхцөлтэй олгох ажил хийж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж байгаа хэд хэдэн өрх бий. Канадад эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр туршлага судалж хамтарч ажиллахаар болсон. Төр загвар эрчимжсэн мал аж ахуйг бий болгох ёстой юм байна. Засгийн газраас 2019 онд Сэлэнгэ, Дарханыг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал аж ахуйтай байна гэж зарласан. Цаашдаа Дарханд малын тоо толгойг бууруулах бодлого барина. Малын чанарыг сайжруулж, тоо толгойг бууруулах нь бидний баримтлах бодлого. Хонгор суманд Малын Удмын санд өнгөрсөн жил үзэсгэлэн зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжид үр зарж, дуудлага худалдаа явуулсан.

-Оройдоо Дарханд ч бас утаатай байх юм. Агаарын бохирдлыг бууруулахад анхаардаг уу?

-Дарханд хүн бүрд өрхийн хэрэглээний 0,7 га газар өгөөд байвал хот биш, гэр хороолол болно. Агаарын бохирдлыг бууруулах тухай ярихын тулд газар олголтын асуудлыг ярихаас өөр аргагүй байгаа. 2013 онд Дархан сумын Засаг дарга байхдаа ИТХ-аар оруулж нэг шийдвэр гаргасан. Өнөөдрийн гэр хорооллыг тэлэхгүй байх бодлого барьсан юм. Дархан 2013 оноос хойш гадагшаа тэлээгүй. Энэ нь хотын төлөвлөлтийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их үр дүнгээ өгсөн. Хоёрдугаарт, гэр хорооллоо тойруулаад дэд бүтэц татаад, дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа.

Хамгийн том гэр хороололтой хуучин Дархан гэж нэрлэдэг хороололд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй инженерийн шугам хоолой татагдсан. Гэр хорооллын айлуудад дэд бүтэц оруулахаас гадна орон сууцны хороолол барих юм. Өнөөдөр Дарханд газар Улаанбаатарынх шиг үнэтэй биш л дээ. Гэр хорооллын айлуудын газар аваад нөхөн олговор өгөөд, байшин барих компани олдохгүй байгаа юм. Дарханы урд хойно хоёр уул уурхайн компани ажилладаг. Шохойн бааюу ажилладаг. Их хэмжээгээр утаа, тоосонцор дэгддэг.

Өнгөрсөн жил таван үйлдвэрийг бүрэн хаасан. Өнөөдөр эдгээрээс нэг нь ажиллаж байгаа. Тэр нь бидний шаардлагын дагуу шүүлтүүртэй орчин үеийн технологи ашиглах болсон. Хогийн цэгийн утааг дарж булшилсан. Айл өрхүүдийн яндангийн утаа байна. Улаанбаатарын жишгээр шахмал түлш хийх нь орон нутагт асуудлыг шийдэх гарц уу гэдгийг сайн судлах ёстой юм билээ. Зарим аймагт шахмал түлшээр гэр хорооллынхноо хангаад байгаа. Өөр гарцуудыг ч судалж байгаа. Эцэслээгүй болохоор нарийн яримааргүй байна. ОХУ-аас Монгол Улсыг нэвт дайрч гарах хийн хоолой Дархан-Уулыг дайрна. Хийн хоолойг түшиглээд Дарханд дэд станцууд барих талаар яригдаж байгаа.

-Нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах талаар их ярьдаг шүү дээ. Бодит байдал дээр Улаанбаатараас Дарханд хэр олон хүн шилжиж ирдэг вэ?

– 2018 оноос Дархан хотоос шилжин явж байгаа, шилжин ирж байгаа иргэдийн тоо зөв баланс руу орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Дархан зөвхөн суурин иргэдийн тоогоор дүгнэгдэх боломжгүй гэдгийг сая харсан. Ковидын эхэн үед зөвхөн тухайн өдөр ирсэн иргэдийг хөл хорионд оруулаад, долоо хоногийн дараа Сэлэнгийн иргэдийг гаргая гэхэд 6000 иргэн нэг удаадаа ирсэн байсан. Бид Сэлэнгэ аймгийн залгаа сумдтай уялдаатай ажиллана. Тэдгээр сумдын иргэд бидэнд мах, сүүгээ нийлүүлж байна. Эргээд бид худалдаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг эдгээр иргэдэд үзүүлдэг. Дэгсдүүлж хэлэхэд Сэлэнгийн захын сумын иргэд Дарханд нэг нэг байртай байгаа даа.

-Цаашдаа Дарханд хүн амыг олноор татахуйц томоохон бүтээн байгуулалтууд хэр хийгдэх вэ?

-Байлгүй яах вэ. Энэ жил Багрогийнхон үйлдвэрээ барьж эхэлж байна. Ард санхүүгийн нэгдлийнхэн оффис, дата баазаа байгуулахаар явж байна. Мобикомын дата бааз Дарханд байрлаж байна. Төрийн албан ёсны дата баазууд Дарханд байрлах гэж байна. Бид “Бурхантын хөндий” инноваци технологийн тосгон байгуулах юм. Газрыг нь үнэгүй олгож, дэд бүтцийг нь татаж өгнө. Компаниуд ирээд өөрсдөө оффисоо бариад, технологи мэдээллийн төвүүдээ байгуулах боломжтой. Мобиком Дарханд орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө нээсэн. Ард Санхүүгийн нэгдэл бас Call center байгуулж байна. Улаанбаатарт Call center-т хүн ажиллуулахад дор хаяж сая төгрөгийн цалин өгнө. Оффисын түрээсийн зардал ямар байх вэ. Орон нутагт хоёр дахин хямд зардлаар үүнийг хийх боломжтой. Call center бол орон зайнаас хамаарахгүй. Энэ мэтчилэн байгууллагууд Дарханд төвлөрөх санал ирүүлж байгаа. ХААИС-ийн зургаан хөтөлбөр Дархан руу шилжиж байна.