Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авьяаслаг монголчууд”-аас авьяастан “но”-гүй тодроосой

“Авьяаслаг монголчууд” шоунаас аль талаас нь бодсон ч авьяастан “но”-гүй тодроосой. Энэ бол шоу шударга байгаасай гэсэн монголчуудын хүсэл. Яагаад гэвэл “Авьяаслаг монголчууд” шоу нэг телевизийн бүтээл биш олон нийтийн ажил болсон. Дэлхий даяар 500 сая үзэгчтэй, “YouTube”-д зургаан тэрбум удаа үзсэн амжилттай улс үндэстнүүдийн бахархан, хайрлах авьяастнаа тодруулдаг “Got talent” шоуг Монголд хийх эрхийг “Монгол ТВ” авч чадсан. Бас өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос хойш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” чадлаа. Бүр энэ шоуны шалгаруулалт бүх нийтийн ажил болчихлоо. Уг шоунд оролцсон 2000 гаруй авьяастнаас шилдгийн шилдгийг маргааш шалгаруулна. Хагас финалын шалгаруулалтад үлдсэн 32 оролцогчоос үзэгчдийн шалгаруулалт, шүүгчдийн саналаар найман оролцогч үлдсэн. Тэднээс чухам хэн нь шижир алт шиг авьяастан бэ гэдгийг хүмүүс бүх нийтээрээ ярьж, хэлэлцэж байна. Ням гаригийн үдэш нэг айлд байгаа утас бүрээс мессэж нисч, нэвтрүүлгээ үзээд сууж буй хүн бүр шүүгчийн ажлаа идэвхтэй хийж байгаа. Ням гаригийн үдэш facebook, twit­ter тэр чигээрээ “Авьяаслаг монголчууд”-аар амьсгалж, тэнд байгаа хүн бүр шахам санал, сэтгэгдлээ хуваалцдаг. Маргаан, хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон. Шилдэг оролцогчдын цахим хуудас цөөхөн минутын дотор хэдэн мянган лайк авч, найзын хүсэлтээр дүүрчихдэг. Үүгээрээ “Авьяаслаг монголчууд” нэг телевизийн ажил биш нийтийнх болсон гэж хэлээд байгаа юм. Баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр, “Янзаган хүрээ”-гийн тэмүүлэлтэй охид, уянгалаг эвлэг дуулдгаараа үзэгчдийг татаж байгаа О.Баярсайхан, бүжгээрээ үзэгчдийг хөөргөж орхисон Б.Тэмүүлэн, М.Халиун, тэнцвэртэй нугараач Э.Нарангарав, хамгаалалтгүйгээр агаарт үзүүлбэр үзүүлж шүүгчдийг уйлуулсан А.Уранбилэг, авьяас л байвал үнэтэй хөгжим чухал биш гэдгийг харуулсан өхөөрдөм хүүхдүүдийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн лимбэний битүү амьсгааны гайхамшгийг мэдрүүлсэн лимбэчин Б.Мягмарцэрэн, түүний хамтрагч ёочинч Х.Бархүү нарын нэг маргааш шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болно. Хамгийн гол нь Монголоос шалгарсан авьяастан гэдэг алдрыг хүртэж, од болно. Энэ шалгаруулалт шударга болж, жинхэнэ шижир алт шиг, хэн ч маргахааргүй авьяастан шалгараасай гэж үзэгчид хүсч байгаа. Энэ нь хүмүүсийн facebook, twitter хуудсандаа бичсэнээс нь, шоуг зохион байгуулагчдын цахим хуудаст үлдээсэн сэтгэгдлээс мэдрэгдэж байна.

“Авьяаслаг монголчууд” шоу Монголоос онцгой авьяастанг тодруулах зорилготой. Түүнээс биш урлагт дуртай, өнчин, хэцүү амьдардаг, гачигдалтай нэгнийг хоолонд хүргэх зорилго агуулаагүй. Урлаг өөрөө хатуу, харгис байдаг. Хөөрхий минь, өрөвдөлтэй амьдарсан юм гэж урлаг уруулаа дэвсэж хүлээж авдаггүй. Урлагийн ертөнцөд хэн авьяастай, хэн шижир нь алдар хүндийн оргилд хүрч, арай тааруухан нь мартагддаг жамтай. Урлагт баян, хоосон, өнөр олуулаа эсвэл өнчин ядуу гэсэн шалгуур байхгүй. Авьяас ч баян хоосон, өнчин ядуу гэсэн тавиланг харж заяадаг юм биш. Хэнд ч авьяас заяаж болдог. Өөрт заяасан авьяасаа олон түмнээр шүүлгэж, үнэлүүлж, сэтгэлд нь хүрч чадвал урлаг хаалгаа нээгээд угтдаг жамтай. Тиймээс урлагт тэнцэхүйц, алдар хүндийн оргилд хүрэхүйц авьяастанг шалгаруулж чадвал “Авьяаслаг монголчууд” шоунаас хүлээж байсан үр дүн гарна. Монголчууд тэр чигээрээ энэ шоуг үзэж, оролцогчдыг нь шүүж байгаа. Тиймээс ард түмний хүссэн, хүлээсэн авьяастан шалгарвал аяндаа од гэх үнэлэмжийг хүртэнэ. Харин үзэгчид ялагчид сэтгэл дундуур үлдвэл хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл буурах аюултай. Тиймээс доороо суурьтай, дотроо бодолтой ажиллаж, олон түмний сэтгэлд нийцсэн том шоугаа үр дүнтэй дуусгаарай гэж хэлмээр байна.

Шоу эхэлснээс авахуулаад шилдэг наймыг шалгаруулах хүртэл шүүгчдийг ажиж байхад өрөвдсөн, популизм хийсэн өнгө аяс харагдах юм. “Ардын хүүхэд”, “Хөөрхөн охин”, “Өнчин юм” гэх зэрэг популимз хийсэн зүйл ярьж, нялуун зан гаргацгаалаа. Баргил хоолойтой барилгачин залуугийн авьяас үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөнтэй хэн ч маргахгүй. Харин түүний гэрт очиж, аж амьдралыг нь харуулсан нь авьяастанг хайх гэхээсээ илүү уянгын нэвтрүүлэг шиг харагдана лээ. Ямар сайндаа “Барилгачин Баярааг орон сууцанд оруулъя” гэх хөдөлгөөн өрнөх вэ. Барилгачин Баяраа шижир авьяасаараа тодроод ирвэл байртай болохоос илүү сайхан амьдрал түүнийг хүлээж байгаа. О.Баярсайханы финалын шатанд дуулсан дуунаас нь үүдэж шүүгчид аавгүй өссөн хүний зовлон ярьж, нийгмийн эмзэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх дөхсөн. “Нарны охид” хамтлагийн багш манай сонинд өгсөн ярилцлагадаа үүнд эгдүүцсэнээ илэрхийлж “Шоуны дараа шүүгчдэд тэсэлгүй хэлчихсэн. Хэн нэгний эмзэг асуудлыг сөхөж өрөвдүүлэх байсан бол манай охидын нэг нь ээжтэйгээ хоёулхнаа, гэрт ядруухан амьдардаг. Түүнийгээ яривал ярих байсан. Гэвч энэ шоу авьяастанг шалгаруулах зорилготой учраас авьяасаа л үзүүлье гэсэн” хэмээн ярьсан билээ.

Уран нугараач бүсгүй хамгаалалтгүйгээр, анх удаа агаарт үзүүлбэрээ үзүүлэхэд эмэгтэй шүүгчид өрөвдсөндөө уйлж, тэр сэтгэгдлээ илэрхийлсэн. Урлагийн ертөнцөд үзэгчид эрсдэлийг биш авьяасыг үнэлдэг жамтай нь хатуу. Тайзан дээр анх удаа юу, олон жил үү гэсэн шалгуур байхгүй. Зөвхөн үзэгчид баясч, сэтгэлийн жаргал мэдрэхийг л хүсдэг. А.Уранбилэг монголчуудын сэтгэлийг хөөргөж, баясгаж чадсан. Тэглээ гээд шүүгчид өрөвдөж, уйлах нь илүүц харагдана лээ. Ийм нялуун, популимз хийсэн зан “Авьяаслаг монголчууд” шоунд хэрэггүй. Тиймээс маргааш болох тоглолт дээр шүүгчид оролцогчдын амьдрал ахуйг битгий яриасай. Бас эмзэг сэдэв дээр нь бүү тоглолт хийгээсэй. Тийм популимз хийх бол үзэгчдийн өгөх саналд нөлөөлөхгүй байгаасай. Шүүгчид ч, үзэгчид ч авьяас, дахиад авьяас гэдэг шалгуураар шүүж шижир алт шиг авьяастай нэгнийг тодруулаасай. Үүний тулд дэлхийн хэмжээний шоуг Монголд амжилттай зохион байгуулж чадсан “Монгол ТВ”-гийнхэн анхаарна биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Гадны улсууд манай хүний эрхийн төлөв байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Манай улсын Засгийн газар дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан явуулж, хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцүүлдэг болсон. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 129 зөвлөмжийг Засгийн газарт өгч байсан бол энэ онд 164 зөвлөмж өгсөн. Мөн Засгийн газар НҮБ-аас баталсан хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийг дөрвөн жил тутамд тайлагнах үүрэг хүлээдэг. Үүнээс хүний эрхийн төлөв байдлыг дүгнэх боломжтой.

Монгол Улсын Засгийн газар энэ онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орсон нь том үйл явдал. Гэхдээ энэ нь гоёж бахархахаас илүүтэй олон улсын өмнө итгэл хүлээж байгаа үйл явдал. Өөрөө илүү байж бусдын асуудлыг шүүн тунгааж хэлэлцэх болно. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЭҮК хүний эрхийн бүхий төлөв байдлын талаар 14 удаагийн илтгэлээ гаргасан. Гагцхүү бидний тавьсан санал, зөвлөмжийг УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар биелүүлдэг байвал ахиц гарах юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг Засгийн газарт бий. Үүргээ биелүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгэм, хууль зүйн баталгаагаар хангаж өгөх ёстой.

Өнөөдөр хууль зүйн баталгаа харьцангуй сайн байгаа. Нийгэм, улс төрийн баталгаа ч байна. Харин эдийн засгийн баталгаа дутагдаж байна. Монгол Улс одоо тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн хүндрэлээр олон улсад шалтаг тоочиж суух эрхгүй болсон.

-НҮБ-д хүргүүлсэн Засгийн газрын тайлан дээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд байдал харин ч дордсон тухай бас тайлан хүргүүлсэн. Аль нь бодитой бол?

-Бид ч бие даасан, хараат бусаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажилласан ч хангалттай байгаагүй. Зарим тохиолдолд зөвлөмжөөс харин ч ухарсан шийдвэр гаргасан. Тухайлбал, Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүл гэж зөвлөхөд нь эсрэгээрээ татан буулгачихсан. Үр дүнд нь цагдаа, мөрдөн байцаах албанд эрүүдэн шүүх зөрчил ихэссэн. Манайд эрүү шүүлт тулгасан тухай өргөдөл маш их ирж байгаа. Бид прокурорт асуудлыг шилжүүлдэг ч эрүү шүүлт тулгасан нь тогтоогдохгүй байна гэдэг хариу л ирдэг.

Гэтэл ЦЕГ-ын Хэвлэлийн албаны дарга сарын өмнө “Бид гарч байгаа зөрчлийн 70 хувийг дотооддоо шийдсэн” гэж мэдээлсэн. Эндээс хүний эрхийн зөрчил ихэссэн нь харагдаж байгаа биз. Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах тухай ярихаар АТГ-ын эрх мэдлийг сааруулж, татан буулгах гэж байгаа юм шиг ярьцгаадаг. Ерөөсөө ч тийм биш. Тодорхой хэдэн үүрэг нь л АТГ-т шилжсэнээс өөр зүйлгүй.

-Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай 2014 оны илтгэлээр Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүү шүүлт ихэссэн талаарх мэдээлэл бүлэг болж орсон. Маш олон баримт байсан. Илтгэлийг хэлэлцсэн УИХ ямар ч арга хэмжээ аваагүй юу?

-УИХ хэлэлцээд шийдвэр гаргадаг ч Засгийн газар хэрэгжүүлдэггүй. Хэсэг гишүүд Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах санал гаргасан ч яагаад улстөржүүлээд байгааг ойлгохгүй юм.

-Танайх жил бүр хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэл гаргаж, зөвлөмж өгдөг. УИХ шийдвэр гаргаж хүний эрхийн зөрчлийг арилгах бодит ажил болсон нь хэд бол?

-Илтгэлийг УИХ хэлэлцэлгүй өнгөрөөсөн хоёр, гурван тохиолдол гаргасан. Сүүлийн жилүүдэд байнгын хороо хэлэлцэж, шийдвэр гаргадаг болсон. Гагцхүү Засгийн газар биелүүлэхгүй юм. Бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг ч үр дүнгүй л байна. Хүний эрхийн үндэсний комисс бол зүйрлэж хэлбэл онош тогтоодог газар. Бид шинжилгээ хийгээд, олон талаас нь маш сайн оношилж байгаа. Эмчлэх асуудал нь УИХ, Засгийн газарт байдаг. Өвчин хүндэрнэ гэж аюул бий. Хүндэрсэн тохиолдолд эмчилгээгүй болдог нь бүр их аюул. Хүний эрхийг үл тоовол Монгол Улс олон улсын түвшинд хүнд байдалд орно. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүндэтгээгүй, олон улсын хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн болон бусад хориг авч байгаа биз. Улс орнуудын хоорондын харилцааны гол механизм энэ болчихлоо. Жижигхэн хоригт хүрвэл Монгол Улс хэцүүднэ. Жишээлбэл, АНУ-ын иргэн Жастин Каблад Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ “Буруудвал би буруудъя. Монголын ард түмэн буруудах ёсгүй” гэсэн байна лээ. Манайд ирсэн гомдлоос анзаарахад Ерөнхийлөгчийн хэлсэн нь зөв болов уу. Бидэнд хугацаа хожигдуулсан, янз бүрийн дүгнэлт гаргасан гээд буруутай үйлдэл байсан. Энэ нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг эргэлзүүлчихэж байгаа хэрэг. Хэрэв Ерөнхийлөгч уучлал үзүүлээгүй бол эдийн засгийн болон бусад хориг ирэх байсныг үгүйсгэхгүй. Энэ бол эхний сигнал гэдгийг хаа сайгүй ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргавал нэг хүн гэлгүй олон улсын түвшинд асуудал яригддаг. Урьдчилан хорих 461 дүгээр ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас барлаа. Олон хавар нэгэндээ гэдэг шиг юм болох вий гэж эмзэглэх юм.

-Хүний эрх зөрчигдөж байгаа “өвчин” хэр хүндэрч байна?

-Зарим талаараа хүндэрч байна. Шийдмээр асуудал маш их гарч ирж байна. Идэвхгүй байдал, идэвхгүй үйлдлээрээ хүний эрхийн зөрчил гаргах нөхцөл үүсчихээд байна.

-УИХ, Засгийн газрын гишүүд улс төр хийгээд хүний эрх бодох завгүй байгаа юм болов уу?

-Хүний эрхийг шалгуур болгоод улс төр хийгээсэй. Даанч тэгэхгүй юм. Хүний эрх гэдэг аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш монгол хүний хувь заяатай холбогддог гэдгийг хаа, хаанаа ойлгомоор байна. Үнэхээр эрүүдэн шүүлт байхгүй байхад байгаа гэж би яриад байгаа бол сэтгүүлчид, бодлого боловсруулагчид бидэнтэй ширээ тойрч суугаад манайд ирсэн 800 гаруй өргөдлөөс сугалаад үзээч. Бухимдахгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн буруу гэхээс илүү ийм хөрс суурийг бий болгосон бодлогын алдаа юм. Хэрэг илрүүлэхийн тулд дарамталдаг, зоддог аргыг 70, 80 жил хэрэглэж ирлээ. Энэ хөрс суурь нь арилахгүй, арилгая гэсэн Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг үгүй хийгээд бүр дэврээчихлээ.

-Хуулийн шинэтгэл хийж хүний эрхийг хангая гэж сүүлийн хэдэн жил цөөнгүй хуулийн төсөл хэлэлцэж байна. Тахарын алба байгуулснаа дахиад татан буулгах асуудал ч яригдсан. Өөрчлөлт байна уу?

-Асуудлыг иж бүрэн шийдэхгүй байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн УИХ-д өргөн мэдүүлэх журмын тухай хуульд иж бүрэн шийдэх тухай заачихсан байгаа. Холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулаад, хууль хэрэгжих эдийн засгийн боломжоор хангах учиртай. Хэн ч хууль санаачилсан Засгийн газраас санал авдаг. Баталсан хуулийг биелүүлж чадах эсэхээр санал авч байгаа хэрэг. Засгийн газар саналаа өгөөд парламент итгэл үзүүлчихвэл баталсан хууль хэрэгждэг. Өнөөдөр энэ ажил хийгдэхгүй байгаа учраас хууль гардаг ч хэрэгждэггүй. Засгийн газар нь мөнгө байхгүй гээд л зогсчихдог.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гээд хүний эрхийг хангахад ахиц гарах олон хуулийн төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Огцруулах, томилох асуудал эдгээр хуулийн төслөөс чухал байв уу?

-УИХ-ын гишүүд нүдээ аниад нэлээд бодож байгаад хараасай гэж бодох юм. Нэг их олон хүүхэдтэй айл хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх ажилдаа түүртсээр өдрийг өнгөрөөдөг шиг л байх юм. Олон хүүхэдтэй, орлого багатай, үглээ эзэгтэйтэй, ууртай эцэгтэй, амьдрал нь болж ч байгаа юм байхгүй, сүйрчихсэн ч юмгүй байгаад байвал яаж өөдлөх юм бэ. УИХ, Засгийн газрын гишүүд махны үнийг сайн мэдэж байгаа. Харин мах зарж байгаа, худалдаж авч байгаа хоёр хүний харилцааг мэдэрвэл арай өөр шийдвэр гаргана. Статистик тоогоор мэдэх нэг хэрэг, амьдрал дээр буугаад харилцааны орчинг нь мэдрэх өөр хэрэг. Тэгж мэдэрвэл нойр нь хүрэхгүй л баймаар юм. Юун огцруулах, нөгөө айлын амьдралыг дээшлүүлэх талаар толгойгоо гашилгах байх. Биетэй хүн биетэйгээ зүйрлэ, үртэй хүн үртэйгээ зүйрлэ гэдэг үг бий шүү дээ.

-Утааг жил бүр л ярьдаг. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг эмч нар ярьж байна. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ярих хэрэг байна уу?

-Хүүхэд ургийн гажигтай төрж байна, сигнал өгөөд л байгаа. Мөнгө байхгүй гээд засаг ажиллахгүй юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн шоронд орсноос өөр үр дүн гарсангүй.

-Эдийн засгийн хүндрэлээс үүдэж олон хүн ажилгүй болж байна. Зарим нь бүр өөрийгөө шатаалаа. Өөрийгөө шатаах хүртэл нөхцөл үүсчихлээ гэж үү?

-Хүн өөрийгөө шатаах, амийг хорлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Уг нь хуультай. Өргөдөл гомдол шийдвэрлэх хууль байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх боломж харин ч бий. Гэхдээ үхсэн ч яахав гэдэг байдалд хүргэхгүй байх үүрэг төрд бий гэдгийг санах ёстой.

Хөдөлмөр эрхэлж байж л амьжиргааны эх үүсвэртэй болно. Ажилд орох, ажилтайгаа үлдэх үнэхээр том асуудал боллоо. Ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг зөрчил их байна. Ажлын байрны бэлгийн дарамт хэвийн үзэгдэл болчихож. Шалгахаар нөгөө нөхөр “Сүртэй ш дээ, ийм юм байдаг л биз дээ” гэх жишээтэй. Бид хохирогчдод тус болоод байна уу, эс болоод байна уу гэдгээ мэдэхээ болилоо. Шалгасны дараа “Бидний буруу байж ээ. Дүрэм журмаа өөрчилье, засъя” гэдэг. Дараа нь ямар нэг шалтгаанаар хохирогчийг ажлаас нь гаргачихдаг. Энэ нь бүр нийгмийн асуудал болчихлоо. Нийгмийн асуудал учраас бодлогын түвшинд шийдэхээс аргагүй.

-Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр энэ сарын 10-нд тохиодог. Энэ жил хүний эрхийн ямар асуудлыг голчилж байна вэ?

-Олон улсын түвшинд “Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” гэсэн уриаг дэвшүүлсэн. Хүний эрхийн билл болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний болон улс төрийн эрх, эрх чөлөөний тухай олон улсын факт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактыг төрийн байгууллага, шүүхэд хэрэгжүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна.

-Танай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг даргалж байгаа. Саяхан бас олон улсаас дээгүүр үнэлгээ авсан гэж сонслоо. Олон улсын түвшинд үнэлэгдэхээр ажиллаж байгаа хэрэг биз?

-Хүний эрх нэг байгууллага, нэг улсын асуудал биш болжээ. Даяарчлагдаж байгаа ертөнцөд улс хоорондын харилцаа ч, ардчиллын шалгуур үзүүлэлт ч хүний эрхийн асуудал болсон. Бүхий л зүйл хүний сайн сайхан, тэгш байдлын төлөө зориулагддаг болсон. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого гэдэг баримт бичиг баталлаа. Баримт бичгийн гол санаа нь дэлхийд юу юунаас чухал нь улс орон бүрийн хүн нь, иргэн нь ямар байх ёстой шаардлагыг хангах үүднээс хөгжл, тэр дундаа тогтвортой хөгжлийг чухал гэж байгаа юм. Эдийн засаг, дайнтай гэх мэт шалтгаанаар энд амьдарч байгаа хүн, тэнд амьдарч байгаа нэгнээс өөр байж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнээс үүдээд нийгмийн эмзэг бүлэг, халамж анхаарал бодлого шаардлагатай хүмүүсийг ялгаварлаж болохгүй гэдгийг шаардаж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн 15 жилийн хугацаанд гурван удаа аттестатчлагдаж, “A” статустай байгууллага гэсэн үнэлгээтэй байгаа. Тийм ч олон орны ийм байгууллага “А” статустай байдаггүй юм. Энэ оноос Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг толгойлж том үүрэг, хариуцлага хүлээлээ. Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр жил ажиллахаар боллоо. Мексикт энэ хорооны хурал болж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад хүний эрхийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж, тунхаглал гаргасан. Бид иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцохоо тодорхойлсон. Үр дүнгээ ирэх гуравдугаар сард танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Сири, Украинаас өөр замаар явъя гэвэл үндсэн хуулийн өрчлөлт хийхээс өөр арга байхгүй

Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнайтай ярилцлаа.

ШӨХТГ-ын даргаар томилогдохоос өмнө та орон нутаг, дүүргүүдээр явж иргэдтэй уулзалт хийж байгаагаа ярьсан. Төрийн ажлыг өгснөөс хойш ч цөөнгүй хүмүүстэй уулзаж байна. Иргэдийн үзэл бодол, амьдралд өөрчлөлт гарч уу?

-ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзсан. Өнгөрсөн зун дөрөв, таван аймгаар явж иргэдтэй уулзлаа. Есдүгээр сарын сүүлчээс эхлээд Сонгинохайрхан дүүрэгт олон удаа уулзалт зохион байгуулсан. Давхардсан тоогоор 13 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. “Амьдрал сайхан байна”, “Засаг төр сайн ажиллаж байна” гэж ярьсан хүнтэй тааралдсангүй. Энэ нь иргэдийн амьдрал хэцүү байгааг, төрд, ирээдүйдээ итгэх итгэл алдарсныг харуулж байна.

Хүмүүс юу ярьж байна вэ. Яавал ирээдүйд, төрд итгэх итгэл сэргэж, амьдрал нь сайжрах юм шиг байна?

-Ардчилсан нийгэм байгуулж байна гэж 25 жил өнгөрлөө. 25 жил гэдэг хувь хүнд ч, улс орны амьдралд ч богино хугацаа биш. Тиймээс өнөөдрийг хүртэл хаана хүрсэн бэ гэдгээ дүгнэх түүхэн цаг үед иржээ. Буруу замаар орсон бол засаад зөвөөр нь цааш явъя, зөв явсан бол иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байгаад дүгнэлт хийе. Хүмүүс ч үүнийг хүсч байна.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тантай ярилцаж байхад “Хувьсгал хийх нь гарцаагүй боллоо гэж хүмүүс үзэж байна” гэж ярьж байсан. Хүмүүсийн үзэл санаа өөрчлөгдөж үү?

-Иргэд өөрчлөлтийг хүсч байна. Олон жилийн өмнө ч ийм л байсан. Гэхдээ би тэр өөрчлөлтийг хувьсгал гэж томъёолмооргүй байна. Сири, Украинд болж байгаа үйл явдал хувьсгалыг бидний хүсдэгээс өөр зүг рүү харуулж байгаа. Тиймээс би өөрчлөлт гэж томъёолмоор байна. Иргэд өөрчлөлтийг хүсч байна гэж дахиад хэлье. Энэ чигээрээ яваад байвал тухайн иргэний амьдрал сайжрах үгүйтэй биш Монгол Улстай холбоотой асуудал болж байгааг олон хүн ойлгож байна. Би хамгийн том гэгддэг бизнесмэнээс эхлээд Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстэй ч уулзлаа. Бүгд өөрчлөлт зайлшгүй гэдэгтэй санал нэгдэж байна.

Тэр өөрчлөлт нь юу байх вэ. Яаж, ямар байдлаар өөрчлөх вэ?

-Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Аль нэг нам, дараагийн сонгуульдаа зориулж гэх мэтчилэн богино хугацаанд харахаас илүүтэй Монголоо бодоод Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хурдан хийх хэрэгтэй.

Үндсэн хуулийн төсөлтэй танилцсан байх. Зүйл заалт бүрийг нь дэмжиж байгаа юу?

-Маш их талархаж хүлээж авсан. Манай нийгэмд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт бүрэн туссан гэж ойлгож байгаа. УИХ-д хамгийн олон суудалтай намын гишүүн гэхээсээ илүүтэй “Иргэний нийгэм”-ийн гишүүн гэдэг байр сууринаас хэлж байгаа шүү дээ. Хуулийн төслөөс “Энэ нь буруу юм” гэдэг зүйл заалт харагдаагүй. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн сул тал нь хүч хаана төвлөрч байгаа нь мэдэгддэггүй. Үүнээс болж шийдвэр гардаггүй, шийдвэр гарахгүйгээс болж хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шинэ хуулийн төсөлд хүчийг нэг талд төвлөрүүлж, шийдвэр гаргах боломжийг нэг хүнд өгч байгаа нь харагдсан. Харин хариуцлагын асуудал суларч магадгүй нь анзаарагдсан. Япон, Герман гэж яривал өндөр ёс суртахуунтай ард түмэн. Японы Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин дэвүүр тарааснаасаа болж сайн дураараа сайдын суудлаас огцорч байсан. Германы Батлан хамгаалахын сайд залуу докторын дипломын ажил дээрээ номноос нэг өгүүлбэр хуулсныхаа хариуцлагыг хүлээж огцорч байлаа. Харин бидний хувьд ёс суртахуун ийм хэмжээнд хүрээгүй. Тийм байхад хариуцлагыг зөвхөн ёс суртахуунд даатгах нь хэр зөв болж гэж эргэлзэж байгаа. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Арав, хорин жилийн дараахь Монголыг харж өөрчлөх ёстой. Хорин жилийн дараа манайх Япон, Герман шиг ёс суртахуунтай улс болно гэж итгэж байгаа учраас тэгтлээ эсэргүүцэхгүй байна.

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэм­жихгүй, хатуу эсэр­гүүцэхээ мэдэгдсэн?

-1990 оноос хойших бүхий л өөрчлөлт, шинэчлэлтийг МАН зогсоож, хаах талд байсан. Гадаад паспорт өгөхөд үгүй л гэсэн. Мал хувьчлахад болохгүй л гэж байсан. Орон сууц хувьчлахад эсэргүүцэж л байсан. Ний нуугүй хэлэхэд, МАН өнгөрсөн 25 жилд бүх өөрчлөлтөд тормоз болж байсны үр дүн өнөөдрийн нийгмээр харагдаж байгаа шүү. Ардчилсан хувьсгал хийснээс 25 жилийн дараа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор бие, биеэ шагнаад сууж байна. Англиар түүнийгээ юу гэж орчуулахыг мэдэхгүй, гадны хүнд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй 25 жилийн түүхийг бий болгосон.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна сүүлийн үед олон баривчилгаа боллоо. Тэр бүхнийг улс төртэй холбон тайлбарлах хүмүүс олон байна. Сонгуулийн өмнөх улс төр гэх юм. Танд тийм холбоос харагдаж байна уу?

-Хэрэг илэрч байвал сайн. Авлигатай тэмцэнэ гэдэг хүнд ажил. Баригдсан хүмүүст, гэр бүлд нь хэцүү л байх. Гэхдээ улсаа, ирээдүйгээ бодвол авлигатай хатуу тэмцэх нь зөв. Бид өнөөдөр зөв соёлыг бий болговол хойч үедээ түүнийгээ л үлдээнэ. Өнгөрсөн 25 жилд дэндүү замбараагүй явсны үр дүнд өнөөдөр залуучууд улс төрийг баяжих бизнес гэж харж байна. Улс төр гэдэг ардаа хариуцлага байдаг, буруу хийвэл нэр төр, юу ч үгүй болж дуусдгийг зарим нэг хүнээр үзүүлэх ёстой. Би хүний нэр хэлмээргүй байна. Тэр хүнд хэцүү байж болзошгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг, улс орноо боддог байх хэрэгтэй. Авлигатай тэмцэхийн нөгөө талд хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр сууриндаа хатуу байх ёстой.

Та ажлаа өгснөөс хойш улс төрд илүүтэй анхаараад байна уу. Эсвэл өмнөх сонгуулийн өмнөх шиг “Магнай ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна” гэж ярьж байгаа юу?

-Улс төр парламентад байдаг. Эсвэл гудамжинд жагсаал хийвэл ойртдог байж болох юм. Түүнээс энэ танхимд та бид хоёр мянга улс төр яриад улс төр болохгүй, сайн дурын уран сайхан л байж магадгүй. Би аль болох олон хүнтэй уулзаж байна. Иргэд юу хүсч байгааг зайлшгүй сонсч байх хэрэгтэй. Магнайгаас гадна төрд байгаа олон хүн иргэдийг сонсч байвал төрийн шийдвэр иргэндээ наалдана. Нийгмийн олонхийн төлөө шийдвэр гаргадаг нийгмийг ардчилал гэж тодорхойлдог. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд шийдвэр гаргадаг хүмүүс ард түмнээсээ тасарснаас болж төрийн шийдвэр иргэнд очихгүй байна. Үүнээс болж хоёр өөр монгол бий болсон байна шүү дээ. Сонгинохайрханы захын хорооны монгол, Багатойрогт ажиллаж байгаа монгол хүний бодож байгаа бодол, хүсэл нь огт өөр байгаа. Ийм байж болохгүй.

Улс төрийг парламентад хийсэн нь илүү үр дүнтэй гэж та шийдсэн үү?

-Миний шийдвэр биш. Угаасаа л улс төр парламентад байдаг.

Та Багатойрог, Сонгинохайрханд хоёр өөр монгол байна гэж ярилаа. Сонгинохайрханы монголчуудад та хувцас тараасан. Таны хийсэн ажлыг “Магнай тусламжаар ирсэн хуучин хувцас тарааж доромжиллоо” гэх шүүмжлэл бас дагасан.

-Би ямар ч шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваад сурчихсан давуу талтай. Түүх ярья. “Exclusive” компани хувцсаа үнэгүй тараана гэдэг мэдээллийн дараа монголчууд яаж цугласан билээ. Түүнийг хараад “Хүмүүст хувцас тараавал хүнд хэрэгтэй ажил болох юм болов уу” гэж бодсон. Ингээд гадаадад байдаг найзуудаасаа “боломж байна уу” гэж асуухад “Замынхаа зардлыг чи хариуц. Бид шинэ хувцас өгье” гэсэн. Тэгтэл “Бид Монгол” компани тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар боллоо. Хүмүүс хувцас аваад үнэхээр баярласан. Юуг ч мушгиж, гуйвуулдаг хэсэг байдаг шүү дээ. Тэд л хуучин хувцас тараалаа гэсэн байх. Хэдэн мянган хувцас тараахад ганц нэгийнх нь товч тасарсан, түүнийг авсан нь хуучин гэж бодсон бол би уучлал гуйхад бэлэн байна. Хэрэггүй нэгэнд хэрэггүй л байх. Захын хороололд амьдарч байгаа, солих хувцас амьдралынх нь асуудал болсон хүмүүст би дэм болсон гэж итгэж байгаа.

Таныг цахим ертөнцөөр шүүмжилж байгаа хүмүүст солих хувцас чухал биш байх. Харин танаас хувцас авсан хүмүүс хэрхэн хүлээн авч байна?

-Арав гаруй мянган иргэнд хувцас тараалаа. Их ч баярласан. Хоногийн хоолгүй, мөнгөгүй, ажилгүй, олон хүүхэдтэй хүнд миний өгсөн хувцас ямар дэм болсныг ойлгохгүй нэг нь ойлгохгүй л байх.

Дараа нь та нүүрс тараасан. Сошиал медиагаар тарсан бичлэгээс харахад хүмүүс шуудай нүүрсэнд “алалцаж” байв уу?

-Бид тухайн хорооны хүнд амьдралтай хүмүүст купон тараасан. Нэг купоноор хоёр шуудай нүүрс авах юм. Хүмүүс купоноо авч ирээд нүүрсээ авч байсан. Сошиалаар тар­сан бичлэг үзсэн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Юу болсон гэхээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын нөхдүүд согтуу хүмүүс явуулаад үймээн гаргачихсан хэрэг. Согтуу нөхдүүд тэвш рүү дайрч гараад нүүрс шидээд үймээн дэгдээчихсэн юм билээ. Магнайг муухай харагдуулах гэхээсээ манай нийгэм ямар байгаагийн илрэл л дээ.

Засгийн газраас хэсэг хугацаанд “Нүүрс хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ ажлыг хийсэн хүмүүс хэрэгт холбогдсоноор иргэдийг хямд нүүрсээр хангах ажил зогссон. Ер нь иргэдийг хямд нүүрсээр хангах боломж байна уу?

-Монголчууд юугаар баян нүүрсээр баян. Газрын тосоор баян улсад бензин авахдаа литрээр хэмждэггүй, банкаа дүүргээд дөрөв, таван ам.доллар төлдөг шиг төр зөв зохион байгуулбал нүүрс маш хямд байх боломж байна. Сонгинохайрханы захын хорооллоор явж байхад гурван хүүхэдтэй эмэгтэй тоосгыг хаягдал тосонд дэвтээгээд түлж байгааг харсан. Юун маргааш, өнөө шөнө яаж дулаан хонох вэ гэж байгаа айл олон байна. Тийм хүмүүст таван шуудай нүүрс өгчихье гэсэн бодлоор энэ ажлыг хийсэн. Найзууд маань туслаад арван вагон нүүрс хандивласан. Түүнийгээ л тарааж байгаа.

Арван вагон нүүрсийг хэдэн айлд өгөхөөр тооцоол­сон бэ?

-Уурхайгаас ачуулаад ирэхэд 20-30 хувь хаягдал болдог юм байна. Л.Гансүх нарын шүүх хуралдааныг үзэж байхад гайхаж байлаа. Гэтэл уурхайн аман дээрээс ачуулаад Улаанбаатарт буулгахад 30 хувь нь зүгээр л алга болчихдогийг өөрөө мэдэрлээ. Ингээд тооцохоор арав гаруй мянган шуудай нүүрс тарааж байгаа юм.

Танаас хэр их мөнгө гарав?

-“Алаг толгой” уурхайгаас нүүрс хандивласан. Нүүрсээ үнэгүй авсан гэсэн үг. Нэг вагон нүүрсний тээврийн зардал 600 мянган төгрөг. Арван вагон нүүрс авчрахад зургаан сая төгрөг боллоо.

Хувцас, нүүрс тараалаа. Хэдийгээр үнэгүй авсан ч тээвэрлэлт, иргэдэд тараах зардал багагүй гарсан болов уу. Эдийн засаг хүнд энэ үед яаж зохицуулж байна?

-Миний орлогод санаа зовж байна уу?

Таныг олон улсын “Ардчиллыг бэхжүүлэх сан”-гаас хэдэн мянган ам.доллараар цалинждаг тухай сонссон болохоор санаа зовохгүй байна л даа. Харин тэр их мөнгийг ардчиллын төлөө зарцуулж байна уу гэж хардаад.

-Нэгдүгээрт, тэр сан бол 2008, 2009 оны асуудал. Одоо тийм сан байхгүй. Хоёрдугаарт, цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг хүний дэргэд би олон хүний төлөө амьдардаг. Тиймээс намайг дэмждэг, Монголыг Магнай өөрчилнө гэж итгэдэг маш олон хүн бий. Би олон нийтийн хүн. Цалингаараа шар айраг уучихаад, твиттер, фэйсбүүкээр бухимдлаа илэрхийлээд сууж байгаа залуу авч байгаа цалингаараа бүхнийг хэмжих нь аргагүй. Нийгмийн сайн сайхны төлөө амьдарч байгаа хүнд боломж хязгааргүй байдаг. Дэлхий уужим. Би гурван захидал бичээд л арав гаруй мянган хувцас олчихсон. Таван хүнтэй уулзаад арван хэдэн мянган шуудай нүүрс тараачихлаа. Үүнийг улс төр гэж ойлгохоосоо илүү хүмүүнлэгийн талаас нь хараасай гэж хүсч байна.

Таны гадаад, дотоод найзууд тун өгөөмөр юм аа?

-Нэг жишээ ярья л даа. 2009 онд Харвардад суръя гэж бодсон. Чиний мөнгө хамаагүй, чи хэн бэ, энэ сургуулиас юу хүсч байгаагаа л хэл гэдэг хариу ирсэн. Өөрийнхөө кэйсийг бичээд явуулахад Польшийн парламентын гишүүн “Ирээдүйтэй залуу байна” гээд сургалтын бүх зардлыг даая гэсэн захидал ирүүлж байсан. Идэвхтэй, олон хүний сайн сайхны төлөө ажиллавал олон хүн чамайг мэддэг болно. Олон танилтай бол олон ажил бүтдэг гэдгийг эндээс ойлгож байгаа биз. Хаа очиж би гадаадад олон найзтай. Дэлхий хавтгай, боломж хязгааргүй. Зөвхөн хуруугаа л хөдөлгө. Сэтгэлгээний хувьд баян, асуудлыг томоор харж чадвал боломжгүй зүйл үгүй. Гэртээ суучихаад бусдыг шүүмжилж байгаа хүнд миний ярьж байгаа зүйл бүтэшгүй байх.

Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүн нэгж өгч байж уулзалт хийж байгаа харагдсан. Та маш олон хүнтэй уулзаж байгаа зургаа цахим хуудастаа тавих юм. Иргэдийг яаж идэвхжүүлэв?

-Хүмүүс надаас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг. Хүн бүр өөрийнхөө төлөө санаа зовдог байх ёстойг би хэлдэг. Жастин Бибер өөрийнхөө дууг youtube-д тавьсан. Өнөөдөр дэлхийн од болчихсон, 15 сая ам.долларын байшинд амьдарч байна. Монголчууд үнэхээр авьяастай бол фэйсбүүк, твиттерийг хүн муулах хэрэгсэл болголгүй дуугаа цац л даа. “Авьяаслаг монголчууд”-д орох шаардлагагүйгээр цахим сүлжээгээр дэлхийд танигдах боломж байна. Үүнийг л би уулзсан хүмүүстээ хэлдэг.

Таныг “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай гэдгээр андахгүй. Тийм ч учраас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг байх.

-Би угаасаа “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай байсан, байсаар ч байна.

Тантай мөр зэрэгцээд “Иргэний хөдөлгөөн”-д явж байсан зарим хүн УИХ-д ороод таг болчихсон. Та ч бас УИХ-ын гишүүн болоод “томоожчих” юм биш биз?

-Хүн төрөлхтний түүх хувь хүний л түүх байдаг. Үүнтэй адил Монголыг нэг л хүн өөрчилнө. Нэг л хүн гарч ирж дагуулна. Тэр өөрчлөлтийг л хийх ёстой.

Тэр нь та гэдэгт итгэж байна уу?

-Монгол хүн бүр өөрийгөө гэж хараасай гэж хүсч байна. Та надад итгэж байгаа учраас УИХ-д ороод чимээгүй болчих юм биш биз гэж болгоомжилж асууж байгаад баярлаж байна. Хүмүүс надад итгэж байгаа учраас түүхэн өөрчлөлт хийх агуу хүсэл санаа надад бас бий.

Зарим хүн өөрийгөө шатааж тэмцэл хийлээ.

-Би яагаад ч үүнийг зөвтгөж чадахгүй. Эрүүл мэндээрээ хохирч, нийгмийн сэтгэл зүйг шархлууллаа. Түвдэд 50 хүрч байж гадагшаа явах паспорт авдаг. Түвдүүд аргаа ядахдаа өөрийгөө шатаадаг. Тэдэнтэй харьцуулашгүй эрх чөлөө байгаа учраас дуурайж болохгүй. Хятадын компаниас цалин авахгүй гэж өөрийгөө шатаасан гэж ойлгосон. Даяаршсан нийгэмд ийм тэмцэл хийж байгаа нь харамсалтай санагдсан.

Та намтайгаа хэр ойр байгаа вэ?

-Нам бол нар шиг. Хамаагүй ойртвол шатчих гээд, холдвол хөлдчих гээд байдаг. Хэмжээгээ бариад л явж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хилчин гавьяат, бүжигчин жолоочийнд зочлоход…

Үлгэр эхлэх намуун үдшийн

Дүүлгэр саран доор саналаа, чамайгаа

Үүрийн зүүднээс учрал бэлэгдэн

Үнэнч хайраа дэвсэн хүлээнэ

Цээлийн харгуйг нууцхан ширтээд

Цэрэг чамайгаа дуулан хүлээнэ…

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга (ХЦДБЧ)-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбасүрэнгийн Ганчимэгийнд өнжихөөр товлосноос хойш энэ дуу амнаас гардаггүй, цэрэг хувцастай бүсгүйн дуулж байгаа донж нүдэнд харагдаад. ХЦДБЧ-ын дуучин Г.Мөнхжаргал “Чиний минь ирэх харгуй” нэртэй дээрх дуугаа Б.Ганчимэг гавьяатад “Чиний дуу шүү” гэж албан ёсоор өгч байсан гэдэг. Уншигчид маань эл дууг “Чиний миний харгуй”, “Цэрэг чамдаа” гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэдэг ч Б.Ганчимэг гавьяатынх гэдгийг андахгүй. “Танайд өнжье”-гөө бэлтгэхээр “Цээлийн харгуйг нууцхан ширтээд…” гэж аялсаар өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Б.Ганчимэг гавьяатынд очиход цэцэгсийн үнэр, хайлсан тосны үнэр холилдоод тун аятайхан дулаан мэдрэмж төрүүлэв. Гэрийн эзэн Д.Баттөмөр “Манай хүн өчигдөр клипний зураг авахуулаад хэрэглэсэн сарнайгаа аваад ирсэн юм. Та нарт хайлмаг хийгээд хиншүү гаргачихлаа. Цонх онгойлгосон, гайгүй байх аа” гэж тайлбарлаж, биднийг зочны өрөөндөө урив.

Бүжигчин жолооч

Хойморт залсан Галдан Бошигт хааны хөрөг, мөнгөн аягатай цайны ааг, ширээн дээрх арвайн гурил, хайлсан тос зэргээс тэднийхийг баруун аймгийн айл гэдгийг түвэггүйхэн мэдчихэв. Д.Баттөмөр гуай цайндаа арвайн гурил цацахыг шамдуулж, гэргий нь ханийнхаа хайлсан тосны амттайг гайхуулна. Аагтай цайнаас үүдэж нутаг усны тухай яриа өрнөлөө. Д.Баттөмөр гуай Увс аймгийн Зүүнговь сумынх. Аавынхаа төрсөн дүүгийнд өргөгдөж байсан түүхтэй гэнэ. Өргөсөн аав Даржаа нь Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Рагчаа агсантай цуг Увс аймгийн Хяргас сумын тэжээлийн хүрээнд лам байсан гэнэ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр аав нь Зүүнговьдоо очиж МАХН-ын гишүүнээр элсч, багийн дарга, сумын аж ахуйн нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тухай ярилаа. Аавыгаа “Улсын нэгдүгээр зэргийн шатарчин” гээд “Манайхан урлагийн талын авьяастай хүмүүс” гэж тодотгов. “Аав минь ихэл хөгжим их сайхан тоглоно. Хонио хотлуулчихаад хотлоороо дуулж хуурдаад, бий биелнэ. Тэндээс л гэр бүлээрээ урлагт дурласан байх” гэлээ. Тэднийд ороход Зүүнговь сумын үзэсгэлэнт байгалийн дор “Өгөөмөр дулаан ах мину” гэдэг шүлэгтэй том жааз нүдэнд туссан юм. Д.Баттөмөр гуай өнгөрсөн жил 70 насныхаа ойн баярыг хийхэд төрсөн дүү УДЭТ-ын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ахдаа зориулж шүлэг бичсэнээ дурсгасан нь тэр байв. Соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа төрсөн дүүгийнх нь охин. Д.Баттөмөр гуай өөрөө бүжигчин, бий биелээч, Соёлын тэргүүний ажилтан цолтой. Аравдугаар ангиа төгсөөд 1964 онд Увс аймгийн Соёлын ордонд орсноос хойш бүжигчин, бүжгийн багш, туслах найруулагчаар арав гаруй жил ажилласан түүхтэй. Дараа нь мэргэжлээ сольсон ч бүжгийн урлагаа орхиогүй бүжиглэсээр яваа гэнэ. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн 1984 онд Хөгжим бүжгийн сургууль төгссөнөөсөө хойш 20 шахам жил Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаад өдгөө гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа аж. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн “Нарны домог” бүжгийн таван баатрын нэг гэвэл уншигчид андахгүй биз ээ.

Зочны өрөөнд Д.Баттөмөр ахын наадмын нээлтэд бүжиглэж байгаа зураг нүдэнд туслаа. Зургийн түүхийг сонирхоход гэргий нь “Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын нээлтэн дээр бүжиглэсэн зургийг хүү нь аваад угаалгаж өгсөн нь энэ. Манай Баагий гурван удаа улсын баярын нээлтэд бүжиглэсэн. Энэ жил төрийн хүндэтгэлийн концертод тоглосон шүү дээ” гэж тайлбарлав. Харин хоёр хүү нь хуульч мэргэжилтэй. Цагдаа, прокурорын байгууллагаар өндөр алба хашдаг юм билээ.

Д.Баттөмөр ах даргын жолооч. Бүжигчин хүн яагаад даргын жолооч болчихов гэж үү. Хашир хүн, бүжиглэж байхдаа судас нь томроод байгааг анзаарч. Хориод жил бүжиглээд тэтгэвэрт гарчихаад юу хийх билээ гэж бодож. Сум, бригадаар тоглолтоор явахдаа театрын автобус, том тэрэг барьж давхиад байсны “буян”-аар жолооч болохоор шийдсэн гэдэг. Ингээд жолоочийн мэргэжил эзэмшиж аймгийн дарга нарын тэрэг барьж байтал аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хот руу сайдаар томилогдсон Болд “Улаанбаатарт найдвартай жолооч олдохгүй байна. Та жолоочоо явуулаач” гэж утсаар ярьсан гэдэг. Ингээд сайдын татаасаар хотод ирснээс хойш өдгөөг хүртэл даргын жолооч хийж байгаа гэнэ. Өдгөө Засгийн газрын авто баазын жолооч буюу Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн машин барьж байгаа. Жолоочийн хажуугаар бүжгээ орхино гэж байхгүй. Байгууллагынхаа шинэ жил, урлагийн арга хэмжээнд бий биелсээр л байгаагаа “урлагийн буян” гэж тодотгоно. Бас “40 гаруй жил даргын тэрэг барилаа. Төрийн хайр их юм” гэж ажлаараа бахархах.

Сувилагч дуучин

Гэрийн эзэн өөрийнхөө тухай ярьж байснаа “Хүүе ээ, гол хүнээ яриулъя. Тэнд хоол ч болохоо болилоо” гээд өндөлзөх нь тэр. Баруун аймгийнхан зочноо цайгаар шахдаг хойно. Гурван аяга аагтай цай уучихсан, бас гэрийн эзний хайлсан тосноос халбагадчихсан бид хоолонд төдийлөн яарсангүй. “Хоол яах вэ” гэж яриандаа шунаж байгаагаа ойлгууллаа. Гэргий нь ч “Баагий суу л даа. Хүүхдүүдтэй хууч хөөр” гэж тал засав. Ер нь гэргий ханийгаа яриулаад байх бодолтой, толгой дохиод, инээгээд л суух. Тэгэхтэй зэрэгцүүлээд “Танай хүн бүжигчин жолооч. Та харин сувилагч дуучин байх аа” гэж яриаг эзэгтэй рүү хандуулаадахав. Ганаа гавьяат Булганы харьяат, айлын том охин. Аав нь Булганы Хангал, ээж нь Дундговийн Адаацаг сумынх. Ганаа гавьяатыг бага байхад тэднийх хотод нүүж иржээ. Аав Бямбасүрэн нь Авто тээврийн нэгдүгээр баазад насаараа жолоочоор ажилласан. Ээж Долгорсүрэн Нефть хангамжийн төв баазад бичээч, лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Дундговийнхон дуу хууртай хойно. Ээж нь Бүх ард түмний урлагийн наадмын олон шагналтай. Эмээ нь ч нутагтаа цуутай дуучин байж. Ээж нь толины өмнө сууж байгаад урлагийн наадамд бэлтгэдэг. Гараад явангуут манай хүн ээжийнхээ суудал дээр сууж байгаад “Талын таван толгой”-г хангинуулж өгнө. Юм оёж байгаагаар жүжиглээд л дуулаад байдаг. Байрныхан нь ч андахгүй. Заримдаа гэрийнхэн нь “Муу ёрлоод, байнга дуулж байх юм” гэж зэмлэдэг ч байж. Эмээ, ээжийгээ дуурайсан дуулах авьяастай охиноо аав нь Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэдэх “Улаан бүч” чуулгад бүртгүүлж, урлагийн замыг нь эхлүүлсэн гэдэг. “Улаан бүч” чуулгад тэнцэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж, хөгжим судлаач Ч.Буянхишиг нарын шавь болжээ. Гэхдээ манай хүн аавынхаа мэргэжлийг өвлөж эмч болох хүсэлтэй. Сурлагатай ч байж. Гэвч Анагаахын дээд сургуульд оноо хүрэлгүй сувилагчийн сургуульд элсч. Сургуулиа төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн клиникийн нярайн сувилагчаар жил ажиллажээ. “Асаргаа, сувилгаа ихтэй хүнд хүүхдийн судас олно гэдэг яггүй биз” гэж асуухад нөхөр нь “Манай хүн мэргэшсэн сувилагч. Миний бие тавгүйрхэхээр л явж байгаа машин дотор судас тариа хийчихдэг. Өөрийнхөө судсыг ч ганц хатгаад л олно” гэж магтав. “Мэргэшсэн сувилагч яагаад дуучин болчихов оо” гэж цаашлуулахад “Авьяас гэж орхиж болох зүйл биш. Сувилагчаар ажиллаж байхдаа уралдаан тэмцээнд ордог байлаа. Японы дууны уралдаанд орсны дараа тасгийн эрхлэгч маань СУИС-д шалгалт өгөхийг зөвлөлөө. Шалгалт өгөхөөр очоод “Талын таван толгой”-гоо дуултал Н.Норовбанзад гуай Улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавьжээ. Маргааш өглөө нь очиход “Бадарчин” дуулалт жүжигт шууд дуулах эрх авчих нь тэр. Чуулгад дөрвөн жил ажиллахдаа СУИС-д гурван удаа шалгалт өгч. Тэнцүүлдэггүй гэнэ шүү. Дуулахаар л “Ийм сайхан задгай хоолойгоо хадгалаад чуулгадаа л бай” гэдэг гэнэ. Гурав дахь удаагаа шалгалт өгөхдөө “Та нар намайг авчихаач. Би боловсролтой дуучин болмоор байна” гээд уйлтал Ардын жүжигчин Г.Хайдав гуай “Та нар наад хүүхдээ авчихаач” гэчихээд “Миний охин иймэрхүү л хоолойтой болно доо” гээд Ардын жүжигчин А.Загдсүрэнг дуулуулахад шалгалт өгч байгаа манай хүн “Өө, болж л байна ш дээ” гээд “дүн” тавьчихсан гэдэг. Шалгалтын комисс “Бүжиглэх үү” гэхэд нь “Бүжиглэнэ ээ” гээд туфлиэ тайлаад чулуудчихаж гэнэ. “Хөл чинь даарна” гэхэд “Халтираад байдаг юм” гэчихээд бий биелээд эхэлж. Нүдний булангаар хартал шалгалт авч байсан мундгууд инээлдээд, нэгийгээ нудраад сүйд гэнэ. “Баларлаа” гэж бодсон ч хөдлөөд л байж. “Болно, болно” гэхдээ хүртэл багш нар инээдээ барьж дийлэхгүй байсан ч сурах шуналыг нь дэмжиж тэнцүүлсэн гэдэг. Эхний хоёр жил ч тал дээрээ байгаа юм шиг задгай дуулсаар байж. Ж.Гантөмөр, Н.Ганхуяг гавьяат, Ц.Ерөө гээд алдартнуудын шавь тэрбээр 2011 онд магистраа хамгаалжээ.

Хилчин гавьяат

СУИС-аа төгсөөд чөлөөт уран бүтээл хийж байхад нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа И.Төмөрбаатар хурандаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавихдаа “Чөлөө авах энэ тэр бол асуудалгүй шүү. Дуртай цагтаа чөлөө аваарай” гэж панаалдаж. Ингээд сарын дотор дэд ахлагч болж, төд удалгүй даргаасаа чөлөө гуйтал “Цэргийн хүнд чөлөө байхгүй. Чамайг хуурсан юм” гээд тас гэдийчихсэн гэдэг. Тэр цагаас хойш тушаалаар ажилладаг, цэргийн хүн болчихоод байгаа. “Та унтах дуртай гэж ярьсан байх аа. Хоцрохоос эхлээд цэргийн хүнд энэ дутагдал болж нөлөөлнө биз” гэвэл “Эхэндээ өглөөний нэгтгэлээс байнга хоцорно. Жилийн эцсийн үр дүнгийн хурал дээр Д.Доржпалам хурандаа “Өглөө цонхоор харахад Ганчимэг л хоцорчихоод гүйж яваа харагддаг юм” гэж хэлэхэд нь айхавтар ичиж билээ. Тэрнээс хойш хоцрохоо больсон” гээд инээхэд Баагий ах ханийнхаа мөрийг илэнгээ “Цэргийн амьдрал бас сайхан шүү. Миний хань хүний мөрөөсөл болсон хүмүүст очиж дуу хуур бэлэглэдэг юм” гэж ярианд оролцлоо. “Хилээ тав тойрчихжээ. Явах бүртээ шинэ уран бүтээлтэй ирдэг. Манай хилийнхэн их хөөрхөн… Аан, тийм нарийн ширийнийг ярьж болохгүй байх, тиймээ Баагий” гэснээр гэр дүүрэн инээдэм болов. Хилчид араас нь цөөнгүй захидал нисгэдэг бололтой юм. Түүнийгээ ярих гэснээ инээдэм болгоод өнгөрчихөв. Эх орныхоо найман зүгт явахад цасанд суух, халуунд цангах бэрхшээл байлгүй л яахав. Түүнийг зовлон, бэрхшээлд тооцдоггүй нь ярианаас анзаарагдана. “Хилчид маань биднийг очиход байр сууц бэлдчихсэн хүлээж байна. Хоноод яв, хоноод яв” гэж ятгана. Шөнөжин бүжиглэнэ. Бөөн эрч хүч буцна шүү дээ” гэж ярихдаа гавьяатын нүд гэрэлтэж байв. Төрсөн нутгаа, хань ижлээ санасан хилчдэд дуулах дуу нь хүртэл бодлоготой байхгүй бол сэтгэл санааг нь үймүүлчихэж мэднэ. Хаана ч очсон “Чиний минь ирэх харгуй”-гаа хэд, хэд дуулчихна. 2000 оны эхээр нэг арга хэмжээн дээр дуулахаар очиход нэгэн бүсгүй энэ дууг дуулж байгааг сонсоод хөгжмийн зохиолч Ганбат “Чамд тохирох дуу байна” гээд аяыг нь үл ялиг хурдлуулж өгч байжээ. Дараа нь дууны эзэн өөрт нь албан ёсоор өгсөн гэдэг. Үүнээс гадна “Хилчний вальс”, “Ханийн хайр”, “Хань” зэрэг олон сайхан дуу гавьяатаар овоглодог.

Ганаа гавьяат ХЦДБЧ-ын дуучин Дүүриймаа гэдэг шавьтай. Шавь нь уралдаанд оролцохоор Москва явжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг дуулдаг “My voice” уралдаанд шавь нь амжилттай оролцож байгааг гайхууллаа.

Хос вансэмбэрүү цэцгийн түүх

Уран бүтээлийн тухай ярилцаж суухад гэрийн эзэн хоол бэлэн болгожээ. Манай зурагчин ажлаа хийж дагаад гал тогооны өрөө рүү гүйгээд л байгаа хэрэг. Гэнэт гэрийн эзэн “Энэ хүү миний зургийг аваад байх юм. Ганаа, миний хань гал тогоогоо хүлээж ав. Би ганцаараа ажилтай юм шиг харагдаж болохгүй биз дээ” гэхэд Ганаа эгч жигтэйхэн сандарч “Би бас хоол сайхан хийдэг шүү. Баяр ёслолоор хөлсөө гартал гүйнэ шүү дээ” гээд бууз таваглаад ирлээ. Баяр ёслол гэснээс тэднийх сүүлийн хэдэн жил цагаан сараар гадаадад байсан учраас дорвитой тэмдэглэж чадаагүй гэнэ. Наадмаар Баагий ах нээлтэд бүжиглэчихээд бөх үзээд суучихна. Зочид хүлээж авах ажлыг гэргий хариуцахаас аргагүй. Гэргий тоглолттой үед Баагий ах ачааллыг өөртөө авна. Хоёулаа ах дүү олонтой болохоор хөл ихтэй байдаг бололтой.

Хоол идэх зуураа том өрөөний эд, зүйлийг ажиглаж суулаа. Хойморт гэр бүлийн хоёрын цэнхэр дээлтэй зураг хараа булаав. Бас Төрийн ордны төв хаалган дээр Ганаа гавьяат цэцэг тэвэрчихсэн, Баагий ах гараараа далласан сүртэй зураг төгөлдөр хуур дээр нь байна аа. “Ганаа 2011 онд гавьяат авахад нь би албан тушаалаа ашиглаад Төрийн ордон орчихсон юм. Бид хоёр төв хаалгаар гараад ирэхэд ХЦДБЧ-ынхан “Чиний минь ирэх харгуй”-г бүгдээрээ дуулаад бид хоёр жигтэйхэн хөөрчихсөн байсан үе зурагт үлдсэн нь энэ. Дараа нь Ганаа маань гавьяатынхаа тэмдгийг зүүгээд уран сайхны зураг даруулсан. Би ижилсээд Соёлын гавьяатын тэмдгээ зүүж байгаад бас зураг авахуулчихсан байгаа биз” гэж гэрийн эзэн тайлбарлалаа. Хос зургийн наана хуучны гаанс байсан нь тэр айлын хамгийн үнэтэй эд. Ааваас нь үлдсэн өв гэнэ лээ. Бас модон дээр зуруулсан тэдний хөрөг хараа булаана. Чежүд аялж байхдаа зуруулсан гэнэ. Хойморт Ганаа гавьяатын авсан өргөмжлөл, шагнал өрөөстэй юм. Жил бүр байгууллагынхаа аварга болдог бололтой. Баагий ахын шагнал ч их. Хоймор эзэгнэх зураг, эд зүйл, сувенир эмх цэгцтэй гэж жигтэйхэн. “Гэргий нь цэргийн хүн болохоор ийм цэгцтэй байдаг байх даа” гэвэл Ганаа гавьяат “Манай хүн ийм нягт нямбай. Би ч цэргийн ажил, хань хоёроосоо суралцаж яваа хүн шүү дээ” гэж инээнэ. Хоймортоо тавьсан систем хөгжмийн тухайд “Байгууллагын арга хэмжээнд дуулчихаад сууж байтал сугалаа тат гээд. Сугалаа автал тэндхийн хамгийн том шагнал нь энэ хөгжим байж таараад би хожчихсон. Одоо үүнийгээ тавьж байгаад шавьтайгаа дуулж өгнө шүү дээ. Манай байрныхан андахгүй” гэв. Баагий ах ярианд оролцож “Өчигдөр доод давхрын хүү “Эгч ойрд яагаад дуулахгүй байна” гэж асууж байна лээ. Орц болгонд бөө бөөлж байгаа биз дээ. Дуу хууртай байх хүмүүс харин ч таатай юм шиг байна лээ” гээд хөгжимнийхөө микрофоныг яаж ажилладгийг нэгд, нэгэнгүй тайлбарлаж өглөө.

Тэдний төгөлдөр хуурын дээд талд хос вансэмбэрүү залсан нь үнэхээрийн төгс харагдах юм. Төгөлдөр хууран дээр сарнай дэлгэсэн хоёр таваг, цонхон дээр мөн ийм гурван таваг байснаас анхилуун үнэр үнэртсээр. Төгөлдөр хуур, вансэмбэрүү цэцгийн зурагнаас хараа салгахгүй байгааг минь анзаарсан гэрийн эзэн “Манай Ганаагийн найз бүсгүй өнгөрсөн жил бэлэглэсэн юм. Тэр намхан вансэмбэрүү нь миний хань. Өндөр нь би. Доор нь Бахын ноот байгааг анзаарч байна уу. Урлагийн гэр бүл гэдгийг илтгэж байгаа нь тэр” хэмээн тайлбарлав. Хайрын илэрхийлэл болсон цэцгийн тухай ярьчихаад тэдний танилцсан түүхийг асуулгүй өнгөрвөл алдас болно биз.

Д.Баттөмөр гуайн гурван хүүгийн ээж эмч мэргэжилтэй бүсгүй байж олон жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Б.Ганчимэг гавьяат ч залуудаа үрээ алдаж, ханиасаа холдож байсан. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг хойно. Дуучин бүсгүй дуулахаас өөрийг мэдэхгүй хэдэн жил амьдарч. 2006 оны өвөл Үндсэн хуулийн Цэцийн шинэ жилийн арга хэмжээнд дуулчихаад гарахад нүдэнд дулаахан эр “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн нь одоогийн хань нь. Машинаа засварт өгчихсөн байсан болоод ч тэр үү цааргалалгүй зөвшөөрсөн гэдэг. Түүнээс хойш машин засвараас гартал хэдэн орой Д.Баттөмөр ханийнхаа жолооч хийжээ. Төд удалгүй нэг гэрт орсноос хойш арваад жил болж байгаа. Тэр хоёрын харц, харилцаанаас хүндлэл, хайр мэдрэгдэнэ. Хил хамгаалах ерөнхий газрынхан ч “Манай Ганаа гавьяат ханийн халамжинд жаргаж яваа хүн. Хаана л явна, Баагий ах халамжилж харагддаг” гэж ярьсан нь аргагүй юм.

Ийн хөөрөлдөж суутал манай зурагчин “Нэгдүгээр нүүрт орох сайхан зураг дармаар байна” гэснээс үүдэж бөөн ажил болоодохлоо. “Өдрийн сонин”-д гоё зураг гарах ёстой, энэ дээл болох уу, тэр дээлтэй хэдэн зураг бий, дэмий” гэхчилэн хувцас сонгох гэж хэцүү ажил гарлаа. Хичнээн ч олон хос дээлтэй юм. Ганаа гавьяат хэнэггүй юм аа, “Миний хань сонгочих оо” гээд үсээ янзлаад суучихав. Баагий ах баахан дээл зэрэгцүүлж байгаад бид хоёроос зөвлөгөө авч эхлэв. Тэгснээ цэнхэр дээл өмсөхөөр сонгож, өмсөх малгайгаа сонгох гэж бас яггүй ажил өрнөлөө. Хувцас хунар дэлгэснийх Ганаа гавьяат тоглолтын дээлнүүдээ сонирхуулж нүд хужирлав. Манай зурагчин Баагий ахад хар малгай зохиж байгааг хэлтэл Ганаа гавьяат “Тэгэлгүй яадаг юм. Би сонгосон юм чинь. Баагийдаа энэ малгайг авчихаад Бээжингийн нисэх буудал дээр байж байтал нэг хятад охин ачаа шалгахдаа аваад шидчихдэг байгаа. Эр хүний малгай шидээд байхдаа яадаг юм гээд баахан орилоод загначихсан” гэж ярихдаа одоо ч хятад бүсгүйд уурласан хэвээр байгаа нь ажиглагдав. Эр хүний малгай, бүсийг дээдэлдэг монгол уламжлал энэ шүү дээ.

Цэнхэр дээлээр ижилссэн хос төгөлдөр хуур дээрээ хослон

“Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…” гэж үнэхээрийн сайхан дуулж өглөө. Тэдний дуунаас тийм гэхийн аргагүй энэрэл мэдрэгдэж байсныг энд дүрсэлж бичихэд хэцүү юм.

Ингээд “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт залрах зураг дарсны дараа гэрийн эзний сэтгэл “хувирчихав”. “Баянаа аваргын нэрэмжит барилдааны урилга байгаа юм. Цаг болохоо болилоо. Ах нь түрүүлээд явлаа. Та хэд минь тухтай байгаарай” гээд хувцас хунараа шалавхан сольж гарав. Ганаа гавьяат “Манай хүн бөх гэхээр ухаанаа алдчихдаг юм. Бушуу яв, яв” гээд түрүүн дэлгэж орхисон дээл, хувцсаа эмхэллээ. “Хэн түрүүлэх бол” гэж сонирхвол “Өнөө арслан болсон…“ гэснээ “Орой мэдээрэй” гээд хэлэх гэснээ залгичихав. Гэрийн эзэн гарахдаа “Ганаа, машины чинь түлхүүр хаана байгаа билээ. Энэ гараашийн түлхүүр. Гарахдаа гэрийнхээ түлхүүрийг мартав” гээд эгээтэй л хүүхдэд хэлж байгаа мэт захьчихаад гараад явчихлаа.

Ард үлдсэн Ганаа гавьяат “Эмэгтэй хүн сайн ханьтай учрахаар жаргадаг юм байна. Манай хүн халамжтай. Надад бурханаас өгсөн бэлэг гэж баярладаг юм” гэж нөхрөө магтах аж. Үлдсэн бид Ганаа гавьяатын уран бүтээлийн талаар үргэлжлүүлэн хөөрөлдөж, гэрэл зургийн цомгийг нь сонирхлоо. Ганаа гавьяат гурав, дөрвөн СD дээрээ ажиллаж байгаа. 40 гаруй ТВ концерт тоглосон гээд уран бүтээлийн олз ихтэй яваа. 2006 онд “Чингис хаан” рок дуурьт Өүлэн эхийн дүрийг бүтээхдээ “Сайхан ээж хүний дүр бүтээж ээжийнхээ ачийг бага ч болов хариулахсан” гэдэг мөрөөдөлдөө хүрч чаджээ. Энэ дүрийг бүтээхдээ Ардын жүжигчин Н.Сувд гуайн жүжгүүдийг их судалсан гэдэг. Одоо тэрбээр урлагийн сургууль байгуулчих мөрөөдөлтэй яваагаа ярилаа. Урлагийн сургуулиа байгуулж олон шавьтай болох мөрөөдөлтэй гавьяат маань “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо дууг бичүүлэхээр амралтын өдрийн орой гэрээсээ гарсан юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханиад эмчлэх энгийн арга

Өдийд ханиад томуу ихэсдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд цэцэрлэгээсээ ханиад авчих гээд байдаг талтай. Ханиад шуухинаа хүрэх бүрт нь эмээр бөмбөгдөөд байхаар хүүхдийн дархлаа сулардаг. Тиймээс эм тарианд найдахаас өмнө асаргаа чухал гэдгийг эмч нар зөвлөдөг билээ. Ус сайн уулгах, цэвэр агаарт гаргах, нуруунд нь доргиох массаж хийх гээд асаргаа мундахгүй. Бас ханиадыг эмгүйгээр, гэрийн нөхцөлд эмчлэх арга ч олон. Дээр үед архаг хатгаатай хүний уушгин тушаа адууны нимгэн хэрчсэн махаар жин тавьж эмчилдэг байсан талаар хөгшчүүл ярьдаг. Сүүлийн үед үүнтэй төстэй буюу байцааны навчаар ханиад эмчлэх орос арга үр дүнгээ өгч байгаа талаар ээжүүд ам дамжин ярьж байгаа. Цэртэй ханиалгаж байгаа бол энэ арга илүү тохиромжтой. Буцалж буй халуун усанд бөөрөнхий ногоон байцааны навчыг дүрж зөөлрүүлнэ. Зөөлөрсөн навчин дээрээ зөгийн бал түрхээд ханиадтай хүнийхээ цээж, нуруун дээр наана. Дээр нь бариу цамц өмсүүлээд салхи авахуулахгүй хонуулах ёстой. Эхэндээ нойтон байцаа эвгүй мэдрэмж төрүүлэх боловч хорсгох зэрэг зовиур байхгүй. Маргааш өглөө нь авахад байцаа жижгэрч зөөлөрсөн байдаг. Зөгийн бал цэр ховхолж, ханиадыг багасгахаас гадна арьсанд тэжээл өгдөг сайн талтай. Бас наадаг гич (горчичник)-нд зөгийн бал түрхээд дээрхийн адил нуруу, цээжиндээ наавал ханиад намддаг. Зөгийн бал түрхвэл гич хорсгохгүй учраас өвчтөнд мөн зовиургүй гэсэн үг.

Бас цээж, хоолойгоо шар тосоор тослоод унтахад ханиалгах нь намдаж, хоолой сэрвэгнэхээ больдог. Баавгайн тос нуруунд нь бага зэрэг түрхэх арга ч бас бий. Чанасан сүүнд тарваган шийр хийгээд уулгахад ч ханиад намдчихдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийг “CCTV”-гээр үзэж, өмнөд ах дүү нар минь хэлмэрчилж үнэд орох нь ээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хаяглан ил захидал илгээжээ. Ил захидалд “…Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох зуны 31 дүгээр олимп, Паралимпийн тоглолтыг дамжуулах эрхийг уг холбооны тэргүүлэгч гишүүний хувьд МҮОНРТ-д онцгой нөхцөлөөр олгох гэрээг анх удаа байгууллаа. Олимпийн их наадмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн сансрын дамжуулалт, кабель, IPTV, интернэт, үүрэн холбоо, радио гээд нийт 15 аргаар хүлээн авч дамжуулах 15 багц эрхийг өөртөө багтаасан энэ онцгой эрхийн төлбөр нэг сая ам.доллар бөгөөд энэ нь МҮОНРТ-д 2015 онд төрөөс өгсөн дэмжлэгийн тэн хагас орчимтой тэнцэхүйц өндөр өртөгтэй байгаа нь биднийг та бүхэнд хандахад хүргэлээ…” гэжээ. Улмаар олимп дамжуулахад шаардагдах хоёр тэрбум 142.3 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгахыг хүссэн байна.

Монголчуудад олимпийн наадам үзүүлэх эсэхийг УИХ шийднэ гэж энэ ил захидлаараа мэдэгджээ. Төсвөө танаж, дарга нарынхаа цалинг хасах тухай ярьж байгаа энэ үед олимп үзүүлэхийн тулд хоёр тэрбум гаруй төгрөгийг МҮОНРТ-д өгөх нь юу л бол. Бодит байдлаар тооцоолоход боломжгүй гэсэн үг. Нэг удаагийн контент дамжуулахын тулд МҮОНРТ-ийн жилийн төсвийн талыг нэмж өгөх шийдвэрийг УИХ гаргахгүй нь тодорхой гэж ярих хүн олон байна.

Болсон явдлыг сураглахад, Рио де Жанейрогийн олимпийн наадмыг дамжуулах эрхийг авахаар МҮОНРТ ABU-тай гэрээ байгуулсан гэнэ. Дамжуулах эрхийн төлбөр нь нэг сая ам.доллар. МҮОНРТ-ээс арилжааны телевизүүдэд нэг сая ам.долларыг хувааж төлөөд эрхээ авъя, дараа нь олимпийг төрөл төрлөөр нь хувааж дамжуулъя гэдэг санал тавьжээ. Монголын телевизүүдийн холбооны гишүүд буюу арилжааны 16 телевиз уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ хариуд нь мэдэгдсэн байна. “Нэг сая ам.доллар гэдэг хэтэрхий өндөр үнэ, ийм хэмжээний мөнгийг эдийн засаг хүндрэлтэй байгаа үед арилжааны телевизүүд хувааж төлөх боломжгүй. Тэгээд ч бид хамтраад үнээ буулга гэдэг шаардлагыг олимп эхлэх хүртэл ABU-д тавих ёстой. Шаардлагын дагуу бидэнд хямд үнэ санал болгох нь гарцаагүй. Яарч гэрээ байгуулалгүй, дахин тохиролцох санал тавья” гэж арилжааны телевизүүд МҮОНРТ-ийн удирдлагуудад санал болгосон гэнэ. Гэтэл “Нэгэнт гэрээ байгуулчихсан. Эргэж буцах боломжгүй. Та бүхэн хамтарч төлөхгүй гэвэл манайх ганцаараа дамжуулна” гэж зөрүүдэлсэн бололтой. Хэрвээ төсөв дээр хоёр тэрбум гаруй төгрөг суулгаж өгвөл зөвхөн МҮОНРТ олимп дамжуулах болбол бусад арилжааны телевизүүд барьцаж, хэл ам хийх нь тодорхой. Учир нь төсвөөс мөнгө гаргах бол шууд дамжуулах эрхийг бүх телевиз хувааж авах ёстой. МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр дангаараа олимп дамжуулах нь шударга өрсөлдөөний зарчимд таарахгүй үйлдэл болно. Тэгээд ч МҮОНРТ өнөөг хүртэл HD форматаар үзүүлэхгүй байгаа. Дүрсний чанар нь үзэгчдэд гологддог.

Арилжааны телевизийн удирдлагуудын үзэж байгаагаар ABU зээлжих зэрэглэл буурсан, хөгжиж буй улсуудад контентоо маш хямдралтай үнээр өгдөг уламжлалтай. Тийм нөхцөлтэй улсуудын тоонд Монгол байгаа учраас аяндаа хямд үнээр өгөх нь гарцаагүй аж. Гэтэл Монголын хувь, хувьсгалын телевизүүд эндээ тохиролцож чадахгүй, өрсөлдөх байдлаар өндөр үнэ хэлж гадныхны аманд багтаж байна. Үүний үр дүнд монголчууд олимпийн наадмыг үзэж чадахгүй бололтой.

Сочигийн олимпийн үеэр ч ийм нөхцөл байдал үүссэнийг уншигчид санаж байгаа биз ээ. Олимпийн нээлт эхлэх мөчид үзэгчид Үндэсний телевиз дээрээ сувгаа тааруулчихаад хүлээсэн ч гараагүй. ABU-д Монголын телевизүүдийг МҮОНРТ ахалдаг. Үүнийг ABU-ийн нэршлээр Пүүл гэдэг юм байна. Тухайн үед МҮОНРТ “Манайханд мөнгө алга, үзүүлэхээ л болихоос” гэхээс өөр ажил хийгээгүй, зүтгэл гаргаагүй. Үзэгчдийнхээ өмнө хариуцлага хүлээснээ ч ухамсарлаагүй. Өрсөлдөөнгүй, төрөөс санхүүждэг байгууллагууд угаасаа ч ийм л байдаг. Харин арилжааны телевизүүд Сочигийн олимп эхлэх өдөр хүртэл хөөцөлдсөн гэдэг. Үүний үр дүнд ABU анх санал болгосноосоо зургаа дахин хямд үнээр олимп дамжуулах эрхийг манай арилжааны телевизэд зарсан. Ингэснээр ганцхан TV5 телевиз олимпийг шууд дамжуулж, монголчуудад хүргэсэн.

Сочигийн олимпоос сургамж авсан уу, яасан МҮОНРТ 2016 оны зун болох Рио де Жанейрогийн олимпийг дамжуулах эрхийг өндөр үнээр буюу нэг сая ам.доллараар авах гэрээг ABU-тай байгуулчихсан бололтой юм. Пүүлийг ахалж байгаа телевиз ABU-ийн санал болгосон үнийг нь хүлээн зөвшөөрчихсөн учраас арилжааны телевизүүд дахин хэлэлцээр хийхэд тун хүнд байдалтай болжээ. Гэсэн ч үзэгчид татахыг зорьдог, үйлчлүүлэгчдээ хүндэлдэг байгууллагууд эцсийг хүртэл боломж хайдаг. Арилжааны телевизүүдийн төлөөлөл “МҮОНРТ байгуулсан гэрээгээ эргэж харж, дахин хэлэлцээрт орохгүй бол төсвөөс тэр их хэмжээний мөнгө гаргах боломж байхгүй. Монголчууд ч олимпоо үзэж чадахгүй. МҮОНРТ арилжааны телевизүүдтэй тохиролцоод нэгдмэл байдлаар ABU-д шахалт үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэг сая бүү хэл 500 мянган ам.доллар ч их. Спортын уралдаан тэмцээн, наадам дэлхийд үнэтэй бизнес болсон нь үнэн. Гэхдээ том гүрнүүд л өндөр үнээр худалдаж авдаг. Гэтэл манай телевизүүд нэгнийхээ дээр гарах гэж өрсөлдсөөр олон улсад өөрсдийгөө мөнгөтэй, баян гээд ойлгуулчихсан. Үнэгүй шахам авдаг эрхийг хэдэн мянган ам.доллараар хүртэл авч байсан. Гэхдээ одоо эдийн засаг хүндэрсэн, байдал хүнд байгааг бодолцох ёстой. Ийм үед үзэгчдээ хүндлээд өрсөлдөх биш нэгдэх хэрэгтэй” гэцгээсэн юм.

Монголд олимпийг дамжуулах телевиз байхгүй бол монголчууд БНХАУ-ын “CCTV”-гээр үзэхээс өөр сонголт үлдэхгүй. Тэр үед өмнөдмонгол ах дүү нар минь хэлмэрчилж, үнэд орох нь ээ. Учир нь телевизүүд өмнөдмонгол тайлбарлагчдыг эфиртээ суулгаж, олимпийг тайлбарлуулахаас аргагүй болно. Одоогоор манай тамирчид 2016 оны олимпод оролцох эрхийг 16 төрлөөр авчихаад байгаа. Тамирчдаа, дэлхийн шилдгүүдийн тоглолтыг үзэхдээ өмнөдмонгол ах, дүү нарынхаа орчуулгаар ойлгох нь. Тэд маань уран гимнастикийг орчуулахдаа “Галбирын наадаан эхэллээ” гэнэ. Цаашлаад ширээний тениссийг “Одон бөмбөг банзаар савах наадаан”, волейболыг “Арьсан бөмбөг алгадах наадаан”, сагсан бөмбөгийг “Ширэн бөмбөг шидэх наадаан” гэж тайлбарлана. Хөлбөмбөгийг “Арьсан бөмбөг өшиглөх наадаан” гээд хаалгачийг нь “Үүдчин” гэж ярина. Багийн ахлагчийг нь “Ангийн дарга” гэж тодотгоно. Г.Шийлэгдамба Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Өмнөдмонголд очиход “Жугаа чэнгэлийн жулжаган сайд Шалигдамба ирлээ” гэж танилцуулсан гэдэг наргиантай яриа гарч билээ. Иймэрхүү байдлаар л хэлмэрчлүүлж олимп үзэх бололтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын тусгай албаныхан Монгол Улсын иргэнийг хууль бусаар байцаахад Алтанбулагийн гаалийнхан зуучилсан уу?

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн газрын байранд ОХУ-ын тусгай албаныхан манай улсын хоёр иргэнд гїйцэтгэх ажиллагаа явуулж, гурван цагийн турш хууль бусаар байцаажээ. Хууль бусаар гэхийн учир нь Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрїїгийн хэргийн мєрдєн байцаах албаны хоёр алба хаагч Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зєвшєєрєлгїйгээр манай улсын иргэдээс мэдїїлэг авчээ. Їїнд Алтанбулаг дахь гаалийн газрын удирдлагууд тусалж, байцаалт авах єрєє гаргаж єгсєн байна. Болсон їйл явдлыг нэхэн сурвалжиллаа.

ОХУ-ЫН ХУУЛИЙНХАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЮУНЫ УЧИР БАЙЦААХ БОЛОВ

Алтанбулаг дахь гаалийн газрын зуучлагч ажилтай Г өнгөрсөн наймдугаар сард найзуудтайгаа Улаан-Үдэд амарчээ. Түүний эхнэр Э ч хамт явжээ. Эхнэр нь мөн гаалийн газарт зуучлагчаар ажилладаг юм байна. Улаан-Үдэд тэд Г-ийн эзэмшлийн цагаан өнгийн жийп машинтай аялсан аж. Тэднийг буцсаны дараа ОХУ-ын Буриадын иргэн цагдаагийн байгууллагадаа гомдол гаргажээ. Ингэхдээ амарч явсан монголчуудын нэг өөрт нь хүч хэрэглэсэн тухай гомдол мэдүүлжээ. Уг хэргийн сэжигтэн байж мэдэх хүн нь гадаад улс руу явсан аж. Буриадын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаныхан хэргийг шалгахаар манай улсад орж ирсэн бололтой юм. Тэгэхдээ ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Г, Э нараас гурван цагийн турш гэрчийн мэдүүлэг авчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-аас ногоон өнгийн “УАЗ-Патриот” маркийн машинтай, Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаны алба хаагч, дэд хурандаа цолтой Ц, өөр нэг дээд тушаалын офицерын хамт Монгол Улсад ирж, Гаалийн газрын байранд манай улсын иргэдийг дуудаж, шөнө орой болтол байцаажээ.

АЛТАНБУЛАГИЙН ГААЛИЙН УДИРДЛАГУУД ГАДААДЫН ТУСГАЙ АЛБАНЫХАНД ЮУНЫ УЧИР ХӨЛ АЛДАВ

Эх сурвалжийн мэдээлс­нээр ОХУ-ын тусгай албаныхан манай улсын иргэдээс байцаалт авахад хуулийн ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Ердөө л Алтанбулаг дахь гаалийн газрын дарга Д.Батбаатартай уулзаж, ажилтнуудаа дуудахыг үүрэгджээ. Тэр дагуу нь Алтанбулаг дахь гаалийн газрын удирдлагууд хөл алдаж, сандраад хоёр зуучлагчаа дуудаж, загнаж зандраад сүйд болжээ. Бүр нэр төр, алдар хүндэд нь халдаж элдвээр доромжилсон тухай ч мэдээлэл байна. Цаашлаад ОХУ-ын тусгай албаныханд байцаалт авах өрөө гаргаж өгсөн аж. Хүний урманд Алтанбулагийн гаалийн газрын удирдлагууд зуучлагчаар ажилладаг, байгууллагынхаа алба хаагчдын эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөгч байлцуулах талаар үг ч цухуйлгаагүй аж. Харин ч ажилтнуудаа элдвээр загнаад, тусгайлан бэлтгэсэн өрөөнд түлхэх шахуу оруулсан аж. Бид ОХУ-ын хуулийнханд байцаалт өгсөн Э-тэй утсаар холбогдоход “Бид сэтгэл зүйн хувьд гүн хямралд орсон. Маш их дарамттай байна. Өнгөрсөн хугацаанд олон байгууллагад тайлбар, мэдүүлэг өглөө. Мэдээлэл өгөх үнэхээр боломжгүй байна” гэсэн юм.

ҮНДСЭН ХУУЛЬТАЙ, ТУСГААР УЛСЫН ИРГЭНИЙГ БАЙЦААХ ЭРХ ГАДНЫХАНД БИЙ ЮУ

Монгол Улс бол Үндсэн хуультай, тусгаар улс. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Хүний эрхийг хангах олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци манай улсад хууль адил үйлчилдэг билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. ОХУ-ын хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар манай улсад ирж, тусгайлан бэлтгэсэн өрөөнд гурван цагийн турш Монгол Улсын хоёр иргэнээс байцаалт авсан. Энэ нь иргэнээ байцаа, шалга гээд гадны улсад хүлээлгэж өгч байгаатай адил аж. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т ”Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. ОХУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хууль манай улсын нутаг дэвсгэр дээр үйлчлэхгүй. Тиймээс манай улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-д үйлчилж байгаа хуулийн дагуу, дур мэдэн байцаалт авч, гурван цагийн турш эрх чөлөөг нь хязгаарлах эрх гадныханд байхгүй гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй” гэж тодорхой заасан байдаг. Тэгэхээр төрийн байгууллагын хэн нэг албан тушаалтан Монгол Улсын иргэнийг гадаадын тусгай байгууллагад хүлээлгэж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл байж мэдэх аж.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тавдугаар зүйлийн 5.1.1“байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг хэлнэ гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, эдгээрээс өөр албан тушаалтан Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн үг. Гэтэл ОХУ-ын хуулийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулжээ. Мөн хуулийн аравдугаар зүйлийн 10.1 “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” гэж заасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт хэн нэгнийг байцаах бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг л мөрдөх учиртай. Өөр улсад мөрдөж байгаа ижил төстэй хууль манай улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй гэсэн үг.

Тэгэхээр гадаад улсын хуулийн байгууллагад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, манай улсын иргэнийг зөвшөөрөлгүй байцаах эрх байхгүй.

ГАДНЫХАНД ЗУУЧИЛЖ, ИРГЭНЭЭ БАРЬЖ ӨГСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ БОЛОЛТОЙ

ОХУ-ын хуулийнхан Мон­голд ирээд манай улсын хоёр иргэнээс хэдэн цаг байцаалт авсан нь маш олон хууль зөрчсөн үйлдэл аж. Гадаадын хуулийнхан манай улсын хуулийнхантай хамтран ажиллах тухай хэ­лэл­цээр, гэрээ бий. Гэхдээ албан ёсоор хандаж, харил­цан зөвшөөрсний үндсэн дээр хамтарч ажилладаг. Гэтэл ОХУ-ын тусгай бай­гууллагынхан дур мэдэж, манай улсын иргэнээс бай­цаалт авсан, үүнд нь гаалийн байгууллагын удирдлагууд тусалж, зуучилсан нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал аж. Тиймээс уг хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн Цагдаагийн ерөнхий газраас Гадаад хэргийн яамаар дамжуулж Буриадын эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаныханд ханджээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Алтанбулаг дахь Гаалийн газрын удирдлагуудыг гадаад улсын тусгай байгууллагатай ямар шалтгаанаар хамтран ажиллаж, иргэнээ хүлээлгэж өгсөн бэ гэдэг үндэслэлээр шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Төрийн албанд ажилладаг эрх бүхий албан тушаалтнууд ОХУ-ын тусгай байгууллагатай хамтран ажилласан нь эх орноосоо урвасан гэж үзэх үндэслэл болох бололтой. Гэхдээ субьектив санаа зорилго нь ямар байснаас хэргийн мөрдөн байцаалт бас хамаарах бололтой.

ГАДНЫХАН ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨӨР УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙХАД МАНАЙХАН …

Монгол Улсын хоёр иргэнийг гадаадын тусгай байгууллагын алба хаагчид хууль бусаар, өмгөөлөгчгүйгээр гурван цагийн турш байцаасан нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэдгийг хуулийнхан ярьж байгаа. Гэтэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга өчигдрийн байдлаар мэдээгүй байв.

Гадныхан иргэнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө өөр улсад очиж, хууль зөрчин байж мэдүүлэг авч байхад иргэндээ үйлчлэх үүрэгтэй төрийн алба хаагчид тал засаад хүнээ бариад өгч байгааг юу гэх вэ. Өнгөрсөн оны долдугаар сард Тувад манай улсын иргэнийг зэрлэгээр хөнөөж, машинтай нь шатаасан хэрэг гарсан. Манай сонин “Тувад монгол бүсгүйг хөнөөсөн хэргийн мөрөөр…” цуврал нийтлэл бичиж байсан билээ. ОХУ-ын хуулийнхан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаачихсан байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн Улсын ерөнхий прокурор, Гадаад хэргийн яам, Кызыльд суугаа Монгол Улсын Ерөнхий консулд хандаад ч тусыг олоогүй. Арга ядахдаа “Өдрийн сонин”-д хандаж ярилцлага өгч байсан билээ. Талийгаачийн ээж манай сонинд ярилцлага өгөхдөө “Монголын төр Тува руу хулгайлагдсан малынхаа араас хөөцөлддөг атлаа хүнээ нэхэхгүй байна” гээд уйлж байсан. Тэрбээр “Ерөнхий прокурорт Наймдугаар сард уулзах хүсэлт тавиад өрөөнд нь ороход “Өдрийн сониноос л ийм хэрэг болсныг мэдлээ. Прокурор томилж өгнө” гэсэн. Аймагт очиход прокурор “Ерөнхий прокурор үүрэг өгсөн. Гэхдээ бид хил гарвал сөрөг тагнуул гэж хардагддаг учраас Тувад очих боломжгүй” гэсэн. Дараа нь Гадаад хэргийн яамны Консулын газрын даргад бичгээр хүсэлт өгсөн. Сарын дотор хариу өгөх үүрэгтэй гэсэн ч өнөөг хүртэл хариу алга. Хариугаа нэхээд очихоор “Цаанаас албан бичиг ирээгүй. Ирэхээр нь та нарт хариу өгнө. Өөр арга байхгүй. Та нар хувийн шугамаар дараа дараачийн арга хэмжээгээ авбал ав” гэдэг. ОХУ-ын хуулийн байгууллага хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгааг Гадаад хэргийн яаманд өгчихөж болдоггүй юм болов уу гэж бодох юм. Ингээд л бид мухардчихаад байна” гэж ярьсан билээ.

Мөн өнгөрсөн сард Улаан-Үдэд манай улсын иргэд дээрэмдүүлж, нэг нь буудуулсан хэрэг гарсан. Хохирогчид зам дээр зогсч байгаад нутаг нэгтнүүдтэйгээ таарч, цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. Ингэхдээ Монгол Улс руу буцаж эмнэлгийн тусламж авмаар байгаагаа хэлэхэд цагдаа нар “ОХУ-ын нутагт гарсан хэрэг учраас заавал энд байцаалт өгөх ёстой” гээд хэдэн өдөр байлгасан. Гэвч сэжигтнүүдийг өнөөг хүртэл олоогүй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №234 (5186) дугаарт>>

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хоригдсон. Улмаар мөн оны тавдугаар сарын 13-ны өдөр хорих ангийн эргэлтийн өрөөнд нас барсан билээ.

Сэжигтнийг эмнэлэгтээ хэвтүүлэх эсэхийг АТГ-аас асуусан гэв үү

Хяналтын прокурорын оргон зайлж болзошгүй гэсэн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр талийгаачийг цагдан хорьсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг талаар өмгөөлөгч нь долоо найман удаа холбогдох албан тушаалтнуудад хүсэлт өгсөн ч батлан даалтад гаргаагүй. Батлан даалтад гаргахгүй бол хорих ангийнхаа эмнэлэгт хэвтүүлээд эмчилж өгөөч гэдэг хүсэлтийг ч өгч байжээ. Үүний хариу болгож Урьдчилан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс 2014 оны тавдугаар сарын 9-ний өдөр “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэсэн бичгийг өгч байсан баримт байна. Тэгвэл эмч нар хорих ангид саатуулагдаж байгаа хүмүүсийг үзэх бүртээ талийгаачид үзлэг хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хоригдсон хүмүүсийг үзсэн нэрсийн жагсаалтад Д.Амарсайхан гэдэг нэр байхгүй, дөрөвдүгээр сарын 24-ний жагсаалт дээр нэг хүний нэрийг штрихээр арилгаж байгаад дээр нь талийгаачийн нэрийг бичжээ. Тавдугаар сарын 5-ны өдрийн жагсаалтад мөн л ийм засвар оруулж талийгаачийн нэрийг бичсэн байх юм. Үүнээс хоёр хоногийн дараа хоригдсон иргэдийг үзэхдээ талийгаачид огт үзлэг хийгээгүй байна. Нөгөөдөр нь өмгөөлөгчид “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэдэг хариуг өгсөн байдаг. Гэхдээ урд өдөр нь талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн бичгийг хорих ангийн ерөнхий эмч гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүйг хорих ангийн эмч нар батлаад, хэвтэх бичиг хийчихсэн байж. Тэгсэн атлаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн даргаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийн нэр дээр нэгэн албан бичиг очсон баримт байна. “Д.Амарсайханы бие муу байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд таны л зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий бичиг. Тухайн үед хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх рүү шилжчихсэн байсан. Тэгэхээр Д.Амарсайхан агсныг суллах, хориход АТГ огт хамаагүй гэсэн үг. АТГ шалгадгаа шалгаад хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлчихсэн байсан үе. Гэтэл яагаад огт хамааралгүй хүнээс зөвшөөрөл хүссэн байх вэ. Энд эмч нарын “Дээрээс чиглэл өгсөн” гэдгийн учиг тайлагдаж байх шиг. Хуулийн байгууллагын эмч хүртэл үйлчлүүлэгчээ эмчлэх зөвшөөрлийг АТГ-аас авдаг болж таарах нь. Дээрх албан бичгийн агуулгаар шүү дээ. “АТГ-ын дээр юу ч гарахаа больсон. АТГ-ынхныг шалгах эрхтэй байгууллага байхгүй. Дархан эрхтэй хүмүүс” гэж ярьж бичээд байдаг нь хоосонгүй бололтой. Тодруулбал, хорих ангийн эмч нар хэвтүүлэх бичиг хийснээс тав хоногийн дараа буюу 2014 оны тавдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрд 4/105 тоот албан бичиг явуулсан баримт олдлоо. Түүнд “Тус ангид цагдан хоригдож буй Д.Амарсайхан нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, толгойн талласан өвдөлт оноштой хорих өрөөнд эмийн эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Иймд цаашид тус ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхэд мөрдөн шалгах ажиллагаанд саад учрах эсэх талаар манай байгууллагад хариу мэдэгдэнэ үү” гэж бичжээ. Энэ бичгийг явуулснаас нэг хоногийн дараа талийгаач нас барсан юм.

Даралт багатай хүнд даралт бууруулах үйлчилгээтэй эм өгчээ

Талийгаач Д.Амарсайхан нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ. Өвчин сэдэрсэн үед эсийн үйл ажиллагаа алдагдаж, шинжилгээгээр онош хангалттай тодрохгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна талийгаач ходоодны архаг үрэвсэлтэй байсан аж. Хоолны дэглэм алдагдах үед ходоодноос нь цус алдах магадлалтай байж. Энэ бүхэн нь эмч нарын үзлэг, шинжилгээний дүнгээс ч тодорхой харагдаж байжээ. Гэтэл талийгаачид зөвхөн эмийн эмчилгээ хийж байсан баримт байна. Тухайлбал, талийгаачийн өмгөөлөгч манай сонинд ярилцлага өгөхдөө “Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан” гэж ярьж байсан. Гаднаас оруулсан эмийг өгөхгүй байхаас гадна эм сольж өгсөн асуудал ч гарч байжээ. Тодруулбал, хорих ангид хоригдож байсан эмэгтэйд ар гэрийнхнээс нь явуулсан “Цитромон П”, цусны даралт бууруулах үйлчилгээтэй “Энап” гэдэг эмийг талийгаачид андуурч өгчээ. Талийгаач дээрх хоёр эмнээс даралт буулгах үйлчилгээтэйг нь нас барсан өдрийн өглөө уусан байна. Гэтэл тухайн үед талийгаачийн цусны даралт бага байжээ. Угаасаа ч даралт багатай хүн аж. Өөрөөр хэлбэл, даралт багатай хүн даралтны эм ууснаар даралт нь улам бүр унаж, шоконд орсон байх магадлалтай.

Эмч нар анхны тусламж хэрхэн үзүүлэв

Д.Амарсайхан агсан нас барахынхаа өмнө ахтайгаа эргэлтийн өрөөнд уулзчихаад инээгээд орж байгаа дүрс бичлэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан үзүүлж байсан. Дараа нь буюу 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзах гээд эргэлтийн өрөөнд хүлээж байхдаа гэнэт “Ёо ёо” гээд унасан гэдэг. Тэрбээр аймшигтай өвдөж байгаагаа үхлээ гэж илэрхийлсэн тухай эргэлтийн өрөөнд хамт байсан хүмүүс ярьдаг. Хорих ангийн эмнэлгийн эмч нар зургаан минутын дотор өвчтөн дээр ирж, тусламж үзүүлсэн гэдэг. Тэгэхдээ талийгаачид массаж хийсэн тухай тэнд байсан хүмүүс ярьсан юм. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн өвчүү дээд хэсгээрээ хугарсан, зүүн талын тавдугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарчээ. Эмч нарын таамаглаж байгаагаар анхны тусламж үзүүлж, массаж хийж байхдаа өвчүү, хавиргыг хугалсан байх магадлалтай гэнэ. Хэрвээ тийм бол хүчтэй өвдөлттэй байсан хүнд өвчүү, хавиргыг хугартал массаж хийсэн гэхээр улам бүр шоконд орсон байж таарах нь. Массаж хийснээр өвдөлт хурдан бууруулах тариа хийгээгүй, харин цусны даралт бууруулах үйлчилгээтэй магнизм тарьжээ. Талийгаач даралт багатай гэж дээр дурьдсан. Дээр нь өвдөлтийн шокны улмаас даралт нь уначихсан байсан үед даралт буулгах үйлчилгээтэй тариа хийсэн нь эмнэлгийн мэргэжлийн бус хүнд ч ойлгомжгүй байгаа юм. Нөгөө талаар магнизм таталтын эсрэг үйлчилгээтэй. Энэ үүднээс тарьсан байж болох ч даралт буулгах давхар үйлчилгээг эмч нар тооцсон эсэх нь эргэлзээтэй.

Үүнээс гадна 103-т залгаж түргэн тусламж дуудсан байдаг. Гэтэл хорих ангийн бүсэд гадны машин оруулахгүй гэж маргаснаар цаг алдсан тухай тухайн үед өмгөөлөгч нь ярьж байсан.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан

“Нүүрс” хөтөлбөрийн
гэх хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх
нарыг таван өдрийн турш шүүлээ. Шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж, үзсэн
хүн бүр дүгнэлтээ хийсэн биз. Шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй ч таван өдрийн турш
шүүх хуралдааныг үзэж, ажигласан хүмүүс хуулийн байгууллага хэрхэн иргэний нэр төр,
эрүүл мэнд, ар амьдралыг нь орхигдуулдгийг сонсч, мэдэрч хуулийн байгууллагынхан
хүний эрхийг зөрчдөг гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрснээ илэрхийлж байна. Тэр хэрээр
Л.Гансүх нарын хэрэг нийгмийн анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа.

Тэгвэл одоогоос жил
таван сарын өмнө нийгэм яг ийм айдаст автаж, дээр дооргүй шуугиж байлаа. Төрийн
хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг
сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа
батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан “Дээрээс
чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй
үйл явдал болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Бямбацогт
нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв.
Шаардлагын нэг үндэслэлд “Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан
цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний
байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан
хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын
Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар
ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээ­хэд бэлэн гэдгээ мэдэг­дэж байлаа. Бүр
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж,
хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд
танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан
нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр
хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан
ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.

Талийгаач Д.Амарсайхан
юуны учир амиа алдсан, эмнэл­гийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа
хүлээсээр бай­гаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус
яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны
мэдээлэл өгөөгүй.

Цаг хугацаа өнгөрөх
тусам мартагнуулах санаархал хуулийнханд ч, намынх нь нөхдөд ч байгаа гэж талийгаачийн
ойрын хүмүүс харддаг юм билээ. Гэвч “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед
болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Энэ удаад ч бид Д.Амарсайхан агсан
ямар оноштой байсан, эмч нар хэрхэн тусламж үзүүлсэн, шүүх эмнэлгийнхэн яаж дүгнэлт
гаргасан зэргийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт,
талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж
байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн
үг. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр баримт цуглуулж явахад эрүүл мэндийн салбарынхан,
мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг
эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан “Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих
вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд
зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ. Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг
оношоо тавьсан байсан. Энэ онош үндэслэлтэй эсэх нь бас эргэлзээтэй.

Д.АМАРСАЙХАН АГСНЫ ТУХАЙД

МАН-ын Бага хурлын
гишүүн Дашзэвэгийн Амарсайхан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Улаанбаатар
хотын лаборатори нэгдүгээр дунд сургууль, 1988 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн
дээд сургууль, 1999-2001 онд ХБНГУ-д дээд курст тус тус суралцаж төгссөн байна.
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991
онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд “Адистат” ХХК-ийн
захирал, 1995-1999 онд “Шинжээч-XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал,
2001-2003 онд “Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын
тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Газрын тосны салбарын үйл ажиллагааг
эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан шилдэг
сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг олон хүн ярьдаг. Тууштай, хүн чанартай эрхэм байсан
гэж ойрынхон нь дурсдаг.

ТАЛИЙГААЧИЙГ ЮУНЫ
УЧИР ЦАГДАН ХОРИВ

Д.Амарсайхан агсныг
анх 50 тэрбум төгрөгийг гадаадад байдаг “Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа
завшсан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх яриа сонсогдож эхэлсэн. Тодруулбал,
Засгийн газраас “Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах
гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан
хэрэгт холбогдсон гэж мэдээлэгдэж байлаа. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. АТГ-аас үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй
болсны дараа Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр дахь хэрэг гарч ирсэн нь бусдаас
авлига авсан гэх үндэслэл байв. Өөрөөр хэлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн АТГ-аас
Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар
2013 оны арванхоёрдугаар сарын 18-наас цагдан хорьсон. Талийгаачийн өмгөөлөгчийн
зүгээс тухайн үед үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муу байгаа учраас батлан даалтад
гаргах хүсэлтийг тавьж байжээ. Хүсэлтээ “Д.Амарсайхан олон дахилттай нойр булчирхайн
архаг үрэвслийн улмаас байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай,
дэглэм алдагдсан тохиолдолд өвчин сэдэрдэг.

Тархины судасны агшилтаас
хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг болон ходоод, элэгний архаг үрэвслийн
улмаас эмийн хамаарал ихтэй. Даарч хөрөх, хүйтэн чийгтэй нөхцөлд байх боломжгүй”
гээд эмч нарын онош, эмнэлзүйг хавсаргаж байсан баримт байна. Ийм оноштойгоор батлан
даалтад гаргах хүсэлтээ хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар
Э.Бямбажав, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар
Б.Хурц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, орлогч прокурор
Ц.Батболд нарт өгч байжээ. Өөрөөр хэлбэл,
Д.Амарсайхан агсан архаг хүнд өвчтэй, байнга эмчийн хяналтад байж, хоолны дэглэм
сахьдаг байжээ. Ийм учраас тухайн үед талийгаачийг батлан даалтад гаргаж эмнэлэгт
хэвтүүлсэн байна. Гэтэл зургаа хоногийн дараа дахин цагдан хорьжээ. Тухайн үед хорих
ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч Урьдчилан хорих
461 дүгээр ангийнхан зөвшөөрөөгүй аж. Ингээд 18 хоног хоригдсоны дараа талийгаачийн
архаг өвчин сэдэрч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
өөрөө цуцалж байсан баримт байна.

ЭМЧЛҮҮЛЖ БАЙХАД
НЬ ОРГОЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХОРЬЖЭЭ

Түүнээс хойш талийгаач
эмнэлэгт хэвтэж, байнга эмчилгээ хийлгэж байжээ. Гэтэл О.Сарангэрэл прокурор “Д.Амарсайхан
хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр
цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн
45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн,
өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай
нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн
прокурорын газрын орлогч прокурорт “…Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт
тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан
хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар
амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад
гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ. Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын
гарын үсэгтэй “Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна.
Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ.

Прокуророос ямар нэгэн
хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр,
Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад “Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ,
ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих
захирамжийг хэвээр үлдээж байжээ.

“ДЭЭРЭЭС ЭМЧИЛГЭЭ
ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН”

Урьдчилан хорих
461 дүгээр анги өөрөө эмнэлэгтэй, тэнд эмчлүүл гээд шүүхээс батлан даалтад гаргаагүй
тухай дээр өгүүлсэн. Тэгвэл архаг өвчин нь хөдөлчихсөн байсан Д.Амарсайхан агсныг
461 дүгээр ангийн эмнэлэгт нэг хоног ч хэвтүүлээгүй аж. Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлж
өгөөч гэдэг хүсэлтийг мөн л удаа дараа тавьж байжээ. Үүнийгээ хорих ангийн эмнэлгийн
эмч нар “Дээрээс чиг үүрэг өгсөн, эмчилж болохгүй” гэж тайлбарлаж байсан тухай яриа
өнгөрсөн жил гарч байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримт орж, Хүний эрхийн дэд
хорооны хурал дээр яригдаж байсан. Талийгаач хоригдож байх хугацаандаа ар гэрийнхнийхээ
явуулсан эмийг алдаг оног ууж байснаас өөр эмнэлгийн тусламж аваагүй. Ингээд
2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр 12.00 цагт эргэлтээр ирсэн төрсөн ахтайгаа уулзжээ.
Үдээс хойш 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзахаар эргэлтийн өрөөнд сууж байгаад
гэнэт “Үхлээ, ёо ёо” гэж хэлээд ухаан алдсан гэдэг. Тухайн үед уулзалтын өрөөнд
Ц.Чандмань, Х.Анхбаяр, н.Энхбат нар байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудсан гэдэг.
Талийгаач сэргэхдээ “Ёо ёо, үхлээ шүү дээ, өвдөөд байна” гэж орилж байжээ. Хорих
ангийн эмч нар дөрвөн минутын дотор очсон гэдэг. Улмаар талийгаачид массаж, хиймэл
амьсгал хийсэн гэдэг. Мөн 103 дугаарт дуудлага өгчээ. Анхны тусламж үзүүлсэн эмч
нар талийгаачийн өв­чүү, хавиргыг хугалсан, даралт багатай хүнд даралт бууруулах
тариа хийсэн, 103-ын эмч нарыг хорих ангид оруулахгүй цаг алдсан гэх мэт олон баримт
бий. Энэ тухай дараагийн дугаарт үргэлж­лүүлэн мэдээлэх болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Шилэн данс”-ыг сониноос уншиж, итгэмээр байна

Нийслэлийн
ИТХ-ын төлөөлөгчид улирал тутамд 13 сая төгрөг авдаг гэх шуугиан өчигдөр цахим хуудаст
өрнөлөө.

Нэгэн жиргээч
НИТХ-ын “Шилэн данс”-ны мэдээллийг сайтаас ухаж олоод нийтэд түгээснээр нийслэлийнхний
гар утасны төлбөр, унаанд зарцуулдаг мөнгө хичнээн их болохыг сошиал медиад идэвхтэй
байдаг хэсэг мэдэж авлаа. Шилэн дансны тухай хуулиар таваас дээш төгрөгийн гүйлгээгээ
байгууллагууд сайтдаа мэдээлж байх үүрэг хүлээсэн. Гэвч ихэнх байгууллагын сайт
дээрх “Шилэн данс” ажиллахгүй байгаа талаар Засгийн газрын түвшинд яригдсан билээ.
Сайтууд дээрх сервер гацах, өгөгдсөн мэдээлэл харагдахгүй байх гээд техникийн саатал
бишгүй байдаг. Бас зорилго тавьж хайхгүй л бол байгууллагын сайтуудаас мэдээлэл
олж авахад бэрх. Интернэт идэвхтэй хэрэглэдэггүй хүнд бол “Шилэн данс” хаалттай.
Тиймээс “Шилэн данс”-ны мэдээллийг сонинд нийтэлдэг болмоор байна. Сайт дээрх мэдээллийг
устгаж өөрчилж болдог бол сониных тэр хэвээрээ баримт болж үлддэг. Сониноо барьж,
баримтуудыг тэмдэглэж, түүндээ итгэж уншдаг олон хүн бий. Сонин дээр гарсан мэдээлэл
илүү олон хүнд хүрдгээс гадна итгэл үнэмшил төрүүлдэг. Мөн сонин дээр байгаа мэдээллийг
сайтынх шиг ухаж олох шаардлагагүй. Интернэтгүй орчинд ч нийтээрээ мэдээлэл авах
боломжтой. Тиймээс “Шилэн данс”-ыг идэвхжүүлж, иргэдийн хяналтыг сайжруулахын тулд
сониныг ашигламаар байна. “Шилэн данс”-ыг сониноос уншиж, итгэх хүсэлтэй олон уншигч
бий.