Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр авлига авч, өгсөн гэх Г.Шийлэгдамба, Э.Гантулга нарыг яллагдагчаар татлаа

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих14.9 сая ам.долларын төслийн программ хангамжийг Э.Гантулгын компани хэрэгжүүлэх эрх авсануу-

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг өчигдөр яллагдагчаар татаж, хоёр сар цагдан хорихоор боллоо. Мөн түүнтэй хамт шалгагдаж байгаа Э.Гантулгыг яллагдагчаар хоёр сар цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан юм.

Г.Шийлэгдамба, Э.Гантулга нарыг сэжигтнээр 14 хоног хорьж, өчигдөр яллагдагчаар татжээ. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд тавьсан аж. Гэвч Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүх цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон. Г.Шийлэгдамбыг бусдаас авлига авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар, Э.Гантулгыг хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар яллагдагчаар шалгаж эхэллээ. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жил хорих ялтай хуулийн зүйл заалтаар шалгаж байгаа гэсэн үг. Тэдний үйлдсэн гэх хэргийг эх сурвалжуудын мэдээлснээр тоймлон хүргэе.

Арав гаруй жилийн түүхтэй цахимжуулах хөтөлбөр Г.Шийлэгдамбыг хэрэгт унагах уу

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах хөтөлбөр 2004 оноос эхэлсэн түүхтэй. Тодруулбал, 2004 онд Шастины нэрэмжит төв эмнэлэг “Эмнэлгийн удирдлагын мэдээлэл”-ийн иж бүрэн программ хангамж ашиглалтад оруулснаар цахим эмнэлгийн суурь тавигдсан. Дараа нь Улсын клиникийн төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв цахим болж байжээ. Ингээд нэгэн программ хангамжийн компани 2010 оны үед Эрүүл мэндийн яаманд “Эрүүл мэндийн салбарт цахим мэдээллийн сан бүрдүүлэх” тухай төсөл бичиж байжээ. Ингээд дотоодын компаниуд программ хангамжийн ажлыг хариуцан хийж байсан аж. Салбарын яамнаас нь төсөл санхүүжүүлэгч хайж эхэлжээ. Тэр үеэс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл яригдаж, мөн улсын “HUAWEY” компани Монголд салбараа нээсэн байна.

Олон жил яригдсан “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилт 2014 онд шийдэгдэж, Г.Шийлэгдамба сайдын үед төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл, олон жил яригдсан хөтөлбөр Г.Шийлэгдамбыг хэрэгт унагах эхлэл тавигдсан хэрэг.

МАХН-ын гишүүн Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллах үед буюу 2013 онд яамандаа Удирдах ажилтны хурал хийж цахим эмнэлгийн программ хангамжийг хийж байсан дотоодын компаниудтай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ. Тэр үеэс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Цахим эрүүл мэнд” төслийг “HUAWEY” компани хариуцах нь гэсэн мэдээлэл тарж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хүртэл очиж байсан баримт байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тогтоолоор “Цахим эрүүл мэнд” төслийн үйл явцыг шалгах ажлын хэсэг томилогдож, цөөнгүй зөрчил илэрч байжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эрүүл мэндийн цахим сангийн ажлыг дотоодын компаниудад хариуцуулах нь зөв гэсэн зөвлөмж ч гарч байж.

Олон жил яригдсан “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилт 2014 онд шийдэгдэж, Г.Шийлэгдамба сайдын үед төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл, олон жил яригдсан хөтөлбөр Г.Шийлэгдамбыг хэрэгт унагах эхлэл тавигдсан хэрэг.

14.9 сач ам.долларын төсөл хэрэгжүүлэхэд оролцох компанийг хэрхэн шалгаруулав

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн баримт бичгийг баталсан. Уг төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн 48 байгууллагад эмнэлгийн мэдээллийн технологийн системийг бий болгох зорилготой. Төслийн хүрээнд 14,9 сая ам.долларын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон бусад дагалдах бараа, бүтээгдэхүүн, эмнэлгийн мэдээллийн программ хангамж болон бусад үйлчилгээ нийлүүлэгдэх аж. Төслийн хүрээнд БНХАУ-ын “HUAWEY” компани тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж программ хангамж хийх компанийг сонгон шалгаруулахаар болжээ. Гэтэл программ хангамжийн компаниудад сонгон шалгаруулалтын мэдээлэл очоогүй аж. Тэгсэн атлаа өнгөрсөн гуравдугаар сард гэнэт “Метро Нетворк” гэдэг компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гэдэг мэдээлэл эрүүл мэндийн салбарынханд хүрчээ. Эндээс үүдэж Г.Шийлэгдамба сайдын талаарх мэдээлэл АТГ-т очжээ. АТГ-аас Г.Шийлэгдамба сайдад гурван удаа зарлан дуудах хуудас хүргүүлж байсан ч мэдүүлэг өгөөгүй аж. Тиймээс энэ сарын 4-ний өдөр АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн яамнаас баривчилсан. Тухайн үед сайд ажлынхаа өрөөнд хагас тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар хадгалж байгаад баригдсан гэдэг. Мөн Э.Гантулга сайдтай уулзахаар очсон байгаад мөн баригджээ.

“Метро Нетворк” компанийн тухайд Дарханд үйл ажиллагаа явуулдаг байсан гэх мэдээлэл байна. Харин өнгөрсөн оноос программ хангамжийн чиглэлээр ажилладаг болж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тэр үед Э.Гантулга гүйцэтгэх захирлаар нь томилогдсон байна. Тус компанид БНХАУ-ын компани хөрөнгө оруулсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Э.Гантулга гэж хэн бэ?

Тэрбээр 1984 онд Хөвсгөл аймагт төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийг программ хангамжийн мэргэжилтнээр 2007 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд Арьсны өвчин судлалын үндэсний төвд инженерээр жил ажиллаад Шастины нэрэмжит төв эмнэлэгт орсон байна. Дараа нь “Мон Ай Ти” компанид ажиллах болсон байна. Тэнд ажиллаж байгаад 2014 оны есдүгээр сард ажлаасаа гарч “Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Энэ залуу яаж Г.Шийлэгдамба сайдтай холбогдов гэсэн асуулт гарч ирнэ. Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н гэдэг эмэгтэй Э.Гантулгатай хамт ажлын гараагаа эхэлж байжээ. Тэд Шастины нэрэмжит төв эмнэлэгт хамт ажиллаж байсан аж. Тэндээс Н яаманд ажилд орж, Э.Гантулга “Мон Ай Ти” компанид ажиллах болжээ. “Мон Ай Ти” эрүүл мэндийн салбарын программ хангамжийг хариуцан ажиллаж байсан учраас Э.Гантулга Н-тай хамтран ажилласаар байж. Дараа нь Э.Гантулгыг “Метро Нетворк” компанитай холбосон хүн нь олон жил хамтран ажилласан Н гэж салбарынхан нь ярьж байсан. Э.Гантулгын хувьд “Метро Нетворк” компаниас цалинждаг, гүйцэтгэх захирлын албан тушаалтан. Эндээс тус компанийн өмнөөс сайдтай харьцдаг байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Үүний цаана төсөл шалгаруулах багт хэн, хэн байсан, “Метро Нетворк” компанийн цаад эзэн хэн байсан бэ гэх зэрэг олон асуудлыг хуулийнхан шалгаж эхэлсэн бололтой. Эндээс эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрийг хэрхэн замхруулдаг, мөнгө босгох арга болгодог байсан гэх зэрэг олон хэрэг ч илэрч магадгүй байгаа аж. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг ч авлигын хэргээр шалгагдаж байгаа билээ. Тус яаманд өндөр албан тушаал хашиж байсан цөөнгүй хүн тендерийн хэрэгт холбогдож байсан түүх ч бий.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хөвсгөлд амиа алдсан биологичийн аав Ж.ТӨМӨРСҮХ: Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдлаа

-ТОСТЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИЙНХНЫГ ХАРДАЖ БАЙНА-

Ж.Төмөрсүх насаараа байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Талийгаач аавынхаа мэргэжлийг өвлөжээ

Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд цогцсыг нь Хөвсгөл далайгаас олсон талаар манай сонин мэдээлсэн билээ. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийхдээ талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн хуралдаан дээрээ энэ асуудлыг хэлэлцэж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж үзсэнээ мэдээлсэн юм.

Талийгаач өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж, барьцаалдагдаж байсан гэх мэдээллийг эх сурвалж манай сонинд өгсөн. Талийгаачийн аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хүнд үед ярилцлага авах хүсэлт тавьж байгаад уучлаарай.

-Өнөөдөр хүүгээ сүүлчийн замд нь үдлээ. Дөнгөж сая буяны ажилд оролцсон хүмүүсээ явуулчихаад гэртээ орж ирээд, өөртэй чинь ярьж байна. Талийгаач маань айлын том хүү. Доороо гурван дүүтэй. Манай гэр бүлийн түшиг тулгуур байлаа. Зөвхөн гэр бүлдээ ч биш Монгол Улсад чухал хүн байсан гэдгийг сүүлийн хэд хоногт мэдэрлээ. Олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас маш олон эмгэнэл ирлээ. Өнөөдөр оршуулганд Шведийн байгаль хамгаалагч ирж оролцчихоод буцлаа. Шведээс ирсэн ажлынх нь хамтрагч “Манай ажлын цөм хүн байлаа” гэж хэлэхийг сонсоод хүүгээрээ бахархаж зогссон. Миний хүү 27 насандаа дэндүү ихийг хийж бүтээгээд, арай л эрт буцчихлаа. Ирвэсний судалгааг Монголд байгаагүйгээр хийж байсан юм билээ. Биологийн салбарынхан, “Хүрээлэн амьд ертөнц” төслийнхөн, Өмнөговь аймгийнхны хувьд хүү минь ерөөсөө л “Хуурай хүү” нь байжээ.

Талийгаач энэ сарын 5-ны үүрээр машинаа гараашид тавина гээд гарсан гэдэг. Хөдөө явахаар төлөвлөж байсан юм болов уу?

-Энэ сарын 6-нд ажлынхантайгаа Өмнөговь аймаг руу явахаар бэлтгэж байсан юм билээ. Томилолтоо авчихсан, замынхаа хүнс, очоод хэрэглэх эд зүйл гээд бүх бэлтгэлээ хийчихсэн. Арваннэгдүгээр сарын 6-нд машиных нь дугаар явахгүй өдөр байж. Тиймээс таванд машинаа хотоос гаргаж тавьчихаад ирье гээд гарсан байгаа юм. Тэгээд л сураггүй болчихсон. Манайх Хөвсгөлд байдаг. Хотоос хүүг минь сураггүй болчихлоо гэж 6-нд утсаар ярьсан. Сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодоод би шууд хотод ирсэн. Угаасаа ч би Өмнөговь руу явахыг нь зөвшөөрдөггүй, хориглодог байсан юм.

Ирээд цагдаагийн газарт мэдэгдсэн үү?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгч, тэндээс шалгаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд цагдаа нар тун хойрго ажилладаг юм билээ. Цаагуураа эрэн сурвалжлаад шалгаад байсан байж магадгүй. Бидэнд мэдэгдэхээр ажил хийж харагдаагүй. Танил хүмүүсээрээ дамжуулж хөөцөлдөөд хүүгээ Дархан руу явах замаар хотоос гарсныг нь мэдсэн.

Хэзээ тэр вэ?

-Энэ сарын 8-нд мэдсэн хэрэг. Ерөөсөө л 5-нд гэрээсээ гараад тэр чигтээ явчихсан бололтой юм билээ. Баруун тийшээ явсныг нь мэдээд цагдаад тэр тухай мэдээлэл өгсөн.

Машинд нь талийгаачаас өөр хүн явсан болов уу. Камерын бичлэгт хүнтэй явсан гэх дүрс үлдсэн болов уу?

-Замын бичлэгт мэдэгддэггүй юм билээ. Булганы шатахуун түгээх станцын бичлэгээс харахад урд суудал дээр нь хүн байгаагүй. Хойно юу байгаа нь харагддаггүй юм байна.

Та хүүгээ Өмнөговь руу явахыг хориглодог байсан гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Тэнд хүү минь халдлагад өртөж амиа алдах шахсан. Аймгийн цагдаагийн газрын Түмэнбаяр гэдэг байцаагч долдугаар сараас хойш дуудаж байгаа. Гэмт этгээдийг олж хориогүй цагт хүүгээ явуулж эрсдэлд оруулахгүй гээд би явуулахгүй байсан юм. Энэ удаа ажлынхантайгаа явна гэсэн болохоор нь гайгүй байх гэж найдаж байлаа.

Хүүгээ сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодсон гэлээ. Танай хүүд өмнө нь юу тохиолдсон юм бэ?

-Дөрөв дэх удаагаа халдлагад өртөөд байгаа нь энэ. Үүнээс өмнө гурван удаа халдлагад өртсөн. 2014 оны тавдугаар сард 23.00 цагийн орчимд “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу дайрч хоолой, гарыг нь хутгалсан байсан. Азаар хүү минь үхээгүй. Нөгөө нөхдүүд үхчихсэн гэж бодоод зугтсан бололтой юм билээ. Хүү минь үүрээр дөрөв, таван цагийн үед ухаан орж арайхийн гэртээ ирээд түргэн тусламж дуудсан. Гэр нь ойрхон л доо. Эмнэлэгт очиж анхны тусламж авч, олон оёо хийлгэсэн.

Цагдаад мэдэгдээгүй юм уу?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэхэд цагдаа бүртгэж авдаг юм билээ. Түүнээс манайхан гомдол гаргаагүй. Хүү минь үнэхээр шоконд орчихсон байсан. Эмнэлгээс гараад Хөвсгөлд гэртээ ирж тэнхрээд буцаж ажилдаа орсон.

Дараа нь бас халдлагад өртсөн юм уу?

-2015 оны нэгдүгээр сард их дэлгүүрээс гэр рүүгээ явж байсан. Тэгтэл тавдугаар сургуулийн урд том хар жийп тулж зогсоод хоёр залуу хүчээр машинд суулгасан байгаа юм. Тэгээд баг өмсүүлээд 20-30 км давхиж, их дуу чимээтэй газарт аваачсан гэсэн. Тэнд багтай гурван хүн дарамталж, заналхийлсэн гэсэн. Нэг нь хаашаа ч юм утсаар ярьчихаад орж ирээд хүүг минь цохиж байсан тухай надад ярьсан. Тэд хүүг минь “Чи хөдөө байхдаа их том том ярьдаг бацаан. Хөдөө ч, хотод ч бидний гараас мултрахгүй” гэсэн байгаа юм. “Хуультай улсад та нар ингэж болохгүй” гэхэд нь “Хууль бидний гарт байгаа. Чи яаж ч чадахгүй. Хуулийнхан манай талд” гээд зодсон тухай ярьсан. Тухайн үед хүү маань бага хэмжээний мөнгөтэй явсан. Танхай нөхдүүд утсыг нь ч, мөнгийг нь ч аваагүй. Шөнийн хоёр, гурван цаг хүртэл дарамталж байгаад машиндаа суулгаад хотын төвд аваачиж хаясан гэсэн.

Машиных нь дугаарыг харж чадаагүй гэсэн үү?

-“Эргэж харвал ална шүү” гэж хэлээд явсан гэсэн. Хүү минь үнэхээр шоконд орчихсон. Нэг хоног хотод нуугдаад шууд Хөвсгөлд ирж байсан. 14 хоног ээжээсээ холдоогүй, гэрээсээ ч гараагүй. Тэгэхээр асар том дарамтад орсон байгаа биз.

Бас цагдаад мэдэгдээгүй гэж үү?

-“Ирвэс хамгаалах сан”-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан ч хохирол байхгүй гээд хэргийг хаачихсан гэсэн. Хүү минь айсандаа сар шахам гэртээ нуугдаж байгаад буцсан. Өөрөө ажилдаа үнэхээрийн дуртай, уул хадаар тэнэж явахдаа жаргадаг байсан. Тэгээд ажилдаа дурлаад явсан хэрэг. Гэтэл дахиад халдлагад өртсөн.

Хаана вэ?

-2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Тостын нуруунд судалгаа хийж явсан юм. Тэр өдөр мотоцикльтойгоо явсан. Зам нь хэцүү, хад ихтэй. Хоёр цагийн өмнө явсан замаараа буцаад иртэл багтай хоёр хүн отож байгаад нэг нь толгой руу нь цохиж ухаан алдуулсан. Нөгөө нь гурав хутгалсан байгаа юм. Хүү минь ухаан ороод хутгалуулснаа мэдээгүй юм билээ. Мотоциклио унаад буцаж явж байгаад цус алдаж байгаагаа мэдсэн гэсэн. 30 км-ын зайд гурван цаг гаруй явж байрлаж байсан айлдаа очсон байгаа юм. Хүүгийн минь байсан айлынхан түргэн тусламж дуудаж, онгоцоор хотод авчирч Цэргийн госпиталд хэвтүүлсэн. Тухайн үед мэс засалд орж, сар шахуу хэвтсэн. Сар эмнэлэгт хэвтээд Хөвсгөлд хоёр сар шахам гэртээ байсан юм.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгасан биз дээ?

-Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаа Төрбат, Бямбаа гэдэг хоёр хүн хэргийн газарт очсон. Тухайн үед хүү минь хот руу явчихсан байсан хэрэг. Тэр хоёр цагдаа хэргийн газарт очоод ул мөр байгаагүй гэдэг дүгнэлт гаргасан.

Юу гэсэн үг вэ?

-Хадан дээр ямар ул мөр үлдэх билээ дээ. Би насаараа байгаль хамгаалагч хийж, хулгайн анчдын араас яваа хүн. Муухан мөрдөн байцаагчаас дээр ажиллана. Амьдралын туршлага дээрээ үндэслээд “Хадан дээр ул мөр үлдэхгүй. Та нар алсуур мөр хайгаад олооч” гэж гуйхад “Та бидний ажлыг заахгүй” гэж уурлаад сүйд болсон. Дараа нь хүүг минь бараг өөрийгөө хутгалсан гэж байцаасан байгаа юм. Тиймэрхүү хандлагаар нэлээд дээрэнгүй байцаасанд хүү минь их гомдсон байсан. Би тэр цагдаа нарыг гэмт этгээдүүдтэй холбоотой учраас хэргийг илрүүлэх сонирхолгүй байсан гэж харддаг.

Яагаад?

-Хүү минь Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцдэг байсан. Гэтэл компаниуд сумын удирдлагуудын зөвшөөрөл бариад ирдэг. Тэр нөхдүүд өрөм тавихаар багийн даргыг хүртэл дагуулаад явдаг байсан гэсэн. Үнэт чулуу хайсан хүмүүс ч цөөнгүй явдаг.

Талийгаачийг хоёр удаа хутгалж, нэг удаа барьцаалж байжээ. Энэ бүхнийг та холбоотой гэж харддаг уу?

-Угаасаа Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалж байгаа. Судалгааны гол ажлыг хүү минь хийж байсан. Тэнд арав гаруй лицензийг уул уурхайн компаниуд эзэмшдэг. Тэд лицензээ алдахгүй, ашигтай байхын тулд юуг ч хийж мэднэ. Тиймээс би гэмт этгээдийг бариагүй цагт хүүгээ Өмнөговь руу явуулахгүй гэж байсан юм. Хулгайн анчид хэзээ ч хүнийг алах гэж ингэтлээ улайрахгүй. Би насаараа хулгайн анчдын араас хөөцөлдсөн хүн занг нь мэдэлгүй яахав. Хүү минь уул уурхайн компанийнхны дарамтад орж амиа алдсан нь гарцаагүй.

Таны ярьж байгааг сонсоход Монголд байж боломгүй хэрэг шиг санагдлаа. Кинон дээр л ийм юм гардаг биш үү?

-Мөнгөний төлөө хүмүүс юуг ч хийж чаддагийг хүүгээрээ мэдэрлээ. Миний хүү өмнөговийнхны хувьд шүтээн байсан. Бүгд төрсөн хүү шигээ ханддаг. Тэндэхийнхэнтэй нийлээд уул уурхайн компаниудыг эсэргүүцдэг болохоор нөхдүүдийн зэвүү хүрсэн байх. Түүнээс хүү минь хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Шударга хүн. Арганд нь орохгүйг мэдээд л амь насанд нь заналхийлсэн байх.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гэдэг мэдээллийг өгсөн.

-Цохиж, зодсон ул мөр байгаагүй. Уснаас гаргаж ирж байгааг нь би өөрөө хараад зогсч байсан. Харин амиа алдах хүртэл дарамтад оруулсан цаад эзэд нь хэн байв гэдгийг цагдаагийнхан шалгаж, олох ёстой. Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртсөн гэж би ярьсан шүү дээ. Хамгийн сүүлд дахин халдлагад өртөж, дарамтад орсон баримт олдсон.

Юу гэсэн үг вэ?

-Хүү минь хоёр утастай явсан. Хатгал тосгоны Хүслийн хадны зүүн талаас цагдаа нар машиныг нь олохдоо нэг утсыг нь авсан байна лээ. Дараа нь бид машиныг нь хүлээж авахад нэг утас нь олдсон. Цагдаа нар олоогүй хэрэг. Тэр утсан дээр маш чухал нотлох баримт байсан. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахын өмнөх өдөр утсаар ярьсан бичлэгээ утсан дээрээ хадгалчихсан байсан. Бичлэгт хүүг минь барьцаалсан, хутгалсан нөхдүүд дахиж ярьсан нь тодорхой байгаа. Хүү минь ч нэлээд шийдэмгий ярьсан байна лээ. Би бичлэгийг цагдаа нарт хүлээлгээд өгчихсөн учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Ерөөсөө утсаар дарамталсны дараа хүү минь айгаад 5-ны үүрээр нутаг руугаа гараад давхичихсан байгаа юм. Тэгэхдээ сим картаа утаснаасаа салгаад дунд хайрцагтаа хийчихсэн байсан. Нутагтаа ирээд тоглож өссөн хадан дээрээ гарсан байгаа юм. Миний тооцоолсноор тэнд гурван цаг зогссон байх. Тэгэхдээ утсаа бичлэг хийдэг тохиргоон дээрээ тавьчихаад суудал доороо хаячихсан бололтой. “Завь ирлээ”, “Завьтай хүмүүс байна”, “Завь байна” гэж гурван удаа хэлээд машинаасаа гарч байгаа бололтой, хаалга хаагдах чимээ утсанд нь үлдсэн байгаа юм. Шөнө дунд завьтай хүмүүс рүү гүйж байгаад давалгаанд татагдаж ус руу орсон байх гэж таамаглаж байгаа.

Талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа заналхийлэлд өртөж байхдаа аль нэг компанийнхан, хүмүүсийг хардаж байсан болов уу?

-Таамаг байгаагүй. Би хүнтэй алалцах хүртлээ муудалцаж байгаагүй гэж ярьж байсан.

УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэгт анхаарал хандуулахаар болсон гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

-Би хувьдаа гомдол гаргаагүй. Байгууллагаас нь мэдээлэл өгсөн байж болзошгүй. Би цагдаад л гомдол гаргасан.

Тостын нуруунд ажиллаж байсан хамт олноос нь ийм дарамтад орж байсан хүн байгаа болов уу?

-Би асуусан. Тийм зүйл гарч байгаагүй гэсэн.


Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ (II)

Түрүүч нь №243 (5195) дугаарт

Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ фото модель, загвар өмсөгч болгоно хэмээн харилцаа тогтоож, зургийг нь авсныхаа дараа эрхшээлдээ оруулж секс сүрдүүлэг хийсэн гэх үндэслэлээр гэрэл зурагчин Ө-г цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Хэрэгт гурван эмэгтэй хохирогчоор тогтоогдсон. Мөн цөөнгүй гэрч байгаа аж.

“НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ИНТЕРНЭТЭЭР ЦАЦЛАА ГЭЖ ДАРАМТАЛНА”

Ө-ийн сүрдүүлэгт өртсөн ч, гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байгаа цөөнгүй бүсгүй байдаг юм байна. Ар гэрийнхэндээ мэдэгдэх хүсэлгүй, хуулийн байгууллагаар явах сонирхолгүй байгаа учраас тэд гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэжээ. Гэхдээ цахим ертөнцөд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл ойр байдаг гэдгийг бусдад ойлгуулах, сэрэмжлүүлэх хүсэл тэдэнд байгааг ярьсан. Тэдний нэгтэй холбогдож ярилцлаа.

-Уучлаарай, та хэд орчим настай вэ. Фэйсбүүк, твиттерийн идэвхтэй хэрэглэгч үү?

-Хорь гаруй настай. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч байсан ч одоо маш болгоомжтой ханддаг болсон. Би хүүхэд байхдаа загвар өмсдөг, загварын чиглэлээр дагнан явахыг хүсдэг байсан. Охид өөрийгөө хөөрхөн, гоё гэдгийг мэдрэхийг хүсдэг шүү дээ. Тийм үедээ фэйсбүүкт зургаа их оруулдаг байлаа. Одоо би ээж болох гэж байгаа. Тэгээд ч гэнэн зангаасаа болж насан туршдаа мартахгүй асуудалд орж байсан учраас бараг зураг хийдэггүй. Зөвхөн хүмүүсийн бичсэнийг л уншдаг.

-Та секс сүрдүүлгийн хохирогч болсон ч хуулийн байгууллагад хандахыг хүсэхгүй байгаа гэсэн. Юу болсныг товч яриач?

-Хоёр жилийн өмнөх явдал. “Chingis ….” хаягтай хүнээс найзлах хүсэлт ирснийг санаандгүй хүлээгээд авчихсан. Тэгтэл өнөөх хаягаас өдөр бүр шахам захидал ирдэг болсон. “Баяжихыг хүсч байвал найзтайгаа холбогдоорой”, “Чи утсаа л үлдээчих. Найз нь өөрөө ярья”, “Чиний зурагнуудыг харлаа. Фото модель болох төрх байна”, “Найзынхаа фэйсбүүк хаяг руу ороод бүх мэдээллийг уншаарай”, “Манай компанитай хамтарч ажиллавал маш том боломж нээгдэнэ шүү” гэх мэтээр тасралтгүй захидал явуулдаг байсан. Хаягаар нь орж үзэхэд найз гэхээргүй, нас тогтсон хүний зураг байсан. Тэр үед л би сэжиг авах ёстой байсан юм билээ. Цааш нь үзтэл загварын бололтой охидуудын үнэхээр гоё зураг байсан. Бас гадаадын компанийн Монгол дахь захирал гэж ойлгогдохоор мэдээллүүд байсан. Хүмүүс зураг бүхэн дээр нь амжилт хүссэн сэтгэгдэл үлдээсэн байгааг хараад итгэл төрсөн байх. Нэг удаа “Таны явуулаад байгаа мэдээллийг ойлгохгүй байна. Яагаад над руу захидал бичээд байгаа юм бэ” гээд хариу биччихсэн. Гэтэл өөрийгөө топ модель Одгэрэл, Содтуяа нартай хамтран ажиллаж байсан. Тэдний зурагчин гэх мэтээр ярьж эхэлсэн. Өөрийнхөө сонинд өгсөн ярилцлагыг хүртэл цахим шуудангаар харуулсан. Намайг фото модель болох төрхтэй ч, мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй гэж зөвлөсөн. Хариу бичихгүй болохоор 9911… –тэй дугаараас залгана. Хоолойг нь сонсоход их аядуухан хүн шиг санагдсан. Бас загвар өмсөгч, миссүүдийн талаар ярихдаа яг л таньдаг, дотно найзынхаа тухай ярьж байгаа мэт мэддэг байсан.

-Үнэхээр загварын­хантай ажилладаг юм байна гэж итгэсэн үү?

-Итгэл төрүүлдэг юм билээ. Загварын нарийн мэдрэмжтэй юм шиг ярина. Миний авсан зураг гээд үзүүлсэн зурагнууд нь их гоё санагдсан. Тэгээд л зургаа авахуулъя гэж шийдсэн. Тухайн үед ямар ч эргэлзээ төрөөгүй. Чингэлтэй дүүрэгт байдаг студид нь яваад очсон. Намайг ороход нэг хүнтэй сууж байсан. “Эхлээд манай компанитай танилц” гээд гэрэл зураг дардаг болов уу гэмээр харанхуй шахам өрөөнд оруулсан. Шууд хаалгаа дотроос нь түгжихэд эвгүй санагдсан ч итгэл төрчихсөн байсан болохоор нэг их юм бодоогүй.

-Орой болчихсон байсан юм уу?

-Өдөр очсон. Очиход компанийнхаа тухай ярьсаар байгаад харанхуй болгочихсон. Гар утас зурдаг, интернэтийн үйлчилгээ явуулдаг компанийн тухай танилцуулаад байсан. Хамтарч ажиллавал гадаадад аялуулна гэх мэт сайхан, сайхан л юм яриад байсан. Тэгснээ “Орой боллоо. Хоёулаа зургаа авъя” гээд босоод ирсэн. Тэгснээ намайг ор руу түлхээд “Хувцсаа тайл” гэсэн. Эсэргүүцтэл “Фото модель чинь нүцгэн биеийн гоо сайхнаа харуулдаг юм. Хувцастай эмэгтэйн зураг хаа сайгүй байгаа” гэх мэтээр загнаж, сүрдүүлж эхэлсэн. Тэгсээр хүчээр шахуу хувцас тайлсан. Хувцас тайлах бүртээ зураг аваад байсан. Үүнээс цаашаа юу болсныг үнэхээр яримааргүй байна.

-Тусламж дуудах, орилох боломж байгаагүй юу?

-Хаалга түгжээтэй, би ганцаараа очсон болохоор айгаад хэлснийг нь л хийсэн. Миний авсан зураг компьютерт нууц байгаа. Кодтой болохоор надаас өөр хүн орох боломжгүй. Санаа зоволтгүй гэсэн. Айчихсан байсан болохоор юу болсныг ч сайн санадаггүй юм билээ. Гарах гэтэл надад 60 мянган төгрөг өгсөн. Авахгүй гэсэн ч хүчээр халаасанд хийчихсэн. Үнэндээ юу ч хийж чадаагүй. Уйлаад л тэндээс гарсан.

-Тэгээд холбоогоо тасалсан уу?

-Үгүй. Байнга шахам дуудна. Очихгүй гэхээр нүцгэн зургийг чинь сайтад өглөө, интернэтээр цацлаа гэж дарамтална. Тэр үед би найз залуутай болж байсан учраас хэлснээр нь байхаас өөр аргагүй болсон. Сүүлдээ фэйсбүүк хаягаа хааж, гар утсаа хүртэл сольсон. Одоо хүртэл тэр хүнд миний зураг байгаа. Хэзээ нэгэн цагт ил гарч, гэр бүл минь сүйрэхвий гэхээс маш их айдаг.

-Цагдаагийн байгууллага тэр хүнийг шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр комьютерийг нь шалгахад маш олон эмэгтэй хүний зураг байсан гэсэн. Нэгэнт цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгож авсан болохоор айлтгүй болов уу?

-Тэр хүнийг шалгаж байгааг сонсоод ямар их баярласныг та нар төсөөлөхгүй л дээ. Энэ тухай мэдээлэл гарсны дараа надтай адил маш олон эмэгтэй байгааг олж мэдсэн. Заримтай нь холбоо тогтоосон. Тэр хүн өөрийнхөө эрхшээлд оруулаад зогсохгүй, нөлөө бүхий хүмүүст зуучилдаг гэх мэдээлэл ч олдсон. Зарим охид мөнгийг нь аваад хүссэнээр нь байдаг тухай ч сонссон. Гэхдээ энэ бол хүний сонголт учраас би энд ярих утгагүй.

Би цагдаагийн байгууллагаар явмааргүй байна. Гэрч болбол ар гэрийнхэн минь ямар нэгэн байдлаар мэднэ. Ээж болохоо хүлээж байгаа надад бүр хүнд байна. Над шиг байдалд олон хүн битгий ороосой гэсэндээ өөрийн чинь ярилцлага хийх хүсэлтийг хүлээж авсан юм шүү.

-Цахим хуудастаа хувийн мэдээллээ оруулдаг, алхам тутамд юу бодож, юу хийж байгаагаа бичдэг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Гоё гарсан зургаа тавиад бусдаар магтуулах сайхан. Гэвч атгаг сэтгэлээр зургийг чинь хараандаа авчихсан хүн бас байдаг юм шүү. Тийм хүмүүс яаж ийж байгаад холбоо тогтоодог. Холбоо тогтоосон л бол аргандаа оруулдаг. Ашигладаг. Арганд нь нэг л удаа орсон бол яаж ч мултарч чаддаггүй юм билээ. Тиймээс уулзаж байгаагүй, таньдаггүй хүмүүстэйгээ цахим хуудаст битгий найз болооч, найзын хүсэлт ирвэл шууд хаачихаж байгаач гэж гуймаар байна. Бас өөрийгөө ганц бие, найз залуугүйг илчлэх мэдээлэл огт битгий оруулж байгаарай. Мөн хамтран ажиллах, элдэв бараа зарах саналыг битгий сонирхож байгаарай гэж зөвлөмөөр байна. Найз нөхдийнхөө зургийг ч цахим хуудастаа тавихдаа болгоомжтой байхгүй бол чамаар дамжуулж, найз чинь эрсдэлд ордог юм шүү гэв.

“НОТЛОХ БАРИМТГҮЙ, ЦАГДААД ӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ ГЭСЭН”

Өөр нэг эмэгтэй “Би олон жилийн өмнө тэр хүнээр зургаа авахуулсан. Нөхөртэй болсны дараа “Танай нөхөрт зургийг чинь явууллаа” гэж дарамталдаг болсон. Би маш хүнд байдалд орж байсан. Гэхдээ цагдаад очиж мэдүүлэг өгөх завгүй” гэсэн юм.

Нэгэн бүсгүй ингэж ярилаа. “Би ажил дээр нь очоод тэр хүний дарамтад орж байсан. Хүн мөнгө аваад ир гэхээр нь очтол “Би тэр хүнд чинь ир гэж хэлээгүй. Нэгэнт ирчихсэн юм чинь манай компанийн үйл ажиллагаатай танилц гээд комьютер, гар утасны танилцуулга үзүүлсэн. Их бүдүүлэг. Танилцуулгаас нь юм асуухаар “Мэдрэл юм уу. Нүд чинь юугаа хардаг юм бэ. Хүн юм үзүүлээд байхад” гэж загнасан. Тэгээд надад хүч хэрэглэсэн. Цагдаад өгнө гэтэл “Нотлох баримт байхгүй юм чинь. Чи намайг цагдаад өгвөл би хүн гүтгэсэн хэргээр цагдаад хандана” гэж дарамталсан. Би нөхөр хүүхэдтэй хүн. Тэр хүнээр зургаа авахуулаагүй. Интернэтээр ч танилцаагүй. Хүний гуйлгаар ажил дээр нь очоод л дарамтад орчихсон. Гэрийнхэндээ мэдэгдмээргүй байна” гэв.

“ЧИ НӨХӨР НЬ ГЭЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ” ГЭЖ ДОРОМЖИЛСОН

Сэжигтэн Ө-ийн талаар цагдаад нэгэн залуу гомдол гаргасан байдаг. Тэрбээр мөн цахим сүлжээгээр Ө-ийн талаар мэдээлэл тавьж, тэр дагуу нь олон эмэгтэй түүнтэй холбогдсон баримт байна. Тэр залуутай ярилцлаа.

-Та яагаад Ө-тэй холбогдсон юм бэ?

-Манай эхнэр рүү захидал бичээд байсан. Холбогдоорой гэсэн утас руу нь “Би нөхөр нь байна” гээд ярьтал “Чиний нөхөр нь байх надад хамаагүй. Чи яаж ч чадахгүй” гэх мэтээр доромжилсон. Би тэр хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй юм болов уу гэж бодоод фэйсбүүк хуудастаа сэрэмжлүүлэг бичсэн юм. “Ийм хаягтай хүн манай эхнэр рүү захидал бичээд салахаа болилоо. Болгоомжтой байгаарай” гэсэн. Тэгтэл 600 гаруй хүн сэтгэгдэл бичсэн. Аймаар нь сэтгэгдэл бичсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь Ө захидал бичиж, хамтран ажиллах санал тавьсан байсан. Бичиж байсныг нь зураг болгоод над руу явуулж байсан. Нэг өдөр надад долоо, найман зуун захидал ирсэн. Хүчирхийлэл, дарамтад орсон маш олон эмэгтэй PM-ээр холбогдож, болсон явдлыг ярьсан.

-Тийм учраас цагдаад хандсан уу?

-Нэг охин цагдаад хандахаар шийдчихсэн байсан. Түүнтэй хамт бүх баримтаа аваад Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Надад маш ноцтой мэдээллүүд ирсэн. Тэр хүн царайлаг охидын нүцгэн зургийг дөрөв, таван жилийн өмнө ч авдаг байсан юм билээ. Тэгээд өөрийнх нь хүслээр байгаагүй хүмүүсийн зургийг интернэтээр тараадаг. Зургаа авахуулсан охин телевизэд ажилд орох зэргээр карьерээ хөөхөд “Зургийг чинь олон нийтэд тараалаа” гэж сүрдүүлдэг. Ийм харамсалтай зүйл ч болж байсан гэв.

СҮРДҮҮЛЭГЧ, ХҮЧИРХИЙЛЭГЧ ТАНЫ ХҮҮХДИЙН ГАР УТСАНД НУУГДАЖ БАЙХ ВИЙ

Сүүлийн үед манай улсад цахим гэмт хэрэг өсч байгаа. Секс сүрдүүлэг буюу онлайн дарамтын гэмт хэргийн тогтсон хэлбэр бол фэйсбүүкээр харилцаа тогтоож, нүцгэн зургийг нь аваад түүнийг нь интернэтээр тараана гэж сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг. Бүр мөнгө нэхдэг. Ийм гэмт хэрэг үйлдэгчид таны хүүхдийн гар утсанд нуугдаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд байдаг. Фэйсбүүкээр хэнтэй харилцаж, юу ярьж байгааг нь эцэг, эхчүүд анзаарч хяналт тавьж байхыг анхааруулсан. Мөн онлайнаар бусадтай харилцахдаа анхааралтай байхыг сануулсан. Хэрвээ ийм төрлийн дарамтад өртсөн бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны cybercrime@police.gov.mn хаягаар хандах боломжтой. Мөн 51-265727 утсаар мэдээлэл өгч болох аж.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ

Олон нийтийн сүлжээг ашиглан сүрдүүлсэн, дарамталсан, хүчирхийлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад олон ирэх болжээ. Facebook хуудсаараа хэн нэгэнтэй холбогдож, харилцаа тогтоодог, үүнээсээ болж хохирогч болох тохиолдол ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, Монголд шинэ төрлийн гэгдэж байсан секс сүрдүүлгийн гэмт хэрэг аль хэдийнэ дэлгэрчихжээ. Цахим хуудастаа хувийн мэдээллээ дэлгэдэг, хаана яваагаа зарладаг нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөхөн олз болчихдог аж. Он гарсаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн шинжтэй 15 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эл хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн секс сүрдүүлэгт өртсөн, дарамтлуулсан олон эмэгтэй бидэнтэй холбогдсон юм. Шалгуулж байгаа иргэний гэм бурууг шүүх тогтоогоогүй байгаа учраас цахим гэмт хэргийн шинжтэй гэж онцоллоо.

ОХИД, БҮСГҮЙЧҮҮД РҮҮ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСНААР ХОЛБОО ТОГТООДОГ

Сэжигтэн Ө facebook-т хоёр, гурван хаягтай. Мөн эрхэлсэн ажил, бизнестэй нэгэн. Тэрбээр арав гаруй жил гэрэл зурагчнаар ажиллаж буй. Өөрийгөө “Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч”, “Хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн Asmo press компанийн захирал”, “Ардын язгуур урлагийн чуулгын дарга”, “Сайдын зөвлөх” гэж танилцуулдаг байжээ. Мөн “World Global Network” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг хариуцдаг гэх аж.

Манай сонинд мэдээлэл өгсөн хүмүүсийн ярьснаар 2006, 2007 оны үед Төв шуудангийн ойролцоох гэрэл зургийн газарт ажилладаг. Тэнд ажиллаж байхдаа зураг авахуулахаар ирсэн бүсгүйчүүдэд нүцгэн зургаа авахуулахыг санал болгодог, үгүй гэвэл элдвээр зүхдэг байсан гэнэ. Хүмүүс facebook ашиглаж эхлэх үеэс залуу бүсгүйчүүд рүү хандаж, хамтран ажиллах санал тавьдаг болжээ. Түүний охид, эмэгтэйчүүд рүү хандаж бичсэн захидлыг уншихад эхэндээ энгийн л бизнесийн санал мэт харагдана. Харин захидалд нь хариу бичсэнээс хойших нь дотно харилцаа тогтоох, од болгож өгөх зэрэг амлалтууд хөврөх юм. Тэр амлалтад нь итгэж уулзсан бүсгүйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан.

Тэрбээр охид бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар 9911…. дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Өөрийнх нь санал болгосон хаяг руу хандахад өнөөх гар утасны мэдээллээс гадна модель болов уу гэмээр маш олон охидын зураг байдаг. Нэгэн эмэгтэй “Санал болгосон хаягаар нь ороход нүцгэн зургаа хүртэл тавьчихсан байсан. Эвгүй санагдаад facebook-т найз байхаа больсон” гэсэн юм.

“ОДГЭРЭЛ МИНИЙ ШАВЬ. ТҮҮН ШИГ ОД БОЛГОЖ ӨГНӨ”

Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж, дараа нь нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид мэдүүлжээ.

Ө-тэй холбогдож, хохирогч болсон гэх бүсгүй олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл тавьжээ. Тэрбээр “Би одоо 20 настай. Одоогоос гурван жилийн өмнө бусад охидын л адил загвар өмсөгч болно гэсэн цагаахан мөрөөдөлтэй байсан. Гэтэл нэг өдөр гэрэл зургийн студийн захирал ах намайг элдвээр магтаж, миний гэгээхэн хүслийг минь гэрэлтүүлэх шиг л санал тавьсан. Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Ажил дээр нь очтол, жижиг харанхуй хүйтэн нэг л тийм сонин өрөөнд орж хаалгаа түгжсэн. Зураг дарах талаар ярилцаж “Гоё гарвал сэтгүүлд тавина” гэх яриагаа итгүүлж чадсан. Би эхлээд хувцастайгаа зургаа даруулж байсан. “Миний дүү жаахан нимгэл” гэж дээгүүрх цамыг минь тайлуулж, эцэст нь бүх хувцсаа тайлахыг шаардсан. “Уучлаарай би тэгмээргүй байна” гэхэд “Яаж чи модел болох гэж байгаа юм бэ”? гэж загнаж, хайран цаг зав гэх яриагаараа ятгаж, бүтэн нүцгэн зургийг минь хүчээр шахуу дарсан. Хэсэг дарсны дараа, биеийн нууц хэсгүүдэд хүрч эхэлсэн. Тэгснээ гэнэт шууд “Хайраа” гэж дуудахад хэрэг бишдэж байгааг ойлгож хувцсаа өмсөх гэтэл, жижиг буйдан руу чирж, 17-хон настай намайг хүчиндсэн. Энэ үйлдлийг би мартахыг хичээсэн, гараад цагдаад хандвал дурандаа чи очсон гэж загнуулах гэхээс айж, хэнд ч хэлэхгүйгээр шийдсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, тэр дурсамж үнэхээр эмэгтэй хүний зүрх сэтгэлд маш муухай айдсыг мэдрүүлдэг. Би нүдээ аньж нүүрээ угааж чаддаггүй, харанхуй орцоор орж чаддаггүй. Урьд нь би ийм байгаагүй одоо маш аймхай, эрэгтэй хүнийг зүрх сэтгэлдээ маш муухайгаар хардаг болсон. Бүх эрчүүд ийм биш л байх. Цаг хугацаа өнгөрөхөд нөгөө ах “Чи надтай ирж … .Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь сайтуудаар тараана” гэж айлгадаг байсан. Надтай адил яг ийм зовлонтой олон эмэгтэй байгаа гэж би бодож байна. Намайг очиход, тэр ахын РС дээр маш олон охины шалдан зураг байсан” гэжээ.

Ё.Лхагвасүрэн: СЕКС СҮРДҮҮЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэрэл зурагчин Ө-тэй холбогдож, зургаа авахуулаад хохирогч болсон гэх эмэгтэй олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьсан байсан. Түүний бичсэн зүйлд айлган сүрдүүлсэн, хүчирхийлсэн байж болох мэдээлэл байсан учраас Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ө-г шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад секс сүрдүүлгийн шинжтэй баримт олдсон учраас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн” гэлээ. Гэрэл зурагчин Ө-ийн сүрдүүлэгт өртсөн гэх гурван эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ. Тэдний нэг нь насанд хүрээгүй охин аж. Мөн гэр бүлийнхнээсээ нууж байсан, хамт олноосоо ичсэн гэх мэт шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаагүй олон хохирогч байгааг эх сурвалж мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад дээрх охид, бүсгүйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэнэ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”

Манай зарим тариаланчид “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэнтэй адил үйлдэл олныг гаргах болжээ. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байгаа тэд тарьсан, тариагүй буудайдаа урамшууллыг татвар төлөгчдөөс нэхэж авна. Тарьсан буудай нь ургаагүйн хариуцлагыг төрөөс шаарддаг. Чанаргүй буудайг нь авсангүй гэж гурилын үйлдвэрүүдийг дарамтална. “Импортоор буудай авчирвал бид сүйрлээ”гэж салбар яамаа айлгана. Бороо ороогүйгээс тариа нь ургаагүйн хохирлоо төрөөр төлүүлэхийг шаардана.

Бизнес эрхэлж байгаа нэрээр төр, татвар төлөгчдөөр тэтгүүлж байгаа зарим нэг тариаланчдын луйврын шинжтэй хууль бус үйлдлийг тодорхой хүрээнд “Буудай ажиллагаа” хэмээн хэдүйн нэрших болжээ. Энэ үйлдлийнх нь талаар эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайлаа.

ХУРААСНААСАА ИЛҮҮГ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Өнгөрсөн жил манай улс түүхэндээ байгаагүй их ургац авсан гэж дээр, дооргүй хөөрцөглөсөн. Гэтэл өнөөдөр гурилын үйлдвэрүүд агуулахдаа буудайгүй болчихсон тухайгаа ярьж байна. Тэгвэл өнгөрсөн жил хураасан буудай хаачив гэдэг асуудал гарч ирнэ.

Манай улсын ургацын тайлант хугацаа аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ныг хүртэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, ургацын нэг жилийн тайлант хугацаа дуусах гэж байна. Өнгөрсөн жил буудай хурааж эхлэхийн өмнө гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн улаан буудайн үлдэгдэл дууссан. Ингээд тайлант жилийн хугацаа эхлэхэд манай улс 488 мянган тонн улаан буудай хураан авч, түүхэнд шинэ амжилт тогтоосон тухайгаа мэдээлсэн билээ. Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан 354 мянган тонн улаан буудайн урамшуулал болгож тариаланчдад төрөөс 25 тэрбум төгрөгийг олгосон. Нэг тонн буудайд 70 мянган төгрөгөөр тооцож дээрх урамшууллыг 908 иргэн, аж ахуйн нэгжид тараасан юм. Хүнсний шаардлага хангасан гэх 354 мянган тонн улаан буудай үүргээ гүйцэтгэж гурил болж чадсан уу гэдэг асуудал гарна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2014 оны аравдугаар сарын 1-нээс он дуустал улсын хэмжээнд 60 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31 хүртэл дотоодын гурилын үйлдвэрүүд 120 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш 180 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Олон жилийн дунджаар тооцвол энэ сард 13 мянган тонн гурил үйлдвэрлэх судалгаа бий. Ингэхээр 193 мянган тонн гурилыг дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг. Ийм хэмжээний гурилыг 257 мянган тонн улаан буудайг тээрэмдэж хийсэн аж. Үүний 13 мянган тонн буудайг импортоор оруулж иржээ. Импортоор оруулж ирснийг нь хасвал 245 мянган тонн буудайгаар гурил үйлдвэрлэжээ. Гэтэл 354 мянган тонн улаан буудайд урамшуулал олгочихсон байгаа. Урамшуулал авсан, гурил үйлдвэрлэсэн буудайн зөрүү болох 110 мянган тонн буудай хаачив. Одоогоор гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудайн үлдэгдэлгүй шахам байгаа аж. Шахам гэхийн учир нь 18-20 мянган тонн буудайн үлдэгдэл байгааг есдүгээр сард үйлдвэрлэх 13 мянган тонн гурилд зориулна гэж тооцжээ. “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинзориг дөрөвдүгээр сард буудайн нөөц дууссан гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал авчихсан, гурил болох учиртай 110 мянган тонн буудай яагаад сох дутчихав. Эх сурвалжуудын мэдээлснээр тариаланчид урамшуулал авахын тулд ургацаа өндрөөр мэдээлж, гурилын үйлдвэрүүдтэй тохиролцож, хуурамч баримт бүрдүүлж урамшуулал авдаг гэнэ. Жил бүр буудайн тариалалтын болон ургацын баланс зөрдөг нь бас үүнтэй холбоотой. Тариаланчид нэг тоо, салбарын яам өөр тоо мэдээлдэг. Иргэд тэг дундуур нь барагцаалаад мэдээлэл авчихдаг. Гэтэл оны сүүл рүү буудайгүй болж, үйлдвэрүүд зогсонги байдалд орон гурилын хомсдолд орж, үнийн хөөрөгдөл үүсдэг. Хомсдолд орсноос үүдэж энэ сард гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9-1.8 хувь нэмэгдчихсэн байгаа. Тариаланчдын энэ урамшуулал авах гэж ургацын хэмжээгээ нэмж мэдээлдэг талаар анх удаа ч нийтэд ил болгож байгаа хэрэг биш. Энэ талаар олны дунд сүүлийн хэдэн жил яригдсаар ирсэн.

ГУРИЛ БОЛОХ УЧИРТАЙ БУУДАЙ ДАМЛАГДАЖ СПИРТИЙН ҮЙЛДВЭРТ ОЧДОГ

Арав гаруй жилийн өмнө УИХ-ын 23 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын зорилт нь “Хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулан, экспортыг нэмэгдүүлэх”-д чиглэгдсэн. Бодлогын хүрээнд тариаланчдыг дэмжиж, гурилынхаа хэрэгцээг дотооддоо хангахын тулд тариаланчдаас гадна гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн. Хариуд нь дотооддоо үйлдвэрлэсэн буудай авч, гурилаа хямд өртгөөр зарах шаардлагыг салбарын яам тавьж ирсэн. Өнгөрсөн жилийн тухайд буудайгаа 550 мянган төгрөгөөр авч, гурилаа нэг кг-ыг 850 төгрөгөөс дээшгүй үнээр зарах гэрээ хэлцэл хийсэн байдаг.

Гэтэл гурил үйлдвэрлэх буудай дууссан гэдэг шалтгаанаар өнөөдөр нэг кг гурилын үнэ мянга гаруй төгрөг болчихсон байгаа.

Гурилын үйлдвэрүүд үнэхээр буудайгүй болсон уу гэвэл бас үгүй. Монголд гурил үйлдвэрлэдэг 70-аад аж ахуйн нэгж байдаг гэх боловч тоног төхөөрөмжийн хувьд хангалттай, өндөр хүчин чадалтай арван үйлдвэр ажилладаг юм байна. Тэдний агуулахад яг хэдийд хэр хэмжээний буудай байгааг салбарын яам нарийн тогтоож чаддаггүй бололтой. Учир нь үйлдвэрүүд санхүүгийн тайлан, үйлдвэрлэлийн мэ­дээ­гээ цаг тухайд нь гаргаж өгдөггүй учраас нарийн мэдээ­лэл байхгүй гэдгийг холбогдох байгууллагууд хэлсэн.

Ийм байдлаас гурилын үйлдвэрүүд авсан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд борлуулдаг гэх мэдээлэл ирэв. Өөрөөр хэлбэл, урамшуулалд тодорхойлж өгсөн буудайгаар гурилын үйлдвэрүүд гурилаа үйлдвэрлэхгүй, спиртийн үйлдвэрүүдэд дамлаад зарчихдаг аж. 2014 оны аравдугаар сард “Эрдэнэт фүүдс” компани буудайг “Аровона” спиртийн үйлдвэрт нийлүүлсэн баримт байна. Мөн тус компани Зүүнхараагийн спиртийн үйлдвэрт 1200-гаад тонн улаанбуудайг нийлүүлжээ. Тус компани 57 аж ахуйн нэгжээс 33.1 тонн буудай хүлээн авсан байдаг. Мөн “Сайхан хүнс“, “Орбит” зэрэг гурилын үйлдвэрүүд ч спиртийн үйлдвэрүүдэд буудай дамлаж зарсан баримт байна. “Сайхан хүнс” компани гэхэд 10 аж ахуйн нэгжээс 3.5 тонн буудай авсныхаа нэлээдийг спиртийн үйлдвэрт дамлажээ. “Орбит” компанийн тухайд 56 тариаланчаас 12.5 тонн буудай авсан байдаг. Үүнийхээ багагүй хэсгийг мөн л зарчихсан байна. Спиртийн үйлдвэрт албан ёсоор тушаагддаг буудайн хэмжээ гурилын үйлдвэрүүдэд өгдгөөс бага атлаа спирт үйлдвэрлэлийн хэмжээ буурахгүй байгаагийн нууц энэ. Өөрөөр хэлбэл, гурил болох учиртай буудай эсрэгээрээ спирт болж үйлдвэрлэгдээд байгаа хэрэг. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэх буудайны нөөц байхгүй, гурилын нийлүүлэлт тасарч, хомсдол үүсэх нь гэдэг мэдээлэл тарааж, үнээ хөөрөгддөг аргатай аж. Зөвхөн гурилын үйлдвэр ч биш тариалсан буудайныхаа тонн тутмаас 70 мянган төгрөгийн урамшуулал авсан тариалангийн компани буудайгаа гурилын үйлдвэрт биш спиртийн үйлдвэрт тушаажээ. Тухайлбал, буудайн урамшуулал авсан “Гацуурт” компани өнгөрсөн наймдугаар сард Сэлэнгэ аймгаас АПУ компанид 5000 тонн улаан буудайг нийлүүлсэн байна.

Тариалангийн салбар дахь “БУУДАЙ АЖИЛЛАГАА

-2007 ОНООС ХОЙШ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР 130 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАРИАЛАНЧДАД УРАМШУУЛАЛ БОЛГОЖ ӨГСӨН-

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2007 оноос стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож байгаа. Өөрөөр хэлбэл, талбай дээрээ тариа тарьж, түүнийгээ гурилын үйлдвэрт тушаасан тариаланчид жил бүр урамшуулал авч ирсэн. 2007 онд 217 аж ахуйн нэгж, иргэнд нэг тонныг 60 мянган төгрөгөөр тооцож дөрвөн тэрбум төгрөг олгосон байдаг. Дараа жил нь нэг тонн улаан буудайд 80 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 393 иргэн, аж ахуйн нэгж 11.1 тэрбум төгрөг авсан. 2009-2011 он хүртэл нэг тонн улаан буудайд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Ингэхдээ 2009 онд 10.5, 2010 онд 10.9, 2011 онд 14.5 тэрбум төгрөгийн урамшууллыг тариаланчдад олгожээ. 2012 онд нэг тонн улаан буудайн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөг болсон бол дараа жил нь 150 мянган төгрөг болсон. Зуун мянган төгрөгийн урамшуулал олгох үед 794 аж ахуйн нэгж 27.9, 150 мянга олгох үед 808 тариаланч 25.3 тэрбум төгрөг авсан байдаг. Харин өнгөрсөн жил 908 иргэн, аж ахуйн нэгжид нэг тонн улаан буудайд 70 мянган төгрөгөөр тооцож 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Ингээд найман жилийн хугацаанд 5517 аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Үүн дээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газраас улаан буудайн урьдчилгаа 20-30 хувь, шатахууны урьдчилгаа 50 хувь, ургамал хамгааллын бодис, уриншийн гербицид гэх мэтээр дэмжлэг авдаг.

Татвар төлөгчдөөс 130 шахам тэрбум төгрөгийн урамшуулал олгосны хариуд хямд, чанартай улаан буудай нийлүүлэх шаардлагыг төрөөс тавьсан. Үр дүнд нь иргэд хямд гурил идэх байлаа. Гэтэл урамшуулал авсан тариаланчид маань тасралтгүй үнээ нэмж ирсэн. 2012 онд тонн улаан буудай 350 мянга, дараа жил нь 420 мянга, өнгөрсөн жил 550 мянган төгрөг болсон. Одоо зарим компани буудайгаа 630 мянган төгрөгөөр зарж байгаа мэдээлэл байна. Үүнийг дагаад нэг кг нь 550 төгрөг байхаар тооцсон гурил аль хэдийнэ 1000, 1600 төгрөгт хүрчихсэн юм.

Бодит байдал ийм байхад татвар төлөгчдийн мөнгөөр тариаланчдыг харамгүй “халамжилсан” Хүнс, хөдөө аж ахуйн яам эхлүүлсэн хөтөлбөртөө хяналт тавьж, үр дүнд нь дүгнэлт хийж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Манай сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”-гаар хэд, хэдэн аргаар мөнгө завшиж болдгийг тайлбарласан. Хамгийн ноцтой нь тариаланчид, гурил үйлдвэрлэгчид дээрх аргыг нэг бүрчлэн тайлбарлаж, ярьж өгсөн юм шүү. Мэдээлэл сонсохоор бүгд л байж болох арга юм. Байж болох гэхийн учир нь салбарын яамнаас мэдээлэл хүсэхээр “тодорхойгүй” гэдэг хариултыг өгч байв. Өөрөөр хэлбэл, салбарын яам тодорхойгүй баримт үндэслээд урам­шуулал өгчихдөг, түүнийгээ хянадаггүй. Тариалангийн компани яг хэдэн тонн буудай тарьсан, буудайг нь авсан үйлдвэрүүд хичнээн хэмжээний гурил үйлдвэрлэсэн зэрэг бодит баримт салбарын яаманд байдаггүй юм байна. Бидний татварт төлсөн мөнгө төрийн нэрээр ингэж л урсаж байна.

Эх сурвалж болсон зарим тариаланч, гурилын үйлдвэрүүдийн мэдээллийн мөрөөр “Буудай ажиллагаа”-ны аргуудыг тоймлон хүргэе.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ КОМПАНИУД Ч УРАМШУУЛЛЫН БУУДАЙ АВДАГ

Гурилын үйлдвэрүүдээс гэрээ, баримт аваад огт тариагүй буудайд урамшуулал авах арга байдаг гэнэ. Урамшууллын буудай авсан 50-60 гурилын үйлдвэрээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь ердөө л арав. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэдэггүй компани арав, хорин тонн буудай авчихсан байх юм. 2013 оны ургацаас хүнсний буудай хүлээн авсан 48 гурилын үйлдвэр байна. Өнгөрсөн онд 46 гурилын үйлдвэр 318.9 мянган тонн улаанбуудай авчээ. Тэдэнд улаанбуудай нийлүүлсэн 908 иргэн, аж ахуйн нэгж тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал авсан. Гэтэл буудай авсан гэж салбар яаманд баримт бүрдүүлж өгсөн компаниудын цөөнгүй нь өнгөрсөн жил огт гурил үйлдвэрлээгүй байна. Тэгэхээр тэд тариаланчдаас буудай авсан гэх хуурамч баримт бүрдүүлж, урамшууллаас ашиг хүртсэн байх магадлалтай. Зарим нь бүр авсан буудайгаа спиртийн үйлдвэрт дамлаж зарсан тухай өчигдрийн дугаартаа нийтэлсэн. “Эрдэнэт фүүдс”, “Хангай хүнс” зэрэг олон компанийн нэр энэ ажиллагаанд яригддаг юм билээ. Өнгөрсөн жилийн ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрт 317.8 мянган тонн буудай, спиртийн үйлдвэрт 25 мянган тонн буудай хуваарилсан баримт байдаг. Гэтэл спиртийн үйлдвэр авсан түүхий эдээсээ хэд дахин илүү бүтээгдэхүүн гаргасан, гурилын үйлдвэрүүд төлөвлөснөөсөө бага гурил үйлдвэрлэсний учир энэ.

Мөн өөрөө буудайгаа тарьсан гэж мэдүүлээд хэд, хэдэн гурилын үйлдвэр урамшуулал авчээ. Гэхдээ тэдгээр үйлдвэрүүд хэр хэмжээний гурил үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг аж.

Эх сурвалжийн өгсөн дээрх мэдээллийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулга авахад тоймтой хариу өгсөнгүй. Урамшуулал авах гэж материал бүрдүү­лэхдээ гурилын үйлдвэр тариалангийн компаниас тэдэн тонн улаан буудай авсан гэдэг баримт салбарын яамдаа өгдөг аж. Түүн дээр нь үндэслээд урамшуулал олгодог. Түүнээс яг үйлдвэрт хэдэн тонн буудай очсоныг хянадаггүй өнөөг хүрчээ. Эргээд буудай авсан үйлдвэрүүд тэдэн тонн гурил үйлдвэрлэлээ гэсэн цаасан баримт авчраад хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Тэр баримт нь мөн л баталгаагүй. Учир нь салбарын яамандаа 700 тонн гурил үйлдвэрлэсэн гэдэг баримт бүрдүүлж өгсөн компани татварын тайландаа 500 тонн гурил хийсэн гэж мэдүүлдэг юм байна. Татварын тайланг салбарын яам нь огт үндэслэдэггүй аж. Өөрөөр хэлбэл, урамшууллыг ч хөнгөлөлттэй зээлийг ч хяналтгүйгээр “найзан дундаа” олгосоор хэдэн жилийг өнгөрөөжээ. Тухайлбал, “Барил трейд” гурилын үйлдвэр 17 аж ахуйн нэгж, компаниас 14.687 мянган тонн буудай худалдаж авсан гэх баримт Хүнс, хөдөө аж ахуйн яамны судалгаан дээр байна. Өөрөөр хэлбэл, 17 аж ахуйн нэгж 14.687 мянган тонн буудайн урамшуулал авчээ. Гэтэл тус үйлдвэр “Ургац хүдэр”, “Гацуурт-Номгон буудай”, “Гацуурт-Сэлэнгэ хүнс”, “Гацуурт-Скрин”, “Гацуурт-Арго”, “Гацуурт-Монгол ногоо” зэрэг тариалангийн компаниудаас 10280 тонн буудай авсан гэдэг мэдээг хожим гаргажээ. Эндээс дөрвөн мянган тонн буудайн зөрүү гарч байна. Эндээс 280 сая гаруй төгрөгийн урамшууллын зөрүү гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, авсан буудайныхаа хэмжээг нэмж бичиж, тариаланчдад урамшуулал олгожээ.

ҮРИЙН БУУДАЙГАА ХҮРТЭЛ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Зарим тариаланчдын өгсөн мэдээллээр компаниуд ирэх жил тарихаар хадгалж байгаа үрийн буудайгаа урамшуулалд хамруулдаг “Буудай ажиллагаа” байдгийг ярьж өглөө. Үрийн буудайгаа гурилын үйлдвэрт тушаах улаан буудайн хэмжээндээ давхар тооцож үйлдвэртэй гэрээ байгуулдаг, тэр баримтаа салбарын яаманд өгч урамшуулал авдаг юм байна. Бүр өмнөх жилд ургацын балансдаа оруулаад хэдийнэ урамшуулал авчихсан атлаа буудайгаа үйлдвэрт өгөлгүй өөрсдөө хадгалж байгаад ирэх жил дахиад давхар урамшуулал авах арга байдаг гэнэ. Үүнээс гадна тэжээлийн үзүүлэлт бүхий буудайгаа хүнсний буудайд оруулан тооцуулаад урамшуулал авах арга байдгийг зарим тариаланч ярилаа. Хуультай, хяналттай, хариуцсан яамтай улсад ийм арга байх учиргүй мэт санагдаж байгаа биз. Гэтэл салбарын яам нь үүнийг үгүйсгэсэн хариулт өгч чадсангүй. 2007 оноос хойш тариаланчдад урамшуулал олгож ирэхдээ аль компани ямар талбайд буудай тарьсан, түүнийхээ хэдэн хувийг хурааж авсан, хичнээнийг нь гурилын үйлдвэрийн агуулахад хүргэж буулгасан зэргийг салбарын яам хянаж чадаагүй гэв. Тийм боломж ч байгаагүй юм байх. Дөнгөж энэ жилээс сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар ургацын талбайг хянаж эхлэх юм байна.

Салбар яамныхаа толгой дээр гарсан, “Эрх” тариланчдаа хянах, тэдний үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд нь бүрэн хяналт тавьдаг, болохгүй байгааг нь дараа жилийн урамшууллаас хасдаг, хэлсэндээ хүрээгүй бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо сул байгаагийн үр дүнд татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаад байдаг бололтой. Гэхдээ бүх тариаланч, гурилын үйлдвэр дээр дурдсанчлан заль, бохир аргыг хэрэглэдэг, төрөө хуурдаг гэсэн үг биш. Тэдэн дунд хөдөлмөр зүтгэлээр ажиллаж, өөрийнхөө компанид болоод орон нутагтаа хөрөнгө оруулж, хөгжилд нь хувь нэмэр болсоор ирсэн, хүмүүс олон. Тэд шударгаар хөдөлмөрлөөд авч, хүртэж чадахгүй байгаа урамшуулал, дэмжлэгийг цөөн хэдэн “сүйхээтэй” нөхөд хуваан хүртчихээд, нийт тариалангийн болон гурилын үйлдвэрлэгчдийн нэрийг унагаад яваад сэтгэл нь эмзэглэж, санаа зовж явдаг тариаланч, гурил үйлдвэрлэгчид нийт компаниудын дүн мэдээ, санхүүгийн тайланд шалгалт оруулж, үнэн зөв мэдээлж, шударгаар урамшууллаа авч байгаа эсэхийг шалгуулахаар салбар яамандаа шаардлага хүргүүлж, мөн хянах шалгах эрхтэй байгууллагад хандсанаа бас ярьсан. Улсын мөнгө гэдгийг “урамшуулал, дэмжлэг” гэх нэрийн дор цөөн хэдэн хүмүүст өгдөг шударга бус байдлыг хянах, болохгүй байгааг нь зогсоох шаардлага, цаг үе нь ирсэн бололтой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Цэрэнтогтох хүү монголчуудынхаа дэмээр эдгээд ирлээ

Дүүгээ аварч, өөрөө хүнд түлэгдсэн Г.Цэрэнтогтох хүүг монголчууд аварч чадлаа. Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд айлын гэр шатахад дотор нь найман сартай хүү байсан юм. Хүүгийн ах Г.Цэрэнтогтох дүүгээ аврахын тулд улаан гал руу цээж нүцгэн гүйж орсон, дүүгээ тэврээд үүд рүү тэмүүлээд ухаан алдсан талаар тухайн үед манай сонин цувралаар хүргэж байсан билээ. 16 настай Г.Цэрэнтогтох хүү дүүгээ авраад өөрөө 80 хувийн түлэгдэлттэй ухаангүй олон хоносон. Манай сонины нийтлэлийн дараа монголчууд Г.Цэрэнтогтох хүүд туслах хандивын аян эхлүүлж, хэнд юу байна түүгээрээ тусалсан. Элэг нэгт монголчуудын сайхан сэтгэлийн үр дүнд Г.Цэрэнтогтох хүү хөл дээрээ босч, өнгөрсөн бямба гаригийн үүрээр эх орондоо ирлээ.

Тэрбээр БНСУ-д сар гаруй эмчилгээ хийлгэсэн бөгөөд Монголд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц бямба гаригийн 03.40 цагт газардахад Г.Цэрэнтогтох хүүг аав, дүү хоёр нь тоссон юм. Мөн онгоцны буудалд байсан хүмүүс баяр хүргэж, дотноор угтан авлаа. Г.Цэрэнтогтох “Миний төлөө санаа зовниж, сэтгэлийн хэмжээлшгүй их дэм хайрлаж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт маш их баярлалаа. Сайн сурч, хурдан том болоод та нарынхаа ачийг хариулна аа” гэсэн юм. Мөн тэрбээр физик эмчилгээ хийлгэх хугацаандаа хамаатныдаа байх тухайгаа ярьсан.

Манай сонинд нийтлэл гарсны дараа буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулсан хандивын аян эхэлсэн билээ. Түүнээс хойш монголчууд арав нь арав, зуу нь зуун мянган төгрөг хандивласаар байсан. Хандивын аян зөвхөн Монголд өрнөөгүй. 21 аймаг, есөн дүүргээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгэн хүүгээ аврахын тулд гараа сунгацгаасан. Эгчийнх нь мэдээлснээр долдугаар сарын 3-ны байдлаар 148 сая 372 мянган төгрөг цугласан юм. Энэ хугацаанд Г.Цэрэнтогтох БНСУ-ын Сөүл дэх “Hangasy” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түлэгдэлтийн зэрэг өндөр, элэг, уушги, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд нь өөрчлөлт орсон учраас амийг нь аварна гэж эмч нар анхандаа хэлж чадахгүй байсан. Зүүн гуяны арьснаас авч цээжийг нь нөхнө, зүүн гаранд хиймэл арьс суулгана гэх мэт чамгүй олон хүнд мэс засал хийх тухайгаа солонгос эмч нар ярьж байлаа. Мөн мэс заслын үр дүнгээс хамаарч гурван сарын дараа хөл дээрээ зогсч магадгүй гэсэн сайхан мэдээг ч дуулгасан.

Ингээд хүүд долдугаар сарын 13-нд мэс засал хийж хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт нь арьс нөхсөн аж. Мөн зүүн чихэнд нь косметик мэс засал хийлгэжээ. Тухайн үед эмч нь “Санасныг бодоход мэс засал амжилттай боллоо. Бие сайтай хүүхэд юм” гэж ярьжээ.

Хүүг Солонгост эмчлүүлж байхад тэнд амьдардаг монголчууд хандив цуглуулж, зарим нь чихэр жимс бариад эмнэлэгт нэг биш нэлээд хэд очжээ. Зарим нь үнэгүй орчуулга хийж өгч тусалсан байна. Анги хамт олноороо, ажлаараа, цуглаанаараа нийлж хандив өргөхөөс гадна Солонгост ажиллаж буй монголчууд нэгдэн “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлая” хандивын тоглолтыг долдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулжээ. Тоглолтод БНСУ дахь олон үндэстний театрын дуучин С.Гантогоо, МУСТА Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин С.Баярсайхан нар нэгдсэн юм. Дэмжигч байгууллагаар Мөрөөдлийн Зүг бүлгэм, Халуун сэтгэл , БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо байгууллагууд ажилласан юм. Тоглолт зохион байгуулсны үр дүнд нэг сая 11300 вон цуглажээ. Мөн Монголд Монголын залуучуудын холбоо “Ахыг аваръя” хандивын аян зохион байгуулж арван сая төгрөг цуглуулсныг Г.Цэрэнтогтох хүүд өгсөн.

Энэ мэтээр монголчууд дүүгээ галаас аварсан сайн ахад зориулан 210 орчим сая төгрөг цуглуулж чаджээ.

Солонгосын эмнэлэг Г.Цэрэнтогтоход 200 сая воны зардалтай эмчилгээ хийнэ гэсэн. Гэхдээ хүүгийн эсэргүүцэл сайн, эмчилгээ хурдан авч байгаа учраас 150 сая воноор эмчлэх боломжтойгоо долдугаар сарын сүүлээр мэдэгджээ. Монголчуудын хандивласан мөнгө эмчилгээний зардлын 70 гаруй хувийг бүрдүүлж чаджээ.

Сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр эмчлүүлсэн Г.Цэрэнтогтох долдугаар сарын 27-нд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн. Улмаар хоёр хоногийн дараа хөл дээрээ босч явдаг болсон билээ. Одоо тэрбээр удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх заавартайгаар Монголд ирсэн.

Сайн үйлс дэлгэрэг.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас ломбардныхан машины ченж болжээ

Автомашин барьцаалж зээл олгодог ломбард, хувь хүмүүс машины ченж болжээ. Учир нь зээл авсан иргэд мөнгөө төлж чадахгүй хугацаа хэтэрч, алданги төлөх болсноор барьцаанд тавьсан машинаа авч чадахаа больжээ. Зарим банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа 200 гаруй машины бичиг хураалгаастай тухай ч мэдээлэл ирлээ. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэд ээмэг, бөгж, утас, компьютероо ломбардад орхих болсон талаар бид сурвалжилж байсан. Тэгвэл одоо унаагаа орхихоос аргагүй болжээ.

“Хугацаа хэтрээд долоо хоновол л барьцааны машиныг зарна”

Бидэнд мэдээлэл өгсөн иргэн “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавьж зээл авчээ. Тэрбээр зээлээ хугацаанд нь төлж байгаад өнгөрсөн сараас хойш төлж чадаагүй гэнэ. Барс худалдааны төвд лангуу түрээсэлж, наймаа хийдэг байсан тэрбээр бараа зарагдахгүй байснаас ажлаа орхижээ. Гэнэт орлогогүй болсон учраас зээлээ төлж чадахгүй байгаа гэнэ. Тэр залуу “Барс худалдааны төвд наймаа хийж байхдаа бараагаа зөөх гэж суудлын автомашин авсан юм. Эргэлтийн мөнгөтэй болох гээд машинаа барьцаанд тавиад зээл авчихсан. Гэтэл нэг сар зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар машиныг минь зарах гээд байна” гэлээ.

Бид “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагчтай холбогдоход “Зээлийн хугацаа хэтрээд долоо хоносон л бол манай байгууллага зарах эрхтэй. Угаасаа энэ тухай гэрээндээ заачихсан байгаа. Та гэрээгээ уншиж, зөвшөөрсөн учраас гарын үсэг зурсан биз дээ. Сар зээлээ төлөөгүй бол алданги нь талийж өгсөн. Угаасаа зарагдахаас аргагүй юм байна” гэлээ. Харин тус байгууллагын Чингэлтэй дүүрэг дэх салбар дээр очиход өөр хариулт хэллээ. “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллага авто машин барьцаалж 500 мянгаас 50 сая төгрөг хүртэлх зээл олгодог юм байна. Зээлийн сарын хүү дөрвөн хувь бөгөөд нэгээс гурван сарын хугацаатай зээл авах боломжтой. 500 мянган төгрөгийн зээл авбал 35 мянган төгрөг, түүнээс дээш мөнгөн дүнтэй зээл авбал 75 мянган төгрөг авдаг аж. Машин лизингээр худалдаж авахаар бол мөн дөрвөн хувийн хүү төлнө. Харин хугацаа нь 1-12 сар байх юм билээ. Чингэлтэй салбарын захирал Д.Мөнхтуяа “Яг манай салбар дээр хураагдсан, зарагдах гэж байгаа машин байхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа бол бид үйлчлүүлэгчтэйгээ ярилцана. Машинаа зараад мөнгөө төлөх боломж олгоно.

Хэдээр худалдах вэ гэдгийг тохиролцоно. Шууд зарчихдаг гэж ойлгож болохгүй. 200 гаруй машин барьцаанд байгаа гэдэг нь манай үйлчлүүлэгчдийн тухай мэдээлэл болохоос зарагдах гэж байгаа машины тоо биш” гэлээ. Тэдний зээлийн гэрээ байгууллагын нууцад хамаардаг бололтой, үзүүлэхгүй гэнэ. Барьцаанд хураагдсан машин, эд зүйлээ борлуулах асуудлыг дотоод журмаараа зохицуулдаг гэдэг тайлбарыг хэлсэн юм. Зээл авахаар гэрээ байгуулбал л дотоод журам, гэрээтэй нь танилцах боломжтой гэсэн.

“Сайн” ломбард барьцаанд байгаа 100 гаруй машин зарна

Баянзүрх дүүргийн “Да хүрээ” захын зүүн талд байдаг “Сайн” ломбардад очиход үйлчлүүлэгч байсангүй. Зээлийн эдийн засагч нь “Манайх автомашин барь­цаалж 300 мянгаас арван сая төгрөг хүртэлх мөнгийг сарын хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлүүлдэг. Хүүгээ төлөөд зээлээ сунгах боломжтой. Ихэнхдээ иргэд Prius 20 маркийн машин барьцаалдаг. Гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлдэгч ирж эдийн засагчтай уулзаад сунгах боломж бий. Хэрвээ ингээгүй тохиолдолд гэрээнд заасан ёсоор барь­цаанд байгаа автомашин ломбард­ны хувийн эзэмшил болдог” гэлээ. Түүний тайлбар­ласнаар зээл төлөх хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа уг машиныг зарах эрх ломбардад үүсэх аж. Эзэн нь зээлээ төлж чадалгүй, ломбардны эзэмшил бол­сон машиныг зарах борлуу­лагчид ажилладаг гэнэ. Гэрээт борлуулагч нь “Сайн” ломбардад хураагдсан машинуу­дыг зардаг аж. Цайз захын зүүн урд “Сайн ломбард зээлийн барьцаанд хураагдсан автомашин худалдаа” гэсэн хаягтай гарааж, зогсоол байх юм. Зогсоолд ихэвчлэн жийп байх аж. Суудлын тэрэгнүүдээс Prius-20 цөөнгүй харагдсан. Ломбардны барьцаанд байгаа гэдэг утгаараа зах зээлээс хямд үнэтэй гэнэ. Тиймээс машин сонирхох хүн олон байлаа. Тэнд 2011 онд үйлдвэрлэсэн “Landcruiser-200” маркийн автомашин 70 сая, 2007 оны “Landcruiser-100” 30 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна. 2001 оны “lexus 470” 23 сая төгрөгийн үнэтэй аж. “Prius” загвараасаа хамаараад 3.5-7 сая төгрөгийн үнэтэй. Борлуулагч залуу “Энэ жил барьцаанд хураагдсан машины тоо харьцангуй өссөн. Харь­цангуй хямд үнээр зардаг болохоор хүмүүс маш их сонирх­дог” гэлээ. “Prius-20” маркийн машинаа барьцаанд тавиад, зээлийнх нь хугацаа хэтэрсэн бүсгүй машинаа яаж авах талаар сураглаж явахтай таарлаа. Түүнд борлуулагч залуу “Алданги чинь маш их мөнгө болсон. Тэгээд ч prius машины үнэ буурчихсан байгаа. Ломбарданд хүү, алданги төлж байхаар эндээс машинаа найман сая төгрөгөөр худалдаад авчих” гэдэг зөвлөгөө өгчээ. Учир нь ломбардны алданги хоногийн 0.5 хувийн хүү байдаг гэнэ.

“Маш шил” ломбард машин барьцаалж нэг сарын хугацаатай зээл олгодог гэнэ. Машиныг нь харж байгаад 2-3 сая төгрөгийн зээл олгодог гэнэ. Сарын дотор мөнгөө, хүүтэй нь төлж чадахгүй бол машиныг нь борлуулах эрх үүсэх гэнэ. Тэднийд хугацаа хэтэрсэн учраас ломбардны мэдлийнх болсон гурван машин байгааг эдийн засагч нь хэлсэн. Үнэ тохирвол зарна гэдгийг мөн ярина лээ.

“Да хүрээ” хавийг тойрсон хэд, хэдэн ломбардаар явахад хүмүүс яагаад машинаа зээлийн барьцаанд алдаад байгаа дүр зураг ерөнхийдөө тодорхой болох аж. Өнгөрсөн жил, өнөө зун хоёр олон сумын ой болсон. Ойдоо явах гэж байгаа хүмүүс банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй лизингээр машин авчихсан. Эргээд зээлээ төлж чадахгүй урьдчилгаанд төлсөн мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэх болжээ. Зарим нь хураасан хэдэн төгрөгөө шавхаад машин авчихсан. Нутаг руугаа явах, наадамлах зардлаа олохын тулд машинаа барь­цаалаад зээл авчихсан. Ирээд мөн л мөнгөө төлж чадахгүй машингүй үлдэх болжээ. Зээлээ эргээд төлөх боломжтой эсэх, тогтмол ажил­тай эсэхийг ломбард харгалзахгүй зээл олгодог учраас барьцааны баахан машинтай үлддэг бололтой юм.

Хуулиас гадуурх дотоод журам, гэрээний нөхцөл

Сонин, зарын сайтуудад автомашин барьцаалж зээл олгох тухай маш олон зар байв. Зарын дагуу холбог­доход ихэвчлэн хувь хүмүүс автомашин барьцаалж зээл олгож байна. Ингэхдээ машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад мөнгө зээлдэг юм байна. Зээлээ төлж чадахгүй бол машин нь өнөөх зээлдүүлэгчийн өмч болох гэрээ байгуулах аж. Гэрээ нь ихэнхдээ нууц. Зөвхөн зээл авахаар бол гэрээний нөхцөлийг харуулна гэнэ. Тэдний зээлийн хугацаа нэг сар. Сарын хүү нь зургаан хувь байх аж. Хувь хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгаагаа “Явдаг ломбард” гэнэ. Өөрөөр хэлбэл, зээл авч байгаа хүн машинаа өөрөө унаж болно. Харин нэр нь зээлдүүлэгчийнх байх ёстой. Зээлээ хүүтэй нь төлсний дараа машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх аж. “Да хүрээ” захад машин зардаг ченж залуу “Автомашин барьцаалж зээл олгодог хүмүүс өөрсдөө машины ченж байдаг юм. Ломбардууд бас ченжүүдтэй холбоотой ажилладаг. Тэд зээл олгохдоо машиныг нь багаар үнэлж, шуурхай мөнгө өгдөг. Зээлээ эргэн төлөх чадвартай эсэх нь зээлдүүлэгчид огт хамаагүй. Машинаа барьцаалаад хоёр, гурван сая төгрөг зээлчихсэн хүн сарын дараа бөөнд нь өнөөх мөнгөө төлөхөд хэцүү. Тэгээд л машинаа алдчихдаг. Энэ төрлийн үйлчилгээ нэг ёсны машин хямд авах арга болчихсон байгаа. Машин барьцаалж зээл олгоно гэсэн жижиг ломбард, хувь хүмүүс рүү залгаад “Машин зарах уу” гэж асуухад бүгд зарах машинтай байдгийн учир энэ. Машинаа барьцаанд тавь­сан хүн хэл ам хийх гэвэл бөөнөөрөө гэрт нь очиж дарам­талдаг тохиолдол ч бий. Бүр зээл авсан хүн өөрөө машинаа зараад алдангийг нь төлнө гэсний төлөө хоёр хоногийн дотор зар гээд гэрт нь очоод хөзөр тоглоод суучихсан ч тохиолдлыг мэднэ. Иргэд машинаа хурдан зарж чадахгүй шүү дээ. Алданги нь маш өндөр байдаг учраас унаагаа хоёр, гурван сая төгрөгийн барьцаанд хаяад явахаас аргагүй болдог” гэлээ. Үнэхээр ч машин барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдоход 2009 оны “Prius-20” 11 сая, 2006 оны “Harrier” 21 сая төгрөгөөр зарна гээд өөр олон машин байгааг сонирхохыг урилаа.

“Зээл авахдаа гэрээг нь сайн унших хэрэгтэй”

Иргэд бага мөнгө зээлээд, эргээд машин ч үгүй үлдэж байгаа нь эрхзүйн мэдлэг тааруу байгаатай холбоотойг хуульч бас ярив. Хуульч, өмгөөлөгч Ц.Энхтүвшин “Машинаа болон хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч байгаа бол тухайн ломбардныхаа гэрээтэй маш сайн танилцах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа барьцаанд байгаа эд зүйлийг өөрийн болгоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Ломбардны гэрээн дээр “гэрээний хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийг худалдаалж ломбардны орлого болгоно” гэж заасан байдаг. Мөн хуга­цаагаа сунгаагүйгээс гарсан хохирлыг тухайн ломбард хариуцахгүй гэж бичсэн. Энэ нь Иргэний хуулийг шууд зөрч­чихсөн байгаа хэрэг. Иргэний хуульд зааснаар хугацаа дууссан бол 14 хоногийн дотор зээлдэгчийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх учиртай. Дараа нь зарах талаар тохиролцож, зарж борлуулсны дараа ломбард зээлүүлсэн мөнгөн дүнгээ, хүүтэй нь аваад зөрүүг эзэнд нь олгох ёстой. Гэтэл манайхан утсаар дарамтлах төдий ярьчихаад барьцааны эд хөрөнгийг зарчихдаг. Эсвэл “Одоо энэ манай өмч” гэж ханддаг. Хэрвээ ломбард­ныхан ийм хандлага гаргасан бол үйлчлүүлэгч Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй” гэсэн юм.

Ц.Өрнөх

Б.Сувд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншигт олон улсаас сүсэгтэн олныг ирүүлмээр байна

Энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам болох гэж байгаа. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн болно. Тийм болохоор энэхүү даншиг наадамд жуулчдыг татахаас гадна сүсэгтэн олныг цуглуулах шашны том арга хэмжээ болохоороо ач холбогдолтой, анхаарал хандуулахаас аргагүй юм. ХБНГУ-ын Берлин хотод энэ оны гуравдугаар сарын 4-нд болсон “ITB Berlin” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс ивээн тэтгэгчээр оролцож, 2020 онд таван сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн гэдгээ зарласан билээ. “Наймдугаар сард даншиг наадам хийнэ. Манай улсад зочилж, даншиг наадам үзээрэй” гэдэг урилгыг 190 улсын 10 мянган жуулчны компани, 175 мянган зочны өмнө түгээж, Шашны даншиг хийхээ албан ёсоор зарласан хэрэг. Дэлхий дахинд зарласан даншигаа энэ амралтын өдрүүдэд хийхээс өөр яах билээ.

Даншиг наадам бол дэлхий дээрх буддын шашинтан, сүсэгтэн олныг эх орондоо урин залах зорилготой цогц хөтөлбөр. Тиймээс “Оройтсон баяр наадам, хямралын үед зарлагатай ажил” гэх зэргээр улстөржилгүй урьсан зочид, сүсэгтэн олноо бүгдийг нь ирүүлэх талаас нийслэл ч, шашны байгууллагууд ч тодорхой ажил хиймээр байна. Буддын шашинтан, сүсэгтэн олныг ирүүлэх боломж бидэнд их бий.

Монголчууд олон мянган жил бурхны шашныг дээдэлж, хөгжүүлж ирсэн түүхтэй ард түмэн. Сүсэгтэн олонд Монгол Улс Буддын орон гэдгээрээ алдартай. Номт гурван орны нэгд тооцогдож явсан түүх уламжлал бидэнд бий. Тийм ч учраас олон орны хамба лам нар “Даншиг наадам-Хүрээ цам-2015” морилон ирэх гэж байна. Даншиг наадамд Монголын таван хутагтаас гадна Буриад, Тува, Халимагийн хамба лам нар оролцоно. Тэдгээр хутагт, хувилгаад таван зуу гаруй ламтай хамт ном хурах юм. Энэ бол сүсэгтэн олны хувьд ховор тохиох боломж. Тиймээс Буриад, Тува, Халимаг зэрэг олон улсаас ирэх хамба лам нар сүсэгтэн олноо дагуулж ирэх ажлыг манайхан зохион байгуулах хэрэгтэй байна. Үүний тулд Даншиг наадмын утга учир, Жахар цам, Хүрээ цам зэргийнхээ бэлгэдэл, ёс жаягийг олон улсад түгээн сурталчилж, буддын шашны дээд арга хэмжээ болохыг таниулах хэрэгтэй. Ингэж олон улсаас сүсэгтэн олныг ирүүлж чадвал юун наадам зохион байгуулахад зарцуулсан 540 сая төгрөгөө арав, хорь нугалах боломж байна. “Pew Research Center” судалгааны байгууллага дэлхий дахины шашны нөхцөл байдлыг 2010 оны байдлаар судалж тайлан гаргасан байдаг. Энэ тайланд өгүүлснээр дэлхийд 500 гаруй сая буддын шашинтан байдаг гэжээ. Тэдний багахан хувийг л Монголд авчирч чадвал улсаа сурталчлахаас гадна орлого олох өргөн боломж нээгдэнэ.

Гадны улсууд ч ингэж л ашиг олж, жуулчдыг татдаг. Энэтхэгт жил бүр Хинду шашны Холи баяр, Япон улсын Кувана хотод жил бүрийн долдугаар сард гэрлэн фестиваль, өвөл нь цасны их наадам хийж жуулчдыг татаж байна. АНУ дэлхийн хамгийн том Агаарын бөмбөлөгийн наадам, Шатаж буй хүн гэх зэргийн олон арван фестивалийг зохион байгуулж үүнээсээ асар их ашиг олж байгаа. Манай улс ч даншиг наадмаараа улсаа сурталчилж, жуулчдыг татах том боломжийн өмнө ирчихээд байна.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хуулийн өнгө төрх ийм

Ирэх даваа гаригт хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд арван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч цаг үеэсээ хоцорсон, хүний эрхийг зөрчсөн зүйл заалтуудтай гэж эрдэмтэн, судлаачдаас шүүмжлэл хүртдэг. Тиймээс энэ удаад ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн урт хуга­цаанд тогтвортой үйлчлэхээр шинэчлэн найруулж байгаагаа хууль санаачлагчид онцолсон.

Энэ хууль батлагдсанаараа хүнийг эрүүдэн шүүх, орон байранд хууль бусаар халдах, баривчлах, саатуулах, нэгжих, эд хөрөнгө хурааж битүүмжлэх, мөр­дөж, мөшгих зэргийг хязгаар­лаж, хуулийнхны үйлдэлд хязгаар тавина гэж байгаа. Мөн ялын бодлогод өөрчлөлт оруулснаар шоронж­сон тогтолцоо өөрчлөгдөнө гэж таамагласан. Үүгээрээ нийгэмд хүлээлт үүсгэж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын өнгө төрхийг тоймлон хүргэе.

Цаазын ялыг хуульчлан хална

Одоо мөрдөж байгаа хуульд цаазаар авах ял бий. Харин Ерөнхийлөгч уучлалаараа цаазын ялыг халсан. Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ял байхгүй. Мөн баривчлах ялыг хуулийн төсөлд тусгаагүй. Харин хорих ялыг долоо хоногоос 20 жил хүртэл байхаар тооцжээ. Мөн бүх насаар нь хорих ялын зүйл заалт бий. Бүх насаар нь хорих ял нь 20 жилээс дээш хугацаатай байх бөгөөд суллагдах үндэслэл нь 25 жилээс дээш хугацаагаар хоригдсоны дараа үүснэ. Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлөх зохицуулалт хийх аж.

Одоогийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байгаа бол шинэчилсэн найруулгаар ердийн болон хүнд гэж хоёр ангилж ял онооход харгалзуулна. Таван жилээс дээш хугацаагаар хорих ялын хэмжээ тогтоо­сон хэргийг хүнд гэмт хэрэгт тооцно. Хүнд гэмт хэр­гээр шүүгдсэн хүн тэнсэх боломжгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заажээ.

Гэрийн хорионд байх ялтан электрон гав зүүнэ

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан нь гэрийн хорионд байлгах. Энэ ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Ийм ял сонссон хүн хуулийнхны тодорхойлж өгсөн хүмүүстэй л харьцана. Хуулийнхны хяналтад оршин суугаа газраа өөрчлөлгүй тогтоож өгсөн замаар л зорчино. Тухайн этгээд бусдад аюултай байвал хүнтэй харьцахыг нь хориглоно. Ялтанд электрон гавны тусламжтайгаар хяналт тавих аж.

Хэрвээ тогтоосон дүрэм зөрчвөл эдлээгүй үлдсэн ялыг хорих болгон өөрчлөх аж.

Харин торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр оног­дуулахаар төсөлд тусгажээ. Ялтны орлого олох боломжийг хар­галзан гурван жилд баг­таан барагдуулахаар тусга­сан байна. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих аж.

Хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, 51-ээс дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйгээс бусад хүмүүст нийтэд тустай ажил хийлгэх ял оноож болохоор тусгажээ. Ийм ял сонсвол өдөрт дөрвөөс дээшгүй цагаар буюу нийтдээ 121-480 цаг нийтэд тустай ажил хийх аж. Энэ ажлыг хийхгүй бол хорих ялаар солих гэнэ.

Одоо мөрдөж байгаа эрх хасах ялыг шинэ хуульд мөн хэрэглэнэ. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн болон нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуу­лах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориг­лож нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх юм байна. Гэхдээ үндсэн ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ. Одоогийн хуулиар эрх хасах ялыг хорих ялтай хамтатган хэрэгжүүлж байгаа.

Хүүхдэд ял оноохоос зайлсхийнэ

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас дээш байхаар төсөлд тусгажээ. Харин хүний амь хөнөөсөн, хулгай, дээрэм хийсэн, бусдыг хүнд гэмтээсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдэд ял оноох аж. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас хүрсэн, 18 хүртэлх насны хүүхдэд хорих ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болох шинэ зохицуулалтыг тусгажээ. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ гэдэг нь өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхээр заахыг хэлэх аж. Өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, сургалт хүмүүжлийн тусгай хорионд байлгах гурван төрлийн ял эдлүүлэх шинэ заалт төсөлд оржээ. Мөн өсвөр насны хүүхдийн учруулсан хохирлыг эцэг эх нь төлөх заалт оруулсан байна.

Ялтай байдлыг хүндрүүлэх нөхцөл болгохгүй

Сүүлийн арван жилийн дунджаар манай улсад жилд 7272 хүн хорих ял эдэлдэг бөгөөд хорих байгууллагаар дамжиж байгаа хүмүүсийн тоо 12 мянгад хүрчээ. Улсын хэмжээнд 2000-2010 онд 40 мянган хүн шоронгоос суллагдсанаас 47 нь дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Өмнө нь ял эдэлж байсан хүн дахин гэмт хэрэгт холбогдоход өмнөх ял нь хүндрүүлэх нөхцөл болдог тогтолцоо бий. Тэгвэл үүнийг өөрчилж ялтай байдлыг хүндрүүлэх нөхцөл болгохгүй байхаар төсөлд тусгажээ.

Ингэснээр гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, албад­лагын арга хэмжээ нь хохирол төлсөн, хор уршгаа арилгасан байх, гэм буруу, тухайн хүний хувийн байдалд тохирсон байх шинжийг харгалзан үзэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Мөн хэргээ өөрөө илчил­сэн, хохирогчид тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг барагдуулсан, дарамтад байсан бөгөөд өөрийгөө хамгаалах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Хэрвээ ердийн төрлийн гэмт хэрэг үйлдээд өөрийгөө илчилсэн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй бага ял оногдуулахаар тусгажээ.

Зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, гэрэл зураг авбал ял онооно

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөлд заналхийлэх, хууль бусаар нэгжих, хураан авах, орон байранд нэвтрэх, зөвшөө­рөлгүй гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг шинэ зүйл, заалт оруулжээ. Тухайлбал, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардвал торгохоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, заалттай аж. Харин эрх бүхий албан тушаалтан хууль бусаар бусдын гэр, эд хөрөнгө нэгжиж, битүүмжилбэл нэг сараас нэг жил гэрийн хорионд байлгах, мөн хугацаагаар хорих ял шийтгэхийг төсөлд тусгажээ. Үүнээс гадна оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч чөлөөтэй байх эрхэд халдсан бол иргэн гурван сар хүртэл баривчлах, албан тушаалтан таван жил хүртэл хугацаагаар хоригдох юм байна.

Хүн бүр ухаалаг утастай болсон өнөө үед бусдын зураг авч дүрс бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацах нь ихэссэн. Тэгвэл оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нь болон гаднаас нь зураг авч, дүрс бичлэг хийсэн, олон нийтэд тараасан бол гэрийн хорионд байлгах, хорих ял эдлүүлэх юм байна. Эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдлийг хийсэн бол хорих ялын хугацаа ихсэхээр хуулийн төсөлд тусгажээ. Эрх бүхий албан тушаал­тан хүнийг хууль бусаар баривчилсан бол мөн хорих ял хүлээхээр заасан байна.

Дээрхээс гадна эдийн засгийн шинэ нөхцөл байдал­тай холбогдуулан хууль бусаар өрсөлдөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс татгалзах, худал мэдээлэл тараан дампууруулах зэрэг гэмт хэргийн шинэ төр­лийг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн олон нийтийг уриалан дуудаж хэт туйл­ширсан, хорлон сүйтгэх ажил­лагаа явуулахад бэлт­гэсэн, явуулсан бол хүлээлгэх хариуцлагыг шинээр томъёолжээ.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тусгай бүлэг болжээ

Одоо мөрдөж байгаа хуулийн энэ төрлийн гэмт хэрэг зүйл, заалт төдий бай­сан. Харин шинэчилсэн найруул­гын төсөлд бүлэг болжээ. Гэхдээ булш сүйтгэх гэмт хэргийг хуулиас хасч түүх соёлын дурсгалт зүйл, бунхан сүйтгэхийг гэмт хэрэгт тооцсон байна. Үүнээс гадна цаг үеэ дагаад цахим мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг төсөлд оржээ.

Одоо мөрдөж байгаа хуулийн зарим зүйл заалт хасагдана

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгыг дагаж хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Тиймээс Эрүүгийн хуулиас эдгээр хуульд давхцах хэд хэдэн зүйл заалтыг хасчээ. Тухайлбал, цэрэг татлагаас зайлсхийх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, мөрийтэй тоглох, гэмт хэргийг нуун далдлах, үл мэдээлэх, үнэт цаасны тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих, доромжлох зэрэг зүйл заалтуудыг хуулийн төслөөс хасчээ.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм

-Дүүгээ хайж цагдаад хандчихаад байхад амиа алдсаныг нь мэдэгдээгүй-

Энэ сарын 13-ны өдөр ажилдаа яваад сураггүй болсон эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа тухай зар facebook-ээр тарсан. Харамсалтай нь тэр эмэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь долдугаар сарын 17-ны орой мэджээ. Цагдаагийнхан талийгаачийн цогцсыг энэ сарын 14-ний үүрээр олсон ч гурван хоногийн турш хэн болохыг нь тогтоож чадаагүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан. Талийгаач Д-ийн ах Э.Өрнүүн-Ундрахтай ярилцлаа.

-Дүүгээ хайж байгаа талаар зарыг facebook хуудсаар олон хүн түгээсэн байсан. Харамсалтай мэдээ сонслоо.

-Манай гэр бүлд маш хүнд байна. Гэхдээ гэмт этгээдийг илрүүлж үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгээсэй гэдэг үүднээс танай сонинд хандаж байна. Дүү минь 19 настай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн хоёрдугаар курс төгссөн. Гурван ахтай, айлын бага охин. Хичээлдээ сайн. Гэр, сургууль хоёрын дунд явдаг даруухан охин байсан юм, миний дүү.

Зуны амралтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тасалбар тасладаг цагийн ажил хийж байсан юм. Энэ сарын 13-ны өглөө ажилдаа яваад эргэж ирсэнгүй. Бид гурав хоногийн турш хайж, сураглаж яваад 17-ны орой амиа алдсаныг нь мэдлээ.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ гэрийнхэнтэйгээ холбоо барьсан бэ. Энэ сарын 13-нд ажил нь орой­тож тарсан юм болов уу?

-Цагийн ажил нь ихэвчлэн орой тардаг. Хажуу талын байранд байдаг охинтойгоо хамт ирдэг байсан юм. Аав гэрийнхээ гадаа тосдог. 13-ны шөнө аав гэрийн гадна хүлээгээд ирээгүй. Хажуу байрны охинтой хамт яваагүй байсан. Миний дээд талын ах шөнийн 1.40 цагт гар утас руу нь залгахад “20 минутын дараа очлоо” гэж ярьсан. 20 минутын дараа залгахад гар утсаа тасалчихсан. Дахиад залгасан утас нь салчихсан байсан.

-Хэзээнээс хайж эхэлсэн бэ?

-14-ний үдээс хойш хүртэл утсаар сураглаж байсан. Наадмаар найз нөхөдтэйгөө уулзсан юм болов уу гэж найдаж байлаа. Гэсэн ч гар утас нь салчихсан, огт сураг гарахгүй болохоор санаа зовоод 14-ний 17.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт залгаж мэдэгдсэн. Дараа нь 19.00 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Дүү минь сураггүй болсныг цагдаагийн байгууллага 14-ний орой мэдсэн гэсэн үг. Гэтэл гурвалжингийн гүүрний доод талаас эмэгтэй хүний цогцос 14-ний өглөөний 05.00 цагийн орчимд олдсон байсан. Цагдаа жаахан л анхаарал хандуулсан байсан бол бидний хайгаад байгаа хүн нас барсан гэдгийг мэдэх байсан. Өргөдөл авснаас хойш 17-ныг хүртэл цагдаагийн байгууллагаас бидэнд ямар ч сураг өгөөгүй.

-Танайхан дүүгээ хайсаар л байсан уу?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр очиж хамт ажиллаж байсан, ажлаасаа хамт гарсан байж болох хүмүүсийн утасны дугаар авсан. Тэр байгууллага оюутнуудыг шөнө дүл хүртэл ажиллуулчихаад гаргаад явуулчихдаг. Ядаж чиглэл чиглэлд нь нэгдсэн унаа явуулдаг байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж харамссан. Тэндээс сураглаж байгаад дүүгээ нэг эмэгтэйтэй хамт явсныг олж мэдсэн. Тэр эмэгтэйтэй уулзахад “Бид хоёр манай гэр хүртэл алхаад Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас танай дүү таксинд суусан. Бараан өнгийн машин байсан. Машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэж ярьсан.

-Замын хяналтын камер шүүлгэсэн үү?

-Хоёр удаа очиж шүүлгэсэн. Гэтэл талийгаачийн таксинд суусан гэх газраас цаадах нь харагдаад яг тэр хэсэг камерт ороогүй байсан. Бид гурав хоногийн хугацаанд хайж, сураглаж болох бүхий л аргыг хэрэглэсэн. Гэмтлийн эмнэлэг, цогцос хадгалах байраар хүртэл явъя гэж ярьж байсан. Тэгтэл 17-нд таньдаг цагдаа маань ярьсан. Танил цагдаагийнхаа компьютерээс цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр эрэн сурвалжилж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон хүмүү­сийн мэдээллийг шүүсэн. Гэтэл 14-ний 05.50 цагийн орчим үл танигдах эмэгтэй хүн галт тэргэнд мөргүүлж амиа алдсан гэсэн мэдээлэл байсан. Зургийг нь хартал дүү минь байсан.

-Цагдаагийн байгуул­ла­гаас танайхад хэл хүрээгүй. Хувийн шугамаар мэдсэн юм байна. Тийм үү?

-Танил цагдаагаа гуйж байж мэдээллийн санг шүүлгэж олсон хэрэг. Гурав хоногийн турш цагдаагийн байгууллага юу хийж байсныг мэдэхгүй. Цагдаагийн мэдээллийн сангаас тэр мэдээллийг авсан даруйдаа Төмөр замын цагдаагийн хэлтэст 17-ны орой очиход цагдаа нь “Маргааш цагдаагийн баяртай. Энд унаа, машинтай хүн алга” гээд халгаагаагүй. Тэгээд өөрсдөө очиж үзэхэд дүү минь мөн байсан.

-Гурван хоногийн хугацаанд талийгаачийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй юм болов уу?

-Ерөөсөө оролдлого хийгээгүй. Бид дүүгээ хайж байна гээд цагдаагийн байгууллагад хандчихсан. Хайж байгаа хүнтэй төстэй эмэгтэй амиа алдчихсан байхад харьцуулж болдоггүй юм уу. Тэр өдөр дүү минь иргэний үнэмлэх, гар утастайгаа явсан. Гэтэл цогцсыг олоход юу ч байгаагүй гэсэн. Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ариунтунгалаг гэдэг эмэгтэй хариуцаж байсан. Тэр хүний ярьснаар иргэний бүртгэлээс дүүгийн минь мэдээлэл гарахгүй байсан гэсэн. 16 настай иргэний үнэмлэх авсан хүний мэдээлэл яагаад байхгүй гэж. Хэргийг илрүүлье гэсэн сэтгэлгүй, зөвхөн цагдаагийн баяртаа сатаарч байсны илрэл. Хэрвээ бид хувийн шугамаар мэдээгүй бол 18-нд цагдаагийн баяр, маргааш нь амралтын өдөр гээд өнгөрсөн даваа гаригт л мэдэх байж. Цагдаа нар баяраа тэмдэглэхээр хүлээсэн үүргээ мартчихдаг юм болов уу.

-Талийгаач мөнгөтэй явж байсан уу. Мөргөсөн галт тэрэгний ажилчид юу гэж мэдүүлсэн бол?

-Samsung маркийн гар утас, 10-20 мянган төгрөгтэй л гэрээсээ гарсан. Төмөр замын ажилчид “Хажуугаар явж байгаад гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс болоод талийгаачийг амиа хорлосон гэж таамаглаад, хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол цагдаад байгаа. 01.40 цагт ахтайгаа “Очиж байна” гэж ярьсан хүн 05.50 цагийн орчимд амиа хорлотол хаагуур явсан нь сэжигтэй. Мөн ах нь дахиад залгахад утсаа таслаад, салгасан нь бас сэжигтэй байгаа. Гадны нөлөөтэй нас барсан гэж бид таамаглаж байгаа. Дүү минь амиа хорлох хүн биш. Найз залуугүй. Гэрийнхэнтэйгээ ч түр тар хийгээгүй. Ганц охин дүүгээ ах нар нь дарамтална гэж юу байх билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ ирэх намар тийм хичээл сонгон, ийм дүнтэй суралцана гээд ирээдүйгээ төлөвлөөд биччихсэн байсан. Магадгүй хүчинд автаж шоконд орсон явж байсныг ч үгүйсгэхгүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй биз дээ?

-14 хоногийн дараа гардаг гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач хүчинд автсан уу, гадны нөлөө байсан уу гэдэг нь тодорхой болно гэж найдаж байна.

-Хамт явсан эмэгтэйгээс мөрдөн байцаагч мэдүүлэг авсан болов уу?

-Уг нь замын камер шүүлгэх, хамт явсан охиноос мэдүүлэг авах гээд бүх ажлыг цагдаагийнхан хийх үүрэгтэй. Гэтэл бид л хийгээд байсан. Тэр хооронд цагдаа нар баяраа л тэмдэглэж явсан байх. Баярын дараа 14-ний үүрээр хотын төвөөр цөөн машин явж байсан. Замын камерт багтсан машинуудыг шүүчихэд асуудалгүй баймаар юм. Мөн хамт явсан эмэгтэйгээс мэдүүлэг аваад өгөөч гэж хэсгийн байцаагчид 16-ны орой утасных нь дугаарыг өгсөн. Тэр өдөр хэсгийн байцаагч тэр эмэгтэйгээс мэдүүлэг авсан гэсэн. Төмөр замын цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлсний дараа Ариунтунгалаг байцаагчид мөн л нөгөө эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Гэтэл өнөө өглөө л мэдүүлэг авч байна. Ингэж хугацаа алдахаар хэрэг илрэх магадлал улам бүр багасна биз дээ. Өмгөөлөгчтэйгөө хүсэлт гаргаад очтол Ариунтунгалаг байцаагч өнөөдөр үдээс хойш эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Талийгаачийн хэрэг Мөнхсайхан гэдэг байцаагчид шилжсэн гэнэ. Мөнхсайхан байцаагчтай уулзахад “Ер нь ийм хэрэг болсныг мэдэж байгаа. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байна. Албан ёсоор намайг ав гэж хэлээгүй. Тэгж байгаад хэрэгтэй танилцана” л гэсэн. Тэгж байгаад гэдэг нь хэзээ гэдгийг мэдэхгүй. Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм. Төмөр замын цагдаагийн хэлтэс ачаалал багатай. Гэтэл энэ хэрэг дээр үнэхээр хойрго, хайнга хандаж байгаад гомдолтой байна.

-Талийгаачтай хамт явсан эмэгтэйгээс өөр гэрч байгаа юу?

-Бид тэр эмэгтэйтэй хэд, хэд уулзсан. Эхлээд уулзахад талийгаачтай хоёулахнаа байсан гэсэн. Дараа нь уулзахад “Бид хоёр манай гэрийн ойролцоох пабад орж жаахан суусан. Тэнд үйлчлэгч, түүний найз хоёр хүн л байсан. Гарахад үйлчлэгчийн найз нь бид хоёрыг гаргаж өгсөн” гэж ярьсан. Ард кино театрын хавиар хайж байгаад орсон пабыг нь олсон. Тэнд байсан залуу “Би талийгаачийг таксинд суулгаж өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Талийгаачийг машинд суулгаж явуулчихаад хамт явсан эмэгтэйг гэрт нь хүргэсэн” гэж ярьсан. Тэр залуугаас гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж цагдаад бас хүсэлт гаргасан. Мөрдөн байцаагч энэ хэрэг дээр анхаарал хандуулахгүй, цаг алдсаар байна. Энэ хойгуур гэмт этгээд ул мөрөө баллах вий, хэргээс яаж мултрахаа төлөвлөчихсөн байх вий гэж айж байна.