Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөрс, хог хаягдал, халдваргүйтгэл хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмөнхтэй ярилцлаа.
Author: ЦОГТЖАРГАЛЫН УЯНГА
Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе
Улс төр
• Даваа гаригт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.
• Мягмар гаригт: Төсвийн байнгын хороо хуралдаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
• Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.
• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно. Мөн Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонсоно.
• Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
• Лхагва гаригт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
• Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” асуултын хариуг сонсоно.
• Инноваци, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
• Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
• Пүрэв гаригт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв баасан гаригуудад болно. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг 17 хуулийн төслийг хэлэлцэнэ.
• Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд 8-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Шүүх хурал
• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 36 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.
Лекц, форум
• Японы “Бивако гакүйн” дээд сургуулийн захирал, Японы боловсрол судлаач Окита Юкүжи-гийн “Япончуудыг бүтээсэн боловсрол” номын нээлт, “Япон үндэстнийг бүтээсэн боловсролын нууц” нээлттэй лекц зургадугаар сарын 8-нд Монгол Улсын их сургуулийн Номын сангийн байрны гурван давхарт 302 тоотод 12:20 цагаас болно.
• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Инновацийн түншлэл” форум өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 13:00 цагт болно.
• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Инновацийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл болоод нийгмийн хариуцлага”-ын талаарх хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Блю Скай зочид буудалд зохион байгуулагдана.
• “Монголын инновацийн долоон хоног” арга хэмжээний хүрээнд “ICT Mindgolia-2023” форум зургадугаар сарын 8-нд Шангри-Ла зочид буудлын их танхимд 8:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Уран бүтээлийн үзэсгэлэн
• Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 11-ны өдөр хүртэл 9:00-18:00 цагийн хооронд дэлгэгдэнэ.
• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр Монгол Арт галерейд дэлгэгдэж өндөрлөнө.
• Гэрэл зурагчин О.Болорсувдын Улаанбаатар хотод байрлах барилга байгууламжийн өнцөг булан бүрийг сонирхолтойгоор харуулахыг зорьсон “Өнцөг” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн “Red ger” галерейд энэ сарын 6-11-нд болно.
• МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-ийн гишүүн зураач А.Өлзийжавхлан нарын хамтарсан “Баярлалаа” үзэсгэлэн “Монгол Арт” галерейд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд болно.
• МУЭ-ийн гишүүн С.Шүрэнцэцэгийн “Bold Female Forms” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-17-ныг хүртэл Норфей арт галерейд дэлгэгдэнэ.
Жүжиг
• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, зургадугаар сарын 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.
• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд энэ сарын 5-11 хүртэл 20:00 цагт тоглогдоно.
Дуурь
• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.
Тоглолт
• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 5-11-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.
• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 5-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.
• “Ид шидийн орон Хөвсгөл” төслөөс зохион байгуулж буй “Бид нэг нутаг Хөвсгөл” бүх оддын нэгдсэн тоглолт зургадугаар сарын 9-ны өдөр Ub Palace-т 19:00 цагт болно.
• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.
• Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх бүжгийн “Ирмүүн” клубын 20 жилийн ойн “Бүжгээр урлахуй” хүндэтгэлийн тоглолт зургадугаар сарын 10-ны өдөр Монголын хүүхдийн ордонд 16:00 цагт болно.
Спорт
• Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 10-нд болно.
• Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан зургадугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
• Спортын төв ордонд сагсан бөмбөгийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.
• “GAN” sport цогцолборт сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд зохион байгуулагдана.
Нийгэм
• Монгол Улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулагддаг “Инновацийн долоон хоног-2023” энэ сарын 5-11-нийг дуустал үргэлжилнэ.
• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон” Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдана.
• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд Их сургуулиудын инноваци, шинэ технологийн танилцуулга уулзалт, үзэсгэлэн маргааш МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 501 тоотод болно.
• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд маргааш болон зургадугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас “Innoweek stage” арга хэмжээ Мэдээлэл, технологийн үндэсний паркын гарденд зохион байгуулагдана.
• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2023” “Mindgolia” уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдана.
• 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй “Steppe Wind” фестиваль энэ жил мотоцикл сонирхогчид, амьд хөгжимд дурлагсад болон гадны жуулчдад зориулан цоо шинэ өнгө төрхтэйгөөр энэ сарын 10-нд Чингисийн Хүрээ Амралтад 18:00 цагт зохион байгуулагдана.
• ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ олох өртөөчилсөн аялал” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 10-нд 10:00-18:00 цагийн хооронд Санхүү эдийн засгийн их сургуулийн C, B байрт зохион байгуулагдана.
• “Элбэгдорж” хүрээлэнгээс Монгол улсын Ерөнхийлөгч асан, Стэнфордын Их сургуулийн Фриймэн Споглигийн олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш Ц.Элбэгдоржтой уулзалт, ярилцлагыг Блю скай зочид буудлын Даймонд танхимд энэ сарын 8-нд 14:00-17:00 цагт зохион байгуулна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн охин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлч хүн байнгын формтай байхын тулд үргэлж дасгал сургуулилалт, бэлтгэлтэй байдаг. Ганцхан удаа тайзан дээр гарч дуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Үүнийхээ дагуу сүүлийн үед дасгал сургуулилалт, бэлтгэлээ хийж байгаа. Шинэ уран бүтээлийн хувьд Цэн.Эрдэнэбатын аялгуу “Нутаг ижий хоёр”, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдын “Ижийгээ санасан сэтгэл” гэдэг дуунуудад төвлөрөн ажиллаж байна.
-Таны дахин амилуулсан “Магнаг цэнхэр дэлхий” дуу олон түмэнд их хүрсэн. Та анх хэрхэн энэ дууг дуулах болсон бэ. Түүхээс нь хуваалцахгүй юу?
-“Магнаг цэнхэр дэлхий” дууг олон түмэн сонсож байгаад уран бүтээлчийн хувьд их баяртай байна. Би хамгийн анх зургадугаар ангид байхдаа “Магнаг цэнхэр дэлхий” дууг А.Долгор багш дуулж байхыг CD-нээс нь сонсож, ямар гайхамшигтай сайхан дуу вэ гэж тухайн үедээ бодож байлаа. Түүнээс хойш А.Долгор багшийнхаа шавь болж, 2018 онд багш минь гуравдугаар сарын 8-нд жил бүр уламжлал болгон хийдэг тоглолтоо шавь нартайгаа хамтран хийсэн. Тэр үед багш минь шавь нартаа дуулах уран бүтээлүүдийг нь хуваарилан өгөхөд надад “Магнаг цэнхэр дэлхий” дуу оногдож багш минь дуул гэсэн юм. Энэ сайхан бүтээлийг тухайн үед дуулахдаа өөртөө нэлээн чамлангуй хандсан. Хоёр, гурван жилийн дараа багшдаа хамтран дуулах санал тавьж энэ дууг хамт дуулсан.
-Таны хувьд анх хэрхэн урлагийн салбарт орж дуу хөгжимд татагдах болсон бэ. Гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү?
-Мэдээж гэр бүлийн орчин чухал нөлөө үзүүлсэн. Бага байхдаа Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад эмээ өвөөгийндөө амрахдаа радиогийн “Хүсэлтийн хариу” их сонсдог байлаа. Тэр үед эмээ минь надад “Ногоон зүлэг байна аа гээд
Наадмын ёстой бөх шиг” (дуулав) гээд дууг зааж өгсөн. Энэ дуу миний хамгийн анхны дуулж сурсан дуу юм. Эмээгээрээ дуу заалгаснаас хойш дууг сонсох дуртай болж, урлагт татагдаж эхэлсэн. Хот руу гэртээ буцаж ирэхэд ээж минь үргэлж тоглолтод намайг дагуулж явна. Үргэлж урлагийн орчинд байсан нь намайг урлагийн хүн болоход их нөлөөлсөн байх. Мэдээж гэр бүлийн орчин, хүмүүжил хүнд маш чухал нөлөө үзүүлдэг учраас гэр бүлийн орчин минь урлагийн салбарт ороход маш том нөлөө үзүүлсэн.
-Таны ээж “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг шүү дээ. Та ээжийнхээ тухай болон гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
-Ээж минь “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан. Монголын үзэгчдэд танил болсон энэ сайхан кинонд өөрийн залуу насаа мөнхөлсөнд нь ээжээрээ бахархдаг. Түүнчлэн хамтран ажилласан киноны бүх уран бүтээлчдийг хүндэлж биширч явдаг даа. Ээж минь Монголын ард түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ танигдсан гайхамшигтай эмэгтэй. Гэр бүлийн хувьд ээж минь үнэхээр ухаантай, ажилсаг, маш их үлгэр дуурайлыг үзүүлдэг. Биднийг хүмүүжүүлэхдээ хийх ёстой зүйлсийг зааж загнахгүйгээр өөрөө үлгэр жишээ байж тод томруун жишээгээр үзүүлж хүмүүжүүлдэг. Мэдээж хүн бүрийн л ээж үр хүүхдэдээ энэ дэлхийн хамгийн сайхан нь байдаг. Үүнтэй адил би гэр бүл, ээж ааваараа үргэлж бахархаж явдаг. Энэ хорвоод хүмүүн заяаг хайрласан ижийдээ “Өдрийн сонин”-оор дамжуулан маш их баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. Тандаа хайртай шүү. Таны эрч хүчтэй, уйгагүй, ажилсаг, хичээнгүй, хүн бүхний төлөө гэсэн гайхамшигтай сайхан сэтгэлийг охин нь чадах чинээгээрээ өвлөн авч хүмүүст тусалж, таныхаа нэрийг сэвтээхгүй, гэр бүлийнхнийхээ удам судрыг өндөрт өргөж явахыг хичээх болно.
-Та МУАЖ А.Долгор багшийнхаа тухай ярихгүй юу?
-Би 2004-2009 онд Ардын жүжигчин А.Долгор багшийнхаа удирдлагад Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр таван жил суралцаад төгссөн. Монгол түмний дунд хүндлэл хүлээсэн сайхан дуучин багшийнхаа шавь нь болсон хувь заяандаа үргэлж талархаж явдаг даа. Багш минь шавь нартаа байгаа бүхнээ зориулж, үр хүүхэд шигээ хайрлаж, санаа тавьж бүх эрдэм мэдлэгээ зориулж, дуулах урлагийн талаар зөвлөхөөс гадна амьдрал дээр биеэ хэрхэн авч явах зэрэг маш их зөвлөгөө өгдөг. Он цаг хугацаа өнгөрөх тусам багш минь яг л найз шиг минь болж дотнын нандин зүйлсээ хүртэл хуваалцан ярьдаг болтлоо дотносчээ. Надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн сайхан багшийг минь мэднэ дээ.
-Өнгөрсөн сард өөрийн анхны бие даасан тоглолт болох “Магнаг цэнхэр дэлхий мину” тоглолтоо хийсэн. Үзэгч түмэн олон хэрхэн хүлээж авсан бэ?
-2023 оны дөрөвдүгээр сарын 15-н буюу хаврын нэгэн сайхан өдөр миний хамгийн анхны бие даасан тоглолт болж өндөрлөсөн. Үзэгч түмэн олон маань намайг чин сэтгэлээсээ дэмжиж, маш гайхамшигтай сайхнаар хүлээж авсан. Үүнд маш их урам орж үнэхээр илүү сайн дуулж, сайхан уран бүтээлээр үзэгч олноо дайлах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрлээ. Тоглолтын тасалбар маань тоглолт болохоос гурван хоногийн өмнө борлуулагдаж дууссан. Өөртөө итгэж өгөхгүй, сайхан тоглолт хийх юмсан гэсэн догдлол дүүрэн байлаа. Тоглолт маань олон хүний дэмжлэгээр маш сайхан болсон. Ганц хүний амжилт гэж байдаггүй шүү дээ. Гайхамшигтай сайхан авьяаслаг хүмүүсийг цуглуулж тоглолтыг бэлтгэхэд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, “Анир” студи, уран бүтээл дээр минь хамтран ажилладаг хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гээд маш олон хүн хамтарч ажилласны үндсэнд гайхамшигтай сайхан тоглолт болсон. Мэдээж ар гэрийн зүгээс ханийн минь түшиг хамгийн чухал байлаа. Гэр бүлийнхэн аав, ээж, ах эгч нар маань намайг дэмжиж, чадах чадах зүйлээрээ бүх зүйлд тусалж энэ том давааг давахад ачаанаас минь хөнгөлж өгсөн. Гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Намайг зорин ирж үзсэн үзэгч түмэндээ хязгааргүй баярлалаа. Энэ сайхан өдрийн дараа илүү их сайхан уран бүтээл хийх эрч хүч урам зориг дүүрэн болсон.
-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ”, “Ижийтэй орчлон” зэрэг ард түмний сонсох дуртай сайхан дуунуудын талаар ярихгүй юу. Анх хэрхэн эдгээр дууг дуулах болсон бэ?
-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууны үгийг Д.Дашдондов, аяыг Б.Бямбабаяр зохиож энэ дууг ээж минь хамгийн анх дуулсан байдаг. Тийм учраас бага наснаасаа л сонсож өссөн гэсэн үг.
Хамгийн анх ээж минь “Мөнхөд эгшиглэх дуун” тоглолтоо МҮЭСТО-д хийхэд “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууг тайзан дээр ээжтэйгээ хамтран дуулж байсан. Энэ дуу бид хоёрт утга, агуулга нь их таарч тохирдог. Мөн намайг дуучин болгосон анхны минь дуу юм. Ээжтэйгээ адилхан юм гэж хэлэхэд хүн бүр дуртай байдаг байх. Ээжийнхээ сайн сайхан чанаруудыг илүү сайхан өвлөж авах юмсан гэж боддог. Энэ сайхан дууг их олон жил дуулж байна. “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуундаа их хайртай. Ард түмэн сайн мэддэг дуу шүү дээ. Ээжтэйгээ тайзан дээр хамтран дуулахдаа үнэхээр жаргалтай байдаг. “Ижийтэй орчлон” дууны үгийг Г.Мөнхцэцэг бичиж, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал аялгууг зохиосон. Б.Мөнхжаргал эгч минь надад зохиож өгч байсан. Ямар ч уран бүтээлч байсан сайхан уран бүтээл хийх юмсан гээд үргэлж шинэ уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг. Б.Мөнхжаргал эгч минь намайг оюутан байхаас тусалж, дэмждэг байлаа. Намайг уран бүтээлч болж дуучин мэргэжлийг сонгоход мөн л томоохон нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Эгч минь надад “Хайрын домог”, “Ижийтэй орчлон,”, “Чи минь” гэсэн гурван дууг өгсөн юм. Түүний нэг нь “Ижийтэй орчлон”. Энэ дууны үг, ая нь үнэхээр гайхамшигтай.
Энэ сайхан дууг дуулсандаа баяртай байдаг. “Цагаан дарь эх шиг миний л ижий
Цагийн уртад залбирч л яваа даа
Цаанаа наанаа эндүүтэй хорвоог
Цайгаа өргөөд аргадаж л суудаг сан” гээд үнэхээр сайхан дуу. Дууг минь хүмүүс сонсож, тэдэнд дуу минь хүрч байгаад үнэхээр баяртай байна.
-Та цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Цаашдын зорилго, тэмүүлэл дүүрэн байна. Одоогийн байдлаар гол төлөвлөсөн ажлуудаа нууц хэвээр үлдээе. Мэдээж уран бүтээлч хүний хувьд чанартай, сайхан уран бүтээлүүдийг гаргахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
“Хурд” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болон уран бүтээлийн талаар Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин, продюсер Д.Отгонбаяртай ярилцлаа.
-Тун удахгүй “Хурд” хамтлагийн 30 жилийн түүхэн ойн тоглолт болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн, хэдэн хувьтай хангагдаж байна вэ?
-Энэ жил “Хурд” хамтлагийн түүхэн ойн жил учраас ойн баярын тоглолтын бэлтгэлийг эртнээс хийж эхэлсэн. Урьд урьдын концертуудыг бодвол харьцангуй эрт буюу он гараад нэгдүгээр сараас эхлэн бүх төлөвлөлтөө хийсэн. 30 жилийн ойн тоглолт маань “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Зургадугаар сарын 10-ны өдөр болох концерт яалт ч үгүй Монгол туургатны томоохон хөгжмийн наадам болох юм. Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд дэлхийн монгол туургатнуудаас маш олон аялал, жуулчлалын компаниуд маркетингийн албатай холбогдон, тоглолтын тасалбараас эхлүүлээд нарийн зохион байгуулалтуудыг, VIP суудлыг их сонирхож байна.
Зөвхөн хамтлагийн 30 жилийн ой гэж ярихад 30 жил тасралтгүй зүтгэж явсан хамтлаг учраас монголчуудын баяр юм. Монголчууд маань бидэнд их хайртай, хаа ч очсон “Миний Хурд” гэж л хүмүүс хэлдэг болсон. Бид ч өөрсдөө их урам зоригтой, бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийж байгаа.
-Анхны тоглолтоо 1995 онд хийж үзэгч түмэн олондоо хүргэж байсан. Энэ хугацаанд тоглосон 33 тоглолтоо 30 жилийн ойн баярын тоглолт юугаараа илүү онцлог байх вэ. Үзэгч түмэн олондоо ямар гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа юу?
-Дууны хөтөлбөр тоглолтод их чухал. 30 жилийн түүхэнд хитийн хит болсон дуунуудаа тоглох гэж байна. Энэ хитүүдээсээ шигшээд 60 гаруй дуу болчихоод байсан учраас 36, 37 дуун дээр тогтсон байгаа. Энэхүү шигшмэл дуунуудыгаа нийтэд нь нэг болгон дуулж түүх болгон хурааж, 30 жилийн ойдоо тоглох гэж байна. Тэгэхээр анхны “Чамайг зорино”, “Цэргийн бодол” дуунуудаас эхлүүлээд энэ он цагуудыг туулсан дуунуудаас тоглогдох юм. Тоглолтын үеэр шинэ дуунууд ч мөн тоглогдоно. Хамгийн сүүлд гарсан “Норсон зүрх” гэх мэтчилэн рок дуунууд дуулагдана. Монгол хүний амьдрал ахуйтай “Хурд” хамтлагийн нэг түүх, нэг дуу заавал холбогддог. Магадгүй хурим дээрээ найз бүсгүйгээ гуйх гэж “Чи минь байгаа болохоор” дууг тавих зэрэг маш том дурсамжуудын он цагийн хэлхээсүүд байдаг. Тийм учраас тоглолтын онцлог гэвэл яг энэ хэлхээсүүдийг л бид үзэгч түмэн олондоо үзүүлэх юм. Тоглолтоос урам, сэтгэлийн таашаалыг авч баяр баяслыг мэдрэхийн тулд бүгд зорьж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний 30 жилийн ойн тоглолтоос дуу хуураас гадна эв нэгдэл гэдэг зүйлийг харах ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 мянган хүн цуглана. Тэдний дуу, хоолой цуурайнаас ямар сайхан энерги ялгарах бол газар газраас, хөдөө орон нутаг баруун, зүүн аймгуудаас ялангуяа анги хамт олон, найз нөхдөөрөө он цагийн хэлхээсүүд бүгд цуглана гэдгээрээ өвөрмөц юм. Түүнчлэн тоглолтод хөгжмийн дуугаралт, тайзны гэрэл тавилт маш чухал. Бидний хувьд маш том тайз засч, тайзан дээрээ үсэрч, гүйж харайна. 1993 оны гүйж харайдаг байсан залуучууд шиг үсэрч, гүйж харайж байж эрч хүчээ ард түмэндээ бэлэглэж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тийм учраас бид ид бэлтгэл дээрээ спортоо ч хийж хөнгөн шингэн, эрүүл байх хэрэгтэй зэрэг олон хүчин зүйлс байна. Хамгийн гол нь бидний түүхт 30 жил тохиож байна. 30 жил нэг л удаа тохионо. Магадгүй бид 40 жилийн ойгоороо Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч түмэн олонтойгоо дахин уулзалдаж магадгүй байх аа. Бидний 30 жилийн ойг “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар Стратегийн түнш “Рио Тинто” ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.
-20 жилийн ойн баяраараа алтан пянз гаргаж байсан. Энэ жил мөн пянз гаргаж буй гэсэн үү?
-Тийм. Бид 20 жилийн ойгоороо гаргасан алтан пянзныхаа орлогыг бид цуглуулан хүүхдийн нярайн тасгийг тохижуулж явдаг. Болж өгвөл нийгмийн бусад эмзэг, тусламж хэрэгтэй байгаа салбар руу иргэнийхээ үүргийг биелүүлэн “Хурд” хамтлаг, урлагаар дамжиж орж ирсэн түмэн олны буяныг бусадтай хуваалцах нь бидний үүрэг байх ёстой. Яагаад гэвэл бид Монгол эх орондоо төрсөн, эх оронсог хамтлаг. Тийм учраас “Ковид-19” цар тахлын үеэр “Буцааж нэхэхгүй хайр” цахим хандивын тоглолтын үеэр цугласан 340 сая төгрөгийг цуглуулж Улсын онцгой комисст нэг ширхэг маск, нярайн хүүхдийн тариа болчихоосой гэж концертыг санаачлан анхдагч болж хийж байсан. Энэ жилийн пянзны хувьд дөрвөн улирлыг бэлгэдсэн өнгөтэй, дөрвөн төрлийн “Хурд” гэсэн үгний үсгүүдээс бүрдсэн, нийлүүлж авбал “Хурд” болдог пянзыг гаргаж байна. Түүнчлэн амьд хөгжим сонирхдог залууст өдөр тутмын хэрэглээний малгай, пудволк, малгайтай цамц, зүүлт зэргийг гаргана.
-1993 оноос хойш өдийг хүртэл хөгжмөөс холдолгүй 30 жил тасралтгүй урлагтаа зүтгэжээ. Эргээд харахад их хугацаа өнгөрсөн ч “Хурд” анх байгуулагдаж байсан шигээ эрч хүчтэй, дүрэлзэж байна. “Хурд” хамтлагийн амжилтад хүрэх гол түлхүүр, амин сүнс нь юу вэ?
-“Хурд” хамтлагийн амин сүнс нь Монгол шүү дээ. Тэр чигээрээ л монгол рок хамтлаг. Бид гадны өндөр хөгжилтэй рок хөгжмийг Монголынхоо цаг уур, мэдрэмж, пентатоник аялгуутайгаа хольж энэ урсгалыг нутагшуулсан. Тийм ч учраас дахин давтагдашгүй цорын ганц “Хурд” байгаа юм. Гадаадын томоохон хамтлагуудыг яг адилхан дуурайж тогловол бид араас нь хөөгөөд хэзээ ч барахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Монгол үнэртэй, монгол зүрх сэтгэл нь “Хурд” хамтлагийн амин сүнс.
Түүнчлэн миний хувьд “Хурд” хамтлагийн амин сүнсийг ижийгээ гэж боддог. “Хурд” хамтлагийн амин сүнс нь миний ээж юм. Миний ээж бага байхаасаа л Монголын хамгийн алдартай дуучин болно гэж арван хүү, нэг охин алтан хэвлийгээсээ төрүүлсэн. Ээж минь залуудаа “Би Монголын Бөмбөгөр ногоон театрын хамгийн алдартай дуучин болно” гэж ярьдаг байсан. Миний ээж цангинатал сайхан дуулдаг байсан. Энэ бүхнээс эхтэй хүсэл мөрөөдөл нь өөрийнх нь алтан савнаас Монгол орон даяар “Хурд”, “Чоно” хамтлаг болон асгарсан байна л гэж боддог доо. Тэгэхээр “Хурд” гэдэг бол ээж минь юм. Монгол эмэгтэй хүний зүрх сэтгэлээс агуу хүчтэй хүсэл мөрөөдөл нь асгарч, ундарч одоог хүртэл 30 жил тасраагүй баярлуулдаг их хүчтэй байна.
-“Эх орон”, “Цэргийн бодол”, “Хамаг Монгол” гээд үе үеийн хитийн хит уран бүтээлүүд бүтсэн түүхүүдээс хуваалцахгүй юу?
-Энэ бол хүн төрдөг шиг би 1973 онд төрөх л ёстой байсан болоод ээж аавынхаа ариун нандин хайраас ундарч гарч ирсэн гэдэг шиг “Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог” дуунуудын шүлэг нь Төрийн соёрхол хүртсэн. Үүний араас “Эх орон” дуу. “Эх орон” бол “Цэргийн бодол” дуунаас эхтэй. “Цэргийн бодол” дуу хайрын сэдэвтэй юм шиг хэрнээ цаад утгаараа эх орон, гэр бүлээ хайрлах, тэдэн рүүгээ тэмүүлэх сэтгэлийг өдөөж өгсөн дуу учраас 45 жил тасралтгүй дуулагдлаа. Тэгэхээр “Хурд” хамтлагийн он цагийн хэлхээс болсон эх орны дуунууд дээр авч үзэхэд яг л хүн төрдөгтэй адил, цаг үеэ олсон. Цаг үедээ ирээд буцдаг гэдэгтэй адил ирээд л яалт ч үгүй он цагийг эзэлж, одоо хүртэл буухгүй эзэлж байна шүү дээ. Учир нь амин сүнс нь “Хурд”. Одоо л идэр насан дээрээ 30 насны ойгоо тэмдэглэж байна. Монголын ард түмний өв соёл болтлоо зүрхэнд нь оршдог хайртай хамтлаг болтлоо явлаа. Тэгэхээр Монголын ард түмний өмч болчихож байгаа юм. Тийм учраас эх орны дуунууд цаг үеэ олж, түүний араас нэлээд олон он цагийг туулсан, Монголын ард түмнийг соён гэгээрүүлсэн, хайр, урам зоригийг багтаасан сэдвүүдийн дуунууд бий. Эх орны тухай сэдэв бол “Хурд” хамтлагийн хамгийн хүчтэй зэвсэг.
-Таны хувьд телевизийн дэлхийн хэмжээний томоохон шоунд шүүгчээр ажилласан. Дараа дараагийн ажиллах томоохон энтертайнмент төслүүд юу байна вэ?
-Одоогийн байдлаар “Хурд” хамтлагийнхаа 30 жилийн ойд анхаарч ажиллаж байна. Одоо ажлын саналууд ирж байгаа ч миний хувьд маш сайн судалдаг. Би чадахгүй байвал яах юм бэ, чаддаг юмандаа хүн бардам орох ёстой байдаг. Чадахгүй байж зурагтаар гарахын дон туссан юм шиг, би түмний нүдэн дээр ил байж од байх ёстой зэрэг амбицид их дургүй хүн. Чаддаг зүйлдээ л би орж ажиллана. Ирэх жил уран сайхны киногоо нээчихээд “Хурд”-тайгаа хийх нэг том мөрөөдөл байна. Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимтэй Бурхан Халдун уул дээр очиж оркестртой “Хурд” хамтлагийнхаа шилдэг 12 дуу, “Эх орон” дууг тоглох хүсэлтэй. Үүнийг л биелүүлж, Бурхан Халдун уул дээрээс дэлхий даяар цацмаар байна даа. Ер нь бид чинь их энгийн шүү дээ. Бидний хажууд л бүх амьдрал байж байдаг. Аз жаргалыг хаанаас ч хайгаад хэрэггүй, аз жаргал хүний сэтгэл дотор л буцалж байдаг юм. Түүнийг өөрөө маш сайн мэдрэмж гаргаж, төлөвлөж чадвал салбар салбарт байгаа монголчууд их чадалтай. Монголчууд ямар хүчтэй вэ гэдгийг би монгол хүнээс мэдэрдэг. Чехэд гутлын үйлдвэрт ажил хийхэд монгол хүн хамгийн түрүүнд хийж дууссан байх жишээтэй. Энэ мэтчилэн хувирах чадвар сайтай, мэдрэмж өндөртэй, бүтээлч чанартай. Монгол сэтгэл нэгдэж зөв эерэг энерги бадарч бие биенээ сайхан хайр, уучлал талаас нь харж найрсаг, хүндлэлтэйгээр яг ижий аавтайгаа байгаа юм шиг хандаж харьцах хэрэгтэй. Бид нэг усны ундарга булгаас ус ууж, нэг агаараар амьсгал авч буй шиг монгол сэтгэл, нэгдэл буюу өөрт буй зүйлээ бага зэрэг амирлуулахад миний Монгол ямар хурдтай хөгжих вэ. Хамгийн гол нь хүн нь хөгжих хэрэгтэй байгаа юм. Бидэнд байшин барилга, машин хангалттай байна. Дэлгүүрт ороход бараа бүтээгдэхүүнүүд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрал хэцүү байгаа тухай бид ярьдаг ч тэр хүний сэтгэл чухал. Хөдөлмөрч хүн талхгүй хонохгүй, барааны савангүй болохгүй, гэр орноо бохир заваан болгохгүй. Тиймээс сэтгэлийн тэвчээртэй, урам зоригтой өглөө бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Ирж буй он цагуудад надад олон адал явдал, энтертайнмент саналууд орж ирнэ. Хэрвээ надад хэрэгтэй биш миний Монголын соёл урлагийн хөгжилд хэрэгтэй л гэвэл би зүтгэнэ.
-Одоо орчин үеийн шинэ залуу хамтлагууд их гарч ирж буй ч “Хурд” шиг дүрэлзэж, амжилтад хүрч чадахгүй байх шиг харагддаг. Та залуу уран бүтээлчдэд хандан зөвлөгөө өгөхгүй юу?
-Тийм. Энэ нь нэг талаасаа нийгмээс их шалтгаалдаг. Өдөр тутмын мэдээлэл зэрэг ч багтана. Хамтлаг байгуулна гэдэг бол гитар бариад тайзан дээр дуулахын нэр биш. Энэ бол асар том зохион байгуулалт, асар их мэдрэмж, бие биенээ хүндэлж найрсаг, эв нэгдэлтэй байх юм. Хамтлаг л болсон хойно санал зөрөлдөх, хэн нэгэнд гомдох, нэгнээ гомдоох зэрэг муудаж, маргалдах маргалдаан байлгүй л яах вэ. Өдөр тутмын амьдрал л болсон хойно олон зүйл тохиолдож байгаа шүү дээ. Шинэ залуу хүүхдүүд мэдээлэл ихтэй байж тэд өдөр бүр хувьсаж өөрчлөгдөж байна. Хүний сэтгэл, оюун бодол өнөөдөр ямар салхи шуурга шиг болсон байгаа билээ. Үүнтэй л холбоотой юм. Нийгэм ч гэсэн өнөөдөр маш савлагаатай байна. Нийгэмд нэг асуудал гарч ирж шуурахад бүгд л хуйлардаг, яг л дөрвөн улирлынхаа шинж чанарыг агуулсан хэлбэртэй байна. Бид уг суурь их системээ бүх салбарт маш зөв болгох ёстой юм шиг байгаа юм. Систем бага зэрэг гажуудаж савлагаатай болж эхлэх үед нийгэм савлагаатай болно. Нийгэмд юм таалагдахаа больж, хүн бүр байгаа зүйлдээ сэтгэл ханаж чадахгүй, аливаа зүйлд би л болж байвал болоо гэж боддог сэтгэл илүү их давамгайлж байна.
Бид хөгжинө, хөгжинө гэж ярьдаг. Яг үнэндээ Монгол айхавтар хөгжиж буй орон шүү дээ. Намайг 19, 20 настай байх үед дэлгүүр бүр хов хоосон зөвхөн бор давс, 45-ын гутал, бор гутал байсан цаг үеийг эргэж бодоод одоогийн Улаанбаатар хотоо харчих л даа. Бид үнэхээр хөгжихгүй биш хөгжиж байгаа. Өнөөдөр хамгийн гол нь монгол хүний сэтгэл хөгжих хэрэгтэй байна. Байшин барилга, орчин үеийн сүүлийн ухаалаг гар утастай, орчин үеийн болсноороо хөгжөөд байгаа юм биш ээ. Хүн өөрөө хөгжих хэрэгтэй байна. Хүний хөгжил илүү хоцроод байгаа болов уу гэж хардаг. Тэгэхээр орчин үеийн хамтлаг дуучдын тэсвэр тэвчээр, урлагтаа үнэнч, хүний үгийг сонсож дааж сурах, хүнтэй нөхөрлөж сурах, зөв амьдралын хэв маяг, өдөр тутмын төлөвлөлт зэрэг бүх зүйлээс хамаарна. Түүнээс биш хамтлаг байгуулаад хүн харахад тайзан дээр тоглож байгаа нь л хүмүүст гоё харагддаг боловч үүний ард өдөр бүрийн төлөвлөлт, бэлтгэл гээд нэг бодлын хүн залхмаар байдаг. Тийм учраас маш их тэвчээр хэрэгтэй. Ер нь хөгжимчдийн амьдрал уучлал, тэвчээр хоёр дээр л тогтдог гэж би боддог. “The Voice of Mongolia” шоунд шүүгчээр ажиллаж байхад орчин үеийн авьяастай хүүхдүүд ямар их төрж, мундаг дуулж байна гэж бодно. Гэхдээ яагаад тэд тэсэрч гарч ирч чадахгүй байгаад маш их учир бий. Түүнээс урлаг гэдэг бол телевизээр гарч, тайзан дээр дуу дуулахын нэр ерөөсөө биш юм. Урлаг гэдэг бол өөрийн амин сүнстэй. Түүнийгээ өөрөө боловсорч, дуртай байж, уйгагүй өдөр шөнөгүй зүтгэж бэлдэж төлөвлөлтөө хийж байж үр шимийг нь хүртдэг болохоос биш өнөөдөр зүгээр нэг хамтлаг байгуулчихаад сар болоод тарвал энэ урлаг хийж байгаа асуудал биш юм. Тэвчээр, уучлал, тэгээд өөрийн өмнөх дуртай зүйлээ хийж, энерги таардаг найз нөхөдтэйгөө нийлж хамтлагаа байгуул. Магадгүй 30 жилийн дараа “Хурд” хамтлагаас илүү явахыг л бид хүсч байна. Өнөөдөр “Хурд” хамтлаг магтаал, алга ташилтыг 30 жилийн турш ард түмнээсээ хангалттай авлаа шүү дээ. Одоо бид Төв цэнгэлдэх хүрээлэнд шинэ стандарт, дуугаралт, шинэ найруулгатай, монголын рок хамтлаг, гадаад, дотоодын жуулчдад Монголын нүүр царай юм.
Гэртээ гитар тоглож буй 19 настай хүүхдэд 30 жилийн дараа Отгоо ах шигээ хамтлагаа байгуулна гэх үлгэр жишээ нь болж итгэл, найдвар урам зоригийг өгмөөр байна. Тэгэхийн тулд “Хурд” хамтлаг энэ жил 30 жилийнхээ ойг их онцгой хийж байгаа. Түүнчлэн ирэх есдүгээр сард хамтлагийнхаа дуунуудаар дэлхийн стандартад нийцсэн мюзикл тоглох гэж байна. 2024 оны гуравдугаар сард “Бүсгүй” дууны клипийг задлан үзүүлсэн уран сайхны романтик киногоо нээнэ. Бид “Хурд” контентыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 28-наас Бурхан Халдун уулнаас эхэлж Монголын 30 үзэсгэлэнт газарт очиж аккустик тоглолтыг хийсэн нь цуврал болон цацагдаж эхлэх гэж байна. Энэ мэтчилэн асар том үлгэр жишээ, хөдөлмөрч зан, үлгэр жишээг залуустаа үлгэрлэж байна даа. Бид бусдад заах гээд байгаадаа биш юм. Зүгээр л салбар бүрийнхэн чаддаг зүйлээ хийж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаа үргэлж хүндэлж хайрлаарай. Үүний маш том жишээ нь “Хурд” хамтлаг. Бид хийдэг зүйлсээ хийгээд, хангалттай алга ташилтыг авч, өнөөдөр үнэхээр сайхан байна. “Хурд” хамтлаг Монголын ард түмэндээ чин зүрх, үнэн сэтгэлээсээ маш их баярлаж, талархаж, мөргөж, залбирч явдаг даа.
-Таны бодлоор Монголын урлаг ямар түвшинд байна вэ. Урлагийн хөгжлийг цаашид хэрхэн харж байгаа вэ?
-Урлагийн хөгжил өдөр ирэх тусам дэвшиж, техник хэрэгсэл, лед гэрэл, дэлгэц, тайзнынхан гээд маш сайн сайжирч байна. Урлагийн арын албаныхан маш сайн хөгжиж, маш сайн хөрөнгө оруулалтуудыг хувийн хэвшлүүд хийж, нэг үеэ бодвол Монголд сүүлийн үеийн тайз, гэрэл, хөгжим гээд бүгд орж ирж байна. Нөгөө талаасаа хүн хөгжихгүй байгаа юм. Инженерүүд маань сургуулиа төгсөж ирэх шаардлагатай байна. Хөгжмийн дуугаралт, сонсгол гэдэг бол томьёо, одоо шинжлэх ухаан болчихоод байна. Ийм гадны томоохон сургалтуудад залуус маань хамрагдаж амьд хөгжим, симфони оркестр, студи, телевизийн дуугаралт гээд дэлхийн стандартад нийцсэн мэргэжилтнүүдээ бид бэлтгэмээр байна. Сая цахим хуудаст сурагчдын тэтгэлэг, оюутны зээлийн талаар асуудал хөндөгдөх үеэр би улсын тэтгэлгийн талаар судалж үзэхэд нэг ч хөгжмийн нарийн мэргэжлийн сургалтад тэтгэлэг байдаггүй юм байна. Энэ бол маш эмгэнэлтэй. Монгол Улс спортын салбартаа маш сайн мөнгө зарцуулдаг ч урлагийн салбартаа мөнгө зарцуулж чадахгүй байна. Яах вэ эдийн засаг, цаг үе ийм байна гээд чадах ядахаараа бид мөлхөж байгаа ч Монголын нийгмийн нүүр царайг урлагаар тодорхойлно шүү. Урлагаар дэлхийд маш хурдацтай гарах гарц, урлагийг эдийн засаг болгох аргачлалууд байна. Бидэнд дэлхийд гайхагдах ямар их өв соёл, нөөц байдаг билээ. Дэлхий ертөнцийн булан тохойг нэгжээд ч олдохгүй тийм их өв соёл бидэнд байгаа юм. Үүнийг зах зээлийн эргэлтэд оруулж, илүү авьяастнуудыг дэмжих хэрэгтэй. Солонгост уул уурхайтай газар байхгүй ч бүтээлч чанараараа буюу кино, хөгжим, хоолны соёлоороо жилдээ зөвхөн дуу хөгжмөөрөө 56 тэрбум ам.доллар олж байна. Бидэнд ийм нөөц бололцоо маш их бий. Монголын The Hu хамтлаг очиж фестивальд тоглоход тэд өвөг дээдэс, дэлхийг удирддаг удирдагчид нь ирсэн юм шиг хүлээж авч байна. Энэ бол бидэнд маш том боломж байгааг харуулж байна шүү дээ. Тиймээс нийгэмд соёл, урлагийн салбарыг дэмжих нь зүйтэй. Компаниуд болоод улс нийтээрээ соёл урлагийн салбарыг эдийн засаг болгож, уул уурхай, соёл урлагаараа биет болон биет бус өв соёлоороо дэлхийгээс хэдэн тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой. Оюуны бүтээл монголчууд шиг дотоод сэтгэлийн хүч чадал тэнхээтэй ард түмэнд өндөр байгаа.
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэнтэй ярилцлаа.
-“Sergelen international expedition” ТББ Монголын эртний түүхэнд холбогдох сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах ажлыг эрхлэн хийдэг. Одоогийн байдлаар юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?
-“Sergelen international expedition” нь 2015 онд үндэстнийнхээ ой санамжийг сэрээх зорилгоор хэдэн нөхдийн байгуулсан ТББ. Үндэстний ой санамж нь тухайн үндэстний оршихуйн дархлаа мөнөөс мөн. Үндэстний ой санамж гэх ухагдахууныг тайлбарлахын тулд үндэстэн гэх ухагдахууныг эхэлж тайлбарлах ёстой. Үндэстэн нь дундын хэл, түүх, угсаа, соёл, нутаг, төрөөр холбогдсон ард түмэн болно. Үндэстний ой санамж гэх ухагдахуун нь хэл, түүхийн ой санамжаас, угсаа гарал, соёлоо зөв тодорхойлох үйлээс, нутаг усандаа үеэс үед аж төрж ирсэн ард түмэн болохоо батлахаас, төрийн “хар хайрцагны” бодлогыг иж бүрдүүлэх үе үеийн төр барих ухаанаас иж бүрдэнэ. Аливаа ард түмний үндэстний ой санамж нь түүхийн богино цаг хугацааг хамрах тусам гадны нөлөөнд автаж, гадны нөлөөгөөр ой санамж нь бохирдож, үндэстэн гэх утгаа хадгалах чадамжгүй болдог жамтай. Харин тухайн ард түмний ой санамж түүхийн урт, удаан хугацааг хамрах тусам тухайн ард түмний ой санамж цэвэр ариун байж, үндэстэн гэх утгаа урт удаан хугацаанд хадгалж оршино. “СИЭ” ТББ-аас Хүн үндэстэн ард түмнийнхээ үндэстний ой санамжийг түүхийн урт хугацаанд авч үзэж, сэрээх ажлыг явуулж, өнөөдрийн байдлаар чамлахааргүй үр дүнд хүрсэн.
Аливаа ард түмний үндэстний хэлийг үсэг бичгийн сурвалж өгүүлнэ. Саяхан болтол манай үсэг бичгийн эх сурвалжийг XIII зууны Их Монгол төрийн бичгийн эх сурвалжаар төлөөлүүлдэг байв. Харин СИЭ ТББ-ын судлаачдын хийсэн үсэг бичгийн суурь судалгаагаар Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн үндэстэн ард түмний бичгэн сурвалжид VII зууны Түрэг Нири хаанаас бичиж үлдээсэн, Буддын шашны зан үйлээр хааны хойд дүрийг уншиж буй үйлийг өгүүлсэн брахми үсэгт “Хүйс толгой” бичээс, VIII зууны Түрэг төрөөс бичиж үлдээсэн Хүн үсэгт Тоонайукук, Көлтигэн, Билгэ хаанд зориулсан хүн үсэгт бичээс, Уйгур төрөөс бичиж үлдээсэн Торайн хааны бичээс буюу Тариатын бичээс, Могой Шинэ усны бичээсийг бид судалж /бидний өвөг дээдсийн/ хүн хэлээр бичсэн болохыг хөдөлшгүйгээр тогтоосон.
Дээрх таван бичээс нийт 5000 орчим үг, ижгүртэй бөгөөд давтагдаагүй тоогоор 2400 орчим үг, ижгүрээс бүрддэг. Одоо бид Таван бичээс дэх бүх үгийн тийн ялгал, үйлийн явц, цагийг тодорхойлох ажлаа үндсэндээ дуусгаж байна.
-Та Рүни бичгийн талаар тодруулахгүй юу?
-Рүни нь эртний Умард Европод аж төрж байсан ард түмний үсэг бичиг. Германчууд НОТ II зуунаас НОТ XII зуунд, Шведийн Даларна орон нутагт XIX зуун хүртэл хэрэглэж байсан үсэг болно. Рүни гэдэг нь герман хэлнээс “нууц” гэх утгыг илэрхийлэх бөгөөд энэхүү нэрийг эрдэмтэд хожим өгчээ. Европын рун үсэг, Үтүгэн дэх хүн үсэг хоёрын ямарваа нэгэн холбоог өнөө хүртэл судлаачид илрүүлээгүй. Нэг үгээр Европоос уг бичиг Үтүгэн буюу Төв азид ирсэн ул мөр, мөн Үтүгэнээс Европ руу очсон ул мөр үгүй. Хүн үсэг, Рүни үсгийг өнцөг гаргаж зурдаг боловч эдгээр хоёр үсэг бичгийн системд ижил авиатай тэмдэгт ганц ч үгүй. Зарим эрдэмтэд эртний Арамей үсгээс энэ хоёр үсэг бичгийн систем гаралтай гэх гипотез буюу таамаг дэвшүүлдэг.
-1500 жилийн дараа “Хүн” бичгийг зөв сэргээж, уншсан нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд “шинэ нээлт” болсон шүү дээ. Ямар аргачлалаар та бүхэн судалгаагаа хийсэн талаар тодруулаач?
-Хамгийн түрүүнд яаж судалсан тухайгаа өгүүлье. Хэл зүйд үг гэх ухагдахуун бий. Үг нь ухагдахуун тээх, хэлний нэгж болно. Цэцэг гэх ухагдахуунд дэлбээтэй ургамлыг, морь гэх ухагдахуунд засч агталсан адууг бид дүрсэлнэ. Үг тухайн үндэстний хэлийг бүрэн төлөөлөхгүй. Харин бүтэн өгүүлбэр тухайн үндэстний хэлийг төлөөлнө. Хэсэг үгс өгүүлбэрт ороод утга илэрхийлнэ. Тухайн өгүүлбэрээс гарах утгыг мэдэх нэгэн нь тухайн хэлийг эзэмшсэн нэгэн болно. Тухайн өгүүлбэрээс гарах утгыг мэдэхийн тулд Хүн хэл дэх тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагийг зөв тодорхойлох ёстой.
Ингээд Түрэг, Уйгур төрөөс бичсэн дээрх таван бичээс дэх тийн ялгалаас жишээ татъя л даа. Жишээлбэл, каhаныкаа (хааныхаа), Талуйхаа, хаганынхаа гэх мэтээр харьяалах тийн ялгал хадан бичээс дээр байна. Каhаныг (хааныг) +г үсгээр төгсөх заах тийн ялгал мөн л хадан бичгийн дурсгал дээр маань байна. Энэ тийн ялгалыг МНТ-нд өөр хэлбэртэй байдгийг та бүхэн мэднэ. Түүнчлэн энэ тийн ялгал турк, казак, киргиз болон бусад хэлэнд үгүй, зөвхөн халх түмний хэл ярианд л бий. Бас бид тэнгэрээс гэж өгүүлдэг тийн ялгал хадан бичиг дээр “Тэнгэрэси” гэсэн хэлбэртэй байдаг. Мөн байршил заасан утгатай “дахь, дэх” залгавар жир дэх, булан дахь гэх мэтээр хадан бичигт арвин бичигджээ.
Өмнөшөө, зүүншээ гэх +шаа, +шээ төгсгөлтэй, байршил заасан утгыг илэрхийлдэг залгавар хадан бичгэн дээр “Хөгмөн-шээ” гээд дурайж байгаа. Турк, казак, киргиз болон бусад хэлэнд ийм залгавар байхгүй. Хадан бичээс дээр тэнгридэ, натукда (нутагдаа), каhангру (хаан руу), илэгрү (дорно руу) гэх мэтийн үгсийг дурдахад, ямар тийн ялгалыг хэлж байгааг та ойлгож байгаа байх аа. Ийм олон тийн ялгал маань байсаар байхад бид хадан бичээсээ гадны соёл гэж хэлж болох уу.
-Тэгэхээр, бусад судалгаанаас танай судалгаа юугаараа дэвшилттэй гэж та дүгнэж буй вэ?
-Сүүлийн 100 жил манай Түрэг, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээсийг судалсан В.В.Радлов, А.Н.Конов, С.Е.Малов гэх олон судлаач тийн ялгалыг зөв тогтоогоогүйн улмаас өгүүлбэрийн утгыг зөв гаргаж эс чаджээ. Дээрх судлаачдаас хамгийн сайн судалгаа хийсэн нь В.В.Радлов болно. Тэр 1897 онд нийтэлсэн “Монгол дахь Эртний Түрэг бичээс” номдоо “+г” төгсгөлтэй Der Accusativ (Заах тийн ялгал)-тай өгүүлбэр зүйг судалж зөв гаргасан боловч халх түмний тийн ялгал гэдгийг мэдээгүй учир “Өнөөгийн турк хэлэнд энэ дагавар үгүй. Эрт цагт төв болон зүүн нутгийнханы аялгад байжээ” гэж бичжээ.
Der Direktives буюу Үйл чиглэх, өгөх +гру (+хру), +грү (+хрүү ) төгсвөртэй тийн ялгалыг В.В.Радлов үгүүлбэр зүйн задаргаа хийж зөв тодорхойлсон боловч халх түмний тийн ялгал гэдгийг мэдээгүй учир “энэ нь тусдаа тийн ялгалын дагавар болно” гэж тэр бичжээ.
Нэг үгээр хэлбэл, олон улсын судлаачид нийт тийн ялгалын 50 хувийг тогтоож чадаагүйн улмаас өгүүлбэр дэх утгыг зөв сэрээх боломж Радловт болон бусад судлаачид байсангүй. “СИЭ” ТББ-ын судлаачид уг бичвэрийг үлдээсэн ард түмний хойч тул тийн ялгал бүрийг зөв гаргасан.
Энэ тухай алдарт В.Томсен 1893 онд “Орхон бичээс” нийтлэлдээ: “Бичээс дэх [миний тайлал дахь] хэл зүй, агуулгад орох олон өөрчлөлт надаас илүү мэдээлэлтэй, турк хэл болон Дорнод Азийн түүх судлаач хожмын эрдэмтдийн ажилд гарна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Ямар ч тохиолдолд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан эдгээр агуу өвийг цаашид судлах ажлын үндэс нь миний хийсэн ажил болно гэдэгт би найдаж байна” гэж бичжээ. В.Томсон хэл зүй, болон бичээсийн агуулгад өөрөөс нь илүү энэ хэлний тухай мэдлэгтэй нөхөд хожим өөрчлөлт оруулна гэдгийг мэдэж байжээ.
Мөн Василий Владимирович Бартольд Тюрки 12 лекцэндээ “Даний эрдэмтэн В.Томсен бичвэрийг ухах (унших) түлхүүрийг олоод гуч гаруй жил болсон ч бичвэр тайлах үйл дуусаагүй, зарим хэсгийн тайлбар нь өнөө хүртэл маргаантай; уг хэлний мэдлэг тээгчгүйгээр өнөөгийн тайллыг хэрэглэж түүхэн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх ёстой” гэж бичжээ. В.В.Бартольд “уг хэлний мэдлэг тээгчгүйгээр өнөөгийн тайллыг хэрэглэж түүхэн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх ёстой” гэж бараг 100 жилийн урьд өгүүлсэн нь уг хэлний мэдлэг тээгч хожим бий болно гэж бодож байж. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын саваас олон мянган жилийн турш хаашаа ч яваагүй, уг нутагтаа хаанаас ч ирээгүй ард түмний төлөөлөл уг бичээсийг тайлна гэдэгт тэргүүлэх судлаачид найдлага тавьж байсан.
-Орхон голын сав нутаг дахь Билгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншсан. Ач холбогдлын тухай ярихгүй юу?
-Ач холбогдол нь өнөөгийн орчин цагийн хэлэнд их бөгөөд олон төөрөгдлөөс биднийг ангижруулж байна. Хамгийн гол төөрөгдөл нь “хэл хөгжих” гэх онол үндэслэлгүй болохыг Билгэ хаан, Гол тигэн, Тоонай укак, Торайн хаан, Могой шинэ усны бичээс дэх хэл зүй баталж байна. Тухайн ард түмний тийн ялгал өөрчлөгддөггүй юм байна. 1400 жилийн тэртээх тийн ялгалаа өнөөгийн халх түмэн өнөө хүртэл хэрэглэж байна. Мөн Хадан бичээс дэх зарим үйлийн явцыг одоо хүртэл хэрэглэж буйг дурдах нь зөв болов уу.
+саар, +сээр төгсвөртэй үйл дагуулах үргэлжлэх явц
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ж.Ганчимэгтэй ярилцлаа.
-Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулахад босго оноонд хүрээгүй 4800 шалгуулагч байна гэсэн дүн гарсан. Таны хувьд шалгалтын материалтай танилцсан болов уу?
-Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтын сурагчдынхаа материалтай танилцсан. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төгсөх ангийн сурагчдаас авдаг монгол хэл бичгийн шалгалтын даалгаврын сорил огт өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд 50 онооны дасгал ажлуудыг ижил оноогоор үнэлж явсан.
Тухайн жил монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр багштайгаа бэлдэж буй сурагчид дөрвөн даалгаврын дагуу л бэлддэг. Шалгалтад хангалтгүй орсон сурагчид нэгдүгээрт, цаг хугацаа алдсан. Хоёрдугаарт, тэдний хичээл зүтгэлийн асуудал их нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил төгсөх ангийн сурагчид буюу 12 дугаар ангийн сурагчдыг бэлдэн төгсгөж байна. Тийм учраас сурагчдыг анзаарч байхад тэдний хичээл, зүтгэл хайнга хандах тал дээр илүү алдсан байх гэж бодож байна. Түүнээс 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд шалгалт анхнаасаа л ийм дасгал ажлуудтай байсан. Багш нарын хувьд маш сайн бэлтгэгдсэн, сурагчид ч шалгалтын мэдлэг чадвар шаардсан даалгавруудаа цаг тухайд нь хийх боломжуудыг ашиглаж, багш нар хүүхэд бүртэй тулж ажилласан.
-Энэ жилийн шалгалтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад ямар байсан бэ. Монгол хэл бичгийн шалгалтын хувьд яагаад олон сурагч босго оноогоо давж чадсангүй вэ?
-Энэ жилийн хувьд харьцангуй олон хүүхэд босго оноог давж чадсангүй. Манай сургуулийн хувьд цөөн хүүхэд шалгуурыг давсангүйд харамсаж байна. Бидний хувьд хүүхдүүд болон тэдний материал дээр судалгаа хийсэн. Эдгээр сурагчид шалгалтын материалын ерөнхий агуулгыг мэдэж байгаа ч тэдэнд сандрал их байсан юм шиг байна. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үед нийслэл хот, хөдөө орон нутгийн сурагчдад цахимаар хичээл орсон зэрэг асуудлууд их нөлөөлсөн гэж бодож байна. Багш нарын хувьд сурагчдаа маш сайн бэлтгэж байгаа.
-Монгол хэл бичгийн шалгалт ямар даалгавар агуулгаас бүрддэг вэ?
-Монгол хэл бичгийн шалгалт нь дөрвөн даалгаврын тавилттай байдаг. Нэгдүгээрт, өгөгдсөн эхийг уншиж, түүнийхээ дагуу 10 асуултад тестээр хариулна. Энэ нь хүүхдүүдийн эхийг уншиж ойлгох чадварыг шалгасан даалгавар юм. Хоёрдугаарт, 40-50 үгтэй бичил эхээс алдаатай таван үгийг олж, түүнийгээ залруулж бичих даалгавар. Гуравдугаарт, 20-30 үгтэй үндэсний бичгээр уншиж, уншсанаа эх хэлнээ буулгах чадварыг шалгасан даалгавар багтдаг. Дөрөвдүгээрт, эсээ бичих буюу хүүхдүүдийн зохион бичих чадварыг үнэлэх гэсэн дөрвөн даалгавар багтдаг. Эдгээр даалгаврууд нь сүүлийн 12 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хүүхдүүд даалгаврууд дээр алдаж унаж байна гэдэг нь даалгаврыг маш хангалтгүй, зорилтгүй, мэдлэг чадвараа зориулж үргэлж давтаагүйг харуулж байгаа юм. Монгол хэлний нийслэл хотын 9000 багш нар маань “Ковид-19” цар тахлын үед хичээлээ цахимаар болон танхимаар орж, танхимаар хичээллэж эхлэх үед хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй маш сайн тулж ажилласан. Нийслэлийн боловсролын газар, Монгол Улсын хэлний бодлого, Боловсролын үнэлгээний төв хамтран монгол хүүхдийн эх хэлээ дээдлэх чадвар чадамжийг дээшлүүлэх олон бодлого үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулдаг. Үүний жишээ БҮТ-ийн даалгаврын санд үе үеийн жишиг даалгавруудыг хичээл бүрээр байршуулж өгсөн арвин сан бий. Мөн багш бүр өөрийн сурагчдын онцлог давуу тал дээр анхаарч хэт ачаалал өгөлгүй хэл бичгийн шалгалтын дагуу бэлтгэж ирсэн арвин туршлагатай байгаа. Тухайн сурагч өөрөө хичээж багштайгаа чадахгүй мэдэхгүй ойлгоогүй зүйлээ хамтраад ажиллах хамтын ажиллагааг тасралтгүй хийж явах нь чухал. Иймд сурагчдын алдаа бол даалгавруудаа бүрэн гүйцэд хийгээгүй шаардлага хангаагүй хүүхдүүд хангалтгүй үнэлэгдсэн байна л гэж үзээд байгаа. Үүнд хувь хүний хичээл зүтгэл хэрэгтэй.
-Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд босго оноо даваагүй сурагчид дунд судалгаа хийсэн гэлээ. Сурагчид ямар даалгавар дээр хамгийн их алдсан байсан бэ?
-Манай сургуулийн сурагчид хоёр даалгавар дээр хангалтгүй авсан байсан. Бид эдгээр сурагчидтайгаа уулзаж дахин шалгалт авсан. Энэ наймдугаар сард дахин шалгалт авах болсонд багш хүний хувьд баяртай байна. Энэ нь сурагчдад дахин л боломж өгч байна. Хичээгээрэй. Хүүхдүүд минь хүссэн сургуульдаа элсэн орж сайхан мэргэжлийг эзэмшээд эх орондоо ихийг бүтээхийг хүсэн ерөөе. Сурагчид ямар даалгавар дээр алдсан бэ гэвэл нэгдүгээрт, эхээ уншиж ойлгоогүй байсан. Арван асуултаас тавыг нь алдахад л оноо багасна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн тогтвортой унших чадвар их нөлөөлсөн. Хоёрдугаарт, хүүхдүүд маань эх зохион найруулах даалгавар дээр их оноо алдсан. Энэ нь хүүхдүүдийн унших чадвар багассан байгааг харуулж байгаа. Түүнээс зөв бичгийн алдаатай таван үгийг олох, үндэсний бичгээр унших даалгавруудаа бүрэн гүйцэд хийсэн байсан. Сурагчид маань унших, бичих даалгаврууд дээр л дулимаг хандаж уначихаж дээ гэж үзэж байна. Тэгэхээр сүүлийн үед ном уншиж, түүнийгээ ойлгох, ярих чадвар багасч байгаагийн хор уршиг юм. Эхийнхээ утгыг сайн ойлгож, үйл явдлын дараалалтайгаар унших хэрэгтэй.
-Ихэнх сурагчид бичих, унших даалгавар дээр оноо алдсан гэлээ. Зарим сурагч монгол бичиг дээр алдсанаасаа болж босго оноогоо даваагүй тохиолдол бий гэж сонссон. Түгээмэл хэрэглэгддэггүй монгол бичгээр хүүхдүүдийг монгол хэл бичгийн шалгалтад унагаж тэдний ирээдүйд нөлөөлөх нь зөв үү, буруу юу?
-Түгээмэл хэрэглэгддэггүй үг хэллэг ер байхгүй. Орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж бичихэд энгийн эхийн хэсэглэл сонгодог. Үүнийг ташаа мэдээлэл гэж үзнэ. Үсгээ мэддэг уншиж чаддаг байхад л монгол бичиг дээр хөрвүүлж бичих бол энгийн даалгавар. Энэ нь сурагчдын өдөр бүр л хичээл дээрээ гүйцэтгэдэг чадвар даа. Энд хэцүү зүйл байхгүй. Түүнчлэн монгол бичгийн асуудалд сурагчдын монгол бичгийг хадмалаас унших чадвар их муу байна. Энэ удаагийн хэл бичгийн шалгалтад монгол бичгийн даалгавар бичмэлээр ирсэн байсан. Өнгөрсөн жил хадмалаар ирсэн учраас шалгалтад сурагчид муу орсон байна гэж монгол хэлний багш нар бага зэрэг шүүмжилж байсан. Энэ жил бичмэлээр ирсэн байхад сурагчдын дийлэнх алдаж байна аа гэдэг нь тухайн сурагчийн монгол бичгийн суурь чадвар тааруу байгааг харуулж байна. Багш нар сайн ажиллаж байгаа ч сурагч хичээх ёстой л гэж бодож байна даа. Монгол хэл бичигтээ сайн зарим хүүхдүүд “Монгол бичгээ уншчих юм чинь” гээд цагтаа амжихгүй, цагтаа амжаагүйгээсээ болон буруу галиглан, хөрвүүлэх ч тохиолдол бий.
Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд мэдээлсэн. Та шалгалтын үр дүнгээс хуваалцахгүй юу?
-Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр улс орон даяар зохион байгууллаа. Тавдугаар сарын 4-нд шалгалтын дүн оноог нийтэд мэдээлсэн. Шалгалтад нийт 30879 шалгуулагч хамрагдсан.
Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлсэн хүүхдийн тоо 32000 гаруй байна. Шалгалт өгсөн хүүхдүүдээс харахад улсын хэмжээнд нийт 800 оноо буюу 50 оноо авсан шалгуулагч 36, 400 буюу босго онооны болзол хангаагүй шалгуулагч 4800 байна.
-Монгол хэл бичгийн шалгуулагчдаас болон ар гэрийнхнээс нь ирж буй өргөдөл гомдлыг хүлээж авч Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргасан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Олон нийтэд дүн оноог зарласнаас хойш тав хоногийн хугацаанд өргөдөл гомдол хүлээж авсан ба энэ хугацаанд 26, 27, 28 оноотой шалгуулагчид өргөдөл их өгч байна. Энэ жилийн шалгуулагчид 28 оноогоор тэнцэж, 28 оноо босго оноо болох 400 онооноос дээш гарч байгаа. Өргөдөл өгсөн сурагчдын ихэнх нь ийм гомдол, саналтай байсан. Үүнээс харахад гаргасан өргөдөл, гомдлын хамгийн гол зүйлс нь нэг, хоёр оноо нэмүүлэх хүсэлттэй өргөдлийг өгч байсан.
Үүнд тухайн сурагчийн хийсэн даалгаврыг хэрхэн оноожуулсан гэдгийг харуулж, буруу зөрүү алдаатай зүйлс байна уу, үгүй юу гэдгийг өөрсдөөр нь хянуулсны үндсэн дээр гарын үсэг зуруулах ажиллагаа хэрэгжиж байна. Дөрвөөс таван хоногийн хугацаанд өргөдөл гомдлыг авахад дүн оноо нэмэгдсэн, хасагдсан зүйл үгүй байна.
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хичнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа вэ?
-Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байна. Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоолол байгаа. Босго оноонд хүрээгүй 4800 шалгуулагчид ирэх сарын элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь нээлттэй. Арваннэгдүгээр сард дахин шалгалтаа өгч өвлийн арванхоёрдугаар сард болох элсэлтийн ерөнхий шалгалт болсны дараа өвлийн элсэлтээр их, дээд сургуулиудад элсэх эрхтэй болох юм.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та хэлж өгөхгүй юу?
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-18-ны хооронд зохион байгуулагдана. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-ны өдөр 10:00 цагаас түүхийн хичээлийн шалгалтаар эхэлж, 14:00 цагаас англи хэлний шалгалт явагдана. Зургадугаар сарын 16-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт 10:00 цагт химийн шалгалтаар эхэлж, 13:00 цагаас газар зүйн шалгалтаар үргэлжилж, 16:30 цагт нийгэм судлалын шалгалт зохион байгуулагдана. Зургадугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт 10:00 цагт биологийн шалгалтаар эхэлж, 14:00 цагт математикийн шалгалт явагдаж, 18-ны өдөр 10:00 цагт физик, 13:00 цагт орос хэл, 16:00 цагт монгол хэл хичээлийн шалгалт тус тус явагдана. Шалгалтыг улс орон даяар нэг цагт нэгэн зэрэг 49 шалгалтын төвд зохион байгуулна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтуудын хувьд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.
-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирснээр шалгалтын байр руу нэвтэрч шалгалт өгөх эрхтэй болно. Үүнд, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас (энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна), суудлын хуваарь (та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна), суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэх юм.
Зарим сурагч сандарч тэвдсэнээсээ болоод бүрдүүлэх материалаасаа ганц нэгийг мартаж ирэх тохиолдол гардаг. Ингэснээр өөрсдөдөө зохиомол сандрал тэвдлийг бий болгодог юм. Ийм байдал гаргахгүйн тулд шалгалтынхаа урьд өдөр бичиг баримтынхаа бүрдэл болоод өөрийн сэтгэл санаа, сандрал тэвдлийг дарж, сайн унтаж амарч сэтгэл зүй, биеэ бэлдэж ирэх шаардлагатай.
-Насанд хүрээгүй, иргэний үнэмлэхгүй шалгуулагчид ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрэн шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирэх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn олон E-mongolia-д байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэн авах юм.
-Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад ирэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Бичиг баримтаас гадна суудлын хуваарь тухайн хүүхдийг аль сургуульд хэддүгээр зааланд, хэддүгээр суудалд шалгалт өгөхийг илтгэсэн хуваарь байдаг учир суудлын хуваариа хэвлэж авах хэрэгтэй. Эхний шалгалт 10:00 цагаас эхлэх учир цаг хугацаа, түгжрэл бүх зүйлийг тооцоолон шалгалтын байрны гадаа 30 минутын өмнө ирэн, шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой. ЭЕШ-ын сэдэв даалгавар задарснаас хойш хоцорч орсон тохиолдолд ангийн хаалгыг барьж оруулахгүй. Тиймээс суралцагчид бүх эрсдэлээ тооцож шалгалтын байранд хувийн бэлтгэлээ сайн базааж, эрт ирэх шаардлагатай юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж, тэдэнд урам зориг өгөх зорилгоор шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах анхны “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. “Эрдэнийн чагнуур”-т ерөнхий мэргэжлийн сувилахуй, хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй, мэс засал,
гэмтэл согогийн сувилахуй, нүүр ам, нүд, чих, хамар хоолойн сувилахуй, мэдрэл, сэтгэцийн сувилахуй, сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй зэрэг 13 төрөлд цомын эздийг тодруулсан юм. Энэ үеэр “Ерөнхий мэргэжлийн сувилахуй” төрлөөр “Эрдэнийн чагнуур” цом хүртсэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Диабетийн төвийн сувилагч, чихрийн шижин өвчний сургагч багш Б.Соёлтой ярилцлаа.
-Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөлд анхны “Эрдэнийн чагнуур” цомын эзнээр шалгарсанд нь баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Монгол Улсад энэ жил анх удаа сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд эмч нарын дунд шилдгийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ шиг “Эрдэнийн чагнуур” гэж ёслолыг хийж шагнал гардуулж байна. Өөрийн хийсэн бүтээсэн ажлаа тайлагнаж илгээн анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн боллоо. Анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн болсондоо маш их баяртай байна.
-Та сувилагч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
-Сувилагч мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш улсад тасралтгүй 24 жил ажиллаж байна. 2005 онд чихрийн шижингийн сургагч багшаар мэргэшсэн. Түүнээс хойш Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд чихрийн шижингийн сургагч багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа олон улсад диабетийн төвийн зарчмаар ажилладаг туршлагыг Монголд нэвтрүүлэхийн тулд Сүхбаатар дүүрэгтээ анхдагч болж диабетийн төвийг нээж байсан. Өөрөө төсөл бичиж 5000 ам.долларын төсөл авч, төслөөрөө 2016 онд Диабетийн төвийг нээсэн. Нээгдсэн цагаасаа хойш Диабетийн төв олон улсын зарчмаар хөгжиж ажиллаж байгаа. Бусад дүүргүүдэд хийгддэггүй бүх сургалт, үзлэг, шинжилгээнүүд бүгд хийгддэг, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлж чаддаг онцлогтой дүүрэг юм. Энэхүү хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа маш их баяртай байна.
Ажиллах хугацаандаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдий
хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Хамгийн сүүлд 2022 онд чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амны хөндийн эрүүл мэндэд 16.5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж үр дүнг тооцож ажилласан. Ер нь судалгаа дүгнэлттэй ажиллахыг хичээдэг дээ. Монгол Улсад анхдагч болж чихрийн шижингийн сургагч багш мэргэжлийг эзэмшсэн учраас ижил мэргэжилтнээ сургаж ажиллахад хувь нэмрээ оруулан явж байна. Увс аймгийн нийт 20 гаруй сургагч багшийг эмнэл зүйн тойролтоор дагалдуулан сургадаг. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн их сургуулиудын оюутнуудыг дадлагажуулан сургадаг. Диабетийн төвийг сургалтын бааз эмнэлэг гэж үздэг учраас сурагчид чихрийн шижингийн тойролтоо манайд хийж, сургалтыг нь удирдаж, сургадаг.
-Сувилагчаар 24 жил ажилласан гэлээ. Анх сувилагч мэргэжлийг хэрхэн сонгох болсон бэ?
-Би багаасаа эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан юм. Ингээд эмчийн мэргэжилдээ конкурс өгөөд тэнцэж чадаагүй. Эмнэлгийн мэргэжилтэн болж энэ салбарт ажиллах хүсэлтэй байсан учраас эмчийн мэргэжлээ авч чадаагүй ч сувилагчаар суралцъя гэж конкурс өгч, эхний гуравт орж мэргэжлээ сонгож байсан. Түүнээс хойш сонгосон мэргэжилдээ одоог хүртэл үнэнчээр ажиллаж байна. Би намайг дагалдаж буй оюутан, шавь нартаа “Сувилагч мэргэжилдээ үнэнч, тууштай байж хичээгээрэй. Нэг өдөр л хөдөлмөрийн чинь хариу болж шагнал ирнэ шүү” гэж хэлж зоригжуулдаг.
-Сувилагч мэргэжлийн сайхан болон хүнд хэцүү зүйлээс та хуваалцахгүй юу?
-Олон жил мэргэжлээрээ ажиллаад ирэх үед хүн маш их туршлагатай, мэргэшсэн болдог. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн хамгийн ойрын хүн бол сувилагч байдаг шүү дээ. Эмч нэг өвчтөнд үзлэг хийж 10-15 минут л харьцаж чаддаг бол сувилагчид тухайн хүнтэй хоёр, гурван цаг ярилцаж, зөвлөн тусалж, үйлчилгээ үзүүлдэг. Хэвтэж эмчлүүлж буй хүмүүст 10-20 хоног үйлчилдэг хүн бол сувилагч л байдаг. Тиймээс өвчтөний хамгийн ойрын туслагч, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлж буй анагаах ухааны баримт нотолгоонд
суурилсан хэрэгцээтэй тусламж үйлчилгээг гардан үзүүлдэг хүмүүс бол сувилагчид юм.
Одоогийн байдлаар сувилагчдын ажлын ачаалал маш их болж нэмэгдсэн. Өдөрт 30-40 хүнд үйлчилж, тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой байтал одоо дунджаар 70-80 гаруй хүнд үйлчилж байна. Ажлын ачаалал, ажлаас халшрах хам шинж их байна. Миний хувьд “Ковид-19” цар тахлын үед улаан бүс рүү нийтдээ таван удаа орж ажилласан. Тэр үед улаан бүс рүү өдөрт 4-5 удаа
орж ажиллаж буй хүмүүс сувилагчид л байсан шүү дээ. Эмч нар өдөрт 1-2 удаа ороход, сувилагчид өвчтөнүүдийнхээ эмчилгээг хийхийн тулд 4-5 удаа орж ажилладаг, улаан бүсэд хамгийн их цаг өнгөрүүлдэг байсан. Сувилагчдаа хайрладаг, ажлын ачаалал тэнцвэртэй, ажлын ачаалалдаа тохирсон цалин хөлсийг аваасай гэж боддог. Ингэж байж л сувилагч мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэх байх. Үүнд төр засаг анхаарч сувилагч мэргэжлийн цалин хөлсийг нэмж, ар гэр амьдралын баталгааг сайжруулбал энэ мэргэжлээр хүмүүс дуртай ажиллах байх. Одоо сувилагчдын дунд ажлаас халшрах хам шинж 80 хувьд бий байх. Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Олон улсад Монголын нэг сувилагчийн ажлыг бараг 10 сувилагч хувааж хийдэг.
-Таны бодлоор сувилагчдын ажлын ачааллыг бууруулахад юу хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн эхний ээлжинд хүний нөөцийн асуудалд анхаарах хэрэгтэй. Хүний нөөц маш их дутагдалтай байгаа учраас Монгол Улсад нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой байтал нэг эмчид нэг сувилагч ноогдож байна. Ганцхан сувилагч гурван хүний хийх ёстой ажлыг хийж байна шүү дээ. Ирээдүйд сурагчдыг сувилагч мэргэжлийг сонгох хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой болгоход төрөл бүрийн хөшүүргүүд хэрэгтэй. Тухайлбал, цалин өндөр байх, ажлын ачааллыг зохицуулах, ажлын байрыг сайжруулах, ар гэр нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд анхаарвал сувилагч мэргэжлээр ажиллах сонирхолтой болж магадгүй. Сувилагч мэргэжлийг сонгох хүн маш ховор байна гэсэн судалгаа ч байдаг.
-Сувилагчийн мэргэжилд юу хамгийн чухал байдаг вэ?
-Мэргэжилдээ ур чадвартай, тууштай, хайртай дуртай байх нь хамгийн чухал. Өөрийн мэргэжилдээ дуртай байж мэргэжлийн үнэ цэнэ харагдана. Ур чадвар, мэдлэгтэй байх ёстой. Чадвартай байж өвчтөнүүддээ тусламж үйлчилгээг оновчтой зөв үзүүлдэг. Чадваргүй байж алдаа гаргавал түүний цаана хүний амь нас яригдах учраас ур чадвартай, хүнлэг энэрэнгүй, өвчтөнөө ойлгодог, мэргэжлээ мэдэрдэг байх хэрэгтэй гэж боддог.
Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч С.Баттулгатай ярилцлаа.
-Ерөнхий найруулагчаар ажиллаад удаагүй байна. Саяхан Ж.Вердийн “Макбет” дуурийг найруулж үзэгчдэд хүргэсэн шүү дээ. “Макбет” дуурийн талаар та ярихгүй юу?
-Нэгдүгээр сард Дуурь бүжгийн эрдмийн театрт ерөнхий найруулагчаар томилогдсоноосоо хойш Ж.Вердийн “Макбет” дуурь дээр ажиллаж, өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд нээлтээ хийлээ. Дуурийн театр маань энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Энэ хүрээнд томоохон дуурийг үзэгч олондоо хүргэе гэж манай хамт олон зориг гарган Ж.Вердийн “Макбет” дуурийг сонгон ажилласан. Театр гэдэг бол хамтын бүтээл байдаг учраас энэ бол манай хамт олны бүтээл. Ямар ч байсан энэхүү дуурийнхаа ард нь гарлаа. Сайн мууг үзэгч олон, сонгодог урлаг сонирхогчид маань шүүх байх. Бид 60 жилийнхээ түүхэнд нэг шинэ алхам, шинэ зүйл хийхийг зорьсон, түүнийхээ захад хүрсэн байх гэж бодож байна даа.
-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой өнгөрсөн оны намрын нээлтээр эхэлсэн. Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Тийм ээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойтой, гоцлол дууны ангийн 70 жилийн ой давхцаж таарсан. 60 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Түүнчлэн энэ зургадугаар сарын эхээр “Хурмастын дагина” шинэ балетыг үзэгч түмэн олондоо хүргэнэ. Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван гуайн хөгжим “Хурмастын дагина” балетыг 60 жилийн ойн хүрээнд үзэгч түмний хүртээл болгохоор ажиллаж байна. 60 жилийн ойдоо зориулан зорьж хийсэн хамгийн том ажил бол “Макбет” дуурь маань байлаа. Дуурийн театрын бүх ажилчид оролцсон, сэтгэл зүрхээ шингээн ажилласан бүтээл болсон. 60 жилийн ой тэмдэглэх хүрээнд энэ намар гадна, дотоодын уран бүтээлчидтэй хамтарсан фестиваль, гала концерт хийхээр ажиллаж байна. Хөгжмийн театр гэдэг юугаараа онцлог гэдгийг харуулахаар хичээж ажиллаж байгаа. Дуулах, хөгжимдөх бол хамгийн эхний даалгавар. Тайзан дээр дуулахаас гадна жүжиг тоглож буй учраас дүр бүтээх ёстой.
Макбет дүрийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА шинэ залуу дуучин Л.Бүүвэйбаатар, нэлээн туршлагатай олон жил театрт дуулсан СТА Э.Бумхүү хоёр залуу уран бүтээлчид бүтээлээ. Өөр өөрийн дүрийн онцлогууд их харагдаж байсан. Миний хувьд их бахархууштай байгаа зүйл нь дуучид маань дуулахын сацуу дүр бүтээх гэж маш их хичээлээ. Энэ нь ч хүмүүст хүрч эхнээсээ “Дүрийн гаргалгаа их сайхан байлаа” гэж хэлж байна. Мэдээж В.Шекспирийн “Макбет” зохиол бол маш их алдартай олон хүнд хүрсэн байдаг бол Ж.Вердийн хөгжим туурвиж дуурийн бүтээл болгосон “Макбет” ямар байдаг вэ гэсэн ялгааг бид харуулахыг зорьсон юм. Ж.Вердийн “Макбет”, В.Шекспирийн “Макбет” хоёр өөр юм гэдгийг хөгжим сонирхогчид маань ойлгосон байх. Хөгжим дээр тулгуурлаж хөгжмийн хэлээр дүрийг хэрхэн тодотгож болдог вэ гэдгийг манай Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Б.Энхнаран гайхалтай харууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран гэх гайхалтай сопрано хоолойтой хоёр дуучин маань хатагтай Макбетын дүрийг дүр болгож чадсан гэж би харж байгаа. Дуулах бол нэг хэрэг, хөгжим дээр тулгуурлан, суурилж дүр бүтээнэ гэдэг ямар байдгийг харуулсан. Бид дүр бүтээж байна гээд хөгжмөөсөө салаад явчихаж болохгүй. Тэгэхээр хөгжим ямар утга агуулга илэрхийлж буй, ямар интонаци, тональность дуугарч байгаа, яагаад заавал тэнд харматик өнгөнүүд буй, ямар учраас Ж.Верди ингэж бичсэн гэдгийг заавал гаргаж, түүнд тулгуурлаж байж дүрийг гаргана. В.Шекспирийн драмын жүжгийн зохиолын дүрээр үүнд гаргавал хөгжмийн хэл үгүй болно. Тийм учраас хөгжим дээр суурилсан дүр ямар байдаг гэдгийг манай уран бүтээлчид гаргаж чадлаа. Тэр тусмаа гол дүрд дуулсан дөрвөн дуучин үнэхээр сайн гаргасан гэж бодож байна. Тус дуурь дээр ажилласан найруулагчийн зүгээс харахад Макдуф гэх томоохон дүрийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал гайхалтай гаргалаа гэж харж байгаа. Бидэнд мэдээж алдаа оноо байсан байх, шинэ уран бүтээл учраас байлгүй л яах вэ. Шинэчлэлт хийх гэж хичээж ажиллаж, техник технологийн хувьд өргөн ашиглаж инноваци шингэсэн бүтээл хийх гэж оролдлоо. Энэ маань театрт анхдагч байсан учраас алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Юутай ч бид зорьсон зорилтдоо өндөр хувьтайгаар хүрч чадсан гэж бодож байгаа.
-Та анх урлагийн салбарт хэрхэн орох болсон бэ. Багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?
-Би анх одоогийн Бадмаараг ахлах сургуулийг Соёлын коллеж байх үед дуу хөгжмийн багшийн ангид элсэж орж байсан. Багадаа урлагт маш сонирхолтой, дуу хуурт дуртай хүүхэд байлаа. Соёлын коллежид ороод хөгжмийн боловсролыг анх эзэмшиж байлаа. Үнэхээр сургалт сайтай байсан, одоо ч тийм байх. Тэр үед манай элсэлтэд 80 гаруй хүүхэд орсон ч хагас жилийн дараа 34-үүлхэнээ л үлдсэн. Үүнээс дахин нэг жилийн дараа гэхэд үнэхээр суръя, хийж бүтээе гэсэн 22 хүүхэд үлдсэн. Сургууль маань маш сайн сургалттай байсан, их зүйлийг сурч авсан. СУИС-ийг Монгол Улсын ардын багш, хүндэт профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2008 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Ингээд Дуурь бүжгийн эрдмийн театртаа найрал дуучнаар 10 жил ажиллаж, ОХУ-ын Москвад Театрын урлагийн их сургуульд (ГИТИС) хөгжмийн театрын найруулагчаар суралцаж төгсөж өнгөрсөн жил ирсэн. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 30-нд дипломын ажил болгож Р.Леонковалло “Паяцы” дуурийг найруулан нээж байлаа. Яг жилийн ой дээрээ дахин дуурь нээсэн нь их ховор аз завшаан юм. Тухайн үед “Паяцы” дуурийг сонгодог урлаг сонирхдог хүмүүс ирж үзээд их өндөр үнэлгээ өгч явсан. Түүнээс хойш хичээх ёстой юм байна гэж бодож явна даа.
-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч гуайн шавь шүү дээ. Багшийнхаа тухай ярихгүй юу?
-Тийм. Анх ОХУ-д найруулагчаар суралцах үүд замыг нээж өгсөн хүн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган дуурийн театрыг их олон жил нуруун дээрээ үүрч явсан гайхалтай агуу багш минь юм. Би багшийнхаа хамгийн отгон сүүлийн шавь нь. Багш минь миний цаашаа хаа хүрэх, юу хийх зэргийг зааж өгч сургасан ачтай буянтай хүн. Багш бид хоёр нэг нутгийнх.
-“Хурмастын дагина” балетаас гадна дэлхийн болон Монголын ямар сонгодог дуурь, балетын тоглолтыг үзэгч олондоо хүргэхээр төлөвлөж байгаа вэ?
-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр нь 58 дуурь, 58 балетаар урын сангаа баяжуулж ирсэн түүхтэй. “Макбет” дуурь нь 59 дэх дуурь болж 60 жилийн ойн дээр мэндэлсэн. “Хурмастын дагина” балет 59 дэх балет болж зургадугаар сарын эхээр үзэгч түмэн олны хүртээл болно. Ирэх намар мөн нэгэн балетыг үзэгчдийнхээ хүртээл болгохоор бэлдэн ажиллаж байна. Тухайн үед нь балетын нэр нь зарлагдана. Ер нь цааш цаашдаа Дуурь бүжгийн эрдмийн театр маань дэлхийн алдартай сонгодог дуурь, балетуудыг үзэгч түмнийхээ хүртээл болгоно гэж зорихоос гадна үндэсний дуурь, сонгодог бүтээлүүдээ дэлхийн түвшинд хүргэж хилийн чанадад тоглох зорилт тавин ажиллаж байна. Томоохон бүтээлүүдийг шинээр бүтээж, захиалгаар хийх ажлууд яригдаж байгаа. Дэлхийн тайзан дээр дуучид аль хэдийнэ гарч алдар цуугаа мандуулж буйг бүгд л харж байгаа байх. “Макбет” дуурийг тавихад дуулах дуучин манайд байхгүй, манайд ахадсан зүйл гэж их олон хүн ярьж байсан. Өнөөдөр тэр хүмүүс харж байгаа байх. Манайх ямар ч бүтээлд уран бүтээлч талаасаа бэлэн, бэлэн болсон гэдгийг харууллаа гэж хувь хүнийхээ зүгээс бодож байна. Дэлхийн хэмжээний уран бүтээлчид театрт байдаг. Театр гэдгийг зөвхөн байшин барилга гэж битгий хараарай гэж миний хэлэх дуртай үг байдаг. Театр бол уран бүтээлчид дээр суурилдаг уран бүтээлчийн байгууллага. Тийм учраас уран бүтээлч чанартай байж тухайн театрын чанар хамт яригдаж байдаг. Түүнээс уран бүтээлчгүйгээр зүгээр л эртний түүх дурсгалын үнэт өв болсон барилга л болж үлдэнэ. Тиймээс театр гэдэг нэр бол уран бүтээлч хүмүүс дээр суурилдаг гэдгийг үзэгч олон маань ойлгож аваасай гэж хүсдэг.
-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуайгаас гадна өөр ямар алдартай найруулагчидтай хамтран ажиллаж байсан бэ?
-Би Ё.Цэрэндолгор найруулагчийг “Риголетто” дуурийг дахин сэргээж найруулж байх үед нь найрал дуучнаар хамтран ажиллаж байсан. Г.Эрдэнэбаатар найруулагчтай олон жил хамтран ажилласан. ОХУ-д Георгий Исаакян маш алдартай, өнөө цагт дуурийн урлагт од болон гялалзаж буй хүний удирдлага дор таван жил суралцсан. Багш минь өөр нүдээр дуурийн урлагийг харах, өнөө цагт яаж холбох, юу нь зөв юу нь буруу гээд бүх л номын дууг сонсгож, заасан хүн.
Түүхэндээ Монголын анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй боксчин болсон үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хорооны 120 дугаар ангийн тамирчин Ахлагч Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон XIII дахь удаагийн эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар тодруулахгүй юу?
-Энэтхэгт болсон боксын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний тав дахь удаагаа оролцож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тиймээс өөртөө заавал медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа сайн бэлтгэсэн. Эхний тулаандаа Францын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялсан. Түүний дараа Хятадын хоёр талаараа өрж тоглодог, адилхан солгой тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож 5:0 ээр хожин хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж мөнгөн медалийн болзлыг хангасан. Финалын тоглолт дээр Энэтхэгийн тамирчинтай таарч Энэтхэгийн тамирчин намайг зуурч, цохиж тоглолтыг маань гаргуулаагүй. Тэгээд 5:0 харьцаатайгаар хожигдсон.
-Энэ удаагийн тэмцээнд анх удаа сэтгэл зүйчтэй оролцсон шүү дээ. Сэтгэл зүйчтэй хамт тэмцээн, уралдаанд явж хамтран ажиллах нь ямар байсан бэ?
-Анх удаа сэтгэл зүйчтэй тэмцээнд оролцоход өмнөх тэмцээнүүдийг бодоход илүү өөр байсан. Бидний дотоод сэтгэлдээ болон анхаарах зүйлс, ринг дээрээ ямар сэтгэл зүйтэй гарах, багш нарынхаа заавар зөвлөгөөг хэрхэн анхаарч авч ажиллах гээд бүх зүйлсд зааж зөвлөсөн. Түүнчлэн эмч Ч.Насанбат эмч маань сэтгэл зүйчтэй хамт нэг хүн шиг л хамтран ажилласан учраас өнөөдрийн амжилтад хүрсэн байх. Бидний бүх зүйлийг анхаарч бэртэл, гэмтлээс болгоомжилж, ханддаг эмч хүн үгүй бол амжилтад хүрэхгүй байх гэж боддог. Сэтгэл зүйч Б.Золзаяа эгч маань бидэнд өөрсдийн хийж чадах бүх зүйлсээ хийж хурцалж, сэтгэл санааг өргөхөд анхаарч ажилласан.
-Боксын спортыг анх хэрхэн сонгох болсон бэ. Энэ спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?
-Анх спортоор хичээллэж эхлэх үедээ өөрийн биеэ хамгаална л гэж бодож суралцаж эхэлж байсан. Энэ спортоор цаашид хичээллэж тэмцээн, уралдаанд оролцож тамирчин болно гэж орж байгаагүй. Тэр үедээ шатар, жүдогоор хичээллэж байгаад боксын спортыг сонирхож хичээллэн гараагаа эхлүүлж байсан. Анхны тэмцээндээ мөнгөн медаль хүртэж, түүний дараагаар тэмцээнүүдэд оролцдог болж боксын спорт надад тохирох спорт юм байна гэдгийг мэдэж өнөөдрийг хүртэл хичээллэж байна.
-Эмэгтэй хүний хувьд боксын спортоор хичээллэх үед бэртэл гэмтэл авах үе бишгүй олон байх. Тэр үед ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энэ спортоор хичээллээд гэмтэл бэртэл авах үед “Миний охин хичээллэхээ болих юм уу” гэж ээж минь хэлдэг. Боксын спортдоо өөрөө их сонирхолтой, хайртай болохоор ямар нэгэн гэмтэл, бэртэл авахгүйн тулд хичээнгүйлэн бэлтгэл, сургуулилтаа хийдэг.
-Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Та багшийнхаа талаар ярихгүй юу?
-2010 онд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубт элсэн орж анхны багш Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөгөөр хичээллэж эхэлсэн. Багш минь тэр үед намайг спортод авьяастай хүүхэд байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш энэ спортоороо хичээллэж эхэлсэн дээ. 2013 онд авто осолд орж түүнээс хойш спортоо нэг жилийн хугацаанд орхисон. Тэр үед багш минь намайг орхилгүй өдийг хүртэл дэмжиж хамт явсан. 2017 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болж, 2019 онд “Аврагч” спорт хороонд тамирчнаар орж байсан юм.
Мэдээж энэ миний биш бидний амжилт. Намайг энэхүү амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.
“Өдрийн сонин”-оор дамжуулан анхны багш дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат, сэтгэл зүйч Б.Золзаяа, Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ж.Еркин, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Г.Мөнхжаргал, М.Буянжаргал болон нийт баг тамирчид, гэр бүл, найз нөхөд гээд намайг сэтгэлээрээ дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Бид яг л нэг хүн шиг, атгасан гар шиг байж чадсан.
Түүнчлэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, дэд ерөнхийлөгч М.Баянмөнх нийт удирдах зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Монголын боксын холбоо, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ОБЕГ, Хошууч генерал Г.Ариунбуян, Аврагч бокс” клубын тэргүүн Бригадын генерал М. Энх-Амар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврагч биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн дарга Дэд хурандаа П.Бүрэнтөгс нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
-Та одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ. Дараагийн тань зорилго 2024 оны Парисын олимп уу?
-Одоо энэ есдүгээр сард Азийн наадам зохион байгуулагдана. Азийн наадамд эхний дөрвөн байрт шалгарвал олимпод оролцох эрхээ авна. Одоогийн байдлаар тус тэмцээнд амжилттай оролцож 2024 оны Парисын олимпын эрхийг авах зорилготой байна. Азийн наадмын дараа олимпын эрхийн тэмцээн хоёр удаа зохион байгуулагдана. Тус олимпын эрхийн тэмцээнээс ч мөн олимпын эрхээ авах зорилготой байгаа. 2024 оны Парисын олимпод оролцож Олимпын аварга болохыг мөрөөдөж байна.
-Таны хувьд тэмцээний өмнө өөрийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг вэ?
-Миний хувьд тэмцээний өмнө дуугаа хурааж ямар нэгэн хүнтэй ярилгүйгээр өөрийгөө тусгаарладаг. Харин тэмцээн дууссаны дараагаар энгийн харилцаандаа ордог.
-Рингэн дээр хэдхэн секундийн хугацаанд хувь заяа шийдэгддэг шүү дээ. Энэ хугацаанд сэтгэл зүйгээ сайн бэлдэж, төвлөрч чадсан нь ялалт авчирдаг уу?
-Бид хэдэн жил бэлтгэж, зүтгэсэн хөдөлмөрөө нэг тэмцээнд оролцож шийддэг болохоор алдаагаа давтахгүйн төлөө рингэн дээр бүх зүйлсээ гаргадаг. Манай спортод долоон хоногийн хугацаанд жингээ барьдаг. Тэмцээнд нэг ялагдвал дахиж тоглоно гэсэн дүрэм үгүй учраас их хатуу спорт.
-Та боксын спортын аваргууд болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын бичлэгүүдийг үзэж үлгэр дуурайлал авдаг байв уу?
-Спортын аваргууд
болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Отгондалай, Н.Төгсцогт гээд ах нараасаа суралцаж, үлгэр дуурайлал авах зүйл их байдаг. Үүнээс Дорнод аймгаас гарч ирсэн хүн бол Д.Отгондалай ах минь. Д.Отгондалай ах шигээ Олимп, дэлхийн медальтан болно гэж их боддог байсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш минь “Чи над шиг гавьяат болно” гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлснээр амжилтад хүрч чадаж байгаа байх аа гэж бодож байна.
-Боксчин цаанаасаа төрнө гэж байдаг уу. Үнэхээр авьяастай төрсөн боксчин гэж байдаг уу?
-Боксын спортод авьяастай хүн гэж бий. Намайг боксын спортод орж байх үед багш нар маань төрөлхийн авьяастай хүүхэд байна гэж хэлж байсан. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд авьяастай ч өөрийн авьяасаа гаргаж чаддаггүй хүн их байдаг. Би маш их хичээж, зүтгэсэн учраас энэ хүртэл ирсэн байх гэж боддог.
-Боксын спортын сайхан болон хүндрэлтэй зүйлсээс хуваалцахгүй юу?
-Боксын спортыг ихэнх хүмүүс зүгээр л зодоон гэж ярьдаг. Миний хувьд боксын спорт бол урлаг юм. Боксын спорт нь цээж хөдөлгөх, гаргах, цохилтоо хэрхэн цохих гээд толгой ажилладаг учраас шатар, бокс хоёр ижил юм шиг санагддаг. Тийм учраас л энэ спортод сонирхолтой, хайртай байдаг юм. Боксын спортод гэмтэл бэртэл авах үеүд л хамгийн хэцүү байдаг. Гэмтэл, бэртэл авах үед спортоо орхих, шантрах үе их тохиолддог. Ийм үеүдэд шантраагүй байсан болохоор дэлхийн медалийн тавцанд гарсан байх гэж боддог доо.
-Таны хувьд бэлтгэлдээ өдөрт хэчнээн цагийг зарцуулдаг вэ?
-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг дээ. Бэлтгэл сургуулилтаа тэмцээн, уралдаангүй байх үедээ өдрийн хоёроос гурван цаг хийдэг. Тэмцээнтэй үедээ нэг цагийг бэлтгэл, сургуулилтдаа зарцуулдаг.
-Боксын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой юм бэ. Боксоор хичээллэснээр хүн юуг олж авах вэ?
-Боксын спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай байх, хүний үгийг дааж хүнтэй зөв боловсон харьцах зэргийг сургадаг.
-Боксын спортоор хичээллэж эхэлж буй залуус юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Ямар ч спортын төрлөөр хичээллэхдээ хамгийн их анхаарах зүйл нь тууштай, идэвхтэй байж бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Бүх сэтгэл зүрхээ зориулж тууштай шаргуу хичээллэвэл түүнийхээ үр шимийг хэзээ нэгэн цагт заавал хүртдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс өөрөө л хичээвэл бүх зүйлсийг та хийж чадна шүү. Гэмтэл бэртлээс айхгүйгээр зорилго, мөрөөдөл рүүгээ зоригтой тэмүүлээрэй гэж хэлье. Нэг зорилгод хүрэхийг хүсэж тэмүүлбэл тууштай байж зорилгоо орхихгүй байх хэрэгтэй.