Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Түвшинтөгс: Хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан DNN.mn

Өдрийн сонины архиваас………………

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Цэдэндоржийн Түвшинтөгстэй ярилцлаа.


-Дуучин Ц.Түвшинтөгс хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс бодож байгаа болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Дархан-Уул аймагт “Залуучууд” театрын даргын үүрэг гүйцэтгээд жил гаруй болж байна. Дашнямтай өдөр байсан санагдаж байна, ялал­тын баяраар ирж байлаа.

-Та гэр бүлээрээ нүүж ирсэн үү. Ирэн очин байна уу?

-Би суурин байгаа. Нэгэнт зориод ирснийх голдуу эндээ байгаа. Аймгийн Засаг дарга нь гэрээ хийгээд, ажиллах хугацаанд байр өгсөн юм л даа. Тийм учраас ажиллах нөхцөл боломж сайн байна.

-Нийслэлээс ирсэн хүн энэ хугацаанд Дарханд ямар өөрчлөлт хийв, эсвэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголын орон нутгийн театрууд бүгд адилхан. Төвийн бүс гэдэг утгаараа Дарханы хувьд хөгжих боломжтой. Нөгөө талаар хүний нөөцийн асуудлыг сайхан шийдээд өгвөл боломж байна, ялан­гуяа театрт багш нар дутагдалтай байгаа. Үүнийгээ шийдчихвэл маш сайхан барил­га байгууламжтай. Булган, Сэлэнгэ, Эрдэнэтийн хүүхдүүдээ сургадаг, Хөгжим бүжгийн коллежийн хэлбэрийн сургалтын төв үүсгэх боломж­той юм. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад ч би хэлж байсан. Дарханы театрыг орон нутгийн эрдмийн театр болгох хэрэгтэй. Тийм бүрэн боломж байна гээд ажиллаж байгаа. Яахав “Бурхан нутагтаа үнэгүй” гээд айхавтар хатуу үг бий. Хөөрхий, Бурхантын хөндийдөө уран бүтээлчид нь тоглосоор байгаад танил болчихсон. Аялан тоглолт хийдэггүй. Он гаруут шинэ хоёр уран бүтээл тавиад, өөрсдийн сумдаар тойрч аялаад ирж байгаа юм. Ардын харилцаа дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжиг тавьсан. “Алигэрмаа”, “Сумъяа ноён” хоёр. Баяраа гээд “Сэлэнгийн долгио” чуулгын авьяаслаг найруулагч найруулсан. “Хайрыг хайрла” жүжгийг УГЗ Пүрэвдорж гуай ирж найруулан тавьсан. Олны хүсэн хүлээж байсан сайхан жүжгүүд болсон. Нээлтээ тавдугаар сарын 1-нд хийлээ.

-Танай хүү бөх юм уу лам ч болмоор байрын хүү харагдаж байна. Бага нь уу?

-Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид сурдаг юм. Энд төгөлдөр хуурын багш олоод сургая гээд болсонгүй. Он гараад буцаад сургуульдаа очсон. Миний хийж байгаа ажил ийм болохоор манай хүүхдүүд бүгд л зөв чигтэй. Хоёр ах нь хөгжимчин. Нэг, хоёрдугаар курст суралцдаг.

-Та уран бүтээлийн олз омог хэр яваа вэ?

-Олз омог арвин байна. Сайхан уран бүтээлүүд их ирсэн. Найз нөхөд, хүмүүс “Уран бүтээлээ нэг тавихгүй юм уу” гэж зөндөө хэлж байна. Сайхан уран бүтээл цуглаж байна. Нэг их яарах юм алга даа. Сонгодог урлагийн академик театрт 20-иод жил ажилласных, Үндэсний дуу бүжгийн чуулгатай уран бүтээл хамтарч хийж байсных, Морин хуурын чуулга, Цэргийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй уран бүтээл хийж байсан болохоор нэлээд томхон саван дотор, зохиолтой юм хийе гэж төлөв­лөж байгаа. Олон хүн туслая гэсэн. Ер нь нэлээд үнэтэй хийнэ. Орлогын төлөө тоглолт биш. Гэхдээ оролцож байгаа бүх уран бүтээлчдээ үнэлнэ гэж бодож байгаа.

-Нас ахих тусамхүн өөрийгөө шинээр мэдэрч, хувьсч байдаг болов уу та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би азтай. Монголоо олж төрсөндөө баярладаг. Би энэ мэдрэмжийг өөрийн мундагт олж авсан биш гэдгээ нас ахих тусмаа мэдэрч байна. Би дуу хуурын орчинд өссөн л дөө. Миний аав гайхалтай тэнхээтэй хоолойтой хүн байсан. Миний ижий одоо ч гайхалтай сайхан дуулдаг. Цагтаа Хан-Хэнтий чуулгад сайн дурын уран сайханчхийгээд Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцож явсан Цэрэнханд гэж хүн бий дээ. Хоёр эмээтэй. Жижиг шар эмээ маань маш зөөлөн хүн. Багад маань хүн болгосон. Хэрлэн голын тохойд дэггүй­тэж явахад өндөр эмээ маань үлгэр сайхан хэлдэг. Оньсого таалгадаг байлаа. Тийм орчинд Монгол ахуйд ойрхон өссөн учраас дуулж байгаа дуунууд ч тийм. Хайр дурлалын гэхээсээ уул ус, аав, ээжийн тухай дуунууд л надад олон байдаг. 1986 онд Хан-Хэнтий чуулгад жүжигчнээр ороод, түүнийхээ өмнө хүнсний үйлдвэрт нормын ажил хийгээд, амьдрал үзэж оюутан болсон учраас нөгөө хэдээсээ догь, ертөнцийг үзэх үзэл маань багад сэргэсэн юм байна гэж боддог. Монгол дуу хоолой гэдэг учиртай.Уртын дууг бүтээж чадсан ард түмэн гэдэг бүгд дуучин.

-Та хувь хүнийхээ хувьд олон хувьсгал туулж өнгөрөөв үү?

– Би сайн ханьтай учирсан.Би чинь их араншинтай, дэндүү зоргоороо өөрийнхөөрөө байх дуртай байсан. Эмэгтэй хүнтөгөлдөр юм аа. Зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу. Урлагийн хүмүүс тэр гэхийн тэмдэггүй байдаг. Их ухаантай улсууд өөр байх. Миний хувьд дуу аваад тэр дууныхаа учрыг олох гээд, үгэнд нь орчихоод байх үедээ ад зэтгэр шүглэсэн юм уу гэхээр ч ааш араншинтай болдог байлаа. Гэртээ орохдоо цэлмээд орно. Тийм орчин байна гэдэг гайхамшигтай. Дандаа хүүтэй. Ганц эмэгтэй байгаа юм чинь хайрлахгүй байхын аргагүй. Манай хань л байхгүй бол бид хэд навсайна шүү дээ.

-Танай гэргий юу хийж байна?

-Хотод нийтлэг үйлчил­гээнд ажиллаж байгаа. Уг нь бидхоёр 1992 онд Дархандтанилцаж байсан юм. Энэ тайзан дээр танилцаж байлаа. Миний хань Дарханых. Дараа нь эндээ ирдэг л юм байна. Миний хань ирээд долоо хоноод, миний сарын хоол хүнсийг бэлтгээд явдаг юм.

-Танд хөгжим бичмээр ч юм шиг шүлэг тэрлэмээч ч юм шиг үе байдаг уу. Дотоод эрчим хүчээ гаргадаг хобби юу байдаг вэ?

-Олон байна ш дээ. Аз болоход надад гайхамшигтай шүлэг, аялгуунууд ирдэг.Хүн бүр амандаа аялдаг дуу надад ховор. Би чинь “Морин хуур” уралдаанд тав түрүүлсэн шүү дээ. “Бөхөн шарын нуруу” гээд дуугаараа дөрөв дэхтүрүүгээ авчихаад байхад Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Бямба­баяр Хөгжмийн зохиолч­дын холбооны тэргүүн дээд шагнал өгөхгүй юу. Яагаад ийм шагнал өгч байгаа юм, наадах чинь хөгжмийн зохиолчдыншагнал байна ш дээ гэсэн чинь “Би чамд өгөх болоод өгч байгаа юм. Чи нийтийн дуунд мэргэжлийн дууг оруулж ирсэн юм” гэсэн. Нийтийн сайхан дуунууд байна. Тэднийгээ дуулах дуртай.Нэг их сэтгэл хөдлөөд ирэхээрээ“Орхон түшээ мөрөн”, “Хайрхан уулын бараа”, “Хааны титэм шиг Отгон тэнгэр”, “Хүнээс аваагүй миний монгол” гээддуунууд маань орж ирдэг. Машинтайгаа явж байсан ч эднийгээ л дуулаад байдаг. Шүлэг бичнэ гэдэг ихөөр. Б.Лхагвасүрэн гуай дээр нэг удаа очсон юм. “Миний араншин” гэж тоглолт хийх гээд ийм дөрвөн мөрт орж ирлээгээд орохгүй юу. Тэр нь “Аялгуу бидэн хоёрын дунд аав минь байдаг, эгшиглэн бидэн хоёрын дунд ижий минь байдаг. Дуу бидэн хоёрын дунд ард түмэн минь байдаг, дутуу бүхнийг гүйцээж эх орон минь байдаг юм” гэж. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд өгөөч дуу болгоод дуулмаар байна гэсэн чинь учиргүй хөхрөөд “Ёстой болчихсон байна. Би чамд зүгээр “Миний араншин”-д чинь зориулж шүлэг хэлье” гээд “Уулаа дуурайсан миний араншин, нараа тосч аргана, усаа дуурайсан миний араншин хорвоогоо дагаж урсана” ч билүү ийм дөрвөн мөрт бичиж бэлэглэж байсан юм. Янз янзын юмнууд орж ирнэ л дээ. Би бол ичдэг юм. Аялгуу ч хэцүү. Тухайн арав, хорин минутад гайхамшигтай байдаг. Манай аав хөөрхий, толгой холбоод сайхан юм бичдэг хүн байсан юм. Бурхан болсноос нь хойш дэвтэр дээрээс нь шүлгүүдийг нь авч үзэж суухад тухайн үеднэг сайхан аялгуу орж ирээд ноотлоод тэмдэглээд хоёр хонохоор болоогүй юм шиг санагдана.

-Дандаа дуу хууртай газар явахаар залхах үе байдаг уу?

-Тийм юм байхгүй. Хөдөө гэр бүлээрээ явах дуртай. Бага хүү гараагүй байхад хоёр ахыг нь аваад, машины хойно ор засч өгөөд хөдөө гадаа явдаг байлаа. Найз нөхөдтэйгээ, ээж, дүү нартайгаа хөдөө гадаа явах дуртай. Би ан хийдэггүй. Морь мал бас байхгүй. Тэгэхээр чинь одоо ямар ч хоббитой хүн юм бэ дээ. Нэг хэсэг СУИС-д, дараа нь Хөгжим бүжигт багшлаад дандаа дуурийн тавил, уран чадвар, ур зүй гэдэг хичээлүүд заасан. Тухайн үедээ бас докторын зэрэг хамгаалчих гээд үзсэн. Докторант л даа. Судалгааны ажил нэлээд хийж байгаа.

-Ямар чиглэлээр судалж байгаа вэ?

-“Дуулах ур зүй” л дээ. Мон­гол дуулах арга ухаан гэдэг гайхамшигтай. Нутгийнхаа гайхамшигтай эрдэм­тэн ах Амбагатай нийлээд Соронзон багш бид хэд бараг бэлэн болгосон. Одоо боогоод л авчихвал бэлэн болох гээд байна. Хоёр ч эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн шүү.

-Монгол хүн дуулж хуур­дахдаа юугаараа онцлогтой вэ?

-Байгалийнх ш дээ. Уртын дуу эхэлж байгаа, хурдан морины цол дуудчихаж байгаа. Бөхийн цол дуудаж байгаа тэр өнгийг олж дуугарна гэдэг байгалиасаа юм.

-Та өвөрмөц монгол стильтэй харагдаж байна?

-Ер нь Дуурийн театрт би яг зүрх сэтгэлээрээ л байж. Ямар ч хувиршгүй үнэнч байсан юм. Одоо гайхдаг. Яагаад ханьдаа хайртай байдаг гэхээр яг тэр үед хүүхдүүд нялх. Ид хийж бүтээж байх үедээ Дуурийн театрт л амьдарч байлаа. Миний гэр байлаа. Яаж болгоод байсан юм. Нэг л аймаар амьтан нот сугавчлаад, ажил руугаа бүтэн ордог. “Чингэс хаан” дуурьт Чингэс хааныхаа дүрд тоглох болоод чихээ цоолсон. Би чинь ламд дуулна гэвэл үсээ хусуулчихдаг байлаа. Чингэс хаанд тоглоно гэхээр нойр хүрэхгүй. Судлаад, чаддагаар нь“Монголын нууц товчоо”-гоо уншина. П.Бадарч гуай өөрөө “Монголын нууц товчоо”-ноос цомнол болгож авсан учраас тэрийг нь уншина. Аминдаа л бие сэтгэлээрээ мэдэрч байгаа нь тэр. Дараа нь Бурхан Халдунд анх удаа очсон. Тэр үед жин ихтэй байсан учраас хахаж цацан байж, тав зургаан цаг явж байж орой дээр нь гарсан. Яг орой дээр нь гарсан хойно бүх уулс сундалдаад жижигхэн жижигхэн болоод харагдахаар “За би юун дээр гарав, энд гарах нь зөв үү буруу юу” гэж бодогдсон. Шалавхан мөргөөд, овооны тэрүүхэн дор сууж байгаад үйлийг нь дуусгаад буусан. Ахиж орой дээр нь гараагүй. Дүрд орох гэж ингэж явлаа. Тэнүүн гээд хааны эрх хүүд тоглох болсон. Хортой архи уугаад мэдрэл нь муудаж, хагасыг нь уусан тулдаа үхчихэлгүй эргэдэг дүрд тоглохдоо хонины тол­гой ялз чануулаад, бүгдийг нь мөлжөөд ясаар нь тоглоод, бүр солиорч байгаа юм чинь. Нүдээр нь тоглоод, олсоор дүүжлээд энэ мэт чинь дараа нь тайзан дээр гарахаар амьдардаг байхгүй юу. Миний ээмэг зүүх энэ тэр чинь сүүлийн хоёр гурван дүрээс үлдсэн хэв маягюм. Алтан ээмэг зүүлээ гээд зарим нь гайхдаг л биз. Муу аавдаа тэр жил бөгж авч өгч байсан юм. Тэгээд бурхан болоод хүн амьтанд үзүүлэхээр бөгжийг нь талыг нь газар хийгээрэй, талыг нь ингээрэй гэхээр нь чихэндээ хийсэн юм. Бэлгэгүй юм гэж алга. Ер нь зоригтой өөрчилдөг юм. Энэ хүн тэгж хэлэх болов уу гэж ер боддоггүй. Гучин настай байхад гавьяат өглөө. Энэ их урам зориг, хайр итгэл хүндэтгэлийг алдчихгүй юмсан гээд махийтал явж билээ.

-Хоолойгоо формонд нь бариулах гэж зовох уу?

-Залуу халуун насандаа хоолойгоо их зовоосон байгаа юм. Сайн ч багштай байсан. Одоо тогтчихсон юм шиг байгаа юм. Ямар ч үед босоод дуулахад дуугарч л байна. Одоо дуурь дуулах биш дээ. Монгол дуу дуулахад зүрх сэтгэл байвал болдог юм шиг санагддаг.

-Залуу цагийн андууд бодогдох юм уу. Гавьяат Г.Эрдэнэбат та хоёр хамт дуулж байсан болохоор найзууд гэж төсөөлөөд байдаг?

-Байнга хүүе хайя гээд байдаггүй ч дандаа дэргэд юм шиг хэдэн сайхан найзтай. Г.Эрдэнэбат бид хоёр ямар гэдгийг өөрсдөө л мэднэ. Түүнээс биш олон түмэнд зориулсан хоёр амьтан биш. Гэхдээ бид хоёр хамт машинтай явж байгаад осолд орсон. Үхээгүйш дээ хоёулаа. Дараа нь босоод хоёулаа уран бүтээл хийсэн.Би санадаг юм, эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн, Багануурт. Тэгж байхад Эрдэнэбатын “Цэнхэрийн гол” яваад, араас нь “Бурхан бумбын орон” явахад би уйлаад, жаал хэвтэж байгаад “Эрка чи сонссон уу” гэхэд Эрка их хүнд байсан “Ннн…” л гэж байсан. Жил гаруй эмнэлгээр яваад тоглолт хийсэн. Соёлын төв өргөөнд хоёр өдөр битүү байлаа. Бид хоёр сүйд болоод гэр орноороо орж гараад байдаггүй ч зайлшгүй юм гарахад хамгийн түрүүн би Эрка руу залгана ш дээ. Хот ороод заавал уулзаад барааг нь хараад ярьж хөөрөөд явдаг.Ер нь хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан. Би ч тийм л байхыг хүсдэг.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуучин С.Наран: Нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл сэтгэл ханах гээд байна DNN.mn

Өдрийн сонины архиваас……………

Дуучин С.Нарантай ярилцлаа.


-Дуучин С.Наран хог хаягдал дахин ашиглах, боловсруулах “ДЭКО” төсөл эхлүүлэх гэж байгаа гэж сонслоо. Яагаад энэ сэдэвт анхаарах болов?

-Долдугаар сарын 8-нд миний цомгийн нээлт болох юм. Энэ бол миний цомгуудын нийлбэр, түүвэр юм. Зүгээр нэг баяр болгоод өнгөрөх бус өөрийн хамгийн эмзэглэдэг асуудлыг шийдэлцэх төслийнхөө нээлтийг хамт хийнэ. Хог хаягдал жилээс жилд гурав, дөрөв дахин өсч байна. Гэтэл хогон дунд ч бас ашигтай зүйлс бий. Хог хаягдлыг боловсруулаад орчноо маш сайхан тохижуулж болно. Өдөр тутамдаа дахин ашиглах боломжтой. Энэ бүх нөөцийг бид ашиглахгүй зүгээр л хараад, халаглаад сууж байна. Жил бүр төмөр хайснуудыг солих мэтээр давтамжтай үзэгдлүүд нүдэнд тусдаг. Маш их мөнгийг үрэн таран хийж байгаа нь харагддаг. Түүний оронд хэмнэлттэй амьдарч сурах хэрэгтэй байнаа. Бусад оронд өнгөрсөн түүхэндээ хүндэтгэлтэй ханддаг. Болоод өнгөрсөн бүхний ул мөр барилга байшин, хөшөө дурсгалд нь хадгалагдаж үлддэг. Гэтэл манайхан өөрсдөөсөө түүхийг эхлүүлэх гээд байдаг. Урьдны хүмүүсийн хийсэн бүхэн юу ч биш болох гээд байдаг. Энэ бүгд хүүхдүүдэд ч нөлөөлж байх шиг. Компьютер, утас шагайхаас өөр амьд харилцаа тэдэнд маань алга болох гээд байна… Дахивар нөөцийг ашиглаж, эко хөгжлийг бий болгоод ажилгүйдэлтэй тэмцээд эдийн засагтаа ямар нэмэр болж болох вэ. Хүмүүсийг яаж хүмүүжүүлэх, ухамсар суулгах гэдэг чухал асуудалд бид нэгдэх хэрэгтэй. Энэ үүднээс энэ төслийг санаачилсан юм.

Монголын нэртэй дизайнерууд, архитекторууд, барилга барьж байгаа компаниуд, хаягдал гаргаж байгаа үйлдвэрүүд энэ санаачилгыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Дизайнеруудтай хамтарч маш сайхан цэмцгэр орчин бий болгож, бодит байдлаар цуврал нэвтрүүлэг хийхээр 25 дугаар суваг телевизтэй тохирсон. Манайхан маш их зүйлийг импортоор авдаг. Жишээ нь хуучин машины агуулах улс болохоо дөхлөө. Энэ ашиглагдахаа байсан машины хог хаягдлаар уул овоо босч, орчныг бохирдуулахыг зүгээр хараад сууж таарахгүй. Үүгээр юу бүтээж эргээд ашиглаж болохыг бүтээлч нүдээр харах хэрэгтэй байна. “ДЭКО” буюу Дахивар нөөцөнд тулгуурласан эко хөгжил. (дахивар, дизайнууд, дахин ашиглах мөн decorate) гэдэг утга илэрхийлсэн үг.

-Нийгмийн шийдэгдээгүй том асуудлыг барьж авчээ?

-Нийгэмд хэрэгтэй зүйлс хийвэл сэтгэл ханах гээд байна. Хараад, бухимдаад шүүмжлээд суумааргүй байна.

-Хог хаягдлын асуудлыг барьж авахад нөлөөлсөн хүмүүс байсан уу?

-Байлгүй яах вэ. Би маш олон жил үүнийг бодож байгаа. Би интерьер дизайнд дуртай. Олон жил гудамж цэвэрлэж байгаа эмээ, өвөө хоёр байлаа. Би тэгэхэд “Ривер саунд”-д дуулдаг байсан. Миний анзаарч харснаар тэр эмээ өвөө хоёр хамгийн эрт босоод хогоо цэвэрлэсээр байгаад хамгийн орой явдаг байсан. Болдогсон бол тэр хоёрын тухай кино хийчих юмсан гэдэг бодол орж ирдэг байлаа. Хэдэн удаа дуулж олсон мөнгөнөөсөө хэдэн төгрөг тэр хоёрт өгч билээ. Хүн хийсэн ажлынхаа хөлсийг авах ёстой. Хог цэвэрлэнэ гэдэг айж ичих ажил биш, нийгэмд маш хэрэгтэй хүмүүс гэж хайрладаг.

-Эхний цэг буюу хэрэглэгч “үйлдвэрлэдэг” хогоо багасгаж байж хотын хог багасдаг учиртай юм билээ. Өөрийн чинь хувьд хог бага гаргах хэв маяг баримталдаг уу?

-Хог бага гаргах гэж байнга хичээдэг. Машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа хүн харвал байж сууж чаддаггүй, араас нь сигналддаг. Цэвэр орчинд амьдардаг хүн сэтгэл тайван бас эрх чөлөөг мэдэрч эрүүл байна шүү дээ. Орчин ингэж хүнд нөлөөлдөг. ДЭКО төсөл жишээ нь хагарсан аягыг ингэж ашигладаг юм байна, машины дугуйг орчны тохижилтод ингэж ашиглаж болдог юм уу, ундааны савыг хаяхын оронд цэцэг тарьж болох юм байна гэх мэт боломжуудыг хүмүүст харуулахыг хичээж байна. Хүүхдүүд ч үүнийг хараад бүтээлч болно.

-Эмэгтэйчүүд гэр цэвэрлэхийн зовлонг мэддэг болохоор цэвэрлэгээний асуудалд илүү анхаарал хандуулдаг байж магадгүй. Ингэхэд дуучин С.Наран гэр орноо цэвэрлэхэд хэр цаг зарцуулдаг вэ?

-Цэвэр байх чухал, тайван байдлыг мэдэрдэг. Гэрээ сайхан цэвэрлэчихээд ажлаа бодож төлөвлөх, телевизор үзэж, компьютер бариад суухад сэтгэл уужирдаг. Гэр цэвэрлэхэд цаг гаргана. Өөрөө нураасан бол өөрөө цэвэрлэнэ шүү дээ.

-Та хуучин эд зүйлсийг орчны тохижилтод хэрхэн хэрэглэж болох талаар олон санаа цуглуулжээ?

-Бусад оронд эко хөгжил нь ямар түвшинд хүрснийг интернэтэд ороод харах боломжтой. Интернэтээр дүүрэн санаа бий. Манайхан дандаа шинэ юм эдлэх дуртай. Тэр нь хуучнаас долоон дор зүйлүүд байх нь бий. Урдаас маш хямд эдэлгээгүй зүйлсүүд оруулж ирдэг. Үүний оронд өөрсдөө гараараа бүтээсэн зүйлс эдэлгээ даан, үнэ цэнтэй байх боломжтой. Өөрөө бүтээнэ гэдэг маш чухал. Оюун санаа ч өөрчлөгдөөд үр хүүхдүүдэд хүртэл нөлөөлөөд ирнэ.

-Гадны зарим хүмүүс хуучны эд зүйлсийг илүү таашаадаг юм билээ?

-Хуучны зарим нүнжигтэй зүйлс байдаг. Би Европоор аялж байхдаа үүнийг маш сайн ойлгосон. Хуучны юм гэдэг үргэлж түүх өгүүлдэг. Хөгшин аавын бурхны авдар гэхэд л нэг л сайхан харагддаг. Хуучны зэс эдлэл сэтгэл татдаг. Англичууд хуучин эд зүйлээр гэрээ тохижуулж, хуучны эд зүйлс худалдаж авч нандигнаж хайрладаг юм билээ. Хуучны эд зүйлс, хөшөө дурсгал, байшин барилга, модон хүрээтэй цонхоо хүртэл яг тэр хэвээр нь хадгалж үлдээхээр хичээл зүтгэл гаргадаг юм билээ.

-С.Наран Хөвсгөлийн хүүхэд. Хүүхэд байх үед чинь ертөнцийг үзэх үзэлд чинь юу нөлөөлөв?

-Миний хүүхэд ахуй цаг сайхан байсан. Үнэнийг хэлэхэд би социализмын нийгэмдээ дуртай шүү дээ.Шунал гэдэг ойлголтыг мэдрэхгүй, хүнийг л хүндлэх, орчноо хайрлаж хамгаалах гэдгийг сайтар ухамсарлуулж, зөв хүмүүжүүлж өсгөдөг байж гэж боддог. Сайн хүмүүжилтэй өсгөнө гэдэг хамгийн том бэлэг. Хүүхдээ өөрөө өөрийгөө авч явах чадвартай өсгөнө гэдэг чухал. Өөрийн гэсэн чиг шугамтай байна гэдэг чухал. Үүний суурь аав ээжийн үлгэр дуурайлал хүмүүжил шүү дээ.

-Аавдаан би… гээд өөрөө дуулдаг. Энэ дуунд тань аав чинь дуртай юу?

-Дуртай байлгүй яахав.Балхаа ах ээжийн тухай дуу дуулж өгөөч гэж байсан. Би аавын тухай дуулмаар байна гэсэн. Хятадад сурч байхдаа аавыгаа их санадаг байсан л даа. Аавын халуун алгыг санана. Харангын Чука ах, Гүрээ ах бид нар сууж байгаад аавуудын өвөрмөц чанаруудыг ярьж байж бүтээсэн, сайхан үгтэй дуу. Аавын дулаахан гар, ташуурдах мэт харц, үнэн үг нь хүнд ямар хэрэгтэй байдаг билээ. Энэ бүх мэдрэмжүүд их чухал. Олон үг хэлэхгүй ч биеэрээ үлгэрлэж хүүхдүүдээ өсгөнө гэдэг гайхамшигтай юм билээ.

-Ц.Оюунгэрэлийн номонд өөрийн чинь тухай хэдэн өгүүлбэр байдаг. Англи хэлний курст суугаад, Хөвсгөлдөө ирээд курс хичээллүүлэхэд Наран гэдэг охин идэвхтэй сурч байжээ. Таван хэл дээр цомог гаргасан гэдэг. Тэр үед л суурь нь тавигдаж байжээ?

-Тэр үед дөнгөж ардчилал гараад амьдралыг өөрөөр харж байсан үе. Яалт ч үгүй англи хэлийг сонирхох хэрэгтэй болсон. A,B,C-гээ Ц.Оюунгэрэл эгчээр заалгаж байлаа. Сонсдог дуу маань ч өөрчлөгдсөн. Гэхдээ маш хүнд хэцүү үеийг давж гарсан гэж боддог. Дөнгөж сургууль төгсөөд, 18 настай охин зах зээлийн эдийн засгийн ойлголт огт байхгүй байсан үе. Өөрийгөө, амьдралыг ойлгох хэрэгтэй болсон. Энэ цаг үеийг хөдөөний охин давж туулах гэж нэлээд тэмцсэн. Курст суугаад дараа нь англи дуунууд сонсч эхэлсэн. Тэр үед “Queen” хамтлагийг сонсдог байлаа. Яаж дуулаад байгаа нь биш юу дуулаад байгаа нь сонин байсан л даа. Тиймээс үг болгоных нь дээр монгол орчуулгыг нь бичээд дуунуудын утгыг ойлгож бүр шимтэн сонсдог байлаа. Чихэвчний хөгжим л миний найз байсан. Дараа нь миний анхны cover цомог гарсан. Гадаад дууг хуулах биш өөрийнхөөрөө илэрхийлж гаргаж дуулж байсан.Тэр цомог маань маш их борлогдож билээ.

-СУИС-ийн жүжигчний анги төгссөн нь өөрт чинь хэрэг болсон уу. Яагаад дуулаачийн биш жүжигчний ангид орчихсон юм бэ?

-Яахав дээ, Хөвсгөлд явж байгаад Кино драмын ангид тэнцчихсэн байхгүй юу. Кино драм бол надад гайхамшигтай мэдрэмж өгсөн. Яг юу хүсээд байгаагаа ойлгохгүй, нэг л өөр юм хүсээд байдаг. Кино драмд ороод “Зүрх сэтгэлээ зориулж дүр бүтээж байгаа шиг сэтгэл гэдэг юм миний хоолойгоор дамжиж гарах ёстой” гэдгийг ойлгосон. Тэр үед 1992 онд Франц дууны уралдаанд орж түрүүлээд, ерөнхийдөө маш их зүйлийг ойлгосон. Дуулах бол миний амьдрал юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Хятадад урлагийн менежментийн анги төгссөн гэсэн. Тэнд хийдэг урлагийн менежмэнт Монголоос өөр үү?

– Хүн амын тооноос бүх зүйл хамааралтай. Монгол хүний үндсэн зан төрхүүд байна. Их хувирамтгай хувьсамтгай үзэгчидтэй. Нэг дуучинг шүтэн бишрээд явах нь бага. Юуг л бол юуг сонсдог. Тийм болохоор бид маш олон цомог гарган тэр цомгоос хэдхэн дуу нь л хүмүүст хүрэх мөн бусад төрлийн дууг сонсогчдод бас дээр нь зөвхөн гадаадын дуучдыг сонсдог гэх мэт энэ жижиг зах зээл дээр яг өөрийн үзэгчийг бий болгоно гэдэг амаргүй шүү. Бусад орны дуучид жил болгон цомог гаргахгүй шүү дээ. Бид бол их хурдтай ажиллаж тоглолт хийх гээд хөөрхий зүтгэдэг. Эргэлт хурдантай байхгүй бол болохгүй. Зах зээл нь бага учраас менежмент гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийх боломж бага. Маш олон зүйлийг ойлгож, төлөвлөж ирсэн ч амьдрал дээр тэр менежментийг хийхэд хэцүү. Хятад бол том зах зээл. Сургуульд сурахаас өмнө Хятадад олон удаа урилгаар дуулж байсан. Хятадын үзэгчдийг бишрүүлж байсан. Чин үнэнээсээ над руу харж баясч, дуу алдаж, биширсэн харц намайг татаж байсан л даа.Ертөнц гэдэг ямар баялаг гэдгийг ойлгосон. Дуучид бидэнд нэмэлт зах зээлүүд их хэрэгтэй. Магистрын ажлаа таван хэл дээрх CD-гээрээ хийсэн.

-Манай нөхцөлд өдөр бүр цомог дээр ажиллаад байхгүй, тоглолт хийхгүй. Дуучин С.Нарангийн ихэнх цагаа зарцуулдаг зүйл юу вэ?

-Би өөрийгөө ойлгохыг хичээдэг. Бүтээлч юм юу хийх вэ гээд өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг. Гэхдээ бид байнга тоглолттой байдаг гэж хэлж болно. Ертөнцийн арга хэмжээ, хурим найр, төрсөн өдөр дуусахгүй. Тасралтгүй дуулсаар л явна. Бидний нүүр царай хоолой хүмүүст танигдсан учраас завгүй ажиллаж байна даа.

-Таалагдсан залуудаа өөрөө эхэлж сэтгэгдэл илэрхийлэх зориг гаргадаг уу?

-Би шууд хэлдэг. Ямар гоё инээдэг юм бэ. Ямар гоё шүдтэй юм бэ. Ямар сайхан хувцаслаа вэ гэдэг. Би үнэхээр сэтгэлээсээ хэлдэг.Сайхан залууг эргээд харна, машин барьж явахад сайхан залуу харагдвал “Үүүү” гэж дуу алдах үе бий. Гэхдээ сайхан харагдахаас илүү хэр ухамсартай ухаантай гэдэг нь чухал шүү дээ.

-Нүдний шилийг яагаад өөрийн чинь эд эс мэт хэрэглэдэг юм бэ?

-Би дуулах, ярихдаа нүдээрээ их илэрхийлдэг. Инээхэд ч хүртэл. Энэ эмоци дуулахаараа хурц илэрхийлэгддэг. Уурлаад дуулаад байгаа юм шиг тэр бүх жүжиглэлт гарна. Дээр нь гэрэл тусахаар гялбаад хэцүү байдаг. Сүүлдээ нүдний шилгүй дуулж чадахаа байсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: Би өглөө бүр уншдаг хэдэн тарнитай DNN.mn

Өдрийн сонины архиваас………………………………

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайг зорьж очлоо. “Надад засаг Хөдөлмөрийн яаман дээр өрөө гаргаж өгсөн л дөө. Зүгээр сууж чаддаггүй. Амьтан хүн орж гарах юм. Надад хувийн компани, хувьцаа, алгын чинээ газар байхгүй. Нэг талаасаа өөрийгөө тэнэг ч юм уу гэж боддог. Нөгөө талаар миний хувь заяа тэгж л явах тавилантай байсан юм байлгүй. Миний хийж байгаа ажил, зөвлөгөө буяны шинжтэй, ашиг орлого олдоггүй. Гэхдээ тэтгэвэр аваад болоод л байна. Миний эхнэр хүүхэд өлсөөгүй. Би нэг машинтай, байртай, өөр надад юу хэрэгтэй юм” хэмээн тэр хуучлав.


-Ш.Гунгаадорж гуай та Дорноговь аймгийн Их хэт сумын хүн. Ингэхэд Дорноговийнхон юугаараа алдартай вэ?

-Говийнхон хөдөлмөрч шүү дээ. Говийнхоо хатуу хахир улиралд зохицсон хүмүүс. Гэрт зүгээр сууна гэж байхгүй. Байнга хөдөлж, малаа хариулна, аргалаа түүнэ, алтан харганаа зулгаана. Алтан харгана түлнэ. Голцуу аргал түлнэ дээ. Би багадаа жижиг шээзгий үүрээд ээжтэйгээ цуг аргалд явдаг байлаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Ах бид хоёрын дээд талын хоёр ч хүүхэд тогтоогүй юм билээ. Ах маань надаас гурав ах хүн байсан. Одоо байхгүй л дээ. Манай аав Чойрын хийдийн том хэргэмтэй Б.Шарав гэж хүн байлаа. 1937 онд намайг ой найман сартай байхад баригдаад явсан юм билээ, зайлуул. Тэгээд ирсэн л дээ. Лам харгүй барьж байсан тэр үед элэг бүтэн амьдрах хувьтай байж. Аав сүүлд гарч ирээд ярьж байсан юм. Ажааг маань Улаанбаатарт авчирсан юм байж. Нэг байшинд баахан хоригдол дүүрэн, гурван сар болсон гэсэн. Нэг удаа шөнө дунд өнгөрөөгөөд, хоригдлуудыг ачсан юм билээ. Хоёр машин үүдэнд нь тулгачихаад ачаад, чихээд байсан. “Машин дүүрлээ” гэж чихсээр байгаад хаалгыг нь хаачихсан гэсэн. Ажаа ямар ч байсан машинд багтаагүй. Өглөө болсон чинь Хэнтийн нэг лам тэр хоёр үлдчихсэн. Маргааш нь Дотоод яам хаана байдаг юм, аваачаад арван жилийн ял өгчээ. Машинд багтсан бол толгойгүй. Машинд багтаагүй учраас арван жил хорих ял авсан. Зүүнхараад ямтай адуу хариулж, яс арван жил суугаад гарч ирсэн. Манай ээж их мундаг хүн. Эмээтэйгээ бид дөрөв үлдсэн юм. Ээж өртөө хийнэ. Дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн сургуульд явах байсан чинь “Ажаатай нь уулзуулна” гээд тэр жил сургуульд явуулсангүй. Зун мориор майхан ачаад, нутгийн нэг сайн хүн хөлслөөд явсаар байгаад Улаанбаатарт ирээд, таньдаг айлд байж байгаад Зүүнхараа явсан юм. Орхироогийн ам гэж тариа тарьдаг газар аав маань адуу хариулаад арван жил болсон. Уяан дээр адуу уячихсан, баахан хоригдлууд байгаа юм. Би 13-тай байсан юм. “За, чи ажаагаа ол” гэсэн. Би яаж мэдэхэв дээ. Аминдаа бүх хүнийг нэг бүрчлэн харж явсаар сүүлчийн уяаг дуусгаад хэлсэн байгаа юм. “Хамгийн сүүлчийн уяаны энэ талд байгаа өндөр хөх хүн миний аав мөн. Биш бол энэ дотор байхгүй” гэсэн тэр хүн нь байсан.

-Мундаг зөн совинтой байжээ?

-Хэлхээ холбоо байж. Надад нэг зүүд шиг дурсамж байсан. Зуны сайхан өдөр эсгий үүдээ гэр дээр тавьчихсан, манай ажаа намайг өвөр дээрээ суулгачихсан, баруун талд нь хоёр хүн суугаад, ээж цай чанаж байсан хачин зураг сэтгэлд буудаг юм. Тэгсэн хоёр хүн барих гэж ирээд, манай ажаа даахийг маань самнаж суусан юм билээ. Ээж цай чанаж хоол хийсэн. Тэр хоёр хүн сайхан сэтгэлтэй улсууд байсан бололтой юм. Нэг муу жаахан хүүхэд орж гараад, нэг нь өвөр дээр нь дэрвээд, “Яаж энийг барьж авна” гэж бодсон болов уу. Хоол цай идэж уугаад, нэгжлэг хийгээд, бариад явсан. Аав хоёр гурван мөнгөн аяга орон доогуур шидчихээд, алтан бөгжөө бас шидээд, ингэлээ шүү гэдгээ ээжид хэлсэн гэсэн. Тэгээд 1948 оны өвөл гараад ирсэн л дээ.

-Та сургууль номондоо хэр байсан юм. Малчин болно гэж бодож байсан юм уу, ном үзэх дуртай байсан уу?

-Ер нь би малчин болох тухай бодоогүй. Манай ахыг малчин болгоно гээд сургуулиас гаргачихсан. Ахыг малчин болгоод намайг сургуульд явуулах бодол ээжид байсан шиг. Би бол номонд дуртай. Ээж их ойтой. Аргалд явж байхад түвд, тангад ном уншаад, орой аялгуутай үлгэр хэлнэ. “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” ярина. Тэрнийг нь бид чих тавин сонсоод цээжилчихнэ. Ээж маань жирийн малчин эмэгтэй л дээ. Гэхдээ ухаантай. Б.Жаргалбуян гэдэг хүн байлаа. Тэр ч бас надад нөлөөлсөн байх. Манай ах малд нүдтэй. “Шаравын том хүү малд сайн” гэдэг. Би бол хурга ишиг эргүүлнэ, аргал түүнэ. Өвөл нь манай ажаа ирээд “За, хүү минь ирэх жил сургуульдаа яв” гэсэн. Сайншандын арван жилийг 1954 онд төгссөн.

-Таны Гунгаадорж гэдэг нэр ямар учиртай вэ. Аав тань өгсөн үү?

-Аав өгөөгүй. Энхрийлсэн нэр Их ухна, Бага ухна гэдэг. Би Бага ухна нь. Говьд Ухна гэдэг нэр түгээмэл. Сэмбээринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч байсан үе. Чойрын хийдээр залардаг. Улаанбаатарт ирдэг. 1936 онд хэлмэгдүүлэлтийн их салхийг мэдрээд буцсан шиг байгаа юм. Буцаж явахдаа Чойроор яваад Мааньт гэж миний төрсөн нутаг газраар урагшаа заларч л дээ. Тэгэхэд Ерөнхий сайд А.Амар Сэмбээ ринбүүчийг гаргаж өгсөн гэдэг. Тэгэхээр тэр амаргүй том хүн байж. Залрахад нь манай аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу яасан юм ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай л гэсэн утгатай гэнэ. Би номондоо сайн, шүлэг уншина, нэг уншаад цээжилчихнэ. Их ойтой. Сургуульдаа явна. Бага сургууль гучаад хүүхэд төгссөн байх. Гурав, дөрөв нь аймгийн сургуульд очсон. Тэр үед мал дээр их гардаг байлаа. Дунд сургууль төгсөхөд 10а гэж аравхан хүүхэдтэй анги төгсч билээ. Сургуульд байхдаа онцоос өөр дүн бараг авахгүй. Дөрөв авбал их гонсойдог шартай хүүхэд байв. Спорт сонирхохгүй. Айлд сууж байсан. Номоо үзнэ, өөр юм хийдэггүй. Аравдугаар ангиа онц төгссөн. Тэгэхэд гадаадад явах хүүхдүүдийг Төв хорооны боловсон хүчингээр оруулдаг. Манай аав гадаад явахад жаахан дургүй байсан. “Миний хүү дотоодын сургууль багадахгүй дээ” гээд анагаахад л оруулах санаатай байсан шиг байгаа юм. Гэхдээ намайг шахаагүй. Би “Гадагшаа л явж байвал тогоочийн сургуульд ч байсан явна” гэдэг. Тийм л өвчин байсан. Москвагийн К.А.Темяразовийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гээд мундаг сайхан сургуульд сурсан. Агрономи мэргэжил эзэмшсэн.

-Гадаадад сургууль төгссөн хүн ямар бодолтой ирэв?

-Ер нь яаманд л ажиллах байх гэж бодож байсан. Лоохууз дарга “Сангийн аж ахуй явна аа” гэсэн. Тэр үед Амгалангийн сангийн аж ахуй улаан буудай тариална, гахай тахиа, үнэг булга үржүүлдэг. Саалийн фермүүдтэй, том аж ахуй байсан. Сангийн аж ахуйн ерөнхий агроном улаан мотоцикльтэй давхина. Тэндээ дасаад жил болох гэж байтал Сангийн аж ахуйг удирдах газар гайхал Лоохууз сайд дуудлаа. “Атар газар эзэмших намын шийдвэр гарсан. Намын том зорилтыг биелүүлэх үйлсэд залуучуудыг ажиллуулна” гэсэн.

Сангийн аж ахуйг удирдах газар ирсэн. Атар эзэмших их ажилд олон хоногоор явна даа. Майхан гэрт хэдэн зуун залуучууд, зөвлөлтийн олон хүн ирчихсэн байсан. Би чинь Атрын нэгдүгээр аяныг эхлэхэд ажиллаж байсан хүн.

-Яаж таныг олж харсан байхав?

-Тэр үед боловсон хүчний бодлого сонин байсан. Нэг өдөр аж ахуй дээр хүн ирээд намын дарга, ногоочид, тариачидтай уулзаад явсан. Өдөржингөө яваад сүүлд нь надтай уулзаад баахан юм асуусан. Тэгсэн чинь гурван сарын дараа намайг Төв хороон дээр дуудаад, Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар авсан. Гэтэл тэр хүн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн орлогч дарга Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Төв хороонд ирээд жил болоод 1968 онд Хөдөө аж ахуйн яам усны аж ахуйн яам нийлэхэд орлогч сайд болсон. Найман жил орлогч сайд хийсэн дээ.

-Эхнэр авахдаа ямар шалгуур тавьсан бэ?

-Би чинь хоёр дахь амьдрал зохиосон хүн. Тэр ч оюутан, би ч оюутан байсан. 21-тэй байсан юм уу даа. Энийг бичээд байх хэрэггүй. Нэг их туршлага яриад байх ч юм биш.

-Орлогч сайд хүн таван хүүхэдтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй суусан гэхээр тухайн үед шуугиан тарьсан хэрэг байсан болов уу?

-Тэр их хатуу цагт харин ч хэвлэлээр нэг их юм болоогүй өнгөрсөн. Яахав, одоогийн эхнэртэйгээ дөч гаруй жил амьдарч байна.

-Дундаасаа хүүхэдтэй юу?

-Хоёр хүүхэдтэй. Би анхны эхнэртэйгээ муудалцаад, таарч тохирохгүй болсон юм биш. Амьдрал хэвийн явж байсан. Ер нь хувь заяаны зураг тавилан гэж байна. Зурсан зургаар л явж байна гэж би боддог.

Тэгээд л орлогч сайдаасаа буугаад Завханы Тэсийн сангийн аж ахуйд очсон. Тэжээлийн аж ахуй руу явж байгаа нь тэр л дээ. Орлогч сайдаасаа болино гэдэг бас тийм амархан ч ажил биш. Би энийг зөвхөн хайр дурлал, нэгийг нөгөөгөөр солих юм байгаагүй гэж боддог. Нэг л өдөр би яваад өгсөн. Хэрэлдэж муудаагүй. Эмзэг сэдэв. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. (Энэ үеэр гэргий нь орж ирсэн ч азаар бидний ярилцаж байсан эмзэг сэдэвт сайнаар нөлөөлөв. “Дусаадаг эм дуусчихаж. Такси аваад яваад ирье” гэж гэргий хэллээ. Намайг сонины сурвалжлагч хэмээн нөхөр нь танилцуулахад гэргий нь “Манай өвгөнийг байцаагаад сууж байна уу “ хэмээн инээж байна. “Та сайхан хүүхэнд сэтгэлд алдраад бүх юмаа орхичихсон юм уу гэж байна хэмээн Ш.Гунгаадорж гуай “ховлов”. “Сайхан ч юу байхав” гэж гэргий нь хэлэв. “Орлогч сайд байсан хүнийг буулгаад хаячихлаа гэж та санаа зовж байв уу” гэхэд маань “Тэгэхээс биш яахав. Таньдаг хүн гараад ирвэл ийшээ бултаад, эндээс хүн гараад ирвэл ийшээ бултаад л явдаг байлаа. Би багш хүн. Зарим хүн сургууль дээр очоод сайдын үнэтэй авгайг үзнэ” гэж байсан. “Аймаар байсан” гэж эхнэр нь илэн далангүй хуучиллаа. “Та энэ хүнд сэтгэл алдарсан уу, энэ хүн танд илүү сайн байв уу” гэхэд “Хоёулаа адилхан даа” гэв. “Одоо ч дөч гаруй жил хамт амьдарчээ. Би ч бас тэр үедээ үс гэдэг чинь тахимаа хүрсэн, өндөр, дан дээл өмсч явдаг гунхалзсан охин байлаа. Энэ сайхан хүүхэн л гэж ярьдаг байлаа. 27-28-тай байсан. Надтай цуг ажиллаж байсан багш таараад “Амгалан, чи наймаанд их сайн юм аа” гэнэ. “Би наймаа гэж мэдэхгүй” гэсэн чинь “Хүний наймаанд сайн юм аа” гэсэн хэмээн гэргий нь дурсав. Түүнийг өрөөнөөс гарсны дараа Ш.Гунгаадорж гуай “Миний хүүхдүүд сайн яваа. Цөм сургууль төгссөн. Гарсан хоёр хүүхэд маань дажгүй. Би тэгэхэд гуч гарч байсан. Энэ хүн гуч хүрэх гэж явсан. Одоо дөч гаруй жил хамт амьдарч байна. Энэ миний амьдралын түүх хэмээн тайлбарлав.

“Тэр хол Завхан руу явуулахад мэргэжил маань хэрэг болсон доо. Найман жил ургац алдсан алдагдалтай аж ахуйд очлоо. Би орлогч сайд байсан болохоор шинэ технологийн тухай мэдээлэлтэй.

Одоо яваад байгаа хөрсний элэгдэлтэй тэмцэх технологийг орлогч сайд байхдаа Канад руу хүмүүс явуулаад судлуулж байсан. Түүнийгээ нэвтрүүлээд, хоёр жилийн дотор хоёр удаа Засгийн газрын шагнал авч, тэргүүний аж ахуй болгоход, намайг эргүүлж татаад газрын дарга болгосон. Намайг хэзээ эргүүлж татах бол ч гэж бодоогүй. Ажиллаад л байсан. Сангийн аж ахуйн яамыг байгуулаад, намайг дахин нэгдүгээр орлогч сайд болгосон. Дараа нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга болоод,1986 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Сайд нарын зөвлөлийн дарга болсон доо. Би тийм овсгоотой байсангүй. Миний хийж бүтээсэн ажлаар үнэлж байсан. Сэлэнгэ аймагт очиход ажил нь уначихсан байлаа. Улс төрийн товчооны хурал дээр Ю.Цэдэнбал дарга хэлж байсан юм. Орлогч сайд найман жил хийхдээ Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзсан нь тэр, 1981 онд. “За, чи залуу хүн. Тариагаа чи өөрөө мэднэ. Тэнд навсайчихсан газар болсон байна шүү. Тэнд архи ууцгаадаг. Чи хариуцлага дээшлүүл. Энийг л чамд захъя. Моломжамц нэг хуралд нь очсон чинь “Тужийн нарсандаа буриадууд архиар шахаад би золтой л үхэлгүй ирлээ гэж ярьж байсан” гэсэн. Сэлэнгэд зургаан жил болоход бас л улсын тэргүүний аймаг болж, одон авсан. Надад авгайг ч татах ард түмнийг ч татах юм байсан юм байлгүй дээ” гэж Ш.Гунгаадорж гуай наргиа болгов.

-Та жинхэнэ шилжилтийн, завсрын эвгүй үед Ерөнхий сайд болсон?

-Ерэн онд Сайд нарын зөвлөлийн орлогч байж байгаад 1990 оны гуравдугаар сарын 21-нд энэ Очирбат Их хурлын дарга, би Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан юм. Яг зах зээл рүү уруудаж эхлэх үе. Д.Бямбасүрэн миний нэгдүгээр орлогч байв.

-Ерөнхий сайдаар зургаан сар ажилласан гэдэг билүү?

-Тийм. 180 хоног доо. Тэгэхэд тэр үеийг яаж туулсан юм. Би бол тэр зургаан сарыг тайван цагийн дөрвөн жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Улс төрийн товчоо аль хэдийнэ огцроод явчихсан. Талбай дээр битүү хүн сууцгаачихсан. Найман аймагт өлсгөлөн зарлачихсан. Контортоо хонодог. Айхавтар үе байсан. Тэр олон хүн дотор согтуу хөлчүү эсэн бусын хүн байсан байх л даа. Тэгэхэд ордны нэг цонх хагараагүй. Би ямар ч байсан хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж боддог юм. Хэлэлцээр хийхээр С.Зориг, Баабар, Р.Гончигдорж эд нар миний өрөөнд орж ирнэ. Байр нэхнэ. Тав зургаан нам байлаа, бүгдэд нь байр гаргаж өглөө. Баабар “Социал демократ намд байр өгөхгүй бол дөрвөн ханатай гэр барилаа” гэж байсан. “Битгий дэмий юм ярь. Юу ярьж байгаа юм” гээд СТӨ-ний “хүзүүвч”-инд байр гаргаж өгч байсан л даа. Тэр зун таван сарын найман зургаанд давалгаа арилаад, хэлэлцээр явсаар байгаад ардчилсан сонгууль явуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэгэхэд “Засгийн газар огцор”, Ардын түр хороо байгуулна. Ордонд бид орно гэдэг байсан. Ярьж хэлэлцсээр байгаад сонгууль явуулахаар болсон. Тэгсхийгээд тайвшраад, сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль ерэн онд болсон шүү дээ.

Жинхэнэ сонгууль тэр болсон. Хотод нэг тойрог дээр 27 хүн өрсөлдөж байсан юм. Би ч яахав Өмнөговиос дэвшсэн. Надтай өрсөлдөх хүн байгаагүй. Бүх нэр дэвшигч цуг явдаг. Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ ээлжилж юмаа яриад л явдаг байлаа.

Сонгуулийн үр дүнд шинэ их хурал бүрдсэн. Манай Засгийн газар тайлангаа тавиад, дараагийн Засгийн газар байгуулагдсан даа. Социализмаас зах зээлд шилжих эхний тоосгыг бид тавьсан. Арай зөөлөн, холбогч маягийн Засгийн газар байлаа.

-Та лам хүний хүүхэд амандаа уншдаг тарнитай юу?

-Би айхавтар шүтэгч биш гэхдээ өглөө бүр уншдаг хэдэн тарнитай.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.


“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсон Н.Энхбаттай ярилцлаа.


-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Төрийн ордон дахь хүний эрхийн мэдрэмжтэй өдөр DNN.mn

“Дарга өглөө хэдэд ирсэн бэ” гэж сонирхоход туслах нь “6:55 гэхэд ирсэн. Өчигдөр орой УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр тайлбар өгөөд, 22 цагт харихаар гарсан” хэмээн хариуллаа.

УИХ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы өрөөнд өнжихөөр баасан гаригийн өглөө найман цагт Төрийн ордон дахь албан тасалгааг зорьсон нь энэ. Тэрбээр 2019 оноос хойш энэ албыг хашсан юм.

Өрөө нь лав Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргынхаас хавьгүй уужим юм билээ.

Л.Өлзийсайхан даргын том ширээ өмнө нь АИХ-ын дарга Ж.Самбуу гуайнх байсан гэж тамгын газрын архаг ажилтан сонирхуулсан шүү. Энэ өдөр Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд “түм түжигнэж, бум бужигнав”. Л.Өлзийсайхан ирэх өдрүүдэд Анголд болох Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны чуулга уулзалтад оролцох тул ажилтнуудаа шахаж шавдуулах, үүрэг даалгавар өгөх, зохицуулах ажил ундарч, хурлаас хурлын хооронд гүйхэд хүрлээ.

Хамаг улс орнуудын парламентын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нар чуулах зуур ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон манай Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээж авахаа мэдэгдсэн нь Монголын парламент хүний эрхийн болон жендэрийн өөрийн үнэлгээ хийх болсонтой холбоотой. Өмнө нь жендэр мэдрэмжээ үнэлүүлсэн 11 орон байсан бол хамгийн анх хүний эрхийн мэдрэмжээ үнэлэх зоригтноор манайхан тодорчээ. Монгол Улсын Их хурал болон ОУПХ санамж бичиг байгуулж, ирэх сард шинжээчдийн баг Монголд ажиллах юм. Үнэлгээний аргачлалыг ОУПХ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас боловсруулсан гэнэ. “Үнэлгээний үр дүнд байр эзлүүлэхгүй харин уг үнэлгээг хийснээрээ парламент жендэр мэдрэмжтэй, хүний эрхийг хангах чин эрмэлзэлтэй болохыг олон улсад нотлон харуулна” гэж Л.Өлзийсайхан дарга өмнө нь Төрийн ордонд болсон семинар дээр онцолсон билээ. Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх нь парламентыг ардчилсан, хариуцлагатай болгодог байна.

ДЭГ ЯРИХААРАА ОНГОД НЬ ОРДОГ ЭМЭГТЭЙ

Даргын ажил Нэгдсэн хуралдаан удирдах дараалал “шагайх”-аас эхлэв.

“Өнөөдөр чуулганаар таван асуудал хэлэлцэх юм” хэмээн Л.Өлзийсайхан тайлбарласан. Хэлэлцэх сэдэв, хэн асуулт асуух, хуралдаан даргалагч хурлыг хэрхэн удирдах дараалал хурал эхлэхээс өмнө тодорхой болдог аж.

Дэгийн хуульд орсон өөрчлөлтөөр гишүүд горимын санал гаргах бол хуралдааны өмнөх өдрийн 17 цагаас өмнө саналаа бичгээр ирүүлдэг болжээ. Б.Пүрэвдорж гишүүн асуулт асуухаар бичгээр санал ирүүлсэн байна лээ.

Дашрамд сонирхуулахад Л.Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь түүний лекц уншихыг сонсох тохиол таарч, Дэгийн тухай онгодтойхон яриаг нь ахиу “порц”оор хүртсэн удаатай.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар Ерөнхий нарийн бичгийн даргадаа илтгэхээр орж ирэхдээ гуравдагч этгээд суугаад байхаар үе үе хяламхийнгээ, болгоомжлонгуй шинжтэй ярив. Чихээ дэлдийлгэж суусан ч мэргэжлийн үг хэллэгээр “зодсон” яриаг нь ойлгоогүй л дээ. Н.Мягмар даргын сүүлийн өгүүлбэрийг би хүртэл ойлгосныг бодвол хашруудын “шивнээ” дуусав бололтой. “Хөрөнгө оруулалтын хуулиа дагуулаад, гадаадын иргэнд газраа 60+40 жилээр өгөх гэлээ гээд бөөн маргаан дагуулсан хуулийн төслөө Засгийн газар татан авахаар албан бичиг ирүүлсэн” гэсэн шүү.

Хананд байрлуулсан Чингис хааны зурагт нэг “нууц” бий гэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс энэ зургийн ард нэрийн хуудсаа хийж орхидог заншилтай ажээ.

УИХ-ын Тамгын газрын дарга байсан Н.Лувсанжав гуай Тамгын газрын дарга яагаад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж хувирсан талаар ийнхүү тайлбарлаж билээ. “Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг статус нь өндөр. Бид 2020 онд УИХ-ын хуулийг батлуулахдаа зориуд ярьж байгаад хийсэн юм. Парламентат ёсны хөгжлийг үүрч, УИХ-ын “гал тогоо”г барьдаг хүн бол парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга олон юмыг зохицуулдаг хүн. Парламентад дэгийн зөвлөгөө өгнө гэдэг бол зүгээр нэг тамгын газрын ажилтны хийдэг ажил биш. Ерөнхий нарийн бичгийн дарга л Дэгийн зөвлөх байдаг. Парламентын хууль тогтоох ажиллагаа нарийн дэгтэй. Дэг нь бүхнийг зохицуулж чадахгүйгээс болоод асуудал гарна. Тэр үед юуг яах ёстойг хэлэх ёстой хүн. Заримдаа гацаанд орчихоод “Ерөнхий нарийн бичгийн даргыг дууд” гэдэг шүү дээ. Хариуцлага өндөр албан тушаалтан. Тэр өндөр түвшинд нь хуульчилсан” гэсэн билээ.

Унш унш бас дахин унш

Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд хамгийн нүсэр тавилга нь номын шүүгээ байлаа.

Номын баярыг ивээдэг гэдгээр нь хүмүүс мэддэг Г.Занданшатар дарга дэргэдэх хүмүүстээ ч ном унших даалгавар өгдөг гэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргадаа спикер өөрийнхөө уншдаг “Орос, Хятадын завсар дахь Монгол Улс 1990-2000 он” гэсэн судалгааны номыг унших үүрэг өгч байжээ. “Гурван улсын үлгэр”, “Харизм“, Д.Бадарчийн “Системийн сэтгэлгээ”, Г.Цэрэнгийн “Байгууллагын зан төлөв” хэмээх номуудыг ч бэлэглэсэн. Спикер нэг удаа туслахаа “Уншсанаа ярь” хэмээн шалгасан удаатай гэнэ. Л.Өлзийсайхан харин ийм шалгалтад бүдрэхгүй бололтой “Гүйцэтгэлийн дөрвөн дүрэм, сахилга батын гайхамшиг” номыг тодруулагчаар зурж, тэмдэглээд өнгө алаг болгочихож. “Онц чухал дээр төвлөрөх нь” гэсэн хэсгийг онцолсон харагдсан. Л.Өлзийсайханд “100 хүний нэг нь л хэрэгжүүлдэг ажлын ноу хау” таалагддаг гэнэ.

Ерөнхий нарийн бичгийн даргад номоос гадна унших ажил мундахгүй. УИХ-ын баталсан бүх хуулийг уншдаг ажилтай. УИХ-ын дарга хуулийг ёсчлохоос өмнөх редакцын уншилт хийдэг юм байна.

Хуульд үг үсгийн алдаа гаргавал хариуцлага тооцдог болохоор тэр хамгийн хянамгай редактор гэдэг нь дамжиггүй.

Ухаалаг самбар

Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөний бас нэгэн чухал тавилга Ухаалаг самбар. Энэ өдөр Л.Өлзийсайхан даргын ажилласан том, жижиг танхим бүгд “Ухаалаг самбар”-тай байсан юм. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 15 жил шахам багшилсан түүний хувьд самбар гэдэг сэтгүүлч бидний үзэг, дэвтэр шиг л чухал эд бололтой. 148 дугаар сургуулийн “Парламентын боловсрол” клубын сурагчдад лекц уншихаар очихдоо хүртэл Ухаалаг самбараа “чирч” явсан нэгэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг УИХ-ын даргад хууль өргөн барих үеэр байлцахаар гүйж явахдаа тэрбээр ордонтой танилцаж буй хүүхдүүдтэй таараад зогтусч, үг сольж амжив. Эгч нь та нарт “Парламентын боловсрол”-ын танилцуулга, ном өгнө өө гэсээр цааш гүйсэн юм. “Морьтой болоод завтайсан бол” гэдэг шиг сул цагтай бол багш мэргэжлийн хобби нь сэдрээд, хүүхдүүдэд “Парламентын боловсрол”-ын талаар ярих байсан даа. Багш угшилтай хүн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь УИХын тухай хууль болон УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ул мөрөө үлдээжээ. Эдгээр баримт бичгийн үндсэн дээр УИХ-ын Тамгын газар 2021 оноос “Парламентын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөн дэх Ухаалаг самбарын өмнө 11 цаг 30 минутын үед 22 настай Г.Оюунбилэг “Парламентын цагаан толгой” танилцуулж зогсов. СЭЗДС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан тэрбээр “Viral agency”-д ажилладаг. Багийн ахлагч Г.Дөлгөөн, гишүүн А.Золбоо нар мөн өрөөнд суусан агаад, тэд “Парламентын цагаан толгой”-г залууст зориулж бэлтгэжээ.

Ийнхүү асуух нь асуугаад, хариулах нь хариулаад бужигнаж байтал хойморт суугаа Өлзий даргын утас дуугарлаа. Тэр “УИХ-ын дарга ярьж байна” хэмээн хүндэтгэлтэй хэлээд, утсаа чихэндээ авахад нь өрөөнд байсан бид номхон команд авсан мэт болов. “За даргаа хэмээн цэрэг маягаар хэлээд, өмнөх дэвтэртээ спикерийн “лүндэн”г тэмдэглэх нь яг л хэдэн томъёо шиг харагдана.

Охид “Парламентын цагаан толгой”-н Е үсэг дээр Ерөнхий нарийн бичгийн даргын тухай мэдээлэл шигтгэжээ. Дэлхийн 193 улсын парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын 54 нь эмэгтэй, 139 нь эрэгтэй. Азид Сингапур, Тайланд, Монгол, Лаос зэрэг долоон улс эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажээ.

“Парламентын цагаан толгой”-н нээлтийг арваннэгдүгээр сард болох “Нээлттэй парламент”-ын өдрүүдээр хийхээр төлөвлөсөн гэнэ.

ОРОН НУТАГТ Ч ИРГЭДЭЭ СОНСОНО

Энэ өдөр Л.Өлзийсайхан даргын соён гэгээрүүлэх ажил 9:05 цагт “Их засаг” танхимаас эхэлсэн л дээ. “Төлөөллийн байгууллагын ил тод байдал” сэдвээр Хууль тогтоомж сурталчлах төвийн ажилтнуудад зориулж сургалт уулзалт хийсэн юм. D өргөдлийн системээ орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүдээрээ дамжуулан сурталчлах талаар ч яригдсан бол арваннэгдүгээр сард товлосон “Нээлттэй парламент”-ын өдрүүдээр орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүддээ иргэдийг хүлээж авч, мэдээлэл өгөх, цахимаар санал авах талаар ч хэлэлцэж байна лээ.

Хууль санаачлах эрхийг иргэддээ олгож буй хэлбэр хэмээгдэх D өргөдлийн системд санал авч эхлээд хэдхэн хонож буй ч иргэн Г.Занданшатарын санал аль хэдийнэ 75 000 дэмжлэг аваад буйг онцолсон. Иргэдийн оруулсан дараагийн саналууд ч олон дэмжлэгтэй явааг Ерөнхий нарийн бичгийн дарга дуулгав.

Одоогоор Дархан, Баянхонгор, Өвөрхангайд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулсан. Яваандаа Хууль тогтоомж сурталчлах төвүүдийн сүлжээ бий болно гэж итгэж байна хэмээн Л.Өлзийсайхан хэллээ. Иргэдээ сонсох, парламент, ИТХ хууль тогтоомждоо иргэдийнхээ санаа бодлыг тусгах шинэ соёл бий болгох талаар Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байв. “Парламент оньсого шиг институт. Иргэд хөгжих тусам парламент дагаж хувирах ёстой” гэж үздэг хэмээн тэрбээр ярьсан юм.

Том даргатай уулзсан дээрээ санал хүсэлтээ мэдүүлж, “Суусан газраасаа шороо атгах” сэргэлэн хүмүүс ч байв. Дархан-Уул аймгаас ирсэн Д.Гантулга үндсэн ажлынхаа зэрэгцээ Цагаатгах комиссынхоос авахуулаад 12 чиг үүрэг хүлээдэг. Албан тушаалын тодорхойлолтод Хууль тогтоомж сурталчлах төвийн ажлын талаар байдаггүй. Цалин урамшуулал олгох эсвэл орон тоо гаргаж өгөх талаар шийдвэрлэхийг хүслээ. Тэрбээр мөн “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг “Гадаадад туршлага судлах талаар цаашдаа бодоорой” гэж хүссэн.

Ерөнхий нарийн бичгийн дарга эхний саналыг ойрын үед ярилцаж шийднэ гэлээ. Гадаадад туршлага судлах хүсэлтийг ч ойшоолгүй өнгөрсөнгүй. Л.Өлзийсайхан өмнө нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш болох дунд сургуулийн гурван багшийг Япон болон Германы айлчлалын багтаа багтаан туршлага судлуулсан удаатай.

Жендэр мэдрэмжтэй байх амаргүй юм аа

Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд 14-15 цагийн хооронд хуралдсан Хүний эрх, жендэрийн үнэлгээний өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаанаар сонирхолтой жишээнүүд ч дурдагдаж байлаа.

Н.Цогтсайхан зөвлөх “Байгууллагын соёл” гэсэн үнэлгээний хэсэг бий шүү гэж онцолсон. Үндэсний зөвлөх Б.Долгор түүнийг дэмжиж, “Байгууллагын соёл гэдэг дээр ажил, ар гэрийн тэнцвэр барих гэдэг асуудал асар чухал шүү” хэмээн санууллаа. Ажилтнууд ажлын цагтаа тардаг уу, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн хуралд сууж амждаг уу гэх мэт нарийвчилсан асуултуудын хариу эерэг байхад төвөгтэй л юм. Шаардлагатай үед цаг, наргүй ажилладаг гэцгээдэг УИХ-ын Тамгын газрынхан эмэгтэй голдуу ажилтнуудтай шүү дээ.

“Жендэрийн мэдрэмжтэй гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ ашиг сонирхлыг эрх тэгш тусган ажилладаг парламентыг хэлдэг” гэж Л.Өлзийсайхан дарга нэг бус удаа онцолж буй. Жендэр мэдрэмжтэй парламент байхын тулд ариун цэврийн өрөөний асуудал хүртэл яригдах юм билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга зарим улс орны парламентууд эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлийг аль нэг танхимдаа дэлгэдэг жишээг ч дурдлаа. Үнэлгээний багт ажиллаж буй Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах референт О.Нарантуяа “Ордонд байгаа 27 зургийн хоёр нь л эмэгтэй уран бүтээлчийн зураг байгаа ч “Ану хатан” гэх мэтээр эмэгтэй агуулгатай зургууд бас байна хэмээн илтгэв.

Л.Өлзийсайхан ажилтнууддаа амралтын өрөө гаргаж өгөхийг хүсдэг ч төрийн ордонд парламентаас гадна Ерөнхийлөгч, Засгийн газар бас байрладаг учраас өрөө олох хүнд, хамгаалалтын асуудал бас хөндөгддөг гэдгийг учирласан.

Хамгийн сүүлд хуралдсан “Нээлттэй парламент”-ын ажлын хэсгийн хуралдааны үеэр Л.Өлзийсайхан даргад захиас даалгавар мундахгүй их байв.

“Түрүүн 14 дүгээр сургуулийн хүүхдүүд танилцах аяллаар явна лээ. Тэдэнд “Парламентын боловсрол”-ын ном, материал өгнө гэж амласан. Ирэх долоо хоногт сургууль руу нь хүргүүлээрэй” гэж хэлэхээ ч мартсангүй.

Жич: Албан газарт өнжсөн учраас энэ удаа хоол “мода”-ноос гарсан шүү. Энэ өдөр Л.Өлзийсайхан үнэндээ хоол ч идэж амжаагүй. Хоолоо ихэвчлэн гэрээсээ авчирдаг гэнэ. Туслахын авчирсан хоолыг идэх үе ч гардаг. Гэсэн ч бас энэ удаагийнх шиг хоол идсэн эсэхээ ч анзаарахгүй явах нь цөөнгүй.

Даргын ажил дуусаагүй ч 18 цаг хүрээд миний ажил өндөрлөв. Үзэг, дэвтрээ цүнхэлж байх зууртаа туслах нь Маркс, Энгельсийн хэдэн боть шиг зузаан гэгчийн унших материалууд оруулж ирж, ширээн дээр тавихыг харлаа…

Б.Янжмаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мэнд-Амар: Гэр бүлтэй болоогүй залууст зөвлөхөд хэнд ч хэзээ ч бүү шалгуур тавь, зүрх сэтгэлээ л дага DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………

“Камертон” хамт­лагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амартай ярилцлаа.

-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Өнөө маргаашгүй ганцаа­раа дуулсан шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны найруулагч С.Гантөрийн  ая, түүний эхнэр болох “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг л бууж өгөхгүй шүү дээ. Аравдугаар сарын эхээр “Нью стар” студи арван жилийнхээ ойг хийх гэж байгаа. Түүнд зориулж хамтарч дуу хийж байна.

-Камертончууд хэр их уулзалддаг вэ?

-Ер нь тогтмол уулзалддаг. Бид хэд үнэндээ долоо, най­ман наснаасаа нэг сургуульд хамтдаа өссөн хүүхдүүд. Хамтлаг болохоосоо өмнө ч хамт байсан, одоо ч хамт байдаг. Үхэн үхтлээ л хамтдаа байх байлгүй.  Хамт­лагийн найз нөхөд гэхээсээ бид хэд амьдралын найз нөхөд л дөө.

-Хоёр нь лав нэг айлын баз хүргэчүүд байх аа, тэр хоёр хамтлаг дундаа илүү аминчхан байдаг уу?

-Аминчхан байлгүй яах вэ, амьдрал нь, тогоо нь нэг  хүмүүс юм чинь. Илүү ойрхон амьдарна шүү дээ.

-Бусад камертончууд  хаана, юу хийж  байгаа бол оо?

-Манай Төрийн соёрхолт Болд маань шинэ студи  барьж тохижуулж байна. Яг хувийн байрандаа, өөрийн­хөө хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй студи байгуулж байна. Эба маань ойлгомжтой, намар цаг тариан түрүү шаргалтаад, хаа сайгүй монголчууд ургацаа хурааж, хоолоо бэлтгэдэг үе. Эба маань тариагаа хураагаад, талбайгаа эргээд, тариаланчийнхаа амьдралаар л амьдарч байгаа.

-Ургацын баярт нь  та нар оролцдог уу, тусалдаг уу?

-Эба маань заримдаа “Манай тэнд ургацын баяр дээр бөөнөөрөө очиж дуулъя, хуурдъя” гэдэг. Эба Сэлэнгэ аймгийн Сант сумын ойролцоо Орхоны хөвөөн дээр тариа, ногоогоо тарьдаг. Сант сумын ойгоор сайхан тоглолт хийж байлаа. Сэлэнгэ аймгийн ойгоор ч  тоглолт хийж  байлаа. Бие биенийхээ ажлыг болж өгвөл дэмжихийг боддог доо.  Ганаа маань “Эко” сувгийн захирал болсон. Телевизээ удирдаж яваа. Саяхан өөрсдийн гэсэн телевизийн байртай болсон. Гоё телевиз болгоно гээд л үзээд байгаа.

-Камертоныхон ид насны эрчүүд боллоо. Ярианы сэдэв, сонирхол, хобби өөрчлөгдсөн үү?

-Мэдээж өөрчлөгдөнө. Бүгд л гуч гарч яваа залуус. Ярианы тал хувь нь гэр бүлийн сэдэвтэй байдаг. Үлдсэн тавин хувь нь нийгэм, улс  орны байдлын талаар хоорондоо цэц булаацалдаж маргалдана. Нийгэмд болж байгаа зүйлийг хамтдаа сайшаана. Болохгүй байгааг нь тэгэх ёстой, ингэх ёстой гээд ярина.

-Камертончуудын сэтгэл санааг зовоож байгаа асуудал юу байна?

-Хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Камертон хамтлаг ер нь хүүхдийн эрүүл мэндийн талаар том том арга хэмжээнд оролцож байсан. Зөвхөн Монголдоо гэлтгүйгээр Зүүн өмнөд Азид эхээс төрөхдөө ДОХ-ын халдвар авч төрдөг маш олон хүүхэд байдаг. Зүүн өмнөд Азийн хандивын арга хэмжээнд оролцоод, ойролцоогоор хоёр сая орчим доллар цуглуулж, санд хандивлаж  байсан удаа бий. Сүүлийн үед Монголынхоо эрүүл мэндийн салбар, хүнд байгаа эмнэлэгт туслахаар хичээж байна.

Манай Эба бол саажилттай төр­сөн хүүхдүүдийн Нялхсын клиник сувиллынханд  байнга тусал­даг. Хүүхдүүдэд зөндөө их юм хэрэгтэй. Эба тэдэнтэй ойр ажилладаг.

-Хамтлагийн хувь заяаны тухай ярилцдаг уу?

-Камертон хамтлаг юм хийхгүй байна, тарчихлаа гэдэг. Яг үнэндээ тарсан гэсэн үг бидний амнаас гараагүй. Бид  18 настай хүүхдүүд шиг гэгэлзээд гүйх нас биш ээ. Бүгд ардаа амьдралтай болсон. Үр хүүхдээ аятайхан авч явах ёстой. Зөвхөн дуулж, хуурдаад яваад байж болохгүй. Бид хамтлагийнхаа ид үед жилдээ хоёр цомог, хоёр тоглолт хийдэг байсан. Одоо  бол тэгэх боломж муутай байна л даа. Тэгш ойгоо гоё тэмдэглэх хэрэгтэй. Ирэх жил Камертон хамтлагийн 20 жилийн ой  болно. Үзэгч сонсогчдынхоо мэлмийг мялааж, сонорыг  баясгахаар цөөхөн дуутай цомог гаргах бодол бий. Мөн хуучны цомгуудаа шинээр хэвлүүлж, хуучны клипнүүдээ HD формат руу шилжүүлж  байна.

-Мээдээ уран бүтээлийн бус цагаар юу хийж байна?

-Янз янзын л юм хийнэ. Бидний үеийн залуус юм юм л хийж болгох гэж яваа. Тэдний л адил. Толгойд оромгүй сонин сонин юм хийгээд л явж байдаг.

-Зарим нэг сониноос нь дуулга л даа?

-UBS телевизийн хамт олонтой ярьж байгаад  UBS хөгжмийн суваг дээр хамтарч ажиллая гэж байгаа. Тун удахгүй тэд намайг багтаа авна гэж найдаж байгаа. Би бол саналаа хүргүүлсэн, тэд сонирхож, дэмжиж байгаа. UBS хөгжмийн сувгийн анхны хөтлөгчөөр Болдоо бид хоёр ажиллаж байсан. Сэтгүүлчдийн холбооноос биднийг урамшуулаад талархал өгч байлаа.

-“Аяа, миний 18 нас” гээд дуулаад гарч ирж байс­­ныг чинь санаж бай­на. Залуу насаа дурсъя гэвэл камертончууд хамт дурсагдах  байх. Ер нь амьдралын хамгийн сайхан нас хэдий үе гэж бодож байна?

-Мэдээж хүүхэд нас, ээж аавтайгаа  халуун бүлээрээ амьдарч байсан үе хамгийн сайхан. Хүн үзээгүй зүйлээ сайхан гэж боддог байх. Миний бодлоор хамгийн сайхан нас нь үр, ач зээгээ үзээд жаргаж байх нас гэж бодож байна.

-Мээдээгийн аав, ээж ямар хүмүүс вэ, бага насаа ямаршуухан үдэв?

-Манай ээж, аав урлагийн хүмүүс биш ч урлагийг дэмжиж ойлгодог хүмүүс. Аав маань төмөр замчин. Манайх төмөр замын айл. Ээж маань Ус, цаг уурын станцад холбооны инженер хийдэг байсан. Эхээс наймуулаа. Айлын тавь дахь хүүхэд. Одонгийн хүүхэд.

-Багадаа ажил үүргийн ямар хуваарьтай байсан бэ?

-Юу ч хийдэггүй байсан. Би гэрийнхээ цагаан гартан. Шал угаадаггүй, гурил зуурдаггүй, хоол хийдэггүй. Хутгатай харьцаж болохгүй. Хөгжим бүжигт сурч байсан болохоор хөгжмөөр хичээллэж байгаа хүүхдийг хүнд хүчир, гар хуруу нь чангарах ажил хийлгэх нь хориотой байдаг.  Намайг урлагийн үзлэг энэ тэрд идэвхтэй гүйгээд байхаар ээж авьяастай байж магадгүй гээд Хөгжим бүжигт оруулсан юм байлгүй.

-Камертоны хүүхдүүд хэдэн нас хүрч байна. Хамгийн бага нь танай охин уу?

-Ганаагийн бага хүүхэд манай охиноос нэг сараар дүү.

-Гэргий тань юу хийдэг вэ, шүтэн бишрэгч байсан уу. Өөрийг чинь яаж яваад  олоод авчихав?

-Өө, үгүй ээ. Би л олж авч байхгүй юу. Манай хүн чинь оюутан. Санхүү эдийн засгийн сургуульд нягтлангаар сурч байгаа. Төгсөх дөхөж л байна. Санхүү эдийн засаг сургалт чанартай, шаардлага өндөртэй  сургууль.

-Анх яаж олж харсан бэ?

-Мэдэхгүй ээ, нэг мэдсэн чинь танилцчихсан шүү дээ. Танилцаад цуг хөдөө яваад, нэг мэдсэн чинь сайхан гоё маамаатай болоод…

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Анхилуун. Манай охиныг дөнгөж төрөхөд, ээжид нь үнэрлүүлж л  дээ. Тэгсэн чинь жигтэйхэн сайхан үнэр үнэртсэн гэсэн. Хоёулаа дараа нь ямар нэр өгөх вэ гэж ярилцсан чинь “Хорвоо дээр үнэрлэж үзээгүй хамгийн сайхан үнэр байсан. Анхилуун гэж нэр өгнө” гэхээр нь “Тэг ээ тэг” гэсэн.

-Аав нар хүүхдэдээ нэр өгөх дуртай байдаг.

-Хэн ч нэр өгсөн яах вэ. Нэр нь өөрт нь сайхан зохиод сахилгагүй амьтан байна. Би сахилгагүй биш байгаасай. Намуухан байгаасай гэж  Намуун гэж нэрлэдэг ч юм уу гэж бодож байсан чинь ийм сахилгагүй амьтан болчихлоо.

-Мээдээ хэр аав бэ?

-Хүний хүмүүжил эцэг эхээс өвлөгдөж дамждаг гэж боддог. Миний аав сайхан хүн байсан. Олон жилийн өмнө бурхан болсон. Ээж аав хүүхэдтэйгээ яаж харьцаж байсан. Түүнийгээ л дагадаг. Түүнээс биш би ном зохиол уншаад ийм байх ёстой юм байна  гэж боддоггүй.

-Мээдээ харьцангуй сүүлд гэрлэчихэв үү?

-Тэгсээн  тэгсэн. Хамтла­гийнхнаа бодвол сүүлд гэр бүл зохиосон.

Бусад улс  орны жишээн дээр харахад миний насан дээр гэр бүл зохиох нь хэвийн үзэгдэл. Сингапурт гэхэд дөч гарч байж гэр бүл болж байна.

-Мээдээ эхнэр болох хүн­дээ ямар шалгуур тавьсан бэ? Тэр шалгуураа хангасан эхнэр авсан уу?

-Одоо гэр бүлтэй болоогүй байгаа бүх насны залуучууд бүсгүйчүүдэд хандаж зөвлөхөд хэзээ ч ямар ч шаардлага хэнд ч битгий тавьж бай зүгээр л зүрх сэтгэлээ дага. Тэр хүн чинь өөрөөсөө илүү чамайг хайрлах нь бурхнаас хайрласан бэлэг.

-Сүүлийн үед хүмүүс телевизээр өөрийг чинь харж байгаа  байх. Түлэнхийн төвд тус­ламж үзүүлэх гээд Мээ­­дээ маань хичээл чармайлт гаргаж байна. Түлэн­хий тойрсон сэдвээр ч маш их мэдээлэлтэй болж байх шиг байна?

-Олон эмнэлгүүдийг  судалж үзсэн. Хамгийн хүнд байдалтай нь Түлэнхийн тасаг юм байна гэж ойлгосон. Хамгийн том асуудал нь өөрийн байргүй, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байна. Түүнээс биш эрүүл мэндийн салбарт боловсон хүчин хангалттай байгаа.

-Түлэнхийн төвд хамаат­ны чинь хүүхэд ирж байсан гэсэн үү?

-Дээр үед манай хамаатны хүүхэд түлэгдээд, азаар эрүүл болсон. Холын садангийн хүү­хэд өнгөрсөн хавар түлэнхийн шархнаасаа  болоод эндсэн юм. Бага насны хүүхэд байсан. Тухайн үед түлэнхийн тос, эм, уургийн  тарианууд маш их үнэтэй  юм байна. Ар гэрт нь сэтгэл санаа, эдийн засгийн маш том цохилтууд ирдэг гэдгийг нүдээрээ  харсан л даа.

Өнөөдөр гэхэд би Түлэн­хийн тасагт очсон. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч түлэгдээд очсон.  Коридороор нь алхахад хүртэл хэцүү байна лээ. Түлэнхийн төв гэж хүмүүс яриад сурчихсан. Уг нь бол Түлэнхийн мэс заслын нөхөн сэргээх тасаг л даа.

-Өнөөдөр ямар зорил­гоор очсон бэ?

-Тамир гээд эмч найз маань миний төслийг дэм­жээд, АНУ-аас авчирсан дусал хийдэг памп аппарат долоон ширхгийг хувиасаа хандивласан. Түүнийг нь би эмнэлэгт хүлээлгэж өглөө.

-Түлэнхийн тасагт бөөр, зүрхний дутагдлаас сэргийлэх тариа хийх зориу­лалттай памп ч хүрэлцээгүй байдаг юм билээ?

-Хүрэлцээгүй биш, үнд­сэндээ байхгүйтэй адилхан. Эрчимт эмчилгээ мэс заслын тасагт  11-12 өвчтөн байна. Арав гаруй хүний дунд хоёр­хон ширхэг памп байна. Уг нь бол энэ тасагт  хэвтэж байгаа хүний тоогоор байх ёстой. Өнөөдөр хүлээлгэж өгсөн дуслын пампуудыг  хянаж, шалгаад өвчтөнүүдэд хэрэглээд эхлэхээр ямар ч байсан долоон хүн памптай болно.

-Мээдээ  Мобикомын “Зүрх бүхэнд” зорилтот хөтөлбөрт ялалт байгуулж  50 сая төгрөгийг авч чадахгүй байсан ч энэ хүмүүст дэмжлэг үзүүлээд эхэлжээ?

-Хөөрхий, таньдаг найз нөхөд маань тусалж байхгүй юу. Тамираа Японд хавдрын чиглэлээр сурч байсан. Хав­дар­тай хүнийг Тамираатай уулзуу­лаад,  танилцаж байсан л даа. Тамир эмч маань энэ тухай сонсоод “Өөрийнхөө чадахаар тусалъя. Далайд дусал нэмэр” гэсэн.

-Одноо гавьяат тусгай жор хэрэглээд байгаа юм  болов уу. Дандаа түрүүлээд байх юм?

-Монгол хүний сэтгэхүйд ядуу хүнд тусалвал гоё гэж буугаад байх шиг бай­на. Миний хувьд эрүүл мэн­дийн салбарын хүнд бай­гаа цэгт байхгүй  байгаа тоног төхөөрөмжийг бий болго­чихвол  олон хүний аминд орно л гэж зүтгэж явна.

-Мобикомынхон энэ зорил­­тот хөтөлбөрийг  хэрэг­­жүүлэхдээ та нарын саналыг сонссон юм болов уу эсвэл энэ хөтөлбөрүүдийг та бүхэнд санал болгосон юм уу?

-Олон хүн нийгэмд хэрэг­тэй сайн сайхан үйл хийхээр зориод мөнгө гуйж хаа сайгүй л явдаг. Тийм маягаар зөвхөн  бид тав ч биш түүнээс ч олон хүн  Мобикомд хандсан л байгаа. Энэ эмнэлэгт, хөгш­дийн асрамжийн газарт, хүүхдийн  цэцэрлэгт туслаач гэж ханддаг. Тэд тодорхой хэмжээний судалгаа явуу­лаад, нийгэмд хэрэгтэй байгаа энэ таван төслийг дэмжихээр шийдсэн. Энэ бол шударга тохиролцоо. Бид тавыг суулгаж байгаад, “Бүгдээрээ нийгэмд сайн үйл хийхийг хүсч байгаа. Бид төслийг чинь санхүүжүүлье. Гэхдээ нэг л болзолтой. Хоорондоо өрсөлдчих. Айлын хүүхдүүдийг алийг нь гэх вэ” гэсэн. “Түрүүлснийг нь санхүүжүүлье” гэсэн. Энэ бол ховор боломж л доо.  Мобиком нийгэмд хандсан зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь  сайн жишиг. Саяхан Төв аймагт “Номин”-гийнхон 700 сая төгрөгөөр далан хүүхдийн цэцэрлэг босгоод, улсад хүлээлгээд өгч байна. Энэ маягаар Монголын маань амжилттай явж байгаа  компаниуд том жижиг гэлтгүй  бие биедээ туслах хэрэгтэй.

-Өрсөлдөөний үр дүн гарсны дараа Мээдээ сэтгэл санааны хувьд ямаршуу үлдэх бол?

– Сэтгэл зовниж л  байна, стресст орж байна. Яагаад гэхээр миний ард энэ төслийг дэмжиж байгаа хүмүүс бий. Эмнэлэгт шаналж байгаа хүүхдүүдэд жаахан ч гэсэн дэм болох юм сан гэсэн нэг л зорилго бий.  Бидний ард амьд байхыг хүсч байгаа хүүхдүүдийн хүсэл байгаа. Тэднийг сахиж байгаа ээж, аавын нүдэнд хурсан зовлон гунигийг бага ч гэсэн нимгэлэхийг хүсч байгаа учраас үнэхээр ялагдахыг хүсэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан аяга”-наас ус уусан Ардын багшийнд өнжлөө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….……………

Ж.Нямсүрэн  гуай биднийг  тосч, гэртээ хүртэл замчлав. Замд тааралдсан хариугүй нурах шахсан бяцхан модон байшинг зааж, “Ж.Батмөнх гуай албанаасаа буугаад амьдарч байсан байшин” хэмээн сонирхууллаа. Төрийн тэргүүн явсан хүн гэхэд хэтэрхий даруухан, эгэл боргил амьдарч дээ гэсэн сэтгэгдэл төрнө. Хашааг нь буулгаж байхыг бодоход энэхүү жижигхэн модон байшингийн  сүүлийн төрхийг гэрэл зурагчин маань зургандаа буулгав бололтой.  Ж.Нямсүрэн гуай харин төрийн дээд албан тушаал хашиж яваагүй ч гэр бүлийн амьдралдаа тохь тухыг эрхэмлэдэг болох нь илэрхий.  Түүний амьдардаг хоёр давхар хаус алсын бараатай үзэгдэнэ.  Хэдийгээр  тэр дал гарч яваа ч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багшийн албатай. Насаараа багшилсан энэ эрхэм  наадмын өмнөхөн Ардын багш цол хүртсэн билээ.  Түүнтэй уулзахаар Бэлхийн аман дахь өргөө гэрт нь зочилсон нь энэ.  Тэднийх амар амгалангийн орон гэлтэй юм. Хашаанд нь 200 гаруй бут сөөг, жимсний мод, сарнай, цэцэгс, айраг өвс, элдэв нарийн ногоо ургадаг юм билээ. Байшингийн нөгөө хэсэгт хүргэнийх нь суудаг. Байшин нь даруухан ч нүнжиг ханхална. Архитекторч хүү, инженер, эдийн засагч мэргэжилтэй гэргий нарынх нь хамтын бүтээл аж.   Байшингийн гол түүхий эд хар модыг Хөвсгөлөөс авчруулсан учраас гэрийн эзэн үргэлж төрсөн нутгаа мэдэрч суудаг гэхэд болно. Хашаан дотор суулгасан хоёр бяцхан модыг гэрийн эзэд онцлов. Мөн л Хөвсгөл далайн эргээс ирсэн аж.

Ж.Нямсүрэн  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гаралтай. Наадмын өмнөхөн төрсөн нутгаа зорьж, Сэлэнгийн хөвөө орох гэж явтал Улаанбаатарт дуудагджээ.  Манай сургуулийн “Удирдах зөвлөлийн дарга, Р.Амаржаргал гишүүн “Хамгийн том шагнал авч байгаа хүн ирэх нь зүйтэй. Онгоцоор хурдан ир гэж хэл” гэсэн юм билээ. “Онгоц таарсангүй, машинаар “нүдээд” байлаа. Үүрээр ирээд, хувцсаа солиод, Төрийн ордонд очиж Ерөнхийлөгчөөсөө шагналаа гардаж авсан. Тэгээд тэр оройгоо нутаг руугаа буцсан хэмээн гэрийн эзэн хуучлав. Түүний төрсөн бууц  Хавчиг хэмээх өндөр ууланд байдаг.  Өндөрт мацахын тулд супер жолооч олж авдаг аж. Өндөрт явахад машиных нь урд цонхоор зам биш тэнгэр харагддаг учраас жолоочийн чадварыг шалгана. “Ер бусын сайхан зун боллоо.

Өндөр уулын сэрүүн газар ч өнгийн цэцэгс алаглаад, өвс ногоо  хөлөөр хөглөрөөд л. Нутаг орон ивээсэн юм байлгүй дээ, төр өндөр шагнал хайрлалаа” хэмээн Ж.Нямсүрэн гуай хуучлав. Төрсөн нутгийн цэцэг, навчсын тухай яриа нь хашаан дахь өвс ургамал руу шилжлээ. “Цэцэг ногоо арчилгаа ихтэй. Хэд хоног явах хооронд хашааны өвс ургачихаж. Наадмын өмнө хадсан юм шүү дээ. Хадсан өвсөө гаргаад тавьчихад өмнө нь таньж мэддэг айлууд малдаа өгөхөөр авчихдаг сан. Харин одоо хадсан өвс маань хог болох янзтай” гэж сууна.  Ардын багш хүртлээ 60 жил хөдөлмөрлөсөн хүн дээ.  1955 оноос хойш өнөөг хүртэл Санхүү эдийн засгийн техникум буюу өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуультай амьдралаа холбожээ.

Гэргий Х.Оюун мөн л энэ сургуулийн “бүтээгдэхүүн”.  Хожим нь ЗХУ-д Украйны хуучин нийслэл Харьковт  инженер, эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1970   онд төгсжээ. “Лениний 100 жилийн ойгоор төгссөн” гээд  тухайн үедээ их л хөөрч байсан хэмээн гэргий нь ярив. Тэд их л залуудаа бие биеэ олжээ. Ж.Нямсүрэн гуай тэгэхэд Эвлэлийн хорооны дарга байж. Харин Х.Оюун техникумд элсээд удаагүй үе.”1958 оны  аравдугаар сарын 29 -Лениний Комсомолын төрсөн өдөр  концерт үзэхэд зэргэлдээ суудалд таарсан” гэж нөхөр нь танилцсан үеэ дурсав. 56 жил ханилан сууж, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон аж.  50 жил ханилсан хосууд “Алтан хурим”-ын  болзол хангадаг.  Хүүхдүүд нь “Алтан хуримыг чинь хийж өгье” хэмээн ятгасан ч Х.Оюун гуай “Бид хоёр залуудаа ч найр хурим хийж яваагүй улс” хэмээн дургүйлхжээ. Гэсэн ч “Алтан хурим”-ын өргөмжлөлийг нь хүүхдүүд нь  Гэрлэх ёслолын ордноос авчирч өгсөн байна лээ. Жаран жил ханилсан хосууд Очир эрдэнийн хурим  хийдэг гэсэн.

Ж.Нямсүрэн  дөрөвдүгээр анги төгсөөд, Санхүүгийн техникумын оюутан болсон гэхээр тухайн үеийн сургууль боловсролын систем их л түргэвчилсэн хэлбэртэй байж дээ. Мань эр арван насандаа сургуулийн босго алхсан. “Жаахан том болог. Эгчтэй нь хамт оруулъя” гэж эцэг эх нь шийдсэн юм билээ. Тухайн үед хүүхдээ сургуульд явуулахгүй байсан ч гайхах хэрэг биш байв. Дөрөвдүгээр анги төгсөх жил нь Санхүү эдийн засгийн техникумын хуваарь Хөвсгөлийн жижигхэн сургуульд ирсэн юм билээ. Ямар сургууль байдгийг нь мэдэхгүй ч ангийн багшийн зааснаар мэргэжлээ сонгожээ. Аав, ээж хоёр нь  ч “Улсынхаа нийслэлд очиж үзэх шиг сайхан юм хаа байхав” гэсэн аж. Техникум төгссөний дараа “Гайгүй төгссөн юм байна. Багш болгоно” гэцгээж.  Сангийн яамны сайдын тушаал гарч, сургуульдаа багшаар үлджээ. Оройгоор аравдугаар анги төгссөн гэнэ. “Нам олон нийтийн байгууллага хүчтэй байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас бусдыг нь  бараг хийлээ” гэж гэрийн эзэн наргиа болгов. Тэрбээр “Мэргэшсэн нягтлан бодогчдын инситут”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Тус байгууллагын сайтад “Ж.Нямсүрэн багш ардын багш цол хүртлээ. Ийнхүү мэргэшсэн нягтлан бодогчдоос анх удаа ардын багш цолтон төрлөө” хэмээн бичсэн байна лээ. Ж.Нямсүрэн багш “Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт”-д хэдэнтээ оролцож явснаараа бахархдаг аж.

Багш нар түмний хүүхдийн төлөө зүтгэсээр өөрийнхөө хүүхдийг орхигдуулдаг гэдэг. Харин Ж.Нямсүрэн гуай халамжтай аав.

-Хоёр хүүхэд маань дээд сургуулиа Сүхбаатарын цалинтай төгссөн. Хүү Н.Шинэбаяр Москвад архитектурын дээд сургууль төгссөн. Ерэн он хүртэл Монголоос долоон хүн төгссөн сургууль хэмээн ээж нь бахархлаа. Анагаах ухааны их сургууль төгссөн сайхан охиноо алдчихсан. Бид хоёрын эдлэх ёстой лай ланчиг байсан юм байлгүй дээ гэж гэргий нь хоолой чичрүүлэн хэллээ. Бага охин Н.Шинэ-Өлзий нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд багшилж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөсөнд ээж нь сэтгэл хангалуун байдаг аж. Аавтайгаа хамтраад, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл” ном гаргажээ. Аав, охин хоёр тус тусдаа ч олон ном бичсэн аж. “Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Гурав нь энх тунх, ач зээ, зээнцэр нийлсэн 22 ам бүл болоод байна” гэж гэрийн эзэн илтгэв. Хүүхдүүдээ багад нөхөр нь нийгмийн талын хичээлүүдэд тусалж, гэргий нь  орос хэл, математик, физикийн хичээлд туслах үүргийг өөртөө авчээ.

Х.Оюун ээж  бага насны гурван хүүхэдтэй болсон хойноо гадаадад сургуульд сурах хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.  Дээд сургуульд орохоор бэлтгэж, оройгоор аравдугаар анги төгсөж, конкурс өгсөн юм байж. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам гадаадад хүнээ сургах төлөвлөгөөтэй байж. Конкурс өгсөн олон хүн гадаадын хуваариас “мултарч” цөөнгүй хуваарь суларчээ. “Шалгалтаа  амжилттай өгчээ. Гадаадад яв” хэмээх шаардлагыг  Х.Оюунд тавьжээ. Том хүүхэд нь дөрөв, бага нь хоёр нас хүрч байсан учраас “Би чадахгүй” гэв.  Ч.Зул сайд аргаа бараад “Хар нялхаараа яасан олон хүүхэд цувуулдаг  золиг вэ” гэсэн аж. Гэсэн ч цөхөрсөнгүй “Нөхөр сүүдэр чинь байна уу, аав ээж чинь байна уу, хадмууд чинь байгаа юу” хэмээн лавлажээ.  “Байгаа”  гэсэн хариу сонсоод “Гэрийнхэнтэйгээ ярь” гэж даалгасан аж.  Нөхөр нь “Хүмүүс  гадаадад сургуульд явах гээд  боломж  олдохгүй байхад  хүссэн сургуулиа сонгох боломж олдсон дээр нь сурвал яасан юм” гэж дуугарчээ.  Арай л цөөхөн жилтэйгээр нь Зөвлөлтөд сурахаар сонгосон байна.  “Таван жил Зөвлөлтөд хэцүү сурсан. Сургуулиа хаяад явчихвал хүүхдээ санаад ирж гэж хэлэхгүй, сурч чадахгүй хүрээд ирж л гэнэ хэмээн нэр хичээж, шүд зууж төгссөн” гэнэ.  Зуны амралтаар ирэхдээ хүүхдүүддээ хувцас урлана.  Ганц хүний цалингаар  дэлгүүрийн хувцас хунар авах боломж ч бага байж. Эрээн даавуу авч охиддоо даашинз “үйлдвэрлэж”, аавынх нь хуучин өмдийг эргүүлж тойруулж байгаад хүүдээ олон ч өмд оёж өгчээ.  Хоёр охиндоо  пальто ч хийгээд өгчихнө. Эхний жил өвлийн амралтаар ирэхэд  бага охин нь танихгүй бишүүрхэж гэнэ. Аавыгаа харамлаж, ээжийгээ орноосоо түлхээд “Чамд аав эвхдэг ор засч өгнө” гэсэн аж. Одоо тэр  охин Н.Шинэгэрэл нь 51 хүрсэн эмээ болсон.   Москвад Технологийн институт төгсөөд, өдгөө дөрөвдүгээр хороололд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК-ийг удирдан 24 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа гэж аав нь магтлаа. “Би ч яахав ажил гээд явчихдаг. Хадам аав хүүхдүүдийг тасралтгүй асардаг байсан” гэж тэр тайлбарлав.  “Аав нь бүтэн сайнд  угаалга хийгээд, хүүхдүүдээ хөгжүүлэх гэж үзэсгэлэн үзүүлдэг байсан.  Хүүхдүүд үзсэн харсан юмаа зураад, надад зузаан гэгч нь захиа илгээдэг байлаа” хэмээн эзэгтэй хуучилсан. Аав нь хүүхдийнхээ зургийг “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаанд илгээдэг. Сэтгүүлд зураг нь  нийтлэгдсэн нь хүүд  урам өгчээ. Архитекторч болох  зам нь эндээс эхлэлтэй ч юм билүү.

Социализмын үеийн санхүүгийн хүн зах зээлд  зохицож өөрчлөгдөхөд хэцүү байсан эсэхийг лавлалаа. “Ерээд онд нийгэм өөрчлөгдөхөд манай сургууль Эдийн засгийн коллеж болж шинэчлэгдсэн. Хамгийн эхлээд зах зээлийн жаягаар ажиллах болсон. Нийгмийн байгууллага өөрчлөгдөхөд улсын сан хөмрөгийг барьж байгаа хүмүүсээ эхэнд бэлтгэдэг. 1921 онд хувьсгалын дараа Ардын засгийг бэхжүүлэхийн тулд санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр манай сургуулийг 1924 онд байгуулсан түүхтэй. Эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөхөд дөрвөн жил коллеж нэртэй яваад, 1996 онд дээд сургууль болсон юм. Манай сургуулийн нэр солигдоод бүх юмыг шинээр үзэх хэрэгтэй болсон. Сангийн яам, ОУВС, Дэлхийн банктай хамтраад Санхүү, эдийн засгийн албыг шинэчлэн бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.  Багшаас эхлээд ерөнхий  ахлах санхүүчдээ зах зээлд бэлтгэх ажил манай сургуульд төвлөрсөн дөө. Сургалтыг өдөр шөнөгүй хагас бүтэн сайнгүй хийдэг байсан. Ня-бо мэргэжилтнийг зах зээлд хөрвүүлэхэд  суурь мэдлэгтэй хүмүүс учраас цаг хэмнэж, шуурхай явсан хэрэг. 1992-1998 он хүртэл сургалтын ажил үргэлжилсэн.  Ном үзсэн багш нар орон нутагт  очиж, нябо санхүүчдийг зах зээлд бэлтгэх ажил өргөн хүрээтэй өрнөсөн” гэв.

“Өрх гэр ая тохитой амьдаръя гэвэл тооцоо хэрэгтэй. Бүх юмыг урьдаас харсан нарийн төлөвлөгөөтэй, байж айл гэр ч улс орон ч өөдтэй явна” гэж Ж.Нямсүрэн хэлсэн.

“Нарийн ногоогоо  үе шаттай тарихгүй бол зэрэг ургаад идэж барахгүй хөгширчихдөг. Энэ жил мөндөр цохиод, манай ногоо хэлмэгдсэн” гэж эзэгтэй хуучлав. Зөв буруу янз бүрээр тарьсаар цэцэрлэгч, ногоочны ажлаа эхэлсэн. “Дахиад нэг газар тохижуулбал их гоё болгоно доо” гэж сууна. Мод тариад худгаас ус зөөнө гэдэг бэрх ажил байж. Ач, зээ нар нь гар хөлийн үзүүрт гүйх насан дээрээ явсан учраас их хэрэг болжээ.  Харин охин нь “Ингэж их мод тарьж, буян хийж байгаа улсыг яалтай билээ” гээд  худаг гаргаж өгсөн гэлээ. Эдний хашаанд 200-гаад жимсний болоод гоёлын  мод 20 гаруй төрлийн нарийн ногоо, хүнсний ногоо ургадаг.  “Одоо эдийн засагч мэргэжил байхгүй. Өвс ургамал яаж тарих вэ гэж л анхаардаг болсон” гэж эзэгтэй наргиа болгов.

Эзэгтэй  өөрийн гараар тарьсан ногоогоор  салат хийж, биднийг дайлав. Эрүүл хоолыг эрхэмлэдэг нь ширээн дээрхээс илэрхий. Салатанд бууцай, яншуй, самар, үзэм хүртэл “цохиж” явна. Хоолны жорыг заримдаа зохиодог, энд тэнд идсэн юмнаасаа ч санаа авдаг гэж “ерөнхий тогооч” тайлбарлав. Салат онцгой амттай байсан нь тогоочийн сэтгэлээс гадна ногоогоо  хөх бууцаар бордсонтой ч холбоотой вий. Аарцандаа хүртэл хивэг, овъёос, арвайн гурил хольж, онцгой амт бий болгожээ. Зүгээр л баахан бууз жигнээд тавган дээр овоолчихсонгүй.  Хоёр том саран бууз,  чинжүү, нарийн ногоогоор амталсан жигнэсэн будаатай олгох нь сайхан санаа юм гээч. Муу хүн идсэнээ гэдэг.  Маханд хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай санагдсан учраас эзэгтэй нарт хэрэгтэй байх гээд идсэнээ тоочиж, “муу хүн” болов.

Монгол хүний  нас уртсах тутам ахмад настанд анхаарсан бодлого хэрэгцээтэй болно.  Тэтгэвэрт гарсны дараа  дахин суралцах, мэргэжил эзэмших, идэвхтэй  хэв маягаар амьдрахад нь ахмадаа дэмжих шаардлага тулгарч буй. Тиймээс ч гэр бүлийн хосуудын тэтгэвэрт гарснаас хойшхи амьдралын хэв маягийг сонирхов.  Ж.Нямсүрэн, Х.Оюун нар “2009 онд Америкт амьдарч байсан зээ хүү А.Мэнджаргал, А.Мэнд-Орших нарынхаа урилгаар очихдоо 92-той эмч урилгаар мэс засал хийдэг, эдлэн газартаа жимс, ногоо тарьдаг” тухай зурагтаар харсан нь тэдэнд “Газартайгаа харьцаж, жимс ногооны ажил эрхлэх” урам өгчээ. “Би наяд ойртож явна. Манай сургуулийн Удирдах зөвлөлд 80 гарсан, 90 хүрсэн хоёр хүн байдаг. Ахмад, залуу боловсон хүчнээ манай сургуулийн удирдлагууд хамтад нь авч явдаг юм.  2001 оноос хойш зөвлөх багш болоод гавьяат багш, Ардын багш болоод идэвхтэй залуу хүн шиг явна” гэж нөхөр нь дүгнэв.

Багадаа багш болох сон гэж хүсдэг байв уу хэмээн түүнээс сонирхлоо.

-Хөдөөгийн бөглүү нутгийн хүүхдэд  багш болох тухай ямар ч ойлголт байхгүй. Ерөөлөөр учирсан гэдэг шиг юм болсон. Арьс шир түүхий эдээ хуримтлуулж байгаад сумын хоршоонд тушаадаг байлаа.  Хоршооны ня-бо Ж.Арамжин  гоё хятад сампингаар тоо хийгээд, дүрдэг үзгээр монгол бичгээр урсган бичих нь их л гоё харагддаг. “Энэ хүн шиг сампин гэдэг юм сурах сан. Ингэж гоё бичих сэн” гэж бодогдоно. Хожим санхүүгийн сургуульд сампин, дүрдэг үзгийг жинхэнэ хэрэглэсэн дээ гэв. Үрээ танихгүй өнөр гэдэг шиг Ардын багшийн шавь нар асар олон буй за. Шавь нараасаа онцолж нэрлээч гэхэд “Улс орны санхүүг барьдаг сайхан сайхан хүмүүсийг алинийг нь хэлж барахав” гэнэ. Гэсэн ч  зохиолч Б.Догмид  Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст 20-иод жил  ажилласан санхүүч гэдгийг онцлов. Ардын уран зохиолч цолтой ч тэр Санхүүгийн сургуулийн бүтээгдэхүүн. “Б.Догмид сэргэлэн, сүрхий хөдөлгөөнтэй хүүхэд байсан” гэнэ.  “Сангийн яамны сайд байсан А.Базархүүд хичээл орж байсан, сайн оюутан байсан”. “Номин Холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, гавьяат эдийн засагч Л.Дондог, Б.Осоргарав, Р.Батжаргал нар  манай сургуулийг төгссөн” гэлээ.

Ахмад санхүүч улс орны санхүүд ч анхаарал хандуулж  суудаг. “Чингэс бонд бодлогогүй ажил. Сангийн авдар хоёр болоод байна. Бондын мөнгө авсан нь буруу биш. Эртнээс бодсон төлөвлөсөн байх нь гарцаагүй хэрэгтэй. Манайхан эхэлж мөнгө аваад дараа нь зарцуулалтын тухай ярьж эхэлдэг” гэж байна. Өрхийн төсөвтөө харин онц дүн тавив.  “Манай хөгшин ня-бо эдийн засагч хүн, өр зээл огт гаргахгүй.  Өрхийн төсвөө бичдэг байлаа. Орлогоо тодорхойлоод, юунд зарахаа жагсаадаг. Мөнгө хүрэлцэхгүй бол зарим зардлаа хасна. Өр зээл тавьдаггүй, хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Мөнгө ихтэйдээ биш бодлоготой, тооцоолдогтоо байгаа юм” гэж гэрийн эзэн тайлбарлав.  “Сангийн авдар нэг л байх учиртай. Эзэн олширвол үр дүнгүй зардал ихэснэ. Нэг гэрийн хоёр хүн дур дураараа зарвал үр дүнгүй” хэмээн өрхийн төсвөөрөө жишээ татав. Өрхийн төсвийг гэргий нь барьдаг.

Эднийд айл болоход нь гэргийнх нь аав нь авч өгсөн  хоёр арслантай авдар бий. Нарийн нандин юмаа хадгалдаг гэнэ.  Өдгөөгийн Дүрслэх урлагийн музей буюу тухайн үеийн Өндөр дэлгүүрээс авсан  сэрүүлэгтэй, бүжиглэдэг хүүхэнтэй герман  цаг нь өнөөг хүрч иржээ. “Саяхан аваад тавьсан юм мартагдаад байхад эднийгээ ерөөсөө мартдаггүй” гэж гэрийн эзэн онцлов. Хоёрдугаар давхартаа жижиг өрөөндөө Лхам бурхан, Ногоон дарь эх зэргийг залжээ. Эзэгтэйн ээжээс ирсэн өв хөрөнгө хээтэй авдрыг харуулав.   “Бидэнтэй хамт 60 жил боллоо, биднээс өмнө хэдэн жил болсныг мэдэхгүй” гэнэ. Монгол банкинд тушаагаагүй алтаа энд хадгалдаг гэж өвгөн наргиа болгов. Хананд буй баахан хүүхдийн зургийг гэргий нь заалаа. Сургуулиас нь төрсөн анхны гавьяат багш хэмээн Ж.Нямсүрэн гуайн төгссөн сургуулийг сумынхан нь түүний  нэрэмжит болгосон гэнэ. Нэрэмжит болгоод, нээлт хийж, бэсрэг наадам, математикийн олимпиад зохиож, хөөрхөн ажил өрнүүлсэн гэлээ.

Үүдэндээ Орос бас  Германаас авчирсан гүзээлзгэний модыг том шаазан саванд суулгачихаж, гадаа нь ойн гүзээлзгэнэ ч ургаж байна. Хашаанд байх сүүдрэвчиндээ намар ургацын баяр тэмдэглэж, шорлог хийж, шар айраг шимнэ. Хашаанд анхилуун үнэртэй агч мод, хус, тэхийн шээг байна. “Тэхийн шээгээр дарс хийхэд улсууд жигтэйхэн сонирхдог” гэж эзэгтэй хэлсэн.  Хавар хашаанаасаа халгай түүж, иднэ. Гишүүнэ буюу айраг өвсийг тармилжуулж,  варень хийдэг.  Гараар хийсэн хүлэмжиндээ артишок тарьж туршсан гээд эзэгтэйн ажил их. Сакура нь тавдугаар сард цэцэглэдэг.  Эзэгтэйн хадгалсан  элдэв навч эрүүл мэндийн цайны түүхий эд болно.

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг.  Сайн сайхныг их л үзэх юм байна даа гэж гэрийн эзэн хэлсэн юм.   Ж.Нямсүрэн, Х.Оюун нарын алтаар үнэлэгдэх амьдралын тавин жил улирч, очир эрдэнийн өдрүүд нь дөтлөн айсуй.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Б.БАТДОРЖ

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гаагийн олон улсын шүүхийн хуульч Н.Орчлон: Дарангуйлалтай орнуудад хүний эрхийн төлөөх дуу хоолойг дарагдуулах арга нь эх орноосоо урвасан гэсэн ял тулгах DNN.mn

Нидерландын вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажилладаг хуульч Н.Орчлонгийн хүний эрхийн тухай яриаг та бүхэнд хүргэж байна. “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийнхэн түүнтэй өглөөний уулзалт хийсэн юм. “Ирээд удаагүй, цагийн зөрүү гарахгүй, нойрмог яваад байна” гэж зочин маань тайлбарлав. Тэрбээр “Олон улсын Эрүүгийн шүүхэд хуульчаар ажилладаг. 2006 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө Монголд Цагдаагийн дээд сургууль төгсөөд, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Олон улсын хууль, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч. Ажлаасаа халагдчихгүй бол хүүхдээ 18 нас хүртэл тэндээ ахиад хэдэн жил ажиллах бодолтой байгаа” хэмээн танилцууллаа. Мөн “Орос, Украины дайнаас шалтгаалаад ажлын ачаалал ихэссэн. Прокурорын албанаас явуулж байгаа мөрдөн байцаалтын ажил маш өргөн хүрээг хамрах болсон. Тэнд дайны маш олон гэмт хэрэг үйлдэгдэж байна. Гэм буруугийн асуудлыг одоо дүгнэх боломжгүй. Миний ярьж байгаа зүйл хувийн үзэл бодол болохоос биш Олон улсын Эрүүгийн шүүхийн байр суурь биш гэдгийг та бүхэн ойлгоорой” хэмээн оршил болгож хэлэв.

Мөн тэрбээр ярианыхаа эхэнд өөрийн үзэх дуртай сувгаа нэрлэсэн юм. “Хамгийн их үздэг суваг Катарын “Аль-Жазира”. Арай төвийг барьсан, үнэнийг мэдээлдэг. Ямар нэг мэдээг хэдхэн минутад бус маш гүн судалж бэлтгэдэг. Дэлхийн мэдээллийн том агентлагуудын тоодоггүй, ядуурал, хүний эрх, дайн бослого тэмцэл гэх мэт чухал сэдвүүдийг хөнддөг. Яагаад ийм болсныг сайтар харуулдаг” хэмээн тэр үнэлэв. Ингээд түүний яриаг хүргэе.


-Монгол ардчилсан улс, ардчиллын арал гэж ярьцгаадаг. Гэсэн ч эрүү шүүлт, хүний эрхийн зөрчил байсаар ирсэн. Мэргэжлийн үүднээс харахад бид хүний эрхийг хэр их зөрчдөг улс вэ?

-Хорин жилийн өмнө Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлж авчирсан хэрэг гарсан.

Д.Энхбат гэдэг хүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн гэж хүн байв. Тэр хэрэгт өмгөөлөгчийг нь холбогдуулж татаж байсан. Би тэр үед Монголдоо өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Л.Санжаасүрэн гуайн өмгөөлөгчөөр ажилласан юм. Тэр хэрэг дээр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак Монголд ирж, шалгалт хийсэн юм.

Одоо бол би гадаадад ажиллаж, амьдардаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа түвшинд мэдээлэлтэй байгаа. С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудлын талаар видео нотлох баримт цацагдсан шүү дээ. Гэхдээ миний маш гайхсан зүйл бол Монголын хууль шүүхийн системд 30 жил явсан хууль зүйн реформ хаачсан бэ.

Тийм асуудал болж байна гэдэг маш аюултай. Хэн ямар гэм буруутайг би хэлж мэдэхгүй. Гэхдээ эрүүдэн шүүлт болсон гэдэг маш тодорхой байсан. Ялангуяа ардчилсан улсад ийм зүйл байж болохгүй.

Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш. Ямар ч улсад эрүүдэн шүүх асуудал гарч болзошгүй. Гэхдээ энэ бүхэл бүтэн системийн олон нүх сүвтэй, маш их эвдэрсэн, олон хэрэг харанхуйд үйлдэгдэж байгаагийн илрэл. Ийм зүйл үргэлжлэх боломжтойг илтгэж байгаа юм.

-Манайхан асуудал дэгдэхээр “Олон улсын шүүхэд хандана” гэцгээдэг. Танд олон хүн хандаж тусламж хүсдэг үү?

-Байсхийгээд бөөн хүн чат бичиж, “Хүний эрхийн шүүхэд хандана, та монгол хүн байж яагаад туслахгүй байгаа юм бэ” гэдэг. Дэлхийд олон улсын шүүх цөөхөн. Хүний эрхийн асуудлаар гэвэл Монгол Улс харьяалагддаг Олон улсын хүний эрхийн шүүх гэж байхгүй. Латин Америкийн хүний эрхийн шүүх, Африкийн бас Европын хүний эрхийн шүүх гэж байдаг. Европын хүний эрхийн шүүх дэлхийн хамгийн шилдэг, хүний эрхийн хуулийг хэрэгжүүлдэг систем. Харамсалтай нь дэлхийн хүн амын тал нь амьдардаг Ази, Номхон далайд хүний эрхийн шүүх байдаггүй. Олон улсын тогтолцоо нь ийм. Монгол Улс миний ажилладаг Олон Улсын Эрүүгийн шүүхийн албан ёсны гишүүн. Гэхдээ дөрвөн төрлийн гэмт хэрэгт л манай шүүх шүүн таслах ажиллагаа явуулдаг. Эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг. Дайны гэмт хэргүүд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд, төрлөөр нь устгах (геноцид) гэмт хэрэгт л шүүн таслах ажиллагаа явуулдаг. Африкийн Руандад 1994 онд гуравхан сарын хугацаанд нэг сая хүнийг хядсан байдаг. Олон улсын Эрүүгийн шүүхэд энэ мэт ноцтой хэргүүдийг шүүн тасалдаг юм.

НҮБ-ын дэргэдэх Олон Улсын шүүх байдаг. Энэ зөвхөн улс хоорондын маргааныг шийддэг. Энд хэн нэгэн УИХ-ын гишүүн, иргэний хөдөлгөөний тэргүүн, хүний эрхийн хуульч хандах боломжгүй. Улс хоорондын хилийн маргаан, олон улсын гэрээний маргаан шийддэг шүүх. Монголд гарч байгаа Хүний эрхийн асуудлыг шийддэг олон улсын шүүх байхгүй.

Гэтэл хүмүүс надад маш их ханддаг. “Та туслаач ээ” гэдэг. Би тэр болгонд хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй. Хувьчлан ярих зав ч байдаггүй. Иргэд “Хүний эрх зөрчлөө” гээд Засгийн газраа өгөх олон улсын шүүх байхгүй. Ямар боломж байгаа гэхээр Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээг хэрэгжүүлдэг, Хүний эрхийн тусгай хороод бий. Гэхдээ энэ бол хүний эрхийн шүүх биш. Монгол Улс нэгдэн орсон олон улсын хүний эрхийн бүх гэрээг хэрэгжүүлдэг олон улсын хороод байдаг. Эдгээр хороодод гомдол гаргаж болно.

Энэ хороод таны гомдлыг авч үзээд, Засгийн газрын байр суурийг бас сонсоод хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг. Гэхдээ яг шүүх биш. Хууль зүйн дүгнэлт гаргадаг. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой пактыг шалгадаг Олон улсын хүний эрхийн хороод байдаг.

Иргэний болон улс төрийн эрхийн пакт гэж олон улсын маш том конвенц байдаг. Үүнийг хэрэгжүүлэгч нь Швейцарийн Женев хотноо байдаг Хүний эрхийн хороо. Хүүхдийн эрхийн тухай конвенц бий. Эмэгтэйчүүдийн эрхийн конвенц мөн тусгай хороотой, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг конвенц бүгд тусдаа хороотой. Хүний эрхийн олон улсын хяналтын ийм механизм ажилладаг.

-Олон улсын эдгээр хороод хүний эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал юу болох вэ?

-Тэр дүгнэлт хууль зүйн баримт бичиг. Олон улсын гэрээ гэдэг олон улсын хууль. Олон улсын гэрээг зөрчсөн гэдгийг тогтоосон олон улсын байгууллагын шийдвэр хууль зүйн хүчин чадалтай. Тэр дүгнэлтийг бариад Монголын шүүхэд хандвал шүүх энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

– Япон, Хятад гэх мэт улс орнуудтай харьцуулахад Монголд санаатай гэмт хэргийн тохиолдол олон байдаг гэж ойлгосон. Монголд байнга л “Эрүүгийн нөхцөл байдал хүнд байна” гэж дүгнэдэг. Нөхцөл байдал нь хөнгөн болдоггүй юм байх даа. Эсвэл манайхан хүнд нөхцөлд амьдардаг юм болов уу?

-Монголчууд гэмт хэргийн мэдээг яг цаг агаарын мэдээ шиг танилцуулдаг. Өнөөдөр бороотой, маргааш нартай гэж байгаа юм шиг л “Эрүүгийн нөхцөл байдал хүнд байна” гэдэг. Гарч байгаа хэргийг мэдээлээд өнгөрөх чухал биш. Хамгийн гол нь энэ хэргийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ. Ямар шийдэл байгаа вэ. Эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа хүн амины болон хүчингийн гэмт хэрэгтэй яг яаж тэмцэж байгааг мэдээлэх чухал.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гишүүн бүх орон гэмт хэрэгтэй тэмцэж байгаа тайлангаа энэ олон улсын байгууллагад илгээдэг. Хүн амины хэрэг ноднин жилийнхээс өссөн аль эсвэл буурлаа гэж мэдээлдэг. Олон улсын агентлагийн гаргасан шалгуурын дагуу тайлангаа гаргаж өгдөг. Энэ бол та бүхний мэдэж байх ёстой бодит мэдээлэл. Монгол хүн амины гэмт хэргээр дэлхийд өндөрт тооцогддог. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг.

-Гурван шатны шүүхээс ял оноосон мөртлөө буцаагаад сулладаг. Энэ хэр зохистой вэ?

-Гурван шатны шүүхээр шийдсэн ч дахиж шалгадаг нөхцөл байдал хаана ч байдаг. Шүүхийн шийдвэр тухайн нөхцөл байдалд үндэсэлж гардаг. Гэтэл шинэ нотлох баримт гарч ирээд, цоо шинэ нөхцөл байдал үүсч болно. Тийм тохиолдолд хүний эрхийг хангах нь чухал. Хүний эрхийг зөрчсөн гэдэг нь мэдэгдэж, шинэ нотлох баримт олдсон байхад заавал гурван шатны шүүхийн шийдвэр үнэн гэж таарахгүй. Шүүхийн тогтоол хэр чанартай байна гэдэг асуудал бий.

Шүүх хэргийн үнэн мөнийг тогтоож чадаж байна уу. Энэ хамгийн чухал. Дэлхийн олон оронд шүүхийн шат янз бүр. Гурав эсвэл тав, зургаан шат байх нь чухал биш. Хүнд холбогдуулж гаргасан шийдвэрийг давж заалдах эрхтэй байх ёстой. Хамгийн гол нь анхан шатны шүүх дээр яллах, цагаатгах нотлох баримтаа 100 хувь гаргах боломжтой эсэхээс шүүхийн шийдвэр үнэ зөв гарах эсэх нь шалтгаалдаг. Давж заалдах шатны шүүх дээр Анхан шатан дээр гарсан шийдвэрийг хууль зүйн дагуу байна уу, хянах боломж нь байна уу гэдэг дээр шүүхийн шийдвэрийн чанар тодорхойлогддог.

Миний ажилладаг шүүхийн шийдвэр нэг хэрэг дээр гэхэд л зузаан ном шиг байдаг. Бүх нотлох баримтыг судалж үзнэ. Давж заалдах шатан дээр дахиад зузаан ном шиг шийдвэр гардаг. Шүүхийн шийдвэрийн өгүүлбэр болгоныг хянаж үздэг.

-Сая Ц.Хулангийн хэрэг дээр цагаатгах талаас нь ажиллах боломж олгоогүй гэж өмгөөлөгч нь ярьж байсан?

-Хэргийн нарийн ширийнийг мэдэхгүй. Хамгийн гол нь яллах, цагаатгах талуудад адил тэгш боломж олгож байна уу гэдэг чухал.

Олон улсын хүний эрхийн хуулиар нууц нотлох баримт гэж байж болохгүй. Нууц нотлох баримт байвал түүнийг өмгөөлөгч тал заавал шалгах бүрэн эрхтэй байх ёстой. Монголд ганцхан төрийн нууц гэж байдаг юм биш шүү дээ. Дэлхийн бүх оронд бий. Америкт ч төрийн нууц задруулсан, тагнуул хийсэн хэргүүд гарна. Мэдээлэгч бий. Мэдээлэгчийг шүүх дээр авчирч байцаадаг. Гэхдээ тэр нь олон нийтэд хаалттай байдаг. Харин өмгөөлөгч тал ямар ч гэрч, мэдээлэгч, нууц баримт өгсөн хүнийг шалгах, мөрдөн байцаалт явуулах эрхтэй. Төрийн нууцтай холбоотой асуудлаар ч нотлох баримт цуглуулах, шинжээч томилох эрхтэй байх ёстой. Ардчилсан орны, хүний эрхийг дээдэлдэг шүүх дээр бол хэзээ ч нууц нотлох баримт гэсэн ойлголт байх ёсгүй. Хэрэв нууц нотлох баримтаар хүнийг яллах боломжтой бол хэнийг ч яллаж шоронд явуулж болно.

-Эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэхээр олон нийт маш хүнд гэмт хэрэг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн хүнийг яллахын тулд ялласан уу, эсвэл үнэхээр гэмт хэрэгтэн үү гэдэг нь тодорхойгүй үлддэг. Социализмын үед бол энэ нь амиа алдаж болох хүнд гэмт хэрэгт тооцогддог байсан?

-Хулгайн хэрэг, хүчиндэх хэрэг маш ойлгомжтой. Харин дарангуйлалтай орнуудад иргэдээ боож боомилдог, дарамталдаг, сөрөг хүчнийхнээ нухчин дардаг, хүний эрхийн төлөөх дуу хоолойг дарагдуулах арга нь эх орноосоо урвасан гэсэн ял тулгах. Яагаад гэвэл энэ маш тодорхой бус хэрэг. Гэхдээ ямар ч улсад эх орноосоо урвах, тагнуул хийх үйлдэл байдаг. Яг ямар үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож байгааг Эрүүгийн хуульд тусгах нь чухал. Тэгэхгүй бол дарангуйлалтай оронд эх орноосоо урвах, төрийн эсрэг ажилласан гэж буруутгах боломжтой. Яг юуг хэлэх нь тодорхойгүй. Иранд “Бурхны нэр төрийг доромжлох” гэсэн ял байдаг. Хэнийг ч шоронд хийх, буруутгах эрсдэлтэй. Дарангуйлагч төртэй газар хуульдаа зориуд ийм ял байлгадаг. Төрөөс тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг ямар ч утгаар тайлбарлаад хэнийг ч буруутгах боломжтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал туйлын чухал. Ялангуяа төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг бол маш нарийн, хүний эрхийн хараагаар нарийн нягталж байж тухайн үйлдэл нь үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянах учиртай.

Төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвах хэргүүдийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг туйлын нарийн харж байх ёстой. Зөвхөн хууль батлаад орхих бус хараат бус шүүх, хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нь маш нарийн харж байх ёстой. Эх орноосоо урвах гэдэг маш ноцтой сонсогддог. Гэхдээ яг ямар үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх вэ. Эх орон гэж юуг хэлээд байгаа юм. Ардчилсан оронд хэнийг ч яллаж болох гэмт хэрэг байж болохгүй. Орост сая “Цэрэг армийг доромжлох” гэсэн зүйл анги шинээр гарлаа. Энэ хэргээр маш олон хүн шоронд явж байна. Энэ юу гэсэн үг вэ. Шүүмжилж болохгүй юм уу. Тийм учраас эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг маш нарийн тодорхойлсон байх ёстой. Ийм гэмт хэрэг дээр нууц нотлох баримтаар хүнийг яллаж болохгүй. Ийм байвал хэнд ч хилсээр ял шийтгэл оноох боломжтой.

-Авлигын хэргийн шүүх хурлыг хаалттай явуулж байгааг сэтгүүлчид шүүмжилдэг, ямар нөхцөлд хаалттай явуулж болох вэ?

-Шүүх хурал нээлттэй эсвэл хаалттай байх ёстой. Нээлттэй гэдэг олон нийтэд нээлттэй гэсэн үг. Олон нийтэд нээлттэй бол хэнбугай ч ирээд суух боломжтой байх ёстой. Ардчилсан нийгэмд олон нийтийн мэдэх эрх чухал. Нэгэнт хаалттай биш бол хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулах оруулахгүй гэсэн асуудал байх ёсгүй. Миний ажилладаг шүүхийн хувьд шүүх хурлыг нээлттэй, хагас хаалттай, хаалттай гэсэн гурван байдлаар явуулдаг. Хагас хаалттай гэхээр шилэн хаалтны цаанаас харж болно, гэхдээ хүмүүсийн яриа сонсогдохгүй. Хаалттай гэхээр Монголд шүүх хурлыг бүтэн хаачихдаг. Ийм байж болохгүй. Олон нийтийн мэдэх эрх зөрчигдөнө. Ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэг нь шүүх хурал нээлттэй явагдах. Зарим тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаар хаалттай явуулж болно. Гэрч хүчингийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өглөө гэж бодъё. Бага насны хүүхдийн хүчирхийлэлд өртсөн тухай ярихын тулд тухайн хүүхдийн нэр нас, оршин суугаа газрын тухай мэдээлэл өгөх болно. Зөвхөн энэ хэсэг нь хаалттай. Хувийн мэдээлэлтэй холбоотой хэсэг хаалттай. “Энэ хүний утасны дугаар дурдагдах учир энэ хэсгийг нь хааж өгөөч ээ” гэдэг. Нээлттэй хаалттай, нээлттэй хагас хаалттай, хагас нээлттэй гэх байдлаар явдаг. Түүнээс биш шүүх хурлыг бүтэн хаалттай хийвэл олон нийтийн мэдэх эрх зөрчигдөнө.

-Путиныг баривчлах улс орнуудыг зарлахад Монгол бас дурдагдсан. Путин мэдээж Монголд ирж баривчлагдах алхам хийхгүй л дээ. Гэхдээ хэрэв тийм тохиолдол гарвал монголчууд баривчлах үүрэг хүлээсэн гэсэн үг үү?

-Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн. Тийм учраас Олон улсын Эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Путиныг баривчлах шийдвэр гарсан бол баривчлах ёстой. Олон улсын өмнө хүлээсэн Засгийн газрын үүрэг юм.

-Эрүүдэн шүүсэн тохиолдолд яаж хариуцлага тооцдог вэ?

-Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн улс шүү дээ. Эрүүдэн шүүх байдлаар олж авсан нотлох баримтыг шүүх дээр нотлох баримт гэж тооцохгүй л байх ёстой. Эрүүдэн шүүсэн бол тухайн хүн “Би арван хүн алсан” гэж хэргээ хүлээсэн ч нотлох баримт гэж үзэхгүй. Эрүүдэн шүүж олж авсан нотлох баримтыг шүүх хүлээж аваад байгаа учраас эрүү шүүлт хэрэглээд байгаа юм. Эрүүдэн шүүсэн хуулийн байгууллагын ажилтан заавал шийтгэл хүлээх ёстой гэсэн зарчим байдаг. Яагаад эрүү шүүлт хэрэглээд байна гэхээр “Намайг яаж ч чадахгүй” гэж бодоод байгаа гэсэн үг. Эрүү шүүлттэй ийм байдлаар тэмцдэг. Манай шүүх хурал хавтас хэрэг гэдэг юм руу яваад байна шүү дээ. Хавтаст хэрэг гэдэг зөвхөн яллах талын нотлох баримт. Шүүх хурал нь ийм зузаан хавтаст хэрэг өгдөг бол өмгөөлөх тал нь яг адил хэмжээтэй хавтаст хэрэг гаргах боломжтой. Түүнээс биш яллах талын нотлох баримтыг өмгөөлөгчид уншуулаад, шүүх дээр ижил тэгш мэтгэлцэх ямар ч боломж байхгүй.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

О.Цагаанзам: Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг DNN.mn

Гэрэл зургийг Т.Чимгээ

Халимагийн алдарт туульч О.Цагаанзамтай долдугаар сард Улаанбаатарт ярилцсан юм.


-Таны дээлийн энгэр дэх тэмдэг содон харагдлаа. Таны залуугийн бичлэг, сүүлийн үеийнх дээр ч энэ тэмдэг давтагдаж байсан. Тэр нь ямар учиртай вэ?
-Овгийн тамга гэж байдаг. Баатад овгийн тамга ийм байсан.
-Гэр бүлийнхээ тухай яриач. Таныг тууль хайлахад яаж хүлээж авдаг вэ?
-Манайхан намайг тууль хайлахад хамт байсаар ижилдсэн хүмүүс шүү. Гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг хүүхэн. Гурван ачтай. Эхнэр маань авга нар овогтой. Төрөлх хэлний багш хүн.
-Ижил мөрний зүүн суга болох Ахтуба голын эрэг дагуу Алтан ордны нийслэл Бат хааны сарай (хот) байсан гэдэг. Халимагууд Бат хааныг дагалдаад Ижил мөрөн рүү очсон юм уу?
-Тэр бол анхны урсгал шүү. Бат хаан тийшээ очсон нь XIII зуун. Тэнд байршиж суурьшаад дайтаж, мөргөлдөөд тэгснээ Лалын шашинд орсон байна. Яваа яваандаа ногайчуудтай, холилдоод цугтаа байсан чинь XVII зуунд дахиад Монгол нутгаас торгуудын Хо өрлөг тайш энэ газрыг эзлээд, уугуул иргэдийг нь шахсан. Ногайчууд дунд бас монгол угсааныхан зөндөө шүү. Хонгирад, найман, хэрээд иргэд бас байсан. Тэд нь төрөлх хэлээ мартаад, турк хэлтэй болоод, Лалын шашинтай болж явсан үед Хо өрлөг Ижил мөрний хөвөөнд ирээд, ногайчуудыг эзэлж аваад, монгол угсаатныг тэднээс салгаж, заримыг нь буцааж үндэсний хэл, ёсонд оруулсан байдаг. 400 жилийн дараа ийм юм болж.
Одоо нэг сонин нь Биндэр сумын хавьд нэг нүдтэй хүний гавлын яс олдсон байна шүү. Дува сохорын түүхийг зөндөө хүмүүс худлаа гэдэг байсан. Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёр Бурхан халдун дээр зогсож байгаад, Дува сохор ганц нүдээрээ Алунгоог хараад, дүүдээ буулгаж өгдөг шүү дээ.
-Та Монгол Улсын иргэн болохыг хүсэж байсан. Ирлээ гэхэд элэг зүрхэнд ойрхон санагддаг нутаг ус байдаг уу?
-Надад хамгийн онцгой газар Бурхан халдун. Бурхан халдунаас Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёроос бид салбарлаад, явж явж Ижилийн хөвөөнд хүрсэн байна.Манайхны зарим нь өвөг дээдсийн нутаг Алтай гэдэг. Би бол бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс гэж боддог.
Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг.Газрын хүйс гэж байдаг. Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно.Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй.Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь “Жангар”-т бий.
-Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл хүлээж авах боломжгүй байсан тэр хүмүүст гомддог уу?
-Уралдаанд орсон морь толгойлж ирж чадахгүй бол юундаа гомдох билээ. Би ингэж боддог.Одоо Монгол гурван саяулаа. Үүн дээр гадагшаа гарсан монголчууд бас бий. Төв монгол гадагшаа гарсан монголчуудаа “шүүгээд” одоо хүртэл монгол чанараа алдаагүй хүмүүст давхар иргэншил өгөх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл Монгол гар, хөлөө сунгаж чадна.Нэг том дайсан учраад залгих гэтэл гар, хөл нь тэнийгээд, аманд нь багтахгүй шүү дээ.
Би заримдаа монгол найзуудтайгаа ярихдаа шоолно оо. Дээр үед дэлхийг эзлэх гээд сайн эрчүүд нь хурдан морио унаад, гараад явчихаж. Жижиг жаахан нусгай дүү нараа “Аав, ээжийгээ харж бай” гээд үлдээжээ. Олон жилийн дараа буцаад иртэл дүү нь ахыгаа танихгүй.(инээв) Миний бодлоор монгол геополитик бодох хэрэгтэй. Орос, Англи, Хятад, Америкт хүртэл монгол гаралтай эрдэм чадалтай хүмүүс олон бий.Тэдэнтэй холбоо, залгаатай байх учиртай.Хоёр иргэншлийн асуудлыг шийдчихвэл Монгол хүчирхэг, олуулаа болно шүү.
-Таны Бурхан халдунд тууль хайлж байгаа бичлэг харсан. Тэндээс их л эрчим хүч авсан байх гэж бодлоо?
– Бурхан халдуны хормойд нь тууль хайлсан юм. Бурхан халдундаа хүрээд, “Жангар”-ын хэсгээс хайлаад ирсэн. Бурхан халдунаа шүтээд, гал тахисан юм. Бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс шүү. Ижилийн хөвөөнөөс баатад Цагаанзам нь ирлээ, одоо хүртэл бид нь туулиа хайлаад, түүхээ мартаагүй явна гээд цэрэг маягаар илтгэсэн.
-Тууль хайлах зан үйл бөөгийнхтэй төстэй гэдэг. Ер нь туульчид бөөгийн онцгой чадвар байдаг болов уу?
-Тууль хайлж байхад зарим мэдрэмж төрдөг, харж үзэгдэж сонсогддог юм байдаг.
Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан
-Монгол гэрт, айл саахалтын цөөн хэдэн хүнд зориулж, тууль хайлж ирсэн уламжлалтай. Та Мексикт том танхимд “Жангар” тууль хайлж байсан. Том танхимд олон хүний өмнө тууль хайлахаар өөр мэдрэмж төрдөг үү, илүү их хүч шаарддаг уу?
-Эртний цагт амьдарч байсан өвөг дээдэс маань их л заяатай хүмүүс байж, дээрээс онгодоор тууль буулгаж өгсөн. Баруун Монголд 40 гаруй нэртэй тууль байсан гэж ярьдаг. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. 35 жил тууль хайлж байна. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль их сонирхдог. 1200 хүн чимээгүй суугаад сонсож байсан. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшдаг. Гадаадад явахад тууль гэдэг агуу юм гэж мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.
Анх тууль хайлж эхлэхдээ хүмүүс анзаарч байна уу гээд хардаг байсан л даа. Дараа нь тэр бүхнийг тоохоо байсан. Хүмүүс сонсвол сонсог. Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа юм. Танхимд мянган хүн сууж байна уу, сая хүн байна уу хамаагүй. Шашин гараагүй байхад тууль байсан гэж үздэг. Суут богд Чингис хаан туулийг сургаал болгож, олон ард түмнийг удирдаж байжээ.
Тууль хайлахад хүч шаардлагатай. “Халимагууд сонин хүмүүс, олуулаа цуглаад, дөрөв таван өдөр дараалан тууль сонсдог. Туулиа сонсож байхдаа зарим нь хашхирч уйлаад, малгайгаа газар шидээд, галзуураад байдаг” гэж Н.В.Гоголь гэж Оросын том зохиолч, халимагуудын түүхийг судлаад бичсэн байдаг. Тууль хайлахыг сонсогчид ч бас транст ордог, баатруудтай холбогдож, дотроосоо халуу дүүгэж, энерги хийморь сэргэдэг гэдэг.
Тууль бол манай эртний бурхан шашин шүү. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан. Хэл, соёл бүх зүйлс нь манайх шүү. Жишээлбэл, дэргэд чинь эгэл хувцастай суугаа ээж, аавыгаа тоохгүй гадуур гүйсэн эрэгтэй, эмэгтэйг аав, ээж гэж дуудаад явж таарахгүй. Уг гарвалаа мэддэг байх хэрэгтэй. Жангар арван хоёр баатруудтайгаа догшин бурхад юм шүү. Тууль гэдэг бөөгийн үеийн үзэл суртал, тэнгэрийн үзэл суртал гэж би боддог.
-Та дунд сургуульд байхдаа хөлбөмбөг өшиглөх насандаа тууль цээжилж явжээ. Туулийг сурдаггүй, дээрээс өгөгддөг гэсэн байх аа.
-Би тав, зургаан насандаа “Жангар” туулийн хэсгээс сонсоод, их л айсан. Нэг морьтой хүн гарч зулаад (зугтаад), нөгөөдөх нь араас нь алахаар хөөж байгаа тухай хэсэг. Гал үдийн алдад хөөж гүйцээд, сэлмээр цавчиж байгааг дүрсэлдэг. Анх удаа “Жангар”-ын сцен сонсоод, айж цочсон. Дараа нь сургуульд сурч, хүзүүндээ улаан галстук зүүгээд, социализм, Карл Маркс гээд олон жил тэмцэв шүү. Тэгж яваад хорин хэдэн нас хүрээд, эргэн тойрноо харсан чинь дандаа худлаа, хулгай. Хүн юуны төлөө амьдардаг юм гээд сэтгэлээр унаад, үхмээр санагдсан. Тэгж байтал зүүдэнд Цагаан өвгөн ирж, хундагатай архи нүдэндээ нулимстай өгдөг юм байна. Түүний дараа дахиад нэг зүүдэнд ирж, арьсан гадартай ном өгөөд “Хүнд битгий үзүүл, аваад яв” гээд байсан. Өөрийн мэдэлгүй “Жангар”-ын замаар ороод тайвширсан. “Жангар”-ын хайр ивээлээр бүх дэлхийг тойрч явсан байна шүү. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. Орчлон миний гэж хайрлаж суудаг гэсэн нь лав үнэн болж байна.
-Та Цагаанзам гэдэг нэрэндээ дуртай юу, Владимир Каруев гэдэг ч бас л таны нэр шүү дээ, тийм ээ?
-Намайг төрөхөд эмээ маань гэртээ харих сайхан замд төрсөн гээд Цагаанзам гэсэн нэр хайрласан юм билээ. Гагаа (манай аавын эгч) бол дөрөвдүгээр сард төрсөн юм чинь Лениний нэр өгье, Владимир гэж нэрлэе гээд эмээ, Гагаа хоёр булаацалдаад, надад хоёр нэр өгсөн. Халимагууд Сибирьт цөлөгдсөн байхад оросуудын дунд халимаг нэр өгнө гэдэг бас хэцүү байсан. Каруев гэдэг нь жинхэнэ монгол үг. Хар гэсэн үг юм шүү. Цагаанзам гэдэг эмээгийн өгсөн нэр миний хувьд их учир утгатай. Аав, ээжийн тухай дуулахдаа Цагаанзамаар нь явъя гэсэн юм. Халимагууд Сибирийн цөллөгөөс нутгаа тэмцэж, нутгийн захад орж ирж байхад би төрсөн гэдэг. Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ
-Та Халимагийн ерөнхийлөгч К.Илюмжиновт зөвлөж байсан гэдэг. Бас Монголын төрийн тэргүүн нартай ч уулзаж явсан. Тэдэнд та юу хэлдэг вэ?
-Эгэл намайг хүлээж авсанд баярладаг. Миний ярьдаг хамгийн гол зүйлс Чингис хаан, Жангарын тухай байдаг. Салаад явсан ард түмнийг нийлүүлнэ гэдэг амаргүй, агуу хүч хэрэгтэй. Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг. Хамаатан садан, аав ээжийн хайрыг яг айргийн хөрөнгө шиг исгэх хэрэгтэй. Суут богд Чингис хааны аргаар гурван сая монголыг намаар бус хамаатан саднаар нь аравтын системээр хуваах учиртай. Хамаатны арван айл хэлэлцээд, толгойлох нэгнээ сонгоод гаргах юм. Арван айлынхан хэлэлцээд “Энэ л чадна даа” гэсэн зөв хүнээ аравтын даргаар сонгоно.
Аравтууд нэгдэж зуут болно. Зуутууд мянгат болно. Мянгатууд нь түмт болно. Монгол яг пирамид болоод, дээрээ 300 шилдэг хүнээ гаргана шүү. Тэр шилдэг хүмүүс нь ардаа ивээж чадах, хайр ивээлтэй хүмүүсээ УИХ-д гаргаж, Засгийн газрыг бүрдүүлж, монголчууд хад чулуу шиг хатуу, гаднаас дайсан халдаж чадахгүй болно. Дээрээс буусныг бүгдэд хуваагаад өгч чадна. Ийм системд хулгайч нар дургүй. Мэргэжил, ариун цагаан сэтгэлийг нь харгалзаж, төрд гаргах хүнээ батлах учиртай. Хэрвээ ариун цагаан сэтгэлгүй бол тэр хүнийг дээшээ гаргаж болохгүй.
-Ариун цагаан сэтгэлтэй биш бол аравтын дарга ч бүү болго гэсэн бил үү?
-Конфуцийн (Күнз) нэг үг бий. Дээр үед хулгай худалдаа дарагдсан цагт Конфуций тэргээ унаад явж байж. Нэг аймгийн дарга хүн тэрэг дагаад гүйнгээ асууж гэнэ. “Багш аа, хулгай худал ихдээд миний чадал хүрэхгүй байна, яах вэ” гэж. “Зөв хүмүүсийг буруу хүмүүсийн дээр гарга” гэсэн хариу сонсчээ. Зөв, буруу хүнийг яаж таних вэ гэхэд “Мэргэжилтэй, ариун цагаан сэтгэлтэйг нь сонго” гэж. Муу хүмүүс аргатай, мэдлэгтэй, эрх дархтай, шуундаа чадалтай байдаг. Гагцхүү тэдэнд ариун цагаан сэтгэл байхгүй. Тэд атгаад, шүүрээд л байдаг. Буддын шашинд зовлон шунаг сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Тэгэхээр Чингис хааны “Ариун цагаан сэтгэлгүй бол аравтын даргаар ч тавьж болохгүй” гэдэг үнэн. Жангар бол “Амьтай дэлхий цугаар минийх” гэж хайрлаж байна. Аравтын дарга бол арван өрхөө багтаагаад минийх гэж байна. Зуутын дарга бол зуутаа халаасандаа багтаана. Тэгж бүх юм тэгш тэнэгэр болно.
-Та сайн цэрэг байжээ. Халимагууд томоохон 28 дайнд оролцож байсан гэнэ. “Цавчихын тулд цавчсангүй, Оросын төлөө цавчлаа” гэсэн дууны үг хүртэл байх юм. Халимагууд дайнч гэгддэг ч тэд дайныг хүснэ гэж үү?
-Багад аав, ээж маань “Дайн дажин битгий болоосой” гэж ярьдаг байсан. Хуруугаараа бөмбөрдөхөөр “Битгий битгий, муу ёр дайн битгий дууд” гэдэг. Хөгшид дайнд дургүй. Өвчний нэр бүү хэл гэж бас цээрлэдэг байсан даа. Нэг хэсэг Чингис хааныг махчин, дайнч гэж ярьдаг байсан. Харин одоо “Мянган жилийн хамгийн соёлтой дайнч” гэж баталсан байна лээ.
-Украины дайнд жинхэнэ оросууд бус халимаг, тува, буриадууд үрэгдэж байна гэсэн жиргээ хараад шимширсэн. Хэний төлөө, юуны учир Монголын цусыг урсгана вэ?
-Зөв дайн, буруу дайн гэж бий. Украин, Оросын дайн зөв биш. Ард түмэн ярьж байна шүү “Олигархуудын дайн,энэ манай дайн биш” гэж байна. Энэ дайнд амиа өгөх учир шалтгаан байхгүй. Орос, Украин нэг цус, махтай хүмүүс.
-Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн хүн гэж хэнийг нэрлэх вэ?
-Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ. “Ээж минь” дууг гадаадад дуулахаар ямар утгатай вэ гэж их асуудаг. Олон юм ярихын оронд амраар нь “Би дэлхий дээр юу харна, бүх юм ээжийг минь санагдуулна” гэж тайлбарладаг юм. “Нялх бага наснаас минь өвөртөө шахаад, хүү минь мод ургаж байна. Хулс нахиалж байна, гол урсаж байна гэж бүх дэлхийг тайлбарлаж өгсөн. Ээж надад сайхан нутаг, дэлхийг таниулсан, дэлхийг харахаар ээж санагдана гэж дуулж байгаа юм” гэдэг.
-Та аавын тухай дуулдаг уу?
-“Жангар” тууль эрэгтэйчүүдийн тухай, аавын тухай гэж боддог.Аавыг маань Охин гэж нэрлэдэг. Эрэгтэй хүүхэд тогтохгүй болохоор түүнд ийм нэр өгсөн юм билээ. Ээж минь 57хүрээд нас барсан. Аавын ээж 103 насалсан. Аав 73-тай, эмээ 100 настай байсан үе. Би аавын хүү, ээж байхгүй. Нэг удаа аав уурлаад зогсохгүй байхаар нь “Өөрөө ээжтэй байж, ээж байхгүй намайг яагаад загнаад байгаа юм бэ” гэсэн.Тэгсэн чинь таг болж билээ.
-Дува сохорын дөрвөн хүүгээс дөрвөн ойрад салаалсан гэдэг. Халимаг хөгшид Дува сохор эргэн төрөхийг хүлээдэг гэж сонссон?
-Дөрвөн ойрад ядраад муудаад ирвэл дээд тэнгэрээс нэг нүдтэй хүү (Дува сохор) илгээнэ гэж ярьдаг. Гурав, дөрвөн удаа тэгж төрсөн байна. 1910 онд манай Цагааннуурт баатад овогтой эхнэр нэг нүдтэй хүү төрүүлсэн гэж эмээ маань ярьдаг. Төрөөд хашхирахад нь хүмүүс бүгд чихээ таглаад зугтсан байгаа юм. Хонины сүүл хөхүүлэхээр залгичихаад байж. Шашныхан нэг нүдтэй хүүхэд төрвөл ээжийн алтан уураг амлуулалгүй, шууд аваад явдаг гэж ярьдаг. Амьдаар нь гурвалжин модон хайрцагт хийгээд, ар зүг рүү харсан салаа зам дээр нүх ухаад булдаг. Дээрээс нь ном уншаад дардаг байсан гэдэг.Шарын шашин, социализмын үзэл суртал бидний олон зүйлийг мартуулсан. Анх юу байсныг босгож авах хэрэгтэй. Мартуулсан юмыг сэргээх хэрэгтэй.