Categories
мэдээ нийгэм цаг-үе

Виаграг хэрэглэхээс өмнө эмчид заавал үзүүлэх шаардлагатай DNN.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн урологи, андрологийн эмч Ө.Золбоотой виагра эмийн талаар ярилцлаа.


-Виагра бэлдмэлийн үндсэн бодис болох салденафилийг зүрхний эм болгон анх ашигладаг байжээ. Тэгээд нэлээд хожуу эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхыг дээшлүүлдгийг нь тогтоосноор Виаграг хэрэглэх болсон гэх юм. Энэ үнэн үү?

-Салденафилийг анх уушгины артерийн даралт ихсэх өвчний эсрэг хэрэглэж байсан юм билээ. Учир нь энэ бодис гөлгөр булчинг суллаж, цусан хангамж сайжруулдаг үйлчилгээтэй л дээ. Улмаар бэлгийн сулрал буюу 40-70 насны эрчүүдэд тохиолддог бэлэг эрхтэний хөвчрөлийн алдагдал гэх өвчинд хэрэглэж ирсэн. Яг л адилхан булчинг суллаад цусан хангамжийг сайжруулдаг үйлдэлтэй эм.

-Манай улсад энэ эмийг ямар хүмүүс хэрэглэвэл зохилтой вэ?

-Монголд эрэгтэйчүүдийн эмгэгтэй андрологийн өвчтөнүүдийн дунд чихрийн шижин өвчин, таргалалт элбэг тохиолддог юм. Мөн хоолны дэглэм буруугаас, дээр нь нас ахихаар бэлгийн сулралтай болж байна. Тиймээс эхлээд өвчтөнөө сайн оношилж, зүрхний асуудалтай эсэхийг нь сайтар нягтлах хэрэгтэй. Хэрэв зүрхний ноцтой эмгэг илрээгүй бол Виаграг уухыг зөвшөөрдөг. Учир нь зүрхний ямар нэгэн өвчтэй хүнд энэ эмийг уулгавал шигдээст хүргэх аюултай. Зүрхний асуудалгүй тохиолдолд ч хамгийн бага тунгаар ууж хэрэглэх нь зөв. Виаграг нэг удаа уугаад гурав хоног өнжих шаардлагатай. Ер нь энэ эмийг зөвхөн эмчийн заавраар л уух ёстой.

-Энэ эмийг заавал жороор уух ёстой гэж ойлголоо. Гэтэл иргэд ямар ч жоргүй дураараа авч уух нь элбэг байх шиг. Эмийн сангууд Виаграг жоргүй олгодог уу?

-Тэгдэг. Мөн секс шопууд ч ямар нэг хараа хяналтгүй зарж л байдаг.

-Манай улсад Виагра хэрэглэж байгаад зүрх нь хаагдаж нас барсан тохиолдол бий юү?

-Бэлгийн харилцаа хийж байх үедээ зүрх нь ачааллаа дийлэхгүй амиа алдсан явдал манай улсад цөөн боловч гардаг. Зүрхний асуудалтай гэдгээ мэдсээр байж энэ эмийг дур мэдэн ууснаас шигдээс болсон тохиолдлууд бий. Хөдөө орон нутагт ч ийм тохиолдол нэг биш удаа гарч байсан. Хот орж ирэхдээ эрчүүд Виагра авчихдаг. Нутагтаа эргэж очоод архи, дарстай хамт хэрэглэдэг. Уг нь энэ эмийг бэлгийн харилцаа хийхээс 30 минутаас цагийн өмнө уух ёстой. Өөх тостой хоол идэх нь энэ эмийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг талтай. Мэдээж архи дарстай хамт хэрэглэх ч эрсдэлтэй. Учир нь архи цус шингэлдэг үйлчлэлтэй. Дээр нь Виагра өөрөө цусны урсгалыг сайжруулдаг юм. Тиймээс ч энэ эмийг архи, дарстай хольж хэрэглэхийг хориглодог.

Үүнээс гадна Виаграг уух үед харшлын эмгэг илэрч болно. Мөн ойрын болон холын хараа түр муудах нь ажиглагддагийг анхаарах нь зүйтэй. Виаграг хэрэглэх үед харшлын ямар нэг эмгэг үүсвэл эмчид заавал хандах шаардлагатай. Тунг нь сайн тохируулж, хамгийн бага 5-10 мг тунгаас эхлэх нь зохилтой юм.

-Уг эмийг гол төлөв хэдэн насны хүмүүс хэрэглэдэг бол. Виаграг тэдээс тэдэн насны хүн хэрэглэх учиртай гэсэн заалт бий юү?

-20-25 насныхан энэ эмийг хэрэглэхэд ерөөс үйлчлэхгүй. Учир нь тэд бэлгийн хөвчрөл сайтай эрүүл улс. Тэгээд ч энэ насныхан Виаграг тогтмол хэрэглэвэл эмгэг хөвчрөл үүсэх эрсдэлтэй. Харин 45-70 насны хүнд үйлчилгээ нь 52 хувьтай байдаг гэсэн тооцоо бий. 40 наснаас эхлээд эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх эрэгтэй даавраас болж хөвчрөл нь багасч, бэлгийн чадавх нь 10-15 жилийн өмнөхөөсөө хоёр дахин илүү буурдаг.

-Виаграг эмэгтэйчүүд хэрэглэдэг үү?

-Хэрэглэх нь бий. Гэхдээ Виагра уудаг эмэгтэйчүүд аль ч улсад цөөхөн.

-Виаграгийн үйлчилдэг хугацаа ямар вэ?

-Хоёроос дөрвөн цаг үйлчилнэ. Энд тэмдэглэхэд, хоёр цагаас илүү хугацаагаар хөвчирсөн бэлэг эрхтэн буухгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь приапизм /эмгэг хөвчрөлт/ гэж эмгэг бий. Энэ нь удаан үргэлжилбэл үхжил явагдахад хүргэдэг. Тийм үед бэлэг эрхтний дүүрсэн цусыг хатгаж хурдан гаргах ёстой.

-Тийм тохиолдол гарч байв уу?

-Элбэг биш ч тохиолддог.

-Виагра эм дотроо ялгаатай юу?

-Шатлал шатлалаараа өөр. Тунгийн хэмжээнээс хамаараад өөр өөр байдаг л даа. Бага тунтайг эхэлж хэрэглээд үр дүн муу байвал дараагийн шатлалын эмийг хэрэглэх нь бий.

-Эрэгтэйчүүдийн талын эмгэг Монголд хэр элбэг вэ?

-Манайд түрүү булчирхайн хорт хавдар цөөн. Жилдээ нэг, хоёр л бүртгэгддэг. Харин түрүү булчирхай томрох явдал элбэг. 40 нас гараад эрэгтэй хүн заавал урологи, андрологийн эмчид хоёр жилдээ нэг удаа үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчнийг ч үл ойшоож болохгүй. Өвчнөө дутуу эмчилсний улмаас урхагтай үлдэх нь бий. Эдгээр үлдэц нь шээс бэлгийн замыг гэмтээдэг юм.

-Андрологийн талын эмчилгээнд манай эрэгтэйчүүд хэр хамрагддаг вэ?

-Манай эмнэлэгт андрологийн тасаг нээгдээд удаагүй байна. Гол төлөв чихрийн шижин, таргалалттай, эсвэл 60-аас дээш настай эрэгтэйчүүд ханддаг. Уг нь эрэгтэйчүүд 35-40 насандаа тестостероны дааврын хэмжээгээ тодорхойлуулж байх ёстой. Учир нь энэ насанд бэлгийн хөвчрөл залуу үеийнх шигээ байж чадахгүйд хүрч эхэлдэг юм. Тиймээс тэр үед нь оношлуулаад витаминт эмчилгээ, хөдөлгөөн, хоолны эмчилгээг зохицуулан хийлгэх шаардлагатай. 60 настай эрэгтэй тийм эмчилгээ хийлгэлээ гэхэд гучтай залуу шиг болохгүй ч бэлгийн хөвчрөлөө үлэмж сайжруулж болно.

-Бэлгийн сулрал залуучуудын дунд элбэг байна гэх юм?

-Манай залуучууд сэтгэхүйгээ өөрчилж, удаан хугацаанд бэлгийн ажиллагааг тасалдуулахгүй байхыг аль болох хичээвэл зүгээр. Бэлгийн сулрал нэн ялангуяа ээлжийн ажилтай эрчүүдэд илүүтэй ажиглагдаж байна. Жишээ нь, хоёр долоо хоног ээлжинд гараад хоёр долоо хоног амардаг хүмүүст. Ийм ажилтай эрчүүд бэлгийн харилцаа удаан хийхгүй байж байгаад нэг хийхээрээ хурдан дур тавьдаг болчихдог. Ийм мөчлөгөөр удаан ажиллахаар хүмүүсийн сэтгэхүйд өөрсдийгөө бэлгийн сулралтай болчихлоо гэж хий бодон эцсийн дүнд үнэхээр бэлгийн сулралтай болох нь бий. Ийм тохиолдолд андрологийн эмчид цаг алдалгүй хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгж хандах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ асуудлаар эхнэртэйгээ хамт ирж зөвлөгөө авах нь ч бий. Эхлээд тус тусад нь, тэгээд хамтад нь уулзаж зөвлөгөө өгсний дараа сексийн амьдрал нь эргээд хэвийн болох жишээ багагүй шүү. Учир нь ихэнх тохиолдолд бэлгийн хөвчрөл дутмаг биш, янз бүрийн суурь өвчин байхгүй нь ажиглагддаг. Сэтгэл зүйтэй л холбоотой. Тиймээс сексийн амьдрал тасалдахгүй тогтмол байх ёстой. Өөр нэг зүйл хэлэхэд, эрчүүд бэлэг эрхтнээ томруулах гээд вазелин шахах тохиолдол элбэг байдаг. Эхэндээ том болсон юм шиг мэдрэмж төрөх нь бий. Гэвч аажимдаа бэлэг эрхтний эд эс үхжиж хагалгаанд орох тохиолдол зөндөө байдаг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Мэдрэлийн гаралтай горойлт гэж юу вэ? DNN.mn

Улаан хоолойн булчин түр зуур агшихыг мэдрэлийн гаралтай горойлт гэдэг байна. Энэ нь мэдрэлийн ядаргаа болон хэт санаа зовох үед тохиолддог аж. Горойгоод, шүлсээ залгиж чадахгүй байна гэсэн зовуурь хэлэх хүн цөөнгүй. Гэтэл дурангийн шинжилгээ хийгээд үзэхээр хэвийн байх жишээтэй. Тийм тохиолдолд горойлт сэтгэл санааны гутрал буюу мэдрэлийн гаралтай үүссэн гэсэн үг. Ер нь булчингийн чангарал юуны өмнө хүний улаан хоолойд мэдрэгддэг байна.

Горойх хам шинж нь сэтгэл санааны хямралаас гадна нойргүйдлээс үүдэх нь бий. Нойр хулждаг хүний булчин чангарч, улмаар улаан хоолой нь агшдаг. Хэрэв горойлт өгөөд зовуурьтай байгаа бол эхлээд сэтгэл зүйгээ тайван байлгах ёстойг эмч нар зөвлөж байна. Учир нь шөнө гүн унтаж байх үед биеийн бүх булчин тайвширч сулардаг. Гэтэл гүн нойроо авч чадахгүй, дэлгэцээс хамааралтай ажил хийхээс болж горойх хам шинж үүсдэг аж. Мөн ядрах, стресстэх, уурлаж бухимдах бүрийд улаан хоолойн булчин зангирдгийг мэдэхэд илүүдэхгүй. Зарим хүний ходоодны булчин зангирч өвдөх ч тохиолдол бий. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол дурангийн шинжилгээнд орох явдал. Дуран оношлохоос гадна эмчлэх давуу талтай.

Өвчтэй байх гэж бодоод явж байсан хүн дурандуулаад эрүүл гэдгээ мэдээд сэтгэл санаа нь өөдрөг болдог. Тэгэхээр горойх хам шинж илэрсэн хүмүүс дурангийн шинжилгээнд орох л хэрэгтэй гэж зөвлөе. Гэхдээ нэг анхаарах зүйл гэвэл, горойлт үүсээд удсан бол улаан хоолойн ямар нэг эмгэг байна гэсэн үг юм. Түүүнийг мөн л дурандуулж байж мэдэх боломжтой. Зарим хүн хоолоо идээд, сайн унтаж амарчихаад босоод ирэхээр зүгээр болчихсон гэдэг. Мэдрэлийн гаралтай эмгэг сайтар амрахад арилдаг талтай учраас л тэр.

Ер нь ямар ч тохиолдолд горойх хам шинжийг аль болох эрт дурангаар оношлуулах нь зүйтэй. Учир нь улаан хоолойн эмгэгийн гаралтай горойлт удаан хугацаанд үргэлжилбэл хавдар болох аюултайг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Энэ сард сансар судлалын түүхэнд хоёр томоохон үйл явдал болно DNN.mn


Солиртой мөргөлдөхөөс сэргийлж сансрын станцын нислэгийн чиглэлийг өөрчилнө

Энэ сарын 26-нд НАСА буюу АНУ-ын Аэронавтик, сансар судлалын үндэсний албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд хөөргөсөн 500 кг жинтэй “DART” сансрын станц Аполло бүлэгт хамаарах 780 метр урттай Дидимос солирын 160 метрийн урт дагуул Диморфосыг мөргөнө. Ингэснээр, Диморфос болон Дидимосын нислэгийн чиглэлийг хазайлган өөрчлөх юм байна. “DART” (Double Asteroid Redirection Test) гэдэг нь хос солирын чиглэлийг өөрчлөх туршилт гэсэн утгатай үгсийн товчлол ажээ. Энэ нь дэлхийг солир зэрэг сансрын нисдэг биетүүдийн заналхийллээс хамгаалах технологийн анхны туршилт болж буйгаараа онцлог юм.

“DART” станцыг зохион бүтээж, үйл ажиллагааг нь чиглүүлж буй АНУ-ын БХЯ-ны харьяа Хэрэглээний физикийн лабораторийн судлаачдын баг 4.3 метрийн “LDT” ба 6.5 метрийн голчтой “Magellan” зэрэг хамгийн хүчтэй телескоп дурангуудыг ашиглан хос солир өнгөрсөн долдугаар сараас дахин дэлхий рүү ойртох болсныг тогтоосон байна. Дидимос болон түүний дагуул Диморфос есдүгээр сарын 26-нд “DART” станцтай мөргөлдөх цэгт хүрэлцэн ирэхийг ч мөн баталжээ.

“DART”-ын чухал ажиллагаа амжилттай болох эсэх нь хос солирын тойрог замыг алдаа мадаггүй нарийн тогтоосон эсэхээс шалтгаалах гэнэ. Үүнээс гадна судлаачдын баг мөргөлтийн уршгийг үнэлэх аргачлалыг боловсруулсан аж.

Тэрхүү аргачлалын дагуу ирэх аравдугаар сард Диморфосын тойрог зам хэрхэн өөрчлөгдсөнийг шинжлэх юм байна. “DART” сансрын станц Диморфостой мөргөлдөхийг Италийн “LICIACube” аппаратаас Украины бизнесмэн Макс Поляковын эзэмшдэг “Drag­onfly Aerospace” компанид үйлдвэрлэсэн “Gecko” хэмээх тусгай камерт буулгах ажээ. “LICIACube” аппарат солиртой мөргөлдөхөөс хэд хоногийн өмнө “DART”-аас салахаар программчилагджээ.

Энэхүү туршилт амжилттай болвол дэлхийг солир зэрэг задгай сансар дахь нисдэг биетүүдтэй мөргөх аюул заналхийллээс хамгаалах боломж нээгдэх билээ.

АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг сарыг зорино

Наймдугаар сарын 29-нд сарны тойрог зам руу хөөргөх гэж байсан АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг тээгч пуужингийн хөдөлгүүрт хүчилтөрөгч алдагдсаны улмаас нислэгийг хойшлуулахад хүрсэн билээ. Тэгвэл саран дээр хүн буулгах АНУ-ын “Artemis” хөтөлбөрийн удирдагч Майкл Сафарин мэдэгдэхдээ, пуужинд илэрсэн техникийн доголдлыг бүрэн зассан тул есдүгээр сарын 2-ны баасан гаригт хөөргөнө гэжээ.НАСА-гийн захирал Билл Нельсон ч “Artemis I” хөлөгт илэрсэн доголдлыг ноцтой зүйл биш гэдгийг тэмдэглээд, сарны хөтөлбөр төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Тус хөлөг сарны тойрог замд 42 хоног ажиллаж, НАСА-гийн саран дээр хүн буулгахаар сонгосон 13 газрыг нарийвчлан судлах юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрт илрүүлгийн үзлэг ирэх жилийн тавдугаар сар хүртэл үргэлжилнэ DNN.mn

Саяхан Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгийн талаар мэдээлэхдээ урьдчилан сэргийлэх үзлэг эхнээсээ үр дүнгээ өгч буй талаар онцолсон юм. Энэ тухай ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.


-Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс улс орон даяар хүн амыг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгээр 844 хавдрын сэжиг илэрсэн талаар хэд хоногийн өмнө онцолсон билээ. Энэ ажил хэр явцтай байна вэ?

-Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс орны нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн. Үүний үр дүнд энэ сарын 25-ны байдлаар 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад онош тодруулж, баталгаажуулах шинжилгээнд хамруулах ажил хийгдэх гэж байна. Ер нь энэ арга хэмжээ зохих үр дүнд хүрч ахицтай үргэлжилж байна гэж үзэж болно.

-Энэ арга хэмжээнд яг ямар хүмүүсийг яаж хамруулаад байна вэ.Одоогийн байдлаар нийт хичнээн хүнд үзлэг шинжилгээ хийсэн бол?

-Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан гэдгийг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүний дагуу иргэд 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны бүлэгт хуваагдан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж эхлээд дөрвөн сар болох гэж байна. Энэ сарын 25-ны байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 282 мянга 120 хүн хамрагдлаа. Тэдгээрээс 44.5 хувь нь эрэгтэйчүүд, 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 51.7 хувь нь Улаанбаатарт, 48.2 хувь нь орон нутагт хамрагджээ. Харин насаар нь ангилбал эрт илрүүлэгт хамрагдагсдын 67.3 хувь нь 0-17 насны хүүхэд бол 32.6 хувь нь 18-аас дээш насныхан байна.

-Иргэд энэ талаар дутмаг мэдээлэлтэй байх шиг. Олон хүн үүнд хамрагдахын тулд хаана, яаж хандах вэ гэж лавлах юм?

-0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад шууд хамрагдана. Харин насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад энэхүү багцад хамрагдаж байна. 18-аас дээш насны иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах урилгыг харьяалах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс цахим юм уу цаасан хэлбэрээр хүргэхээс гадна утсаар мэдэгддэг. Ингэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, зохион байгуулалт, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр хангаж, сонголт хийхэд нь тусалж байгаа юм. Тэгээд тухайн иргэний сонгосон эрүүл мэндийн байгууллага руу даатгуулагчийн холбогдох мэдээллийг хүргэдэг. Иргэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 лавлах утас руу залгаж энэ талаар тодорхой мэдээлэл авч болно.

-Эрт илрүүлгийн энэ чухал арга хэмжээ хэр удаан үргэлжлэх вэ?

-Ирэх жилийн тавдугаар сарын 1 хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ.

-Энэ арга хэмжээний хүрээнд хичнээн газар ямар төрлийн шинжилгээ авч байгаа бол?

-Насанд хүрэгчдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд 118 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад явуулж байна. Насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, биохими, цус болон шээсний лабораторийн ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, мөн төрөл бүрийн багажаар зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой ба ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлий, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэн эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөө авна. Харин 0-17 насны хүүхэд мөн л дотроо насны бүлгээсээ хамаарч 4-6 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Тухайлбал, хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн бүрэн үзлэг, биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, эцэг эхчүүдэд тодорхой зөвлөгөө өгч байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгос сарыг эзэмших олон улсын өрсөлдөөнд нэгдэв DNN.mn

Энэ сарын 5-нд АНУ-ын Флорида мужийн Канавералаас “SpaceX” компанийн “Falcon 9” тээгч пуужин Өмнөд Солонгосын “Данури” хэмээх сарны тойрог замд ажиллах сансрын хөлөг онгоцыг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Ингэснээр тус улс сар руу сансрын хөлөг илгээсэн дэлхийн долоо дахь орон болсон юм.

“Данури” хөлөг онгоц дөрвөн сар гаруй задгай сансраар аялан энэ оны сүүлээр сарны тойрог замд хүрч 100 км-ийн зайнаас манай гаригийн цорын ганц дагуулыг хамгийн багадаа нэг жилийн турш судлах юм байна. Энэхүү аппаратад суурилуулсан NASA-гийн өндөр мэдрэмжтэй “Shadow­Cam” камераар сарны үргэлж сүүдэрт байдаг туйлууд дахь тогоонуудад хэдий хэмжээний мөс буйг тогтооно гэдэгт олон улсын эрдэмтэд найдаж байгаа ажээ. “Данури” түүнчлэн сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх зорилготой. Тэрхүү сүлжээг ашиглан олон улсын сансрын станцууд интернэтэд саадгүй холбогдох боломжтой болох юм. Сүлжээг туршихдаа дэлхийд алдартай Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ. АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын холбоо зэрэг нь ойрын 15-20 жилд саран дээр судалгаа хийх төдийгүй ашигт малтмал олборлох байнгын бүтэц барих бэлтгэл ажлаа улам идэвхжүүлж байна. Тэгвэл энэхүү өрсөлдөөнд нэгдэн орж буй шинэхэн оролцогч Өмнөд Солонгос нь 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй ажээ.

“Данури” олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг гүйцэтгэхээс гадна тус улсын саран дээр байрлуулах станцыг буух боломжтой талбайг эрэлхийлэхийн сацуу геологийн судалгаа хийх гэнэ. Учир нь саран дээр төмөр, хөнгөн цагаан, титан гээд аж үйлдвэрт чухал хэрэгцээтэй маш олон төрлийн ашигт малтмал их хэмжээгээр агуулагддаг нь эхнээсээ тогтоогдоод буй. Cарны хөрсний гадаргуугийн давхарга реголитэд дэлхийд ховор гелий-3 изотоп агуулагддаг байна. Үүнийг термо буюу дулаан цөмийн реакторын түлш гэж үздэг юм. Хүн төрөлхтнийг тэр чигт нь нэг жилийн турш эрчим хүчээр хангахад ердөө 30 тонн гелий-3 хангалттай гэсэн тооцоо ч гарчээ. Үүнээс гадна гелий-3-ыг ашиглахад удаан задардаг цацраг идэвхт хаягдал гардаггүй юм байна.


Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдээс дурдъя.

Австралид хиймэл зүрх зохион бүтээжээ

Австралид сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан “BiVACOR TAH” хэмээх хиймэл зүрх зохион бүтээжээ. Харьцангуй жижиг хэмжээтэй энэхүү хиймэл зүрхийг хүүхдүүд, эмэгтэйчүүдэд ч суулгах боломжтой аж. 10 жил ажилладаг “BiVACOR TAH”-ийг эдэлгээний хугацаа нь дуусангуут солих боломжтой гэнэ. Энэхүү аппаратыг спортоор хичээллэдэг залуу хүний ачаалыг ч даах хүчин чадалтай юм байна.

Эрдэмтэд одоо хиймэл зүрхийг утсаар холбогдоогүй автономит ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа ажээ.

Шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхмаар ойртов

Наран дээр устөрөгчийн атомууд хоорондоо мөргөлдөн гелийг бий болгож маш их эрчим хүч ялгаруулдаг үйл явцыг цөмийн синтез гэдэг. Тэгвэл энэ үйл явцыг дэлхийд хийж чадвал шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэх ажээ. Үүнд шаардлагатай цөмийн синтезийн реактор бүтээхэд хэт богино долгион ба асар их хүчин чадалтай соронз хэрэгтэй юм байна.

Тэгвэл “Commonwealth Fusion Systems” компани АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуультай хамтран “SPARC” хэмээх супер соронзыг зохион бүтээжээ. “SPARC” нь 20Тл хүчтэй соронзон орон зай үүсгэдэг ба энэ нь 10 гаруй хүнд ачааны машиныг агаарт түвэггүй өргөхөд хангалттай аж. Ингэснээр цөмийн синтез хийхэд нэг том алхмаар ойртлоо гэж эрдэмтэд үзсэн байна.

“Neuralink” телепатийг амьдралд нэвтрүүлж эхэллээ

Өнгөрсөн оны эхээр “Neu­ralink” компанийнхан Пейжер нэртэй сармагчны тархинд 1024 хэт нимгэн электрод суулгаж компьютертэй холбосон билээ. Тэгээд Пейжерээр энгийн хялбар видео тоглоом тоглуулдаг

байв. Энэ хугацаанд тус компанийн эрдэмтэд сармагчны хийхээр зэхэж буй зүйлийг мэдэх алгоритмыг тогтоожээ. Үүний дараа сармагчин видео тоглоомыг телепатийн аргаар шууд оюунаараа удирдан тоглох болсон аж.

Улмаар тус компанийн гараа хөдөлгөх боломжгүй саажилттай хүмүүст оюунаараа удирдан компьютер, гар утас ашиглах боломж олгох туршилтууд эхнээсээ амжилттай болж эхэлжээ. “Neuralink” компанийн дараагийн зорилт нь хүмүүсийг хиймэл оюун ухаанд холбох явдал юм байна.

Хүн төрөлхтөн удахгүй мета огторгуйд нэвтэрнэ

Бүхэлдээ программ хангамж дээр суурилсан мета огторгуй гээчийг цогцлоох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжжээ. Мета огторгуйд та одоогийн ердийн интернэтэд шиг ажиллаж, зугаацаж, хувийн амьдралаа зохион байгуулж болох ба ингэхдээ бусадтай интерактив харилцаанд илүүтэй татагдан оролцож, виртуал бодит байдалд тэр чигтээ нэвтрэн орох ажээ.

Мета огторгуй зэрэгцээ бодит байдал, эсвэл бидний амьдардаг бодит байдалд нэмэлт хавсаргын аль нь болох талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Юутай ч мета огторгуйд хүн бүр оршин тогтнож бодит амьдрал дээр хийдэг бүхий л үйлдлүүдээ хийх боломжтой болох гэнэ. Ийм огторгуйг бүтээхийн төлөө “Google”, “Apple”, “Epic Games”, гээд IT технологиор тэргүүлэгч олон компани өрсөлдөж байгаа бөгөөд үр дүн нь ойрын хэдэн жилд гарах төлөвтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой DNN.mn

Үхэлд хүргэх зүрхний эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл нь зүрхний хэм алдагдал буюу аритми. Зүрх тайван байдалд нэгэн жигд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэдэг байна. Зүрх хэвийн хэмжээнээс түргэн, эсвэл удаан агшихыг эмгэг гэж тодорхойлдог.

Зүрхний хэм алдагдалд тодорхой нэг шинж тэмдэг байдаггүй. Хамгийн түгээмэл шинж нь гэвэл зүрх хэвийн зүгээр байж байснаа гэнэт амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхлэх явдал. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж зүрхний эмгэгтэй эсэхээ тогтоолгох нь зүйтэй.

Ямар ч хүн шатаар хурдтай алхах, гүйх зэргээр ердийнхөөс их ачаалал өгөхөд зүрх дэлсдэг. Энэ бол эрүүл дэлсэлт юм. Харин тайван байхад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт болно. Үүнээс гадна зүрхний дэлсэлт тухайн хүний насанд тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. Харин 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Түүнчлэн зүрхний цохилтын тоо цөөрөн толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болох нь бий. Энэ бол мөн л зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хүмүүс зүрхэн тус газар хатгахыг зүрхний өвдөлт гэж андуурдаг. Гэтэл зүрхний өвдөлт арай өөр. Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг байна.

Зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхгүй удаан явбал хүндэрч, тархинд цус харвах шалтгаан болдог ажээ. Харвалт өгснөөр тухайн хүн өдөр тутам хийдэг зүйлээ хийх чадваргүй болдог. Үүний сацуу зүрхний дутагдал үүснэ. Хэм алдагдсанаас болж зүрх гэнэт зогсох ч эрсдэлтэй.

Зүрхний хэм алдагдлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Ер нь зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой юм. Судалгаагаар, насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн өвчлөх магадлалтай хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл тэр хэмжээгээр зүрхний хэм алдагдлын эмгэгтэй болох магадлалыг багасгаж, огт өвдөхгүй амьдарч ч болдог.

Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай хүмүүст зүрхний хэм алдагдал бага тохиолддог, тохиолдсон ч хурдан эдгэдэг нь тогтоогджээ. Тиймээс алхах, гүйх, аэробикоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах, йогоор хичээллэх зэрэг дасгал, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Гансувд: Цус шингэлэх эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя DNN.mn

Цус өтгөрөлт болон
тархины цус харвалтын
талаар АШУҮИС-ийн
Монгол-Япон эмнэлгийн
мэдрэлийн тасгийн эмч,
анагаах ухааны магистр
О.Гансувдтай ярилцлаа.

– Ковидын дараах
хүндрэлээр цус өтгөрөлт
түгээмэл болсон гэх юм.
Ер нь цус өтгөрөлт гэж яг
юуг хэлээд байна вэ, энгийн
үгээр тайлбарлавал?


-Ковидын үед цусны
зуурамтгай чанар ихэсч
өтгөрөх болон цус урсаж
буй судасны дотор хана
үрэвсэж гэмтэх үндсэн хоёр
механизмаар өөрчлөлт
илэрч байна. Тэгэхээр урсаж
буй цус өтгөрөхөөс гадна
судасны дотор хананы бүрэн
бүтэн байдал алдагдаж цус
хэвийн урсах үйл ажиллагаа
нь доголдоно. Ковидын үед
түгээмэл илэрч буй зүрхээр
өвдөх, толгой өвдөх, толгой
эргэх, даралт ихэсч багасах
зэрэг шинжүүд нь тухайн
эд эрхтний судасны цусан
хангамж дутагдаж байгаагийн
шинж тэмдэг юм. Өөрөөр
хэлбэл, эд эрхтэнд очиж буй
цус өтгөрөлттэй, судасны
дотор хана гэмтэж, шингэн
чөлөөтэй урсахад төвөгтэй
удаашралтай болж байна
гэсэн үг. Цусны урсамтгай
чанар буурснаас тархины
цус хомсрох харвалт ,
зүрхний шигдээс зэрэг үүсэх
эрсдэл бий. Гэхдээ сүүлийн
үеийн судалгаанаас авч
үзэхэд Ковидоор өвдсөн
хүмүүст танин мэдэхүйн
үйл ажиллагааны алдагдал
илүүтэй байгаа юм.

-Тодруулбал?

-Ковид оор өвчил сөн
дөрвөн хүн тутмын нэгд нь
танин мэдэхүйн хөнгөн зэргийн
алдагдал илэрч байна гэсэн
судалгааны үр дүн гарсан.
Танин мэдэхүйн алдагдал
гэхээр хүн тэнэг мангар болно
гэсэн үг биш. Өдөр тутамдаа
анхаарлаа төвлөрүүлэх
чадвар буурах, сэтгэн бодох
чадавх удаашрах, ой тогтоолт
буурах, нойр муудах зэрэг
шинж тэмдгүүд илэрнэ.
Сүүлийн үеийн судлаачдын
хамгийн их санаа зовниж
байгаа зүйл нь ковидоор
өвдсөний дараа тухайн
хүний танин мэдэхүйн үйл
ажиллагаа эргээд хэвийн
болох уу гэдэг асуудал.
Үүнийг судлахад, ковидын
вирус нь уураг тархины эд
эсүүдийн үйл ажиллагаанд
сөрөг нөлөө үзүүлж байгаа
нь тогтоогдсон. Ой тогтоолт
сулрах, мартамхай болох,
нойр муудах, хурдан шаламгай
бодож шийдвэр гаргах хурд
удаашрах шинжүүд илэрнэ.

-Эдгээр шинж тэмдгүүд
арилах уу?


-Ковид анх 2019 онд
бүртгэгдсэн, түүнээс хойш
гуравхан жил болжээ. Иймд
хангалттай судалгаа хийх
хугацаа бас биш. Гэхдээ л
судлаачид хөнгөн зэргийн
танин мэдэхүйн алдагдал
илэрнэ, цаашид үлдэх магадлалтай гэж үзэж байгаа.
-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэн түрүүнд ковидоор
өвдөхгүй байж, өөрсдийгөө
хамгаалах хэрэгтэй. Хүмүүсийн дунд түгээмэл байгаа
хандлага нь ханиад томуу
шиг өвдөөд эдгэрдэг гэсэн
ойлголт байна. Мэдрэлийн
эмчийн зүгээс зөвлөхөд
ковидоор өвдсөний дараахь
ужиг хүндрэл, үр дүнг баттай
хэлж мэдэхгүй. Одоогоор
судалгаануудаар эмгэг
өөрчлөлт үүсгэж байгаа нь
тогтоогдсон. Тийм учраас
сэргэг оюун ухаанаа хадгалж
үлдэхийн тулд хүн бүр өөрийгөө
урьдчилан сэргийлээд болж
өгвөл ковидоор өвдөхгүй
байх хэрэгтэй. Үүнээс
гадна хүн болгон тархины
харвалт, зүрхний шигдээсээс
урьдчилан сэргийлэх
шаардлагатай. Тархины
харвалт, зүрхний шигдээс
үүсгэх үндсэн шалтгааны
нэгд чихрийн шижин ордог.
Энгийнээр тайлбарлахад,
усанд сахар хийхэд өтгөрч
зунгааралдсан болдог шиг
чихрийн шижинтэй хүний цус
яг тийм өтгөн болдог.Тэгэхээр
жижиг хялгасан судасны цусны
урсгал удааширч бөглөрнө.
Дараагийн шалтгаан нь тамхи
татах. Тамхи нь өөрөө судасны
ханыг наалдамхай чанартай
болгочихдог. Судасны хананд
товруунууд үүсгэдэг гэсэн үг
л дээ. Тамхи их татдаг хүн
зүрхний шигдээс, тархины
харвалттай болох нь элбэг.

-Цус өтгөрөлтөөс болоод
зүрхээр нас барлаа. Гол
төлөв залуучууд, тэр дундаа
эрэгтэйчүүд хүндээр өвдөж
нас барж байна гэх юм. Энэ
талаар та юу хэлэх вэ?


-Судалгаагаар бол
хүйсийн ялгаа нэг их байхгүй.
Гэхдээ яагаад эрэгтэйчүүд
давамгайлан өвдөөд байна
гэхээр өөрсдөө эрсдэлт
хүчин зүйлд илүүтэй өртдөг.
Тухайлбал, архи тамхины
хэрэглээ өндөр, өөх тос их
иддэг, цус өтгөрдөг эрсдэл
илүүтэйгээс гадна нэмээд
ковидоор өвдөх юм бол цус
нь бүр их өтгөрч харвалт,
шигдээс болох нь илүүтэй
байдаг.
-Яагаад залуучуудын
дунд уг асуудал илүүтэй
гарах болов?

-Настай хүмүүстэй харьцуулахад залуучууд илүү
өвдөж хүндэрч байна гэсэн
судалгааны үр дүн байхгүй
л дээ. Залуу хүн гэнэт нас
барахаар соргог хандаж
байгаа байх. Түүнээс биш
ковидоор өвдөөд нас барсан
хүмүүсийг харахад, гол
төлөв ахимаг насныхан,
архаг хууч өвчин хавсарсан хүмүүс байгаа. Ковидоор
залуучууд өвдөөд байна гэдэг
дээр хэлэхэд, тухайн хүмүүс
зүрхний хэм алдагдалтай,
зүрхний гажигтай, янз бүрийн
суурь эмгэгтэй, тэдгээр нь
оношлогдоогүй явж байгаад
ковидын халдвараас үүдэн
гэнэт илэрдэг. Ковид нь шууд
цусны бүлэн үүсгэхгүй, цусыг
өтгөрүүлнэ. Харин тархины
цус харвалтын хувьд судас
хагарч, эсвэл бөглөрснөөс
үүддэг. Ковидын шалтгаанаар
тархины цус харвалт нь судас
бөглөрсөнтэй холбоотой. Ер
нь зөвхөн ковидоос болоод
харвасан гэж хэлэх боломжгүй
юм. Учир нь тархины шигдээс
нь харвалт үүсгэх бусад хүчин
зүйлийн суурин дээр үүсдэг.
Зүрхний гаралтай харвалтын
үед зүрхний хэм алдаж, агшилт
сул байсантай холбоотойгоор
зүрхний хөндийд бүлэн тогтож
улмаар тархины судас руу
дамжиж тархины судсыг
бөглөж харвалт үүсгэнэ. Мөн
цусанд сахар, өөх тос их
хэмжээтэй байснаас судасны
дотор хананд товруу үүсгэж
цааш урсах цусан хангамжийг
саатуулснаар харвалт үүсгэх
боломжтой. Хүн цус харваад
ирэхэд зүрхний шалтгаанаар
уу, өөр бусад шалтгаан байгаа
эсэхийг тогтоодог. Зүрхний
бичлэг, зүрхний эхогоор хэм
алдагдал байна уу, эсвэл
цусанд өөх, тос, сахар их
болоод цус өтгөрсөн үү зэргийг
тодорхойлж болно.

-Цус шингэлэх гэж яг юуг
хэлээд байна вэ?
– Ковид өөрөө судасны
ханыг гэмтээчихдэг тул
автоматаар цус бүлэгнүүлэх
үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхждэг. Цусанд олон
тооны эсүүд эргэлдэж байдаг.
Эдгээр эсүүдийн хоорондын наалданги чанарыг
бууруулснаар цус шингэрдэг.
Тийм учраас цус шингэлэх эм
уухаар эсүүдийн наалданги
байдлыг бууруулна гэсэн үг.

-Аспирин нь цус шингэлэхгүй гэж ярих юм?


-Цус шингэлэх эм нь дотроо
ялгаатай. Антиагрегант гэдэг
нь арай зөөлөн үйлчилгээтэй,
бүлэн тогтоохоос сэргийлнэ.
Антикоагулянт нь харин
бүлэн задалдаг үйлчилгээтэй.
Гэхдээ хэт их цус шингэрээд
харвалт өгөх магадлал бас
бий. Манайд нэг өвчтөн
жаахан харвалт өгчихсөн
ирсэн юм. Тэр нь зүрхтэй
хамааралгүй байсан. Тэр хүн
интернэтээс уншаад Ксарелто
гэдэг цусыг хүчтэй шингэлэх
эмийг ямар ч хяналтгүй уугаад
явж байсан. Тэр нь эсрэгээр
бүр хэт цус шингэлээд цусны
ханын нэвчимтгий чанарыг
ихэсгэн судас хагарч харвалт
үүсгэх эрсдэлд хүргэсэн.
Уг нь тэр эмийг зүрхний гаралтай харвалтын үед
эмчийн заалтаар сар болгон
шинжилгээ өгч байж тунг нь
тохируулж уух зориулалттай.
Тийм учраас цус шингэлдэг
эм болгоныг дур мэдэн ууж
хэрэглэж болохгүй гэдгийг
анхааруулъя. 65-аас дээш
насны архаг суурь өвчингүй
хүмүүст өдөр тутам аспирин
уухыг зөвлөдөг. Гэхдээ зарим
тохиолдолд ходоод өвдөх гээд
байдаг. Учир нь цус шингэлэх
эм нь өөрөө бас үрэвслийн
эсрэг үйлчилгээтэй. Ходоод
өвддөг хүн ходоод хамгаалах
эмээ ууж зохицуулах ёстой. Ер
нь ходоодны шархлаа зэрэг
хавсарсан өвчтэй хүн тийм
эмийг болгоомжтой хэрэглэх
шаардлагатай. Хавсарсан өөр

өвчтэй бол тухайн эмийг уух
нь хувь хүн болгонд ялгаатай,
эмчийн зааврын дагуу л
хэрэглэх нь зөв.

-Сүүлийн үед Монголд
тархины цус харвалт ихсэх
болжээ. Энэ талаар та
тодруулна уу?

-Харвалтын хувьд Монгол
Улс хөдөлмөрийн чадвар
алдалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх орны нэг нь
болчихсон шүү дээ. Олон
улсын судалгаануудад манайх
эхний эгнээнд, улайгаад
гараад ирчихдэг. Хамгийн
гол нь хөдөлмөрийн чадвар
алдалт тал дээр харвачихлаа
гэхэд сэргээн засах эмчилгээ
сайн хийх шаардлагатай
байдаг. Манай сэргээн
засах тусламж үйлчилгээний
хүртээмж муутай байдаг тул
саажилттай үлдэх элбэг.
Тархины судас хагарч, эсвэл
судас бөглөрч харвах гэсэн
хоёр төрөл байдаг. Хагарч
харвадаг шалтгаан нь угаасаа
даралт ихсэх. Даралт 180, 200
хүрээд судас хагарна. Манайд
даралт ихсэлтийн хяналт
муу байдаг. Тэгэхээр хүн
өөрөө даралтаа хянуулаад,
эмээ байнга ууж байх ёстой.
Харамсалтай нь тийм хяналт
тааруухан учраас энэ төрлийн
тохиолдол багагүй. Хагарсан
цусны хэмжээ, ямар судас
бөглөрсөн зэргээс хамаарч
цус харвалтын хүндийн
зэргийг тогтоодог.

-Даралт ихэсдэг хүн
архийг бага тунгаар уух нь
сайн гэх зөвлөгөө байдаг.
Энэ нь хэр зөв юм бол?


-Алкоголь өөрөө судас
тэлэх үйлчилгээтэй, богино
хугацаанд судас тэлээд
агшаадаг. Тиймээс үр дүнтэй
сайн арга биш. Архи уудаг
хүн судас агшсанаас болж
харвалтаар нас бардаг. Эхний
үедээ сайхан болсон мэт
мэдрэмж төрөх авч, шөнө
дунд үүрээр хүний судас
их агшдаг. Тэгэхээр хэт их
архи ууснаас судас агших нь
нэмэгдээд цус харваж нас
барах эрсдэлтэй.

-Үүнээс хэрхэн сэргийлэх
вэ?

-Юуны түрүүнд цусны
даралтаа байнга хэмжиж
хянаж хэвших хэрэгтэй.


-Хэрэв даралтын аппарат
байхгүй бол хэрхэх вэ?

– Хүзүү хөшөөд, нүд
бүрэлзээд ирвэл даралтны эм
уух нь зүйтэй. Цус шингэлэх
эмийг ч ууна. Цочмог үед бүр
эвгүйрхээд байвал Аспирин
81-ийг гурваар давхарлаад
ууна. Энэ нь цусыг хүчтэй
шингэлэх үйлчилгээ үзүүлдэг.
Ер нь даралт ихэсдэг бол
байнга даралтны аппарат авч
явж байх хэрэгтэй. Зүрхний
лугшилт, даралт хэвийн байвал
айсны хэрэггүй. Зүрхнээс
болж харвалт өгөх магадлал
их шүү. Өөх тостой хоол, архи
тамхи хэрэглэдэггүй байтал
яахаараа харвадаг юм бэ гэж
боддог хүн цөөнгүй. Гэтэл
шинжилгээ хийлгэхэд зүрхний
хэм алдагдалтай, зүрхний
гажигтай байх жишээтэй. Тийм
хүн зүв зүгээр явж байгаад
хэт их ачаалал авч, хэт их
стресстэхээр зовуурь илэрдэг.
Хэт их гүйж, биеийн тамираар
дэндүү их хичээллэхээр ч
мэдэгдэнэ. “Зүрх нь зогссон
гэнэ лээ” гэдэг чинь угаасаа
тийм өвчний суурь байсан
гэсэн үг. Тохиолдлоор тийм
юм гарна гэж байхгүй л дээ.

-Үүнийг яаж мэдэж болох
вэ?

-Зүрхний эмчид үзүүлж
зөвлөгөө авч нарийн шинжилгээ болох зүрхний эхо,
зүрхний 24 цагийн бичлэг
буюу холтер хийлгэх шаардлагатай. Заавал ч үгүй
зүрхээр хатгуулж өвдөж байж
зүрхний эмчид хандах бус,
40-өөс дээш насны хүмүүс
зүрхний эмчид жилдээ нэг
удаа үзүүлчих хэрэгтэй.
Бие жаахан эвгүйрхэх л бол
зүрхний хэм алдах шинж
байна гэсэн үг. Хэм алдагдал
үүрээр юм уу, ямар ч үед
илэрч болох учир дан зүрхний
бичлэг хийлгэснээр тэр бүр
илрээд байдаггүй тул 24
цагийн бичлэг хийлгэх нь
зөв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хар нүүрсэн эмийн ач тус DNN.mn

Айл бүрийн эмийн санд байвал зохих эмийн нэг бол идэвхжүүлсэн нүүрс буюу бидний хэлж заншсанаар хар нүүрсэн эм. Ходоод гэдэс цэвэрлэх, хордлого тайлах, холестерины хэмжээг бууруулах, батга арилгах, шүд цайруулах болон шарталтаас сэргийлэхээс гадна өөр олон зорилгоор уг бэлдмэлийг хэрэглэдэг байна.

Наад захын жишээ гэхэд, хоол идэхээс өмнө идэвхжүүлсэн нүүрс уухад л гэдэсний хий мэдэгдэхүйц буурдаг аж. Хортой бодисыг хурдан саармагжуулах үйлдэлтэй тул нүүрсэн эмийг хордлогын үед өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь хоол боловсруулах зам дахь харшлын урвал, эсийн гэмтэл, дархлаа бууруулах үйлчилгээтэй хоруудыг цэвэрлэдэг. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод гэдсийг бүрэн цэвэрлэхийн тулд 10 грамм нүүрсэн эмийг хоол идэхээс 90 минутын өмнө хоёр өдрийн турш ууна. Цэвэрлэгээний үед зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой аж.

Хар нүүрсэн эмийг дотуур хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар гадуур эмчилгээнд хэрэглэх боломжтой. Тодруулбал, биеийн эвгүй үнэр, батга арилгах, шавжинд хазуулах, халгайд түлэгдэх болон могойд хазуулсан үед гадуур хэрэглэнэ. Шумуул эсвэл зөгийд хатгуулсны дараа нэг ширхэг нүүрсэн эмийг наргил модны тостой холин хазуулсан хэсэгт түрхэхэд тэр дор нь зүгээр болдог гэнэ. Гэхдээ ийн хэрэглэхдээ, идэвхжүүлсэн нүүрс хүрсэн болгондоо толбо үүсгэх гээд байдгийг анхаарч гадуур нь цэвэр боолтоор боож өгвөл зүгээр.

Хар нүүрсэн эм нь цусан дахь муу холестериныг бууруулж, сайн холестериныг ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нэгэн судалгаанд, нүүрсэн эмийг хэрэглэсэн дөрөвхөн долоо хоногийн дотор нийт холестериныг 25 хувь, LDL буюу муу холестериныг 41хувь бууруулж, HDL буюу сайн холестериныг найман хувиар ихэсгэсэн үр дүн гарчээ.

Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд богино хугацаанд ууж хэрэглэхэд сөрөг нөлөө харьцангуй бага юм. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд нүүрсэн эм нь аюул багатай ч уухаасаа өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэйг анхаарна уу. Хэрэв гэдэсний түгжрэл болон байнгын өтгөн хатах зовуурьтай бол эмч зөвлөөгүй л бол уусны хэрэггүй. Мөн өөр эмтэй хавсарч уух тохиолдолд нөгөө эмийнхээ үйлчлэлийг сулруулдаг тул уух цагийг сөөлжүүлж тохируулах шаардлагатай байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхсайхан: Сорил тавиад бүх харшлыг оношилдог гэдэг ташаа ойлголт DNN.mn


Харшил гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч Б.Энхсайхантай ярилцлаа.


-Харшил гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Харшил гэдэг нь дархлааны хэвийн бус байдлын үр дүнд үүсдэг өвчин. Хувь хүний дархлааны тогтолцоо, удамшил, ажлын онцлог зэргээс шалтгаалан харшилтай болох нь харилцан адилгүй байдаг.

-Ер нь хүн харшилтай болсноо яаж мэдэх вэ?

-Харшилж буй зүйлд тухайн хүн ойртохоор бие махбод хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь ургамлын харшилтай хүн өвлийн улиралд ямар нэг шинж тэмдэггүй байснаа зун ургамал ургаад ирэхээр хамар битүүрч найтаах, нүд загатнах шинж тэмдэг илэрдэг. Төмрийн харшилтай хүн төмөр ээмэг зүүхээр тухайн газар загатнаж, тууралт гарна.

Харшлын шалтгаан юу вэ?

-Тухайн хүний удамшил, эцэг эх нь харшилтай байсан эсэх, мөн биеийн эрүүл мэндийн байдал, агаарын бохирдол, нийгмийн нөлөө, идэж ууж буй зүйл, ажлын нөхцөл байдал гээд олон янзын шалтгаанаас үүддэг.

Харшлын хамгийн түгээмэл хэлбэр аль нь бол. Шинж тэмдэг нь?

-Хамгийн түгээмэл нь ургамлын харшил. Энэ нь хамар битүүрч шингэн нус гарах, найтаах, нүд загатнах, нулимс гоожих, тагнай, чих загатнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

-Ирэх сард харшлын ээлжит улирал эхэлнэ гэсэн. Үүнээс сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь бол тавдугаар сараас ургамлын харшлын улирал эхэлдэг л дээ. Тэр нь дөрөвдүгээр сарын сүүлээс модлог ургамал тоосоо цацаж эхэлдэгтэй холбоотой . Харин одоо шарилж буюу хогийн ургамлын харшил их байгаа. Амны хаалт тогтмол зүүж, оройн цагаар цонхоо хааж гэртээ байх, жимс, жимсний найрлагатай зүйл идэхгүй байх хэрэгтэй. Зовуурь их байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

-Харшлыг Ковидоос яаж ялгах вэ. Илрэх шинж тэмдэг нь төстэй мэт?

-Ковид бол халдварт цочмог өвчин, халуурах, ханиах, бие сулрах, цээжээр өвдөх шинж тэмдэг зонхилно. Ургамлын харшлын хувьд дээр дурдсан шинж тэмдэг ч ялгаагүй илэрдэг. Бүр ялгаж чадахгүй байгаа бол Ковидын тест өгөх хэрэгтэй.

-Харшил эдгэрдэг өвчин үү. Хоол, хүнс дээр анхаарах зүйлс бий юу?

-Зуун хувь эдгэрдэг өвчин биш. Иймд харшилж буй зүйлээсээ аль болох хол байхыг л хичээх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд зовуурь багатай яваад байх бүрэн боломжтой.

-Нэгэнт харшилтай болсон бол ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ?

-Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Учир нь эмч тохирсон эмчилгээ зөвлөгөөг өгнө. Харшлын өвчинд тохирсон дэглэм барих нь эмчилгээний томоохон хэсэг болдог.

-Харшил сэдэрвэл яах ёстой вэ. Харшлыг эмчлэхгүй удвал хүндрэл нь яаж илрэх вэ?

-Эмчид хандах хэрэгтэй. Ургамлын харшилтай үед дэглэм бариагүйгээс хоолой бачуурах, ухаан алдах эрсдэл зуны улиралд их тохиолддог. Мөн гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг нэлээд хэдэн хүндрэл үүсдэг юм.

-Харшил үүсгэдэг бодис юу вэ. Арьсны сорил тавьдаг гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Хүмүүс сорил тавиад бүх харшлыг оношилдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Харшил гэдэг бол тухайн хүний дархлалын тогтолцооны өвчин. Хүний эргэн тойронд байгаа бүхий л зүйл харшил үүсгэж болно. Жишээ нь, ажлын ширээн дээр нь үнэртүүлэгч байлаа гэж бодоход тухайн хүн ажил дээрээ ирэхэд хамар битүүрдэг, гэртээ харихаар зүгээр болчихдог. Харшлын сорилын хувьд тоотой, нийтлэг зүйлээр сорил тавигддаг. Түүнээс биш тухайн хүний ажлын ширээн дээр байгаа үнэртүүлэгчээс харшилж байна гэдгийг тогтоох сорил хаана ч байхгүй. Тиймээс эмчдээ үзүүлж ярилцаж байж харшлаа тодруулах нь чухал. Товчдоо бол харшлын сорилоор бүх харшлыг илрүүлж болно гэж ойлгож болохгүй.

-Хүн ямар харшилтайгаа заавал тодорхойлуулах нь олон эрсдлээс хамгаалдаг гэсэн. Иргэд ийм шинжилгээнд хэр хамрагддаг бол?

-Мэргэжлийн эмчид хандаарай гэж дахин зөвлөмөөр байна. Хүмүүсийн шинжилгээнд хамрагдах нь сайн болсон нь анзаарагдаж байгаа. Мөн дур мэдэн харшлын тариа авч гэрийн нөхцөлд хэрэглэхгүй байх нь цаашдын олон эрсдлээс таныг хамгаалах болно шүү гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Гэрэлмаа: Аль ч хувилбар бай Ковид-19 халдварыг үүсгэгч вирусээс сэргийлэх энгийн аргууд үр дүнтэйг онцолмоор байна DNN.mn

Сүүлийн үед коронавируст халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодруулга авлаа.


-Ковидын дараагийн давлагаа есдүгээр сард гарна гээд байгаа. Энэ нь хэр хор хөнөөлтэй юм бол?

-Монгол Улсад баяр наадам, амралтын улирал эхэлснээр иргэд гадаадаас ирэх, гадны жуулчид наадмын нээлт үзэх, мөн иргэд дотооддоо аялах, аймаг орон нутгийн ойн баяр гэх мэт арга хэмжээнээс гадна дэлгүүр, ресторан, зах, цэцэрлэгт хүрээлэн рүү явах нь 2-3 дахин нэмэгдсэн, энэ үед олон хүний бөөгнөрөл үүсэж Ковид-19 халдварын тохиолдол, тархалтын тоо нэмэгдэх болсон гэж үзэж байна. Иргэд амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, хүн хоорондын зай барих нь буурч, дотоод орчинд хэт олноор цуглах байдал ихэссэнтэй холбоотой Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн. Халдварын тархалт яг энэ чигээр үргэлжилж, ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд тохиолдлын тоо наймхан хоногт хоёр дахин өсөх төлөвтэй байна.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл мэндийн салбар, ДЭМБ-аас Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн ч урьдчилан сэргийлэх энгийн аргууд (амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, цэвэрлэгээ хийх, вакцины нэмэлт тунд хамрагдах) үр дүнтэй хэвээр байгааг хэлсээр байна. Зуны дулаан цагт ч өрөө тасалгааг тогтмол агааржуулах нь халдварын тархалтыг хязгаарлах чухал ач холбогдолтой.

-Хувь хүний зүгээс ямар бэлтгэл хангах ёстой юм бол. Дахиад л нэмэлт бустер тун хийлгэх шаардлагатай юу?

-Хувь хүний зүгээс халдвар хамгааллын дэглэмээ сахих, шим тэжээлтэй хоол хүнс, сүү, цагаан идээ, хүнс ногоо, жимс түлхүү хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь Ковид-19 халдвар төдийгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хувьд Монголд одоогоор 18-аас дээш насны иргэдэд дөрвөн тун вакцин, харин 12-17 насны хүүхдүүдэд гурван тун вакциныг өөрсдийнх нь сонголтоор хийж байна. Мэдээж вакцин хийлгэх эсэх нь хувь хүний эрх ч олон улсын судалгаагаар вакцин үр дүнтэй хэвээр гэдэг нь харагдсаар байгаа юм.

Тиймээс архаг суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, таргалалттай хүмүүс вакцин хийлгэснээр Ковид-19 халдвараар маш хүнд өвдөх, нас барах эрсдэлийг бууруулж болно.

-Хүүхдэд Ковид-19-ийн эсрэг вакциныг наймдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гээд байсан. Энэ нь юу болсон бэ, энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-Ер нь вакцин гэдэг олон төрлийн халдварт өвчнөөс хүүхэд багачууд, насанд хүрэгчдийг хамгаалсаар ирсэн түүхтэй. Тиймдээ ч товлолт вакцинд хүүхэд, багачуудаа хамруулах нь эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг. Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Дээр хэлсэн насны хүүхдүүдэд вакцины дархлаа тогтох чадвар насанд хүрсэн хүмүүсээс өндөр байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон юм. АНУ зэрэг олон оронд вакцинжуулалтад хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. Манай улсад судалж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Сүүлийн үед Омикроны ВА.1, ВА.2 хувилбар давамгайлж байгаа гэсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс ВА.4, ВА.5 хувилбар ч бүртгэгджээ. Ер нь манай улсын хүн амын 10 орчим хувьд тархаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-2022 оны 28-р долоо хоногт коронавируст халдварын нийт 942 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт 692) бүртгэгдэж, тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 135 болсон нь ч өмнөх долоо хоногоос нэмэгдлээ. Энэ сарын 14-нд 239 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж өсчээ.

-Дээрхтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал ч нэмэгдэж байгаа сурагтай. Мөн хүүхдүүд ихээр өвдөж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Халдварын тохиолдол нэмэгдэхтэй зэрэгцэн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ эмнэлгийн ор дүүрсэн гэсэн үг биш юм. ЭМС-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгийн байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ковид-19 халдвар авсан хүүхдүүдийн хувьд 40 гаруй хувь нь 5-11 настнууд юм. Хүүхдүүдийн өвчлөл насанд хүрсэн хүмүүсээс ялгаатай нь шинж тэмдэггүй байх нь түгээмэл учир далд халдвар ихээхэн байх магадлалтай.

-Коронавируст халдвар дахин сэргэсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас бэлтгэл ажлаа хангах талаар холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгөөд буй. Ажлын явц хэр байгаа бол?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд иргэдэд нотолгоонд суурилсан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн эрүүл мэндийн төвийг мэргэжлийн арга зүйгээр хангах, бэлэн байдлыг хангахад чиглэн ажиллаж байна. Бусад эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу мөн ажлаа хийж байгаа.

-Онцгой байдлын ерөнхий газраас хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг иргэдэд анхааруулсан. Гэтэл өдгөө амны хаалттай хүн ганц хоёрхон л үзэгдэх болжээ. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амны хаалтаа зүүж эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөсөөр байгаа. Амны хаалт зүүх нь халдвар авах эрсдэлийг 66-83%-иар бууруулдгийг олон улсын судалгаа харуулсан. Халдварын тархалт нэмэгдэж байна, харшлын улирал ч дөхлөө. Томуугийн эргэлттэй байгаа энэ үед иргэд ялангуяа дотоод орчинд амны хаалтаа хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн мөртлөө маш үр дүнтэйг олон улс төдийгүй бид өөрсдөө ч бодит байдал дээр баталсан шүү дээ. Иймд халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа ийм үед иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ бусдаас халдвар авахуулахгүйн тулд амны хаалтаа үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай.