Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ө.Шижир: Монгол Улс эрх зүйт төртэй ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцлаа.


-Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Чуулганы танхимд та нэлээд ширүүн шүүмжлэл хэлж байр сууриа илэрхийлж олонтаа мэдэгдэл, мэдээлэл хийсэн байдаг. Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

-Ажлаа хүлээж авснаас хойш анх удаа өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгч байна. Чуулганы танхимд бол УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, мөн хэлэлцэж байгаа зүйлтэй холбогдуулан ЕТГ-ын даргын хувьд байр сууриа илэрхийлдэг. Хурц ч юу байхав. Тухайн хэлэлцэж буй асуудлыг хэт мушгин гуйвуулж, улстөржүүлж байгаад шүүмжлэлтэй хандсан маань тэгж санагдсан байх. Улс төр бужигнаж байгаа ч төрийн ажил явдгаараа явах ёстой. Манай Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба байдаг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба ч гэх юм уу бусад хамаарал бүхий байгууллагуудаас өөр. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах, холбогдох ажил, арга хэмжээг хариуцан гүйцэтгэх, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчид туслалцаа үзүүлэх зэрэг цомхон мэт боловч маш өргөн хүрээний ажлыг хариуцдаг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавьсан ч хүлээж авсангүй. Энэ талаар таны байр суурь?

-Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Улсын Их Хурлаас Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлж ажиллахыг шаардсан. Харамсалтай нь Улсын Их Хурал хүлээж авсангүй. Энэ нь таны түрүүн хэлсэн шиг улс төр бужигнаж байгаатай, угтаа улс төрийн нам төрийн дээр гарч будлиан хутгаж байгаатай л холбоотой. Би залуу хүний хувьд сүүлийн үед өрнөж буй зарим нэг зүйлд их санаа зовниж байгаа. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засна, үр дүн гарна гэдэгт Монголын ард түмэн итгэж, найдаж байсан. Тэгж ч сурталдсан. Харамсалтай нь эрх баригчид иргэд, сонгогчдынхоо энэ их итгэлийг хөсөрдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улам төгөлдөржүүлж, амилуулах ёстой салбар хуулиудаа зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, сонирхолд нийцүүлэн баталж, засагдах ёстой завхрал, гажуудлыг улам төгөлдөржүүллээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч хоригтоо “Улсын дээд шүүх бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуулинд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна” гэдгийг тодотгож, эрх баригчдын хууль тогтоох эрх мэдлээр дамжуулан орж байгаа улс төрийн дэглэмийн талаар маш тодорхой хэлж сануулсан. Энэ бол бүхний нүдэнд ил болж байгаа үйл явдал шүү.

-Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал хуулийн ямар зөрчил гаргав. Энэ талаар тодруулахгүй юу.

-Ерөнхийлөгчийн хоригт тодорхой дурдагдсан. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхийн санал болгосноор томилж, энэ гурван субьектийн гаргасан саналаар Улсын Их Хурал эгүүлэн татах буюу чөлөөлдөг. Үүнээс өөр хууль байхгүй.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар нэг өдөр, Улсын Их Хурлын нэг тогтоолоор нэгэн зэрэг томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь мөн нэг өдөр нэгэн адил дууссан байдаг. Гэтэл Улсын дээд шүүх энэ хоёр хүний оронд дараагийн хүнийг санал болгохдоо хоёр биш нэг хүн явуулж, тэгэхдээ хэнийг нь чөлөөлөхөө Улсын Их Хурал өөрөө мэд гэсэн тал зассан маягийн санал ирүүлснээс хуулийн зөрчил, маргаан үүссэн гэж үзэж болно. Зүй нь Улсын дээд шүүх тэрний оронд энэ хүнийг санал болголоо гэдгээ тодорхой хэлэх ёсой. Хууль нь ч тийм.

-Улсын дээд шүүх тодорхойгүй, тал зассан санал ирүүлдэг юм байж. Тэгвэл Улсын Их Хурал энэ хоёр хүнээс хэнийг нь хэрхэн яаж сонгож чөлөөлөв гэдэг нь сонирхолтой байна.

-Улсын Их Хурлын гишүүд их гоё, гоё тайлбар хийдэг юм билээ. Энэ асуудал дээр ч мөн гоё тайлбараа хийсэн. Гэхдээ цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа эсрэг. Тухайлбал, гишүүд Ш.Цогтоог төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу түрүүлж чөлөөлж байгаа гэх мэт тайлбарыг хийсэн. Харамсалтай нь тийм биш.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гээд заачихсан.

Хуулийн энэ зохицуулалт Цэцийн гишүүнийг Улсын Их Хурал дур зоргын байдлаар сонгож чөлөөлөхгүй гэдгийг нэгдүгээрт маш тодорхой хэлж байгаа. Хоёрдугаарт, Цэцийн гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ч гэсэн анх илгээсэн байгууллагынх нь саналаар чөлөөлнө гэдгийг мөн тодорхой хэлж байгаа юм.

Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүх санал болгож томилуулсан. Тиймээс Улсын дээд шүүхийн саналаар хэн нэгнийг нь чөлөөлөх ёстой байлаа. Энэ талаасаа Үндсэн хууль, саяхан батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль,Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль бүгд зөрчигдсөн.

Та анзаарч байгаа бол сая миний дурдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана гэсэн байгаа биз. Энэ ажиллагаа ч хийгдээгүй. Ийм байж болох уу?

-Үүний цаана юу нуугдаж байна?

-Харин та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан өрнөж байгаа. Үүнтэй холбоотой байж болох уу?

-Тодорхой л зүйл. Цэцийн гишүүн нь Үндсэн хуулиа зөрчин барин маргаан үүсгэж байгаа, Цэцийн бага суудлын хуралдаан нь гацаж байгаа, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй байгаа, Улсын дээд шүүхээс хоёр хүний оронд нэг хүн санал болгож байгаа, Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр хүнээс Ш.Цогтоо гэдэг хүнийг сонгож чөлөөлж байгаа, шинээр томилогдсон хүнийх нь шийдвэр гаргаж байгаа гэх зэрэг үйл ажиллагаа, эдгээрийн уялдаа холбоог бодоод үзэхэд тэнэг хүн ч ойлгохоор.

Би бол хуульч хүн биш. Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэхгүй, эрх зүйт төрийн ёсонд огт зохицохгүй гэж үзэж байгаа. Нөгөө засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх нь хаачив, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн нь хаачив. Ийм байж болох юм уу?

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудал хэрхэх бол. Та юу гэж бодож байна. Энэ бүхнийг давж гарч чадах болов уу?

-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт төртэй, аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна. Магадгүй Үндсэн хуулийг нэг хүнд зориулсан мэтээр тайлбарлаж, 2017 оноос ухраан үйлчлүүлж, түүнийгээ төрийн эрх мэдлээр далайлган зөвшөөрүүлж, дарангуйлан баталгаажуулах юм бол хэрхэхийг би мэдэхгүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй мэтээр ойлгуулах зорилтод маргааныг үүсгэж, мөнгө цацаж, олон нийтийг төөрөгдүүлэх пиарыг тодорхой хүн, хүчээ нэгтгэсэн нам, улч төрчид чамгүй явуулж байгаа.Мэргэжлийн хуульчид “Энэ болүүнийг хуулийн маргаан биш, улс төрийн маргаан” гэж дүгнэдэг юм байна лээ.

Зүгээр л иргэддээ сонгох эрхийг нь сонголттой нь өг л дөө.

-Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй болбол ард түмэн хэрхэн хүлээж авах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт иргэдийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг даргалж, тухайн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсгээ зурж, ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгчийнхөө үндсэн эрх, эрх чөлөөг хурааж авч байгаа эрх баригчид цаашид юу ч хийж чадна гэсэн үг. Зөвхөн үүний эсрэг л иргэд нэгдэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гаргаж, манлайлал үзүүлж, гарын үсгээрээ баталгаажуулсан хүний эсрэг нөгөө нэмэлт, өөрчлөлтийг нь үйлчлүүлж, Та гарын үсэг зурсан нэмэлт, өөрчлөлтөөрөө нэр дэвших эрхгүй болсон шүү дээ гэж хэлж чадаж байгаа нь дэндүү басамжлал юм шиг санагддаг. Нуугаад яахав.

Ерөнхийлөгчийн сүүлийн үед явуулж буй бодлого нь нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшдэг, үр ашгийг хүртдэг байдлыг бүрэн халъя, баялгаа улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хүртээлтэй болгоё гэдэгт чиглэсэн хийх ажил нь дуусаагүй байгаа. Ийм байхад өөрөө өөрийгөө улс төрөөс гаргах хуульд гарын үсэг зурах уу.

-Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид сөрөг хүчин шиг гадуурхагдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өмнө нь мэдэгдэж байсан. Энэ тухайд дэлгэрүүлж асуумаар байна?

-Дэлгэрүүлж ярихад ичмээр зүйл. Манай Тамгын газрын ажилтнууд улс төрд ямар ч хамаагүй шүү дээ. Төрийн л албан хаагчид. Зөвлөхүүд худлаа яриагүй.

-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг уналтад орсон байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч иргэн бүрт нэг сая төгрөг өгөх санал гаргаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх улсад мөнгө байхгүй байна гээд саналыг хүлээж аваагүй. Харин саяхнаас иргэн бүрд 300 мянган төгрөг өгч эхэллээ. Энэ тухайд?

-Үнэнд гүйцэгдэж байна. Улс орнууд энэ цар тахлын хямрлаас иргэд болон эдийн засгаа авархад зөвхөн энэ аргыг л хэрэглэсэн. Ерөнхийлөгчийн санал бол олон улсын туршлагаас улбаатай юм. Ерөнхийлөгч Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсонд сайшаалтай хандаж байгаа.

Үүнийг хатуу хөл хорио тогтоож иргэн, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласныхаа төлөө төрөөс өгч буй нөхөн олговор гэж ойлгох нь зүйд нийцнэ. Засгийн газрын шийдвэр бол энэ зүй ёсны үүргээ л хэрэгжүүлж буй хэрэг. Дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож иргэдээ ажил, орлогогүй байлгасныхаа төлөө нөхөн олговрыг цаг алдахгүй олгосон байдаг. Тухайлбал АНУ, Өмнөд Солонгос одоогийн байдлаар дөрвөн удаа нөхөн олговор олгоод байна.

Ерөнхийлөгч мөнгө байхгүй гэдгийг бол зүгээр л шалтаг, улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөд эрх баригчид гамгүй хандсан гамшиг л гэж үздэг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш улсын төсөвт байнга хориг тавьсан. Гол шаардлага нь хэрэгггүй зардлаа тана, төрийн байгууллага, албан тушаалтнууд тансаглалаа зогсоо, хөдөө аж ахуйн парк ч гэдэг юм уу тийм үр ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүл гэдэгт байсан. Харамсалтай нь эрх баригчид огт сонсоогүй.

Өнөөдөр мөн л дараагийн боломж, хувилбарыг санал болгож байгаа. Эдийн засгаа сэргээхэд иргэн бүрд 300,000 төгрөг өгөөд зогсох нь учир дутагдалтай байна. Оффшор бүсэд буй 4 их наяд төгрөгийг оруулж ирэхэд хамтран ажиллая, 4 их наяд төгрөгийг энэ оны наймдугаар сар хүртэл нэг ёсондоо бүх иргэдээ вакцинжуулж, цар тахлыг бүрэн ялах хүртэл хугацаанд сар бүр өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье, үүгээр ард иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжье, айл өрхөөрөө дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ бүхнийг цогцоор нь харж чадвал эдийн засгаа аврах олон боломжийг олж харна.

Харамсалтай нь дахиад л бүтэшгүй гэх мэтээр шүүмжилж байна. Анх сая төгрөг өгье гэхэд гарч байсан шүүмжлэл л дээ. Гэхдээ өнөөдөр өгч байна. Ингээд бодох хэрэгтэй.

Бид өнөөдөр дэлхий нийтийн адил цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдсэн, ААН-үүд хаалгаа барихдаа тулсан, экспорт үлэмж хязгаарлагдсан, ажлын байр цомхотгогдсон ийм үед төр нь ард иргэдээ зайлшгүй дэмжиж, хүнд үеийг туулна.

Хэрэв энэ хүнд цаг үед улстөржиж, тэмцэлдвэл эдийн засгаа улам доройтуулаад зогсохгүй ард түмний амь амьдрал үлэмж хохирно. Нийгмийн стресс, иргэдийн бухимдал их байна. Тиймээс ард түмнээ стресс бухимдал, ядуурлаас гаргахын тулд зөвд зөөлөн, бурууд хатуу бодлого үгүйлэгдэж байна шүү.

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь олон удаа хориг тавьсан Улсын Их Хурал хүлээж авдаггүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Ерөнхийлөгчийн хориг бол Улсын Их Хурлын алдаатай буруу шийдвэрт хориг тавих замаар тухайн шийдвэрийг эргэн харах, засч сайжруулах боломж, гарцыг олгодог ач холбогдолтой.Ерөнхийлөгчийн хоригууд бүгд үндэслэл, шалтгаантай, ард иргэдийн эрх ашгийг бодсон байдаг.

Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогдож, тойргийн иргэдээ төрд төлөөлдөг бол Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнийг төлөөлөн сонгогддог. Ингэхээр нийт ард түмнээ төлөөлсөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ард түмний дуу хоолой гэдэг өнцгөөр хааяа ч гэсэн бодолцож үзэх учиртай. 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан бэ?

Яагаад гэвэл дэлхий нийт цар тахлын оргил үеийг туулж байна. Энэ цаг үед байшин, музей, соёлын ордон барихад төсөвлөсөн зардлаа 2021 онд тэвччих! 2020 оны улсын төсөвт төсвөө батлуулаад улсад хүлээлгэж өгөх ёстой 160 орчим барилга байгууламж 2021 оны улсын төсөвт төсвөө нэмэгдүүлээд нийт дүнгээр 170 орчим тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Гэтэл төсвийн сахилга бат гэж байдаг бол энэ 170 орчим тэрбум төгрөгөөр вакцинаа захиалсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэх үү гэдгийг бодох л асуудал. Бид энэ асуудлыг тухайн үед маш их ярьж, хоригоо хамгаалсан ч огт тоогоогүй.

Гэтэл өнөөдөр хар л даа. Вакцин захиалах мөнгийг төсөвт суулгаагүйн үр дүн гарч илэрч байна. Халдвар авсан иргэдийг яаж буруутгах юм бэ? Тэд чинь амьдрахын төлөө хуруу хумсаа хугалан, ажлаа хийж байна. Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ. 12 дугаар сард төсвийн тухай хуульд тавьсан хоригын үеэр л ярьсан юмаа хэлж байна.

-Ерөнхийлөгч вакцин авах асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Одоо иргэдээ вакцинжуулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Дээр хэлсэнчлэн төсөвт өнгөрсөн жил хориг тавихдаа л Ерөнхийлөгч иргэдээ хурдан вакцинжуулъя, вакцины зардлыг төсөвт суулгая гэдэг бодлогоор хориг тавьсан. Хоригийг хүлээн аваагүй тул энэ жилийн хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Цагаан сарын битүүний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд захидал бичиж Спутник вакцины тусламж хүссэн. Бид энэ захидлаа тухайн үед улс төрийн шоу хийж, олон нийтэд зарлаагүй. Зарлах ч шаардлагагүй байсан. Хамгийн гол нь ажил цаагуураа зогсолтгүй явж байдаг юм шүү. Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихад тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хоёрдугаар сард хүлээн авснаа хэлээд, ОХУ-ын зүгээс хоёр орны түүхэн уламжлалт харилцаагаа хүндэтгэж, Спутникээр хангах ажлыг эрчимжүүлэх төдийгүй Монголд вакцины үйлдвэр барих ажлыг Ажлын хэсэг гарган дэмжих ажиллахаа илэрхийлсэн.

-Мөн Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ байр суурь одоо ямар байгаа бол?

-Зөвхөн Шүүхийн тухай хуулиас гадна Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч хориг тавьж байсан.Эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хараат бус байх ёстой, төрийн эрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх чиг үүргээ гүйцэтгэх ёстой Авлигатай тэмцэх газар, шүүх засаглал, орон нутгийн засаг захиргааг бүхэлд нь нэг гарт төвлөрүүлсэн.

Эрх зүйт төртэй улс орнууд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлтэй холбогдвол иргэний амьдрал, эрх чөлөөнд дур зоргоор халдаж, дарангуйлал тогтоно гэж үздэг юм байна лээ. Хяналт, тэнцвэр алдагдсан хязгааргүй эрх мэдэл нэг цэгт төвлөрвөл өнөөгийн Монголын нийгмийн гажиг засагдах биш, улам ужгиран дархлагдах нь гарцаагүй.

-Ардчилсан намын дотоод асуудал хоёр тамгатай, хоёр даргатай мэт тодорхойгүй байдалтай байна. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ намаас нэр дэвших эсэх асуудал хэрхэх бол гэдэг нь олны анхааралд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ардчилсан намыг зохион байгуулалттайгаар задалж, хоёр тамгатай хоёр даргатай болгож байна. Одоогийн Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүйн тулд улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүс эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр унагаана, болохгүй бол намыг нь хоёр хувааж байгаад сонгуульд дэвшүүлэхгүй байлгах эртнээс бэлдсэн зураглал. Энэндээ манай намын нэр бүхий хүмүүсийг л ашиглаж байна гэж харж байна.

Бусдаар бол АН гишүүд, дэмжигчид хоёр хуваагдаагүй, нэг цул байгаа гэдгийг саяхан бид харлаа шүү дээ. Бусдын үгэнд ороод өөрийн орон байраа шатааж, гэр орноо түйвээх зориг тийм ч олон хүнээс гарахгүй дээ. Тэр хүнээ л олж аваад хэрэгжүүлж байна гэж харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Монголын төр ковидын өмнө гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна

ХҮН АМЫН 30 ХУВЬ НЬ ЯДУУРЛЫН БАЛЧИГТ УНАСАН БАЙХАД ЭРХБАРИГЧИД 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ НЭГНЭЭ ШАГНАЖ, ХӨӨРГӨЖ БАЙНА –


УИХын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


Энэ долоо хоногт чуулган хуралдаагүй, байнгын хороод хуралдахгүй байхаар байна. Ямар шалтгаантай вэ. Ковидын нөхцөл байдал парламентын үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүртэл хүндэрчихэв үү?

-Эрх баригчид ковидын өмнө, өөрсдийнхөө явуулсан буруу бодлогынхоо үр дагаврын өмнө аль хэдийнэ гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна. бид бүгд санаж байгаачлан гурван сарын өмнө тухайн үеийн Ерөнхий сайд, намын дарга нь бууж өгснөө зарласан. гардаж байлдана, бүсэлж дайрна гэж ердөө хоёр, гурван сарын өмнө амлаж байсан ч эхний асуудалтайгаа тулгарангуут л шалтаглан “фронтоо” хаяад зугтчихсан шүү дээ. алх барьсан хүнд асуудал болгон хадаас болж харагддаг гэж нэг үг байдаг. яг түүн шиг сэлэм бариад дайрахаар асуудлын шалтгаантай нь биш, харагдах хэлбэртэй нь ноцолдож, хариуцсан хүмүүсийг нь л “цавчаад” дуусдгийг бид хангалттай харлаа. тушаал, шийдвэр биелүүлж байсан анхан, дунд шатны олон хүмүүсийг өнгөрсөн жилүүдэд “цавчих” шиг боллоо. бараг гурван жил хагасын турш камер бүрийн өмнө хүн загнаж, уулзалт, хурал болгон дээр хөмсгөө зангидан ширээ алгадаж, “сэлэм” эргүүлж, алга ташуулан уухай хашгируулсан ч нийгэмд бугшаад байсан олон асуудлаас алиныг нь ч эрх баригчид шийдэж чадаагүй. өмнөх Ерөнхий сайдаас одоогийн Ерөнхий сайдад төрөх эмнэлэг, эмнэлгүүд, цэрэг цагдаа, цэцэрлэг сургууль, түлш эрчим хүч гэх мэт салбар бүрийг тойрсон “хур асуудлууд” ямар ч шинэчлэл, ахицгүйгээр бараг улам дордоод өвлөгдөж үлдсэн.

Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Төр засгаас хэрэгжүүлж буй ковидын тархалтыг хумьж авах, эдийн засгаа сэргээх үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Аливаа асуудал оношоо олж тогтоож, түүнийг засаж, залруулснаар шийдэгдэнэ. Гэтэл эрх баригч нам аргалж, гал унтрааснаар ирлээ. Сүүлийн хэдэн жилд ямар ч асуудлын оношийг олж, эмчлэх чиглэлийн шинэчлэл, өөрчлөлт огт хийгдсэнгүй. Гал унтраах, нэг удаадаа аргалж өнгөрөөх байдлаар асуудлуудыг намжаасаар ирсэн нь одоо олон газарт бугшсан, асахад бэлэн галтай асуудлууд эрх баригчдыг, иргэдийг хүлээж байна.

Эхнээсээ бугшсан асуудлуудын зарим нь ил болон гарч ирж байна. Вакцинжуулалтын хурдаа нэмнэ гэж амлаж байсан Засгийн газар хоёр, гурван хоногийн дараа ямар ч нөөцгүйгээ мэдэж байх жишээний. МАН 20, 30 жилийн төлөвлөгөө, алсын хараа ярьдаг. Гэтэл үнэндээ хоёр, гурван хоногийн ч төлөвлөгөөгүй суудаг гэдгээ нийтэд зарлачихлаа.

Засгийн газар ковидын нөхцөл байдалд бэлдэж эхлээд, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд, эргэж буцсан шийдвэрүүд, тодорхой төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй байгаа нь харагддаг. Хамгийн гол нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрх, бизнесүүдийн эрх чөлөө маш их зөрчигдлөө.

Өнгөрсөн хавар, зунд дотооддоо цар тахлыг алдаагүй байхад хөл хорио тогтоож, иргэд, бизнесийнхний тамирыг аль эрт барчихсан. Бизнесүүдийг жилийн өмнөөс гадаад орчноос бүх харилцааг нь таслаад, дээрээс нь дотоодын эдийн засгийн урсгалыг нь ч хааж, үүнийг дагаад иргэдийн орлого бүтэн жил хорионд байлаа. Ямар ч тамиргүй, тэнхэлгүй болгож байгаад, бараг эргэж босох эрмэлзэлгүй болсных нь дараа л саяхнаас “амь тариа” хийх гэж оролдож байна.

Хөл хорио нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж байна. Гадаадад гацсан иргэдийн эрх жил хагасын турш зөрчигдөж байгааг та бид хангалттай харлаа. Иргэд төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж бүтэн жилийн турш онцгой комиссынхноос гуйцгааж байна. Угтаа бол иргэдээ татаж авах нөөц бололцоо хангалттай байсан. Өнгөрсөн хавар, зуны турш зочид буудлууд нь хаагдчихсан, МИАТ нислэггүй, сул зогсонги байдалтай байхад иргэддээ сонголт, бизнесийнхэндээ боломж олгоод тусгаарлалтын байруудыг олноор нээгээд аль эрт иргэдээ бүрэн татаад авчих боломж байсан ч огт ашигласангүй. Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихья, айдас дээр нь тоглоод УИХ, орон нутгийн сонгуульд ялаад авъя гэсэн бодлого явсан. Одоо үргэлжлүүлээд ковидыг ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуульд яаж ялах вэ гэдэг бодлого нь үргэлжилж байна. Тод жишээ бол, сая хэд хоногт МАН 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ковидыг хумьж авахад биш, баяраа тэмдэглэхэд л илүү анхаарлаа. Өдөр бүр 100, 100 -гаар нь хүмүүс цуглуулж, 100 жилийнхээ баярын батламж, бэлгийг гардуулж, вирус тарааж байна. Энэ хооронд коронавирусийн тохиолдол нэмэгдэж, өдөрт л 700, 800 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан, өвчин тахлын энэ үед эрх баригчид 100 жилийн ойгоо тэмдэглэн нэгнээ хөөргөн байгаа нь зохимжгүй байна. Ерөнхий сайд нь “Энэ хөл хорио сүүлийнх байгаасай” гэж залбираад байгаа юм уу гэлтэй аргаа барсан үг хэлнэ лээ. Ямар ч төлөвлөгөө байхгүй хүний үг л ийм байдаг байх.

Одоо хэрэгжиж буй эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадах эсэхэд юу хэлэх вэ?

-Оройтсон, бас оновчтой байсан уу гэдэг дээр тойрч яримаар санагдаж байна. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 10 их наядын хөтөлбөр ч, өнгөрсөн долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлсэн “хөл хорионы төлбөр” ч тэр, вакцинжуулалт, иргэдээ татан авчрах үйл ажиллагаа гээд энэ бүх асуудлын аль алинд нь нэг том дутагдал байгаад байна. Иргэдэд, бизнесүүдэд, хувийн хэвшлийнхэнд огт сонголт олгодоггүй. Яг л өнгөрсөн нийгмийн арга барилаар цор ганц хувилбартай шийдлээр асуудлыг шийдэх гэж үзээд байгаа юм. Тэр шийдлээ төр санал болгоно, төр өөрөө хэрэгжүүлэлтийг нь хийнэ. Бидний, иргэдийн хүсэх, хүсэхгүй энд огт хамаагүй.

Сая иргэн бүрд 300.000 төгрөг өгөхдөө ч бас олон нийт юу хүсч байгааг авч хэлэлцсэнгүй. “Хөл хорионы төлбөрт” тараасан мөнгө 1,2 их наядаар хэмжигдэнэ. Чанартай сайн вакциныг зах зээлийн үнээс нь багадаа гурав дахин өндөр үнээр насанд хүрсэн иргэдийнхээ тоогоор олоод авчих мөнгө. Эртнээс төсөвлөөд, энэ дүнгээр гэрээ хэлцэл хийсэн бол магадгүй олдоц одоогийнхоос арай дээр байж ч болох байлаа.

Дээр ярьсан тусгаарлалтын байранд ч энхүү асуудал адилхан. УОК-ын шилж сонгосон, шилсэн гэхээсээ илүүтэй шахсан, шаардлага хангах, хангахгүй янз бүрийн байранд хүчээр аваачаад 50,000 төгрөгийн ханштайгаар л байрлах ёстой гэсэн цор ганцхан сонголттой. Хэрэв хүсэхгүй бол, зөвшөөрөхгүй бол гэсэн ямар ч эргэлзээ, асуултгүйгээр эцэслэн шийдчихсэн.

Вакцины асуудал ч ялгаагүй. Эмийн компаниуд, бизнесийнхэн, хувийн хэвшлийнхнийг өөрсдийн шугамаар вакцин олж ирэхийг, иргэдийг өөрсдийн хүслээрээ үнийг нь төлөөд вакцинаа хийлгэх сонголтыг нь бас өгсөнгүй. Эрх баригчид ажлыг аргалж л хийж, азанд найддагаас биш, цэгцтэй бодлого байхгүй, чадвартай хүний нөөцгүй нам юм гэдэг нь тодорхой харагдаж байна. Лав л гамшгийн менежмэнтээр мэргэшсэн ганц ч боловсон хүчингүй л харагдаж байна.

Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор урд хөрш хилээ хаачихлаа. Удахгүй хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Улс орны нөхцөл байдал улам хүндрэх нь?

-Эрх баригчдын хувьд Гашуунсухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ гэдэг ганцхан бодлоготой болоод удсан. Одоо бүр зэсийн үнэ өндөр байх юм чинь гээд урьдчилгаа татвар аваад тараадаг жишиг рүү явж байна. Урд хөрш хилээ битгий хаагаасай, нүүрс, зэсийн үнэ өсөөсэй гэдэг азанд найдсан бодлого л хэрэгжлээ.

Энэ хэвээрээ аргалаад яваад байвал болно гэж эрх баригчид бодоод байх шиг байгаа юм. Гэтэл төрийн эрх өсч, ордон тойрсон олон байшин, дарга нарт зориулсан конторыг төсвөөс барихын хэрээр ардчилал,иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч байна. Эдийн засаг улам бүр хэврэгшиж, иргэд эрхгүй болж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Нэгтгээд дүгнэвэл, төрийн шийдвэрүүд мэдэхгүй мөртлөө мэдэмхий, чадахгүй мөртлөө дайрамтгай болоод байгаа. Мэдэх зүйл бага болох тусам мэдэхгүй зүйл багасч мэдэмхий болдог тухай танин мэдэхүйн тойргийн тухай ойлголт байдаг л санаанд орж байна. Яг түүн шиг л асуудлыг дагнан судлаагүй, мэргэшин төрөлжөөгүй хүмүүс салбаруудыг хариуцаж байгаа учраас асуудлуудад танин мэдэхүйн хэмжээнд хандаад мэдэхгүй зүйлгүй мэт бодогдоод байх шиг. Ийм учраас бүх л асуудалд цор ганцхан оновчтой шийдлийг санал болгоод байна уу.

Ардчилсан нам тогоон доторх асуудлаа ч шийдэж чадахгүй, эрх баригчдыг царайчлан, Улсын дээд шүүхийн шийдвэрийг горьдож сууна гэх шүүмжлэл гарч байна. Намын дотоод асуудал юу болж байна вэ?

-Яах аргагүй үнэн. Гэхдээ асуудлаа ил яриад, шийдлээ хайгаад, хэдэн тал болж үзэлцэж байсан ч сүүлдээ эргээд нэгддэг, нэгдэхээрээ улам хүчтэй болдог нь Ардчилсан намын өөрийнх нь араншин шүү дээ. Ийм л ил тод, дотоод ардчилалтай нам. Өнөөдөр гаднаас нь харахад эвлэхгүй юм шиг харагдаж байгаа боловч талууд хооронд, ялангуяа надаас хамаарах хувийн зөрчил, өс, эвлэж нэгдэхгүй байх том шалтгаан байхгүй.

Дүрмээ дагаад, эрх зүйн чадамжтай үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан сунгаанд оролцоод л явсан. Анхан, дунд шатнаас сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулж намын их хурал хуралдаад, шаардлагатай бүх материалын хамт дээд шүүхэд бүртгэлийн хүсэлтээ хүргүүлсэн. Монгол Улсын шударга шүүх хэн нэгэн бүлэг, намын нөлөөнд автаагүй, хууль журмын хүрээндээ асуудлыг авч үзээд ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сонголтыг хүндлээд асуудлыг шударга шийднэ гэдэгт итгээд хүлээж сууна.

Таны хувьд намын дотоод эв нэгдлийг хангахад ямар алхам хийх вэ. Хоёр талдаа гараад, хоорондоо та нар хүрээд ирээч гэсэн бичгийг сошиалаар шидэлцэж байгаа харагдсан?

-Эв нэгдлийг эрхэмлэсэн уриалга, албан бичиг гэхээсээ илүүтэй өдөөн турхирсан маягийн өнгө аястай уриалга гэсэн бичиг байсныг сошиалаар харсан. Өнөөдрийн байдлаар бичгээр гарт ирсэн зүйл алга. Сошиалаар зөрчилдөх биш ажил хэрэгчээр уулзалдаж, ярилцаж ойлголцох нь АН-д ардчиллаа бүтэн болгоход хэрэгтэй болов уу гэж бодож сууна.

Миний хувьд эвлэрэл, эв нэгдлийн талд байгаа. Санаж байгаа бол УИХ дахь бүлгийн гишүүд бид С.Эрдэнэ даргатай уулзаад ажлын хэсэг байгуулах саналыг тавиад явж байсан шүү дээ. Талцаж, муудсан ах нарын аль нэгнийх нь талд ороод, нөгөөг нь буруутгаад, мушгин хэлэх зүйлс байхгүй ээ. Үйл явдлууд хурдацтай өрнөөд утасны хоёр үзүүр дээр гараад суучихаад л байгаагаас биш С.Эрдэнэ даргатай ч, М.Тулгаттай ч эртнээс харилцаатай, хувийн зөрчил байхгүй.

АН дотоод асуудлаа цэгцлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй эрсдэл харагдаж байна. Нөгөө талаар ямар зарчмаар нэр дэвшигчээ тодруулах вэ. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхээр таныг тохирсон гэх яриа явж байна?

-Ардын намын нэг хүнийг дэвшүүлэхээр тушааж гэвэл гишүүд нь ярсхийтэл гараа өргөцгөөж байж магадгүй юм. Харин Ардчилсан нам бол хэн нэгний тушаал, зааврыг дагадаг нам биш. Асуудлаа ил ярьдаг, өрсөлдөөнөөр буцалж байдаг нам. Нөгөө талаас намын хүчин төгөлдөр дүрмээр нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах ёстой. Сунгаанд минийхээр бол бүр олон хүн өрсөлдөх байх гэж харж байна. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гээд өрсөлдөх боломжтой, өрсөлдөхөө илэрхийлсэн, өмнө нь хариуцлагатай алба хашиж явсан олон боломжит дэвшигчид манайд бий.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх эрсдэлийг хүмүүс ганц нэг ярьж байна. Ардчилсан намын олонхоор шүүгдээгүй, гишүүдийн дундах сунгаагаар гарч ирээгүй “тоглоомын” нэр дэвшигчтэй өрсөлдсөн, аль эсвэл Ардчилсан нам оролцоогүй сонгуулиас сонгогдсон Ерөнхийлөгчийг ард түмэн “жинхэнэ” Ерөнхийлөгч гэж үзэх үү. Муутай ч, сайнтай ч Ардчилсан нам Монголын улс төрийн тэргүүлэх хүчнүүдийн нэг. Ардчилсан намгүйгээр болох Ерөнхийлөгчийн сонгуулийг биднээс дутуугүйгээр эрх баригчид ч хүсэхгүй л байх.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа. Та энэхүү хуулийг санаачилсан. Яагаад энэ хууль манайд чухал вэ?

-НҮБ-аас энэ тунхаглалыг баталж, загвар хуулийг нь гаргаж, гишүүн орнууддаа энэ хууль улс орнуудын хүний эрхийн тогтолцоог илүү баталгаатай, төгөлдөржүүлж, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аа гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Ингэхдээ НҮБ-аас хүний эрхийн хамгаалагчийн тусгай илтгэгчийг томилж, улс орнуудад явуулж ажил-луулсан байдаг. Монголд ажилласан НҮБ-ын тусгай илтгэгчийн гаргасан дүгнэлтийг манай иргэний нийгмийн байгууллагууд бариад Хүний эрхийн үндэсний коммис (ХЭҮК)-т хандсан байна. Тэд хамтарч хуулиа боловсруулаад над дээр санал тавьж орж ирсэн.Өөрөөр хэлбэл, намайг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга байхад энэ хуулийг санаачлах үйл ажиллагаа эхэлсэн. Манай улсын хүний эрхийг хамгаалах, хангах үйл ажиллагаанд нэн чухал хууль байсан учраас би дэмжсэн. Монгол Улсын Их хурлаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар бид Азидаа ийм хууль баталсан анхдагч улсуудын тоонд орно. Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголтыг хуульчилснаар бид эрх зүйн тогтолцоондоо цоо шинэ ухагдахууныг оруулж ирж байгаа юм.

-Хүний эрх хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл давхар хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай хуультай болж байгаа нь ямар учиртай вэ гэж асуух хүмүүс байна. Энэ хуулийг манай улсад нэвтрүүлэх ямар тодорхой шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэх вэ?

-Хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажилладаг хамгаалагчид өөр дээрээ том эрсдэлийг авдаг.Манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул заналхийлэл, дарамт шахалтад өртөх, тэр бүү хэл амь насаа алдах эрсдэл үүсч байсан олон жишээ бий. Хүний эрхийг хамгаалж дуугарч байгаа тэмцэгчдээ хуулийн хамгаалалтад оруулж, статусыг нь баталгаажуулж өгөхгүйгээр энэ хүмүүс цаашид урам зоригтойгоор асуудлыг гаргаж тавьж, дуугарч чадахаа больдог юм байна.

Хүний эрхийг хамгаалж, зөрчлийг арилгуулахад тэмцэгчид дуугарахаа болих үед хүний эрхийн зөрчил улам ужгирдаг. Тиймээс энэ хууль маш чухал. Энэ хууль батлагдсанаар хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдсэн учраас тэр хэрээр нийгэмд хүний эрх хэрэгжих магадлал ихэснэ. Хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага хэн бүхэн энэ хуулиар хамгаалагдах юм. Өөрөөр хэлбэл, төрийн статустай ХЭҮК-ын таван гишүүдээс гадна хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцдэг бүх хүн энэ хуулиар хамгаалагдана.

Таны асуусан шиг,хүний эрх хамгаалагдсан шүү дээ гэж яриад байна л даа. Гэтэл тийм биш байгаа нь амьдрал дээр төрөл бүрээр хохирол амсаж буй иргэдийн жишээн дээрээс харагдаад байна. Энэ тэмцлийг өдөр бүр бусдын төлөө хийдэг хүмүүс энэ дарамтыг мэдээд, мэдрээд, хуулийг гаргах хүсэлтээ тавиад байна. Бор зүрхээрээ бусдын төлөө явж буй энэ хүмүүст өнөөгийн манай хуулинд байгаа механизмууд хангалттай хамгаалахгүй байгааг өөрсдөө хэлээд байна. Ийм байхад та нар зоригтой бусдын төлөө ажил гээд захиргаадах гээд байгаа нь тун зохисгүй. Энэ хуулийн хэрэгцээ байгааг дараах энгийн жишээнээс тод харж болно. Коронавирусийн халдвар тархсан бүс рүү эмч, сувилагч нарыг оруулахдаа тусгай хувцас хэрэглэл өмсгөж нэвтрүүлдэг биз дээ. Өвчтөн, эмч хоёр адилхан л хүн юм чинь эмч та энгийн хувцастайгаа ор гэдэггүйтэй л адил. Тусгай нөхцөл рүү ороход тусгай зохицуулалтыг нь хийж өгч,хуулиараа ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөх ёстой. Энэ хууль үүнтэй адил.

-Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах вэ. Мөн хүний эрхийг хамгаалагчийг яг яаж хамгаалах юм бэ?

-Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллана. Энэ хороо хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу шаардлагатай хамгаалах арга хэмжээг авахуулж, хариуцлага тооцуулахаар ажиллах юм.

Жишээлбэл, орон нутагт нэг том дарга бусдын эрхийг зөрчсөн үйлдэл хийчихлээ. Тэрийг нь илчилж, хүний эрхийг хамгаалж дуугарсан хүнийг нөгөө дарга “чи яасан их намайг шүүмжилдэг юм” гээд айлган сүрдүүлэх, дарамтлах асуудал гарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд одоо ийм шинэ хууль байгаа учраас тэр дарга уг хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож, тэр хүнд халдвал асуудалд орохоо ойлгон наад зах нь дур зоргоороо аашлахгүй болгоомжлох болно.Нөгөө талаас хэрвээ хүний эрх хамгаалагчид дарамт шахалт үзүүллээ гэж Хүний эрхийг хамгаалагчийн асуудлаарх хороонд гомдол очих тохиолдолд хариуцлагын асуудал бүр тодорхой болох боломжтой.Аливаа дарамт шахалтад орсон хүний эрхийг хамгаалагч “надад дарамт ирж байна, хамгаалах арга хэмжээ авч өгөөч” гэж холбогдох хороондоо хандах юм. Энэ хороо эрсдэлийн үнэлгээ хийгээд холбогдох цагдаа, хууль хяналтын байгууллагад нь асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчлийг газар дээр нь илчлэх, хууль хяналтын байгууллагын анхааралд хамгийн дөт замаар идэвхтэй, сэтгэлтэй хүмүүсийн оролцоо, хүчээр хүргэх боломжтой болсон учраас энэ хуулиар дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлыг нийгэмд буй өөрийнх нь дотоод нөөц, хүчинд үүрүүлж, хүний эрхийг хамгаалах тогтолцооны хүрээг нэн өргөсгөн тэлж, нийгэмд бүхэлд нь шингээж өгсөн хууль болсон гэж хэлээд байгаа юм.

-Хүний эрхийг хамгаалагчийн хороо ямар бүтцээр ажиллах вэ. Ямар хүмүүс томилогдон ажиллах юм. Хараат бус ажиллаж чадах уу гэдэг асуудал чухал байна?

-Хороо долоон гишүүнтэй байна. Хараат бус ажиллахыг хуулиар тодорхой зааж өгсөн. Нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт явуулж гишүүдийг сонгоно.Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд ажилласан туршлагатай байх, сүүлийн таван жил улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, хараат бус байх, хүний эрхийн чиглэлээр байнга ажилладаг, олон нийтэд хийсэн ажлаараа танигдсан, нэр хүндтэй байх гэх зэрэг өндөр шалгууртай. Дээр нь энэ долоо хүний нэг нь хүний эрхийн комиссын гишүүн байна гэж заасан. Гэхдээ давуу байдлыг үүсгэхгүйн тулд долоон гишүүн жил жилээр тойроод хороог удирдаад явахаар хуулинд тусгасан.

-Нөгөө талаар хүний эрх хамгаалагч нь өөрөө хараат бус ажилладаг, ёс зүйн доголдолгүй байх асуудал чухал. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Хүний эрхийг хамгаалах гэж байна гээд бусдын эрхийг зөрчих ёсгүй. Угаасаа хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаална гэдэг нь маш нарийн мэргэжил. Түүнээс биш баахан популизм яриад л, хүнийг гүжирдэж гүтгэснийгээ хүний эрхийг хамгаалж байна гэж яриад, нэг хүний эрхийг хамгаалах гэж нөгөө хүний эрхийг зөрчихийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл, сургаар энэ ёстой үл бүтэх хүн, баахан ийм буруу үйл ажиллагаа хийгээд хүний эрх зөрччихөж гэсэн таамаг төдий юм ярьж нэгийг буруутгаад нөгөө хүний эрхийг хамгаална гээд байвал энэ хуулийн хамгаалалтад орохгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд, хуулийн дээсийг давалгүйгээр хүний эрхийг хамгаалахыг л энэ хууль зохицуулаад байгаа юм. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалагч этгээд хуулинд нэн хүндэтгэлтэй хандаж ажиллах үүрэгтэй. Хуулинд нэн хүндэтгэлтэй хандана гэдэг бол ёс суртахууныг эрхэмлэн ажиллахыг л хэлээд байгаа юм. Иймээс хүний эрхийг хамгаалагч хүн бол хуулинд дуулгавартай, өндөр ёс суртахуунтай хүн баймаажин л энэ хуулийн хамгаалалтад хамрагдах юм. Ер нь хүний эрхийн хууль хөгжлийн эцсийн цэгтээ ирээгүй байгаа.Цаашид нэмж оруулах зүйлүүд олон байна. Хууль шинэчлэгдсэн, одоо дахиж шинэчлэх ёсгүй гэж болохгүй. Амьдрал дутуу юмыг газар дээр нь нэмээд л гараад ирж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахгүйгээр хүний эрх бүхэлдээ доголддог юм байна гэдгийг амьдрал зөвхөн манайд төдийгүй бусад олон оронд харуулсан байна. Иймээс бид энэ хуулийг баталлаа. Цаашид дутуу зүйл байвал амьдрал харуулаад л өгнө. Тэгэхээр дутагдаж буй зүйлийг амьдрал харуулмагц дараагийн удаад нөхөөд л гүйцээн зохицуулах ёстой.

-Монголд хүний эрхийн зөрчил ямар түвшинд байна гэж үзэх вэ?

-Хамгийн их яригдаж байгаа сэдэв өнөөдөр юу байна вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Өдөр бүр хүний эрх зөрчигдөж байгаа хэргүүд мэдээлэгдэж байна. Саяхан алба хааж байсан цэрэг амиа алдлаа, гэр бүлийн хүчирхийлэл газар авсаар байна, бэртэл дагуулсан халдлага, зодоон гарч байна, албан тушаалтнуудын хариуцлагагүй, авлигажсан хэргүүд гарсаар байна. Энэ бүгдийн дүнд иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар бүгд л ярьж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагын авлигажсан, хонгилжсон байдлын цаана харагдахгүйгээр дандаа хүний эрхийн зөрчил явж байдаг. Хилс хэрэг бол хүний эрхийн хамгийн том зөрчил. XXI зуунд байх ёсгүй зөрчил. Энэ бүх хүний эрхийн зөрчлийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцэж, ажиллаж байгаа тэмцэгчид маань өөр дээрээ том эрсдэл авч байдаг. Өмнө нь байгаль хамгаалагч залуу амиа алдаж, энэ талаар нийтлэл бичиж байсан сэтгүүлч мөн амь насаараа хохирсон. Хэрвээ тэр үед хүний эрхийн хамгаалагчийн хууль байсан бол өөр нөхцөл байдал үүсч болох байсан байх. Маш түргэн хойшлуулшгүй арга хэмжээ авч, хүний эрхийн тэмцэгчийг хамгаалалтад авсан бол тэдний амь нас эрсдэх байсан уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөх байсан байх. Бас нэг зүйлийг энд хэлэх ёстой. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргачихаад би том тушаалтан юм чинь хариуцлага хүлээхгүй байж чадна гэж горьдоод яваад байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд, хүний эрх бол дэлхийн асуудал. Хэрэв, Монголын төр хүний эрхийн зөрчлийг тоохгүй байгаа бол дэлхий дээр хариуцлага тооцдог байгууллагууд байдгийг бас санаж байхад илүүдэхгүй.

-Хүний эрхийн ноцтой зөрчил гарах бүрт ХЭҮК-ыг ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Энэ хууль хэрэгжсэнээр хэр өөрчлөлт гарах бол?

-Хүний эрхийн асуудлыг угаасаа нэг, хоёр байгууллагад даатгаад орхичихдог асуудал огт биш. ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах институциүдээс нэлээн голлох инстутици нь мөн. Тэр утгаараа хүний эрхийн аливаа зөрчил, асуудал үүсэхэд манай дарга нар Хүний эрхийн комиссын таван гишүүнийг та нар ажлаа хийсэнгүй гэж загнадаг. Таван хүн улсын хэмжээнд байгаа хүний эрхийн бүхий л зөрчил асуудалд нэг бүрчлэн хүрч ажиллах бололцоогүй. Тэр байтугай төрийн механизм нь бүхэлдээ бүх газар хүрч ажиллаж чаддаггүй шүү дээ. Угаасаа хүний эрхийг хамгаалах асуудал маш өргөн ойлголт. Цаг, минут тутамд хүн эрхээ эдэлж, үүргээ үүрч явж байдаг. Энэ бол гурван сая оролцогчтой том систем байхгүй юу. Гурван сая хүний хувь заяаг төрийн оролцоотой ганц комисс хариуцаж ажиллах боломжгүй. Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь энэ хуулиар хүний эрхийг хамгаалах, зөрчлийг харж хянах боломжийг нийгэмд өөрт нь шингээж өгч байна. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө хүний эрхийг хамгийн их зөрчдөг. Тэгэхээр төрийн гаднах иргэний нийгмийн байгууллагууд өөрөө өөрийгөө хамгаалж чаддаг болсноор, хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэх, оролцогчдын тоо нэмэгдэж, энэ хэрээр хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа бэхжинэ.

-Энэ хуулийг сая хэлэлцэж байхад хүний эрхийн байгууллага гадны байгууллагаас тусламж хэлбэрээр санхүүждэг тухай хөндөгдөж байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Террорист, нэр нь тодорхойгүй этгээд, байгууллагаас санхүүжилт дэмжлэг авахыг хорьсон. Харин эдгээрээс бусад байгууллагаас тусламж авах нь нээлттэй. Бидний өнөөдөр эдлээд явж байгаа хүний эрхийн хуулиудыг монголчууд өөрсдөө санаачилж гаргаж ирээгүй. НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаатайгаар, санхүүжилттэйгээр өнөөгийн манай хүний эрхийн хуулиуд боловсрогдож, батлагдсан. Жишээлбэл, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн тогтолцоо социализмын үед байгаагүй. Сэтгүүлч хүн одоогийнх шиг дуртай цагтаа төрийн өндөр албан тушаалтнаас хаа таарсан газраа хэл амыг нь сугалах дөхөн мэдээлэл авч чаддаггүй байсан. Хэрвээ тэгвэл төр засгийн бодлогоос зөрсөн юм ярилаа гээд шоронд явдаг ийм үе байлаа. Харин өнөөдөр энэ эрх дархан хамгаалагдсан байна. Хүний эрх бол уул уурхай биш, ухаад аваад гарчихгүй. Тиймээс гадны туслалцаатайгаар дэвшүүлэн хөгжүүлсээр байх ёстой зүйл. Гадны тусламж, дэмжлэгтэйгээр ийнхүү бүрэлдсэн хунийг хамгаалдаг тогтолцоо нь гараад явчихгүй, Монголдоо үлддэг. Тиймээс энэ асуудал дээр гадныхнаас жийрхэлгүй хамтран ажиллах хэрэгтэй. Тэгээд ч хүний эрх бол дэлхийн асуудал гээд байгаа. Тийм учраас зохих түвшний хүний эрхийн тогтолцоотой байх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, бас дэлхийн өмнө Монгол төрийн үүрэх үүрэг, хариуцлага юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй

ХААДЫН НЭРИЙГ АРХИНЫ ШОШГОН ДЭЭР АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ШААРДЛАГАГҮЙ. ХЭРВЭЭ ХОРИГЛОВОЛ ОРОС, ХЯТАДАДЧИНГИСГЭДЭГ БРЭНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ


УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хуулийг хэлэлцсэн. Таны хувьд тус хуулийн хэд хэдэн заалт дээр шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлж байсан?

-Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хууль хэлэлцэгдэхээр болсон. Зарчмын хувьд санал нийлэхгүй байгаа хэдэн заалтууд байна. Сүүлийн 30 жил бид архины зөвшөөрөл олгоход хатуу хяналт тавьж ирсэн. Би энэ дээр арай өөр арга хэрэглэвэл яасан юм бэ гэдэг саналтай байна. Зөвшөөрлийг ангилалтай болгоод, ангилахдаа градусаар нь үнэлгээг нь тогтоодог болгочихвол яасан юм бэ. Жишээлбэл, пиво, вино буюу 18-аас доош градустай согтууруулах ундааг борлуулж үйлчлэх бол нэг өөр төлбөртэй, өндөр градустай архи согтууруулах ундаа зарвал бас өөр татвар, төлбөртэй болгоод, ингэхдээ зөвшөөрлийг нь стандартыг нь хангачихсан л бол олгоно гээд заачихвал илүү үр дүнтэй болох юм. Ингэснээр наад зах нь зөвшөөрөл авах гээд нэг яам тамгын газрын үүд сахиж суудаг, хөөцөлддөг ийм байдал байхгүй болох юм. Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй байгааг олон жишээнээс харж болно.

Тамхины хяналтын тухай хууль яг ижил. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зай дотор тамхи зарж болохгүй гэдэг хууль гарчихсан байдаг. Бодит байдал дээр лангуун доогуураа зарсан хэвээрээ л байна. Цагдаа өдөр болгон ирж торгодог ч торгуулаад л зараад байна шүү дээ. Үүнтэй адил архийг хязгаарлавал гудамжинд шагчид олноороо зараад эхэлдэг. Тэгэхээр хэрвээ зөвшөөрлийг нь ангилалтай болгочихвол зөвшөөрлийнхөө дагуу зохих үйлчилгээгээ үзүүлээд явчихна.

Цахимаар архи, согтууруулах ундааг борлуулахыг хориглосон. Ахуйн хүрээнд архидалт ихэссэн учраас хүргэлтээр архи борлуулахыг хоригловол үр дүнтэй гэж үзэх үү?

-Миний хувьд, архийг нь заръя гэж зүтгээд байгаа юм биш. Гэхдээ бид цахим шилжилт хийж, ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шилжилж байна. Нэгэнт л одоо архи, согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжийг цахимаар захиалгаа авч хүргэлтээр худалдан борлуулахыг нь хориглож яах гээд байгаа юм. Уухыг хүссэн хүн хаанаас л бол хаанаас л олоод уучихдаг гэдэг шиг нөгөө л гудамжнаас шагийн архи хайж авах ийм зүйл рүү явна шүү дээ. Бид нар архидан согтууралтай тэмцэх хуулийг ярихаараа дандаа архинд донтсон хүмүүстэй яаж тэмцэх үү гэдэг хуулийг хийгээд байна. Уг нь соёлтой хэрэглээг яаж бий болгох уу, бага градустай зөөлөн архины хэрэглээ, соёлыг бий болгох вэ гэдэг дээр тодорхой бодлого орхигдоод байна. Нөгөө талаар архидалттай тэмцэх үндсэн шалтгаантай нь тэмцэхгүй байна. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхгүй байна. Ажилтай орлоготой болбол нийгмээрээ архидалтаас ангижирч чадна. Энэ ажлаа л түлхүү хиймээр байна. Хаана, зогсооно, хориглоно гэдэг байдлаар ажиллах нь өнгөрсөн хугацаанд төдийлөн үр дүнтэй байсангүйг бид бүхэн харлаа. Зохих журмынхаа дагуу зөвшөөрөлтэй газарт нь худалдан борлуулахад нь хориг тавих шаардлагагүй.

Түүхэн хүний нэр, зургийг архины шошгон дээр хэрэглэхийг хориглох саналтай гишүүд байсан. Ингэж хориглох нь хэр үр дүнтэй вэ?

-Түүхэн хүний нэр, зургийг архи, согтууруулах ундааны шошгон дээр ашиглахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалт орж ирсэн. Үүнтэй санал нийлэхгүй. Бид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дэлхийд брэнд бүтээгдэхүүнээ таниулна гэж яриад байдаг. Гэтэл ингээд хориглочихвол энэ зорилгынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Орос, Хятадад “Чингис”, “Хубилай,” “Батхаан” гэдэг архи үйлдвэрлээд эхлэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид чинь олон улсад Чингисийн Монгол гэдэг Чингис гэдэг брэндээ таниулах ёстой. Орос ч тэр, Хятад ч тэр Чингис хаан бол манайх гэдэг пиарыг байнга хийж явдаг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө түүхэн хаадынхаа нэрийг ашиглахыг хориглочихоор наад зах нь ийм сөрөг үр дагавартай. Одоо манайх Орос руу Хятад руу хүнсний экпорт хийх гээд нэлээд ажиллаж байна. Үүн дээр нь манайх харин ч брэнд болсон бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлээд явах нь чухал. Гэтэл манайхан Чингис хааны нэр зураг хогийн саванд хэвтээд байж болохгүй, хориглох ёстой гэж үзээд байгаагийн эсрэг байр суурьтай байна.

Нөгөө талаар одоо манай аж ахуйн нэгжүүд “Чингис” гэдэг патентийн эрхээ авчихсан байх гэж ойлгож байна. Манай улс патентын тухай хуультай холбоотойгоор Парисын конвенцэд нэгдэн орсон. Хэрвээ ийм хориглох заалт оруулбал, энэ конвенцэд нэгдэхээ болино гэсэн үг. Ингэвэл автоматаар патентын эрхтэй холбоотой бусад бүх бүтээгдэхүүн дээр патентаа алдах эрсдэл дагаад бий болно. Ер нь тэгээд гадны бусад улс орнуудад алдар цуутай хүмүүсийн зураг, нэртэй бүтээгдэхүүн олон байдаг шүү дээ. Наполеон гээд вино байж л байдаг. Арабын сламын шашинтай орноос бусад бүх оронд алдар цуутай хүмүүсийнхээ нэрийг ашигладаг. Сламын шашинтай оронд л хаадынхаа нэрийг ашигладаггүй зохицуулалт хийсэн байдаг юм билээ.

Бас баар, ресторан гэх зэрэг үйлчилгээний газруудад лонх, шил савлагаатай согтууруулах ундааг хориглох заалтыг оруулж ирсэнд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж хандаж байгаа байгаа харагдсан?

-Баар, ресторанд согтууруулах ундааг зарахдаа шотоор буюу 30, 50 граммаар зардаг болно гэсэн заалт орж ирсэн. Үйлдвэрийн савлагаа, шил, лонхтой архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж байна. Энэ чинь муугаар бодоход үйлчлүүлсэн хүмүүсийн ууж хэрэглэсэн үлдэгдлийг нийлүүлээд буцаагаад хүнд үйлчилбэл яах вэ. Манайхан чинь нэг газар ороод савлагааг нь нүдэн дээрээ задлуулаад үйлчлүүлдэг шүү дээ. Эрүүл ахуйн хувьд ч тэр эрсдэлтэй харагдаж байна.

Граммаар согтууруулах ундааг борлуулах нь эргээд аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт, төрийн дарамт ирэх тухай асуудал хөндөгдөж байсан?

-Хэрвээ энэ заалтуудаар явбал мэдээж мэргэжлийн хяналт, цагдаагийн хяналт шалгалт нь чангарах байх. Ресторан, баар гээд газрууд чинь нөгөө бидний дэмжих ёстой жижиг, дунд бизнес эрхлэгчид шүү дээ. Нэг журам, нэг зөвшөөрөл нэмэгдэхэд л дагаад хяналт, шалгалт нэмэгддэг. Ер нь аливаа хэрэглээг шууд хориглох нь аюултай. Оросын 1980 оны хуурай хууль, АНУ-ын хуурай хуулийн сөрөг үр дагавар юу боллоо гэдгийг харах ёстой. Хорих шиг амархан юм байхгүй. Гэхдээ эргээд гарах үр дагавар хор уршиг нь их байдаг. Сая ковидын үед бид бас архийг хорьж үзлээ. Шагийн архи, хуурамч архины борлуулалт маш их нэмэгдсэн. Үүнээс болоод наад зах нь хүмүүс эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байна. Тийм учраас аливаа хуулинд сөрөг үр дагаврыг хамт бодолцох ёстой. Яах аргагүй согтууруулах ундаа бол хүний хэрэглээ. Зөв хэрэглээг бий болгох тал дээр байнга ажиллаж байх ёстой.

Энэ хуулиас ач холбогдолтой заалт нь юу вэ. Архидан согтууралтай тэмцэх сан байгуулах нь хэр оновчтой вэ?

-Энэ хуулинд 37, 38 градустай архинаас 100 төгрөг, 38-аас дээш градустай архинаас 200 төгрөгийн татвар хураамж аваад, энэ татвар нь Архидан согтууралтай тэмцэх санд төвлөрч, эргээд архины донтолттой хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ, эрүүлжүүлэх эмчилгээнд зарцуулъя гэсэн гол санаа явж байгаа. Үүнийг бол дэмжиж байна. Нэгэнт архи, согтууруулах ундаанаас болж иргэд архины хамааралтай, донтолттой болсон бол тодорхой татвар аваад эмчилгээ үйлчилгээнд зарцуулах нь зөв.

Ядуурал, ажлын байрыг нэмэгдүүлэхгүйгээр архидалттай тэмцэхэд үр дүнгүй байна гэж та хэллээ. Мөн бэлэн мөнгө өгч, халамж хавтгайруулах нь архидалтыг дэмжиж байгаа үйлдэл гэж зарим гишүүд хэлж байсан. Таны хувьд үүн дээр юу хэлэх вэ ?

-Хамгийн ойрын жишээ бол сүүлийн нэг жил гаруй хугацаанд ковидоос болоод дэлхий даяар ямар нэг хэмжээгээр хөл хорионд орлоо. Энэ хорионд байх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоо зарим улс оронд 30-50 хувь өссөн гэх статистик тоо байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, хүн ажилгүй, хийх юмгүй болбол архи илүү их хэрэглэдэг юм байна. Хүчирхийлэл үйлддэг юм байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс архидалттай тэмцэх гол ажил бол ажилгүйдэлтэй тэмцэх, иргэдийнхээ боловсрол дээр анхаарах. Дээр нь гэр бүлийн хүмүүжил, хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг дунд сургуулиас нь заах зэргээр ажиллах ёстой. Сая цэргийн алба хааж байсан хүн хүчирхийлэлд өртөж амиа алдлаа.

Дөнгөж хоёр, гурван хоногийн өмнө Олимпийн аварга хүн зодож, гэмтээлээ. Шалтгаан нь архинаас л боллоо гэж ярьж байна л даа. Ийм хор уршигтай учраас архийг хориглох ёстой гэцгээж байна. Шууд хориглох нь олон сөрөг нөлөө, хор уршигтай учраас хөшүүргээр архи согтууруулах ундааг соёлтой хэрэглэдэг болгох, хэтрүүлдэггүй байх ийм нийгмийн сэтгэл зүй рүү явуулах нь чухал байна. Жишээлбэл, виноны олон соёл байдаг. Энэ соёлыг нэвтрүүлж, зөөлөн, градус багатай согтууруулах ундааны хэрэглээг илүү нэвтрүүлэх гэх мэтээр. Сүүлийн үеийн судалгаагаар виноны хэрэглээ Монголд өссөн байсан.

Бэлэн мөнгө тарааж байгаа нь архидалтыг дэмжиж байгаа юу гэвэл бас нөлөөлж байгаа гэж хэлнэ. Мөнгөтэй болонгуутаа архи уудаг нийгмийн давхарга манайд байгаа. Гэхдээ яг амьдралдаа зарцуулж байгаа нь илүү олон байгаа гэж бодож байна.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулиудаас та аль хуулинд ач холбогдол өгч байгаа вэ?

-Энэ хаврын чуулганаар хамгийн гол асуудал Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюу толгойн гэрээний 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавих түр хороо байгуулагдаж, Засгийн газраас гэрээ хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан байна. Рио тинтогоос төлөөлөгч нь ирчихсэн гэрээгээ шинэчлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа тавьж ажиллаж ёстой гэдэг бол чухал асуудал. Бас Ардчилсан Үндсэн хуулиа хамгаалах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн асуудал яригдах байх. Сая Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Чуулганаар хоригийн асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн Тамхины хяналтын тухай хууль орж ирж байгаа. Энэ хуулин дээр тухайлбал, цахилгаан тамхины татварыг бий болгох тухай асуудал тусгагдсан байсан. Цахилгаан тамхи некотинтой байтал цахилгаан бараа гэдэг статусаар Монголд орж ирдэг. Цахилгаан тамхийг хүүхдүүд гэр орондоо татаж хэрэглэдэг ийм асуудал гарч байгаа. Тиймээс цахилгаан тамхийг энгийн тамхитай адил некотины граммын хэмжээгээр татвар авдаг болох тухай асуудал чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “Хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө

УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийн төслийг ахалж ажилласан УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


УИХын өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Та хуулийн ажлын хэсэгт ажилласан. Хуулийн төсөл батлагдсанаар ямар бодит үр дүн, ач холбогдол гарах тухайд тодруулахгүй юу?

-Өнгөрсөн 30 жилийн практикаас харахад манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул занал, дарамт шахалт, тэр ч бүү хэл амиа алдах эрсдэлд өртсөөр ирсэн. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож, хүний эрх хамгаалагчдыг төр хуулиар хамгаалах шаардлага бий болсон юм. Энэ дагуу НҮБ-ын тунхаглал, загвар хуулийн дагуу Монгол Улсын Их хурлаас Азидаа анхны гэх тодотголтой Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр хүний эрхийн төлөө тэмцэгчид маань Монгол Улсын нутаг дэвсгэрээр үл хязгаарлагдан, хуулиар хамгаалуулж, чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдлээ. Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байдаггүй. Энэ бол хил хязгааргүй үйл ажиллагаа юм. Нийгмийн болоод бусдын сайн сайхан, шударга ёс, үнэний дуу хоолой болж явдаг хүмүүсээ Монголын төр хамгаалж, эрх зүйн тогтолцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ үүргээ тус хуулийг баталснаар ийнхүү биелүүлж байна. Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалснаар Монгол Улсын хүний эрх хамгаалах тогтолцоо бэхжиж, шинэ шатанд гарч байна гэж ойлгож болно.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хүний эрх зөрчигдсөн маш олон хэргүүд гарч байсан. Тэдгээрээс ямар хэргүүд таны анхаарлыг татаж байна вэ?

-Монгол Улсад шударга бус явдлын эсрэг дуугарсан хүмүүсийг айлгаж ичээх, сүрдүүлж, дарамтлахаас эхлээд амь насанд нь хүртэл халдаж байсан олон жишээг бид мэднэ. Тухайлбал, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэж залуу байна. 2016 онд Хөвсгөл далайд живсэн байдалтай олдсон байдаг.

Байгаль орчныг хамгаалах чиглэлд дуу хоолой болж байсан түүний хэргийг амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Т.Лхагвасүмбэрэл агсан байгаль хамгаалах чиглэлээр дуугарсныхаа төлөө дарамт, шахалтад орж, 2015 оноос эхлээд удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэдэг. Ингэхдээ хүмүүс дарамталсан, айлган сүрдүүлсэн гэдэг баримтыг Өмнөговь болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гаргаж байсан байна лээ. Тухайн үед түүнийг хамгаалж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлээгүй учраас энэ золгүй хэрэг гарсан байж болзошгүй. Үүнээс гадна уул, уурхай, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрх зөрчигдөх асуудал их байдаг юм байна. Мөн сэтгүүлч Л.Болормаа агсны хэрэг байна. Энэ бүхнээс харахад хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага, сэтгүүлчийг хамгаалах шаардлагатай нь харагдаж байгаа юм. Энэ талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд удаа дараа сануулж, хүний эрхийн хамгаалагчдад эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг анхааруулж байсан. Энэ хууль зөвхөн Монгол Улсад хэрэгжинэ гэж газар нутгийн хэмжээгээр хязгаарлагдахгүй. Хилийн чандад байгаа иргэдийнхээ төлөө дуугарч байгаа хүмүүсээ ч мөн хамгаалах юм. Хилийн чандад болсон маш харамсалтай, шийдэгдэхгүй удаж нэг хэргийг бид мэднэ. Энэ бол Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг. Энэ хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрсөн ч хэргийн гол холбогдогч, буруутан этгээд өдийг хүртэл шударга шүүхийн шийтгэл аваагүй байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу гуай олон жил тууштай тэмцэж ирсэн. Монголын төрөөс хоёр, гурван удаа эрх зүйн туслалцаа үзүүлсэн ч цаашдаа зөвлөгөө туслалцаа үзүүлэх гэхээр эрх зүйн болон бусад саад бэрхшээл байдаг юм байна. Тухайлбал, Монгол Малайзын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Үүнээс болоод хэрэг удааширч байна. Хоёрдугаарт, манайх Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцэд нэгдсэн байхад Малайз Улс нэгдээгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар хилийн чанадад монгол хүний эрх зөрчигддөг, түүний төлөө дуугарч байгаа хүмүүс ч хуулиар хамгаалуулж чаддаггүй асуудал гарч байна. Тиймээс түүний төлөө тэмцэж байгаа хамгаалагч нарт энэ хууль хүрэх ёстой. Хүний эрхийн төлөө амь нас, аюул заналыг үл тоон олон жил тэмцэж ирсэн хамгаалагчдаа төр “хамгаалах” ёстой.

Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах юм бэ. Хараат бус ажиллаж чадах уу?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо маань ажиллана. Хараат бус гэдгийг хуулиар тодорхой зааж өгсөн. Хорооны ажиллах журмыг Комисс батална. Энэ хороо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаална. Ингэхдээ хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх баримт, нотолгоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Энэ хороонд ямар хүмүүс ажиллах вэ гэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй хараат бус гишүүд ажиллана. Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг ХЭҮК, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, зохион байгуулна. Энэ ажлын хэсэг Хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хоногийн хугацаанд нийтэд мэдээлж, нээлттэй сонсголоор хэлэлцэж, улмаар сонгон шалгаруулж ажиллана.

Хуулийн төсөлд хичнээн байгууллагын төлөөллийг оролцуулж, ямар цар хүрээг хамарсан судалгаа хийгдсэн бэ?

-ХЭҮК-оос мэргэжлийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалж буй шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч, өмгөөлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч иргэд, идэвхтэн зэрэг 1375, аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан 3662 хүн гээд 5000 орчим хүний дунд судалгаа хийсний үндсэн дээр хүний эрх хамгаалагчийн асуудлыг анхааралдаа авахыг 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ онцлож, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ цаг үеэс өнөөг хүртэл хуулийн төслийг олон талуудаар хэлэлцүүлж, дэлхийн улс орнуудын туршлага, сургамж дээр үндэслэн Загвар хуулийг барьж, боловсруулсан учраас хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахуйц хэмжээнд гэж үзэж болно. Тийм ч учраас УИХ уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, баталсан.

Мөн бид хуулийн төсөл дээр ажиллаж байх явцдаа маш олон судалгаатай танилцсан. Хүний эрхийн хамгаалагч, тэмцэгчидтэй ч ярилцаж, тэдний асуудлыг сонссон. 4-5 удаагийн томоохон хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулсан. Манай улсын хувьд зарим төрийн бус байгууллагаас гаргасан “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүд” 2005 оны судалгаа, “Аюул дундах хүний эрх хамгаалагч” 2017 оны судалгаа, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” 2014 оны үндэсний хэмжээний судалгаа, мөн НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн 2018 оны судалгаа, тайлан гээд хэд хэдэн судалгаа бий. Үүний зэрэгцээ ХЭҮК-ын жил бүрийн илтгэл байна.

Эдгээр судалгаанд дурдсанаар хүний эрх хамгаалагчдад сэтгэл зүйн дарамт үзүүлэх, нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, цахим халдлага дайралт хийх, мөрдөж мөшгөх, ажлаас халах, хилс хэрэг хүлээлгэх, бие махбодод нь халдах, сураггүй алга болгох, амь насанд нь халдах гээд бүхий л төрлийн халдлагууд байгааг онцолсон байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны асуудлаар ажиллаж буй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, утсаар айлган сүрдүүлсэн, бие махбод, эд хөрөнгөд нь халдсан, улмаар амиа хорлоход хүргэсэн гэдэг маш харамсалтай кейсүүдийг иргэний нийгмийн идэвхтнүүд ярьж байлаа. Маш олон жишээг ярьж болох ч цөөн жишээ дурдахад “Ажлын цонх нь байнга хагардаг, цонхоор чулуу орж ирдэг, хаалганых нь цоож руу цавуу цутгачихдаг. Ажилтнуудыг нь хүн дагадаг, утсаар дарамталдаг тул гадагшаа гарахдаа хиймэл үс зүүж, хувцсаа сольж гардаг” гэх мэт тохиолдлууд гарсан байдаг. Тэр ч бүү хэл “Шүүх хуралд ороход өшиглүүлж, чимхүүлээд гарах наад захын асуудал байдгаас маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй, гэрээслэлээ бичээд сууж байхад амьдрал утгагүй санагдсан” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллагсад ярьсан байдаг. Өнөөдөр Монголд хүний эрхийн хамгаалагчид маань ийм хүнд нөхцөлд, чимээгүй тэмцэж байна. Тиймээс төр үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч болохгүй. Хуулиараа хамгаалах нийгмийн шаардлага үүссэн учраас энэ хуулийг баталлаа.

Манай улсад Хүний эрх хамгаалагчийн хороо болон энэ хуулийн нэр томьёо өөрөө шинэ ойлголт шиг харагдаж байгаа. Харин олон улсад хүний эрхийг хамгаалагчийн хуулиар хэрхэн баталгаажуулж, үйл ажиллагаа нь ямар түвшинд байдаг юм бэ?

-Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжтой. Үүнийг бид судалж үзсэн. Харин манай улс Азидаа анх удаа “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажууллаа. Энэ бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа сайн жишиг. Монгол Улсад буй ардчилал, хүний эрхийн соёлын уламжлалыг эргэж харахаар бид шинэ тутамд хөгжиж байгаа нь харагдаж байна. Харин либерал ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манайд нийтээрээ хүний эрхийг хүндлэх, хамгаалагч нарыг өмөөрөн хамгаалах эрх зүйн соёл дутмаг байгаа. Тиймээс шинээр ардчилсан тогтолцоонд шилжиж буй манайх шиг улсад хүний эрхийг хамгаалагчийг тусгай хуулиар хамгаалдаг. Европын холбоо зэрэг бусад улсын тухайд бүс нутгийн хүний эрхийн тогтолцоо маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Жишээлбэл, эрүүдэн шүүсэн хэргийн гол буруутанг Европын хил рүү нэвтрүүлэхгүй гэх мэт хатуу санкцтай байна. Гэхдээ энд анхаарах зүйл бий. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа нэрээр хагалан бутаргах, үймээн самуунд уруу татах зэрэг “хуурамч тэмцэгч”-ээс ялгах шаардлага байгаа юм. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн.

Хэрхэн яаж ялгах юм бэ?

-Хүний эрх хамгаалагчдад тавигддаг тодорхой шалгуур бий. Тухайлбал, тухайн хүний үйлдэл нь хүний эрхийг хамгаалсан, хөхиүлэн дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа байх, уг хамгаалж буй үйлдлээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар явуулдаг байх, хүний эрхийн түгээмэл шинжийг хүлээн зөвшөөрдөг байх гэх мэт. Хүн бүр хүний эрх хамгаалагч байх боломжтой ч харамсалтай нь дээрх шалгуурт тэнцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүний эрх хамгаалагчийг таних нийтлэг дөрвөн шинжийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь тухайн хүний тавьж буй асуудал хүний эрхийн асуудал байх, уг асуудал нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх, үйл ажиллагаа нь бусдыг хүчирхийлэлд турхираагүй байх, тийм шинжийг агуулаагүй байх, тууштай байх юм. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхойлсон энэхүү шалгуураар би хүний эрх хамгаалж байна гэдэг нэрээр бусдын оршихуйг үгүйсгэдэг, бусдад ялгавартай ханддаг, хүчирхийлэлд уриалан дуудаж турхирдаг, мөнгө, хувийн ашиг хонжоо хайгчдыг ялгаж таньдаг болно.

Хүний эрх хамгаалагчдыг хамгаалж буй 40 гаруй орны туршлагыг судалж үзсэн гэж та дээр хэллээ. Тэгэхээр хүний эрхийг хамгаалагчийн хууль үйлчилдэг тэдгээр улсад энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарсан байдаг вэ?

– Хүний эрх хамгаалагчдын амь насанд хамгийн их халддаг орнууд болох Колумби, Мексикт анх хүний эрх хамгаалагчийг хамгаалах дагнасан хууль батлагдаж байж. Хуулийн үр нөлөө ямар байгаа талаар тус улсууд үнэлгээ хийсэн байдаг. Уг үнэлгээгээр Колумб улсад л гэхэд хүний эрх хамгаалагчид руу зохион байгуулалттайгаар халддаг байсан нь буурсан, хүний эрх хамгаалагчид нь илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байсан. Мөн Мексик улсын хувьд тус хуулийн үр нөлөөний талаар үнэлгээ хийгдэх үед 45 хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авсан байсан. Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин нь бүрдсэн, тогтолцоотой улсуудын хувьд өөр нэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл хүний эрх хамгаалагчдад халдсан хэргүүдийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцох явдал бусад орнуудтай харьцуулахад харьцангүй өндөр байна. Ингэснээр тийм хэрэг дахин гарах, давтагдахгүй байхад нөлөөлж байгаа зэрэг эерэг өөрчлөлт, ахиц дэвшлүүд байна.

Т.Чимгээ, Содномдаржаа нарын хэрэг олны анхаарлын төвд байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, эмэгтэй хүнийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал яригдаж буй. Энэ хэрэг дээр та юу хэлэх вэ?

-Би УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийн гол хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчил эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал өнөөг хүртэл байсаар байна. Ер нь олон улсын эрх зүйн ойлголтоор эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх нь геноцид буюу үй олноор нь устгах гэмт хэрэгтэй адил хэмжээний ноцтой зөрчилд тооцогддог. Манайд эрүүдэн шүүлттэй холбоотой нэг л хэрэг ил боллоо. Энэ нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт. Эл асуудал хоёр жилийн өмнө ил болж, тодорхой бичлэгүүд задарсан. Гэвч гэм буруутай хүмүүсийн шүүх хурал маш удаашралтай явсаар эрүүдэн шүүсэн нь өнгөрсөн гуравдугаар сард шүүхээр тогтоогдож, холбогдох хүмүүс ял оноосон. Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцэд шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Иргэн Т.Чимгээгийн асуудал бол С.Зориг агсны хэргээс тусдаа бөгөөд процессын шатанд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж буй тул УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бид хоёр Монгол Улсын төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад хандахын зэрэгцээ нийтийн сонсгол явуулахыг шаардсан. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарт С.Зориг агсны хэрэгт гэм буруутайд тооцогдож ял эдэлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нууцын зэргээс гаргаж, олон нийт, хэвлэл мэдээлэлд ил болгох асуудлаар хандсан. Энэ дагуу хэргийг төрийн нууцаас гаргаж, ил болгох Засгийн газрын шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан хавтаст хэргийн материалыг алдагдуулахгүй, бусад нөлөөллөөс хамгаалахын тулд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө тэмцэгчид нээлттэй танилцах боломж олгож, цахим хэлбэрээр байршуулан, нийтэд ил тод болгох хүсэлтийг өнөөдөр /2021.04.08/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн. Эрүүдэн шүүлттэй холбоотой өөр асуудлууд байгаа ч одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтаар ил болгож чадахгүй байна. Тиймээс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус үндэсний механизм ажиллах ёстой. Хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын Эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явж байна. Энэ гишүүн эрүүдэн шүүх, урьдчилсан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашлаад эрүүдэн шүүлтийн эсрэг хараат бус механизм буюу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх, үүнтэй төстэй байгууллага бий болгох шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Нямдолжин: Манай улс одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Манай улс хоёр хөрштэйгөө эвтэй түнжинтэй байх нь мөнхийн чухал сэдэв. Өнөө цагийн Монгол, Оросын улс төрийн харилцаа, улс төрийн нөлөө, ашиг сонирхол ямар байгаа тухайд судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол, Оросын харилцаа нь түүхийн явцад бүрэлдсэн, уламжлалт, найрсаг, сайн хөршийн харилцаанд тулгуурлан хоёр талын хүчин чармайлтаар шинэ зууны эхэн үеэс эхлэн сэргэх шатанд орсон гэж дүгнэж болно.Тэр дундаа 2008 он гарсаар Монголын улс төр дэх Оросын оролцоо илт мэдрэгдэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, 2009 онд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин айлчилснаас ердөө гурав хүрэхгүй сарын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Монголд айлчилсан билээ.Энэхүү айлчлал нь Оросын тал Монгол дахь нөлөөгөө дахин сэргээх, Монголын орд газруудад уран олборлох Оросын сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байна. Тухайлбал, айлчлалын үеэр хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал”-д гарын үсэг зурсан ба энэ үеэр байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдээс “Цөмийн эрчим хүч, уран олборлолтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрийг онцлон дурдаж болно. Гэвч Монголын ураны орд газрын лиценз Канад, Хятад гэх зэрэг орнуудын мэдэлд байгаад оросууд эмзэглэж, Монголын Засгийн газартай хамтран нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, энэхүү төсөлд давуу эрхтэй оролцохыг чухалчилж байв. 2019 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулснаар хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшний харилцаанд хүрсэн гэж хэлж болно. 2014 онд Монгол, Хятад хоёр улс харилцаагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаанд шилжүүлэн хөгжүүлэх болсноор түншлэлийн харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Нөгөө талаас Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд эдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж тунхагласан байдаг. Эндээс харахад ч тэр Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан бол одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна.

-Хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн харилцаанаас Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу шилжсэн. Энэ хооронд хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан зүйл байна уу?

-Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол тодорхой хэмжээний ахиц гарсан зүйл харагдахгүй байна. ОХУ Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц нэг ч шинэ үйлдвэрийн газар байгуулаагүй, дорвитой шууд хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа нь түүний геополитикийн зорилт болон их гүрний байр суурьтай нь харьцуулахад чамлалттай үзүүлэлт юм.Учир нь Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжих нь эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжөөс шууд шалтгаална.Улс хоорондын харилцааны практикт дээд түвшинд улс төрийн тохиролцоо хийгдэж, стратегийн түншлэлийн үндэс суурь тавигддаг. Харин бодит үр ашиг нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөнөөр илэрдэг.Тиймээс Монголын нутгаар дайруулан хийн хоолой тавих, Монгол дахь төмөр зам, уул уурхай, эрчим хүч, нефть боловсруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах шаардлага тулгарч байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдсан. Энэ айлчлалын хүрээнд яригдсан ажлууд цаашид хэрхэх бол?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах талаар яригдаж эхэлсэн нь нааштай эхлэл юм. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ цаг үеэс эхлэн, гаргасан шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхэд Монголын талаас юунд анхаарах вэ гэдэг бас л бодох асуудал.Учир нь Монголын талын удирдлагын тууштай бус бодлого шийдвэр, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын томоохон ордыг эзэмших болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчны байнгын өөрчлөлт, Монголын улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь хоёр талын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж харж байна.

-Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын тал 100 хувь авсан энэ асуудалд оросууд ямар байр суурьтай байсан гэж үзэх вэ?

-Хоёр улс 1970-аад оноос зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын талын 49 хувь, Оросын талын 51 хувийн эзэмшилтэйгээр анх байгуулсан түүхтэй. ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө буюу 1991 оны зун талууд зэсийн төслийн хэлэлцээрийг шинэчлэхдээ Монгол 51 хувь, Орос 49 хувийг эзэмшихээр болсон билээ. Энэ л үеэс талууд хамтарсан үйлдвэр дэх өөр өөрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх гэж далдхандаа “өрсөлдөж” ирсэн нь нууц биш бөгөөд аль аль талын хувь эзэмшил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн юм. Орос улсын хувьд иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулсан билээ. Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувь очсон юм.Тухайн үед Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”- ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байлаа. Гэвч тус үйлдвэрийн зэсийн баяжмал Орос руу биш, Хятад руу гардаг бөгөөд Монгол Улс “гэнэтийн ашгийн татвар”-тай болсноор Оросын тал алдагдал хүлээх болж, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр уг хуулийн дагуу 400 сая доллар төлснөөс болж Орос улс 196 сая ам.долларын алдагдал хүлээж байв. Эдгээр хүчин зүйлс нөлөөлсөн байж болох талтай ч ямартаа ч 2016 онд Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн бүх хувьцааг Монголын хувийн хэвшлийн компанид худалдсанаар Орос улс Монголын зах зээлээс гарсан. Одоо тавь, тавин хувийн эзэмшилтэй “Улаанбаатар төмөр зам”-ыг эс тооцвол Монгол Улс дахь Оросын геоэдийн засгийн ашиг сонирхол үгүй болсон гэж харж болохоор байна. Дэлхийн томоохон нүүрсний орд болох Таван толгойг Монголын төмөр замын төв шугамтай холбож өгөх, төмөр замыг шинэчлэх, хариуд нь ашигт малтмалын мега төслүүд, тухайлбал, Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд Дорнодын ураны ордыг ашиглахад оролцох оролцоогоо баталгаажуулах оролдлогыг Оросын тал хийсэн хэдий ч одоогоор ямар ч амжилт олоогүй байгаа явдал нэг талаас Зөвлөлтийн үеийн нөлөөнд дулдуйдсан бодлого, нөгөө талаас өнөөг хүртэл Монголын талаарх алдаатай төөрөлдсөн стратегийн бодлоготой нь холбоотой юм. Орос улс Монголын уул уурхайн салбарт чухал тоглогч болох давуу эрх олж авна гэдэгт итгэл дүүрэн байсан нь Зөвлөлтийн үед оросууд хайн судалсан, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гэдэгтээ илүү найдвар тавьж байсанд оршино.

-Дорнод Монгол хүртэл сунгаж тавьсан төмөр замын ажилд хоёр тал хэрхэн ач холбогдол өгч, ямар байр суурьтай байгаа тухайд тодруулахгүй юу?

-Оросын хувьд төмөр замыг Дорнод Монгол хүртэл сунгаж тавьснаар Монгол дахь нөлөөгөө сулруулахгүй хэвээр хадгалах сонирхолтой байна гэж харагдаж байна. Түүнчлэн ОХУ “Төмөр замын тээврийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд Оросын Евразийн нутгийг дамнасан транзит тээврийн маршрутыг тогтоож, Оросын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгийн төмөр замын тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Монголын төмөр замын 50 хувийг эзэмшдэгийн хувьд “Оросын төмөр зам” ХНН төмөр замын үйл ажиллагаанд онцгой эрх үүрэгтэй оролцдог. Монголын Зам, тээврийн яам “Оросын төмөр зам” ХНН-тэй 2014 оны хоёрдугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр баталгаажуулсан. Хэлэлцээрээр “УБТЗ” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн дөрвөн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, жилд 100 сая тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барих, Монголын баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн тус айлчлалын үеэр Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.Тухайлбал, Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах тохиролцоонд хүрсэн нь Монгол Улс анх удаа өөрийн далайн боомттой болох боломжийг бий болгосон юм. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх Оросоос Хятадыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2020 онд 20 сая тоннд хүргэхээр тохиролцсон. Дээрх хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол, Орос хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.Айлчлалын үеэр тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгоход хоёр талын хүчин чармайлт дутмаг байгаа ч ОХУ-ын зүгээс ялангуяа төмөр замын шинэчлэлтэй холбоотой гэрээ хэлэлцээрүүд хөрөнгө мөнгө, санхүүжилтээс шалтгаалах учир хэрэгжихгүй байгаа тал бий гэж харж байна.

-Оросын тал манай улсын уул уурхайд давуу эрхтэй оролцох сонирхолтой байгаагаа хэрхэн илэрхийлж, ямар алхмууд хийгдэж байв гэдэг дээр та тодруулахгүй юу?

-ОХУ-ын томоохон санхүү, үйлдвэрлэлийн том бүлэглэл, корпорациуд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордод хөрөнгө оруулалт хийж оролцох сонирхлоо илэрхийлж ирсэн. Монгол Улс 1998 оноос хойш ОХУ, БНХАУ-тай дамжин өнгөрөх тээврийн асуудлаар гурван талын ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байв. Харин 2018 оны зургадугаар сарын 8-нд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх болж байгаа харагдаж байгаа. Ийнхүү арван жилийн дараа Орос өөрийн нутгаар транзитын хямд, тогтвортой үнээр тээврийн коридор нээлээ.Олон улсын зах зээлд нүүрсний ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн цаг үед Монголын тал ОХУ-д санал тавьж, РЖД тэргүүтэй Оросын цөөнгүй компаниуд дэлхийн уул уурхайн том компаниудтай Таван толгойн ордын төлөө өрсөлдөж байсан юм. Дэлхийд нүүрсний төслүүд анхаарлаас алсарч, түүхий эдийн үнэ цэнэ нь буурч байгаа одоо цагт 4000 км замыг туулах тарифын хөнгөлөлт монголчуудад шууд ашиг тусаа өгөх нь цаг хугацааны асуудал юм. Нөгөөтэйгүүр өөдрөгөөр харвал Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Юутай ч УБТЗ нь Орос, Хятад гэсэн том зах зээлийг холбосон транзит тээврийн зангилаа болж, өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хил, гааль, логистик, терминалын үйлчилгээг сайжруулснаар Евразийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, зах зээлээ тэлэх, ачаа тээвэрлэлт өсөх, үр ашиг нь нэмэгдэх боломж нээгдэх юм. Үүний дагуу Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэх үүд хаалга нээгдээд байна.Гол нь дотооддоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр замын төслүүдээ гацаанаас гаргаснаар гуравдагч зах зээлд гарах гарцын асуудал яригдах нь дамжиггүй.Түүнчлэн Оросын талын шийдвэрийг хүлээгээд удаж буй төмөр замын эрх зүйн шинэчлэлийн стратегийн асуудлыг дээрх тохиролцоонд хүрсэн шинэ төмөр замын төслүүдтэй нэгэн зэрэг боловсруулан шинэчлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Болдхэт: Ерөнхийлөгч Х.Баттулгыг иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон


УИХ-ын гишүүн асан, “Наран трейд” ХХК-ийн ТУЗийн дарга С.Болдхэттэй ярилцлаа.


-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг нэлээд уналттай байна. Бизнесүүдийн үйл ажиллагаа хүндэрч байна. Таны хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна?

-Улс орны нөхцөл байдал амаргүй байна, эдийн засаг хүнд байна. Цар тахлын улмаас өнгөрөгч хугацаанд тогтоож байсан хөл хориотой холбоотойгоор 2020 онд гэхэд 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, 100 мянга гаруй иргэн ажлын байргүй болсон гэсэн судалгааг Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаанд байна. Энэ бол том тоо. Нэг хүний ажлын байрны ард дунджаар дөрвөн ам бүл бий гэж тооцоход 400 мянган хүний орлого тасалдсан тухай тоо баримт юм. Үүний улмаас хамгийн хор уршигтай үр дагавар бол ядуурал ихэсч байна. Хөл хорионд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа салбар бол худалдаа үйлчилгээний салбар юм. Гэтэл энэ салбар нь ажлын байрны 50,5 хувь, днБ-д 42,2 хувийг эзэлдэг онцлогтой салбар. Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа салбараа төр бодлогоор дэмжих нь зөв алхам болно. Цар тахлын эрсдэлийг нэг гараар хумих хэрэгтэй ч нөгөө гараараа эдийн засгаа хэтэрхий урт хугацаанд боомилж болохгүй. Дахин хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл 400 мянга орчим ажлын байр үгүй болж, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл байна.

-Ер нь бизнесүүдээ хамгаалахын тулд төрөөс ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ?

-Миний бодлоор эдийн засгаа, ААн-үүдээ хамгаалахын тулд авах арга хэмжээг аль эрт эхлүүлэх хэрэгтэй байсан. одоо ямартаа ч нэгт, арван их наядын хөтөлбөрийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэх шаардлага байна гэж харж байна. Эдийн засгийг сэргээхэд энэ зээл их ач холбогдолтой үед хүрэлцээ муутай байх нь хүссэн үр дүндээ хүрэхгүй байх талтай.

Төсвийн үрэлгэн байдлыг зогсоох, мөн Монголбанкны эх үүсвэрийг ашиглаж ажлын байраа дэмжих 2 их наядын зээлийн хэмжээг хоёр дахин нэмж 4 их наяд болговол илүү үр дүнтэй байна.

Хоёрт, иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй, орлогогүй болсон байна. Олон улсад энэ цар тахлын үед иргэддээ бэлэн мөнгө өгч байгаа туршлагууд бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг өгөх санал бол сайн санал байсан гэж бодож байна. Нэг сумаар хоёр туулай буудаж, нэг талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талаар иргэд тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй болох нь нүдээ олсон ажил байсан. Энэ асуудалд эрх баригчид Ерөнхийлөгчийн оруулсан санал гэхээс илүүтэй ард түмний эрэлт хэрэгцээ, шаардлагыг харж энэ шийдвэрийг дэмжих нь зөв байсан юм. Одоо энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Гуравт, Монгол Улс өндөр татвартай орон. НӨАТ-ын татвар 10% гэдэг бол өндөр. Үүнийг яаралтай 5% болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх алхам болно. Бүх л бараа үйлчилгээн дээр төрийн нэмэлт татвараас шалтгаалан 10%-ийн үнийн дүн шууд нэмэгдэж байна. НӨАТ бол төсөв төвлөрүүлэх зорилгогүй, татварын бааз суурийг өргөтгөх зорилготой байдаг татвар.

Дөрөвт, Газрын татварыг хэт өсгөсөн нь өрөөсгөл алхам болсон. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш газрын татвар 3,5-10 дахин өссөн. Энэ нь ААН-үүдэд ихээхэн дарамт болж байна. Ингэж огцом өсгөх нь эрүүл бус үзэгдэл. Ядаж хоёр дахин өсгөсөн бол өөр хэрэг. Газрын татварыг өсгөснөөр дотоодын ААН-үүдийг шахаж,гадны мөнгөтэй компаниудад боломж олгох үйл явц болохыг ч үгүйсгэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн татвар мөн хэт өндөр байна. Үүнийг ядаж эдийн засгийн хүндрэлтэй үед 50% бууруулбал нүдээ олсон алхам болно.

Хэрэв одоо “тэг зогсолт” хийвэл НӨАТ-ын татвараа байнга төлсөн, ажлын байраа хадгалсан, нийгмийн даатгалаа тасалдуулаагүй ААН-үүдийн ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420 мянган төгрөгийг олгоосой гэж маш олон ААН хүлээж байна.Ийм арга хэмжээнүүдийг зоригтой хийхгүй бол эдийн засаг урт хугацаандаа элгээрээ хэвтэх болчих гээд байгааг тооцоолох хэрэгтэй. Инфляциас илүү ноцтой асуудал үүсэх вий.

-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал олны анхаарлыг татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай олон таамаг, байр сууриуд өнгөрсөн хугацаанд явж ирлээ. Энэ асуудал хэрхэх бол?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс зөвхөн “нэг удаа дэвших эрхтэй” гэсэн үгийг сугалж авч дан түүнээ хэрэгжүүлэх гэж оролдох боломжгүй. Хэрэв тэгж дагаж мөрдөнө гэж үзвэл тус нэмэлт өөрчлөлтөд байгаа “Нэг удаа зургаан жилээр сонгогдох эрхтэй” гэсэн заалт ч мөн хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль болно гээд зарлачихсан байгаа шүү дээ. Тэгээд ч хуулийг дордуулж хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг. Хуульчид их тайлбарлаж байна лээ. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжтойг Хэн ч нь ойлгохоор байна гэж харсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэц дээр болж буй асуудал анхаарал татаж байна. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж цэгнэж байна вэ?

-Аливаа асуудлыг үүсэхэд явцуу сонирхлын үүднээс шийдвэр гаргуулах, халаа солиог үндэслэлгүйгээр хийдэг хамгийн муу жишиг манай улсад байна. Энэ бол төрийн дархлааг муутгаж байгаа нэг жишээ. Нэр дэвших эрхтэй эсэхийг Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргахтай холбоотой улс төрийн томилгоо болох гэж байсан уу гэж харж байгаа. Иргэд илүү мэдлэгжиж, чих нь соргог болж байгаа. Улстөрчид улайм цайм үйлдлүүдээ танах хэрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдсангүй. Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл яагаад ҮАБЗ хуралдахгүй байна вэ?

-Манай улсад төдийгүй дэлхий дахинд ховорхон тохиолдох цаг үе, онцгой байдал үүсээд байна. Ийм үед ҮАБЗ хуралдахгүй байна гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ үед харин ч хуралдаж, улс орноо аврах, эдийн засгаа сэргээх оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх хэрэгтэй. ҮАБЗ-ийн гишүүн үүрэг, хариуцлагаа энэ цаг үед сайтар ухамсарлах шаардлагатай байна. Улс орны чухал асуудлыг хэлэлцэх хуралдаа очихгүй, ирц хүргэхгүй байна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал биш.

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь Ерөнхийлөгч өмнө нь олон удаа улс оронд болж байгаа үйл явдалд хориг тавьсан хүлээж аваагүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Жишээ нь, эдийн засгийн хямралын үед соёлын музей гэх мэт байшин барилга барих биш, ковидын вакцины мөнгийг төсөвт суулга гэж хориг тавьж байсан байна.

-Улсын төсвийн асуудлаар SBN телевизийн“Шийдэл” нэвтрүүлгээрээ УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачдыг урьж хэлэлцүүлж байсан. Монгол Улсын 2020, 2021 оны төсөв нь цар тахлын үеийн хүнд байдалд байгаа эдийн засагт нийцсэн төсөв яавч биш. Хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал, соёлын төвүүдийг барихаа болих хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн төсөв болсон гэж шүүмжлэлтэй хардаг. Төсөв дээр тавьсан Ерөнхийлөгчийн хориг их зөв хориг байсан. УИХ хүлээж авах хэрэгтэй байсан. Энд намчирхал явцуу эрх ашиг байх ёсгүй. Улсын нийт эрх ашгийн төлөө төсвийн үрэлгэн байдал, нэн шаардлагатай биш барилгын хөрөнгө оруулалтуудыг царцаах хэрэгтэй байсан. Энэ онцгой цаг үеийн улсын төсөв бол хоёр зүйлд зарцуулах хэрэгтэй. Нэгт, эргээд эдийн засагтаа шинэ орлогын эх үүсвэрийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зүйлд зориулах. Хоёрт, цар тахлыг хязгаарлан барихын тулд бүх нийтийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулах, нэмэлт эмнэлэг барих, орны тоог нэмэх, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах, вакцин худалдаж авах, нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулахад зориулах хэрэгтэй. Манай улс 2021 оны эхний улиралдаа багтааж бүх хүн амаа вакцинжуулах боломж байсан гэж харж байгаа. Одоо эрүүл мэндийн салбар ачааллаа даахаа больж байна. Вакцин авахад мөнгө зарцуулсангүй, цаг хугацаа алдсан.

-Та Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн хувьд хэрхэн ажилласан бэ?

-Уул уурхайн бус бусад салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн боловсруулсан олон төсөл хөтөлбөрүүдээс ганц нэгийг нь ч гэсэн ажил хэрэг болгох чиглэлээр ажилласан. Миний бие Монгол-Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар сонгогдон ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Дархан хотод арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлд Туркийн талаас хөрөнгө татах, мөн Турк Монголын хамтран хэрэгжүүлсэн Хөшөө цайдам музейг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулах төслүүдийг дэмжин, ажил хэрэг болгон хоёр талын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгчийн ширээн дээр Монгол Улсаа хөгжүүлэх, үйлдвэржүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх маш олон төсөл хөтөлбөрүүд өрөөстэй байдаг. Аль болох эдгээрийг ажил хэрэг болгоход нь дэмжин ажиллахыг л боддог доо.

-Цаашид Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэдэг шийдвэр гаргавал ард түмэн хэрхэн хүлээн авах бол?

-Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон гэж боддог. Товчилж хэлэхэд нэгдүгээрт, олон жил ужиг болсон, хөгжлийн тушаа болсон, төрд аалзны тор шиг хэрсэн авлига хээл хахуулийг устгана гэж сонгосон. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийг тодорхой арга хэмжээ авч, сайн ажилласан гэж харж байгаа. Шүүх прокурорыг шинэчлэх хүнд бэрх ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, байгалийн баялгийн хуваарилалтын асуудлыг зөв болгох, тэгш хуваарилаач гэж сонгосон. Үүн дээр салхитын болон Хармагтайн Ордын үр шимийг ард иргэддээ тэгш хуваарилсан гэх мэт олон ажил бий. Гуравдугаарт, улс орноо үйлдвэржүүлж, баялаг бүтээгчдээ дэмжээсэй гэж сонгосон. Түүхий эдийн экспортлогч орноос эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болгохын тулд тодорхой ажлуудыг хийсэн. Дарханы арьс шир боловсруулах цогцолбор, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, АНУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд ноолууран бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх хэлцэл хийсэн.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс нэг заалтыг нь цохож авсан байдлаар нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлбэл нэг намын засаглал тогтоно. Бид ардчиллын ололт амжилтаасаа 30 жилээр ухарна. Ардчилал үгүй болбол Үндэсний аюулгүй байдалд хортой. Төв Азийн цээжинд орших Монгол Улсын ардчиллын хувь заяаг шийдэх асуудал болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.ЭРДЭНЭ: АН-ыг төлөөлөх эрхтэй цорын ганц хүн бол С.Эрдэнэ хэвээрээ байгаа

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл хийлээ. Таны мэдэгдлээс харахад сүүлийн үед Ардчилсан намын дотоод хагарал улам хурцдаж байгаа мэт харагдаж байна?

-Би ардчилсан намын даргаар ажиллаад таван жил болж байна. 30 гаруй жил Ардчиллын төлөө тэмцэж, зүтгэж, Ардчилсан хувьсгалыг эхлэх цагаас нь эхлээд 32 дахь жилдээ явж байна. Миний хувьд, Ардчиллын үнэ цэнэ, хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол Улс гэдэг үнэ цэнийн төлөө байнга бодож, үүний төлөө өөрийгөө зориулж байна гэж бодож тэмцэж ирсэн.Ардчилсан намын даргын хувьд ёс зүйгээ бодоод, намын дотоод зөрчил, аливаа асуудлыг гадагшаа хэвлэл мэдээллээр яриад байхыг хүсдэггүй. Хэзээ ч надад тийм зан байгаагүй. Өнөөдөр арга буюу бодит үнэнийг дэлгэж ярихгүй бол хүмүүст худлаа зүйлийг мянга ярихаар үнэн болдог шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгч гэгээлэг цагаахан хүн, С.Эрдэнэ нь ганцаараа намаа самраад байгаа юм шиг ийм бодит бус, худлаа мэдээлэл газар авах шинжтэй байгаа учраас би арга буюу байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ардчилсан намд хандаж байгаа хандлага, намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож байгаа оролцоог ил тод болгох хэрэгтэй юм байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын талаар та яагаад гэнэт ийнхүү мэдэгдэл хийх болов?

-Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн.

Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил үүссэн. Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл гэж би боддог.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биелэлээ олоогүй. Дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй. Ардчилсан нам тухайн үеийн төрийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан удаа бий. Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулж эсрэг санал өгүүлсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Ардчилсан нам энэ хариуцлагыг Х.Баттулгад тооцож чадсан бол улс төрийн нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан. Гэвч дээрх алхмыг хийлгэхгүйн тулд зориуд унагаж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.

Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, Ардчилсан намын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн. Би түүнд нь ч баярладаг.

Хууль бус Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.

Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авлига хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд, би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна.

Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн. Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц. Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл тэвчсэн. Гэвч одоо тэвчиж чадахгүй. Тиймдээ ч бодит үнэнийг хэлж байна. Х.Баттулга бид хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Таныг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар өгсөн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Цахим санал хураалттай холбоотойгоор хэсэг бүлэг нөхөд Тагнуулын Ерөнхий газар цахим санал хураалтыг бодитой явж байгаа эсэхийг шалгуулахаар өгсөн гэсэн шуум мэдээ сонссон. Эн бол хуулиараа хориотой. Улс төрийн намын үйл ажиллагаанд аливаа асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй гэж Улс төрийн намын тухай хуулинд хуульчилсан.Намын дотоод дүрмийн хүрээнд болж байгаа цахим сонгууль байна уу, цаасан сонгууль байна уу ямар нэгэн үйл ажиллагаатай холбоотой дүрмийн хүрээнд байгаа асуудлыг шүүх хуулийн байгууллага хянан хэлэлцэхгүй.

-Ардчилсан нам хоёр талд даргын сонгуулийг зохион байгуулж , хоёр даргатай болох уу гэдэг асуулт нийгэмд байна. Хэрвээ нам дотооддоо нэгдэж чадахгүй бол Дээд шүүх намын шинэ намын даргыг бүртгэж авахгүй байдал үүсэх магадлалтай талаар ярьж байна. Тийм эрсдэд бий юү?

-Монголд нэг л хуулийн этгээд бий. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, Дээд шүүхийн тогтоолтой, улсын бүртгэлийн гэрчилгээтэй нэг л Ардчилсан нам бий. Тэр намын дарга нь С.Эрдэнэ миний ганцхан хүн л байна. Монгол Улс хуультай улс. Хууль ёсны даргын зохион байгуулсан дарын сунгаа хүчинтэй. Хэн дуртай нь гарч ирээд би Ардчилсан намыг төлөөлнө, би намын даргын үүрэг гүйцэтгэгч байна гээд яваад байвал замбараагаа алдана биз дээ. Улсын дээд шүүхийн 2017 оны 01 тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тэр тогтоол дээр АН дарга С.Эрдэнийг хянан хэлэлцээд хүлээн зөвшөөрөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гээд Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоод, тэрэн дээр миний нэр бичээтэй байна. Тэгэхээр улсын дээд шүүх хоёр удаа хуралдахдаа Ардчилсан намын улсын бүртгэлтэй асуудал яриагүй, Арчилсан намын даргын улсын бүртгэлтэй холбоотой асуудал ерөөсөө яриагүй. Үүнийг санаатайгаар зориудаар тархи угаах буруу зөрүү ойлголт төрүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж яриад байна. Аравдугаар их хурал хүчин төгөлдөр мөн үү биш үү, хоёрдугаарт, Ц.Туваан гэдэг нөхөр 10 их хурлыг хуралдуулах эрх бүхий этгээд мөн үү биш үү гэдгийг хэлэлцсэн. Ц.Туваан Ардчилсан намын 10 их хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд биш юм байна. Тиймээс Аравдугаар их хурал хууль бус учир хүчингүй гэж шийдсэн. 10 их хурлаар гарсан Үндсэн дүрмийг бүртгэх үү үгүй юү гэдэг асуудал хэлэлцсэн. Тэгээд намын хууль дүрэмд нийцээгүй байна гэдэг шийдвэр гарсан.Улсын дээд шүүхээс ийм хоёр асуудлыг л шийдсэн. Нэмэлтээр ямар асуудал орж ирсэн гэхээр, Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайт гэж байдаг. Энэ бол Улсын бүртгэлийн албан ёсны бүртгэл биш байхгүй юу. Улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, улс төрийн намын даргын мэдээллийг цахим сайт дээр тавьдаг. Тэндээс иргэн аж ахуйн нэгжүүд мэдээллээ авч байдаг тэр сайт дээр С.Эрдэнэ гэж бичээтэй байсныг арваннэгдүгээр сарыын 10-ны үед хасаад оронд нь Ц.Туваан гэдэг хүнийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гээд биччихсэн. Тэр нь яаж бичигдсэн юм гэхээр, АН-ын даргын Нүрзэд гэдэг хүний гарын үсэгтэй бичиг ирж, Ц.Тувааныг сайт дээрээ бичилт нийж өгнө үү гэсэн хүсэлт ирэхээр нь буланд нь Сонинбаяр гэдэг иргэний танхимын шүүгч булан дээр нь хүсэлтийг хангая гээд цохолт хийгээд өгчихсөн. Гэтэл Сонинбаяр гэдэг шүүгчид тийм эрх байхгүй. Улс төрийн намыг даргыг бүртгэх үйл ажилагаа чинь Улс төрийн намын тухай хууль дүрэм журманд нийцэж байгаа эсэхийг хянаж үзээд үнэхэрэ нийцэж байна гэж үзвэл Улсын дээд шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж, хуралдаанаараа тогтоол гаргаж, бүртгэдэг иймм дүрэмтэй. Гэтэл Ц.Туваан гэдэг хүний талаар Улсын дээд шүүх хуралдаагүй, хэлэлцээгүй Сонинбаяр гэдэг нөхөр буланд нь цохолт хийчихсэн. Сонинбаяр гэдэг шүүгч өмнө нь Салхитын мөнгөний ордын асуудлаас болоод ажлаас нь түдгэлзүүлээд шалгагдаж байсан юм билээ. Оны өмнөхөн Х.Баттулга тэр шүүгчийг буцааж ажилд нь томилсон байдаг. Тэр хүн буцаад ажилд нь томилсных нь төлбөрт тийм үйлдэл хийсэн байна гэж харж байна. Бид холбогдох бүх газарт нь өргөдөл гомдлоо өгсөн. Энэ хүн сая энэ үйлдлээсээ болсон уу, ямар ч байсан УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгчээсээ огцорсон. Өнөөдөр хоёр ардчилсан нам гэж байхгүй. Хууль ёсны тамгатай, Улсын дээд шүүхийн тогтоолтой, Улсын бүртгэлд бүртгэлтэй Хууль ёсны улс төрийн нам ганцхан байгаа. Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй цорын ганц хүн бол С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Хоёр дарга, хоёр нам гэж юм байхгүй.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ардчилсан нам дотооддоо эвтэй байж сонгуульдаа оролцох хэрэгтэй гэж намын гишүүд дэмжигчид хэлж байна. Таны хувьд нам дотооддоо эвтэй байж, учраа олох тухайд санал санаачилга гаргасан уу?

-Бид эвлэрэх гэж оролдсон. Дөрөвдүгээр сарйн 25-нд болох санал хураалтаа наашлуулаад гуравдугаар сарын 28 болгож татлаа. Түрүүлээд нэр дэвшсэн байсан дөрвөн нэр дэвшигчийг энэ дэвшээд байгаа таван хүнтэй хамт нэгдсэн бүртгэлд ороод яваач гэдэг санал хүргүүллээ. Алийг нь ч хүлээж аваагүй. Энэ бол зориуд зохион байгуулалттай, Ардчилсан намыг хагалан бутаргах гэсэн үйл ажиллагаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Миний бие намын дүрмийн нэг ч заалтыг зөрчиж, алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй

УИХын гишүүн, АНын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.


Ардчилсан намын дотоод асуудал, нөхцөл байдалд та мэдэгдэл хийж, уриалга гаргасан байна. Намын дотоод асуудал өнөөдөр ямар байдалд орчихов оо?

-Сүүлийн үед намын дотор үүссэн нөхцөл байдлуудад тодорхой ойлголт өгөх үүднээс намынхаа гишүүддээ ард түмэнд хандаж миний бие болон намын эрх бүхий байгууллагуудтай хамтарч мэдэгдэл хийж, уриалга гаргасан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН 11 суудал авч ялагдал хүлээсэн. Энэ ялагдлын дараа намын удирдлагууд ямар нэг салаа утгагүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байгаа. Автоматаар огцордог гэсэн үг. Энэ дагуу намын өмнөх удирдлагууд огцорсон. Гэхдээ нам маань өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах үүднээс аль нэг дэд дарга нь үүрэг гүйцэтгээд явдаг. Энэ хүрээнд нь миний бие дараагийн шинэ намын даргыг сонгогдтол төрийн сонгууль, намын бусад өдөр тутмын үйл ажиллагааг удирдаад явж байгаа.

Энэ хооронд манай намын хуучин дарга С.Эрдэнэ би намын дарга, тамга минийх гээд тамга тэмдгийг шинээр гаргуулж авахаар УБЕГ-т хүргүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулж тамгатай болсон мэтээр авирлаж байгаад цэг тавих үүднээс мэдэгдэл уриалга гаргасан юм. Тамгатай холбоотой маргаанд захиргааны хэргийн шүүхэд бид нар өргөдөл гаргаад өгсөн. Энэ өргөдлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд С.Эрдэнийн тамгыг хүчингүй болгож, Ц.Туваанд байгаа АН-ын тамга хүчинтэй юм аа гэдэг ийм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийн дагуу бид бүхэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь АН-ыг хоёр салсан мэтээр харагдуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцох энэ чухал цаг үед намыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа нь илт байна. Санаатайгаар, зохион байгуулалттайгаар С.Эрдэнэ гэж хүн өрсөлдөгч МАН-тай хавсарч зориудын ийм үйл ажиллагаа явуулж байна гэж шууд үзэж байна. Учир нь АН тамганы асуудал дээр АН-аас байр суурийг нь асууж, сонсолгүйгээр Хууль зүйн яамны харьяа байдаг УБЕГ нэг өдрийн дотор тамга хийж өгч байх жишээтэй. УДШ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу тухайн намын дүрэм нь хуульд нийцэж байгаа эсэх, бусад үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд, өөрөөр хэлбэл, терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай зөрчилдөж байна уу гэдгийг нягталж үзээд бүртгэх ёстой газар маань намын дотоод хэрэгт хэт оролцоод намын дүрмийг бүртгэхгүй байх, дээрээс нь хууль журмын дагуу намын даргын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа Ц.Туваан миний биеийг бүртгэлээс хасах зэрэг үйлдлүүдийг явуулаад байгаа нь цаанаасаа зохион байгуулалттай байна гэж хардахаас өөр аргагүй юм.

Улсын дээд шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ. Шүүхийн шийдвэрийн дагуу бол хуулийн хүрээнд С.Эрдэнэ АНын үйл ажиллагааг явуулах эрх зүйн хувьд үндэслэлтэй боллоо гэж тайлбарлаж байгаа. Ямар хууль эрх зүйн нөхцөл байдал үүсээд байгаа вэ?

-С.Эрдэнэ гэж хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр төлбөр төлж худал мэдээлэл тараагаад байна. УДШ дээр бид намын их хурлаа хуралдуулсан материалаа өгсөн. Бүртгэж өгөөч гэсэн эхний хүсэлтээ өгсөн. Энэ хүрээнд тодруулах, тодорхойгүй материал байна гэж хэлээд дахин материалаа бүрдүүлж ир гэдэг эхний шийдвэр гарсан. Энэ үед УДШ нэг хууль бус шийдвэр гаргасан нь тэнд өмнө нь бүртгүүлсэн байсан АН-ын төлөөлөх эрх бүхий субьект дээр Ц.Туваан гэдэг нэрийг хасч шийдвэр гаргасан. Хоёр дахь удаадаа бид бүх зүйлээ ном журмын дагуу бүрдүүлж өгөхөд хоёр дахь удаагаа бүртгэхээс татгалзаад, намын даргын төлөөлөх эрх бүхий хүснэгтэд байсан Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг хангаагүй. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнийг мөн намын даргын эрхтэй этгээдээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг мөн хангаагүй. Аль аль талын хүсэлтийг хангаагүй гэж ойлгож болно. Тэгэхээр нэн яаралтай дараагийн намын даргыг сонгох нь чухал байна. Намын их хурлаас бүрддэг Дотоод сонгуулийн хороо хуралдаад гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгууль зохион байгуулахаар болж зарласан байгаа. Энэ сонгуулиар шинээр сонгогдсон дараагийн даргыг намын их хурлаар батламжлаад дахин Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгнө. Намын даргыг сонгох хуралд УДШ-ээс ирж оролцох урилга өгнө. Шаардлагатай гэвэл өөрсдөө ирж хараг. Ер нь бол хууль шүүхийн байгууллага нь АН-ын дотоод асуудал хэт орж байгаа энэ үйл ажиллагаа нь улс төрийн зохион байгуулалттайгаар АН-ыг хуваах, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцуулах, АН-гүйгээр сонгуульд өрсөлдөх оролдлого гэж шууд хардаж байна.

С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр нэг ширээний ард сууж асуудлаа ярьж нэгдэх ёстой гэдэг байр сууринаас намын олон гишүүд та бүхэнд хандаж үгээ дайж байна. Тэгэхээр та хоёрын хувьд хувийн асуудал байна уу, намын төлөө нэгдэхэд юу нь болохгүй байна вэ. Таны хувьд нэгдэж, нэг ширээний ард суух талаар санал санаачилга гаргасан уу?

-Энэ хооронд миний зүгээс аливаа зүйлд асуудалд маш их хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирлээ. Хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг зөв үнэний талд гарах байх гэдэгт итгэж хүлээж байсан. Хамгийн сүүлийн шүүх хурал болоод долоо хоног өнгөрч байна. Шүүх хурлын дараа бидний хардлага бол тодорхой болсон. АН-ыг хүчгүй, хагаралтай мэт харагдуулах энэ зорилгыг агуулж өрсөлдөх улс төрийн хүчин оролцоод нөлөөлж байгаа юм байна гэдэг нь батлагдчихлаа. АН эв нэгдэлгүй юм шиг харагдаж байна, тиймээс нэгдэх хэрэгтэй гэдэгтэй мэдээж санал нийлнэ. Тиймээс миний хувьд гурав хоногийн өмнө болсон 100 -гаад хүн оролцсон ҮБХ-ны гишүүдийн цуглаан, хуралд орж үгээ хэлж, саналаа тавилаа. Намын эв нэгдэл чухал байгаа учраас энэ асуудлыг нэг талд шийдэх санал гаргасан юм. АН-ын Дотоод сонгуулийн хорооны байгууллагын шийдвэр гарсан байна. Үүнийгээ хамтдаа дагацгаая. Намынхаа даргын сонгууль руу орохыг дэмжиж байна. Шаардлагатай гэж үзвэл гуравдугаар сарын 28 -нд зохион байгуулагдах Намын даргын сунгаа хүртэл С.Эрдэнэ ч тэр, Ц.Туваан ч тэр намын тамгыг намынхаа эрх бүхий байгууллага Үндсэн дүрмийн хороонд хүлээлгээд өгьчихье. Үндсэн дүрмийн хороо бол АН-ын дотоод дүрэм, журмыг сахиулах учиртай ийм байгууллагын хувиар шинэ сонгогдсон даргад нь намын тамгыг хүлээлгэж өгье гэдэг ийм саналыг хэлэхэд хүлээж авсангүй. Тэгэхээр С.Эрдэнэ гэж хүн санаатайгаар намыг хоёр хуваах ийм үйл ажиллагаа хийж байгаагийн баталгаа нь энэ болж байна.

Тэгэхээр одоо яах вэ. Намын даргын сунгааг хоёр талд зохион байгуулбал УДШ дахиад намын даргыг бүртгэж авахгүй байдал бий болох юм биш үү. АН даргаа сонгож чадахгүй болчихбол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй ийм байдал бий болох уу?

-АН-ын шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгээгүй. Гэхдээ өмнө нь Дээд шүүхэд бүртгэлтэй байсан АН-ын дүрэм бий. Энэ дүрмийнхээ хүрээнд АН-ын даргын сунгааг зарласан. Дээд шүүхэд бүртгэлтэй, хүчин төгөлдөр дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг зохион байгуулна. Намын 10 их хурлаар батлагдсан ч шүүхэд бүртгэгдээгүй намын шинэчилсэн дүрмийг дахин дараагийн намын их хурлаар оруулна.Ингээд явахад үүнд ямар нэг эргэлзээ, намын даргыг бүртгэхгүй байх ийм зүйл байх ёсгүй. Харин санаатайгаар УДШ дахин ийм асуудал гаргавал Ардчилсан намын 200 мянган гишүүдийн төлөөлөл бид нар улс төрийн тэмцэл гаргах акцууд руу орохоос өөр аргагүй. Илт нэг талыг барьсан буруу хууль бус шийдвэрийг бид нар тууштай эсэргүүцэнэ гэдгээ албан ёсоор хэлчихье.

АНын нийт гишүүдийн дунд хагарал байхгүй. Даргын асуудал л хагаралтай мэт харагдуулж байна гэж ярьж байгаа. Гэтэл одоогоос харахад дотоод хагарал нэлээд хурцдаж байна уу гэж харагдаж байна?

-Миний хувьд сая намын дэргэдэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтангуудтай хамт мэдэгдэл, уриалга гаргалаа. АН-д Улс төрийн зөвлөл гэж байгууллага байдаг. Энэ байгууллага намын Үндэсний бодлогын хороог хуралдаагүй чөлөөт цагт хуралддаг намын эрх барих дээд байгууллагынхаа хувиар тодорхой шийдвэрүүдийг гаргаж явдаг юм. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуваагдаагүй, шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна. Дээр нь Үндсэн дүрмийн хороо бүрэлдэхүүнээрээ дарга нь ирж оролцлоо. Дотоод сонгуулийн хороо шийдвэр дээрээ хатуу зогсож байгаа. Үндэсний бодлогын хорооны тухайд хуралдаад корона, Цагаан сарын баяр гээд хуралдаанаа хаалгүй түр завсарласан байсан. Өнөөдөр (өчигдөр) үргэлжлүүлэн 12 цагт хуралдуулах тов гарсан байна. Энэ хуралдаанаар ҮБХ шийдвэрээ гаргаад явна. Энэ байгууллагуудын гишүүд, аймаг дүүрэг, нийслэлийн намууд хуваагдаад хоёр талд явуулж байгаа үйл ажиллагаа байхгүй. Зөвхөн С.Эрдэнэ нарын хэдэн хүн л санаатайгаар хуваагдсан мэт харагдуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид нар шаардлагатай гэсэн тайлбаруудыг гаргаж өгөөд явахад бэлэн байна.

С.Эрдэнэби дарга болох гэсэнгүй. Дараагийн даргад эрхээ шилжүүлж өгнөгэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүнийг АНаас хөөсөн тухай та бүхэн мэдэгдэлдээ оруулсан байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зургадугаар сарын 9-нд сонгууль болохоор болсон. Энэ хугацаанаас 40 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Тэгэхээр энэ өдөр лүү намын даргын сонгуулийг тулгаж хийх зорилго байна. Энэ нь АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх хугацаагүй болгож байна гэсэн хардлагыг шууд төрүүлж байна. Дээр нь би сая хэллээ шүү дээ. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр хоёулаа ҮБХ хуралд цуг оролцсон. Шаардлагатай бол хоёулаа зэрэг намын эрх бүхий байгууллага ҮДХ-д тамгаа хүлээлгээд өгчихье. Намаа эв нэгдэлтэй байлгамаар байна, намаа нийгэмд муухай харагдуулмаар байна, энэ хугацаанд дүрмийн дагуу намын Дотоод сонгуулийн хороо өөрөө сонгуулиа зохион байгуулаад яваг гэтэл хүлээж аваагүй. Тэр байтугай миний хэлсэн үгийг шууд мушгин гуйвуулж АН-ын тамгыг Ц.Туваан С.Эрдэнэд хүлээлгэж өглөө гэсэн илт худлаа мэдээллийг хэвлэл мэдээллээр мөнгө төлж цацсан. Дээр нь миний бие сая хэвлэлийн бага хурал хийж, АН-ын үндсэн хүчин төгөлдөр байгаа тамгыг аваачиж харуулсан. Тамга хүлээлцсэн акттайгаар би авсан. Ямар нэг байдлаар тамга хулгайлаагүй, олоогүй. Тэр тамга бол өнөөдөр хүчинтэй үйл ажиллагаа явуулаад байж байна. С.Эрдэнэ гэж хүн үнэхээр л намын эв нэгдлийг хангахыг хүсч байсан бол Үндсэн дүрмийн хороонд хоёр талаасаа зэрэг ирээд тамгаа гардуулчихъя гэхэд үгүй гээд сууж байхгүй байсан. Намын эв нэгдлийг хангах сонирхолгүй нь батлагдаж байна. АН-д дүрмийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг дээд байгууллага нь Үндсэн дүрмийн хороо гэж байгууллага бий. Үндсэн дүрмийн хороо хуралдаад “АН-ын дүрмийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн С.Эрдэнэд хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэрийг гаргаж миний биед өгсөн. Миний бие энэ шийдвэрийг албажуулж С.Эрдэнийг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг гаргасан. Энэ хүн өнөөдөр АН-тай холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцож шийдвэр гаргах, намын гишүүдийг дуудаж ярилцах, үүрэг өгөх, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах хууль эрх зүйн чадамжгүй хүн байгаа шүү гэдгийг энэ дашрамд давтаад хэльчихье.

Тэгэхээр яавал энэ асуудалд цэг тавих боломжтой вэ?

-Хүмүүс бүх асуудлыг нарийн сайн ойлгохгүй байгаа учраас зарим мэдээлэл авч чадаагүй хүмүүст ойлгомжгүй, тодорхойгүй мэт харагдаж байгаа байх. Ер нь бол бүх асуудал тов тодорхой. Намын үндсэн дүрмийн дагуу намын бүх үйл ажиллагаа явж байна. Миний хувьд намын дүрмээс нэг ч заалт зөрчсөн, нэг ч алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй. Намын дараагийн шинэ дарга хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь энэ. Бид нэлээд хүлээцтэй тэвчээртэй хандаж, хууль шүүх, агентлагууд нь шударга зөв ажиллах байх гэсэн байдалтай өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл асуудлын мөн чанар нь шал ондоо зүйл байгаа гэдэг нь өнөөдрийн байдлаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн цаашдаа асуудалд иймэрхүү байдлаар хандаад явбал өөрийнхөө ажиллаж байсан намыг ялагдуулах зорилго өвөртөлсөн байна гэдэг нь тодорхой болсоор байна гэсэн үг. Манай гишүүд ингэж л ойлгох хэрэгтэй. Одооноос эхлээд энэ намын үйл ажиллагаа энэ тамган дээрээ намын даргын гуравдугаар сарын 28-нд сонгох гэдэг дээр нэгдэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар салаа утга битгий ойлгоорой гэж хэлье. Намын дэргэдэх бүх байгууллагууд эндээ байж үйл ажиллагаагаа явуулж байна. С.Эрдэнийн хувьд, жишээлбэл, нэг хувийн компанийн гүйцэтгэх захирал нь хийж байсан нэг хүн тамга хийж байсан хүнтэй хуйвалдаад шинээр тамга хийчихээд, бусад хүмүүсээ өрөөнд нь оруулахгүй гээд сууж байгаатай адилхан процессыг хийж байна. Энэ үйдэлд нь төрийн байгууллагууд нь оролцож дэмжээд байгаа нь яалт ч үгүй өрсөлдөх намын улс төр орж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Таныг бас намын дараагийн даргыг сонгохгүй байна гэж шүүмжилсэн?

-Дараагийн даргыг сонгох процесс эхэлчихсэн явж байна шүү дээ.Хэрвээ би дараагийн даргыг сонгохгүй гэж байсан бол гуравдугаар сарын 28-нд болох намын даргын сонгуулийг эсэргүүцээд л юм яриад явж байна шүү дээ. Одоо намын даргын сунгаанд аль ч утгаараа зөрчилтэй зүйл харагдахгүй гэж ойлгож болно.

Намын даргын сунгаа хэрхэн зохион байгуулагдах вэ. Хичнээн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна вэ?

-Гуравдугаар сарын 5-ны өдрөөр намын даргад өрсөлдөх сонгуулийн бүртгэл хаагдсан. Энэ удаагийн сонгуулийг маш шударгаар эмх цэгцтэй, ил тод, нэр дэвшигчдийн менежерүүд, тэдний хүсэлтийг харгалзан үзэж зөв зохион байгуулна. Мэдээж ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж тавигдсан шаардлагад нийцүүлж сонгуулийг зохион байгуулна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж ирсэн байна. Монгол Улсын Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэдэг нь анхаарлыг төвд байна. Та улстөрч хүний хувьд, мөн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН Х.Баттулга гэдэг хүнээ дэвшүүлээд ялалт байгуулсан.Энэ хүн дахин нэр дэвших эрхтэй. Хууль эргэж өөрчлөгддөггүй. Хууль гарсан тэр цагаас хойш шинэ нөхцөл байдал тааруулж, одоогийн Ерөнхийлөгчөөс хойш хоёр удаа сонгогдох, сонгохдохгүй гэдэг ийм л зүйл яригдах ёстой. Өмнө нь та нэг сонгогдсон учраас шинэ үндсэн хуулиар дэвших эрхгүй гэдэг сонин ойлгомжгүй тайлбар хийгээд байгаа. Үүнийг гайхаж байна. Дээрээс нь ХҮН –ын дарга Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй гэдэг утга бүхий гомдол өгсөн. Энэ бол маш утгагүй. Өөрөө хуулийг баталдаг хүн байж Үндсэн хуулийн Цэцэд ийм юм нэмж батлаач ээ гэсэн утга агуулга бүхий өргөдөл өгсөнд гайхаж байна. Товчохдоо хэлэхэд, хуулийг эргэж өөрчлөхгүй.

Та бүхэн намын дүрмийг өөрчилж батлуулахаар Дээд шүүхэд өгөхдөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНаас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн заалт гишүүдээр хэлэлцүүлэхгүй нууцаар оруулсан байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хугацаанд гарсан. Үүнд бас тайлбар өгөхгүй юү?

-Ийм зүйл байхгүй. Энэ асуудлыг байгаа мэтээр санаатайгаар явуулсан. Шинэчилсэн дүрмийн баримт бичгүүдийг аваад үзэж болно. Одоогийн Ерөнхийлөгч өрсөлдөөнгүйгээр давуу тал олгох хүсэл зорилго ерөөсөө байхгүй. Ардчилсан намын гишүүд дотоод сонгуульдаа болон төрийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй байдаг.Намын дүрмийн шалгуурыг хангасан хэн ч байсан нэр дэвших бүх хаалга нь нээлттэй байна. Тиймээс эртхэн шиг намын даргын сунгаагаа явуулаад шинэ даргатай болчихъё. Шинэ дарга маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх компанийг удирдаж орно.

Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Мэдээж улс төрийн намын хувьд, УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд гурван том сонгуульд бэлддэг. Бусад үед ч байнгын бэлтгэлээ хийдэг, бодлогоо боловсруулдаг, санал асуулгаа явуулдаг, цаашид ямар бодлого явуулахаа төлөвлөдөг. Энэ хүрээнд бэлтгэл хангагдаж төлөвлөгдөн ажиллаж байна. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 90 хэдэн хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд илүү эрчимжиж бэлтгэлээ сайжруулж механик ажлаа зохион байгуулах ажил тулж ирсэн байна.

Өнөөдөр Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед АН сөрөг хүчний байр суурин дээрээ ажиллах нь чухал байна гэцгээж байна. Эрх барих нам, Засгийн газар ковидыг хумьж авах, эдийн засгаа сэргээх чиглэлд ажиллаж чадаж байна уу, Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Улс төрийн намын тухайд өөрсдөө тодорхой бодлого концевц боловсруулаад түүнийгээ мөрийн хөтөлбөр болгоод тэндээсээ нэр дэвшүүлээд төрийн сонгуульд оролцдог. Төрийн сонгуульд оролцоод ард түмний дэмжлэгийг авч чадах юм бол бодлогоо хэрэгжүүлээд явдаг ийм л бүтэцтэй. Бид нар улс орны эдийн засаг, ковидын нөхцөл байдалтай холбоотой маш олон асуудлыг дотооддоо ярилцаж, сөрөг хүчнийхээ байр сууринаас хандсаар ирсэн. МАН, Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна. Маш их хэмжээний хөрөнгө зарцуулж, олон хөл хорио, бүх нийтийн бэлэн байдал зарласан ч үр дүн нь дорвитой гарсангүй. Өнгөрсөн хугацаанд 5.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Дээрээс нь маш их хэмжээний гадаад зээл тусламж авчирлаа. Энэ бүхний нь үр дүн нь хаа байна. Дээр нь гуравхан сая хүнд хийчих вакцин өнөөдөр байхгүй байна. Энэ тэндээс гуйлга гуйгаад л янз бүрийн төрлийн вакцин оруулж ирнэ гээд яриад явж байна. Уг нь бол ард түмнээсээ асуугаад тодорхой сайн чанарын, эргэлзээ төрүүлэхгүй вакцин авчраад хийчих ёстой юм.

Мөн нөгөө талаар дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил иргэддээ, аж ахуйн нэгжүүд рүүгээ хандсан бодитой эдийн засгийг сэргээх үйл ажиллагааг явуулаач ээ гэдэг шаардлагыг удаа дараа АН-аас тавьсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг юман чинээ тоохгүй байна. АН сөрөг хүчний байр сууринаас тэмцлээ үргэлжлүүлж, ард түмнийхээ дуу хоолой болж шаардлага хүргүүлнэ.

УИХын чуулган завсарласан хугацаанд таны хувьд ямар ажилд төвлөрч байв?

-УИХ-ын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байна. Би сая тойргийнхоо Төв аймгийн зүүн талын зургаан суманд ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэд маш олон асуудлыг тавьж байна. Хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалд орсон байна. Нааш, цааш явахыг хорьсон нь цаашид үйл ажиллагаа явуулах, наймаа арилжаагаа хийх боломжгүй, эдийн засгийн цусны эргэлтгүй болжээ. Хүүхдийн хувьд ялангуяа бага ангийн хүүхдийн хувьд хичээл нь маш их хоцрогдож. Хүүхдүүд хөдөө гэрээсээ сүлжээтэй цэг дээр ирж олуулаа бужигнаж байгаад гэрийн даалгавар энэ тэр авах төдийхнөөр явж байна. Орон нутгийн эцэг, эхчүүд хөдөө ковид гараагүй байхад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хорьсон нь маш буруу байна гэдэг саналыг хэлж байна. Сургалт хоцрогдож байгаа нь тэр хүүхдүүдийн ирээдүйд маш их хортой зүйл. Тухайн цаг үедээ сурах ёстой зүйлээ сурч чадахгүй байдалд орж байна гээд олон асуудал байна. Боловсролын яам нь ярихаараа хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадаж байна, сургалтын чанар сайн байгаа, сэтгэл ханамж 80, 90 хувьтай байна гэж байгаа ч бодит байдал дээрээ ийм байна.

Дээр нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт отор нүүдэл хийх асуудал тун хэцүү байна. Отор нүүдэл хийж байгаа малчид болон оторлуулж байгаа орон нутгийн иргэдийн аль альных нь асуудал маш хүнд байна. Малын тоо толгой өссөн. Бэлчээрийн даац хэтэрснээр цөлжилт их байна. Үүнд төр засгаас зөв бодлого явуулахгүй бол элсэн цөл болох нөхцөл байдал юу юугүй нүүрлэжээ. Гэх мэтээр орон нутагт хүнд асуудлууд байна. Чуулган эхлэхээр орон нутагт ажилласан энэ мэдээллүүдийг гаргаж тавина.

Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн тухайд?

-Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан, улс төрийн оноо авах гэсэн зүйл гэж хардаж байна. Мэдээж иргэд рүү чиглэсэн бодлого байх нь зөв. Тэр бодлого нь яг эзэндээ, салбартаа хүрсэн ийм бодлого байх ёстой. Өмнөх яригдаж байсан нөгөө их мөнгө хаачсан бэ. ЖДҮ зээл гээд байсан хаачсан, бусад авч хэрэгжүүлсэн санхүүгийн арга хэмжээнүүдийн үр дүн ямар байна вэ гэдгээ эхлээд тайлагнаж үр дүнгээ танилцуулах ёстой. Дээр нь салбаруудынхаа судалгааг маш сайн авч ажлаа эхлүүлэхгүй бол үр дүнгүй их хэмжээний мөнгө гаргаж инфляци хөөрөгдсөн, эзэндээ хүрээгүй, үр дүнгүй хөтөлбөр болчихвий гэдэг дээр нэлээд санаа зовж байна. Маш олон зүйлийг сайн тооцоолж байж хийх хэрэгтэй. 10 их наяд гэдэг бол их мөнгө. Үүнийг нэг удаагийн сонгуулийн шоу болгож болохгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

О.Баасанхүү: С.Эрдэнэ даргын хувьд ч, Ц.Туваан даргын хувьд ч намын дунд ямар нэг хагарал гаргая гэсэн бодолгүй байх гэж итгэж байна

АНын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, УИХын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


АНын асуудал маргаантай байгаа энэ үед та намын хууль зүйн нарийн бичгийн даргыг хариуцан ажиллахаар болов уу. Улсын дээд шүүх хоёр удаа АНын асуудлыг авч хэлэлцсэн. Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг тодруулж тайлбарлахгүй юу?

-Юуны өмнө ямар маргаан Ардчилсан намд үүсээд байгаа юм бэ гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх. Өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд Ан-ын үбХ-ноос тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолыг үндэслэж Ан-ын дарга С.Эрдэнэ “Наймдугаар сарын 23-ны дотор намын шинэ даргыг сонгох, ҮБХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Ц.Туваан гэдэг хүнд өгсөн байдаг.

Тэр хүртэлх хугацаанд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын тамгыг өгсөн. Харамсалтай нь Ц.Туваан наймдугаар сарын 23-нд зарлагдсан намын их хурлын товыг хүчингүй болгоод, арванхоёрдугаар сард намын Х их хурлыг хийсэн. Энэ хурлаар намын даргыг сонгоогүй. Харин “Ан-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэдэг бичгийг УдШ-д өгсөн байдаг.

Тиймээс намын дарга С.Эрдэнэ “Х Их хурлыг зохион байгуулсан нь намын дүрэмд нийцэхгүй байна. намын даргын орлон гүйцэтгэгчээр томилогдсон энэ хүнд би намын шинэ даргыг сонгох, томилох шийдвэрийг үүрэг болгосон. Харин энэ хүн хэрэгжүүлсэнгүй ээ” гээд энэ хүнийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн.

Нэгдүгээр сарын 14-нд УДШ-ийн шийдвэр “Ц.Тувааны намын даргыг түр орлон гүйцэтгэгчийг хүчингүй болгож, цахим бүртгэлээс хассан. Мөн намын дүрмийг баталсан нь хуульд нийцэхгүй байна гээд бүртгэхээс татгалзсан.

Мөн С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргаар шинээр сонгогдсон бус, хуучин бүртгэлтэй байсан хүн. Тийм учраас Дээд шүүхийн шийдвэр зөв байсан.

Хоёрдугаар сард П.Нүрзэд гэдэг хүнээс Дээд шүүхэд хүсэлт өгсөн. Тэр хүсэлт нь УДШ алдаа дутагдлаа засах юм бол дахин хандах эрхтэй гэсний дагуу алдаа дутагдлаа засчихлаа, намын дүрмийг бүртгэж өгнө үү гэдэг хүсэлт байсан. Тэрийг нь сая хуралдаад алдаа дутагдлаа зассан гэж үзэх үндэслэл алга. АН-ын хэлэлцэгдсэн асуудлыг дахин оруулж ирсэн байна. Дээд шүүх нэг хэлэлцсэн асуудлаар хоёр шийд гаргахгүй гээд хүчингүй болгосон. Ийм л юм байгаа.

Тэгэхээр одоо АНын даргын асуудал хэрхэх вэ?

-2017 оны УДШ-ийн 01 тогтоолоор АН -ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Мөн намын дүрэмд өөрчлөлт ороогүй учраас хэвээрээ байгаа. Сая үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг Улсын дээд шүүх зөвшөөрсөн бол энэ хүн эрх зүйн үндэстэй болох байсан. Улсын дээд шүүхийн шийдвэрт “Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг итгэмжлэлгүйгээр үүрэг гүйцэтгэгчид тавьсан байна. Тийм учраас энэ хүн цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёсгүй юм байна” гэдэг шийдвэр гаргасан байна. Тэгэхээр одоо Улсын дээд шүүхийн шийдвэрээр өмнө хэлсэн зүйлүүд хүчингүй болсон учраас хуучин шийдвэрүүд буцаад сэргээгдсэн гэсэн үг.

Одоо намын даргын сунгаа хэзээ болох вэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН даргаа сонгож амжих нь уу?

-Одоо намын даргыг сонгох Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг хэрэгжүүлэх гэж байна. Өмнө нь дотоод сонгуулийн хороонд таваас зургаан хүн намын даргад өрсөлдөхөөр нэрээ бичүүлж байсан. Тэр хүмүүсийн бүртгэлийг сэргээсэн. Дээр нь нэмээд өрсөлдөх сонирхолтой хүмүүс байвал бүртгээд явна. Одоогоор тэр үед бүртгүүлсэн хүмүүсээс нэрээ хасуулмаар байна гэж хэлсэн нэг ч хүн байхгүй. Бүгд өрсөлдөнө гэж харж байна.

Одоо ч гэсэн маргалдагч талууд хоёр талд хурал хийж, хоёр даргатай хоёр хуваагдсан мэт байдал байсаар байна. Тэгэхээр намын даргыг сонгох хурлыг Ц.Тувааны тал зөвшөөрч байгаа юм уу. Хуулийн хүрээнд дахиад шүүх дээр маргаан үүсэх, шүүхээс намын даргыг бүртгэхгүй байх ийм байдал бий болохгүй юу?

-Зөвшөөрөх, зөвшөөрөхгүй тухай чухал биш. Хуульдаа нийцсэн үү, дүрмэндээ нийцсэн үү гэдэг хамгийн чухал. Ц.Туваан, П.Нүрзэд тэргүүтэй хүмүүс хуульдаа нийцсэн гэж бодоод УДШ хандсан ч шүүх тэднийг нийцээгүй байна гэдгийг тогтоочихож. Одоо дүрэм, хуульдаа нийцсэн зүйл нь хаана байгаа юм. Хууль, дүрмээрээ бүх юм хуучин байдалдаа байгаа учраас энэ нь үргэлжлээд явна. Харин Дээд шүүхийн өмнөөс би хариулж мэдэхгүй. Бид одоо хууль дүрмэндээ нийцүүлээд намын их хурлаа хийгээд, намын их хурлаараа 200 мянган хүний саналаар өрсөлдөөн явуулаад хамгийн олон санал авсан хүнийг намын дарга гэж хэлээд батламжлуулахаар өгнө. Ардчилсан нийгэмд олонхын санал авсан хүнээ хүлээн зөвшөөрөөд явдаг. Тэр зарчмаараа УДШ –д хандана. УДШ үүн дээр ямар нэг сөрөг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.

П.Нүрзэд дарга дөнгөж сая намын даргын сунгааг хийх талаар хэвлэлийн хурал зарлажээ. Тэгэхээр хоёр газар хурал болохгүй биз дээ?

-Намын их хурлыг хэн дуртай нь би хийнэ, чи хийнэ гэж булаалдаж хийдэг ойлголт биш. Ганцхан хууль ёсны дүрэм, шийдвэрээр л хийх ёстой. С.Эрдэнэ даргын хувьд ч тэр, Ц.Туваан даргын хувьд ч тэр намын дунд ямар нэг хагарал гаргая гэсэн бодолгүй байх гэж итгэж байна. Хагарал гаргахгүйн тулд нэг ширээний ард суух ёстой. Одоо нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас энэ асуудлыг эргэж сөхөх нь зохимжгүй. Тиймээс өмнөх асуудлыг одоо сөхөж ярих нь утгагүй. С.Эрдэнэ дарга өөрөө дарга болох гээд байгаа юм биш шүү дээ. Өөрийнхөө ажлыг дараагийн даргад шилжүүлэх гээд байгаа юм. Дараагийн даргыг мөн энэ дарга сонгох гээд байгаа юм биш. Өрсөлдүүлээд намын гишүүд нь сонгоно.

Намын дарга хүн ямар байх ёстой вэ. Та намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-2017 онд анх удаа нийт гишүүдээрээ намын даргыг сонгуулж байсан. Тухайн үед 65 суудалтай Ардын намын эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулсан. Тэр утгаараа одоогийн шинэ дарга 62 суудалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд орох нь. Нэлээд ширүүн өрсөлдөөн болох юм шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, ялж чадах хүн байгаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулчихвал дараа нь УИХ-ын сонгууль гээд том ажил байна. Энэ сонгуульд мөн ялалт байгуулах менежмэнттэй, улс орондоо нэр нөлөөтэй тийм хүн байгаасай гэж намын гишүүний хувьд бодож байна.

АН лидергүй болчихсон гэдэг яриа байдаг. Та АНыг хэр боловсон хүчин лидертэй гэж бодож байна вэ?

-АН маш сайн мундаг лидерүүдтэй. Залуучууд, дунд, ахмад үе гээд гурван үеийн дунд сайн лидерүүдтэй. Ялангуяа залуучуудын хувьд нэлээн чөлөөтэй, задгай сэтгэдэг, хайрцаглагдаагүй хүмүүс олон байна. 2017 оны дүрэм бол гишүүд төвтэй нам байх ийм дүрэм шүү дээ.

Гишүүд төвтэй дүрэм нь АНыг хагалж, бие биетэйгээ жийлцэх үндэс болж байгаа учраас дүрмээ өөрчилье гэж шийдсэн гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Огт тийм юм байхгүй. Ер нь хагарч бутарсан гэдэг үгийг МАН-ынхны зүгээс шидсэн чулуу. Хоньчинг нь унагаавал хонь нь тарна гэдэг үг байдаг. Тэрэн шиг удирдагчийг нь муулчихвал, хэн ч биш болчихвол гишүүд нь хэн ч биш болдог, удирдлагагүй болдог гэсэн зарчмаар Ардын намынхны шидсэн чулуу.

АН-аас Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг унагаагаад дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах ажиллагаа руу орсон байсан юм. Тэр бүтсэн бол болох байлаа. Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар таван толгойн асуудал дээр маш буруу бодлого явуулж байсан. АН анхны эхлүүлсэн төмөр замын ажил, анхны эхлүүлсэн авто замын ажил, анхны эхлүүлсэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг зогсоох тал руугаа хандсан байсан учраас бид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар бол төрөөс төрсөн тэрбумтангуудыг олноор бий болгож, 49 ЖДҮ-тэй болгосон. ЖДҮ-ээр бизнес эрхэлдэг ард түмний мөнгийг луйвардсан. Луйвардаад зогсохгүй тэр мөнгийг эргээд хүмүүст зээлүүлж мөнгө угаасан. Гурван хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй иргэдэд зээлүүлж байсан гээд бод доо. Тийм бузар зүйл хийж байсан учраас бид огцруулъя гэсэн юм. Хэрэв, тэр үед Ардчилсан намд байсан тухайн үеийн лидер байсан хүмүүс маань урваагүй бол, Ерөнхийлөгч маань хэт нэг тал руу ороогүй байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах боломж байсан. Хэрэв унагаасан бол АН аль эрт Засгийн газраа байгуулах хэмжээний нөлөө бүхий болох байсан. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт гэх хачин зүйл бий болоогүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй байх байсан.

Хийхгүй байсан бол юу гэж?

-Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй байсан бол одоо Ерөнхийлөгчийн шаналаад байгаа Шүүхийн шинэчлэл нэрээр хэт нэг тал руугаа буюу ялсан намын дор хуулийн байгууллагыг төвлөрүүлэхгүй байх боломж байсан.

УИХ, Засгийн газар бол 100 хувь намтай хамааралтай байдаг. Хуулийн байгууллага ямар нэг шийдвэр гаргая гэвэл эрх барих намын удирдах зөвлөл, тэр намын бодлого нэрээр хориглоно гэсэн үг. Комминизм чинь ерөөсөө л ингэж явсан шүү дээ. Бид нэг намын хяналтан доор, нам нь төрийн дээр, намын тогтоол нь шүүхийн тогтоолоос илүү байсан үе. Үүнийг л эсэргүүцэж байсан юм, Ардчилал. Төр төрөөрөө, нам намаараа явъя. Ардчилсан намын бодлого бол нам бол олон нийтийн байгууллага л гэж явж байсан. Гэхдээ одоо нэгэнт ялалт, ялагдлаа дүгнэсэн. Одоо бол АН шинэ намын даргаа гаргая. Тэгээд шинэ удирдлагаараа Ерөнхийлөгчийн сонгууль болон дараагийн УИХ-ын сонгуульд орно гэсэн байр сууриар л явж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү, дэвшихгүй юү гэдэг олны анхаарлын төвд байна. АНаас Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээ илэрхийлбэл яана гэсэн үг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбар, дээрээс нь түүнийг дэмжиж, түүнийг тойрч байгаа хүмүүсийн яриагаар бол тэрээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сонирхолтой юм байна гэж харж байна. Одоогоор энэ хүн албан ёсоор АН-аас албан ёсоор өрсөлдөх хүсэлтэй байна гэдэг хүсэлтээ илэрхийлсэн зүйл хараагүй. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгч сунгаанд оръё гэдэг хүсэлтээ илэрхийлээд 200 мянган гишүүдийн олонхын саналаар энэ хүнийг дахиад намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье гэдэг саналаар гараад ирвэл бид дэвшүүлэхийн төлөө бүх ажлыг хийнэ.

Би нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, 2013 онд намын гишүүн биш хүн намын гишүүдийн эрхийг зөрчөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Тодруулж хэлбэл, Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр Ардчилсан намаас дэвшүүлсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэдээж, МУ-ын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржоос өөр өрсөлдөх сонирхолтой олон лидерүүд байсан. Тэр хүмүсийн зүгээс яагаад бүгд тэгш эрхтэй дунд нь өрсөлдүүлээд хамгийн олон санал авсан хүнийг сонгож болдоггүй юм бэ гэдэг асуудал тавьж байсан.Тэр дунд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тийм санал тавьж байсан. Тэр нөхцөл байдлаас хойш ер нь нам дотроо өрсөлдөөн өрнүүлнэ, намын гишүүдийнхээ итгэл найдварыг авсан хүнийг бид Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ гэсэн дүрэмтэй болсон. Өнөөдөр манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд хэдэн хүн өрсөлдөх сонирхол байгаа. Жишээлбэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал гэх мэт олон хүн байна. Дээр нь нэмээд Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх байх. Хуулиараа бол намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-5-ны өдөр зарладаг.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг зүйл яригдаж байна. Та хуульч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийг хэн ч тайлбарлах ёсгүй. Энэ хүнийг дэвших эрхтэй, эрхгүйг Үндсэн хуулийн ЦЭЦ, СЕХ шийднэ.

Ерөнхийлөгчийн сонгуультай жил учраас он гараад сонгуульд хэн нэр дэвших бол, хэн ялах бол гэдэг тамаглал дэвшүүлж ярьж байна. Таны хувьд ямар таамаг байна вэ?

-Ардын нам бололцоотой хүмүүсийнхээ нэрийг зарласан гэж би ойлгож байна. МАХН бас бололцоотой хүмүүсээ зарласан гэж харсан. ХҮН хүмүүсээс асууж байна гээд орхисон байна лээ. Манай намд Ерөнхийлөгч болох бололцоотой маш олон хүн байгаа.

АН бол бусад намаас ялгаатай нь хулгайч биш хүмүүс олонтой. Ард түмэн шударга, зарчимтай, хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй, улс орноо худалдчихгүй, нэр цэвэр хүнийг хүсч байгаа. Тэр шаардлагад нийцсэн хүмүүс манай намд олон байгаа.