Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн 49 хувийн “хуйвалдаан”-д сайд Д.Ганбат оролцсон уу?

НЭШУУГИАНААР НЭГХҮНИЙ ГАРТДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙНҮЙЛДВЭР, ТӨМӨРТЭЙНОРД, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” НЭГТГЭЛ
ЗЭРЭГУУЛ УУРХАЙНТОМООХОНБАЯЛАГТӨВЛӨРСӨННЬ ТОДОРХОЙ БОЛЛОО-

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэн, Оросын тал тус үйлдвэр болон
“Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан эрх мэдлээ 2016 оны УИХ-ын
сонгуулийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-нд “Монголиан коппер корпораци”
нэгдэлд худалдсан үйл явцыг санхүүгийн луйвар хэмээн ил тод зарлаад байна. Худалдаа
хөгжлийн банкны тусламжтай шийдвэрлэгдсэн энэ ажиллагаанд зарцуулагдсан дүн 400
сая ам.доллар. Энэ эх үүсвэрийг нэхэн сурвалжилснаа дэлгэж байна.

Учир нь Монгол Улсад нэг
дор 400 сая ам.долларын худалдаа хийж чадах аж ахуйн нэгж байхгүй гээд хэлчихэд
буруудахгүй. Үүнийг компаниудын татвар төлөлтийн тайлан, Монголбанкны гадаад худалдааны
балансаас харж болдог гэдгийг эдийн засагчид хэлж байна. 2015 онд ашиг нь эрс буурч,
2016 он гарсаар тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн нэгэн банк жирийн нэгэн залуугийн
“х” тайлан гаргаж ирсэн түүхтэй компанид олон улсын зах зээл дээрээс санхүүжилт
босгож өгсөн гэдэг нь өөрөө эргэлзээ дагуулдаг. Энэ залуу 2010 онд МУИС-ийн хуулийн
анги төгсч, тус банкны хуулийн хэлтэст ажиллаж байсан гэдгээс харвал хуримтлуулсан
туршлага тийм ч арвин бус. Энэ бол олон нийтийн анхаарлыг татаж буй эхний асуулт.

2016 оны Монгол Улсын “Үндэсний
шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г хүртсэн Сэлэнгэ аймгийн
Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг энэ
оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэрлэлтээ хийж байсныг уншигч та
санаж байгаа байх. Мөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор
тус төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд
шилжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авах мөнгөний эхний хэсэг
боссон бололтой. Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор
байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу
“Кью Эс Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, тээврийн
асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд
ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замыг барьсан
байдаг. Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын бичиг баримтад тусаагүй, Монголын
төмөр замын хөгжлийн зураглалд багтаагүй, ач холбогдол багатай энэхүү жижиг төмөр
замыг төрд 112 сая ам.доллараар худалдан авсан нь хэний захиалга, сонирхол, гүйцэтгэл
байсан бэ? гэдэг хоёр дахь асуудал зүй ёсоор урган гарч буй юм.

Хандгайт чиглэлийн 33.4 км
төмөр замыг хэн, ямар өртгөөр, хэрхэн босгосон бэ? гэдгийг хэн ч сонирхолгүй “Монголчууд
төмөр зам барьж чаддаг хүмүүс шүү”, “Энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт” гэх
мэтээр дөрвөн удаа нээлт хийж 2016 оны сонгуулийн том шоу болсон энэ ажлын ард том
нууц байжээ. Энэхүү төмөр замыг барьж байгуулах үүргийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг
менежмэнтийн хувьчлалаар хүлээн авсан нэгэн банкны дэмжлэгтэй “Кью Эс Си” ХХК авсан
байдаг. Энэ шийдвэр одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн шуугиантай шууд холбогдож эхэллээ.
Тус төмөр замын ул шорооны ажлыг улс төрийн нэгэн эрх мэдэлтний дүүгийн компани
гүйцэтгэж Хятадын хамгийн хямд бетон дэр ашиглаж, дээд суурь бүтцийг Монгол-Оросын
хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ердөө 1.4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан
баримт байна.

Тухайн үед дээрх төмөр замыг
төрд худалдан авах, төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын бичиг баримтыг
өөрчлүүлж чадна гэж “ам гарсан” хүн бол Д.Ганбат гэнэ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн
гүйцэтгэх захирал асан, одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нь хувийн компанийн
30 жилийн хугацаатай ашиглах, төрд ач холбогдол огт үгүй төмөр замыг 112 сая ам.доллараар
хүлээн авч улсын төсвөөс 80%-ийг нь олгуулжээ.

Төмөр замын салбарын наад
захын мэргэжлийн хүнээс асуухад энэхүү ажлын зардлын тооцоог гаргахаар аж. Доод
бүтэц буюу ойролцоогоор 1.5 сая куб метр газар шорооны ажлыг зах зээлийн жишгээр
нэгэн эдийн засагчтай хамт үнэлж үзсэнээ доор сийрүүлье .

1. Нэг куб метр газар шорооны
ажил 8.800 төгрөг гэвэл 13.6 тэрбум төг (6.8 сая ам. доллар)

2. Нийт 63.500 орчим бетон
дэр орно гэж тооцвол нэг бетон дэрний зардал 60 ам.доллар нийт 3.8 сая ам. доллар

3. Зам төмрийг Мардайн уурхайн
хаягдал төмрийн үнээр авсан. Тонн нь 500.000 төг байжээ. Нэг км замд 132 тонн зам
төмөр орсон гэхээр 2.3 тэрбум төгрөг (1.2 сая ам. доллар)

Дүгнэж үзвэл нийт 11.8 сая
ам.долларын зардал энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагджээ. Бусад зардал
дохиолол холбооны өртгийг нэмбэл энэ зам 12 сая ам.доллараас нэг их хол илүү үнийн
дүнгүй баригдсан байх юм.

Тэгвэл Д.Ганбат сайд яагаад
үүнийг 112 сая ам.долларт авав. “Кью Эс Си” ХХК-ийн толгой компани болох дээрх банк
үлдсэн 100 сая ам.доллараар “Эрдэнэт” үйлдвэрийг авсныг үгүйсгэх аргагүй гэдгийг
хэлж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн
гүйцэтгэх захирал асан одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат МАН-ын гишүүнчлэлтэй.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын угшилтай бүх хүмүүсийг төрийн удирдах албанаас
цомхотгож байхад Ё.Манлайбаяр, Б.Артур, Ж.Батболд нар сугарч үлдсэн байдаг аж. Тэд
Хандгайт чиглэлийн төмөр замыг төрд худалдан авах ажлыг зохион байгуулсан, хамтран
ажилласныхаа төлөөсөнд нам дамжсан улс төрийн бүлэглэлийн хамгаалалтад орсон бололтой
гэх мэдээлэл ч байна. Дээрх эрхмүүдийн албан тушаалдаа үлдэж буйгаас харахад 90
жилийн түүхтэй МАН-д төмөр замын боловсон хүчин байхгүй юу? гэдэг асуулт ч гарч
ирж байгаа аж. Мөн Б.Цогтгэрэл гэх мэргэжлийн бус хүн энэ салбарт дэд сайдаар зорин
ирсний учир шалтгаан юу байна вэ? гэх мэдээллүүд ч анхаарах сэдэв болж буй гэнэ.

Төмөр замыг цэргүүдээр бариулна
гэх “Түмэн цэрэг” хөтөлбөр боловсруулсан Б.Артур Зам тээврийн хөгжлийн яамны төмөр
зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар үргэлжлэн ажиллахын
сацуу УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон байна. Ё.Манлайбаяр сайдын зөвлөх
болж Зам тээврийн хөгжлийн яаманд эргэн иржээ. Энэ бүх томилгоо нь Зам тээврийн
хөгжлийн сайд Д.Ганбатын бодлогогүй шийдвэр огт биш нь тодорхой гэнэ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн
хэлснээр “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан
бол энэ онд 20 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж
буй, адил хэмжээний олборлолт борлуулалт хийсэн “Оюу толгой” компани
244 тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад “Эрдэнэт” үйлдвэр 10 дахин
бага татвар төлсөн нь “Эрдэнэт”-ийн энэхүү нуусан татварын мөнгө, Хандгайт чиглэлийн
төмөр замыг төрд худалдсан үнийн дүнтэй нийлүүлж үнэ төлбөргүй хувьчлах луйвар хийсэн
байж болзошгүй гэдгийг хэлэх хүн байна. Энэ үйл явдлуудаас харвал Худалдаа хөгжлийн
банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд Дарханы төмөрлөгийн
үйлдвэр, Төмөртэйн орд, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгтгэл зэрэг уул
уурхайн томоохон баялаг төвлөрчээ.

Categories
мэдээ цаг-үе

Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан Б.Булганыг даруй суллахыг уриалжээ

-ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНООС С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ЭХНЭР Б.БУЛГАНЫГ СЭЖИГЛЭН ШАЛГАЖ БУЙ БОЛОН СҮҮЛИЙН ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МАНАЙ УЛСАД ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖ ИРҮҮЛСЭН БАЙНА-

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн эхнэр Б.Булганыг нь цагдан хориод олон сар боллоо. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнийг цагдан хорьсноос хойш найман сар 14 хоног болж байна. “Маш нууц” гэх нэрийн дор шалгагдаж буй энэ хэрэгт Б.Булганыг хуулийнхан цагдан хорьчихоод арай мартчихаагүй байгаадаа гэж бодогдох. “Нэгэнт хэрэг нь илрээгүй, хангалттай баримт тогтоогдоогүй байгаа бол тэр хүнийг түр ч болтугай батлан даалтад гаргадаггүй юм аа гэхэд ядаж л гэрийн хорионд байлгаж болдоггүй юм байх даа” гэж ярих хүн олон байна. Гэвч хуулийнхан ямар нэгэн тоймтой мэдээлэл өгөхгүй байсаар өнөөг хүрлээ. Цаашид хэдий хэргийг нь нотлох хүртэл хэдий хэр хугацаагаар Б.Булган цагдан хорих төвд суусаар байхыг таах аргагүй. Иймд бид энэ хэргийн эргэн тойронд юу болж буйг нэхэн сурвалжиллаа.

Хуулийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр “Мөрдөн байцаалтад хэрэг шалгагдаж байгаа. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй өмгөөлөгчдийг нь танилцуулж байна. Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьж буй хэвээрээ” гэсэн хариу өгөв. Б.Булганы өмгөөлөгч “Өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” хэмээв. Б.Булганы ойрын эх сурвалж “Б.Булганыг саяхан эргэж очсон. Хурдан эндээс гарах юмсан гэж ярьсан. Олон сар хоригдож байгаа болохоор түүний бие махбодь болон сэтгэлзүй нь хүнд байх нь ойлгомжтой. Эрүүл мэндийнх нь байдал сайнгүй харагдаж байна лээ” гэв. Харин Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн байна. Энэхүү зөвлөмжийг сийрүүлж тоймлон хүргэе.

МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГАА НЬ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БАЙГААГ ТАЙЛБАРЛАХ ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙН НЭГ НЬ УЛСТӨРИЙН ОРОЛЦОО БАЙЖ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

”Монгол Улс,Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр баталсан шийдвэр” хэмээсэн байна. Албан бичигт “1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн холбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (CL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” хэмээн дурдаад “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Б. БУЛГАНЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖ, МӨН ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭМХЭМЖЭЭГ ЗӨРЧИН ХУУЛЬ БУСААР ХОРЬЖ, ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАЖ БАЙГАААЖЭЭ

Түүнчлэн “С.Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг Тагнуулын ерөнхий газар баривчилж, түүнээс хойш түүнийг Төв аймгийн шоронд хорьсоор байгаа. Найдвартай эх сурвалжын мэдэгдсэнээр түүнийг ийнхүү удаан хугацаагаар хорьж байгааг шүүгч хянан үзэж, батлаагүй ба түүнд албан ёсоор ямар нэг ял тулгаагүй байгаа гэдэг. Эх сурвалжуудын мэдээлснээр Булганыг ганцааранг нь хорьж байгаа бөгөөд түүнд эмнэлгийн тусламж үзүүлдэггүйн дээр өрөөнд нь 24 цагийн турш хиймэл гэрэлтүүлэг байнга асаатай байдаг гэнэ. Мөн түүнийг тагнуулын газрын ажилтнууд байцааж, сэтгэл зүйн хүнд дарамтанд байлгадаг аж. Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна…

ШҮҮХИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРАХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОХГҮЙ БАЙХ ЭРХИЙГ БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР ЯМАГТ ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ

…Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амласан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээлж байхыг дахин хүсье. Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчилэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С. Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна. С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэжээ.

Г.Ялгуун

Categories
мэдээ цаг-үе

НИТХТ-ийн тогтоолын хийдлийг арилгуулахаар Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ

-НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ 21 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГЭНЭ-

“Цахим тоглоомын газар” нэртэй мөрийтэй тоглоомын газрууд нээгдэж, “Иргэд их хэмжээний мөнгөө алдаж байна” гэсэн гомдол сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирэх болжээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн тоглоомын газруудыг шалгаж үйл ажиллагааг нь таслан зогсоодог боловч төд удалгүй өнөөх тоглоомын газрууд нь дахин үйл ажиллагаа явуулдаг байна. Үндсэндээ ийм тоглоомын газрууд ихэсч, цагдаагийн байгууллагад дийлдэхээ болиод байгаа аж. Энэ нь дээрх тоглоомын газруудын ард хэн нэгэн эрхтэн дархтан байна уу гэж хардахад хүргэдэг байна. Харин бид ийм төрлийн тоглоомын газрууд нэмэгдэх болсон шалтгаан, үүнд юу нөлөөлж буйг сурвалжиллаа. Эхлээд бид энэ тухай хуульд юу гэж тусгасан байдгийг хүргэе.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү Эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тайлбарт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарлажээ. Дээрх хуулийн заалтаас харвал бүхий л ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл зэргээр тоглосон бүх зүйлийг хууль бус гэж тодорхой хэлж өгсөн байгаа юм.

Хууль бус мөрийтэй тоглоомын газруудтай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хамтран өнгөрсөн онд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байжээ. Энэ үеэр 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас зургаан газрынх нь үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Зөрчил гаргасан 12 газарт албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Харин он гарснаас хойш энэ төрлийн шалгалтыг хийж, есөн тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ. Үйл ажиллагааг нь зогсоосон тоглоомын газруудад Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтайгаар холбогдох газарт нь шилжүүлжээ. Харамсалтай нь “Дээрх тоглоомын газрууд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэрийг холбогдох газар гаргажээ.

Учрыг нь лавлавал энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоос улбаатай аж. Өнгөрсөн онд Нийслэлийн соёл урлагийн газар тоглоомын үйл ажиллагаа явуулах 21 зөвшөөрлийг олгожээ. Ямар учраас ийм зөвшөөрөл олгож буйгаа тайлбарлахыг хуулийнхан хүсэхэд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, Соёл, урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5 “Билльярд, цагариг шидэх, хийн буудлага, лото тоглоом…” гэсэн заалтыг үндэслэн дээрх зөвшөөрлийг өгсөн хэмээсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас Нийслэлийн соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч буй талаар нь мэдэгдэл хүргүүлж байсан аж. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журам нь Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх санал хүргүүлж байжээ.

Энэ саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хүлээж авч “2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Эрүүгийн хуультай зөрчилдөж байсан журмыг хүчингүй болгосон хэмээн хуулийн байгууллагынхан бодож суутал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 155 дугаар тогтоолоо хүчингүй болгосон ч 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3 “Цэнгээнт үйлчилгээний (автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон мини гольф) газар гэсэн заалтыг нэмж оруулан баталжээ. Ингэхдээ эхний тогтоолоо бүр дордуулан автомат тоглоом гэж нэмж оруулж ирсэн аж. Энэ нь цагдаагийн байгууллагаас хууль бус тоглоомын газруудтай тэмцэхэд улам хүндрэл учруулсан гэж цагдаагийн ажилтнууд ярьж байна.

Учир нь автомат тоглоом гэдэг нь үйлчилгээгээ аваад гарахыг хэлдэг. Гэвч тоглоомын газраар үйлчлүүлэх гэж орж ирээд бооцоотой тоглоод мөнгө хожихыг хэлдэггүй.Тоглоомын газраа мөрийтэй тоглоомын газар болгосон иргэд НИТХТ-ийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн бид зөвшөөрөлтэй хэмээн хуулийн цоорхой ашиглан хэл ам хийх болсон гэнэ. Иймд цагдаагийн байгууллагаас мөрийтэй, бооцоотой тоглохыг хориглох гэх мэтээр дээрх тогтоолд оруулах хэрэгтэй, хэрэв тэгэхгүй бол Эрүүгийн хуультай зөрчилдөж байна хэмээн үзэж Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 21 газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт гурван тоглоомын газар байгаа юм байна.


Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ

-Б.БУЛГАНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙГАА ГЭДГИЙГ ӨМГӨӨЛӨГЧ ХЭЛЭВ-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа жиргэсний дараа УЕПГ-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Энэ хэргийн талаар хэвлэлд мэдээлэл гарах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө. С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улстөржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно” хэмээсэн юм. Дээрх тодорхой бус хоёр хариултыг эс тооцвол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний 17 жилийн дараахь мөрдөн байцаалтын явц, маш нууц гэж хаягласан энэ хэрэг үнэхээр илэрч байна уу.

Чухам юу болоод байна вэ гэсэн асуултад олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Хуулийн байгууллагынхны мэдээлэлтэй мэдээлэлгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудаас хэвлэлийнхэн боломжоороо шүүрдэн мэдээлж байгаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВААГ ОНЦОЛСОН БАЙНА

Бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийнхэн Б.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан, Орхон-Уул аймгаас баривчилсан гэх хоёр иргэн энэ хэрэгт ямар оролцоотой зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан танилцуулжээ. Хуулийн байгууллагынхны танилцуулгыг сонсоод зөвлөлийн зарим нь “Энэ хэргийг нягтлан шалгаж, ул суурьтай хандсаны эцэст тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэсэн байр сууринаас хандсан гэнэ.

Эх сурвалжийн ярьж буйгаар бол энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажил 65 хувьтай явааг онцолж, нотлох баримт судалгааны ажлыг цуглуулж байгаа бөгөөд гадаадаас шинжээчид оролцуулж буй гэх мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон хэргийг бүрэн илрүүлтэл маш нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байх ёстойг ажлын хэсгийнхэнд анхааруулсан гэх мэдээлэл байна.

ӨМГӨӨЛӨГЧИД ЮУНААС БОЛЖ ТАТГАЛЗАВ

Харин энэ хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж байгаа бололтой. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж бололцоогоор өмгөөлөгч нарыг хангаж өгөхгүй байсан аж. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож буй Б.Булгантай өмгөөлөгч нь уулзахад багагүй бэрхшээл тулгарсан байна. Иймд өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзах, өмгөөлөл авах эрхтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан боловч амжилт олоогүй юм байна. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул энэ тухай олон нийтэд хандаж үг хэлэх боломж өмгөөлөгч нарт байхгүй учраас тэд Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзжээ.

Орхон-Уул аймгаас баривчлагдсан хоёр залуу харин өмгөөлөгч авсан байна. Гэхдээ өмгөөлөгчдийг нь ч бас уулзах боломжоор хангахгүй байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Б.Булганы ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэнэ. Иймд Хууль зүйн яамны дэргэд байдаг улсын өмгөөлөгч нарыг авах асуудал ч яригдсан байна. Улсын гэх тодотголтой өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй болон өмгөөлөх хүн олдохгүй байгаа сэжигтэнд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хүргэдэг юм байна. Харин Б.Булганы гадаадад амьдарч байсан охин нь ээжийгээ баривчлагдсаныг дуулаад Монголд ирсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авч, ээждээ анхаарал тавьж байгаа гэнэ.

ХЭҮК-ЫНХОН Б.БУЛГАНЫ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

С.Зориг агсны амь насыг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөлөл үзүүлж буй зарим өмгөөлөгч нараас тодруулга авсан юм. Нууцын зэрэглэлтэйгээр хэрэг шалгагдаж буй тул тэдний нэрийг нууцалж мөн мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлсийг асуугаагүй гэдгээ энд тодруулах нь зөв байх. Нөгөө талаар хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхээр шийтгэгдэж, ял аваагүй бол сэжигтнүүдийг гэмт хэрэгтэнд тооцдоггүй бөгөөд иргэн бүр өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх.

Учир нь Хүний эрхийн үндэсний комисс хэд хоногийн өмнө хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгааны тайлангаа тавьсан байна. Үүнд хуулийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж олдохгүй байна. Тэдний эрх зөрчигдөж байна гэсэн зүйл яригджээ. Зарим нэг хүн энэ талаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тус комиссынхон хуулийнхны шалгагдаж буй хэрэг шүүхээр шийдэгдээгүй л бол хөндлөнгөөс оролцох эрхгүй байдгаа уламжилсан гэнэ. Ингээд өмгөөлөгч нараас авсан тодруулгаа нэгтгэн хүргэе.

Өмгөөлөгч: МАШ НУУЦЫН ЗЭРГИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БИДНЭЭС БАТАЛГАА АВСАН

Та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. Тэр болгон уулзуулахгүй байна. Бид чинь маш нууцын зэргийг хангаж ажиллана гээд гарын үсэг зураад баталгаа өгсөн болохоор хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоогүй энгийн зүйл асууж байгаа болохоор гайгүй байлгүй дээ?

-Тэгсэн ч гэсэн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаа­лаад хэрэгт хамааралгүй гээд хэлэх ч боломж алга, хэцүү байна.

Өмгөөлөл явуулах бүрэн боломж олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэхээр ажил хийх боломж бололцоо гаргаж өгч чадахгүй байна. Ажлын хэсгийнхнээс зөвшөөрөл аваагүй бол Төв аймгийн цагдан хорих төвийнхөн үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжоор хангахгүй, хэцүү юм. Гэтэл бусдыг ямар байна. Ямар баримт үндэслэн саатуулсан зэргийг лавлаж ч чадахгүй явна. Мэдүүлэг авах үед нь очсон болоод байж байна. Хэлэхэд хэцүү ч үнэн нь тэр. Ийм байдлаар үйлчилгээ явуулж байхаар өмгөөлөхөөсөө татгалздаг ч юм бил үү гэж бодож байна.

Б.Булганы биеийн байдал ямархуу байгаа вэ. Ар гэрийнхнийг нь уулзуулж байна уу?

-Түүний бие муу байгаа. Ядарсан, цонхийсон, даралт нь өндөр байна. Хоригдоод суурь өвчин нь сэдэрч эхэлж байна. Эмчлүүлэх, биеийн байдалд нь анхаарал тавих битгий хэл очоод уулзах боломж алга.

Нөгөө шалгагдаж буй хүмүүст өмгөөлөл үзүүлэх байдал иймэрхүү янзтай байгаа юу?

-Бас л ийм л янзтай байгаа гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хүрээнд үйл явдал ийн өрнөж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйлс ч явж байгааг дээрх тодруулга харуулж байна. Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил ахиц гараагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү гарч ирлээ. Улстөржилт эсвэл үнэхээр хэрэг илэрч байгааг хэлэхэд эрт юм. Учир нь шүүхээр гэм буруутайг нь хэлэлцээгүй энэ үед асуудал хаашаа ч эргэж болох. С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүгийн хэргийн шүүгдэгчдийг хуяглан хамгаалж явсан машин осолджээ

-ЦУСТАЙ ХОЛИЛДСОН ХҮМҮҮС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ИРТЭЛ ГАВТАЙГАА БАЙСАН

Хэнтий аймгийн шүүх нүүдэллэн Өмнөдэлгэр сум руу эрүүгийн хэрэг шүүхээр өчигдөр өглөө явжээ. Шүүх хурлыг даргалахаар Хэнтий аймгийн ерөнхий шүүгч Мөнхтулга нарын шүүгч болон прокурор, өмгөөлөгч нар явсан байна. Мөн энэ хэргийн сэжигтнээр тооцсон долоон шүүгдэгчийг Тахарын албаны хуягласан машинаар авч явжээ. Өмнөдэлгэр суманд шүүх хурал эхлүүлсэн боловч шүүгдэгчдийг нэгнийх нь өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай байсан учир хурал хойшилжээ. Иймд Өмнөдэлгэр сумаас Хэнтий аймаг орох замд шүүгдэгчдийн сууж явсан хуягласан машин осолдож, олон хүн бэртэж гэмтсэн байна.

Ослын газарт тус аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг очиж ажилласан аж. Осолд өртсөн хүмүүсийг өчигдөр 13.00 цагийн үед Хэнтий аймгийн эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар шүүгдэгчдийн нэгнийх нь ээжтэй ярилцлаа. Тэрбээр хүүгийнх нь хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учир ямар нэгэн байдлаар хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болзошгүй хэмээн нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Осол болсон гэж сонслоо. Машинд явсан хүмүүс хэр гэмтэл авсан байна?

-Тахарын албаны хуягласан машинд шүүгдэгчид сууж явсан. Тэр машин нь онхолдсон байна. Энэ үеэр шүүгдэгчид тархиндаа гэмтэл авч, гар хавирга нь хугарч, нэгнийх нь эгэм бас хугарсан байна. Зарим нь ямар гэмтэл авсныг сайн мэдэхгүй. Тархиндаа гэмтэл авсан нь оёо тавиулж байна. Осол болсны дараа яаралтай түргэн тусламж дуудсан аж. Гэтэл тэр машин нь осол болсон газрыг ололгүй төөрч цаг алдсан гэнэ.

-Машин барьж, харгалзаж явсан Тахарын албаны ажилчид яасан юм бол?

-Тэд зүгээр юм байлгүй. Эмнэлэгт үзүүлээгүй явцгаасан.

-Юунаас болж осол гарав?

-Тооромзгүй машинтай явсан байна. Өмнөдэлгэр сумаас хөдлөхдөө хурдтай, ш и р ү ү н я в с а н г э н э . Шүүгдэгчид аятайхан яваач гэхэд нь хамт явсан Тахарын албаны ажилтны нэг нь “Тооромзгүй машин” гэж хэлээд хурдаа улам нэмж хоорондоо инээлдэж байсан гэсэн. Машин хоёр гурван удаа хөрвөөсөн гэж хүү минь ярилаа. Тэгээд осол болж. Осол болоход шүүгдэгчид бүгд гавтай байсан гэнэ. Гавтай байсан болохоороо машин хөрвөөхөд тэд гэмтэл авсан байна. Тэд чинь гэмт хэрэг үйлдсэн байлаа ч хүн шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яахаараа ийн гавлаж явдаг байна. Үүнд их харамсаж байна. Осол болсны дараа ч тэдний гавыг тайлаагүй гэсэн. Цустайгаа холилдсон хүмүүс эмнэлгийн тусламж иртэл гавтайгаа байсан байгаа юм.Тэд ямар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс биш. Энэ хуулийнхан бас ялгамжтай хандмаар юм. Хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хэргийг нь нэг тийш шийдвэрлэхээр Хүний эрхийн комисст хандана.

-Хэнтий аймгийн яг хаахна осол гарсан юм бол?

-Өмнөдэлгэр сум аймаг хоёрын хооронд 100 орчим км зайтай. Осол Хэнтий аймгаас 50 орчим км-т гарсан байна лээ.

-Шүүгч, прокурор нарынх нь машин осолд ороогүй юм байгаа биз дээ?

-Тэд тусдаа унаагаар явж байсан болохоор зүгээр гэж сонссон.

-Тэднийг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа юм бэ?

-Малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш цагдаагийнхан шалгаж байна. Машинд явсан долоон шүүгдэгч цагдаагийнханд шалгагдсан цагаасаа аймгийн төвд амьдарч байгаа. Тэднийг цагдаагийнхан дуудсан цагт ирж бай гэсэн учир зарим нь танилынхаараа нөгөө хэсэг нь айлын хашаанд хүртэл гэрээ бариад амьдарч байсан. Гэтэл шүүх хуралтай гээд өмнөх өдөр нь бүгдийг нь хорьсон юм билээ. Тэгээд өглөө нь Тахарын албаныхан хуягласан машинтай авч ирсэн. Буцахдаа ийм осол гаргасан байна.

-Шүүгдэгчид аймгийн төвд байсан юм бол яагаад Өмнөдэлгэр сум руу явж шүүх хурал хийх болсон юм бол?

-Малын хулгайн хэрэг гарсан сум нь Өмнөдэлгэр. Хохирогчид нь ч тэндхийнх. Нэг өмгөөлөгч нь шүүх хуралд нэг хохирогчийг нь оруулах хүсэлт гаргасан гэсэн. Тэгээд Хэнтий аймгийн шүүхийнхэн ганцхан хүний төлөө бөөн хөрөнгө зардал гаргаад Өмнөдэлгэр сум руу шүүх хурал хийхээр ирсэн. Тэр хохирогчийг тэдний өдөр шүүх хуралтай, ир гэхэд л болоо шүү дээ. Гэтэл нэг хохирогчийг хуралд оруулахын тулд тэнд очиж байгаа юм.

-Тэгээд шүүх хурал нь болсон уу?

-Шүүх хурал нь болоогүй. Нэг шүүгдэгчийн өмгөөлөгч хойшлуулшгүй ажил гарлаа гэж Хэнтий аймгийн шүүхэд мэдэгдсэн юм билээ. Хурал болохоос өмнөх өдөр нь энэ тухайгаа мэдэгдсэн байна. Гэтэл Өмнөдэлгэр суманд ирээд шүүх хурлаа эхлүүлээд буцаж байгаа юм. Шүүхийнх нь дарга өмгөөлөгч нь ирж чадахгүй гэдгээ мэдэгдсээр байхад шүүх хурлыг хойшлохыг нь мэдсээр байж яагаад заавал сум руу явдаг юм. Үүнийг гайхаад олохгүй байна. Эсвэл нөгөө шүүхийнх нь хүнд суртал гээч нь энэ үү.

-Та энэ талаар ямар сайн мэдэж байгаа юм бэ. Шүүгдэгчийн ар гэр гэхэд их мэдээлэлтэй хүн юм?

-Надад ямар нэгэн зорилго байхгүй ээ. Би өөрөө хуульч хүн. Осол гарсныг мэдээд яав юу болов гээд асууж сураглалаа. Өмгөөлөгч болон шүүхийн ажилтнуудтай нь ч холбоо барилаа. Ийм л зүйл болсон байна. Шүүхийг төлөөлж байгаа газрынхан ийм үрэлгэн дураараа загнаж дээрээс нь шүүгдэгчтэй гэмт хэрэгтэн мэт харилцаж болох уу. Би малын хулгайн хэргийн тухай яриагүй. Энэ бол тусдаа шүүхийн асуудал. Манай шүүхийн байгууллага шинэчлэгдэж байна, өөрчлөгдөж байна гээд л байгаа. Харамсалтай нь хөдөө орон нутагт ийм завхрал гарсаар байна. Иргэн хүнийхээ хувьд энэ тухай ярьж байгаа юм. Тэгээд ч бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүн бүр тэгш эрхтэй. Ийм байтал сэжигтэнг заавал гавлаж авч явдаг асуудлыг хөндөхгүй өнгөрч болсонгүй. Тэр машинд сууж явсан хүмүүс амиа алдсан бол яах вэ. Малын хулгайн хэрэгтэй хүмүүс гээд өнгөрөх үү. Хэрэв амиа алдчихлаа гэхэд шүүх хурлаар тэдний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй бол яах вэ. Ар гэр үр хүүхдийг нь хэн асарч хамгаалах юм.

Г.ЯЛГУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуган

Өмнөх дугаартаа бид “Эх дагинын дуган буюу бидний хэлж заншсанаар МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байрны өнөө цаг хүртэлх үүх түүхийг товчхон тоймлон хүргэсэн билээ. Энэ Циркийн сургуулийн байр шатсанаар зөвхөн Монголын циркчдийн түүхэн замналыг өгүүлсэн архив устаад зогсохгүй, Монгол орон Манжийн дарлалаас ангижирч төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхийн нэгэн гэрч “шатсанд” халаглаж буй юм.

Мөн Ардын хувьсгалын үед зэвсгийн агуулах болж, хэлмэгдүүлэлтийн он жилийг нуруун дээрээ тээж ирсэн байгууламж билээ. Ийм байгууламжийг хадгалж хамгаалж чадаагүйд энэ цагийнхны гол буруу нь оршиж буй юм. Учир нь бид өмнөх үеийнхээ үлдээснийг хойч үедээ үнэ цэнтэйгээр тэр чигээр нь өвлүүлж болох байлаа. Өчигдөрхөн энэ дуган өөрөө түүхийн хосгүй үнэт зүйл байв. Өнөөдөр балгас болон үлдэх үү гэдэгнь энэ цагийнхнаас хамаарч байна. Энэ дуганд гагнуур хийж байсан гагнуурчныг буруутгаад өнгөрөх бус гал гарах хүртэл түүхийн соёлдоо гамгүй хандсан төр засгийнхан ч үүнд буруутай. Тиймийн учир энэ талаар нэхэн сурвалжилж байгаа билээ. Түүхчдийн санал болгосноор түүхтэй холбоотой зарим нэг зүйлийг энд нэмж бичихээр шийдлээ.

ДАШЧОЙЛИНГИЙН ТҮҮХ

Зүүн хүрээ хийдээс үлдсэн эдгээр дөрвөн дуганы нэг болох Богд хааны хатан Дондогдуламд зориулан барьсан дуган болохыг уншигч та мэдэж буй. Бусад нь одоогийн энэ Дашчойлин хийд билээ. Ардчилсан хувьсгал өрнөхөд бурхан шашны төлөө гэсэн чин сэтгэлтэй лам нар нэгдэж гурван дуганаа сэргээж, Зүүн хүрээ Дашчойлин хийдийг үүсгэн байгуулжээ. Өмнө байсан хийдүүд өөр өөрийн гэсэн голлох сахиустай байсан ч, зүүн хүрээнд таван тохой Майдар бурхан залж байсан аж. Монгол дархчууд эрт дээр үеэсээ л бурхан ухаантай байсны бодит илрэлийг Зүүн хүрээ Дашчойлин хийдээс харж болно. Хийдийн дугануудын барилгад ганц ч хадаас ороогүй гэдэг. Бүх хэсгүүдийг хооронд нь оньсоор холбож хийжээ. Саяхан сэргээн засварлахдаа ч мөн одоогийн лам нар аль болох хадаас хэрэглэхгүйгээр зассан гэдэг. Мөн хийдийн дотор талын багануудын будгийг бат бөх байлгах үүднээс модон баганыг цуу ямбуугаар ороож, гадуур нь байтуу буюу үнс, адууны хомоолыг нийлүүлэн шатааж бэлтгэсэн зүйлээрээ шаваад буддаг гэнэ.

ЁНЗОН ХАМБЫГ БАРИВЧИЛЖ, ЦААЗААР АВЧЭЭ

Ёнзон хамба буюу Жавзундамба богдын багш Цэдэн овогтой Лувсанхаймчигийн номын өргөө одоогийн Зүүн хүрээ Дашчойлон хийдийн номын сан байрлаж буй дуган юм байна. Ёнзон хамбыг Түвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байхад нь Монгол Улсын тавдугаар онд Банчин богд “Халх Монголд очиж Жавзундамба богдод багшлахаар явсугай” хэмээн тушаажээ. Үүний дагуу хүрээнд ирж, VIII богдод ном заасаар найман жил суугаад, нутагтаа Банчин богдын дэргэд очжээ. Гэтэл Богд Жавзундамба хутагтаас “Ёнзон хамба Лувсанхаймчигийн биеийг нааш заавал ирүүлсүгэй” хэмээн хүссэн захидлыг Банчин богдод илгээсэн хүсэлтийг нь ёсоор болгож Ёнзон хамбыг дахинирүүлжээ. Түүнээс хойш удалгүй Ёнзон хамба Лувсанхаймчиг “Хувьсгалын эсэргүү лам нарын Гандангийн төв” хэмээх зохиомол хэрэгт шийтгэгдэн 1937 оны есдүгээр сарын 6-нд одоогийн Зүүн хүрээ Дашчойлин хийд дэх номын өргөөнөөсөө баривчлагдаж, цаазаар авахуулсан аж.

“АСА” ЦИРК ХУВЬЧЛАГДАХАД ХУУЧИН ЦИРКИЙН СУРГУУЛИЙГ ДАГУУЛЖ ӨГӨХӨӨ ШАХАВ

“АСА” цирк хувьчлагдсан учраас циркийнхэн эндээ ирж бэлтгэл сургуулилт хийх болсон. Албан ёсоор хувьчлаагүй атал нэр бүхий эрхэм энэ байрыг циркийн хамтлагуудад түрээслэж мөнгийг нь авч байжээ. Дуганы дэргэдэх орон сууцны оршин суугчид “Газрыг нь сүйтгэнэ гэдэг энд л болж байна. Хэд хэдэн компани, хувь хүмүүс энэ жижигхэн газрыг ухаж сэндийлээд дууслаа. Хог, шороо, цемент, ус шалбааг, ертөнцийн бохир болгоны дунд бид амьдрахчаан болж байна гэж гомдол гаргаж байсан удаатай.

Барилга барих гэж нүх ухаж байгаа, хэдэн давхар байшин буулгаад газартай тэгшилж байгаа компаниудын зарим нь газрын зөвшөөрөлгүй, барилгын иж бүрдэл зураг төсөлгүй, бүр болиод ах дүү хэдэн хүн хөрөнгөө булаалдан муудалцаад орон байраа буулгаад хаячихсан, газраа зарах юм гэнэ лээ гэсэн яриагарч байсан. Гэвч барилга байгууламж аль хэдийн баригдаад дууссан билээ. Тэр үеэс газар доорх шугам сүлжээг дайрсан, таслан, ил гаргаад овоолчихсон байдаг байв. Төв замаас хуучин цирк рүү тавьсан боломжийн засмал зам байсан ч эвдэлж сүйтгээд кран зоочихсон, шавар цемент овоолчихсон байдаг байсан тулхийдийнхэн болон оршин суугчид гомдол гаргаж байсан удаатай. Циркийн энэ байрыг сумогийн их аварга Д.Дагвадоржид шинэ циркийн дайвар болгоод өгчихсөн гэх яриа ч гарч байлаа. Тал талаасаа сэглэгдээд баар цэнгээний газар, дэлгүүр хоршоо болсон. Хожим нь Их аваргахуучин циркийг нурааж сүрлэг байшин барих гэсэн мэдээлэл багагүй хөвөрсөн түүхтэй. Энэ үед Дашчойлин хийдийн удирдлагууд ”Бид олон удаа Эх дагинын дуганыг авахаар асуудлыг холбогдох газруудад тавьж байна. Тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байна” Энэ чинь улсын хамгаалалтад байх ёстой, түүх, соёлын ховор дурсгалт газар шүү дээ. Засгийн газрын шийдвэргүйгээр хэн ч эзэмших, худалдах, устгах эрхгүй газар гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьснаар ССАЖЯ-ны Соёлын газрын үл хөдлөх хөрөнгөд шилжиж очжээ.

ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ НЬ 1.7 ГА БАЙХААР ТОГТООЖЭЭ

Улсын циркийг 2007 онд хувьчилсан ч Циркийн сургуулийн байр маргаантай байснаар ийнхүү яамны өмч болгосон байна. Энэ хооронд ньойр хавийнх нь газрыг зарах нь зараад сэндийлэх нь сэндийлж амжсан байна. Мөн байранд нь Нийслэлийн Соёлын газрын даргаар сонгогдож байсан хүмүүсийн ах дүү хамаатан садан дэлгүүр, баарны зориулалтаар ашиглаж, зарим газруудыг тоносон түүх байдаг гэнэ.

Уг нь Дондогдулам хатны гэр хэлбэрт модон дуганы уг барилга нь Засгийн газрын 2001 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүсийг 1.7 га байхаар тогтоож байжээ.

УЧИРТАЙ ШАЛГАЛТ МАРГААНЫ ЭХ ҮҮСВЭР

2012онд Мэргэжлийн хяналтын Барилгын техникийн хяналтын хэлтэс болон Газрын харилцааны хяналтын улсын байцаагч нар Циркийн сургуулийн барилгад шалгалт хийжээ. Тэд “Хуучин цирк”-ийн барилгуудын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний төлөв байдал нь газар хөдлөлтөөс хамгаалах техникийн шийдэлгүй барьжээ. Үндсэн даацын бүтээцүүд нь гажиж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл алдагдсан байна. Олон жилийн ашиглалтын явцад моралийн элэгдэлд орсон. Доторх цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ хэвийн найдвартай ажиллах боломжгүй. Тиймээс цаашид засвар шинэчлэл хийхгүйгээр ашиглах нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1-д заасан “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэснийг ноцтой зөрчиж байна” хэмээн дүгнэжээ. Нэг үгээр хэлбэл уг барилгыг сэргээн засварлах боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Циркийн сургуулийнхан байрыг минь авах гэлээ хэмээн Дашчойлин хийдийнхнийг хардаж. Сэргээн засварлахад циркийн тоглолт, сургуулилт хийхэд гэр хэлбэрт дуганы өндөр хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж манежийн хэсгийн шалны түвшинг доош нь зохих хэмжээгээр ухаж болно дүгнэлт гарсан хэмээжээ. Харин Дашчойлин хийдийнхэн “Эх дагинын аймагт багтах гэр дуган. Үүнийг авч Зүүн хүрээнд нэгтгэж түүхийн дурсгалт байдлаар нь Дашчойлин хийд авах ёстой гэдэг асуудлыг тавьсан байна. Сэргээн засварлах ёстой, газрыг доош нь ухаж болно гэх маргаан гарах үед харин салбарын яамныхан түүх соёлын ховор газрыг сэргээн засварлахад 2013, 2014 онд нийтдээ хоёр тэрбум 700 сая төгрөг зарцуулна хэмжээн төсөвтөө суулгажээ.

Г.ЯЛГУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан

-ХЭН НЭГЭН УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ЧИНЬ УЛАНДАА ГИШГЭЭД БАЙХАД ЯАГААД ТҮҮНИЙГЭЭ ХАМГААЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ-

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

Өнгөрсөн лхагва гаригт “Eagle” телевизийн сэтгүүлчтэй таны маргалд­сан бичлэг цахим ертөнцөөр дуу­лиан тарив. Чухам юунаас болоод тийм үйл явдал болчихов оо?

-Авто замын түгжрэл ихтэй байсан учраас машинтай явахад хэцүү юм. Дээрээс нь хотын төвд машин парклах талбай байхгүй байна. Энэ мэт олон шалтгаанаас болоод хоцорч орсон нь үнэн. Болзсон цагаасаа хоцорлоо гээд санаа зовж, авто замын голд машинаа зогсоогоод гүйж орсон. Гэтэл биднийг тус телевизийн үүдэнд угтаж авсан бүсгүй хашгирч загнасан. Ярилцлага өгөх студирүү дагуулж явах замдаа чангаар хашгираад байхаар нь ”Одоо боль, битгий хашгирч загнаад бай. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Санаатай ярилцлага өгөх цагаасаа хоцорсон биш. Үнэхээр хожимдоод хэцүү байдалд хүргэчихсэн бол ярилцлага өгөхөө больё” гэсэн. Нөгөө бүсгүй студийн үүдэнд ирээд “ор” гэсэн. Нэг сэтгүүлч залуу тэнд байсан юм. Тэр залуубас л уурлаж ундууцсан.” Нэгэнт хоцорчихсон юм чинь яах вэ. Цагийг нь хойшлуулъя” гэж хэлтэл “Ер нь чамаас заавал ярилцлага авах албатай юу. Боль, яв та нар. Явахгүй юу” гэсэн. Чи яагаад ингээд байгаа юм гэтэл их муухай ааш авир гаргасан. Түүнийх нь хариуд би түлхсэн. Болсон явдал бол ердөө л энэ.

Та сэтгүүлчийг цохисон юм биш үү?

-Цохиогүй, түлхсэн.Тэр бич­лэгийг нь цахим ертөнцөд тавьсан байсан шүү дээ. Би сэтгүүлчийн нүүр рүү нь түлхсэн. Тухайн үед хоцорсон учраас яарч тэвдсэн стресстэй байсан. Сэтгүүлчийн бас эфирийнх нь цаг тулаад бухимдсан л биз. Тэглээ гээд бөөн уур уцаартай зочноо угтах биш, тайван асуудалд хандаад хоорондоо яриад шийдчих л асуудал шүү дээ. Иймэрхүү сайндаж муудалцах зүйл амьдралд өчнөөн л байдаг.

Энэ бол тийм чухал ярианы сэдэв болгоод байх асуудал биш. Ах хүндүү хүнээ түлхчихээ л биз. Дараа нь тэр сэтгүүлч залуугаас би уучлал гуйсан. Машины түгжрэлээс болж хоцорч түүндээ стресстэй байлаа.Та нар ч гэсэн уурлаж зохисгүй авирлахаа боль. Энэ бол гол асуудал биш гэж хэлсэн. Бид болсон зүйлийн талаар ярилцаад цай, ус уугаад учраа олсон. Тэгээд тус телевизэд ярилцлага өгсөн.

Тэр бичлэгт сэтгүүлч суудлаасаа босч явааднэг үг хэлсэн бололтой ам нь хөдөлж харагдсан дуу нь сонсогдоогүй. Тэр үед та босож ирээд түлхсэн байх. Сэтгүүлч юу гэж хэлсэн юм бэ?

-Намайг их муухайгаар хэлсэн л дээ. Би тэр сэтгүүлчид гомдоогүй. Бид дараа нь гарбарилцаад сайхан ойлголцсон. Хамтарч ажиллаад явъя гэсэн. 20 гаруй жил би “Eagle” телевизийг дэмжиж ажилласан хүн. Дуудах болгонд нь очоод ярилцлага өгч байсан.Тэглээ гээд би тус телевизээс шагнал, хөлс мөнгө авч байгаагүй. Тус телевизийн ажилтан биш. Нэгэнтээ намайг дуудаж аваачиж байгаа бол загнаж аваачих ёсгүй, урих ёстой. Энэ болёс зүй шүү дээ. Би ямар хийх юмаа олж ядаад, байх газаргүй дээд очсон хүн биш. Надад аж ахуйн болон улс төрийн ажил их байна. Тийм учраас тэр ажлуудаа зохицуулаад аминдаа очиж байгаа ухаантай юм. Тэр нэвтрүүлэгч залууг элдвээр хэлээд бусдын амны бай болгох сонирхол үнэндээ алга. Тэр залуу уцаарлаад янз бүр болсон байж болно. Түүний гараас нь тэгсэн ингэсэн гээд матаад янз бүрийн хэл амтатлах хэрэггүй. Би цагтаа түүн шиг залуу явсан. Гэвч одооны залуучууд ууртай, ааштай, хүний үг даахаа больсон байна. Бид чинь хүүхэд байхдаа ахмад хүнээс ухаан алдталаа айдаг байсан шүү дээ. Хажууд нь архи тамхи хэрэглэх нь битгий хэл зөрж өнгөрөхдөө хүртэл биеэ зөв авч явахыг хичээдэг байлаа. Одооны залуусын хошуун дээрх сүү нь ч хатаагүй мөртлөө баар хэсээд архи уугаад л явж байна. Бидэнд тийм хүмүүжил байгаагүй. Ахмадуудыг хүндэлдэг хайрладаг, эмээдэг. Буруу үйлдэл хийхээсээ ичдэг байлаа шүү дээ. Одоо бол ийм зүйл байхаа больсон байна лээ. Буруу зүйл хийчээд ээждээ зодуулдаг байлаа. Алгадуулдаг, суран тэлээгээр ороолгуулдаг байсан. Одоо бодоод байхад тэр үе ямар сайхан байсан юм бэ. Ээж минь байсан бол дахиад нэг алгадуулах юмсан гэж бодож байна шүү дээ. Ер нь залуучуудад хэлэхэд эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж байх хэрэгтэй. Эрэгтэй хүнийг хүндэлж байх хэрэгтэй. Аав ахтай минь адилхан шүү гээд ах захтай байх ёстой. Амьдрал тийм шүү дээ. Энэ залуус хэдэн жилийн дараа ах аав болоод явна. Энэ бол хүний ёс зүйтэй л холбоотой асуудал юм даа.

Сошиал ертөнцөд тэр бичлэг яагаад гарчихав. Уг нь тэр сэтгүүлчтэй та учраа олсон юм байна шүү дээ. Уучлал гуйгаад тэгтэл яагаад олон нийтэд цацагдав?

-Сошиал ертөнцөд УИХ-ын гишүүн М. Зоригт анх энэ бичлэгийг цацсан юм билээ.

Яагаад УИХ-ын гишүүн М.Зоригт цахим ертөнцөд цацсан гэж. Шалтгаан нь юу юм бол?

-Энэ хүн тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө “Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. МАН-ын дарга байсан Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би Сү.Батболдыг ярилцлага өгөх болгондоо шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү. Намайг яах вэ дээнэг удаа шоронд хийж айлгана биз. Чаддаг юм бол ирээд алчихгүй юу, тийм л мундаг юм бол. Үнэн юм үнэнээрээ л дуусдаг юм. Гурван сая ард түмэн дотор нэг иргэн нь болж төрчихөөд олонхийн төлөө амьдарч сур. Шинэ зуунд чинь олонхийнхоо төлөө амьдардаг нийгэм улс төрийн тогтолцоо дэлхий даяар ноёрхож байна. Түүнээс нэг хүнийг биширч шүтэж байдаг эрэн зуун дууссан байна. Одоо олонхиороо асуудлыг шийдээд цөөнхөө хүндэлье гэдэг зарчим ноёрхож байна.

Тэр бичлэгийг сошиал ертөнцөд тавьсан нь таны нэр хүндэд халдлаа гэж үзэж байгаа хэрэг үү?

-Энэ М.Зоригт гэдэг нөхөр санаатайгаар миний нэр хүндэд халдаж тэр бичлэгийг цацаж байгаа юм. Түүнээс аль хүн муудалцаж сайдахыг хэлдэг юм. Энэ чинь амьдрал. Үүнгүйгээр яаж амьдрах гээд байгаа юм. Тэгж байж ах дүү болдог. Алдаж онож сайн сайхан явдаг. Миний нэр хүндэд халдаж байгаа тэр хүнийцарай нь энэ.

МАН-ын дарга асан Сү.Батболдыг зэмлэж шүүмжлэх шалтгаан танд байсан юм уу?

-Сү.Батболд “Чингэс” зочид буудлыг үнэгүй авсан. Тэр “Чингэс” зочид буудал ард түмний өмч байсан шүү дээ. Дараа нь тэр “Ухаа худаг”-ийг үнэгүй аваа биз дээ. Одоо болио. Ард түмэнд тэр Таван толгойг үлдээ гэж хэлсэн юм. Тэр үгэнд эгдүүцээд байгаа байхгүй юу. Гол санаа нь энэ. Тэгээд миний нэр хүндэд халдаж, бичлэг тавьсан байдаг. Түүнээс тэр сэтгүүлч залуу бид хоёр зодолдсон биш. Тэр бичлэгийг сүр болгох хэрэггүй л дээ.

Та сэтгүүлч нарт дургүйцэж, эгдүүцдэггүй юм байгаа биз дээ?

-Сэтгүүлч нарт би эгдүүцдэг хүн биш ээ. Тэд ажлаа хийж яваа хүмүүс. Цаг хугацаанд баригдаад аль аль нь стресстэй байсан хэрэг. Түүнээс сэтгүүлч нарт дургүй учраас ийм зүйл болсон юм биш шүү дээ. Тэрүүхэн юмыг сүр болгож М.Зоригт гэж нөхөр миний нэр хүндэд халдах зэвсэг болгосонд хамаг асуудал байгаа юм. “Энэ муухай хүн. Түүний үгэнд орж болохгүй шүү. Таван толгойг Сү.Батболд авч идэх ёстой юм” гэж хэлж байгаа юм байх даа.

Бичлэг тавигдахдаа ямар нэгэн монтаж эсвэл сэтгүүлчийн хэлсэн үгийг хассан зүйлс анзаарагдсан уу. Тухайн үед болсон явдлыг танаас өөр хүн тэгсэн тэгээгүй гэж хэлж чадахгүй байх?

-Дууг нь аваачаад хаагаад хасаад тавьчихсан байна лээ. Болсон явдал сүртэй ч зүйл биш. Ажил хөдөлмөрөөс үүдсэн маргааныг яагаад улс орон даяар дамнасан хэрүүл маргаан болгож байгаа юм бэ. Ашиг нь юу юм. Тэр ашиг нь Таван толгойг хэдхэн гэр бүлард түмнээс хулгайлж идэх нь чухал байгаа юм.

Та бүхний гол асуудал сошиал ертөнцөд тавигдсан тэр бичлэг мэдээж биш. Таван толгойн асуудал. Гэхдээ Таван толгойг яагаад хулгайлах гээд байна гэж хардаж буй хэрэг вэ?

-Бидний ярих гээд буй гол асуудал гэгээн цагаан өдөр эрдэнэсийн том баялгийг минь хэдхэн хүн хулгайлж аваад явах гээд байна. Нийгэм эдийн засгийн хямралын үеийг далимдуулж хэдхэн төгрөгөөр авах гэж байна. Энэ л чухал асуудал. Тухайлбал, хэн нэгний гэрт нэг хүн ороод “Танайд идэх юм алга. Талх өгье. Чи ээжийнхээ алтан ээмэг бөгжийг өгчих” гэвэл өгөх үү. Өгөхгүй биз дээ. Үүнтэй адил юм. Өнөөдөр улсэх оронд тулгараад байгаа Оюу толгой, Таван толгойн асуудал байна. Дээр ньЭдийн засгийн хямрал болж. Одоо энэ бүхнээ яах юм. Би намын даргын хувьд яаж дуугүй байгаад байх вэ. Яг энэ асуудлаар ард түмэндээ хандаж хэдэн үг хэлэх ёстой гэж боддог. Тийм ч учраастэр телевизээр ярьсан. “Оюу толгойн гэрээгээ хийхгүй бол бид баларна шүү, хямрал болж байна” гээд тухайн үед төр засгийг толгойлж байсан хүмүүс ярьж байсныг санаж байгаа байх. “Үүнийг би толгойгоороо хариуцна” гээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр тухайн үед хэлж байсан. Нэг том долларын зураг барьчихаад зургаа авахуулаад л явсан хүн. Тэгээд нөгөө Оюу толгойн гэрээг хийчихсэн чинь Оюу толгой нь зогсчихсон.

Оюу толгойн гэрээ хуумгай болсон Таван толгойн гэрээ бас тийм байдалд хүрчих вий гэж болгоомжилж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Энэ гэрээг хийсэнд надад ямар нэгэн буруу байхгүй. Ардтүмэнд буруу байхгүй. Тухайн үеийн төр засгийг удирдаж байсан хүмүүсийн л буруу шүү дээ. Хэдэн дарга нарын хийж байгаа ажил. Гэрээг шударга авлигагүй, хөрөнгө оруулагчийн болон Монгол Улсынхаа эрх ашгийг бодолцон хийж болно. Дэлхий дээр зөндөө сайхан төслүүд хэрэгжиж байна. Манай улсад яагаад ийм төслүүд амжилт олохгүй байна вэ. Хамгийн гол нь манай дарга нар гадаадынхныг дарамталж авлига авах гээд байна. Тийм учраас энэ гэрээ хэлэлцээр чинь явахгүй байна.

Оюутолгойгоос авлига аваад хийсэн гэж хэлж байна уу?

-Авлига аваад гэрээ хэлэлцээр хийчихсэн. Монгол Улсад ашиг байхгүй, зөвхөн үүрэг авсан гэрээ хийчихсэн. Түүгээр нь явах гэхээр татвар, түрээсч авсан юм байхгүй, бүх юм дуусчих гээд байдаг. Одоо тэр гэрээ нь гацчихсан. Таван толгойг асар их өртэй, Каяманы арал цаашаагаа Люксембург, Хонконг гээд дандаа гадаадад бүртгэлтэй компаниар дамжуулж аваад Монголын талд зөвхөн үүрэг хүлээлгээд гадаадынхандболохоор ашиг орлогыг нь хуваарилах гээд буй дүр төрх анзаарагдаж байх жишээтэй. Монголчууд бид чинь тийм тэнэг хүмүүс биш. Энэ улс чинь эзэнтэй, иргэнтэй, төртэй хуультай. Тэр хуулийг, төрийг үл тоож байна. Төр гэдэг хэн юм. Ард түмэнд үүрэг амлалт өгч гарч ирсэн улс төрчид. Амлалт үүргээрээ МАН түрүүчийн сонгуулиар юу гэж хэлж байсан билээ. “Таван толгойн 51 хувийг ард түмэндээ өгнө” гэж амлан гарч ирээ биз дээ. Ард түмэндээ ашиг ноогдол өгөөд улс орноо хөгжүүлнэ гэж байсан. Одоо тэгээд таг чиг байна. Яагаад намын дарга нар мэдэгдэл хийхгүй байна вэ. Дуугүй байна гэдэг чинь энэ хуудуутай булхайг дэмжиж байна гэсэн үг. Эсвэл тэд өөрсдөө хувь эзэмшсэн, оролцсон өөрийнхөө эрх ашгийг аваачаад шургуулчихсан байгаа. Тэгэхээр ард түмэн төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хэн нь хэнбэ гэдгийг ялгажсалгах цаг болсон.

Таныхаар бол энэ гэрээг сайн хийчих хүн энэ төрд алга уу?

-Хаа очиж нэг хүн байна. Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд.

Энэ хүн 51 хувийг нь төрийн мэдэлд үлдээж Таван толгойг хоёр дахь Эрдэнэт болгох ёстой гэж хэлж байна. Үүнд нь би талархаж байгаа. Ганц хүн ч гэсэн ингэж хэлж байгаа нь сайхан хэрэг. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин яагаад дуугүй байна вэ. Ард түмнийхээ талд Таван толгойг шийдэх юм уу. Арван гэр бүлд Таван толгойг өгөх юм уу. Ийм л асуудал байна.

Арван гэр бүл л гээд ярилаа. Ямар учиртай хүмүүс вэ?

-Таван толгой гарав гаруй гэр бүлд өгөхгүй бол Монгол Улсын эдийн засаг хямралд орлоо шүү гээд байх юм. Энэ талаар сайт хэвлэл мэдээллээр ойрын өдрүүдэд эрчимтэй явж байна. Гэтэл Монгол Улсын эдийн засаг аль хэдийнэ хямарчихсан. Хямарчихсан байхад өргөс авч байгаа юм шигтэр арав гаруй гэр бүл хямралыг сугалаад авна гэвэл худлаа. Тэр гэр бүлүүд үүнийг далимдуулж өөрсдийнхөө тавьсан асар их өр зээлээ нөхөн төлж үлдсэнийг нь идэх гээд явж байна. Тэр гэр бүлийг Монгол Улс даяараа л мэдэж байна. П.Очирбат гуай, О.Содбилэг, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Энх-Амгалан гээд 20 орчим хүн байна лээ.

Таван толгойн таны байр суурь юу юм бэ?

-Таван толгой бол ерөөсөө Монгол Улсын хоёр дахь Эрдэнэт. Монгол Улс хувийн хэвшилтэйгээ нийлээд 21 миллиард ам.долларын өрөнд орчихоод байна. Үгүйдээ гэхэд тэр Таван толгойгоос тэр мөнгөө авч өрөө дардаг юм байгаа биз дээ. Тэгэхгүй юм бол юугаар өрөө дарах гээд байгаа юм бэ. Энэ арван гэр бүлд өгчих юм бол юу болох юм. Улсын өр 6.5, аж ахуйн нэгжүүдийн өр 14.5 миллиард байна. Тэгэхээр бид өнөөдөр юугаарэнэ өрийг дарах юм. Энэ бол нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал Таван толгойгоороо сайн бизнес наймаа хийх хэрэгтэй. Иргэдээ өмч хөрөнгөтэй болгох хэрэгтэй. Сү. Батболд, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл нарт эмнэлэг сургууль барьж өгөх асуудал бол энэ биш юм. Монголын ард түмэнд барьж өгөх хэрэгтэй байна. Эд нар чадахгүй бол дараачийн Засгийн газарэнэ ажлыг хийнэ. Улс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө Таван толгойн асуудлыг зөв шийдэж хөрөнгө болгох хэрэгтэй. Үүнийг хийж чадах хүнээр ньхийлгэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар М.Энхсайхан хийж чадахгүй юм шиг байна. М.Энхсайхан саяхан л “Таван толгойн 51 хувийг нь ард түмэндээ авч өгнө шударга ёс тогтооно” гээд хашгирч байсан. С.Удвал гэж нэг эмэгтэй бас лхашгираад байсан. Тэдхаачсан бэ. Яагаад өмнө нь ярьж байсан зүйлээсээ эсрэг юм яриад яваад байна. Мэдээлэл гэдэг бол дөрөв дэх засаглал. Хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын 76 гишүүний байр суурийг яагаад олон нийтэд хүргэхгүй байна вэ.

Тэдэнтэй ярилцлаа гээд асуудал шийдэгдэх үү?

-Хэрэв тэдэнтэй ярилцлага хийвэл тэдний ямар байр суурьтай, хэн нь хэн бэ гэдгийг ядаж ялгаж болно. Хэн үнэхээр ард түмэн эх орныхоо төлөө байна гэдгийг харах нь чухал. Удахгүй сонгууль болох гэж байна. АН бас 51 хувийг нь ард түмэнд өгнө гэж амласан. Одоо тэгсэн таг чиг. Иргэдийн хяналт сул болохоор “Энержиресурст” Таван толгойг өгөх гээд байна. Хувьцаа эзэмшигч нь Ж.Оюунгэрэл С.Баяр, Г.Батхүү, Сү.Батболд нар. Нөгөө арав гаруй гэр бүл. Сү.Батболд хувьцаа эзэмшдэггүй гэж хэлдэг. Гэвч хэн хэн хувьцаа эзэмшдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Ард түмэн үүнийг мэддэг болсон. Надтай адил санаа бололтой олон хүн байгаа. Өөрсдийнхөө төлөө гар хумхиад суух хэрэггүй тэмцэх л хэрэгтэй.

Тантай адил санаа бодолтой олон хүн байгаа юм бол яагаад ил гарч ирээд энэ тухай ярихгүй байна вэ?

-Тэд Жагаа их зөв ярьж байна шүү гээд намайг дэмжээд гэртээ хэвтчихээд интернэтээ ухаад сууж байна. Гарч ирээд үгээ хэлээчгэхээр “Хувийнхаа ажлыг хөөцөлдөөд завгүй байна” гэдэг. Тэд залхуураад байна, энэ чинь буруу шүү дээ. Би л ганцаараа яриад байдаг. Би тэр Таван толгойг авах гээд байгаа юм биш. Ард түмэнд авч өгөхийн тулд яриад байна. Энгийнээр хэлэх юм бол та сая төгрөгтэй байж түүнийгээ арван төгрөгөөр солих уу. Ямар чхүн сая төгрөгийгнь л авна шүү дээ. Таван толгой ийм лбайдалд очоод байна. Ард түмэн өөрсдийнхөө эсрэг тэмцэх ёстой. Бүгд гарч гудамжинд зогсох хэрэгтэй. Манайхан ардчилал гэдгийг огт ухамсарлаагүй байна. Ардчилалд эрх гэж бий ч үүрэг гэж бас байгаа. Гэтэл эрхээ яриад байдаг атлаа үүргээмэдэхгүй байна. Хэн нэгэн улс эх орны эрх ашгийг чинь уландаа гишгээд байхад яагаад түүнийгээ хамгаалахгүй байгаа юм бэ. Нийтээрээ бид хамгаалах ёстой. Хувалз шиг хүмүүс төрд шигдчихээд байна. Сонгож болохгүй 100 улс төрчийн жагсаалтыг манай нам удахгүй гаргана. Тэд биднийг хуурч дөрвөн жил сонгочихоод гарсан хойноо хамаг юм цөлөмдөг. Ард түмнээ доромжилж, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэлдэг. Тэгэхээр бид үүргээ муу биелүүлээд байгаа юм. Эх орныхоо төлөө ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө бид өөрсдөө энэ цаг үед тэмцэж байж эх орноо хөгжүүлж, байгалийн баялгаа хамгаалж чадна.

Г.ЯЛГУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын ерөнхий прокурорт яригдаж буй хүмүүсийн хэн нь хэн бэ?

Хууль зүйн сайдаар оны өмнө томилогдсон Д.Дорлигжавын хуучин албанд хэн очих нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр арав орчим хүний нэр Улсын ерөнхий прокурорт яригдаж буй гэх мэдээлэл цацагдаж байна. Эдгээр мэдээллээс харвал Улсын Ерөнхий прокурор болох магадлалтай хүмүүст Улсын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Сингапурт суух Элчин сайдын албанаас чөлөөлөгдөн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Б.Дэлгэрмаа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нарын нэр явж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалжийн мэдээлснээр Улсын ерөнхий прокурор болох магадлалтай нь Г.Эрдэнэбат, Б.Бат-Орших, П.Цагаан, Н.Ганболд, Ч.Өнөрбаяр нарын нэр хүчтэй явж байна. Гэвч Ерөнхийлөгч хэнийг энэ албанд тэнцэх эсэхийг дэмжиж нэрийг нь УИХ-д оруулах нь тодорхойгүй гэдгийг хэлж буй юм.

Хуулиараа бол Улсын ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Ингэхдээ 35 нас хүрсэн, хуульч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг санал болгоно гэж заасан байдаг. Үүнээс өөр нарийн шалгуур байхгүй гэнэ. Дээрх шалгуурыг дийлэнх нь хангахаар байгаа юм. Монголын Хуульчдын холбоо шалгалт авч, гишүүнээр бүртгэж, прокурор, шүүгч, өмгөөлөгч, тэдгээрийн туслах, хуулийн сургуулийн багш нарыг энэхүү категорт хамруулаад байгаа нь нэр дэвшигч нарт ихээхэн боломж олгож буй юм. Арван жилээс доошгүй жил ажилласан гэх шалгуурыг Г.Эрдэнэбат, Б.Бат-Орших нар давах боломжтой харагдаж буй гэж байгаа ч нэр нь яригдаж байгаа хүн бүрт энэ боломж бий. Иймд тэдний хэн нэг нь нэр дуулдаж буй хүмүүсээс Ерөнхий прокурор болох магадлал арай өндөр гэж яригдаж байв. Сар гаруйн өмнөөс явсан энэ прогноз одоо харин өөрчлөгджээ.

Прокурорын эх сурвалжаас авсан мэдээллээр Г.Эрдэнэбат Завханы гаралтай. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн найз ойрынх нь хүмүүсийн нэг гэх. Б.Бат-Орших Увс аймгийнх. Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай нэг нутгийнх. Нутгийн дүүгээ Хууль зүйн сайд зүтгүүлсэн ч нэг их дэмжигдэхгүй байгаа гэв. Тэгэхээр хуулийн салбараас, прокурор дундаасаа Улсын ерөнхий прокурор нэгэнт төрөхгүй болсон нь тодорхой болсон бололтой. Гэвч прокурорууд “Хэн ч ирсэн ажил явдаг жамаараа явна. Дотроосоо бус гаднаас томилогдох нь тодорхой” хэмээж байна.Хуулийн салбарынхны яриагаар бол өөрснөөс нь хүн сонгогдохгүй болсныг мэдэж буй бололтой юм. Зарим нэгэн хүний нэр дурдагдаж буй ч тэр бүхэн энэ албан тушаалд яригдаагүй. Тэдний хувийн тоглолт байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тэгэхээр П.Цагаан, Б.Дэлгэрмаа Ч.Өнөрбаяр нарын дунд сунгаа явах боломж бүрдсэн гэж хэлж болох ч Ч.Өнөрбаярын нас хүрэхгүй байгаа юм байна. Үлдсэн хоёр өрсөлдөгч Улсын ерөнхий прокурорт тунаж буй. Арваас доошгүй жил хуулийн байгууллагад ажилласан гэдгийг хэрхэн авч үзэхээс хамаарч Улсын ерөнхий прокурорын сунгаа явах нь. Учир нь УИХ-д сууж, сайдын алба хашиж байсан зэрэг нь хуулийн байгууллагад ажилласан жил гэж үзэх юм бол нэр дурдагдсан хүмүүсээс энэ шалгуурыг хангаагүй хүн бараг л гарахгүй юм байна.

Хамгийн магадлалтай хүнээр Б.Дэлгэрмаа тодорч байгаа сурагтай. Түүнийг Ерөнхийлөгч дуудаж уулзсан гэх албан бусмэдээлэл ч байгаа юм. Мөн хуулийн хүрээнийхэн “Б.Дэлгэрмаа болох юм биш үү” гэсэн таамагтайгаар ойрын өдрүүдэд сураг тавьж байгаа аж. Юутай ч Улсын ерөнхий прокурор хэн болох сунгаа олон таамаг эргэлзээ дунд далд өрнөж байгаа. Энэ сунгааны эзэн хэн байхыг Ерөнхийлөгчийн “дэлгэсэн хөзөр” удахгүй харуулах биз ээ.

Б.ДЭЛГЭРМАА

Тэрбээр 1982-1986 онд Улсын прокурорын газарт прокурор,1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх,1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал, 2012-2014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.

П.ЦАГААН

1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ийн хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ (Одоогийн ОХУ)-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан. БСШУ-ны сайдаар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

Г.ЭРДЭНЭБАТ

Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж буй Г.Эрдэнэбат даргаа томилогдох хүртэл албыг нь түр хариуцаж байгаа. Тэрээр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тухайн үеийн Цагдаагийн дээд, Батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Уралын хуулийн академийг төгссөн. 1994 оноос одоог хүртэл хуульчийн мэргэжлээр ажиллаж байгаа туршлагатай хуульч. Ажлын гараагаа хилийн цэргийн офицероос эхэлж, БХИС-д багш, Хилийн цэргийн удирдах газрын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар ажилласан. Цаашлаад 2010 онд УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар, 2013 оноос өнөөг хүртэл Ерөнхий прокурорын орлогчоор ажилласан.

Б.БАТ-ОРШИХ

Нийслэлийн прокурорын орлогч Б.Бат-Оршихын хувьд мөн л прокурорын байгууллагад ажиллаж ирсэн нэгэн. Увс аймгийн Зүүнговь суманд 1978 онд төрсөн. 1999 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг төгсч хуульч мэргэжил эзэмшсэн. Удирдлагын академийг 2009 онд төгссөн. Ингээд М.Алтанхуягийг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхад нь туслахаар ажилласан гэдэг. УЕПГ-ын Шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт прокуророор ажиллаж байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь түүний ах. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор болоод Б.Бат-Оршихыг Нийслэлийн прокуророор томилсон байдаг.

Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж хуульд заасан. Нэг ёсондоо эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих, хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэх, байцаан шийтгэх ажиллагааг ерөнхийд нь удирдан явуулах эрхтэй. Эдгээр эрх, үүрэг прокурорын байгууллагыг “хүчтэй” бас хариуцлагатай болгодог. Харин Улсын ерөнхий прокурор бүх шатны прокурорын байгууллагыг толгойлдог. Тэгэхээр энэ албан тушаал хуулийн салбартаа нөлөөтэй том албан тушаалд яах аргагүй тооцогддог учир олны анхаарлын төвд байхаас аргагүй юм.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ нийгэм

“Бодь групп” нэрийг хэн ч эзэмших эрхгүй болжээ

Монголд хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн ардчиллын үйл явцтай зэрэгцэн анхны хувийн компаниуд бий болсноос хойш даруй 25 жил өнгөрч байна. Компанийн хөгжлийн түүхийг Монголынхоо хөрсөн дээр бичилцэж яваа үндэсний компаниуд дотроос хөрөнгө оруулагчдынх нь хоорондын зөрчил ил өрнөж, өмч хөрөнгийн маргаан нь шүүх хүртлээ үргэлжлэн өндрөө авсан бараг анхны жишээ нь “Бодь” группийг тойрсон асуудал гэхэд болно.

Банк, санхүүгийн салбар, цаашлаад эдийн засгийн секторт ихээхэн нөлөө бүхий “Голомт” банкны хувь заяа яригдсан, олны танил улстөрч Л.Болдын карьер хөндөгдсөн гэдэг утгаараа шууд л бизнес, улстөрчдийн сонирхлыг татаж байсан. Тэгвэл хоёр жил шахам ил, далд өрнөсөн хөрөнгө оруулагчдын маргааны төгсгөл нь “Бодь” гэдэг брэнд нэрийг хэн эзэмших вэ гэдгээ шүүхээр шүүн хэлэлцүүлсэн явдал боллоо. Энэ маргааныг өнгөрсөн оны тавдугаар сард Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж эхэлсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхээр хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргасан байна. Гурван шатны шүүх нэг ижил шийдвэрийг гаргасан юм. Иргэн Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн Улсын бүртгэлийг цуцлах нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 26-нд гаргалаа.

Энд нэр дурдагдаж буй Л.Болдхуяг нь улстөрч Л.Болдын төрсөн дүү гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэдний зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагаж, “Бодь групп” гэдэг нэрийг ашиглах боломжгүй болсноо илэрхийлсэн.

Олон нийтэд нэгэнт танил болсон гэдэг утгаараа “Бодь” нэрийг тойрсон энэ маргааны учрыг тайлбарлахгүй бол хэрэглэгчдийн толгой эргэж байгаа нь нууц биш. Жишээ нь “Бодь даатгал” ХХК л гэхэд манайдаа машинтай хүн болгоны тал нь үйлчлүүлдэг компани.

Эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар өнөөдөр “Бодь” нэрийг эзэмшиж байгаа компаниуд жишээ нь “Бодь даатгал”ХХК, “Бодь инвест” ХХК, “Бодь цамхаг” ХХК зэрэг нь энэ нэрээ үргэлжлүүлэн эзэмших юм байна. Харин эдгээр “Бодь” нэртэй компаниудыг эзэмшиж байгаа Л.Болдхуяг нар өөрсдийн компанийн нэгдлийг “Бодь групп” гэх нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг шүүх үндэслэлгүй гэж үзэн цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр яагаад ингэж гарсан, ингэснээр хэнд ямар ашигтай талаар ярихын өмнө нэг тайлбар хийх хэрэгтэй болов уу. Хуваагдсан хөрөнгө оруулагчдын нөгөө тал болох Д.Баясгалангийн эзэмшилд “Бодь интернэйшнл” ХХК үлдсэн бөгөөд тэрээр уг компаниа мөн энэ нэрээр нь эзэмших бололцоотой юм. Гэтэл тэрээр “Бодь групп” ХХК гэдэг компанийг Л.Болдхуяг, Л.Болд нар эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг эсэргүүцэн анх шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэрчлэн иргэн Д.Баясгалан яг энэ нэрээр буюу “Бодь групп” ХХК-ийн нэртэй компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр давхар хүсэлт гаргаснаар маргаан эхэлжээ.

Л.Болд, Л.Болдхуяг нарын аав С.Лувсанвандан гэдэг хүн анх 1989 онд “Бодь хоршоо” нэртэй бүрэн бус хариуцлагатай компанийг байгуулан оёдлын цех, жижиг дэлгүүр зэргийг ажиллуулж эхэлсний үндэс суурин дээр “Бодь” ХХК үүсч, улмаар түүний хүү Л.Болд 1996 онд “Бодь” ХХК-ийг төлөөлж иргэн Д.Баясгалан, иргэн М.Зоригт нартай хамтран “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Ингэхдээ “иргэн Л.Болд” гэдгээр бус, харин “Бодь ХХК-ийг төлөөлж Л.Болд” гэдгээр компани үүсгэн байгуулах шийдвэр, гэрээнд гарын үсэг зурж оролцсон байдаг. Эдгээр баримт бичгүүдэд тусгасан хамгийн гол асуудал нь “Бодь” гэдэг нэр оролцуулж хараат болон охин компаниуд байгуулахыг үүсгэн байгуулагч “Бодь” ХХК зөвшөөрсөн байдаг. Хууль эрхзүйн холбогдох бичиг баримт талаас “Бодь” нэрээр дахиад компани байгуулах эрх нь “Бодь” ХХК-д буюу Л.Болд нарт байгаа гэж харагдаж байна. Харин анхан шатны шүүх уг маргаанд холбогдолгүй заалтыг үндэслэн Л.Болдхуягийн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахаар шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч нь үзэж байна. Ийм ч учраас Л.Болд, Л.Болдхуяг нар өөрсдийнх нь эрхийг хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан аж. Тэдний хувьд аавынх нь төрж, өссөн газар Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Бодь толгой, Бодийн хар ус гэдэгтэй компанийнх нь нэр салшгүй холбоотой. Тэр тусмаа яг энэ нэрээр аав нь анх байгуулж, өвлүүлж үлдээсэн гэдэг утгаараа яах аргагүй нэрийг өмчлөх учиртай гэж өөрсдөө үзэж байгаагаа шүүхийн шатанд ч, хэвлэлээр ч ил тод илэрхийлсээр ирсэн.

Шүүхийн шийдвэр хэрхэн гарав?

Тэгвэл компанийн нэрийн маргааныг хэлэлцсэн анхан шатны шүүх Л.Болдхуягийн бүртгүүлсэн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахыг, улмаар иргэн Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан шийдвэр гаргаж байсан. Энэхүү шүүх хурлын бүтэн видео бичлэг нийтийн мэдээллийн сүлжээнд ил тавигдсан ба маргаанд оролцогч тал болох “Бодь” ХХК шүүх хурлын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, шууд нөгөө талын эрх ашгийг баримталсан шийдвэр гэж тухайн үед мэдэгдэж байжээ. Улмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр илэрхий нэг талыг баримталсан гэх хөндлөнгийн шүүмжлэлийг дагалдаад “Л.Болд банкаа, компаниа, цаашлаад аавынхаа өгсөн нэрийг ч булаалгалаа” гэсэн ойлголт тодорхой хүрээнд бий болсон нь ч үнэн. Энэ бүхний дараа давж заалдах шатны шүүх асуудлыг хэлэлцэхдээ ёстой л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг байдлаар шийдвэр гаргасан гэлтэй. Учир юу гэхээр анхан шатны шүүхээс гаргасан “Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлах” шийдвэрийг хүчинтэй үлдээгээд “Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК”-ийг бүртгэхийг даалга” гэсэн шийдвэрийг нь хүчингүй болгожээ. “Ингээд булаалдаад байх юм бол аль аль нь хоосон хоцор” гэсэн байдлаар хандсан мэт. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дунд бас нэг логикийн зөрчил байгаа нь иргэн Д.Баясгалангийн өмнөөс гомдол гаргасан “Бодь интернэйшл” ХХК-ийг итгэмжлэлгүй гэж үзсэн мөртлөө гаргасан гомдлынх нь мөрөөр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн явдал аж. Гэсэн хэдий ч Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Шүүхийн шийдвэр хэнд ямар ашигтай вэ?

Гурван ч шатны шүүхээр хэлэлцэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагахаа иргэн Л.Болдхуяг мэдэгдсэн ч “Бодь” нэртэй компаниудын нэгдэлдээ энэ нэрийг оноон өгөх эрхээ хаалгасандаа тэрээр мэдээж гомдолтой үлдсэн нь тодорхой. Нөгөө талд нэрийг булаацалдан гомдол гаргасан хуучин хувь эзэмшигч Д.Баясгалан ч уг нэрийг эзэмших эрхгүй болсондоо гонсгор байгаа биз. Гэхдээ гомдол гаргасан Д.Баясгалангийн хувьд нийгэмд “Болд” гэсэнтэй бараг адил уншигддаг “Бодь” хэмээх нэрийг цаашид өөрийн бизнестээ ашиглах чин хүсэлтэй гэдэг юу л бол. Ийм нөхцөлд “Бодь” гэсэн нэрээр цаашид үйл ажиллагаа явуулах нь бизнесийн үйл ажиллагаанд нь таатай нөхцөл, нэр хүнд авч ирэхгүй гэдгийг “Голомт” банкны тэргүүн Д.Баясгалан сайн мэдэх хүн.

Г.Ялгуун

Categories
мэдээ цаг-үе

Буруу эргэлт буюу зөн совин

“Шинэ үе” продакшны хамт олон өнгөрсөн жилээс “азгүйтэж” эхэлсэн. Хамтлагийн гишүүдтэй нь холбоотой дуулиан шуугиан, хэл амтасраагүй. Хийж бүтээж, гэрэлтэж яваа залуусаар хүрээлэгдсэн атлаа энэ хамтлаг нэг л ёозгүй байх болсон. Тус продакшны бие дааж гаргасан анхны кино байдаг. “Буруу эргэлт” гэсэннэртэй.Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд тэдгээр залуус буруу зүйл рүү санамсаргүйгээр орж тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Яг л энэ кино шиг “Шинэ үе”-ийнхэнч буруу зүйл рүү орчихоод тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаа юм шиг санагдах болов. Тэд энэ эргэлтээс гарахын тулдюугаа золиосолж цаашбас ямар эрсдэл хүлээх ёстой юм бол. Жил гаруйн өмнө янз бүрийн асуудалд орооцолдож, хамтлагийнхан тархай бутархай байдалтай байгаа тухай мэдээлэл нь цахим ертөнцөөр гарах болсон. Үүний дараахан аялан тоглолтоор явж байхдаа тус хамтлагийн эмэгтэй жүжигчид бие бие рүүгээ халуун ус цацалцсан гэх хэрэг гарч багагүй хэл амны бай болсон. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө продакшны хамт олон ӨМӨЗО-нд аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд орсон харамсалтай мэдээ ирэв. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан бол А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл авчээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор авчирсан байна. Талийгаачийг сүүлчийн замд нь маргааш үдэхээр болжээ. Энэ харуусал дагуулсан эмгэнэлтэй мэдээголон хүн сонсоод “Шинэ үе”-ийнхэн чинь юу болчихоо вэ гэж халаглаж байна. Цэл залуухан идхийж бүтээх насандаа амиа алдсан Т.Билгүүний араас харамсаад баршгүй нь. Олон хүн энэ тухай цахим ертөнцөд жиргэж, талийгаачийн араас буян ном хуруулж, зул өргөх тухай ярилцаж, өдөр судар товложбайна. Баруун дөрвөн замд байрладаг Үйлдвэрчний соёлын төв ордонд талийгаачтай салах ёс хийнэ. Гэмтсэн А.Энхжин, Р.Алтансүх нарыг удахгүй Хөх хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлэхээр болсонгэнэ. “Шинэ үе” продакшны жүжигчид Улаанбаатарт иржээ.

Тус хамтлагийн жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг цахим ертөнцөд дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна. Тэрбээр талийгаачтай хамт байсан сүүлчийн хормынхоо талаар ийн бичжээ. Ахыгаа маш ихсанаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна. Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг… Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг.ҮүнийгБилгүүн ах facebook-т тавина гээд л, би яахын гэхэд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.Билгүүн ахын хуурамч facebook нээж “Би амьд” гээдбичээдбайгаа хүмүүс арай ч дээ… Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тан шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно…” хэмээжээ.

Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Т.Билгүүн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин болсон байна. Анх тайзан дээр гарсныхаа дараа “Би ч жүжигчин болох болоогүй юм байна даа” гэж байжээ. Хошин шогийн тоглолттой байж, хүмүүст тэвэр тэврээр инээд бэлэглэдэг ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил “Намайг хүмүүс хошин шогийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна” хэмээн даруухан “загнаж” байсан аж.

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байжболох талаарүеийнхэн нь ярьж байна. Хөгжилтэй нэгэн ч дэггүйтэж, буруу зүйл хүнд хийж яваагүй цайлган нэгэн байсан тухай найзууд нь дурсчээ.

“Буруу эргэлт” кино нь дөрвөн залуугийн нөхөрлөлөөр эхэлж эцэст нь буруу зүйлтэй хутгалдаж, тэр эргэлтээсээгарч чадахгүй байсаар амиа алдаж буйтухай өгүүлдэг. Харин ганцхан Т.Билгүүний дүр тэр кинон дээрээ амьд үлддэг. Тэгвэл саяхан youtube-т “Гэгээн домог”,”Шинэ үе” Т.Билгүүн гэсэн хошигнол байхыг олж үзлээ. Үүн дээр “Чи минь сонсооч…” гээд дуучин Болдын дууг дуурайж дуулж буй бололтой. Автозамын голд төгөлдөр хуур даран дуулж байх аж. Тэгж байтал нэгэн цагаан өнгийн жижиг ачааны машинхурдтай ирээд түүнийг төгөлдөр хууртай нь хамаад аваад явчихаж байгаа харагдав. Кадр солигдсоны дараа тэрбээр зүүж байсан нарны шилнийх нь нэг тал байхгүй “…Ийм болохоор чамдаа хайртай. Илүү зүйл хэрэггүй” хэмээн дуулах аж. Энэ бол түүний цагаахан хошигнол байсан байх. Гэвч магадгүй үхлээ зөгнөсөн ч юм билүү гэсэн бодол төрж буй юм. Тэр бичлэг саяхных гэдэг нь дамжиггүй. Уран бүтээлчид ер нь үхлийг зөгнөсөн байдаг нь тэдний бүтээл туувил, яруу найргаас нь тод мэдрэгддэг. Уншигч та санаж байгаа бол Б.Есүгэн охины тухай энд өгүүлье.

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Тэмүүлэл” ХК-ийн барилга дээрээс өргөгч кран унаснаас болж 12-хон настай Есүгэн охины дээр унаж, түүний алтан амийг авч одсон. Тэрээр өөрийнхөө үхлийг харамсалтай хэрэг явдал болохоос өмнө зөгнөж байсан мэт “хэрвээ би насан эцэслэвэл тэнгэр дэх сахиусан тэнгэр болно” хэмээн дэвтэртээ тэмдэглэн бичиж байсан байдаг. Талийгаач охины бичсэн шүлгүүд хэн хүнд нэгийг бодогдуулж, үнэндээ түүний гар, сэтгэл оюунаар тэрлэгдсэн шүлэг нь охиныг авьяасын охь ундарга байсныг баталж өгсөн юм.

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан гэдэг. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзсэн байдаг. Харин түүнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сүүлийн үед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бүтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан гэдэг. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа нас барсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.

Энэ асуултанд янз бүрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн гурван зуун хүний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хүний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хүний нэг нь энэ тухай ярихаас ч эмээж цэрвэдэг бөгөөд муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэдгээ хэлжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцүү. Гэхдээ хүнд зургаа дахь мэдрэхүй нь эртнээс бийгэдгийг бид ч, эрдэмтэд ч баталдаг. Yүнийг эрдэмтэд зөн совин хэмээн хэлж заншиж ирсэн байх магадлалтай байдаг. Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон байсан байх.

Yхлээ харсан байдаг зарим авьяастны талаар эрдэмтэд тайлбар хийхдээ хүний эмзэг сэтгэлтэй холбоотой гэсэн байдаг. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айдаг байна. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг муу совинд хүн амархан итгэдэг гэнэ. Австрийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд утсаар ярихаас үхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хүн дуугарах нь шөнийн харанхуйд сүнс амилах шиг болж муу ёр дууддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хүмүүст ч бас зөв совин байдгийг мартаж болохгүй юм. Мэдээж өөрийн үхлээ зөгнөсөняруу найрагчид бол олон байдаг. Пастернакийн яруу найрагч, зохиолчдод “Өөрийн үхлээ зөгнөж бүү бич” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Тийм ч учраас үг амьтай гэдэг. Хүний сэтгэлээс гарч буй учир тэр үг бас зөн совинтой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Дээрх алдар цуутнууд шиг Т.Билгүүн ч тэр цагаахан хошигнолоороо бас үхлийг зөгнөсөн нь бидэнд баримтболж үлдсэн байж мэднэ. Хүн төрөлхтөнд угаасаа ёр бэлгэ гэж байсаар ирснийг дээрх жишээнүүд бэлхнээ нотлох биз ээ.

Г.ЯЛГУУН