Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих олон хууль бий. Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчлийн оноогоо тооцуулж эхэлнэ. Энэ мэт өдөр тутмын амьдралд мөрдөгдөхүйц олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе.
Author: Ц Өрнөх
Гадаад хэргийн сайд Лүндэнгийн Пүрэвсүрэн гэдэг нөхөр ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх хийж байсан. Түүнийг яаж яваад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсоныг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Гадаад хэргийн яаманд олон жил ажилласан л гэх юм билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ардчиллын алтан хараацай Ц.Элбэгдоржтой мөр зэрэгцэн тэмцэж явсан партизан Лу.Болдын ажлыг авах гэж сайдын гаргасан алдаа дутагдлыг өргөн фронтоор “илрүүлсэн” гэдэг гомдлыг Лу.Болдын талынхан гаргацгаадаг. Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 300 айлын орон сууц бариулсан. Ахлагч, офицеруудын амьдрах тэр орон сууцыг мөн л МоАХ-ны партизан Батж.Батбаярын хүү хариуцаж ажилласан. Ахлагч, офицеруудаа орон гэртэй болгохын тулд сайд нь төсвийн мөнгийг барилгын гүйцэтгэгчид рүү шуурхай шилжүүлчихсэн гэдэг. Түүнээс үүдэж Лу.Болд болон түүнтэй ажилласан олон хүнд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Үүн дээр Л.Пүрэвсүрэн их идэвхтэй байж өгөх ёстой газар нь дуулгасан гэж шалгуулсан хүмүүс нь ярьцгаадаг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шалтгуудын нэг яах аргагүй энэ болсон. “Авлигач, шунахай” Лу.Болдоос Гадаад хэргийн яамыг салгаж, “ажилч хичээнгүй” Л.Пүрэвсүрэнг оронд нь сайд болгох “ажил” амжилттай хэрэгжсэнээр Шинэчлэлийн Засгийн газар унасан.
Ингээд Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Түүнийг сайд болох үеэр УИХ дээр “Европын орнуудаас тааламжгүй нөхөр гэдэг ноот авч байсан” гэх яриа ч гарч байв. Ямартай ч Л.Пүрэвсүрэн олон жил ажилласан яамандаа сайдаар очиж чадсан.
Одоо сайдын ажил бүтэл муутай байх шиг байна. Дээрээс нь сурсан зангаараа өөрийн танхимын “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын алдаа, дутагдлыг Ерөнхий сайддаа мэдээлж, албан бичиг хүргүүлсэн нь дотоодод төдийгүй олон улсад шуугиан дагуулж байна. Уг мэдээллээ баталгаатай болгох, мэдээлсэн гэдгээ харагдуулах, өөр бас ямар ч зорилготой байсан юм, түүндээ хүрэхийн тулд цахим ертөнцөөр нөгөө албан бичгээ дэлгэжээ.
Монгол, Орос, Хятад гурван улс тээвэр-ложистикийн том компани байгуулахаар хэлэлцээр хийж байгаа. Тэр компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гурван улс эзэмшинэ гэсэн үг. Тодруулбал, Монгол Улс 51 хувийг эзэмшиж, бодлогыг УБТЗ барихаар төлөвлөж байж. Үүн дотроо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг нийлүүлэх бодлоготой байсан бололтой. Зүйрлэвэл, 100 литр усанд 10 литр ус хийгээд 10 литрийнх нь ач холбогдлыг бууруулах төрийн нарийн бодлого байсан бололтой юм. Гэтэл төрийн ийм нарийн бодлогыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дэлхийгээр нэг зарлачихлаа. Бүр Ерөнхий сайд, Зам тээврийн сайдаа дагуулаад ОХУ-д ажлын айлчлал хийхийн өмнөхөн дэлгэснээрээ төрийн чухал бодлогыг ямар ч хэрэггүй, үр дүнгүй болгочихов бололтой.
Лу.Болд нарын алдаа, дутагдлыг мэдээлж, баримт сугавчилж гүйсээр байгаад өөрөө оронд нь сайд болсон гэцгээдэг. Тэр аргаараа Монгол Улсын бодлогыг гадаад ертөнцөд дэлгэх өөрт нь л ашигтай юм байх даа. Монголд л лав ашиггүй харагдах юм. Ардчилсан орнуудын төрийн тэргүүнүүд цуглах АСЕМ ирэх долдугаар сард Монголд болно. Дээд түвшний уулзалтыг улаан нүүрээрээ тахалж өнгөрөөх Гадаад хэргийн сайдын дүр төрх нэг иймэрхүү байдаг…
-ТЭД “ХҮННҮ” ХОРООЛОЛД ГУРВАН ӨРӨӨ БАЙР, “LAND CRUISER-105” МАШИНТАЙ-
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө дээрэмдсэн ах дүү хоёр 24 цагийн дотор цагдаагийнханд баригдсан билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Таван шар” дахь Худалдаа хөгжлийн банкны салбарт өнгөрсөн ням гаригийн өглөө багтай этгээдүүд халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан. Тэднийг даваа гаригийн өглөө баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн билээ. Уг дээрмийг төрсөн ах дүү хоёр хийсэн болохыг мөн мэдээлсэн. Тэднийг банкнаас 380 орчим сая төгрөг дээрэмдсэн гэдэг мэдээлэл байсан ч шалгалтын явцад 424 сая төгрөг дээрэмдсэн нь тодорхой болжээ. Ах, дүү хоёр ийм хэмжээний мөнгө дээрэмдэх сэдэл яаж төрсөн, дээрэмдсэн мөнгөө хаана нуусан, нэг хоног хэрхэн нуугдсан талаар нэхэн сурвалжиллаа.
АМЬДРАХЫН ТУЛД БИШ ЗУГААЦАЖ ЯВААД ӨРӨНД ОРЖЭЭ
Гэгээн цагаан өдөр буун дуу гарган бусдын амь насанд заналхийлж их хэмжээний мөнгө дээрэмдсэнээ хүлээсэн ах, дүү хоёр Эрдэнэтийн харьяат. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Ах нь 1985 оных, дүү нь 1992 оных. Тэд эхнэр, хүүхэдгүй. Хоёулаа хамт амьдардаг. Тэд ах дүүгээрээ нийлж хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хажуугаар нь бусад газруудад бараа нийлүүлэх, орон нутагт үйлчилгээний төв ажиллуулах зэрэг багагүй орлоготой бизнестэй байжээ. Амьдрал нь ч сайн. Ойр хавийнхан нь тэднийг чинээлэг амьдардаг гэж ярих юм билээ. Гэвч тэд банк дээрэмдсэн хэргээ хүлээхдээ “Бид хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Банкнаас авсан зээлээ төлөх хугацаа өнгөрч, дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрсэн. Эрхэлж байсан бизнес бүтэлгүйтэж их хэмжээний өрөнд орсон. Арга ядаад машинаа ломбарданд тавьсан. Мөнгө олох өөр арга олдсонгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тав алхаад баригдах бодлогогүй зүйл хийсэн нь бидний буруу. Гэр бүлийнхнээсээ уучлал хүсье” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Гэтэл тэд бизнес нь бүтэлгүйтсэнээр өрөнд ороогүй бололтой. Тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байсан гэнэ. Мөн тэд “Хүннү” хороололд саяхан гурван өрөө байр авчээ. “Хүннү” хороолол бол тансаг зэрэглэлийнх. Тэндэхийн байрны нэг метр.кв нь гурван саяас дээш төгрөгийн үнэтэй. Гурван өрөө байр нь 70-аас дээш метр.кв талбайтай. Ах дүү хоёр мөн “Land cruiser-105” маркийн автомашинтай. Тэдний амьдарч байгаа орчин, унаж байгаа машинаас нь л дүгнэхэд захаас бараа зөөж зардаг худалдаа эрхлэгчид биш, хувиараа бизнес эрхлээд тодорхой хэмжээний амжилттай явсан бололтой юм.
Тэгэхээр тэр залуус банк дээрэмдэж, их хэмжээний мөнгө олох ямар шаардлага гарав. Эх сурвалжийн мэдээлснээр ах дүү хоёрын нэг ойрын үед мөрийтэй тоглох болжээ. Тоглохоороо хэдэн хоног явчихдаг байсан гэнэ. Тэгж яваад их хэмжээний өрөнд оржээ. Мөрийтэй тоглосон өрнөөсөө гарахын тулд “Land cruiser-105” маркийн машинаа ломбарданд тавьжээ. Энэ тухайгаа гэрийнхэндээ хэлээгүй бөгөөд ах дүү хоёр өөрсдөө зохицуулахаар шийдсэн бололтой юм. Тэд гэрийнхэндээ машинаа эвдчихсэн, засварт байгаа гэж ярьж байжээ. Үүнээс гадна машинаа ломбарданд тавиад ч төлж дуусахааргүй өр тавиад тоглочихсон бололтой юм. Хууль бус тоглоом тоглосны гайгаар их хэмжээний өрөнд орж, түүнийгээ төлөхийн тулд 20 жил ял эдлэх зүйл заалттай гэмт хэрэг үйлдсэн тухай гэрийнхэн нь баригдах хүртэл мэдээгүй байжээ.
ДЭЭРЭМДСЭН МӨНГӨӨ МАШИНДАА НУУЧИХААД САУНД ХОНОЖЭЭ
Ах, дүү хоёр банк дээрэмдэх талаар хэд, хоногийн өмнөөс төлөвлөсөн бололтой. Тэд машинаа ломбарданд тавьчихаад “Prius-20” худалдаж авчээ. Ингэхдээ машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байна. “Хэд хоногоос холбогдоод нэр дээрээ шилжүүлж авъя. Яараад яах вэ. Таны нэр дээр байж байг” гэж хэлчихээд машинаа аваад явсан гэнэ. Тэгэхдээ тэд машиныхаа үнийг төлсөн аж. Мөнгөө өгөхдөө ч өөрсдийнхөө нэрийг хэлээгүй гэнэ.
Ингээд хүний нэр дээр бүртгэлтэй машинтай болчихож. Бас дээрэм хийхдээ ашигласан буугаа саяхан худалдаж авчээ. Тэгэхдээ баримт бичгийг нь мөн л өөрийнх болгоогүй гэнэ. Ингээд хүний нэр дээрх машин, буутай болсон ах дүү хоёр дээрэмдэх банк судалсан бололтой юм. Амралтын өдөр хөл хөдөлгөөн багатай учраас тэр өдрүүдэд ажилладаг банк хайжээ. Ингээд хотын төвөөс зайдуу, долоо хоногийн бүх өдөр ажилладаг, олон хүн үйлчлүүлдэггүй банк онилсон нь Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар тооцооны төв байж. Ингээд энэ сарын 14-ний өглөө эрт үүдэнд нь анаж байгаад хамгаалалтын ажилтан банкаа нээхэд нь хамгийн түрүүнд явж оржээ. Ингээд хаалгыг нь дотроос нь түгжиж хамгаалалтын ажилтан руу хий буудаж, бусад хүмүүсийг айлгаж, ширээн доор нь хэвтүүлсэн байна. Улмаар төмөр шүүгээнд байсан бүх мөнгийг үүргэвчинд хийж авчээ. Тэд дээрэм хийж байхдаа огт сандарсан шинжгүй, ууттай мөнгөө үүрээд гараад явчээ. Дээрэмчдийн араас хэн нь ч гарч зүрхлээгүй байна. Мөн шоконд орчихсон байсан учраас цагдаад мэдээлэл өгч чадалгүй хугацаа алджээ. Азаар тэдний унаж явсан машины хойд талын дугаар хяналтын камерт үлдсэн аж. Машиных нь дугаараар зарлаж, эрэн сурвалжлахад саарал өнгийн “Prius-20” маркийн машин Сонгинохайрхан дүүргийн нутаг, Цамбагаравын автобусны буудлын эсрэг талын “Өнөр” хороолол дахь Номин их дэлгүүрийн үүдэнд байгааг олжээ. Цагдаагийнхан машиных нь ойролцоо анаж байсан бололтой.
Харин ах дүү хоёр дээрэмдсэн мөнгөө бараг тэр чигээр нь “Prius-20” маркийн машиныхаа тээшинд нууж орхиод явжээ. Тодруулбал, тэд машиндаа 394 сая төгрөг орхиод явсан байж. Мөн 30 сая төгрөгийг ломбарданд тавьсан машиндаа нуужээ. Ингээд өөрсдөө мөнгөгүй шахам хоёр тийшээ салжээ. Тэд утсаа салгаж, нэг нь III хороололд 24 цагаар ажилладаг саунд хоножээ. Нөгөө нь Нарантуул захын ойролцоох саунд хоносон байна. Саунд хоночихоод маргааш нэг нь “Prius-20” машин дээрээ очиж, мөнгөө шалгаж байгаад цагдаагийнханд баригджээ. Нөгөө нь араас нь очоод мөн баригдсан байна.
“ГАВАА ТАЙЛЧИХ”
Ах дүү хоёрыг баривчлах үеэр тэнд байсан хүмүүс бидэнд ингэж ярьсан юм. “Цагдаагийнхны зарим нь энгийн хувцастай харагдсан. Гэнэт нэг залууг гавлаж, өөр нэгийг хөөгөөд эхэлсэн. Гавлагдсан залуучуудын нэг нь “Наад гаваа тайлчих. Гүйчихсэн. Хөлс нүд рүү орчих гээд байна. Хөлсөө арчъя” гээд хэгжүүрхээд байсан. Царай зүс, хувцас хунарыг нь харахад хэцүү амьдралтай гэхээргүй залуус харагдана лээ” гэж ярьсан юм.
Цагдаагийнхан тэдний дээрэмдсэн мөнгийг банкинд буцааж өгч хохиролгүй болгосон. Харин ах, дүү хоёрт Эрүүгийн хуулийн 147.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн хууль бус тоглоом тоглосон гэдэг үндэслэлээр мөн шалгах бололтой.
Одоогийн байгаа байдал
-Тэнд хэвлэх Үйлдвэрийн загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр уртбайшин барих бөгөөд нийслэлийн музей, брэндийн шоу рүүм бий болно-
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг “Таван богд” групп авахаар болж, энэ тухайгаа өчигдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгджээ. Уг газрыг зарах анхны дуудлага худалдаагаар Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал тавьж, ялагчаар тодорсон. Гэвч тэрбээр хувийн мэдэгдэл гаргаж, наймаагаа буцаах шийдвэр гаргаснаа зарласан. Хуульд заасны дагуу Абдул Каримын дэнчинд тавьсан 715 сая төгрөг нийслэлд үлдсэн билээ. Мөн хуулийн дагуу Абдул Каримын мөнгө шилжүүлэхийг хүлээх хугацаа энэ сарын 14-нд дууссан. Ингэснээр дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн “Таван богд” группт нийслэлийн Өмчийн харилцааны газраас хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авах санал тавьсан билээ. “Таван богд” групп дуудлага худалдаанд Абдул Каримаас 150 сая төгрөгөөр бага буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн санал тавьсан. “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан саналыг хүлээж авах эсэх хариугаа өчигдөр 17.30 цагаас өмнө өгөх байв.
Ийм болно
Анхны дуудлага худалдаагаар өмч хувьчилж байсан түүх Монголд бараг байхгүй. Хоёр, гурав дахь удаагаа дуудлага худалдаа болж анх зарласан үнээсээ хямд зарагддаг байсан жишиг бий. Хэрвээ Ц.Баатарсайхан 23 тэрбум 850 сая төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзвал хоёр дахь удаагаа дуудлага худалдаа зарлахаас өөр аргагүй. Тэгвэл анхны дуудлага худалдаанд оролцсон хүмүүс дараагийнхад оролцох эрхгүй болно. Гурав дахь дуудлага худалдаагаар анх зарласан үнийг 40 хүртэлх хувиар бууруулдаг. Ингэвэл хэвлэх үйлдвэрийн газар Абдул Каримын тавьсан саналаас хэд дахин хямд зарагдах нөхцөл бүрдэх учраас Ц.Баатарсайхан санал болгосон үнээрээ аваасай гэдэг хүсэл нийслэлийнхэнд байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар ч “Ц.Баатарсайхан саналыг хүлээж авна гэдэгт итгэж байна. Хэрэв татгалзвал хотын төвийн газар үнэгүйдэх эрсдэлтэй” гэж байсан билээ. Тэгвэл өчигдөр үдээс хойш “Таван богд” групп уг газрыг авахаа мэдэгдэж, гэрээгээ байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө” гэж заасан байдаг. Тэр дагуу “Таван богд” групп 14 хоногийн дотор 23 тэрбум 850 сая төгрөгөө төлөхөө гэрээнд тусгажээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулахад “Ажлын цаг дуусахаас өмнө гэрээгээ байгууллаа. Ингэснээр худалдан авагч тал 14 хоногийн дотор төлбөрөө төлнө” гэлээ. Монголд газар ийм үнэд хүрч байсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн дуудлага худалдаа газрын үнэ цэнийг өсгөж өгснөөрөө ач холбогдолтой юм. “Таван богд” группийн 23 тэрбум 850 сая, Абдул Каримын дэнчин болох 715 сая төгрөгтэй нийлээд хуучин хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум 565 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй юм.
Хэвлэх үйлвэр. 1929он
Төрийн ордны хажуудах 2698 метр квадрат газарт ямар барилга сүндэрлэх вэ гэдэг нь бас сонин. Төрийн ордны урт 180 метр гэдэг. Тэгвэл хуучин хэвлэх үйлдвэрийн байрны урт 100 метр. Хэвлэх үйлдвэрийн байрны эргэн тойрны ихэнх газар нь “Таван богд”-ынх. Тэр утгаараа ижил загвартай олон барилга баригдах байх гэсэн таамаг бий. Тэгвэл “Таван богд” групп хотын төвийн, Монголын түүхэн дурсгалт газруудын нэг болсон Хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучны загвараар нь үлдээхээр зураг төсөл гаргажээ. Өөрөөр хэлбэл, 1929 оных нь байдлаар сэргээн барьж “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төв нээн ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн түүндээ Улаанбаатар хотын музейг байгуулах гэнэ. “Galleria Ulaanbaatar”-т “Lexus”-ийн үзүүлэнгийн танхим, “Говь” болон дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, ресторан байх аж. Харин хэвлэх үйлдвэрийн цаана байгаа газартаа орчин үеийн шийдэлтэй өндөр, хос барилга сүндэрлүүлэх нь зураг төслөөс харагдаж байна. Тодруулбал, 18 давхар цамхаг босгохоор төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар
хорооны нутаг дэвсгэр буюу “Таван шар” дахь Худалдаа хөгжлийн банкны салбарт уржигдар
өглөө баг өмссөн этгээдүүд халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдсэн талаар манай
сонин мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид сэжигтнүүдийг өчигдөр өглөө баривчилжээ.
Энэ талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн юм. Сэжигтнүүд
1992, 1985 онд төрсөн бөгөөд ах дүү хоёр аж. Тэд дээрэмдсэн мөнгөнөөсөө хэрэглээгүй
гэнэ.
Банк дээрэмдсэн хэргийн мөрөөр сурвалжиллаа.
Банкинд хоёр удаа буун дуу гаргажээ
Сонгинохайрхан дүүрэг, Москвагийн
гудамж-22, Геологийн төв лабораторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” компанийн
байранд байдаг Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төв даваагаас ням гаригт
10.00-18.30 цагийн хооронд ажилладаг. Өнгөрсөн ням гаригийн өглөө банкны ажилтнууд
ажилдаа ирж, үйлчилгээгээ эхлэхэд бэлдэж байжээ. 09.57 цагийн орчим хамгаалалтын
ажилтан банкныхаа хаалгыг нээж, бусад ажилтнууд ажлын байран дээрээ бэлэн болчихсон
сууж байж. Тэгтэл малгайтай саарал, цагаан цамцтай хоёр этгээд банкинд орж ирээд
хаалгыг дотроос нь түгжжээ. Улмаар хамгаалалтын ажилтан руу буу шагайж, тэнд байсан
бүх хүмүүсийг газарт хэвтэхийг шаардсан байна. Тухайн үед хамгаалалтын ажилтанд
хийн буу, хамгаалах хэрэгсэл байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Дээрэм хийхээр
банкинд орсон хоёр этгээд хоёр удаа хий буудаж, тэнд байсан хүмүүсийг айлгаж, ширээн
доороо хэвтэхэд хүргэжээ. Улмаар төмөр шүүгээнд байсан бүх мөнгийг уутанд хийж авсан
байна. Тэд хүмүүс рүү хүйтэн зэвсэг шагайж, агаарт буудаж дээрэм хийж байхдаа огт
сандарсан шинжгүй байгаа нь банкны камерт бичигдсэн дүрснээс харагдаж байв.
Унаж явсан машинаар нь хайж
олжээ
Тэд банкнаас гараад Приус-20 маркийн
саарал өнгөтэй машинд суусан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний сууж явсан
машин нь 53-43 У… улсын дугаартай байсан гэнэ. Тэд машинд хуурамч дугаар зүүж
явсан бололтой. Цагдаагийн алба хаагчид унаж явсан машинаар нь замын камер шүүж
хаанаас хаана хүрснийг нь тогтоожээ. Мөн хотоос гарах бүх пост дээр сэжигтэй машиныг
эрэн сурвалжилж байсан учраас сэжигтнүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт
эргэлдэж байсан бололтой. Үүнээс гадна банкны хяналтын камерт дээрэмчдийн дүрс үлдсэн
учраас ам зураг гаргахад хялбар байжээ. Цагдаагийн алба хаагчид сэжигтнүүдийг өчигдөр
өглөө “Өнөр” хороолол орчмоос баривчилсан байна. Тэд дээрэмдсэн мөнгөнөөсөө үрж
амжаагүй байна. Харин “Дарвинк” маркийн гар буу нь олдоогүй гэнэ.
Сэжигтэн Э, Б нар ах дүү хоёр. Ах
нь 1985 онд төрсөн. Дүү нь 1992 онд төрсөн аж. Тэд хоёулаа эхнэргүй. Өмнө нь гэмт
хэрэгт холбогдож байгаагүй гэнэ. Ах дүү хоёр хамтдаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг
байжээ. Банкнаас авсан зээлээ төлөх хугацаа нь хэтэрч, дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд
хүрсэн байна. Мөн машинаа ломбарданд тавьж алдахдаа хүрчихсэн байжээ. Тэд цагдаад
анх мэдүүлэг өгөхдөө “Бид хоёрын эрхэлж байсан бизнес бүтэлгүйтэж нийлүүлэгчдэд
их хэмжээний зээлтэй болсон. Банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүй, арга ядаад машинаа
ломбарданд тавьсан. Мөнгө олох өөр арга олдсонгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж
байна. Тав алхаад баригдах бодлогогүй зүйл хийсэн нь бидний буруу. Гэр бүлийнхнээсээ
уучлал хүсье” гэж мэдүүлжээ. Сэжигтнүүдийг цагдан хорьсон бөгөөд өчигдрөөс мэдүүлэг
авч эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эрүүгийн
хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай
гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох
гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол,
бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин
жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Гэмт хэрэгтэнд гишгэх газар байдаггүй
гэж үг бий. Зөвхөн кино, адал явдалт зохиол дээр л дээрэм хийсэн этгээдүүд баригддаггүй.
Харин амьдрал өөр. Байгууллага бүр дотроо, гаднаа хяналтын камертай болсон үед гэмт
этгээд тав алхалгүй баригддаг жамтай. Гэтэл мөнгө олох хялбар арга сэдэж, бусдын
амь насанд заналхийлж, өөрсдөө 20 жил шоронд хоригдох ялтай гэмт хэрэг үйлдэж байгаа
залуус “Амьдрал киноноос өөр” гэдгийг харууллаа.
“Бэлэн мөнгө төвлөрүүлсэн
байгууллага харуул хамгаалалтаа сайжруул”
Энэ үгийг цагдаагийн алба хаагч
хэлсэн юм. Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч
Б.Баатархүү өчигдөр мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагад 2015 оны арванхоёрдугаар
сарын 13-ны өдөр 09:58 минутад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах
Худалдаа хөгжлийн банкинд буутай этгээдүүд дээрмийн гэмт хэрэг үйлдлээ гэсэн мэдээлэл
ирсэн. Мэдээлэл ирснээс хойш 24 цагийн дотор цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг
үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган,
шуурхай илрүүлэн, эд мөрийн баримтыг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж
байна. Цаашид бэлэн мөнгө ихээр төвлөрсөн аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа
сайжруулж, дохиоллын системд хамрагдаж, камержуулах арга хэмжээ авч, гэмт хэрэг
үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн боломжит арга хэмжээг авч ажиллахыг
ЦЕГ-аас анхааруулж байна“ гэв.
Манай ШТС-д байсхийгээд л хулгай,
дээрэм гардаг. Тэгсэн атлаа өнөөг хүртэл хамгаалалт сул байсаар байгаа. Налайх дүүргийн
ХААН банкинд хэдэн жилийн өмнө буутай этгээд нэвтэрч хүний аминд хүрсэн удаатай.
Капитрон банкинд багтай этгээд орж дээрэм хийчихээд зугтаж явахдаа мөнгөө хаячихсан.
Тэр нөхрийг өнөөг хүртэл олоогүй. Уржигдар Худалдаа хөгжлийн банкны “Таван шар”
тооцооны төвд буутай этгээдүүд орох үед үүд хавьд ширээний дэргэд зогсч байсан цагаан
цамцтай нөхөр хамгаалагч болж таарсан. Хамгаалагч ямар ч үйлдэл хийх боломжгүй байсан
гэнэ. Тэнд дохиолол байсан эсэх нь ч эргэлзээтэй. Энэ талаар Худалдаа, хөгжлийн
банкнаас тодруулахад “Хамгаалалтын ажилтан байсан. Хамгаалалтын ажилтан байхгүй
бол банк үйл ажиллагаагаа эхлэхгүй шүү дээ. Банкны хамгаалалт ямар байгаа талаар
бид мэдэгдэл гаргана. Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн
юм.
Ц.Баясгалан гэдэг эмэгтэйг хүн амины хэрэгт ялласан ч шүүхээр хоёр ч удаа цагаатгасан байдаг. Гэвч улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр Ц.Баясгалан хоёр жил шахам хоригдож хүнд өвчтэй болжээ. Улсын яллагч эцэст нь түүнийг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Гэвч хоригдох хугацаандаа хүнд өвчтэй болсон эмэгтэй улсын яллагчийн шийдвэр сонссоны маргааш нас барсан байдаг. Талийгаач 56 настайдаа хоригдоод хоёр жилийн хугацаанд уушгины хүнд өвчтэй болж, уушгины задрал гэдэг оноштойгоор амиа алджээ. Манай сонин өмнө нь энэ тухай мэдээлж байсан билээ. Энэ удаад талийгаачийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгчийг анх ямар үндэслэлээр хүн амины хэрэгт сэжиглэн цагдан хорьсон юм бол?
-2013 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан Ц.Баясгалан гуайг хамгийн сүүлд хамт байсан гэдэг үндэслэлээр хүн амины хэргийн сэжигтнээр татаж цагдан хорьсон. Ц.Баясгалан эхнээсээ уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ мэдүүлж, хүн амины хэргийн жинхэнэ эзнийг олж тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа тавьсан нь хавтаст хэрэгт бий. Тухайн үед өмгөөлөгчөөр нь өөр хүн ажиллаж байсан. Би 2014 оноос өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн. Өмгөөлөгчөөр нь ажиллахаар болоод хавтаст хэрэгтэй танилцахад “Энэ хүнийг гэм буруутайг нотлох баримт байхгүй” гэдэг нь тодорхой байсан. Жил гаруй шалгаад үнэхээр гэм буруутай гэсэн нэг ч баримт олоогүй байсан хэрэг.
-Тэгээд чухам ямар үндэслэлээр буруутгаад хориод байсан хэрэг вэ?
-Ц.Баясгаланг хохирогчтой хамгийн сүүлд хамт байсан гэдэг үндэслэлээр л шалгаад байсан. Мөрдөн шалгах, мухарлах үйл ажиллагааг огт явуулаагүй. Жишээлбэл, хэргийн газраас 15 шахам гарын хээний мөр гарсны дотор Ц.Баясгалангийн хурууны хээ байгаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн тогтоосноор шүү дээ. Хэрэг гарсны маргааш Ц.Баясгаланг баривчилж хорьсон ч биеэс нь болоод эд зүйлээс нь ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй нь биед хийсэн үзлэг, бусад нотлох баримтуудаас харагддаг. Миний үйлчлүүлэгчийг буруутай гэж үздэг нэг л баримт хавтаст хэрэгт байдаг нь Баянгол дүүргийн нутаг дах “Хабу” зочид буудлаас хэрэг гарсан байр руу харсан камерын бичлэг бий.
-Тэр бичлэгт таны үйлчлүүлэгчийн дүрс байдаг гэж үү?
-Тэр бичлэгт Ц.Баясгалантай төстэй хувцастай хүн л харагддаг. Үүгээр талийгаачтай хамт байсан гэж буруутгадаг. Ц.Баясгалан тэр бичлэгт байгаа хүний хэн болохыг тогтоогоод өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Шинжээчдийн хоёр өөр дүгнэлт гарсан. Нэг нь биш гэсэн бол нөгөө нь төстэй юм гэсэн байдаг. Нэг ч шинжээч тэр бичлэг дээр байгаа хүнийг миний үйлчлүүлэгч мөн гэж тогтоогоогүй.
-Анхан шатны шүүх хуралдаанаар таны үйлчлүүлэгчийг цагаатгасан байх аа?
-2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болж, Ц.Баясгаланг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгасан. Улсын яллагч Ц.Баясгаланг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар буюу бусдыг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц хэрцгий аргаар хөнөөсөн гэдэг үндэслэлээр ялласан. 15-25 жил хорих цаазаар авах ялтай зүйл анги шүү дээ. Ийм үндэслэлээ хамгаалж прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаан 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу бусдыг санаатай алах гэдэг зүйлчлэлээр 11 жил хорих ял оноосон. Миний үйлчлүүлэгч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа Ц.Баясгаланг эмэгтэйчүүдийн хорих ангид байхад очиж уулзахад “Үнэнийг олоход туслаач” гэж нүдэндээ нулимстай, залбираад гуйж байсан нь мартагддаггүй юм. Ингээд Улсын Дээд шүүхэд гомдол бичсэн. Дээд шүүх гомдлыг хүлээж авахдаа “Ц.Баясгалан буруугүй. Харин хэн энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоо” гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан.
-Анхан шатны шүүх гурав дахиа хэргийг хэлэлцэх нь ээ?
-Шүүх хуралдаанаас өмнө би прокурорт хандаж “Энэ хэрэгт Баясгалан буруугүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэж удаа дараа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Ингээд 2015 оны тавдугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр хуралдаан дээр миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа өнөөх дүрс бичлэгийг томруулж харсан. Гэтэл бичлэг дээрх хүн миний үйлчлүүлэгч биш болох нь нотлогдсон. Ингээд анхан шатны шүүх хоёр дахь удаагаа Ц.Баясгаланг цагаатгах тогтоол гаргасан. Миний үйлчлүүлэгч ч “Үнэн гэж байдаг юм байна” гээд уйлж байсан. Харамсалтай нь улсын яллагч эрхийнхээ дагуу эсэргүүцэл бичсэн ч давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Харин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоо гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан.
-Талийгаач суллагдчихсан биз дээ?
-Анхан шатны шүүх цагаат гасан учраас суллагдсан. Тэр хүртэл миний үйлчлүүлэгч 699 хоног хоригдсон байдаг. Би өмгөөлөгчийн хувьд хууль зүйн хэрэглээ талаас илүүтэй анхаарч ажилласан. Үнэндээ хүнээ суллая гэж л хөөцөлдөж, зүтгэж байснаас эрүүл мэндэд нь төдийлөн анхаарч чадаагүй. Гэхдээ цагдан хорих байрны эмч нарт удаа дараа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэдэг хүсэлт бичиж байсан. Хорихын эмч нар талийгаачийн оношийг тогтоож чадаагүй. Халуураад л байдаг. Хорихын эмнэлэгт удаа дараа хэвтсэн ч бие нь сайжраагүй. Суллагдсанаас хойш ч сайжраагүй. Байнга эмнэлэгт хэвтэж байсан. Хэргийг хянаж байсан Бадмаа прокурор 2015 оны аравдугаар сарын 2-нд “Баясгалан энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн. Энэ мэдээг сонсоод үйлчлүүлэгчтэйгээ холбогдоход бие нь муу байсан. Харамсалтай нь энэ мэдээ гарсны маргааш миний үйлчлүүлэгч амиа алдсан. Уушгины задрал гэсэн оноштойгоор эмнэлэгт нас барсан. Хоригдож байхдаа хатгаа авч, шоронд тэр нь хүндэрсээр байгаад амиа алдсан хэрэг.
-Талийгаачийг цагаатгасан гэсэн үг үү?
-Би ч тэгж итгэж байсан. Гэтэл Бадмаа прокурорын тогтоолыг дээд шатных нь прокурор хүчингүй болгоод холбогдогч нь нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хаачихсан. Энэ нь талийгаачийн ар гэрийнхэнд зовлон дээр зовлон нэмсэн.
Ядаж л хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хаачихсан. -Хилс хэрэгт хоёр жил хорьсон хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Шүүх хоёр удаа цагаатгах тогтоол гаргаж, улсын яллагч хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байхад тэр хүнийг нас барснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Нас барсан шалтгаанаар хэргийг хаах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй хоёр маш том ялгаатай. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол холбогдогч цагаадаж байна гэсэн үг. Гэтэл хэргийг шалгаж байхад холбогдогч нь нас барсан гэвэл хавтаст хэрэг цогцоороо хаагддаг. Нөгөө талд бусдын гарт хүнээ алдсан хохирогчид бий. Хохирогчийн ар гэрийнхэн “Энэ хэргийг Баясгалан гэдэг хүн үйлдсэн гэдэгт итгэхгүй байна. Жинхэнэ эзнийг нь олоод өгөөч” гэж шүүх хуралдаан дээр ярьдаг. Гэтэл холбогдогч нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хааж, жинхэнэ гэмт этгээд ял завших боломж олдож байна.
Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ цагаатгах ёстой. Хилсээр хоёр жил хоригдсоныхоо төлбөрийг төрөөс авах ёстой. Би үйлчлүүлэгчээ босгоод ирж чадахгүй. Ядаж хэлмэгдсэн төлбөрийг нь ар гэрийнхэнд нь гаргуулж өгөх ёстой. Энэ бол миний ажил. Ингэж байж хуулийн шударга ёс, тэгш эрхийн зарчим үйлчилнэ.
-Баянгол дүүргийн цагдаа, прокурор хоёр жил ажиллахдаа өөр сэжигтэнг олоогүй гэж үү?
-Би тэдний ажлыг буруутгахгүй. Хохирол, төлбөрийн асуудал нэхээд явахаар тэр хүмүүсийн алдаа тусдаа яригдана. Өнөөдөр би үйлчлүүлэгчээ цагаатгахын төлөө явж байж өөр хэн нэгнийг буруутгаж ярих утгагүй. Прокурор, шүүх гээд эрх бүхий байгууллага арван удаа шийдвэр гаргасан байдаг. Тэднээс нэг нь л миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэсэн шийдвэр байсан. Хоёр нь цагаатгах шийдвэр шүү дээ. Гэмт хэрэг үйлдээгүй гээд залбирч байсан тэр эмэгтэйгээр энэ хэлмэгдэл дуусаасай. Түүнтэй адил хэлмэгдэж байгаа олон хүн байх вий гэдэг үүднээс болсон явдлыг олон нийтэд ярьж байна. Цагдан хорих байранд өнгөрөөх нэг өдөр ч хэцүү байдаг. Гэтэл хилс хэрэгт 699 хоног суусан тэр эмэгтэйг хэлмэгдээгүй гэвэл өөр хэнийг хэлэх юм бэ. Бие эд эрхтнээрээ хохироод амь насаа алдчихлаа. Гэтэл хуулийн байгууллага хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хаачихаад байна. Тиймээс дээд шатны прокурорт нь гомдол гаргасан ч хариу ирээгүй байна.
-Ямар утгатай гомдол гаргасан юм бэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Нас барсан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болговол түүний өмгөөлөгч, яллагдагчийн ар гэрийнхэн гомдол гаргаж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ” гээд заачихсан байдаг.
-Нас барсан хүнийг шүүлгэх нь ээ?
-Шүүх цагаатгавал хохирогчийн ар гэр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болно. Шударга ёс гэж байгаад төр хүнээсээ уучлал гуйж байгаа хэлбэр нь нөхөн төлбөр шүү дээ. Тэр хүнийг хорьж цагдаагүй бол эрүүл саруул ганц охиндоо хань болоод явж байх байсан. Тиймээс шүүхээр асуудлыг шийдүүлээд өгөөч л гэж хүсээд байгаа юм.
-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГАНЦ БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН АТЛАА ДАГНАСАН ШҮҮХ БУРУУ ГЭСЭН НЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨРЧИЛДӨЖ БАЙГААГ ХАРУУЛДАГ-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.
-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасныг УИХ хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол шүүхэд ямар нөхцөл, байдал үүсэх вэ?
-Шүүхийн үйл ажиллагаа зогсч, шүүн таслах ажиллагаанд саад учирна гэж байхгүй. Нийслэлийн гурван дүүргийн дунд байгаа шүүх дүүрэг, дүүрэг дээрээ оччих байх. Харин аймгуудын хувьд нэлээд хүндрэлтэй нөхцөл үүснэ. Аймаг бүрт шүүх байгуулна, түүнийг дагаад шүүгч, шүүхийн тамгын газар хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхэд гэхэд 98 шүүгчийн орон тоо бий болно. Түүнийг дагаад шүүгчийн туслах, нарийн бичиг, тамгын газар, байр гээд зардал их гарна. Хамгийн багадаа 11.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Ирэх оны төсөвт энэ хэмжээний мөнгө суугаагүй. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржийн ярьснаар “Монгол Улсын асуудал” болчихлоо. УИХ Монгол Улсын асуудлаа зөв шийднэ гэж найдаж байна.
-Одоо байгаа бүтцээр ажиллахаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа юм уу. Иргэдээс гомдол ирсэн үү?
-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ бүтэцтэй болж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт заасан алдаа дутагдлаа зассан шүү дээ. Тухайлбал, шүүх иргэдээс холдсон байна гэдэг шийдвэрийг Цэц гаргасан. Энэ дагуу давж заалдах шатны шүүгчид өөрсдөө очоод асуудлыг нь шийддэг болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн давж заалдах гомдол гаргавал Өлгийд байгаа шүүхдээ л гаргана. Шүүхээс нь Ховд аймагт байгаа давж заалдах шатны шүүх рүү гомдлыг нь явуулна. Ховдоос шүүгчид өөрсдөө явж очоод хэрэг маргааныг нь шийдчихнэ. Шүүх өөрөө иргэндээ явж очдог болсон гэсэн үг. Харин ч иргэдэд сонголт байдаг болсон. Баян-Өлгийд давж заалдах хуралдаанаар хэргээ шийдүүлэхгүй гэвэл өөрсдөө Ховдод очих боломж бас бий гэсэн үг. Иргэдэд ямар ч хүндрэл байхгүй. Долдугаар сарын 1-нээс өмнө шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй, хол байна гэдэг гомдол ирж байсан. Харин шинэ бүтцээр ажиллаж эхэлснээс хойш ямар ч гомдол ирээгүй. Шүүхээр үйлчлүүлэгчид гомдол гаргаагүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй. Шүүхийн жилийн төсөв 48.9 тэрбум төгрөг. Шүүхийн жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэнэ гээд тооцохоор маш их зардал шүү дээ.
-Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тухайн аймагт нь өөрсдөө очоод хэрэг маргааныг шийддэг гэлээ. Шүүх нүүдэллэн ажиллахад хэр хэмжээний зардал гарч байна вэ?
-Бүтэн жилийн хугацаанд 280 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тун боломжийн хувилбар.
-Шүүгчдийн ачаалал нийслэл, хүн ам ихээр төвлөрсөн газарт их байдаг. Эсрэгээрээ орон нутагт цөөн хэрэг шийдвэрлэдэг гэсэн. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар энэ эсрэг байдал бүр ихэснэ биз?
-Давж заалдах шатны зарим шүүх жилд 10-20 хэрэг шийдэх тохиолдол өмнө байсан. Нэг аймагт жилд арван хэрэг шийдээд суухаар шүүгчид зэвэрнэ. Шүүх эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, ачаалалтай байх ёстой. Авч байгаа цалингийн хувьд ч эдийн засгийн үр өгөөж шаардахаас аргагүй. Татвар төлөгчдийн мөнгийг тэнд ажилгүй шахам суух шүүгчид зориулж болохгүй.
-Шүүхийн шинэтгэлээр дагнасан шүүхэд мэргэшсэн шүүх ажиллах ёстой гэсэн. Шүүхэд дахиад бүтцийн өөрчлөлт хийвэл энэ байдал өөрчлөгдөх үү?
-Дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчтэй байх нь иргэдэд маш чухал. Тиймээс энэ бодлогыг өөрчилж болохгүй. Харин аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болбол ямар хувилбарыг сонгох вэ гэдэг нь гол асуудал болчихоод байна. Төсөвт мөнгө байгаа гэж үзвэл аймаг бүрт давж заалдах шатны дагнасан шүүхээ байгуулаад явах л байх.
-Багахангай дүүрэг шүүхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Багахангайн иргэнээс заавал дүүрэгтээ хэрэг, маргаанаа шийдүүлмээр байна гэдэг санал гарсан уу?
-Багахангай дүүрэгт 3000 орчим иргэд оршин суудаг. Иргэдээс гомдол санал гарахгүй байгаа. Тэнд гардаг хэрэг маргаан нь ч цөөн. Багахангайд шүүх байгуулбал дор хаяж 980 сая төгрөг шаардлагатай.
-Үндсэн хуульд засаг захиргааны нэгжээ дагуулж шүүх байгуулах тухай заалт яах аргагүй байгаа. Үүнийг өөрөөр тайлбарлах, хүлээж авах боломж бий болов уу?
-Үндсэн хууль дахь үг нэг бүрийг харалгүй л яахав. Нөгөө талд Үндсэн хуулийг тайлбарлах олон арга ч бий. Үг үсгийн тайлбараас гадна утга санаа, зорилго нь юунд байгаа, бусад зүйл заалттайгаа уялдаж байгаа эсэхийг харах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц утга, зорилгоосоо илүү үгчилсэн тайлбарыг бариад байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн шүүх байна гэдгийг аймаг бүрт шүүх байна гэж тайлбарлах жишээтэй. Өнөөдөр анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шүүх байна. Иргэд ч шүүхээс энэ дагуу үйлчилгээгээ авч л байна. Ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа.
-Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Цэц дээр хоёр дахь удаагаа уналаа. Ингэсээр байгаад шинэтгэл шинэтгэл биш болох юм биш биз?
-Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн, хууль баталсан хүмүүс одоо ч бодлого тодорхойлж байгаа учраас шинэтгэл ухарна гэж бодохгүй байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ.
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа олон улстөрч илэрхийлсэн. Ер нь Цэц ямар учраас шүүхийн шинэтгэлийн эсрэг шийдвэр гаргаад байна вэ?
-Цэц Үндсэн хуулийг манах, үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Цэцийн гишүүдийн ажилладаг, асуудалд ханддаг арга барил өөр, өөр байдаг байх. Миний бодлоор Цэцийн гишүүд үгчилсэн тайлбарыг чухалчлаад агуулгыг нь харахгүй байна. Үндсэн хууль баталснаас хойш нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Нийгмийн шаардлагатай уялдуулаад хуулиа тайлбарлаад явдаг жишиг бусад улсад ч бий. Энэ талаас нь хараад одоо байгаа шүүхийн шинэтгэлийг дэмжих гарц Цэцэд байгаа гэж хардаг. Монгол Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх ганцхан Улаанбаатарт байдаг. Үүнийг Цэц хууль зөрчсөн гэж үзээгүй. Тэгсэн атлаа дагнасан шүүхийн тогтолцоог хүлээж авахгүй байх жишээтэй. Тэгэхээр Цэцийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байгаа хэрэг.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж байна. Шинэ төсөлд шүүхийн бүтэцтэй холбоотой заалт орж байгаа болов уу?
-Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давах, хяналтын шат гэдгээр оруулаад аймаг, нийслэл гэдгийг болих санал орж байгаа болов уу. Аймаг, нийслэл гэхийн оронд орон нутгийн шүүхтэй байх зохицуулалт орох байх. Тэгвэл аймаг бүрт шүүхтэй байх тухай ойлголт өөрчлөгдөнө гэсэн үг.
-Шүүгчийг парламентаасаа сонгодог байх хувилбар бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа. Ингэснээр шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх боломж бүрдэх болов уу?
-Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгоод УИХ баталдаг болох тухай хувилбар яригдаж байгаа. УИХ-ын оролцоог нэмснээр улс төрөөс хараат байх нөхцөл бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч бий. Парламент улс төрөөр амьсгалдаг, улстөржсөн шийдвэр гаргах магадлал өндөртэй. Түүнд шүүх эрх мэдлийг оруулах нь зохимжгүй. Одоо байгаа тогтолцоо ихэнх улс оронд бий шүү дээ.
-Шүүхийн бүтэц ярьж хэдэн жилийг өнгөрөөлөө. Шүүхийн бүтэц өөрөө шинэтгэлийн гол асуудал биш. Шүүгчид улстөржихгүй байх нь шинэтгэлийн гол асуудал гэж ярих хуульчид байна. Шүүгчээ улстөржүүлэхгүйн тулд ямар шинэтгэл хийх ёстой юм бол?
-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нэг номерын зорилго байх ёстой. Шүүхийн бүтэц үүнд л дэмжлэг үзүүлэх ёстой. Дагнасан шүүх байгуулах нь шүүгчийн бие даасан, хараат бус, мэргэшсэн байхад л дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Бүх маргааныг нэг шүүх шийддэг байсан эрх мэдлийг задалж эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх болгож задалсан нь бие даасан, хараат бус байдалд дэмжлэг үзүүлж байгаа юм. Эрүүгийн хэргээр дагнасан шүүгч илүү мэргэшсэн шийдвэр гаргана. Үүнээс гадна шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд шүүгчийг насаар нь томилох асуудлыг дэмждэг. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсноос хойш хүн бүр шүүгчтэй уулзах, нөлөөлөхийг завддаг байдал зогссон.
Шүүхийн дотоод бус хараат байдлыг хангахын тулд ч багагүй ажил хийж байгаа. Дээд шүүх доод шатны шүүхээ командалдаг байдлыг шинэтгэлээр халсан. Үүнийг илүү төгөлдөржүүлэх шаардлага ч байгаа.
-Эрүү, иргэн, захиргааны гэж шүүгчдийг мэргэшүүлж байгаа гэлээ. Гэтэл эрүүгийн хэрэгт гэхэд эдийн засгийн мэдлэг өндөр байх, иргэнийх дээр татвараар мэргэших зэрэг шаардлага гарч ирж байна.
-Эхний шатанд дагнасан шүүгчийг мэргэшүүлье. Дараа нь тодорхой чиглэлээр дагнасан танхимыг шүүхэд байгуулж болох талтай. Иргэний шүүх дээр гэхэд гэр бүлийн, захиргааны шүүх дээр татварын маргаанаар дагнасан танхим байгуулах жишээтэй.
-ХӨГЖЛИЙН БАНКНААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН НЬ Л.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНИЙ ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУД АЖ-
“Нэгэн тосгонд байнга хулгай гардаг болжээ. Хулгайд эд зүйлээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараа тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайчийг барих ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог болохыг анзаарч…”. Энэ үлгэрт хулгайч өөрөө “Хулгайчийг бариарай” гэж иргэдийг уриалчихаад мөрөө буруулчихдаг байсан талаар өгүүлдэг. “Хөгжлийн банк”-ийг тойрсон элдэв мэдэгдэл, мэдээллийг харж байхад энэ үлгэр санаанд буух юм. Хэн нь “хулгайч” болохыг орчин үед хуулийн байгууллага аяндаа тогтоох буй за. Харин татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад улстөрчид түлхүү оролцсон болох нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас харагдлаа.
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан уг ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Бямбацогт нар багтсан. Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалттай танилцсан дүгнэлтээ танилцуулалгүй хэд, хэдэн удаа хойшлуулсан. Энэ нь “Нууц дүгнэлт гаргасан”, “Дүгнэлтээ нууцалсан” гэх мэт хардлагыг төрүүлж байсан. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн долоо хоногт өнөөх дүгнэлтээ танилцуулж шалгалтаар илэрсэн зөрчил гэх мэдээллийг олон нийтэд зарласныг бид өмнө нь мэдээлсэн. МАН-ынхны “Морин цаг”-т хийсэн Хөгжлийн банкны талаарх мэдээлэл сөрөг хүчний зүгээс сонгуулийн өмнөх том пиар болох шинжтэй. Харин АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд дүгнэлтэд гарын үсэг зурахгүй байгаа гэнэ лээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Үнэндээ хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсч байна” гэсэн байна.
МАН-ын гишүүдийн мэдээллийн дараа Хөгжлийн банк үнэхээр улс төрөөс хараат бус ажиллаж чадаж байгаа юм уу гэх хардлагыг төрүүлэхээр баримт цахим сайтуудаар тарлаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ихэнх төсөл хөтөлбөрийн ард улстөрчид байгаа талаарх баримт хөвөрч байна. Хөгжлийн банкны шилэн данснаас бүх гүйлгээг иргэд олон нийт харж гайхаж байна. Бүр Хөгжлийн банкны олон хууль бус үйлдлийг илрүүлсэн гэх Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд хамгийн их санхүүжилт авсан нь анзаарагдав.
Өнөөх улс төрөөс хараат бус Хөгжлийн банк яаж ажиллаад байна вэ, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гишүүд хаана, хэнд нөлөөлөөд байгаа хэрэг вэ.
Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан зарим компанийг гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулан хүргэе.
Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниудад нийт 69 шахам тэрбум төгрөг олгожээ
УИХ-ын гишүүдийн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна. Тэгвэл тус компанийн охин компани болох “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2×630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгө “Говийн зам” ХХК-д шилжсэн байдаг.
АСЕМ-д зориулсан бүтээн байгуулалт болох “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд зориулж Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Скай Резорт” ХХК-д олгожээ. Уг компани нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Эм Си Эс Монгол”-ийн охин компани. 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын төр засгийн тэргүүнүүдийн байрлах Асем Вилла хотхоны цахилгаан хангамжийн ажлыг MCSI хийж гүйцэтгэж байгаа аж.
“Эм Си Эс интернэшнл” –ийн гүйцэтгэсэн Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан 110/35/10 кВ дэд станц, 110 кВ ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хоёр тэрбум 722 сая төгрөгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгосон байна.
Энэ мэт “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримт байна. Энэ нь өнөөг хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их мөнгөн дүн аж.
Ж.Энхбаяр нарын гишүүдийн хувь эзэмшдэг компаниудыг Хөгжлийн банк санхүүжүүлсэн байдал
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нью прогресс” ХХК-аас 25 хувийн ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн 28 сая 521 мянга 837 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тэгвэл тус компани Хөгжлийн банкнаас хоёр тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах “Буянт-Ухаа” 2×40 МВА 110-10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажилдаа ийм хэмжээний санхүүжилт авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, Ё.Отгонбаяр нарын хувьцаа эзэмшдэг “Говь” ХХК 18 тэрбум болон 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эхнийх нь “Голомт банкаар дамжуулан олгож буй таван салбарын төсөл” бол дараагийнх нь 888 төслөөс хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилттэй сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур ноосны төслийн хөрөнгө оруулалт аж.
Ж.Энхбаяр гишүүн 3515199.80 төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр “Дархан нэхий” ХХК-иас хувьцаа эзэмшдэг. “Дархан нэхий” ХХК нь Хөгжлийн банкнаас Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Тэдгээрээс гадна Б.Гарамгайбаатар гишүүний хувь эзэмшдэг “Монроуд” ХХК-ийн гурван төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгожээ.
Ашиг сонирхлын зөрчил биш гэх үү
Бизнес эрхлэгч, компаниуд Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль бус үйлдэл огт биш. Гэхдээ тэдгээр компаниас хувь эзэмшдэг улстөрчид Хөгжлийн банкны ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох нь хууль бус. Үүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Уг хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилготой.
Хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах учиртай. Гэтэл өөрийнх нь хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний санхжүүжилт авсан байгааг ашиг сонирхлын зөрчил биш гэх үү. Ашиг сонирхлын зөрчил гаргахыг орчин цагт “Хулгайч хулгайчаа барих” гэчихэж болох талтай.
-ХҮҮХДҮҮДИЙН МИНЬ СЭТГЭЛ САНАА АВАХ ЮМГҮЙ БОЛСОН,
ЯАЖ НҮҮРИЙГ НЬ ХАРНА ДАА-
“Авьяаслаг монголчууд” шоуны финалын тоглолтоос үзэгчдийн саналаар шилдэг гуравт шалгарсан ч шүүгчдийн шийдвэрээр хасагдсан “Нарны охид” хамтлагийн багш Б.Түмэнжаргалтай ярилцлаа. “Нарны охид” хамтлагийн Б.Жавзан, Э.Ганчимэг нар 13 настай. Харин О.Маралжингоо есөн настай.
-“Авьяаслаг монголчууд” шоуны финалийн тоглолтын өмнө танай хамтлагийн бага охин түлэгдсэн тухай сонслоо. Гайгүй юу?
-Шоуны дараа facebook-ээр зураг нь тарчихсан байсан. Уг нь нууцлах ёстой байсан ч хэн, яаж зургийг нь тараасныг мэдэхгүй юм. Тэмцээний өмнө нэг оролцогч санаандгүй аягатай буцалсан ус алдаад есөн настай охины минь нурууг түлчихсэн. Бид маш их айсан. Шоу зохион байгуулагчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Эмч нь “Эдгэтэл нугарч болохгүй. Аюултай” гэсэн. Гэтэл охин маань уйлаад, тэмцээндээ заавал орно гээд хүчрэгддэггүй. Тэгээд цэвэрлэгээ хийж байгаад шүүс нэвтэрдэггүй материалаар боолт хийлгээд тэмцээндээ орсон.
–Хоёр эгчийгээ дээрээ гаргаж байгаад нугарсан шүү дээ. Их өвдсөн байх?
-Хуруугаа эсгэчихээр ямар зовиуртай байдаг билээ. Гэтэл нуруугаа түлчихсэн. Дээр нь хоёр эгчийгээ өргөөд нугарахад ямар байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Ард нь хараад зогсч байсан миний арьс зулгарах шиг, яс хугарах шиг мэдрэмж төрсөн. Есхөн настай атлаа урлагийн хүнд байж болох дээд тэвчээрийг гаргасан охиноороо маш их бахархаж байгаа. Үзүүлбэрээ үзүүлчихээд тайзны ард ороход нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн байсан. Тэмцээнээ дуусгаад эмнэлэгт очиж боолтоо солиулсан.
–Одоо гайгүй биз дээ. Цаашдаа нугарахад нөлөөлөх болов уу?
-Нугарахад нэг их нөлөө үзүүлэхгүй байх. Харин түлэгдэлтийн сорви маш муухай харагддаг гэдгийг эмч нь ярьсан. Урлагийн, эмэгтэй хүн гэдэг утгаараа гоо сайхны тал дээр асуудалтай үлдлээ. Ээж нь аваад хотод үлдсэн. Маргааш Хөтөлдөө ирнэ гэсэн.
–Хөтөл дэх “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас тусална гэж сонслоо?
-Ээж нь мэдэх байх. Юу болж байгааг сайн мэдэхгүй байна.
–Танай хамтлагийн охид үзэгчдийг гайхшруулж, бишрүүлсэн гэдэг нь facebook, twitter зэрэг цахим сүлжээнээс харагдаж байна. Хэзээ байгуулагдсан, хаана нуугдаж байсан хамтлаг вэ. Эгч дүүс гэх юм?
-Манайх эхээс долуулаа. Охид маань миний хоёр эгч, нэг ахын хүүхдүүд. Үеэлүүд нэгдээд хамтлаг байгуулсан хэрэг. Бидний хоёрынх нь нагац, нэгийнх нь авга ах. Тэд маань Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны дунд сургуульд сурдаг. Бага нь дөрөв, хоёр том нь долоо, наймдугаар анги. Багаасаа л уян хатан биетэй, хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүд байсан. Сургуулийнхаа урлагийн наадамд тус, тусдаа оролцдог байлаа. Тус тусдаа нугарч байхаар нэгдээд хамтлаг байгуулъя гэдэг саналыг би гаргасан. Тэгээд гурван жилийн өмнө “Нарны охид” хамтлаг байгуулагдсан.
–Тэгвэл танайхан гэр бүлээрээ авъяастай байж таарах нь ээ?
-Яг урлагийн хүн байхгүй. Гэхдээ манайхнаас таван хүн нугардаг. Энэ гурваас маань гадна ахын охин, манай гуч охин хоёр нугардаг. Ер нь монголчуудын урлагийн нэг бахархал нь уран нугаралт. Монгол хүний бие галбир илүү уян хатан байдаг юм шиг санагддаг юм.
–Гэр бүлийнхнээсээ та хамтлагийнхаа багшаар сонгогдож дээ, янз нь.
-Намайг хаанаас нь ч харсан уран нугралтаас хол нөхөр л дөө. Би оёдолчин. Мэргэжлээс үл хамаарч аль ч салбарт ажиллах, хүч үзэх боломжийг интернэт ертөнц олгож байгаа. Би охидынхоо тоглолтын хувцсыг гайхамшигтай гоёор оёж чадна. Түүн дээрээ тулгуурлаад интернэтээс бичлэг үзэх, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах байдлаар охидоо дасгалжуулдаг. Бид дөрөв сууж байгаад интернэтээс уран нугаралт, бүжгийн бичлэг үздэг. Түүнээсээ санаа аваад бэлтгэлээ хийдэг. Охид минь бие биенийхээ хийж чадахгүйг нөхнө. Бага нь томчуудтайгаа зэрэгцээд, том нь илүү нарийн үзүүлбэр үзүүлэх гээд хамгийн хүнд хэцүүг ч хийхийг, төгс байхыг зорьдог.
–Олон цагийн бэлтгэлээр үр дүнд нэг үзүүлбэл үзэгчдэд хүрдэг болов уу?
-Долоо хоногийн дөрвөн өдөр бэлтгэл хийдэг. Нэг удаад хоёр цаг бэлтгэдэг. Оёдолчны газартаа бэлтгэлээ хийнэ. Бид аймгийнхаа хэмжээнд цөөнгүй уралдаан тэмцээнд оролцсон. “Авьяаслаг сэлэнгэчүүд” наадамд шилдэгт үлдэж байлаа. “Бид Сэлэнгийн үр сад” урлагийн их наадамд хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн. Аймгийн хэмжээнд зарлагдсан уралдааны талаар сургуулиас нь мэдээлэл өгдөг. Хотод болдог уралдаанд оролцъё гэж нэг их зорьж байгаагүй.
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцох санааг хэн гаргасан бэ?
-Телевизээр зарыг нь харсан. Манай охид мэргэжлийнх биш. Гэхдээ яах аргагүй авьяастай. Монголчуудад гайхагдах авьяастай гэж би итгэдэг. Тиймээс дэлхийн хэмжээний шоунд хүч үзье, боломж хайя гэж бодсон. Их ч бэлтгэл хийсэн.
–Нэгдүгээр шатанд охид могойн дүрд хувирсан. Финалын шатанд муур хатагтай болцгоосон. Мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан уу?
-Эхний шатанд бичлэг үзэж, санаагаа олоод бэлтгэсэн. Финалд шалгарахаар “Авьяаслаг монголчууд” шоу зохион байгуулагчдын хяналт дор бэлтгэл хийх болдог. Финалын шатанд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан. Улаанбаатар, Хөтөл хоёрын хооронд олон ч явсан. Ихэнхдээ хотод бэлтгэлээ хийсэн. Муур эмэгтэйн дүрд хувирах нь хүн бүрийн чадварыг товойлгох, бусдын үзүүлээгүй үзүүлбэрийг үзүүлэх зорилготой байсан. Бид зорьсноо хийж чадсан. Охиддоо үнэхээр сэтгэл хангалуун байгаа.
–Харамсалтай нь финалын шатнаас хасагдлаа. Үзэгчдийн саналаар шилдэгт шалгарсан ч шүүгчдийн шийдвэрээр хасагдах харамсалтай байв уу?
-“Авьяаслаг монголчууд” шоуны зүгээс бүтэн жилийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй ярилцлага өгөхгүй байх заалттай хатуу гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд өөр уралдаан, тэмцээнд оролцохыг ч хориглосон. Гэвч тэд шоунд шударга бус хандсан нь үнэн. Эцэг эх нь ч гомдолтой байгаа. Тиймээс байгуулсан гэрээгээ цуцалъя гэж хэлэх гэхээр утсаа авахгүй юм. Гэрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярихыг хориглосон учраас хамаагүй ярьж болох эсэхийг мэдэхгүй л байна.
–Би тантай “Авьяаслаг монголчууд” шоуг муухай, сайхан харагдуулах зорилгогүй ярилцаж байгаа. Танай хамтлагийн охид үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан учраас ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шүү дээ?
-Үзэгчид угаасаа маш их хандалттай байсан. Санал хураах нэг цагийн дотор цахим ертөнцөөр маш олон хүн урам өгч, “Нарны охид”-д саналаа өгснөө илэрхийлж байсан. Манай үзүүлбэрийн үеэр үзэгчид маш их хөөрөлтэй байсан. Тийм учраас би хувьдаа нэг номероор гарч ирнэ гээд итгэчихсэн байсан. Шоуны зохион байгуулагчид үзэгчдийн саналыг яаж эрэмбэлдэг гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан манай охид шилдэг гуравт шалгарсан. Шүүгчид ч эхний шат, дараа нь шоуны туршид охидод урам өгч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ шоу бол шоу л байдаг юм байна. Дуулдаг, бүжиглэдэг нь шалгарах зохиолтой байж л дээ. Би шалгарсан хүмүүсийг хэзээ ч буруутгахгүй. Авьяастай юу авьяастай. Гэхдээ дуу дуулаад дэлхийд танигдах ямар билээ. Дэлхийд хичнээн дуулдаг, бүжиглэдэг хүн байгаа билээ. Монголын онцлог юу билээ, бодох л байсан болов уу. Дэлхийд уран нугардаг хүн цөөн. Тэр дундаа миний охид нугараач болгоны хийгээд байдаггүй үзүүлбэрүүдийг үзүүлсэн.
–Шалгаруулалтын үеэр бага нь уйлж харагдсан. Сэтгэлээр их унасан байх?
-Хүүхдүүдийн минь сэтгэл санаа авах юмгүй болсон. Нүүрийг нь харж чадахгүй түрүүлээд Хөтөлд ирчихлээ. “Хэд хоног амраад бэлтгэлдээ оръё” гээд хэлчихсэн. Яаж нүүрийг нь харна аа гэхээс халшрах юм.
Шоугаар цэвэр авьяас гэхээсээ илүү өрөвдөлтэй, эмзэг байдлыг нь голчилж харуулахыг зорьсонд сэтгэл дундуур байгаа. Би тэсэлгүй шүүгчдэд нь “Та нар өрөвдүүлэх, эмзэг байдлаар харуулах зорилготой байсан бол бид ч гэсэн гэрт амьдардаг. Бага охин маань ээжтэйгээ байдаг гээд хэцүү, бэрхшээл олон байгаа. Зорилгоо ил болгосон бол бид ч гэсэн тэр талаа харуулна шүү дээ” гээд хэлчихсэн. Бага охин минь ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Гэвч бид бусдад сул талаа харуулахыг хүсдэггүй. Цэвэр авьяасаараа ялгарах ёстой гэж найдсан. Гэтэл арван настай охин шүлэг уншихаар өхөөрддөг. Есөн настай охин уран нугараад хэний ч үзүүлээгүй үзүүлбэр үзүүлэхээр хасчихдаг л юм байна. Үнэхээр сэтгэл дундуур байгаа.
-Монгол Улсад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталж, улс төр дэх хээл хахуультай тууштай тэмцэхийг зөвлөлөө-
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улс авлигатай хэрхэн тэмцэж байгаа талаар судалж, тайлан гаргажээ. Тайланд манай улсыг авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батлахыг зөвлөжээ. Мөн улс төр дэх авлигатай тууштай тэмцэх шаардлагатайг онцолсон байна. Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, санхүүжилтэд тавих хяналтыг чангаруулах нь зөв гэжээ. Мөн шүүх засаглалын шинэчлэлийг үргэлжлүүлж улс төрийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уг тайланд сайшаан бичсэн байна. Гэхдээ уг тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд АТГ-т шаардлагатай чадавхийг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад харамсч буйгаа дурджээ. Үнэлгээний тайланд авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хуулийг батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалсан байлаа.
Нийтийн алба, ялангуяа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нөхцөлийг хангах, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжоо шинэчлэхийг олон улсын байгууллагаас зөвлөжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг олон улсын стандартын дагуу шинэчилж, хуулийн хэрэгжилтийг хангахуйц хяналтын механизмыг бий болгох ёстой гэжээ. Мэдээлэл авах эрхийг хаасан этгээдэд хүлээлгэх шийтгэлийг нэмэгдүүлэхийг ч зөвлөмждөө тусгажээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг мөн зөвлөсөн байна. Одоо мөрдөж байгаа хуулиар гүтгэх, доромжлох хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулсан бөгөөд хорих ял оноох санкцтай билээ.
Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хууль батлагдсан, Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан, бүх яамдад дотоод аудит байгуулсан зэрэг ололт амжилт байгааг ч тайланд онцолсон байна. Өчигдөр танилцуулсан уг тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээн дор 2003 онд байгуулагдсан Истанбулын авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн аж.