Categories
мэдээ цаг-үе

С.Алтанхуяг: Малын хулгайчид бүлэг байдаг учраас таарч, илрүүлэхэд бэрх юм

-МЯНГАТ
МАЛЧНЫ ХҮҮХДҮҮД ХУЛГАЙ ХИЙХДЭЭ АРААТНААС ДОР АВИРЛАЖЭЭ-

8Түрүүч нь ¹160
(4800), 161 (4801), 162 (4802) дугаарт
8

Төв аймгийн Баян­дэлгэр сумаар явж, хулгайчид малаа алдсан малчидтай
ярилцахад “Малын хулгайн гэмт хэрэг гаарчихаад бай­на. Олон нийт энэ та­лаар мэддэггүй.
Хууль тогтоогчид ч ан­заардаггүй. Аймаг, сумын мөрдөн байцаагч малчин хоёрын дунд
малын хулгайчийн мэдээлэл үлддэг. Тэднийг олон нийт анзаардаггүй учраас тэнсэн ял
авчихаад эргээд хулгайгаа хийгээд эхэлдэг. Бараг л “Би ма­лын хулгайч шүү” гээд
өөрийгөө зарлаад унаа тэргээ сольж унаад малчдыг элэг барьж байна шүү дээ. Хулгайчид
биднийг дагуулахгүй хуулийн мэдлэгтэй. Яавал хэргээс мултрахаа сайн мэднэ. Бүлэглэл
болчихсон учраас бүлгүй малчдад дийлдэнэ гэж байхгүй” гэцгээж байсан юм. Гавьяат
малчин Х.Магсарын 13 хонийг хулгайлж, нядалсан хэрэгт шалгагдаж байгаа гурван сэжигтний
нэгийг малчид “Малын хулгайн бүлгийн ахлагч. Энэ хавиараа алдартай. Түүнийг хулгайч
гэдгийг нутаг усаараа мэддэг ч хуулийн дагуу арга хэмжээ авахуулж байгааг нь харсангүй”
гэж ярьж байсан. Орон нутгийн цагдаагийн байгууллага малын хулгайчидтай хэрхэн тэмцэж
байгааг сурвалжлахаар Багануур дүүргийн цагдаагийн хэл­тэс рүү явлаа. Баяндэлгэр
сумын Галуут багаас Багануур дүүргийн төв рүү ороход засмал зам дээр бог малын дотрыг
өөхтэй нь цувуулаад хаячихсан байх юм. Хулгайчид мал хулгайлж, бойлохдоо араатнаас
дор авир гаргадгийг малчдаас сонссон учраас хар төрснийг нуух юун.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст Малын хулгайн гэмт хэрэгтэй
тэмцэх хэсэг ажиллаж байна. Ахлах төлөөлөгч, төлөөлөгч, мөрдөн байцаагч, цагдаа,
жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй,  УАЗ-469 машинтайгаа
үүрэг гүйцэтгэдэг аж.  Тус хэсгийн ахлах төлөөлөгч,
цагдаагийн ахмад С.Алтанхуягтай ярилцлаа.

-Танай
дүүргийн цагдаагийн хэлтэс Төв аймгийн зарим сумдад гарсан хэргийг шалгадаг болжээ.
Ачаалал нэмэгдсэн гэсэн үг үү?

-Хуулийн шинэч­лэл­тэй холбоотой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Багануур
дүүргийн Цагдаагийн хэлтэст Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Мөнгөнморьт,
Баяндэлгэр сум ха­рь­яа­лагдах болсон. Малчдаас ирсэн мэдээллийн дагуу хурдан шуурхай
шалгаж байгаа. Сумд манайд харьяа­лагдаж ирсэн ч бүтэц, орон тоо, мөнгө төсөв нэмэгдээгүй.
Хуучин орон тоогоороо л ажиллаж байна.

-Малчидтай
уулзаж явахад малын хулгайн хэрэг нэлээд ихэссэн бололтой юм. Яг танайд шалгагдаж
байгаа хэргийн тоон мэдээг танилцуулаач?

-Энэ оны эхний зургаан сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг Хэнтий
аймгийн Цэнхэрмандал суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд хоёр, Баяндэлгэр
суманд гурав бүртгэгдээд шалгагдаж байна. Багануур дүүрэгт малын хулгайн нэг хэрэг
бүртгэгдсэн байсныг илрүүлээд шүүхээр шийдүүлчихсэн байгаа.

-Шалгагдаж
байгаа хүмүүсийн зарим нь малын хулгайн хэргээр шалгагдаж, шийтгэлээ хүлээж байсан
нөхдүүд байх шиг байна. Баяндэлгэр суманд мал хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа
хүмүүсийн тухай ч ийм яриа байна. Үнэн үү?

-Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн олонхи нь өмнө
нь ийм төрлийн хэрэг үйлдсэн, ял шийтгэл эдэлсэн байдаг нь үнэн. Өнгөрсөн тавдугаар
сарын 13-14-нд шилжих шөнө Төв аймгийн Баян­дэлгэр сумын малчин Х.Магсарын 13 тооны
хонь хулгайлсан хэрэгт мөрдөн шалгалт хийгээд хоёр хүнийг сэжигтнээр хорьж шалгаж
байгаа. Тэднээс гадна сэжигтэн Г.Хадбаатарыг энэ хэрэгт шалгаж байна. Мөн Галуут
багийн иргэн А.Энхнастын гурван үхэр, гурван адуу хулгайлагдсан хэрэг гарсан. Б.Энхбаяр
гэдэг хүний нэг үхэр дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хайлааст гэх газраас
алга болсон хэрэг бүртгэгдсэн. Тэдгээрийг шалгаж байна.

-Хулгайчид
хулгайлсан малаа нядалсан газраа заавал хутгаа үлдээдэг юм байна. Малчдын ярьж байгаагаар
энэ нь дом бололтой юм. Тэр хутган дээр үлдсэн хурууны хээгээр хулгайчдыг шуурхай
барьчих боломж байх уу?

-Хуулийн дагуу шин­жээч, мөрдөн байцаагч, төлөөлөгч хэргийн газрын
үзлэгийг хийж байгаа. Хэргийн газар дээр үлдээсэн эд мөрийн баримтыг шинжээч шалгаад
явж байгаа.

-Хоёр
сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж явсан” гэж мэдүүлсэн гэдэг мэдээлэл
бий. Малчид ч түүнийг хулгайчдын бүлэглэлийн ахлагч гэж ярьсан. Тэр хүн батлан даалтад
байгаа юу?

-Генералын Хадбаатар гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.
Хэнтий, Төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргээр Улсын мөрдөн байцаах
газарт шалгагдаж байсан хүн. Улсын Ерөнхий прокуророос харьяалал тогтоож хэрэг нь
манайд ирсэн. Батлан даалтад шалгагдаж байгаа. Г.Хадбаатар 2011 оноос хойш шалгагдаж
байгаа. Холбогдсон хэрэг нь хүнд гэмт хэрэг. Тиймээс 12 сар хүртэл хугацаагаар цагдан
хоригдох хуультай. Тэр хугацаагаар нь цагдан хорьчихсон учраас батлан даалтад шалгахаас
аргагүй.

-Малын
хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шалгадаг байсан.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ зүйл анги байхгүй болсон. Тиймээс хулгайн
хэргээр зүйлчлэх үү?

-Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах
хэргээр зүйлчилж байгаа.

-Малчдын
ярьж байгаагаар хулгайчид бүтэн сартай шөнө мал хулгайлж, нядалдаг юм байна. Тэр
үеэр нь эргүүл хийх боломж байх уу?

-Сумдын хэсгийн төлөөлөгчидтэй хамтраад эргүүл хийж байгаа. Малын
хулгайчид бүлэг байдаг далд аргаар үйлдэгддэг учраас тэр бүр таарч, илрүүлэхэд бэрх
юм.

-Хулгайчдаас
гарал үүслийн гэрчилгээгүй мах хямд авдаг дэлгүүр, ченжүүд байна. Тэд малчдад мэдээлэл
огт өгдөггүй, халгаадаггүй юм байна. Тэр хүмүүст хэр хяналт тавьдаг вэ?

-2014 оны тавдугаар сараас хүнсний зах, мах борлуулдаг цэгүүдэд цагдаа
ажиллаж, хяналт тавьж байна. Малын хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүмүүст
хулгайн малын мах худалдаж авсан хүмүүс ч бий. Ер нь мал хулгайлах гэмт хэргээр
зохих ялаа эдлээд гарсан хүмүүс хэсгийн байцаагчдын хяналтад байдаг. Энэ ажил ч
хийгдэж байгаа. Ер нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгаа
ч байдаг.

-Малын
хулгайчид хурдан унаатай, зэвсэгтэй, олноороо явдаг гэх юм. Олон өмгөөлөгч хөлсөлдөг.
Түүгээрээ дамжуулж цагдаагийнхныг дарамталдаг, ажлаас нь салгадаг гэх юм. Бүлэг
хулгайчтай тэмцэхэд цагдаа хүчгүйдэх юм уу?

-Цагдаагийнхан хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Малын хулгайн гэмт
хэрэг үйлдэж байгаа хүмүүс олон машинтай, утсаар хоорондоо холбогддог. Бүр галт
зэвсэг ашиглах нь ч бий. Тэглээ гээд цагдаа хүчин мөхөсдөөд, айж ичээд байгаа юм
алга. Одоо ч машиндаа бензин хийгээд гарахад хүн нэг бүр хуулийн дагуу хэрэглэх
зэвсэг хэрэгсэл нь бэлэн байна гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ(3)

-ГАВЬЯАТ
МАЛЧИН Х.МАГСАРЫН МАЛЫГ МАЛЛАЖ, 500 ГАРУЙ МАЛТАЙ

БОЛСОН ЗАЛУУ ХОТНООС НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА-

Түрүүч нь 160
(4800), 161 (4801) дугаарт

А.Энхнастын хашаанаас хөдөлж голоо уруудлаа. Галуут багийн төв
эзэнгүй байх аж. Багийн төв дээр саяхан зассан болов уу гэмээр хоёр байшингаас
өөр юм алга. Багийн даргынх сумын төвд байдаг гэх юм билээ. Малчид “Уг нь баг
эзэнтэй, дарга малчдаа эргэж тойроод байвал хулгайчид танагтай байх болов уу.
Гэтэл төр төлөөлсөн газар нь эзгүй л байна шүү дээ” гэцгээж байв. Зам зуур
Б.Энхбаярын гэргий, дүү нар нь хонио хяргаж байхтай таарлаа. Өнгөрсөн хавар
Б.Энхбаярынх бас хоёр эр үхрээ алджээ. Энэ талаар Б.Энхбаярын эхнэр Д.Оюунгэрэл
“Манай хүнийг хонио эргүүлж явахад цагаан өнгөтэй машин энэ хавиар эргэлдээд
байсан юм билээ. Ойртоод очихоор явчихаад байсан гэсэн. Тэгтэл үдэш нь хоёр эр
үхрийг минь жалганд хөөж аваачаад хүлж, нэгийг нь махалчихсан. Нөгөөх нь
хүлгээгээ тасдсан бололтой гүйж ирсэн. Үхэр махалсан газарт хутга, машиныхаа
сэлбэгийг орхисон байсан. Цагдаа нар хутгыг нь гялгар уутанд хийгээд аваад
явсан. Генералын Хадаа гэгч нөхөр жил бүр машин сольж унаад энэ хавиар
эргэлдээд байдаг. Тэр эргэлдэхээр заавал айлын малд хулгай ордог юм. Ням гуайн
адуун дунд хүртэл яваад байсан гэнэ лээ. 

Түүнийг дагаж хулгай хийсэн хоёр
хүүхдүүдийн нэг нутагтаа нэр хүндтэй мянгат малчны хүү юм билээ. Мянгат малчны
хүүхэд нэг голынхныхоо малыг хулгайлаад байхаар яах билээ” гэв. Энэ мэтээр
уулзсан хүн, очсон айл бүр малаа алдсан тухайгаа ярина. Хулгайчдын увайгүй
үйлдлийг жигшиж, зэвүүцсэн малчид “Тэдний малыг тэгж махалсан байна лээ”, “Тэр
гуайн малыг нядлаад аваад явахдаа арай ч дээ гэмээр болгож” гэх мэтчилэн ярьж
байсан. Хадаа Аяа гэдэг хөгшний хоёр үхрийг хулгайлж нядлахдаа өвчүүг нь
гэрийнх нь ойролцоох хадан дээр дэлгээд орхисон л гэнэ. Д.Үржингийн бухыг
алчихаад сэвсээр нь толгойг нь хуччихсан байсан гэцгээнэ. Бас тэдний азарга,
гүү хоёрыг алаад азарганых нь засааг гүүний толгойн дээр тавьчихаад явсан л гэнэ.
Малчдын ярьж байгаагаар дээрх хэрэг өнгөрсөн жил гарсан аж.

 

“ГОЛОМТООСОО ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ БАЙНА”

Бид Хэрлэн гол уруудаад гавьяат малчин Х.Магсарынд очлоо. Хоёр
хүү нь хойно, урд нь км орчмын зайтай саахалт зусч байгаа аж. Хоёр хөгшин,
туслах малчин залуутайгаа байдаг бололтой. Хотоос хоёр гөлгөн нохой авчирсныг
банхрууд нь дээрэлхэх янзтай байгааг гэрийн эзэн сонин болгож ярив. Хоттой хонь
руу нь хулгайч орсноос хойш Х.Магсар гуайн бие нэлээд дордсон гэнэ. Өвгөнийхөө
тухай “Сэтгэл санаагаар унахаар өвчин нь сэдэрчихдэг юм байна. Муу юм харснаас
хойш хэд хоног дуугаа хураасан. Ойрноос эмчилгээ хийлгэхээр явна” гэж хөгшин нь
ярив. Х.Магсар гуай Ховд аймгийн Булган сумын уугуул. 1970-аад онд хэдэн нялх
хүүхэдтэйгээ нэгдлийн мал маллахаар Баяндэлгэр суманд ирж байсан түүхтэй. Тэр
цагаас хойш Гүн галуут нуур, Хэрлэн голын хөвөөгөөр малаа маллаж, нутгаа шүтэж
яваа буурай. Сумын аварга малчнаар таван удаа шалгарч байсан юм билээ. Х.Магсар
гуай 1993 онд мянгат малчин болж байжээ. Тэрбээр зургаан өрхийг малжуулж,
гурван туслах малчинг ажлын байраар хангаж 2007 онд гавьяат малчин болжээ.
Тэднийх есөн хүүхэдтэй. Хоёр хүү нь мянгат малчин. Бусад нь суурин газар бизнес
эрхлэх нь эрхэлж, төрд ажиллах нь ажиллаж байгаа гэнэ.  

Х.Магсар гуай болж өнгөрсөн явдлын талаар ярихдаа “Байсхийгээд л
малнаас нэг, хоёр хонь зүсээрээ дутаад байдаг. Малчин хүүгээ зэмлээд байтал
хулгайч шөнөөр ирээд шүүрээд явчихдаг байж. 13 хонийг минь нядлахаас хэд
хоногийн өмнө нэг шөнө хөгшнийг гарахад гэрийн гадаах тэргэн дор хоёр нөхөр
хэвтэж байж. Ямар учиртай хүмүүс болохыг нь асуугаад гэртээ оруулахад
“Нохойноос айгаад тэргэн дор чинь орчихлоо. Машин ойрхон эвдэрчихсэн. 10-ын
түлхүүр байна уу” гэдэг байгаа. Тэр хоёр нөхөр түлхүүр авч яваад төд удалгүй
авчирч өгсөн. Азаар малчин хүү минь машиных нь номерыг тэмдэглээд авчихсан юм
билээ. Түүний дараахан нь тавдугаар сарын 14-ний үүрээр бие засах гээд гартал
хоттой хонь байдаггүй. Сандраад эрэл болтол гэрийн араар туугаад Зүүн шандын
аманд сорчилж байгаад 13-ыг нядалсан байна лээ. Тэндээсээ Хөх овоо руу
хөөчихсөн. Хөх овооны хайрхан (чоно) 20 гаруй бог сэглэчихсэн байгаа юм. Тэдний
хийсэн үйлдлийг ярихад хүртэл жигшмээр. Хэрэг болсны дараа хүүхдүүд Багануурын
телевиз, радиогоор “Хулгайн талаар мэдээлэл өгсөн хүнд арван сая төгрөгийн
шагнал өгнө” гэж зар тараасан ч мэдээл орж ирээгүй. Харин малчин хүү минь дээр
ярьсан цагаан машины дугаарыг өгтөл хулгайчдын унаж явсан машин болж таарсан юм
байна. Ингээд хэрэг шалгагдаж байгаа” гэв. Сартай шөнө хоттой хонь туугаад
явахаар нохой хуцдаггүй юм байх даа гэж тодруулахад “Хулгайчдын нэг нь
манайхаас голомтоо бадрааж, малжсан айлын хүүхэд юм шүү дээ. Нэг ёсондоо
голомтоосоо эргэж хулгай хийж байна. Тэгэхээр манай нохой танилгүй яах вэ.
Таниад чимээ өгөөгүй юм билээ” гэлээ.

 

СЭЖИГТНҮҮД

ХЭН БЭ?

Гавьяат малчин Х.Маг­сарын малыг хулгайлсан хэрэгт гурван хүн
сэжигтнээр татагдаж байгаа. Тэдний хоёр нь Х.Магсарынхаас гадна А.Энхнаст,
Б.Энхбаяр нарын малыг хулгайлснаа хүлээжээ.

 

ТОЛГОЙЛОГЧ

ГЭГДЭЖ БУЙ ГЕНЕРАЛЫН ХАДБААТАР

Уулзсан малчин бүр түүнийг хадны мангаа шиг ярьдаг юм билээ.
Ямар сайндаа “Танихгүй хүн ороод ирэхээр Генералын Хадаагийн хамсаатан явж
байна уу гэж сэжиглэдэг болсон” гэцгээх вэ дээ. Түүний талаар үлгэр домог мэт
яриа малчдын дунд байх юм. Жил бүр машин сольж унадаг л гэнэ. Өнгөрсөн жил
портертой байсан. Энэ жил нэмээд соната-6 авсан гэцгээх юм билээ. Хадбаатарын
аавын тухайд олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Баяндэлгэрт шилжиж ирсэн
гэцгээж байсан. Ерөнхийдөө айлын мал маллаж байгаад цөөн хэдэн малтай болсон
айл юм уу даа. Одоо Хадбаатар ахтайгаа Багануур дүүрэгт амьдардаг аж. Тэрбээр
2011 оноос хойш малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа. Бичиг үсэг мэддэггүй
тэрбээр эрх ашгаа хамгаалахдаа гаргуун гэх юм билээ. Малчид энэ талаар
“Заргалдсаар бай­гаад дөрвөн цагдааг ажилгүй болгосон нөхөр, хэцүү хүн дээ”
гэцгээсэн. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруу­лахад Г.Хадбаатар 2011 оны
нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ж-ын 12
адууг хулгайлсан үйлдэлд шалгагдаж байхдаа Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн
байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Д.Сандагбалиряг өөрийг нь
эрүүдэн шүүсэн гэж гомдол гаргаж байсан. Түүний гомдлын дагуу шүүх
Д.Сандагбалиряд тэнсэн харгалзах ял оноож байсан юм байна.

Г.Хадбаатарт холбогдох малын хулгайн дөрвөн хавтаст хэрэг
хуулийнханд бий. Хэд, хэдэн сумаар явж хулгай хийсэн гэх үйлдлүүдийг нь нэгтгэж
Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож Багануур дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар болжээ. Одоо тэрбээр Х.Магсарын 13 хонийг хулгайлсан
хэрэгт шалгагдаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Хадбаатар хэргээ
хүлээхгүй байгаа боловч хоёр сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж
явсан” гэж мэдүүлжээ.

Г.Хадбаатар 1986 онд төрсөн. Бага боловсролтой нэгэн юм байна.
Одоогоор тэрбээр гадуур шалгагдаж байгаа аж. Биднийг Багануур дүүргийн
цагдаагийн хэлтэст очиход гадна нь байсан хүмүүс “Сая Хадаа мэдүүлгээ өгчихөөд
явсан” гэцгээж байсан юм.

 

МЯНГАТ МАЛЧНЫ ХҮҮ Д.ТҮВШИНТӨР

Малын хулгайн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хоёр залуугийн
нэгийг Д.Түвшинтөр гэдэг. Түүний аав Баяндэлгэр сумын мянгат малчин. Насаараа
мал маллаж буй туршлагатай малчин. Нутаг усныхан нь ч ам сайтай юм билээ.
“Галуутад Д.Түвшинтөрийн аав, авга нарынх нь мал талаар нэг багширч байгаа.
Сүүлийн хэдэн жил малаа сайн өсгөсөн айл. Хүүхдүүд нь ч малын захад өссөн.
Малаа мянга гаргатал өсгөсөн айлын хүүхэд хулгай хийж, араатнаас дор авир
гаргасан гэхэд итгэмгүй” гэж малчид түүний тухай ярьж байна лээ. Авга ах нь
Баяндэлгэр сумын Тамгын газрын дарга. Д.Түвшинтөр 1991 оны аравдугаар сарын
13-ны өдөр төрсөн. 23 настай тэрбээр бүрэн дунд боловсролтой. Дунд сургуулиа
төгсөөд л мал дээр гарчээ. “Аав нь хүүдээ мал тасалж, унаатай болгосон. Хүнээс
дутахааргүй л элбэг хангалуун амьдардаг даа” гэж хөгшчүүд ярьж байна лээ.

 

Х.МАГСАРЫНХААС ГОЛОМТОО БАДРААСАН Д.НАЙДАНЛХАГВА

Д.Найданлхагвыг Галуут багийнхан Буядаа гэдгээр нь илүү таних
юм. Тэрбээр 1994 онд төрсөн. Бага боловсолтой. Түүний аав Х.Магсар гуайнхаас
голомт бадрааж, түүний үр хүүхэд шиг байсан гэж нутгийнхан нь ярьцгаах юм
билээ. Энэ талаар Х.Магсар гуай “Анх нялх хүүхдүүдээ хөтөлсөн, орон гэргүй
хүмүүс манайд ирж байлаа. Би хажуудаа гэр барьж өгөөд малынхаа ажилд туслуулдаг
болсон юм. Манай хажууд хоёр жил болоод хүүгийнд найман жил тусласан айл даа.
Хүүхдүүд нь хүүгийн минь хүүхдүүд шиг ижилсэж өссөн. Одоо ч зураг хөрөг нь бий.
Манайхнаас нүүхдээ хоёр гэр, хоёр мотоцикль, 300 гаруй ямаа, 170 хоньтой
болчихсон байсан. Тугалтай үхэр зааж өгсөн нь арав гаруй болтлоо өссөн.
Манайхаас бадраасан голомт нь хоёр болж, тасалж өгсөн мал нь 500 гаруй болж
өссөн нь тэр.”Мал ч өслөө. Тусдаа гаръя” гээд нүүсэн. Хүүхдүүд нь манайхаар орж
гараад л явдаг байсан. Мал төллөх үеэр нэг, хоёроор хонь дутаад байсан юм.
Тэгтэл Буядаа шүүрээд байдаг байж” гэж ярьсан.

Тэднийх одоо мянга шахам малтай, тэр голдоо боломжийн амьдралтай
айл юм байна.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ (2)

-Хулгайчид бүтэн сартай шөнө хөдөлдөг-

Гавьяат малчин Х.Магсарын хоттой хонийг шөнө дөлөөр тууж жалганд аваачаад сорчилж 13-ыг нь нядалж, бусдыг нь чонын ам руу хөөсөн талаар өмнөх дугаартаа өгүүлсэн. Малын хулгайчдын увайгүй үйлдлийг нэхэн сурвалжилж Төв аймгийн Баяндэлгэр сум руу явлаа. 

Их зохиолч Д.Нацаг­доржийн мэндэлсэн бууриас урагш Хэрлэн голоо дагаад Галуут багийнхан зусч байна. Өвс нь өвдөг шүргэм ургасан дэлгэр зун болж байна, тэнд. Сүрэг хонь гол даган бэлчээрлэж, сарлаг, адуу холилдон байх аж. Айлууд нэг, хоёр км-ийн зайтай саахалт зусч байна. Эхний айлд очтол хаалга нь дэлгээтэй атлаа эзэнгүй байх юм. Гэр дээрээ ааруул дэлгэчихсэн. Хаяан дахь тогоотой сүүнд нь өрөм загсана. Гэрийн ойролцоо өтөг уугиулсан нь чононоос богоо хамгаалах арга бололтой. “Хулгайч амраахаа больсон гэдэг ч цуу юм уу даа. Хөдөөний айлууд ийм л байдаг даа” гэж бодоод урагш давхиж хаваржааных нь хашаанд очвол хонио хашчихсан хяргаж байна. Мэнд мэдсэний дараа гэрийн эзэн “Танихгүй хүмүүс ирэхээр цай цүү болохын хажуугаар “Энэ нөхдүүд чинь манайхыг судалж явна уу даа. Бүл муутайгаа мэдэгдэж болохгүй юм шүү” гэж болгоомжилдог болчихоод байна шүү. Энэ хулгайчид малчдыг хүртэл чоно шиг санаатай болгох юм” гээд яриагаа эхэллээ. Түүнийг А.Энхнаст гэдэг. Сумынхаа мянгат малчин тэрбээр энэ хавар адуугаа алдаж, азарга, хээлтэй гүүгээ хулгайчдын ярьдгаар махлуулчихаад цагдаа сэргийлэх эргэх ажилтай болсноо ярьсан юм. А.Энхнасттай ярилцлаа. 

-Танайх нутгийн айл уу?

-Айл болсон цагаасаа л энэ голд малаа өсгөж ирлээ. Эхнэртэйгээ хоёулхнаа мянга гаруй малын ажил хийдэг болохоор хулгайчид олзолчихсон байж л дээ. Азарга адуугаа худаг дээр услаад сургачихсан. Өдөрт худаг дээр хүрээд ирцгээдэг юм. Хавар мал төллөх үеэр нэг өдөр адуу ирдэггүй. Төвөөс хүүхэд дуудуулж ирээд араас нь явуултал “Өвөлжөөн дээр шувуу эргэлдээд байна. Хулгайчид идэш хийчихсэн бололтой” гэдэг байгаа. Манайхаас ерөөсөө л таван км зайтай газар. Очтол азаргыг маань хээлтэй гүүтэй нь, үрээтэй нь алчихаад махыг нь аваад явчихсан байгаа юм. 

-Мал төллөх үе гэхээр гүү унагалах дөхчихсөн байж дээ.

-Тэгэлгүй яах вэ. Хээл нь бүр томорчихсон. Бараг амьд гарч ирсэн байх, хөөрхий. Монгол хүн байж ийм юм ярихад эвгүй байх юм. Хулгайчид чинь жинхэнэ монголоо алдсан араатнаас дор хүмүүс байх юм. Азарганы минь засааг хашаанд өлгөөд хаячихсан, гүүний хээлийг гаргаад шидчихсэн байгаа юм. Гурван толгойг нь сэвстэй нь холиод хаячихсан хэрэг. Мал хайрлахгүйгээс гадна биднийг доромжилж байгаа нь тэр. Одоо сонсоход хулгайчид хөдөө, мал дээр өссөн нөхдүүд байна лээ. Тэгсэн атлаа мал хайрладаггүй зэрлэгшсэн хүмүүс юм байна. Хүмүүс малын хулгай гэхээр гарлага төдий бодоод өнгөрдөг. Гэтэл хулгайчид араатнаас дор балмад байдлаар үйлдлээ гүйцэтгэж байна. Азарганы минь толгой сэвстэйгээ холилдчихсон, дээр нь шувуу эргэлдэж байгааг хараад эр хүн палхийдэг юм билээ.

-Азарга байхгүй болохоор адуу тогтохгүй хэцүүднэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Хураах азаргагүй болчихоор адуу тарчихсан. Унагаа хураахгүй. Азаргаа алдсанаас хойш дөрөв, таван унага алдсан. Одоо ч адуугаа гүйцэд цуглуулаагүй мунгинаад байж байна. Айлын адуу руу тараад замбараагаа алдсан. 

-Бүл муутай болохоор хулгайчид олзолчихсон байж гэсэн. Адуунаасаа өөр мал бас алдсан юм уу?

-Адуугаа алдахын өмнө Багануур орчихоод иртэл орой хураасан үхэр байдаггүй. Араас нь явтал мотоцильтой туусан мөр байгаа юм. Гэрээс нэлээд зайдуу аваачаад томоос нь шилж байгаад гурван гунан үхрийг минь махлаад аваад явчихсан. Бас л толгойг нь орхичихсон. Толгойг нь орхичихоор эрэл мухардчихдаг юм байна. 

-Цагдаад мэдэгдсэн биз дээ?

-Багануурын цагдаад дуудлага өгсөн. Ирээд зургийг нь аваад явсан. Шалгаж байгаа л гэсэн. Хулгайч нь олдвол хэлнэ л гэсэн. Х.Магсар гуайн малыг хулгайлсан нөхдүүд баригдсан. Тэд манай нутгийнх. Биднийг сайн мэднэ. “Тэднээс өөр хэн байх билээ” гээд байцаагчдаа хэлсэн. Байцаагчийн хэлж байгаагаар тэд манай малыг хулгайлснаа хүлээсэн юм шиг байна лээ. Баригдчихаад байгаа хоёр нөхөр “Генералын Хадаа ах биднийг дарамтлаад дагуулж явж хулгай хийсэн“ гэдгээ хүлээсэн гэнэ лээ. Тэр Хадаа гэдэг нөхөр малын хулгайгаар гаршсан нөхөр юм билээ. Тэрний хавтаст хэрэг гэхэд хэдэн боть роман шиг юм байна лээ. Шалгахаар “Миний эрх зөрчлөө” гэж заргалдаад хуулийнхныг ажилгүй болгочих гээд байдаг хэл амтай нөхөр гэнэ лээ. Тийм болохоор цагдаагийнхан нотлох баримт сайн цуглуулах гээд байгаа бололтой юм. 

-Тэд танай малыг хулгайлсан гэх сэжиг юу байгаа бол?

-Манай дараа Б.Энхбаярын малд хулгай орсон. Дараа нь Х.Магсар гуайн сүрэг хонийг туусан. Ерөөсөө энэ хаваржин хулгайч энэ хавиар эргэсэн байгаа юм. Мөрдөн байцаагч ч “Үйлдэл нь нэг. Бүтэн сартай шөнө хулгай хийдэг байж” гэж байна лээ. Манай үхрийг ч дөрөвдүгээр сарын дундуур хулгайлсан. Сар эрт гарах үеэр махалдаг юм байна, тэд. Гурван гунан үхрийг махлахад уг нь их цаг орно доо. Гэтэл ерөөсөө л толгойг нь тасдаж, гэдсийг нь гаргаж хаячихаад их биеийг нь арьстай нь ачаад явчихсан бололтой юм. Олон хүн бол хагас цагийн ажил болдог бололтой. Бүр тэндээсээ жаахан урагш хөдлөөд гурван шил архи, гурван шар айраг уусан бололтой шилээ үлдээсэн байна лээ. Ажлаа амжуулчихаад баяраа тэмдэглэсэн нь тэр юм байх. Азарга адууг минь тавдугаар сарын 10-ны үеэр хөөж, гурвыг нь дээр ярьснаар махалж авч явсан шүү дээ. 

Малчид хулгайчдаас айдаг болсон үе. Түүнээс хулгайч айж, ичихээ больж. Хулгайгаа хийчихээд баяр тэмдэглээд архидаж, шилээ орхиод явчихсан байна. Алдсан бид ажлаа орхиод цагдаа сэргийлэхээр явна. Эргээд ирэхэд малын ажил ундарчихсан байна. Бүлгүй амьтад араас нь хөөцөлдөхөд бүлэг хулгайчид аль хэдийнэ ул мөрөө баллачихсан байдаг биз.

-Араас нь хөөцөлдөөд хаагуур явсан бэ?

-Багануур орж мах зардаг дэлгүүр, ченжүүдэд захиж байгаа юм. Тэд “Сэжигтэй зүйл харвал хэлнэ” л гэдэг. Таг. Хавар шинэ мах ховордож, үнэд орох үеэр хулгайчдын ажил эхэлдэг бололтой юм. Хулгайчдаас мах хямд авдаг наймаачид бас байх шиг. Түүнээс гурван адуу, хоёр үхрийн мах бас хурдан дуусахгүй дээ. 

-Үхэр махалсан газраа архины шилнээс өөр эд мөрийн баримт үлдээж үү?

-Ерөөсөө л бүлэг хүмүүс хулгай хийгээд байгаа нь илт. Тэд мал нядалсан, бой хийсэн газар бүртээ хутгаа үлдээдэг. Хутгаа хаях нь өөрсдийнх нь хийдэг дом юм уу даа. 

-Бүлэг хулгайч байх гэж ярилаа. Тийм байх сэжиг байх юм уу?

-Үхрээ хурааж байгааг хараад уулын орой дээрээс нэг нь утсаар мэдэгддэг юм шиг байгаа юм. Тэгэнгүүт шөнө нөхдүүд ирж махалдаг. Хуурайн давааны энгэрт үхрийг минь махалсан. Ерөөсөө замын хажууд шүү дээ. Манай багийнхны малыг дэл сул, ганц нэгээр нь хулгайлаад байдаг байсан юм билээ. Өнгөрсөн жилээс хойш хоёр гурваар нь авдаг болсон. Тэгэхдээ дандаа бүл муутай, араас нь хөөцөлдөх хүнгүй айлыг олзолж байна. Манай адууг хулгайлж махалсны дараа Хуурайн даваанд зүс мэдэхгүй дөрвөн адуу байгаад байсан юм. Гэтэл удалгүй толгойг нь тасдаж хаяад махыг нь аваад явчихсан байсан. Одоо бодоход өнөөх хулгайчид тууж ирж, хэд хонуулж байгаад махалсан байгаа юм. Сайхан дөрвөн морь байсан даа. Эзэн нь эрэл болоод сүйд болж байгаа биз, хөөрхий. 

-Ямар ч байсан сэжигтнүүд баригджээ. Шалгаад танайхныг хохиролгүй болгох байгаа.

-Мэдэхгүй юм даа. Хадаа гэдэг нөхөр өмгөөлөгчтэй гэнэ лээ. Өмгөөлөгч нь “Та нар хүний эрх зөрчиж байна” гээд хориулах нь бүү хэл мэдүүлэг өгүүлдэггүй юм гэсэн. Мөрдөн байцаагч нь “Та нар өмгөөлөгч авах юм уу” гэж байсан. Малаа алдчихаад өмгөөлөгч хөлслөх мөнгө хаана байх билээ. Хулгай хар мөртэй гэж ярьдаг. Арга ядахдаа ламд үзүүлж, засал хийлгэх юм. Ном уншуулчихаар сэтгэл сэргэх янзтай. 

Урт хөлтэй бод малаа гэрээ эргүүлээд хашаад байж чадахгүй юм. Гаднаа хорьж байгаад өвлийн зуданд алчихалтай нь биш. Дүүрсэн хэрэг гээд явуулчихаж байгаа юм. Араас нь санаа зовоод амрахгүй. Өглөө адуугаа эргэж байж л санаа амардаг болчихлоо, энэ цагт. Уг нь орчин үед малаа хамгаалаад байх арга бас байх шиг санагдах юм.

-Ямар арга байна вэ?

-Цагдаа нар үе үе эргүүл хийгээд байвал хулгайчид болгоомжтой байх болов уу. Нөгөө талаар орчин үед цахилгаан холбоог хөдөө маш сайн хөгжүүлмээр байна. Уулын цаад, наадгүй сүлжээ барьдаг бол бид нэг адуу, нэг үхэртээ GPS суулгачихмаар байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлд хаана байсныг нь мэдэж болж байна. Гэнэт хулгайчид хөөгөөд эхэлбэл, адуунд минь хөдөлгөөн орлоо гэж мэдчихээд араас нь давхичихмаар байх юм. GPS чинь хямд юм билээ. Сүлжээ барьдаг л бол тэрийг бид өөрсдөө малдаа аваад суулгачихмаар байна. Малын индексжүүлсэн даатгал гээд бөөн хөрөнгө мөнгө зарж мал нэг бүрийн чихэнд эм хийсэн. Одоо эмтэй мал нэг ч байхгүй. Эмээр нь хөөгөөд хулгайч барьчихна гэсэн нь ч худлаа болсон гэв. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Адгууг биш аажууг нь сонгож үйлчлүүлье

Автобусны талаар “Нисдэг авс”, “Уралддаг байшин” зэрэг онигоо ч гэх юм уу, сэрэмжлүүлэг ч гэмээр юм уу янз бүрийн хэллэг бий болжээ. Автобус хүн мөргөсөн, онхолдсон, өөр машинтай мөргөлдсөн гэх зэрэг таагүй мэдээлэл салахаа больсноос энэ яриа гарсан байх. Саяхан Сүхбаатараас ирж байсан автобус осолдож зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн. Тэгтэл уржигдар Налайхаас ирж явтал Сүхбаатар гэсэн хаягтай автобус эсрэг урсгал руу орчихсон хурдтай давхиж яваатай таарлаа. Өгсүүр зам учраас гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй л дээ. Ерөөсөө л өгсүүр явж байгаад тонгойтол эсрэг урсгалаар хурдтай автобус ороод ирж байгаа юм. Ийм адгуу, яаруу жолооч нараас болж осол гардаг. Нарийн зам дээр, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсаар байхад чөлөө гаруут эсрэг урсгалаар давхиж адгасан тэр жолооч тавь шахам хүний амийг дааж яваагаа мартталаа яарсан гэж үү. Өөрийнх нь унаган араншин нь тэр. Жолоо барьж явахад зарим хүний адгуу, бусдаас илүү гарах гэсэн жөтөөч, дээрэлхүү зан илэрдэг. Хувь хүний ийм ааш авираас болж олон хүн хохирдог нь харамсалтай. Тиймээс нийтийн тээврийн компаниуд жолоочоо сонгохдоо олон жил машин барьсан гэхээс илүүтэй ааш занг нь судалдаг болмоор байна. Сэтгэлзүйчээр сориулсан ч яахав. Аливаад тайван хүлээцтэй, уужуу хандаж байгаад нь олон хүний амийг даатгая. Хүмүүс ч гэсэн холын замд явахдаа суух унааныхаа жолоочийг хэсэг хугацаанд ажиглахад илүүдэхгүй. Эд зүйлээ шидлээд л, сандарч мэгдээд байвал дараагийн унаагаа хүлээхэд өлзийтэй. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ

Цагаан сар, наадам дөхөхөөр мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг талаар цагдаагийнхан сэрэмжлүүлдэг. Хулгайчид бүлэглэн, машин хөлөглөн бүл муутай малчдыг онилж, хотыг нь харлуулсан тухай мэдээлэл зуны улиралд тасардаггүй. Гурван жилийн өмнө Хүй долоон худагт зусаж байсан хоёр хөгшинг хөнөөж, хоёр настай зээг нь хүнд гэмтээж орхиод хоттой малыг нь туугаад явчихсан хэрэг гарсан. Малын хулгайчид үйлдэл дээрээ баригдвал хүний амь ч хөнөөж мэдэхээр зэвсэглэчихсэн явдаг зэрлэгшсэн хүмүүс аж. Зэрлэгшсэн гэхийн учир нь тэд хулгайлсан малаа араатнаас дор тамлаж, зовоодог юм байна. Саяхан хулгайчид Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутагт гавьяат малчин хөгшний хоттой хонийг тууж арав гаруйг нь жалганд нядлаад, үлдсэнийг нь чонийн ам руу хөөчихсөн хэрэг гарчээ. Тэдний үйлдлийг нэхэн сурвалжлахад хүнээс гармааргүй балмад авир, бусармаг үйлдэл хийдэг нь тодорхой байв. Малчин, мөрдөн байцаагчдын дунд явж байгаад тэнсэн ялтай үлддэг малын хулгайчдын увайгүй үйлдлийг “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж байна. 

ХОТОНД ГЯЛАЛЗАХ ГЭРЛИЙН УЧИР

Төв аймгийн Баяндэлгэр сум нийслэлээс 101 км зайтай. Аймгийнхаа төвөөс  108 км, Багануур дүүргээс 26 км зайд байдаг. Засаг захиргааны нэгжийн тухайд Байдлаг, Галуут хоёр багтай. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Хүн ам цөөтэй ч Улаанбаатар-Өндөрхааныг холбосон хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөс хоёр км-ийн зайтай өнгөрдөг болохоор их хөлийн газар гэгддэг юм билээ. Нутгийн иргэдийн олонхи нь Хэрлэн голын хөвөөнөө малаа маллан амьдардаг. Сумын малчид чоно нохойноос илүү хулгайчдаас малаа хамгаалж,  байнгын харуул манаатай байлгадаг болоод удаж буй гэх. Ямар сайндаа л айл болгон бог малаа хашиж байх билээ. Бүлтэй, ээлжээр малаа харуул манаатай байлгах айлуудад хулгайч тэр бүр халдаад байж чаддаггүй гэнэ. Харин өндөр настай, бүл чадал муутай айлуудыг хулгайчид онилж, хотноос нь ганц нэг мал суйлж байгаад бөөнөөр нь туугаад явчихдаг аж. 

Гавьяат малчин Х.Магсар хөгшинтэйгээ, малыг нь малладаг залуутай гурвуулаа Хэрлэн голын хөвөөнд хаваржиж байжээ. Тэднийхээс саахалтын зайд хүүхдүүдийнх нь бий. Х.Магсар гуайнх цөөнгүй малтай болохоор бэлчээрээ харгалзан ганц гэрээрээ байхаас аргагүй гэнэ. Дал гаруй настай хоёр хөгшин ганц залуутай, 500 гаруй малтай байгааг хулгайчид мэддэг учраас эртнээс олзоо болгосон хэрэг. Шөнө дунд Х.Магсар гуайн хөгшин гарч бие засахад хотонд нь гэрэл гялалзаад, гүйгээд байдаг байж. Бүр малын хашаанд ч гэрэл гялалзаад байх болж. Энэ тухай өвгөндөө хэлээд хамт гарч харахаар юу ч мэдэгддэггүй гэнэ. Хоёр хөгшин нэгийгээ зөнөж, хий юм хардаг болж гээд өнгөрдөг байжээ.

Хааяа малаа тоолоход ганц, хоёр хонь сох дутчихаар нь малчин залуугаа “Хонь руу чоно оруулчихлаа” гэх юм уу “Айлын малтай хонио нийлүүлээд хольчихлоо” гэж зэмлээд өнгөрдөг байж. Гэтэл гэрэл гялалзаад байдгийн цаана нь хулгайч байдаг байсан нь хоттой хонийг нь тууж явснаар ил болжээ. Хулгайч тэдний малнаас ганц, хоёроор нь хулгайлдаг байснаа хүлээсэн байна. 

ХОТТОЙ ХОНИЙГ НЬ ТУУЖ ЖАЛГАНД АВААЧААД СОРЧИЛЖЭЭ

Х.Магсар гуайн хоттой хонийг тавдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгайчид туугаад явжээ. Хургатайгаа 500 гаруй хонийг хашаанаас нь гаргаж баруун хойшоо хоёр шахам км тууж Зүүн шандын аманд хүргэжээ. Шөнө дунд хотноос нь хөөгөөд босгохоор бог мал эргэж, хургадаг. Хулгайчид хурц иртэй төмөр юм уу, том хутгаар туусан бололтой нэлээд хэдэн хонийг ар нуруу руу сийчсэн байжээ. Малын хашаанд том хутга үлдээсэн нь ч үүнийг гэрчилнэ. Монголчууд малаа ширүүн туух, араас нь мод чулуу шидэхийг цээрлэдэг. Гэтэл хулгайчид хутга, мэсээр сийчиж хөөдөг болсон нь энэ. Түүгээр ч барахгүй хоттой хонийг нь Зүүн шандын аманд хөөж аваачаад гар чийдэн тусгаж байгаад сорчилж эхэлжээ. Шөнө дунд малын нүд рүү хурц гэрэл тусгахад хөдөлж чадахаа больдог. Ингэж гэрэл тусгаж байгаад хамгийн том, тарга тэвээргэ сайтайг нь сонгож хоолойг нь хэрчиж алсан байна. Энэ мэтээр 13 эр хонины хоолойг огтолж, дотрыг нь цувуулж хаяжээ. Нядалгаа хийсэн жалгандаа 13 хонины толгой, гэдсийг нь цувуулж хаячихаад гулууз махыг нь портер машиндаа ачаад явсан байна. 

Бүр хамгийн тарган, том хониных нь сүүлийг дундуур нь нэг хэрчээд Х.Магсар гуайн зүг рүү шидсэнээ хулгайчид ярьжээ. Хулгайлсан хониныхоо сүүлийг эзнийх нь зүг шидэх нь хулгайчдын хувьд дом юм байх. Сүүлийг нь шидвэл хэрэг нь баригддаггүй гэж ярьдгаа хулгайчид мөрдөн байцаагчид мэдүүлсэн байх юм. 

ҮЛДСЭН ХОНИЙГ НЬ ЧОНЫН АМ РУУ ХӨӨЖЭЭ

Үүр цүүрээр бой хийсэн хулгайчид үлдсэн малыг нь Хөх овоо руу туучихаад яваад өгч. Өөрөөр хэлбэл, чонын ам руу туусан гэсэн үг. Малчид “Ядаж эргүүлээд хот руу нь чиглүүлчихсэн бол хэдэн малаа чононд сэглүүлэхгүй байлаа” гэж ярьж байв. 

Х.Магсар гуайнх хаваржаандаа өвлийн байшинд амьдардаг. Тиймээс хоттой малыг нь хойноос нь иртэй мэсээр хөөж байгааг сонсоогүй юм билээ. Үүрээр хот нь эзгүйрснийг мэдэж араас нь эрэл болж. Гэгээ ороход Зүүн шандын жалган дээгүүр элээ, хон хэрээ эргэлдээд байхаар нь очтол сүргийнх нь сор хэдэн хонийн толгой, гэдсийг нь цувуулаад хаячихсан байж. Цаашлаад Хөх овоог давтал хээрийн нохой сүрэг хонь руу нь дайрч алахыг нь алж, сэглэхийг нь сэглээд хаячихсан байжээ. Тавь гаруй жил мал малласан хөгшин тийм дүр зургийг харах ямар байх билээ. Хэсэгтээ дуугаа хурааж, бодол болсон гэнэ. Алдсан хүн арван тамтай гэдэг үг малаа хулгайд алдсан малчдаас гарсан гэдгийн учир энэ биз. 

Нутаг усаараа хүндэлж явдаг гавьяат малчныхаа хотыг харлуулсан хулгайчид өөрсдөө мянгат малчдын хүүхдүүд байсан гэвэл итгэхэд бэрх. Гэвч тэд малын захад, өтөг идэж өссөн залуус байгаа нь харамсалтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна

-Охид цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэсчээ-

Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэсчээ. Хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, садар самуун үйлдэлд татаж байсан Ч гэгчийг баривчиллаа. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийнх нь хяналт сул байж болзошгүй охидыг судалж, танилцах хүсэлт илгээн сэтгэл зүйн эмзэг байдлыг нь ашиглан өөртөө татдаг аж. Дараа нь охидыг садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж, нүцгэн зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтад оруулдаг байжээ. Хамгийн сүүлд 16 нас хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт, шахалтад оруулаад байхад нь цагдаагийнхан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. 

Энэ нь цахим гэмт хэргийн нэг л тохиолдол гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Интернэтээр бусдыг дарамталдаг, шахдаг, садар самуунд уруу татдаг, заналхийлдэг этгээдүүд цөөнгүй байгааг анхааруулсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдний үйлдлийг тоймлон хүргэж байна. 

Зургаа дэлгэж, зовлон тоочсон охид олз болдог

Гэмт хэрэг үйлдэгчид facebook-тээ овог нэр гэхээс илүүтэй зохиосон нэрээр бүртгүүлдэг. Мөн байгалийн эсвэл гадаадын оддын зургаар facebook хуудсаа чимдэг аж. Тэдний хувьд өдөр тутмын амьдралаа facebook хуудастаа тоочдог охид олз болдог. Ихэвчлэн гадуур зугаалж яваа, найзуудтайгаа байгаа болон ганцаараа хэвтэж, суугаа зургаа тавьдаг охидыг тэд анхаарч эхэлдэг байна. Харин аав ээжтэйгээ хамт даруулсан зургаа дэлгэсэн охидоос болгоомжилдог гэнэ. Хаана яваагаа үргэлж зарлаж, “Өнөөдөр уйтгартай байна”, “Ганцаардаад байна”, ”Хамт зугаалах хүн байна уу” гэх мэтчилэн бичсэн охидод тэд найзлах хүсэлт илгээдэг. Найзаараа бүртгэж авсных нь дараа “Ийм хөөрхөн охин ганцаардлаа гэхэд сонин байна”, “Би ч мөн уйтгартай байна” гэхчилэн яриа өдөж танилцдаг гэнэ. Ингээд багагүй хугацаанд охинд санаа тавьж, интернэтээр халамжлан өөртөө дасгадаг аж. Харин дараа нь нэгийнхээ биеийн өө, сэвийг нуухгүй хэлцгээе гэх мэтээр нүцгэн зургийг нь харж, өөртөө хадгалж авдаг байна. Үүнээс эхлэн охидыг дарамталдаг гэнэ. Тэд “Нүцгэн зургийг чинь интернэтээр дэлгэлээ” гэж дарамтлан дахин садар самуун байдлаар зургаа харуулахыг шаардан, “Тэнд найзуудтайгаа байна. Ирэхгүй бол зургийг чинь дэлгэнэ” гэх мэтээр шахаж эхэлдэг байна. Охид ч үеийнхнээсээ, аав ээжээсээ айхдаа гэмт хэрэгтний хүссэн бүхнийг биелүүлж хохирогч болох ч тохиолдол гарчээ. Зарим нь шаардлагыг нь биелүүлээгүйгээс нүцгэн зургаа facebook-ээр тараалган, түүнээсээ ичин амиа хорлохыг завдсан ч тохиолдол гарсан байна. 

Facebook хуудсаар байсхийгээд л “Монгол охид ингэх ч гэж” гэсэн утга бүхий тайлбартай охидын нүцгэн зураг тардаг. Үүний цаана охид гэмт хэргийн хохирогч болсон байх магадлал байдгийг кибер гэмт хэрэг судлаачид хэлсэн. Тиймээс охидыг элдвээр зүхэхээс илүү цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мэдээлэл өгөхийг тэд сануулсан юм. 

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал гэдгийг цагдаагийнхан сануулсан. Хүүхдийнхээ онлайн ертөнц дэх найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй байж, найзуудтайгаа юуны талаар ярилцдаг, шөнө орой юу хийж байгааг нь анхаарч байхыг анхааруулсан юм. 

Хоол хүргүүлдэг халамжлагч нь мөнгө нэхжээ

Охидын хувьд интернэтэд хэтэрхий их мэдээллээ дэлгэдгээс үүдэж садар самуунд уруу татагдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог бол насанд хүрсэн, тодорхой ажилтай бүсгүйчүүд ч хохирох нь ихэсчээ. Тэд мөн л цахим хуудастаа бусдад олз болохуйц мэдээлэл үлдээж, зургаа дэлгэдгээс хохирогч болох зам нь нээгддэг байна. Facebook-ээр танилцсан боловсон залуу нь эхний үед халамжилж, ажил сургууль руу нь хоол хүртэл хүргүүлж байсан тохиолдол гарчээ. Сар гаруй ингэж халамжилсныхаа дараа араас нь мөрдөж, мөшгиж байна гэж айлгаж “Бусадтай уулзвал…” гэх мэтчилэнгээр дарамталсан байна. Эцэст нь мөнгө нэхэж, өгөхгүй бол бүх харьцаагаа дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлдэг болжээ. Ийм хэрэг үйлдэж байсан этгээд гурван бүсгүйг зэрэг дарамталж байсан нь ил болж, шалгагдаж байгаа аж.  

Энэ төрлийн хэргийн хохирогчид тогтсон ажил, тодорхой орлоготой байдаг аж. Тиймээс өөрийн нэр хүндэд нөлөөлөхүйц зураг, харилцаж байсан цахим захидал зэргийг нь олонд дэлгэхээс айж гэмт этгээдэд мөнгө өгдөг гэнэ. Харамсалтай нь гэмт этгээд мөнгө аваад салах нь ховор. Дахин элдвээр дарамталдаг аж. Тиймээс хохирогч болж байгаагаа мэдсэн даруйдаа гэмт этгээдтэй тохиролцох биш цагдаагийн байгууллагад хандахыг сануулсан. 

Танихгүй хүний найзлах хүсэлтээс татгалз

Хүн амьдрал дээр 100 хүрэхгүй найзтай байдаг. Харин цахим ертөнцөд 5000 найзтай, тэдэн дагагчтай гэж баярлах хүн цөөнгүй. Бүр интернэт дэх олон найзтай, хөөрхөн охид гэх жагсаалт ч харагддаг. Үнэндээ танихгүй хүн найзлах хүсэлт илгээвэл болгоомжтой байх, аль болох хүсэлтээс татгалзах нь хохирогч болохоос хамгаалдаг байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад “facebook, twitter-ээр танилцсан хүн маань дарамтлаад сүрдүүлээд байна” гэх гомдол их ирдэг болжээ. Ийм гомдлыг ихэвчлэн охид, бүсгүйчүүд өгдөг аж. Ихэнх нь найзын хүсэлт явуулсан танихгүй хүнийг бүртгэж, харилцсанаас гэмт хэргийн хохирогч болсноо мэдүүлжээ. Зарим “танихгүй” найз нь нүцгэн зургийг нь авчихаад олон нийтэд цацна гэхээс эхлээд онлайнаар секс хийсэн бичлэгээ найз залуу, гэр бүлийнхэнд нь үзүүлнэ гэж дарамталдаг аж. Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хуурамч хаяг нээж, бусдыг дарамталсан этгээдүүдийн хаягийг ил болгож, сэрэмжлүүлэг түгээдэг ч хохирогч өссөөр байгааг мэдэгдсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид “Тэр хүн надтай өөрөө танилцсан. Би тусалсан” гэх мэтээр үйлдлээ далдлахыг хичээдэг учраас буруутгахад хүндрэлтэй байдаг аж. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

PR

Бяцхан охин Кейтигийн аав “Гүүгл” компанид ажилладаг. Кейти тус компанийн захиргаанд хандаж, “Аав минь долоо хоногийн ганцхан бямба гаригт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гаригт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна” гээд “Жич, Аавын минь төрсөн өдөр лхагва гаригт тохионо. Жич, зун болж байна шүү дээ” гэж захидал бичжээ. Охинд “Гүүгл” компани хариу захидал илгээхдээ “Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа. Танай аав “Гүүгл” болон дэлхийн сая, сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм. Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долдугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна. Сайхан баярлаарай” гэжээ. Охины өнгийн харандаагаар бичсэн захидал, “Гүүгл” компанийн лого бүхий албархаг хариу нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Нэг хэсэг нь охины ухаалаг, хөөрхөнийг гайхна. Нөгөө хэсэг нь “Гүүгл” компанийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа уялдаатай ажилладаг гэж сайшааж байна. Охины хүслийг биелүүлснээ олон нийтэд дэлгэснээрээ “Гүүгл”-ийн удирдлагууд компанийнхаа сурталчилгааг хийчихлээ. Бас ажилтнууддаа амрах цаг бага олгодог сөрөг талаа олон нийтэд эвтэйхнээр ойлгуулчихаж байна. Олон улсад үүнийг PR-ийн нэг арга гэдэг. Харин манайхан PR-ийг нэгийгээ газар доогуур ортол муулах, сөрөг сурталчилгаа хийх гэж ойлгодог талтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Ц.Эрдэнэцэцэг: Ерөнхийлөгч дүүд минь уучлал үзүүлж шүүгчдийн алдааг заслаа

-Орон нутаг дахь шүүх, прокурорын цус ойртсон бүлэглэлийг задлах хэрэгтэй байна-

Анхан шатны шүүхийн шүүгчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Ц.Батцогтыг гэм буруутайд тооцож ял өгчээ. Түүнийг ялаа эдэлж байхад хуулийн байгууллагын ажилтан зодож, хүнд гэмтэл учруулсан байна. Ийн шүүгдэхгүй хэрэгтээ шүүгдэж ял эдлээд гарсных нь дараа нэг жил найман сарын дараа хуулийнхан хэргийг нь дахин сэргээж нэг хэрэг дээр хоёр дахиа ял оноожээ. Хуулийнхны хууль бус үйлдлээс болж хохирсон түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гаригт уучлал үзүүлсэн байна. Ц.Батцогт хуулийнхны хууль бус үйлдлээс болж өдгөө Ховд аймагт хэвтэрт байгаа талаар эгч нь ярьсан. 

Түүний эгч Ц.Эрдэнэдэлгэртэй утсаар холбогдож ярилцлаа. 

-Дүү тань суллагдчихсан уу. Бие нь гайгүй юу?

-Ховд аймгийн хорих 457 дугаар ангиас өчигдөр суллагдлаа. Суллагдахаасаа өмнө Баруун бүсийн эрүүл мэндийн төвд 10 хоног эмчлүүлсэн. Тэндээсээ хорих ангийн эмнэлэгт шилжсэн. Одоо бие нь тун тааруу байна. Шоронд орсноосоо хойш 13 кг турсан. Яс арьс болжээ, миний дүү. Бөөрнийхөө өвчнөөс болоод даралт нь байнга ихэсдэг. Гэрээрээ жаахан эмчилгээ хийлгэчихээд хөдөө аваад явах санаа байна. Хөдөө хэд хонуулчихаад Тайланд руу авч явж эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна. Цэл залуу, эрүүл саруул хүүгээ хуулийнхны гарт өгөөд дөрвөн жилийн дараа тахир дутуу, эдгэх эдгэхгүй нь мэдэгдэхгүй өвчний үүр болгоод авч байна даа. Хуулийнхан өс санавал хүнийг сүг болгодог юм байна. Харин Ерөнхийлөгч тэдний алдааг олж харж уучлал үзүүлж аминд нь орлоо. Тэгээгүй бол Монголын шоронд Д.Амарсайхан агсны дараа дүү минь үхэх байлаа. 

-Ямар ч байсан уучлалаар суллагдлаа шүү дээ. Дүүдээ сэтгэлийн дэм өгч байгаа биз дээ. Эрх чөлөөтэй байхад эмчлүүлж болно шүү дээ?

-Тэгж л итгэж байна. Дүү минь манайхны бага нь. 32 настайдаа энэ хэрэгт холбогдсон. Одоо 36 настай. Тухайн үед ээжтэйгээ амь­дардаг байлаа. Бага хүүгээ хэрэгт холбогдож, шорон дамжсанаас хойш муу ээж минь сэтгэлээр унасаар байгаад бурхны оронд очсон. Арай гэж ялтан гэдэг нэрнээс салаад ирэхээр ээж нь байхгүй байхаар ямар байх билээ. Сэтгэлээр унаад бидэнтэй дуугарах ч үгүй юм. Энэ хэрэгт холбогдохоос өмнө найз бүсгүйтэй байсан. Гэтэл хоёр дахь удаагаа ял авлаа гэх үед тэр бүсгүй нь холбоогоо тасалчихсан. Одоо энэ хүн түшээд авах ээж, ханилах ханьгүй ах, эгч нараа харсан л хүн үлдлээ. 

-Анх юу болсныг та яриач. Дүү чинь яагаад шалгагдсан юм бэ?

-Эгчтэйгээ хамт 2010 оны есдүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн боомт руу ачаа ачихаар явсан юм. Тухайн үед дүү минь гадаад паспортгүй байсан болохоор эгч нь хил даваад өөрөө наана нь үлдсэн юм билээ. Ингээд найзындаа очиж хонохдоо нэг шил архи хувааж ууцгааж. Тэгэхдээ Р.Ганхүү гэдэг залуутай маргалдаж, зодуулж. Зодуулчихаад нөгөөхөө өсч зодно гээд согтуу явж байхдаа Д.Нямдорж гэдэг нөхөртэй таарч зодолдсон байна. Зодолдохдоо модоор Д.Нямдоржийн толгойг цохиж хөнгөн гэмтэл учруулсан юм билээ.

Д.Нямдоржийн эгч Д.Эр­дэнэчимэг нь өмгөөлөгч уч­раас цагдаад мэдэгдэж дүүг минь баривчлуулсан байдаг. Саяхан би хотод ирж зодоон болоход хамт байсан гэрчтэй уулзлаа. “Ер нь бол Баяраа эхэлсэн юм билээ…” гэдэг киноны үг шиг Д.Нямдорж эхэлж зодсон юм байна. Эрчүүдийн хоорондох зодоон ийм том асуудалд хүргэчихлээ. Тухайн үед Д.Ням­доржийн эгч “Бие нь зүгээр бол цагдаа, шүүх гэхгүй” гэж хүртэл хэлж байсан. Мөр­дөн байцаагч нь хүртэл “Чамаас их хэмжээний мөнгө авах гэж байгаа. Наад хэргээ прокурор дээр хаалгачихаж чадахгүй байна уу” гэж хүртэл дарамталж байсан. Тухайн үед бидэнд тийм их мөнгө байгаагүй л дээ. 

-Тэгээд дүүг тань эрүү­гийн хэргээр зүйлчилж ял оноосон юм уу?

-Ховд аймгийн прокурорын газ­раас дүүг минь зэвсгийн чанартай зүйл (Мод) ашиглан бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. Харин сум дундын нэгдүгээр шүүх хэргийг 2011 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж, дүүд минь холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, гурван сар баривчлах ял оноосон. Тухайн үед хэргийг шүүгч Б.Батсүх, Д.Дима, Л.Гэрэлмаа нар шүүсэн юм. Гэтэл Эрүүгийн хэр­гийн байцаан шийтгэх хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байсан юм байна. 

-Энэ тухай та нар мэдээгүй байсан юм уу?

-Орон нутгийн хуулийн ажилтнууд бүгд холбоотой ажилладаг. Хохирогч Д.Ням­дор­жийн эгч өмгөөлөгч. Түүнийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч бүгд танина. Тийм болохоор шүүхэд нөлөөлөхгүй гэх үндэслэлгүй. Манай өмгөөлөгчөөр ажилласан хүнийг нотариат ажиллуулдаг гээд өмгөөлөх эрхийг нь хасчихсан. Тиймээс бид айгаад давж заалдаж чадаагүй. Тэгээд ч “Хүний хүүхэд зодчихоод төрөөс өгсөн гурван сар хоригдох ялыг эдлээд гараад ирэг” гээд өнгөрсөн юм. Гэтэл шүүгчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анзаараагүй алдаа гаргасан гэдэг нь сүүлд тодорхой болсон. 

-Гурван сар хоригдож байхдаа зодуулсан гэсэн үү?

-Баривчилгааны ялтай хүнийг хорихын гадна гаргаж ажил хийлгэдэггүй, нийгмээс тусгаарлаж ганцаарчилсан байдлаар шийтгэдэг юм билээ. Тэгтэл хорихын ажилтнууд дүүг минь гадуур гаргаж ажил хийлгэсэн. Тэгээд зогсохгүй ажил хийж байхад нь 457 дугаар хорих ангийн төлөөлөгч Махбат “Даргын машинд хүрлээ” гэдэг шалтгаанаар зодож, хорих ангийн шалан дээр нүцгэнээр нь хэвтүүлж бороохойдоод алах шахсан. Зодуулсан шөнөө дүү минь босч чадахгүй цусаар шээж хоносон байдаг. Маргааш нь манай дүү эргэлтээр очоод зодуулсныг нь мэдсэн. Ингээд прокурорт гомдол гаргаж дүүг минь Баруун бүсийн оно­шилгооны төвд аваачихад даралт нь 180, зүрхний цохилт нь 140, цусаар шээсэн, бүх бие нь хөх няц болчихсон ухаангүй ша­хам байсан. Шинжилгээгээр бөөрнөөс их хэмжээний цус алдсан нь тодорхой болсон учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Үүнээс болж одоо даралт нь байнга ихэсдэг. Жаахан хөдөлгөөнтэй байвал цус алдчих гээд байдаг болсон. Ерөөсөө л хэвтэрт орсон доо. 

-Дүүг тань зодсон төлөөлөгчид хариуцлага тооцсон уу?

-Махбат гэдэг нөхөр “Урьд орой нь эхнэртэйгээ хэрэлдээд уурандаа чамайг зодчихлоо. Уучлаарай. Ах нь хэдэн төгрөг өгөх вэ” гэсэн байна лээ. Хуулийн байгууллагад хандсан ч хэр­гийг нь хаачихсан. Модоор хүний толгой цохиод хөнгөн гэмтэл учруулахад ял өгдөг атлаа төрийн төлөөлөгч бус­дыг нүцгэлж байгаад бороохойгоор зодож, тамлаад хүнд гэмтэл учруулахад шүүх хэргийг нь хаадаг юм билээ. Одоо тэр залуу Хэнтий аймгийн хорих ангийн даргаар ажиллаж байгаа гэсэн. Махбатын хэрэг Ховд аймгийн прокурорын газрын Цэцэгмаа гэдэг прокурор дээр байсан. Тэр прокурор миний дүүгийн зодуулсан хэргийг зургаан сар хяначихаад шүүх хуралдаанд улсын яллагчийн хувиар биш Махбатын өмгөөлөгч аятай оролцсон. Шүүх хэргийг хэ­рэг­сэхгүй болгосны да­раа Цэцэгмаа прокурор “Манайх дээрээсээ босоо удирдлагатай. Дарга нар ингэ, тэг гээд байхаар яах юм бэ” гээд Махбатыг ажлаас нь ч түдгэлзүүлээгүй. Орон нутагт хуулийн байгууллагынхан яллагч, шүүгч, хянагч гээд бүгд нэг талд байдаг юм байна. 

-Зодуулаад эмнэлэгт бай­хад гурван сар баривчлах ял нь дууссан уу?

-Ховд аймгийн эмнэл­гээс гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд хотод авчирсан.Хотод ирээд шинжилгээ хийлгэхэд зүүн бөөр томорсон, уураг их хэмжээгээр алдаж байна гэж оношлогдсон. Шинжилгээнд явж ирээд аймагт эмнэлэгт хэвтэж байхад ялынх нь хугацаа дуусаад суллагдсан. Суллагдсан ч бие нь дээрдээгүй. Эмнэлэг дамжаад хэвтэж бай­тал Махбатыг шүүх хурал болоод дахиад л шүүхээр явж эхэлсэн. 

-Зодуулж хэвтрийн өвчтэй болсон ч ял эдлэх хугацаа нь дуусчээ. Яагаад хоёр дахиа шүүгдэхээр болчихсон юм бэ?

-Дээр хөөн хэлэлцэх хуга­цаа нь дууссан хэрэгт ял өгсөн гэсэн шүү дээ. Тий­мээс шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж ял эдэлсэн бол гурван сар хилсээр хоригдсонд тооцож хохирлоо барагдуулдаг юм байна. Амьдралын боломж тааруу хүмүүс хэцүү юм байна шүү дээ. Хэдэн төгрөг олдвол хэв­тэрт байгаа дүүгээ Тайланд руу эмчилгээнд авч явъя гэж бодсон юм. Тэгээд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Тэндээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан юм билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл ч арга хэмжээ авч Д.Дима, Л.Гэрэлмаа нарын зэр­гийг нэг жилийн хугацаатай буу­руулсан. Б.Батсүх шүүгч өөрөө архи уугаад ажлаасаа халагд­чихсан юм билээ. Дараа нь Ерөнхийлөгч алдаа гаргасан гэдэг үндэслэлээр Д.Дима, Л.Гэрэлмаа нарыг шүүгчээр дахиж томилоогүй. Эхлээд өм­гөөлөгчийн хувийн өс хонзонгоор дүү минь хилсээр ял эдэлсэн. Хуулийнхны дараагийн өшөө авах сэдэл нь энэ. Дүүгээс минь болж шүүгчээр ажиллах эрхээ хасууллаа гээд л хонзон санаж эхэлсэн. 

-Юу гэсэн үг вэ. Тэд хэргийг сэргээхгүй биз дээ?

-Бид гэм хороо арилгуу­лахаар Ховд аймгийн анхан шатны шүүхэд хандахад анх гурван сар баривчлах ял оноо­сон шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл прокурор дүүг минь ялаа эдэлснээс хойш нэг жил найман сарын дараа эсэргүүцэл бичиж хэргийг задлуулахаар болсон. Хуу­лиараа бол шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм билээ. Гэтэл Ховд аймгийн давж заалдах шүүх 1.8 жилийн дараа прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад 2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хэргийг задалчихсан. Ийм шийдвэр гаргасан М.Нямбаяр гэдэг шүүгч нь өөрөө Д.Диматай ах дүү юм билээ. Өөрөөр хэлбэл, Д.Дима шүүхэд нөлөөлсөн гэж хардах үндэслэлтэй. Ерөөсөө Д.Димаг миний дүүгээс болж ажилгүй болсон гэж хорсохдоо хэргийг нь задалсан байх.  

-Тэгээд Ховд аймгийн шүүх дахиад ял өгсөн юм уу?

-Энэ хэрэг чинь сэргэнэ, сэргэхгүй гэж Ховдын шүүхээр орсоор байгаад задарсан хэргийг нь шүүх шүүгчгүй болчихсон. Тэгээд харьяалал тогтоолгоод Увс аймгийн сум дундын шүүхээр шүүлгэхээр боллоо. Увс аймгийн сум дундын шүүх хэргийг 2013 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хэлэлцээд дүүд минь 3.4 жилийн хорих ял оноочихсон.

-Д.Нямдоржийг зодсон гэдэг хэргээр нь дахиад ял өгчихөж байгаа хэрэг үү?

-Тийм. Нэг хэргээр хоёр дахиа ял өгч хууль зөрчсөн гэсэн үг. Ингэхдээ өмнө нь биеэр эдэлсэн гурван сарын баривчлах ялыг нь 90 хоног цагдан хоригдсонд тооцно гээд захирамж гаргачихсан. Өмгөөлөгч маань “Энэ хэрэг­тээ шийтгэлээ хүлээгээд сул­лагдчихсан шүү дээ” гэсэн ч “Зөнөчихсөн хөгшин донгос­лоо” гээд хүлээж аваагүй. 

-Та бүхэн дараагийн шат­ны шүүхэд гомдол гаргасан биз дээ?

-Гаргасан. Хяналтын шат­ны шүүхэд гомдол гаргаад хэрэг нь шийдэгдтэл дүү минь Увс аймгийн хорих ангид хэвтэж байгаа хэрэг. Эмчилгээ хийлгэхгүй л бол даралт нь ихсээд цус алдчих гээд байдаг гэж ярьсан шүү дээ. Давах болон хяналтын шатны шүүх анхан шатныхаа хууль бус шийдвэрийг хэвээр үлдээчихсэн. Хяналтын шат­ны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2014 оны гуравдугаар сард дүү минь Ховд аймгийн хорих ангид ачигдаж ирсэн. Ирээд мөн л хэвтэрт байсан. Хорихынхон дүүг минь босгож болохгүй гэдгийг бүгд мэддэг болчихсон байсан. Хэвтэрт байсан ч бие нь муудаад болохгүй Баруун бүсийн эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн гэж дээр ярьсан шүү дээ.

-Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй. Тиймээс Ерөн­хийлөгчөөс уучлал хүссэн юм уу?

-Бид юугаа мэдэх билээ. Дүү минь үхдэл болоод Ховдын шоронд хэвтэж байсан. Бид гадна нь яахаа мэдэхээ больсон хүмүүс байлаа. Тэгж байтал Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж баруун аймгуудад ажиллах үеэрээ Ховдод ирсэн. Учир байдлыг нь хэлэхэд “Ийм хууль бус үйлдэл байж болохгүй. Хүний эрхийн ноцтой зөрчил. Ерөнхийлөгчид өөрийн биеэр хандаж уучлал хүснэ. Үүнээс өөр гарц байхгүй” гээд явсан. Тэр дагуу Ерөнхийлөгчид хандаж, үйл явдал өрнөсөөр Ерөнхийлөгч хууль бус үйл­дэл болсныг мэдэж уучлал үзүүлсэн. Эрүүгийн хуулийн зургадугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг юм байна. Тиймээс Ерөнхийлөгч төрийн алдааг уучлалаараа залрууллаа. 

-Дүү тань уучлагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял оноосон шүүгчид, шоронд зодсон төлөөлөгч, дахиад тэр хэргээр нь ял оноосон шүүгчдэд гомдолтой байгаа биз дээ?

-Гомдоод барахгүй байна. Шүүх, прокурорын цус ойртсон, мафиж­сан бүлэглэлээс болж нэг монгол залуугийн амьдрал сүйрлээ. Насаараа хэвтэрт байх өвчтэй болсон хүн амьдрал сүйрлээ гэхээс өөр яах билээ. Орон нутаг дахь хууль, шүүхийнхний цус ойртолтыг задалж өгөөч гэж бодлого барьдаг хүмүүсээс нь хүсмээр байна. Тэгэхгүй бол ах дүү, төрөл садан, найз нөхөд болсон өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид хүний эрх зөрчсөөр байна шүү. Түүний нэг жишээ нь дүү минь. Тэд өөрсдийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийг яаж ч мэдэхээр юм байна. Харин Хүний эрхийн үндэсний комисст асуудал нь хүрсэн тулдаа Ерөнхийлөгч зарлиг гаргаж дүү минь шоронд үхэхээс аврагдлаа. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нас барсан хүнийг шүүсэн шүүх ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм

Монголын шүүх анх удаа нас барсан хүнийг шүүж, гэм буруутай гэж үзлээ. Монголчууд “Талийгаачийн нэрийг дурсаж ясыг нь өндөлзүүлэхгүй” гэдэг дээ. Тэгтэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор хуралдааны эхэнд шүүгдэгчдийн биеийн байцаалтыг уншихдаа “Шүүгдэгч Д.Амарсайхан… онд төрсөн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан. … хаягт эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэж торохгүй уншив. Ядаж “байсан” гэдэг өнгөрсөн цагийн үг хэрэглэсэнгүй. Дараа нь улсын яллагч “Д.Амарсайхан нь Х.Анхбаярын 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авч онц их хэмжээний хээл хахууль авсан гэм буруутай тул яллаж байна” гээд ялын тогтоол унших юм. Өмгөөлөгчдийн нэг нь арга ядахдаа “Эхлээд талийгаач Д.Амарсайхан агсны хэргийг тусгаарлах юм уу, хэрэгсэхгүй болгоод өгөөч. Дараа нь бусад шүүгдэгчдийн хэргийг хэлэлцье. Нас барсан хүнийг шүүж болдоггүй биз дээ” гэж учирласан ч шүүгчид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хуралдаан дээр ерөөсөө л “Д.Амарсайхан авлига авсан буруутай тул…” гэдэг асуудлыг хэлэлцлээ. “Өдрийн сонин” шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр гээд байгаагийн учир энэ. Өнөөдөр шүүх ийм л ухаангүй байна. Байтлаа талийгаачийн зургийг шүүгдэгчийн ширээн дээр тавьчихаад гэм бурууг нь хэлэлцэх шахав. Байсхийгээд л “Д.Амарсайхан нь…” гээд цоллоод байх ар гэрийнхэнд нь хүнд байгаа нь хуралдааны үеэр ажиглагдсан. Өндөр настай аав нь нулимс дуслуулан сууна билээ. Монголын шүүх ухаалаг байсан бол шүүх хуралдаанаас өмнө Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Хэрвээ нас барсан хүнийг цагаатгахаар хандсан бол энэ заалт үйлчлэхгүй гээд тодорхой заасан. Ар гэрийнхэн нь талийгаачийг цагаатгах хүсэлт гаргасан бол л хэргийг шүүхээр хэлэлцэх боломж байсан.  Гэтэл ухаалаг биш шүүх нас барсан хүнийг шүүж, талийгаачийн өмнөөс өмгөөлөгч нь ярьж байгааг сонслоо. 

Шүүх ийм ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм. Д.Амарсайхан агсанд холбогдох хавтаст хэрэгт түүнийг яллагдагчаар татсан тогтоол алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүхэд шилжүүлдэг. Шүүх гэм бурууг хэлэлцдэг. Гэтэл сэжигтнийг шүүхэд шилжүүлснээ улсын яллагч нь “Техникийн алдаа. Д.Амарсайханыг яллагдагчаар байцаасан” гэв. Талийгаач өндийгөөд “Тийм ээ, намайг яллагдагчаар байцаасан нь үнэн” гэхгүй нь харамсалтай хэрэг. 

Монголын шүүх ухаалаг байсан бол хүн бүр шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалтыг мөрдөх байлаа. Д.Амарсайхан агсныг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гаргасан. Үр дүнд нь тэрээр шоронд амиа алдсан. Гэтэл яг тэр шүүх хэргийг нь хэлэлцэж ашиг сонирхлын зөрчилтэйгээ харууллаа. “Хэрвээ Д.Амарсайхан агсан гэм буруугүй нь тогтоогдвол, түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан шүүгчид буруудна. Улмаар эрүүгийн хариуцлага ч хүлээж мэднэ. Тиймээс өөрсдөө хариуцлага хүлээхгүйн тулд Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцож, ял оноох нь. Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн төлөөх байгууллагууд үүнд анхаараач” гэж “Өдрийн сонин” бичиж байсан. Ийм ашиг сонирхлын зөрчил байхад шударга шүүх ярихын ч хэрэггүй. Яг энэ ёсоор ашиг сонирхлын зөрчилтэй Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Д.Амарсайхан агсан, Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань нарыг шүүсэн. Өмгөөлөгчид нь ч хуралдааны турш  “Та нарыг шударга шүүнэ гэдэгт эргэлзэж байна” гэж тоть шиг давтсан. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүх Д.Амарсайхан агсныг орон сууц хээл хахуульд авсан гэж шийдвэрлэсэн ч нас барсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Харин Х.Анхбаярыг түүнд авлига өгсөн гэж гурван жил хорих ял оноолоо. Харин авлигын гэх байрны эзэн Ц.Чандмань, тэдний дунд зуучилсан гэх Н.Отгонболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Ц.Чандманийн нэр дээр байдаг, түүний өмч болох орон сууцыг улсын өмч болгох шийдвэр гаргалаа. Гэм буруугүй нь тогтоогдсон хүний өмчийг хурааж авах шийдвэр гаргасан нь хачирхалтай. Ц.Чандманийг буруугүй гэж үзэж байгаа нь түүний нэр дээр байдаг орон сууц авлигынх биш, харин өөрийнх нь өмч мөн гэдэгтэй агаар нэг. Жил шахам шалгагдаад гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосон Ц.Чандмань одоо 494 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө хаанаас олж авах вэ. Үнэхээр түүний өмч болох орон сууц авлигынх юм бол авсан, өгсөн, зуучилсан бүгд шийтгэл хүлээх хуультай. Гэтэл нэг талыг гэм буруугүйд тооцож байгаа нь ерөөсөө л авлигын хэрэг биш гэдгийг илтгэж байгааг хуульчид ярьж байна. Ёстой л “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид уснаас хуурай гарахын тулд өөр нэг хүнд ял тулгаж, амьдралаар нь тоглоод байх шиг. 

Шүүхийн шинэчлэл яриад олон жил боллоо. Гэвч шинэтгэл хийгдэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ч.Хүрэлбаатар гишүүн “Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд байдаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүн шоронд үхэж байна. Үхсэн хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. 1937 онд хүн хэлмэгдүүлээд буудаж алдчихаад ял өгч байсан тохиолдол олон байдаг юм гэнэ лээ. Тэр жишиг рүү орж байгаа юм уу” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг үнэн гэдгийг олон хүн хэлж байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мэдмээр юм байна

Хүн бүр хуульч байх шаардлагагүй. Харин хуулийн наад захын мэдлэгтэй болмоор юм байна. “Таван сая фунт хожлоо” гэсэн захидал хүлээж авсан залуу 50 сая төгрөгөөрөө хохирсон талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Цаад нөхөр нь үнэмшил төрүүлэхүйц баримт харуулчихаад л татвар болох арван хувь, банкны данс нээх мянган фунт, банкны шимтгэл 12 мянган фунт явуул гэх мэтээр захидал илгээж мөнгө аваад байсан гэдэг. Хохирогч орлогоос нь татвар, шимтгэлийг суутгаад авдгийг мэдсэн бол юу гэж 50 сая төгрөгөө алдах билээ. Манай хуульд ч ингээд заачихсан байдаг. Дэлгүүрийн азтанаар шалгараад хожсон мөнгөө авахад арван хувийг нь татварт суутгаад авчихсан байдаг шүү дээ. Байгууллагаасаа 300 мянган төгрөгөөр шагнуулсан бол 270 мянга нь гар дээр нь ирдэг. Ийм энгийн зүйлийг анзаардаггүй, мэддэггүйгээсээ бусдад олз болж байна. Бас цаадах нөхдүүд “Шаардсан мөнгийг хугацаанд нь шилжүүлэхгүй бол Олон улсын шүүхэд хандана” гэж айлгадаг. Эх орондоо байгаа хүнийг гадаадын хуулийн байгууллага шалгах, байцаах бол эхлээд тухайн улсын хуулийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд манай улсын хуулийн байгууллага иргэнээ дуудаж асуудлыг тодруулдаг. Энэ мэт энгийн зүйлсийг мэдмээр юм байна шүү. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР