Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн
“Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга
Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах
журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт
хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж
ажиллах юм. Аав, ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт
хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай
чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө
олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад Монгол Улсын Захиргааны хариуцлагын
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ
ногдуулах гэнэ. Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад
төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг, эхчүүдийн
хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм. 2000 сурагчдаас авсан
судалгаагаар “Хүүхдүүд хамгийн ихээр хаана гэмт халдлагад өртөж байна вэ?” гэсэн
асуултанд 28 хувь нь сургууль дээрээ, 24 хувь нь сургууль, гэрийнхээ ойр гудамж,
талбай, орцонд гэж хариулжээ. Мөн насанд хүрэгчдээс авсан санал асуулгын дүнд “Таны
хүүхдийн сурдаг сургуулийн орчинд аюулгүй орчин хэр зэрэг бүрдсэн гэж та үзэж байна
вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцсон нийт 500 хүний 255 буюу 51 хувь нь дунд
зэрэг, 200 буюу 40 хувь нь хангалтгүй гэж хариулсан байна. Сургуулийн эргүүлийн
журмыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Сургуулийн эргүүл “School
police” журам
Журмын зорилго:
*Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид
гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх
ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулахад оршино.
Эрх зүйн үндэслэл:
*Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол
Улсын хуулийн арванхоёрдугаар зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг
татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг
үндэслэн сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга энэ оны аравдугаар сарын 25-ны
өдөр баталсан.
Давуу тал:
*Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үүрэг
гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно.
(Тус журмын 1.3 заалт)
Удирдлага зохион байгуулалт:
*Ерөнхий
боловсролын сургуулийн удирдлага сургууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүүлийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж
хяналт тавин, тасралтгүй явагдах нөхцөлийг хангаж ажиллана.
*Ерөнхий
боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн
үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хуваарийг
гаргаж батлан эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан арван хоногийн өмнө мэдэгдэнэ.
Эргүүлийн хуваарийг хичээлийн өглөөний ээлж (07.30-13.30 цаг), өдрийн ээлж
(13.30-19.30 цаг)-т тус бүр хоёр хүн гарахаар зохион байгуулна.
*Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, сургуулийн
удирдлага эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан
дэмжигч)-д мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх
мэдээлэлд шуурхай очиж ажиллана.
Эргүүлийн үйл ажиллагаа, тавигдах шаардлага:
*Сургууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүүлд 18 насанд хүрсэн, согтууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглээгүй, сэтгэцийн өвчингүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай
сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг урьдчилан гаргасан хуваарийн
дагуу ажиллуулна.
*Эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэн энэхүү журамтай
урьдчилан танилцаж сургуулийн нийгмийн ажилтан, жижүүр багшаас зааварчилгаа авч
“School police” гэсэн хантаазыг өмсөж эргүүлд ажиллана.
Эргүүлд ажиллаж байгаа иргэн дараахь үүрэг хүлээнэ:
а/Сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд
холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
б/Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн
орчинд байгаа (сургуулийн бүсэд хамаарах) замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг
үзүүлнэ.
в/Хичээлийн завсарлагаанаар сургуулийн орчинд
болон сургууль дотор эргүүлийн үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хууль тогтоомж болон
сургуулийн дүрэм журамыг мөрдөх талаар шаардлага тавьж ажиллана.
г/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
сургуулийн зүгээс болон Хууль сахиулах байгууллагаас зохион байгуулж буй ажил,
арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
д/ Сургуулийн удирдлага, анги даасан багштай харилцан
тохиролцсоны үндсэн дээр сурагчдад хууль тогтоомж, мэргэжлээ сонгох зэрэг чиглэлээр
яриа таниулга хийж болно.
е/ Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургуулийн
орчинд гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад
нэн даруй мэдээлнэ.
ё/ Эргүүлийн үүрэг гүйцэтгэтгэх хугацаанд
“School police” хантаазыг бохирдуулж, гэмтээхгүй өмсөж хэрэглэж эргүүлийн үүрэг
гүйцэтгэх хугацаа дуусахад ажилласан талаарх илтгэх хуудсыг бичиж хантаазын хамт
сургуулийн нийгмийн ажилтан болон жижүүр багшид өгнө.
Хориглох зүйл:
*Эргүүлд ажиллаж байгаа иргэн үүрэг гүйцэтгэх
хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж иргэд, хүүхдүүдтэй зөв боловсон
харьцах ба төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.
*”School police” эргүүлд ажиллах иргэн хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр таслахыг хориглох бөгөөд хэрэв хуваарийн дагуу эргүүлд ажиллах
боломжгүй болсон тохиолдолд энэ талаар сургуулийн удирдлагад гурав хоногийн өмнө
урьдчилан мэдэгдэнэ.
Хариуцлага:
*Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэн үүрэг
гүйцэтгэх хугацаандаа халдлагад өртсөн тохиолдолд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн /22-р зүйлийн/ холбогдох заалтын дагуу төрөөс хохирлыг барагдуулна.
*Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс санаатай зайлсхийсэн
тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн
32.1 дэх хэсэгт (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ
бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн
бол) заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна.
Х.ЦЭНД