Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг урт хугацаатай болгох санал орж байгаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Төрийн байгууллагаас олгодог зөвшөөрөл аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болж байгаа тухай шүүмжлэл гарсаар байгаа. Энэ тухайд ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?

-Өнгөрсөн тавдугаар сард МҮХАҮТ дээр бизнесийн орчинг дэмжих, төр хувийн хэвшлийг дэмжих зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд уулзалт хийж, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор таван хууль дээр ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд санал нэгдсэн юм. Ковидын дараа эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Энэ хуулийн төслийн хувьд, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан, Засгийн газраас өргөн барьсан төслүүдийг нэгтгээд УИХ-д танилцуулаад эхний хэлэлцүүлгээр орсон. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль анх 2001 онд батлагдаж байсан. Тухайн үедээ 112 зөвшөөрөл олгохоор заагдсан боловч, бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд дурын албан тушаалтан дуртай зөвшөөрлөө гаргадаг ийм замбараагүй байдал удаан явж ирсэн. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас сүүлд хийсэн судалгаагаар, аж ахуйн нэгжүүдэд олгодог 1400-1600 зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний санал, дүгнэлт, тохирлын гэрчилгээ гэсэн янз бүрийн нэртэй зөвшөөрөл бий болсон байгааг судалж гаргасан байна. Мөн Засгийн газраас хийсэн судалгаагаар 913 төрлийн зөвшөөрөл байна гэсэн тоо байна. Үүнийг гишүүд өргөн барьсан төслөөр 448 болгохоор оруулж байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн тоог багасгана. Мөн Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болсноор, ямар зөвшөөрлийг ямар инстутициэс авах ёстой юм бэ гэдэг нь маш тодорхой болно. Дээр нь, тухайн инстутициэс зөвшөөрөл авч байгаа тохиолдолд төр өөрт байгаа мэдээллийг тухайн аж ахуйн нэгжээс нэхэхгүй болно.

Өөрөөр хэлбэл, одоо нэг зөвшөөрөл олгохын тулд тухайн аж ахуйн нэгжээс мэргэжлийн хяналт, галын байцаагчийн дүгнэлт гэх зэрэг 10-20 бичиг баримт нэхдэг. Тэгвэл одоо зөвшөөрөл олгож байгаа эрх бүхий байгууллага нь өөрөө төрийн байгууллагуудаас энэхүү мэдээллийг цахимаар авч бүрдүүлж ажиллана. Аж ахуйн нэгжээс нэхэхгүй гэсэн үг. Тэгэхээр зөвшөөрөл авах процесс ил тод шилэн болохоос гадна, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болно гэж харж байна. Зөвшөөрлийн тухай хууль өөрөө маш том хууль байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа хууль есөн бүлэгтэй боловч, энэ хуулийг дагаад 130-160 хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулна гээд нэлээд өргөн хүрээтэй хуулийн төсөл юм.

-Зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгалт хийх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байгаа тухай шүүмжлэл бий. Үүнд өөрчлөлт орох уу?

-Одоогийн хуулиар тусгай зөвшөөрлийг ихэнхдээ нэг жилийн хугацаатай олгож байгаа. Үүнийг урт хугацаатай болгох санал орж байна. Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл гэсэн хоёр ангилалтай болж, тусгай зөвшөөрөл нь одоо байгаа саналаар таваас доошгүй жил байх зэргээр тусгагдсан. Зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгаж байгаа нь дарамт болж байна гэдэг үнэн. Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд хоёроос гурван сар хөөцөлдөж аваад төд удалгүй жилийн дараа дахиад сунгана гээд хөөцөлдөж, бөөн ажил болдог. Үүнийг больж байж, төрийн дарамт, хүнд суртал тодорхой хэмжээгээр багасгах юм. Ер нь тэгээд манайд зөвшөөрөл авч чадахгүйгээсээ болоод бизнес эрхлэх боломжгүй болж байгаа хүмүүс ч олон бий. Дээр нь зөвшөөрөл авах процесс хуулийн хугацаатай болно. Жишээлбэл, ажлын 20 хоногт тухайн зөвшөөрөл олгогдоно гэсэн хуулийн хугацаа зааж, хэрвээ ямар нэг албан тушаалтнаас болж зөвшөөрлийн хугацаа саатсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох гэх зэрэг зохицуулалт орж байгаа.

-Зөвшөөрлийн тоог хэрхэн хумих юм бэ?

-Салбарын хуульд заагаагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох юм. Жишээлбэл, караоке ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн иргэдийн хурал юмуу, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгч байгаа. Ийм байх ямар ч шаардлагагүй. Хуульд тийм заалт байхгүй хэр нь Иргэдийн хурлын тогтоолоор баахан зөвшөөрөл бий болгочихдог. Үүнийг л болино гэсэн үг. Одоо төрийн байгууллагуудтайгаа уулзаж, хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Мөн нэг удаагийн зөвшөөрөл их байдаг. Тухайлбал, гаалийн талбай дээрээс бараагаа авахын тулд Замын-Үүдийн гаалиас нэг удаагийн зөвшөөрөл шаарддаг. Тэрийг нь үзэмжээр нь өгнө, өгөхгүй болоод явчихдаг. Тэгэхээр, нэг удаагийн зөвшөөрлийн процессыг ч мөн тодорхой болгох юм. Тодорхой болгоно гэдэг нь, цахимаар хүсэлтээ өгөөд цахимаар зөвшөөрлөө авдаг, шилэн болно гэсэн үг. Мөн дээр дурдсан, мэргэжлийн зөвшөөрлийг тухайн мэргэжлийн холбоод нь өгдөг байх тал руугаа явна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нийтийн өмч ашиглах, байгалийн баялгийг ашиглах, эрүүл мэндэд хор нөлөө учруулж болзошгүй гэх мэтчилэн эдгээр салбаруудад л зөвшөөрөл олгодог болгоё. Тухайн аж ахуйн нэгж салбарынхаа шаардлагыг хангасан бол үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Бусад зөвшөөрлийг хумина гэсэн үг. Мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийг Зөвшөөрлийн тухай хуультай хамт явуулахаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаас чиглэл авсан.

Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн тухай хууль бол эдийн засаг, нийгмийн бүх харилцааг зохицуулж байдаг том хууль. Иргэний хуулийн дараа орох том хууль. Үүнийг батлуулснаар, эдийн засгаа сэргээх, тодорхой хэмжээнд бизнесийн салбаруудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, либералчлах бодлого явагдах юм.

-Энэ хуулийг боловсруулахад олон нийтийн дунд санал асуулга явуулах, хэлэлцүүлэг хийх зэргээр иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ?

-Гурван асуудалд олон нийтийн саналыг асууна. Нэгдүгээрт, зарим нэг төрийн байгууллагууд хоорондоо зөвшөөрлөө булаацалддаг байдал бий. Жишээлбэл, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл” олгох процесс маргаан, хэл ам дагуулсан хэвээр байна. Түгээмлийн нэрээр алт ухаж, өөр ашигт малтмал ухаж байна гэдэг шүүмжлэл их гардгийг та бүхэн сонсож байгаа. Тэгэхээр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас өгөх нь зөв юм уу, эсвэл орон нутгаас өгөх нь зөв юм уу гэдэг дээр олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, иргэдээр хагалуулах нь зөв гэж бодож байна. Хоёрдугаарт, байгалийн нөөц ашиглах буюу самар, жимс түүх зөвшөөрөл дээр олон маргаан байдаг. Самар түүж байгаагаас ой мод сүйдэж байна, самрын төлбөр хураамж бага байна гэх мэт олон байр суурь гардаг. Тэгэхээр үүнийг мөн олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.Гуравдугаарт, барилга барьж эхлэхэд маш олон байгууллагуудаас зөвшөөрөл авч байна. Тиймээс барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамт сууж хэлэлцүүлэг хийж, аль байгууллага нь зөвшөөрөл өгвөл болох юм, ямар зөвшөөрөл нь шаардлагатай юм, аль нь хэрэггүй юм гэж нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.

-Цаашдаа зөвшөөрөл шинээр олгохоор болбол ямар хяналттай байх бол?

-Засгийн газрын дэргэд “Зөвшөөрлийн хяналтын зөвлөл” гэж байгуулагдах юм. Энэ хяналтын зөвлөл нь нэгдсэн бүртгэлээ хөтөлж явуулна. Ямар нэг байгууллага шинэ зөвшөөрөл гаргах шаардлагатай гэж үзвэл хяналтын зөвлөлд хүсэлтээ өгч, хэлэлцэгдээд, шаардлагатай гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар УИХ-д өргөн баригдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хяналттай болно гэсэн үг.

-Та өнгөрсөн зургадугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол өөрчлөлтийн тухайд?

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэх байх. Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь, гадна, дотны хөрөнгө оруулагч гэж ялгахгүйгээр, хөрөнгө оруулалт хийсэн хэмжээгээр нь татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээж өгөх гэсэн үзэл санаа юм. Жишээлбэл, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг гадны хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахгүйгээр адилхан татварын хөнгөлөлт үзүүлье гэдэг өөрчлөлт орж байна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суухтай холбоотой заалтуудыг нарийвчилж, хэмжигдэхүйц байлгахаар заасан. Тодруулбал, хоёроос доошгүй ажлын байр бий болгосон байх, 50 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн гадны хөрөнгө оруулагч Монголд оршин суух эрхээ авдаг байх зэргээр илүү хэмжигдэхүйц болгож байгаа.

-Хөрөнгө оруулалтын босгыг бууруулах тухай хөндөгдөж байгаад зарим судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд?

-Монголд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулна гэхээр гадныхан манай улсад заавал оршин сууна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр, ажлаа явуулах боломжтой байдаг. Гадны олон улс оронд гадны хөрөнгө оруулагчид цахимаар үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Манай улс мөн энэхүү үүд хаалгыг нь нээж өгөх ёстой. Ялангуяа одоо ковидтой холбоотойгоор наашаа тэр бүр ирээд байх боломж хязгаарлагдмал болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтын босгыг намсгах нь дотоодын компаниудад чухал ач холбогдолтой юм. Одоо байгаа хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэж заасан байгаа. Тэгвэл энэ нь ямар хүндрэл гарч байна гэхээр, одоо манайд сүүлийн үед IT-ын монгол компаниуд олноор байгуулагдаж байна. Тэр компаниуд гадаадын зах зээл рүү гарахын тулд эхлээд заавал дотооддоо гадны компанитай хамтран ажилласан туршлагатай байх ёстой болдог. Гэтэл манайд гадныхантай хамтарсан компани байгуулахад аль аль тал нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллар хийчихлээ. Хамтарсан компани учраас дотоодын компани бас 100 мянган ам.доллар давхар хийх ёстой болдог ч энэ шаардлагыг хангаж чадахгүй байдал дотоодын компаниудад үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид босго тавиад байгаа юм шиг боловч, дотоодын компанид давхар босго тавьчихаад байгаа юм. Үүнийг нь хөнгөлж өгье гэсэн агуулга явж байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн мөнгийг бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

– Хүнсний талонаас хасагдсан иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай өрх байсан-


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөвлөсөн ажлууд хэр урагшилж байна. Сүүлийн үед та ямар ажилд төвлөрч байна вэ?

-Манай салбарт маш том, өргөн хүрээний асуудал хамаардаг. Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгаалал гээд нарийвчилж яривал олон зүйл бий. Тиймээс аль алиныг нь орхигдуулахгүй урагшлахыг л эрмэлзэн ажиллаж байна. Засгийн газрын болоод манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангах гэх мэт олон асуудалд бидний бодлого чиглэж байгаа. Мөн манай салбарын цахимжуулалтын ажлуудыг ч онцолж болох юм.

Эдгээрээс онцолж дурдвал, маш удаан хүлээлттэй байсан, ирэх оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлууллаа. Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа халамж, тэр дундаа хүнсний талон олгох журамд өөрчлөлт оруулсан зэрэг яриад байвал маш олон асуудал бий. Нэг талаас бид халамжаа цэгцлэхээр, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Хувьдаа хоёр машинтай, хаустай иргэд хүнсний талон авч байсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Халамжийг цахим системийн хяналттай болгосноор цаашид ийм зөрчил илрэхгүй болсон уу?

-Хүнс тэжээлийн дэмжлэг олгох хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа.

Тэр үеэс өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд суурилж өрхийн оноог бодож амьжиргааны түвшнээс доогуур өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг, хүүхдийн мөнгө олгодог байсан. Одоо хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд олгож байгаа. Цар тахлын үед гадаадад оршин сууж, амьдарч байгаа манай улсын хүүхдүүд ч энэ үйлчилгээнд хамрагдаж байна.

Засгийн газраас “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хяналттай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд төрд байгаа мэдээллээ ашиглаад Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журамд өөрчлөлт оруулсан. Ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор цахимжуулж бусад шаардлагатай зохицуулалтыг тусгасан байгаа. Тодруулбал, тус үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргахад оролцдог нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, түүний ажилтан болон Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, үүнд хэсгийн ахлагч зэрэг хүмүүсийг тус үйлчилгээнд хамрагдахыг хориглосон. Мөн 200-гаас дээш малтай өрх, хоёроос дээш орон сууцны байшин, хоёроос дээш бие даасан тохилог сууц, хоёроос дээш автомашинтай өрх болох нь холбогдох төрийн захиргааны мэдээллийн сантай хийсэн сар бүрийн тулгалтаар тогтоогдвол тус үйлчилгээнд хамруулах эсэхийг дахин нягталж шалгах зохицуулалтыг тусгасан. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, энэ оны наймдугаар сард 1435 өрхийн 8475 иргэн тус үйлчилгээнээс хасагдсан. Эдгээр иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай малчин өрх. Түүнчлэн сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болж байна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийг зураасан кодоор бүртгэж, цахим хэлбэрт шилжүүлснээр бараа бүрийг нэг бүрчлэн кодлох, хэрэглэгч тус бүрээр бүртгэх, хяналтын системийг сайжруулах, дата судалгаа, тайланг үнэн зөв, хурдан шуурхай болгох зорилгоор 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулах гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаараа онцлогтой.

Дээрх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Төрийн банк болон бусад арилжааны банкууд, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ хамтран 2021 оны наймдугаар сард багтаан хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Хамгийн гол зорилго болох халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогын шинэчлэлийн хүрээнд тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зохицуулалтууд ч туссан.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржээс тухайн иргэнд хоёр буюу түүнээс дээш ажлын байранд зуучлахад ажил эрхлэхээс татгалзвал тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэний мөнгөн дүнг хасна. Иргэн өөрөө хичээхгүй бол төр засгаас ч мөн байнгын халамж олгохоо зогсооно гэсэн үг.

-Таны хувьд халамжаас хөдөлмөрт шилжих ёстой гэсэн бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа. Халамж хавтгайруулан олгож байгаагаас ажил хийх хүн олдохгүй байна гэх шүүмжлэл ч нийгэмд их байна. Энэ тухайд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөн, хэрхэн ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Халамжийн хүрээнд хийж байгаа ажлуудыг дээр нэлээд дэлгэрэнгүй дурдсан. Харин нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд мөн анхаарч байгаа.

Манай улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичиг, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна гэж тусгасан.

Хамгийн эхлээд бид хөдөлмөрлөхөд гарах бэрхшээл, тэдгээрийг зохицуулах хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд авлаа. Гурван парламент, таван Засгийн газар дамжиж удаан хугацаанд хэлэлцэж сайн боловсруулсан хууль маань батлагдсан. Нийгмийн түншүүд тулгамдаж буй асуудлаар маш идэвхтэй хэлэлцүүлэг зохион байгуулж оролцсон. Тал бүрийн саналыг тусган хамтарч ажилласнаараа онцлог байлаа. Тухайлбал, уурхайчдаас ирсэн санал хүсэлт 14 хоног ажиллаж, 14 хоног амарна гэдэг заалт орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж зохицуулсан. Мөн ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн гэх мэт хүний хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин маш чухал. Хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ч тэрнээс наана бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад ажлуудаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд байна. Ажил хайж байгаа иргэн, ажилтан хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг www.ejob.gov.mn-ээр холбож байна. “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, ашиглан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого зохицуулалтыг судалгаа, дүн шинжилгээ, хувилбарт тооцоонд түшиглэн гаргах боломжтой болж байна. Мөн өчигдөрхөн бүртгэл нь эхэлсэн залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл гэх мэт.

-Халамжийн цахимжуулалтын тухайд?

-Нийгмийн халамжийн салбарын цахимжуулалтын тухайд Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг 2020 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс нэвтрүүлж, “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх (эцэг)-ийн тэтгэмж”, “Насны хишиг”, “Эхийн алдар” одон зэрэг нийгмийн халамжийн зургаан үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх ажлыг эхлүүлсэн.

2021 оны эхний хагас жилд Нийгмийн халамжийн сангаас олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Ахмад настны тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, Одой иргэнд олгох тэтгэвэр, Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгож эхэлсэн.

Ингэснээр нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ. Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Хүүхдийн зуун мянган төгрөгийг он дуустал олгохоор болсон. Цаашид хүүхдийн мөнгийг олгох асуудал хэрхэх бол?

-Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлэн 100 мянган төгрөгөөр олгож байгаа. Харин коронавируст цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 он дуустал нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргасан.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид 517.4 мянган өрхийн 1,208.5 мянган хүүхэд хамрагдаж байна. Түүнчлэн цар тахлын үед гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд 6643 гадаадад амьдарч байгаа хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ нь иргэдийн амьдралд дэм болж, цар тахлаас хамаарсан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үерэг нөлөө үзүүлсэн гэсэн олон улсын байгууллагуудын судалгааны дүн гарсан байна. Тухайлбал, АХБ-ны хийсэн судалгаагаар хэрэв эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол ядуурлын түвшин 36.7 хувь болж нэмэгдэх байсан бөгөөд зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийхэд ядуурлын хувь 24.7 болж буурч байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр орлогын дахин хуваарилалтын бодлого болж чадсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаанаас харахад хүүхдийн мөнгөн тэтгэмжид Монгол Улсын нийт өрхийн 98 хувь хамрагдсан нь цар тахлын үед хүүхэдтэй өрхүүд суурь хэрэгцээгээ хангахад бодит дэмжлэг болсон гэсэн дүгнэлт гарсан. Нийт хүүхэдтэй өрхүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг хүнсэндээ зарцуулсан байна. Хүүхдийн мөнгө болон хүнсний эрхийн бичгийн нэмэгдлийн эхэлсэн цаг хугацаа болон нэмэгдлийн хэмжээнд үр шим хүртэгчдийн 96.1 хувь нь уг нэмэгдэл цаг үеэ олсон арга хэмжээ болсон гэж үзжээ. Тус яам хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр олгоход өрхийн орлогод, ядууралд, ажилгүйдэлд, улсын төсөвт, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх нөлөөллийг динамик загвараар тооцоход нэг хүн ногдох бодит орлого 2021-2023 онуудад жилд дунджаар 120.0 төгрөгөөр нэмэгдэх, ядуурлын түвшин 2021 онд хоёр хувиар, 2022 онд 1.3 хувиар буурах, ажилгүйдлийн түвшин 2022 онд 1.01 хувиар өсөх, Ажил эрхлэлт жилдээ 17000 орчим буурахаар байна. Иймд тус яам коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгийг бууруулах, харин өмнө олгож байсан 20 мянган төгрөгийг (2012 онд тогтоосон) инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

M.Тулгат: Би намын дарга гэж энд тэнд ярилцлага өгөхөөс цааргалж байгаа


АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


– С.Баярцогтыг суллах ёстой –

-Ардчилсан нам сүүлийн үед нам гүм байх шиг.АН-ын дотоод асуудал буюу намын даргын асуудал юу болж байна вэ. Одоо хуулийн хүрээнд ямар асуудал байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд АН их хурлаа хийж, шинээр сонгогдсон намын даргыг буюу намайг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд холбогдох материалаа өгсөн. Гэвч шүүхийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу намын дотоод маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй гээд өнөөдрийг хүртэл хоёр удаа буцаагаад байна. Уг нь асуудал маш тодорхой. Аливаа хуулийн этгээд, байгууллагыг хэн төлөөлөх, өмч хөрөнгийг хэн эзэмшихийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, албажуулж, зохих гэрчилгээг олгоод явдаг. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг бол манайд дээд шүүх шийдвэрлэж байгаа. Өмнөх буюу 2017 оны Улсын дээд шүүхийн намын даргыг бүртгэсэн тогтоол зэрэг нь байж л байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч манай нэр дэвшигчийг дээд шүүхийн лавлагаанд үндэслээд бүртгэж авсан. Гэтэл намын шинэ удирдлагыг бүртгэж авах дээр тулангуут татгалзаад байгаа нь харин ч намын дотоод асуудалд шүүх хөндлөнгөөс оролцож, хаалт тавьж, энэ нь цаанаа улс төрийн захиалгатай харагдаад байгаа юм. Хуулийн асуудал гэвэл ийм байдалтай байна.

-Нөгөө тал чинь бас шүүхэд материалаа өгч, хөөцөлдөж яваа юу. Өөрөөр хэлбэл, хоёр талаас бас л шүүх рүү хандсан, маргаантай хэвээр байна уу. Энэ асуудал хэзээ нэг талдаа гарах бол. Одоо ч АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа гэж яваад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Үгүй байх. Шүүхийн багц хуулийн өөрчлөлт зэргээс үүдээд улс төрийн намын хүсэлтийг зөвхөн бүртгэлтэй өмнөх намын даргын гарын үсэгтэй хүлээж авахаар шинээр зохицуулагдсан. Дээд шүүхэд гарын үсэг зурж, хүсэлт өгөх эрх бүхий хүн тэнд байхгүй Хуулийн тал дээр манайх давуу талтай ч, улс төрийн нам бол үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл учир нөгөө талд байгаа хүмүүстээ бас хүндэтгэлтэй хандах ёстой. АН олон толгойтой юм шиг харагдаж, жирийн гишүүд маань ч төөрч будилсан байдалтай байгаа нь бодит үнэн. Ийм байдлаас яаралтай гарах хэрэгтэй байна. Надад лав АН болон Монголын ардчиллын нийтлэг эрх ашгийг давсанхувь хүний амбиц огт байхгүй. Нөгөө талуудтай нээлттэй ярьж хэлэлцэж, аль аль талаас тодорхой буулт хийх шаардлага гарвал миний зүгээс бэлэн байна. Тиймээс ч та бүхэн анзаарсан байх, би ерөөсөө хэвлэл мэдээлэлд гарахгүй байгаа. Өөрийгөө АН-ын дарга гэсэн 2-3 хүн энд тэнд зэрэг гараад, бие биенээ үгүйсгээд явах тусам нийгэмд муухай харагдана. Одоогоор намайг шүүх бүртгэж аваагүй байгаа учир, албан ёсны бүх юман дээр С.Эрдэнэ дарга гэж яваа. Мань хүн өдөр тутмын шийдвэрээ гаргаад, хурлаа зарлаад, тушаалаа гаргаад явж байгаа болохоор үнэнийг хэлэхэд би дотоод ажилд бараг оролцохгүй байгаа. Хийвэл нэгмөсөн хариуцаад хийе, үгүй бол хоёрын хооронд дарга ч юм шиг, биш ч юм шиг явах утгагүй. Өөрийгөө дарга гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чичрэн дайрч, хэн нэгнийг “муриад”, эсвэл булаагаад ч хамаагүй тамга олж авах гэх мэт тийм арга барилаар би лав явж чадахгүй. Орчин үеийн улс төрийн нам юм бол хэдэн дээрэмчин цугласан юм шиг аргаар асуудлаа шийдэж баймааргүй байна.

-Одоо тэгвэл ямар гарц харагдаж байна вэ. Таны хувьд ямар нэг алхам түрүүлж хийх үү?

-Нөгөө талд намын дарга гэж яваа О.Цогтгэрэл гишүүн, гишүүдийн гарын үсгийг цуглуулах зэргээр ажиллаж байгаа сайд асан Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж гишүүн, за тэгээд хууль ёсны намын гол түлхүүрийг “атгачихаад байгаа” С.Эрдэнэ дарга, УИХ дахь бүлгийн дарга Ганбат зэрэг хүмүүсийг уриалмаар байгаа юм, хэдүүлээ яс сууж байгаад, хэрхэн яаж нэгдэх талаар хэлэлцэж гарц олох хэрэгтэй. Гол нь “Би биш бол өөр хэн ч биш” гэсэн хандлагаар асуудалд хандвал тэгээд хэзээ ч шийдэгдэхгүй. Үнэндээ “би би” гэдэг амбицаа хойш тавьж чадах уу гэдэг л байна. АН хамтын удирдлагатай, эрх мэдлийн төвлөрлийг задалсан тийм нам байж л цаашдаа эрүүл, хүчтэй явна.

Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд, миний зүгээс хэдийгээр нэгдэх, нягтрахын төлөө ярьж байгаа боловч, үзэл санааны хувьд яалт ч үгүй зүүний социалист нөхдийг АН-д гуйж ирүүлэх шаардлага байхгүй. Хүний нэр дурдах зохимжтой биш ч, ойлгомжтой байх үүднээс жишээ болгоход Н.Алтанхуяг, З.Энхболд зэрэг зүүний радикал үзэлтэй болохоо үг, үйлдлээр олон дахин харуулсан хүмүүс АН-аас хол явах хэрэгтэй. Хүн улс төрийн ямар ч үзэл баримтлалтай байж болно, хувь хүний сонголтын асуудал. Харин нэгэнт зүүний социалист, эсвэл үндэсний социалист үзэлтэй бол тэр чиглэлийнхээ намыг л бараадах нь зөв юм. 2000 онд таван нам нэгдэж одоогийн АН-ыг байгуулсан. Тэр механик нэгдэл дотор зүүний социалистууд болоод оппортунистууд багтсан байснаас болоод өнөөдрийг хүртэл АН хэрүүл зодоонтой явж ирсэн гашуун түүх бий.

-Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин гээд бүх юмны үнэ өссөөр байна.Сөрөг хүчний намын даргаар сонгогдсон хүний хувьд, та улс орны нөхцөл байдал, эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлт хэлэх вэ?

-АН-ын бодлогын суурь бол чөлөөт эдийн засгийг дэмжих. Тиймээс үнийг зохицуулах, ер нь аливаа төрийн зохицуулалт гэдэг юмыг шүтэх ёсгүй юм. АН-ын улстөрчийн амнаас “шатахууны үнийг буулга”, “зээлийн хүүг бууруул”, “ноён долларыг битгий давраа” гэдэг үг гарч болохгүй. Мэдээж ийм яриа ард иргэдэд таалагдана. Бас ийм байдлаар эрх баригчдыг шүүмжилж, оноо авах бол амархан. Гэтэл үнэ ханш гэдэг бол өнөөдрийн манай эдийн засгийн бодит байдлын тусгал, ердөө үр дүн нь юм. Долларын ханш ч тэр, зээлийн хүү ч тэр, макро эдийн засгийн бодит байдлын тусгал буюу үр дүн нь. Ханиад хүрсэн хүний өвчнийг углуургаар нь эмчлэх ёстой болохоос биш, чи ханиалгаад байна гэж амыг нь хүчээр хаагаад байж болохгүйтэй адил.

Харин ард иргэдийн худалдан авах чадвар буурсан байна, орлого хумигдсан байна, баян ядуугийн ялгаа улам ихэсч байна гэдэг нь бидний дуугарах ёстой асуудал мөн. Шатахууны үнэ ковид гарахаас өмнө буюу яг хоёр жилийн өмнөх 2019 оны өдийд литр тутамдаа 1820 орчим төгрөг байсан нь тухайн үеийн ханшаар бодоход 70 цент болж байна лээ. Одоо 2050 төгрөг болсон нь мөн л 70 цент хавьцаа юм. Цар тахлаас болж дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, шатахууны үнэ нэг хэсэг огцом буурсан нь одоо тавигдаж, эргээд өсч байна. Тэгэхээр асуудлын гол нь шатахууны үнэ өссөнд биш, өргөн хэрэглээний барааны нийт үнэ өсч, иргэдийн орлого унаж, худалдан авах чадвар буурсанд бий. Дотооддоо халдвар алдаагүй байхад сүржигнэж, хатуу хөл хорио тогтоож, хамаг эдийн засаг, бизнесээ дампууруулж, иргэдээ орлогогүй, халамжаас хамааралтай болгочихсон шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хариуцлагатай хурал дээр “чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн зохицуулалт л гэж бий” гэж хэлсэн. Тэгж хэлсэн манай төр ковидын үеийн менежмэнтээр ямар чадваргүй, арчаагүй болохоо батлан харуулсан. Төр нь данхайх тусам иргэдэд наалдаж байгаа юм алга, дарга нарт л тааламжтай нийгэм бий болж байна. 2010 оноос хойш 10 жилд монгол хүний сарын дундаж орлого 400 долларт явж ирлээ. 10 жил яг л байрандаа эргэлдэж, эдийн засаг сөөм ч тэлсэнгүй. Гэтэл тэр үед 3 их наяд байсан улсын нэгдсэн төсөв одоо 12 их наяд болж төгрөгөөр тооцоход дөрөв дахин өссөн байна. Төр л данхайгаад, дарга нарын хуваарилдаг, хишиг хүртээдэг нийгэм рүү бид явж байна. Сүүлдээ хувийн хэвшил хатингаршиж, төр гэдэг нэрийн цаана хэдэн дарга нараас улам хамааралтай, бидний үр хүүхэд ажилд орохын тулд хэн нэгэн даргын улыг долоодог нийгэм рүү явах тун эвгүй дүр зураг харагдаад эхэлж байна. Өнгөрсөн 10 жилд монголчууд 2010-аад онд хөдөлгөсөн Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэргийнхээ үр ашгаар өнгө зүсээ жаахан сайжруулсан. Улаанбаатар хот хэдэн шилэн байшинтай, зарим талаас нь харахад хөгжөөд ч байгаа юм шиг явсан. Түүнээс хойш эдийн засгийг тэлэх зоригтой алхам юу ч хийгдсэнгүй. Манай намыг бас оролцуулаад, Монголын улс төрийн намууд бүгд л халамж, хайр хишиг, зүүний социалист амлалт ярьцгаасан. Харин зоригтойгоор том төслүүдийг хөдөлгөж, дорвитойхон реформ хийж байсан цөөн хэдэн улстөрчдийг барьж аваад шоронд хийсэн дээ.

-Эдийн засгаа тэлэх ямар алхмуудыг хийж чадсангүй гэж харж байна вэ?

-Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлээс шууд хамааралтай орон. 2012-2016 онуудад уналтад орж, ёроолдоо хүрч байсан уул уурхайн дэлхийн зах зээл өнөөдөр дэндүү тааламжтай нөхцөлд байна. Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрсэн. Алт өнгөрсөн жилийн өдийд мөн л сүүлийн 30 жил байтугай түүхэн рекорд тогтоох өндөр үнэд хүрсэн, одоо ч өндөр хэвээр байна. Нүүрс ч мөн адил өндөр үнэтэй, эрэлттэй байгаа. Гэтэл урагшгүй төрийн харгайгаар энэ бүх боломжийг зүгээр халамж болгож тараагаад, идэж ууж, баагаад л дуусгалаа. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгад Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг их наяд илүү тоологдох төсвийг төмөр зам бариарай гээд хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг хуваарилсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хоорондын тохиролцоогоор “тандем” нэрлэгддэг эрх мэдлийн хоршил үүсгэж байсныг одоо учир ойлгох хүмүүс эхнээсээ ярьдаг болж. Тэр Зүүнбаянгийн төмөр зам хэзээ ашиглалтад орох юм, орлоо гээд хааш нь юу зөөх юм? Хэзээ ашгаа өгөх юм? Зүгээр л их хэмжээний төсвийн мөнгийг түгжчихсэн. Эрдэс баялгийг шууд зах зээл рүү нь аваачих төмөр зам байсан бол өөр хэрэг. Дэлхийн зах зээл дэх ийм сайхан таатай нөхцөл, эдийн засгаа тэлэх боломжийг монголчууд бид алдаж, ийм боломжтой сайхан үед иргэдийн орлого, худалдан авах чадвар өсөх биш, харин буурлаа.

Бэрхшээлийг боломж болгох ухаанаар хандвал, жишээ нь ковидын үеэр хамгийн хүнд байдалд орсон албан ёсны бүртгэлгүй жижиг дунд бизнес эрхлэгчдээ бүртгэлжүүлж, албажуулж аваад, тэдэн рүү фокусласан санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлсэн бол өдийд татварынхаа баазыг өргөжүүлээд, далд эдийн засгийг хумих боломжтой байв. Нийтэд нь хавтгайруулж тараах биш, яг сөхөрч туйлдсан баялаг бүтээгч хэсгээ хамгаалахад түлхүү зарцуулсан бол тэд эргээд татвараа төлж, улсын эдийн засагт хувь нэмэрээ оруулаад явах байв. Цар тахлаар бүх бизнес туйлдаагүй шүү дээ, зарим салбар бол хэвийн байтугай улам ашигтай ажилласан.

Мөн ковидын үеэр бүх л улс орнууд цахим технологи руу хөрөнгө оруулалт хийж, улам цахимжсан. Манайд тэгж чадсангүй. Цахим технологиос гадна, хүргэлтийн болон шуудангийн үйлчилгээ гэх мэт XXI зуунд ичмээр хоцрогдолтой явж байгаа салбаруудаа хөгжүүлж, үүнтэй зэрэгцүүлээд хаягжилт, бүртгэлийн асуудлаа цэгцлэх боломжийг ковид олгосон, манайхан ашиглаж чадаагүй.

-Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайхан Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаж суллагдлаа. Одоо хорионд байгаа С.Баярцогтын тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Суллагдах ёстой. Яваандаа үзэл санааны хоригдол болж ял авсан хүмүүс цагаатгагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэг нь үндэслэл нотолгоо дутуу, хэрэг шийдвэрлэсэн процесс нь хангалтгүй гэдгээр дахин мөрдөн байцаалт руу буцсан байна лээ. Ерөөсөө л улс төрийн зорилготой байсан гэдэг нь харагдаад байгаа юм. Одоо нэмэлт шалгах ажиллагаа явагдах үед мөрдөн байцаагчид, шүүх хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд, эсвэл олон нийтийн, сошиалын нөлөөнд авталгүй үнэн мөнөөр ажиллаасай гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Батнайрамдал: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


– ГАШУУНСУХАЙТАД ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО –

Салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажил, мөн уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдлын талаар ярилцахаар урилаа. Цар тахлын нөлөө салбар бүрд хүндээр тусч байна, ялангуяа уул уурхайн салбарт. Салбарын одоогийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье?

-Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа манай салбарын хувьд “Ковид-19” цар тахлын үед шат дараатай арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлсний дүнд нааштай үзүүлэлтүүд гарч байна. Тухайлбал, ашигт малтмалын экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт Засгийн газрын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тухайд, Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт бага зэрэг буурсан бол нүүрсний экспорт өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, энэ онд 614.9 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.0 хувиар буурсан. Төмрийн хүдэр, баяжмалын хувьд 4,028.6 мян.тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин нүүрсний хувьд 14,930.1 мян.тн нүүрс олборлож, 9,287.6 мян.тн нүүрс экспортолсон нь 2021 оны төсвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулахад 32.3 хувь байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 643.3 мян.тн буюу 7.3 хувиар өссөн байгаа юм. Ковидын дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ төлөвлөснөөс буурах төлөвтэй ч, үнэ өндөр учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын хэмжээнд голлон ямар ажлууд хийхээр төлөвлөсөн. Энэ ажлуудаас хэд нь урагшилж, ямар шатанд явж байна вэ. Өөрөөр хэлбэл, салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын явцаас танилцуулахгүй юу?

-Монгол Улсын эрдэс баялгийн салбар өмнөх жилүүдэд хайгуул, олборлолтод хүч хаяж, хөгжүүлсэн.

Харин одоо бид “боловсруулалт”, “борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг салбарын бодлого болгон хөгжүүлэхээр газрын зургаа зураад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт яамны зүгээс олборлолтоос боловсруулалт руу шилжих томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Тухайлбал,Таван толгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулах төсөл багтаж байна. Түүнчлэн дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, хар төмөрлөгийн (кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр)үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд, Засгийн газраас Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай 113 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд Таван толгойн ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ТЭЗҮ-ийн дагуу 2021 оны III улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Чайна металлуржикал инженеринг компани” (CMEC) боловсруулж, 2021 оны дөрөвдүгээр сард ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. СМЕС компанитай байгуулсан гэрээний дагуу 2 дугаар шатны ажил болох нүүрс баяжуулах үйлдвэрийн FEED буюу урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг нь уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил юм. Паркийн дэд бүтцийн нарийвчилсан зураг, төсөл боловсруулах, барьж байгуулах, паркийнхүрээнд баригдах үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг тодотгох ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.

Шатахууны 100 хувийн импортоос хамааралтай манай улсын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэр барих нь хамгийн их хүлээлт болж байна. Энэ төслийн явц ямар байна вэ?

-Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед БНЭУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийсний үр дүнд Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнд анхаарал хандуулж, ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК өдөр тутмын ажлыг хариуцаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, Төслийн менежмэнтийн зөвлөх компани хамтран ажиллаж байна. Төсөл нийт дөрвөн үеэс бүрдэнэ. Одоогийн байдлаар EPC-1 буюу технологийн бус барилга байгууламжийн ажил хэрэгжиж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгуудын ажил эхэлсэн. Мөн үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн байгууламжуудын барилга угсралтын бэлтгэл ажлууд хэрэгжиж байгаа. Эхний багц ажлыг 2022 оны 11 дүгээр сард дуусган хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэгч Энэтхэгийн тал цар тахлаас үүдэж, хугацаа бага зэрэг алдсан ч, өнөөдрийн эрчээр хугацаанд нь хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн. Харин дараагийн гурван шатны багц ажлын хүрээнд дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэлх 560 орчим километрийн хоолойн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхэлж байна. УУХҮЯ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д “Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтод ес улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сард хүргүүлээд байна. Тэгэхээр хоёдугаар шат наймдугаар сарын 23-нд эцэслэгдэхээр байна.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход дотоодын шатахууны хэрэглээний хэдэн хувийг хангах боломжтой гэж тооцож байна вэ?

-Дотоодын газрын тосоо өөрсдөө боловсруулж, түлш шатахуунаа үйлдвэрлэнэ гэдэг бол Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн бодлогоо бие даан зохицуулах бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг. Үйлдвэр ашиглалтад орноор дотоодын шатахууны хэрэглээний 55 орчим хувийг хангана. Шатахууны үнээс хамааралгүй эдийн засаг гэж байхгүй. Тиймээс ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх түлш шатахууны үнийг төр засаг зохицуулна гэдэг эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус байдалд маш чухал. Томоор харвал, үйлдвэрийг дагаад манай улсад нефть-химийн аж үйлдвэр сууриа тавина.

Төслийн ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд яамны зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн энэ хуулийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулах “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг эцэслэн боловсруулж батлуулахаар Засгийн газарт хүргүүлээд байна.

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн энэ оны долдугаар сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэхэд болно. Гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар бодлого баримталж, ямар ажлуудыг хийж байна вэ?

-Сүүлийн 10 жилийн статистикийг аваад үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг.Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих зорилгоор эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Хайгуулын шатанд хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процессыг ил тод, нээлттэй болгох ажлуудыг хийж байгаа.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг геологи, ялангуяа хайгуулын үйл ажиллагаанд татах гол асуудал бол эрх зүйн орчны тогтвортой болон таатай нөхцөл байдаг. Тэр ч утгаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Мөн 2018 оноос эхлэн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байсан цаасан суурьтай мэдээллийг цахим орчинд мэдээлэл авах боломжтойгоор англи, монгол хэл дээр бэлтгэн Монгеокат системийн хөгжүүлэлтийг хийж байна.

Мөн хайгуулын ажил манайд зогсонги байна. Хайгуул хийх сонгон шалгаруулалтыг яаж хийхээр тогтсон бэ?

-Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн салбар огцом хөгжиж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг энэхүү салбар бүрдүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимтэй олгож байсантай холбоотой. Монгол Улсад 10 жилийн өмнө 2570 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байсан бол өнөөдөр 899 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 80 гаруй тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байна. 2021 оны долдугаар сарын 30-ны байдлаар ашигт малтмалын хайгуулын 922, ашиглалтын 1728 хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ байх ёстой. Гэвч 2018 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож байсныг 2018 онд Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсноор шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил удааширч байгаа.

2019 оноос хойш хоёр жил хагасын хугацаанд хайгуулын 159 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байдаг. Энэ бол чамлахаар үзүүлэлт. Одоогийн сонгон шалгаруулалтын журмаар нэг тусгай зөвшөөрөл олгох хугацаа ойролцоогоор 35 хоног байгаа. Мөн олон нийтийн дунд сонгон шалгаруулалттай холбоотой хардалт, сэрдэлт их байна. Бидний зүгээс олон улсын жишгийг судалж, алдаа онооноосоо суралцаж ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж байна.

Мөн 2021 оны долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Б.Нямбаатараар ахлуулан байгуулаад байна.Энэхүү ажлын хэсгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хардалт сэрдэлт дагуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн, төлөвлөгөөнд багтаасан.

Бид сонгон шалгаруулалтын журмыг ил тод, нээлттэй, хүний нөлөөлөл бага, субьектив буюу өнгө харсан үнэлгээнээс зайлсхийсэн, аж ахуйн нэгжийн шударга оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулахаар шинэчлээд дуусч байна.

Та сая эрх зүйн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явж байгаа гэлээ. Энэ хуулийн төслөөр салбарын ямар асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Голлох өөрчлөлтийн тухайд?

-Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилсэн байдаг. Салбарын яамны зүгээс нэлээн өөрчлөлт, шинэчлэлт орсон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол концепци нь нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт, эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, дөрөвдүгээрт, салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн үзэл баримтлал байна. Чухал өөрчлөлт нь,уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулахыг зорьж байна. Мөн энэ төсөл батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайх, ашиглах, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалттай болж,манай салбарт эерэг үр дагаврууд бий болно гэж үзэж байна. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж байгааг мэдээлсэн. Энэ хуулийн төслийн агуулга ямар байх вэ, одоо ямар шатанд явж байна вэ. Хэзээ Засгийн газарт өргөн баригдаж, УИХ-аар батлагдах вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “.. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд УУХҮЯ-ны зүгээс Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн ТОП 100 баялгийн сан 8.7 их наяд долларын хөрөнгө төвлөрүүлсэн байдаг ба энэ нь дэлхийн зах зээл дээр эргэлдэж буй нийт хөрөнгийн арав орчим хувьтай дүйцнэ. Эдгээр баялгийн сангууд нь байгалийн баялаг болон төрийн өмчит компаниас ашиг орлогоо бүрдүүлж, одоо болон ирээдүй хойч үедээ орлогыг тэгш, шударга хуваарилах зарчмаар ажилладаг.

Үндэсний баялгийн санд хэд хэдэн сангийн төрлүүд багтдаг. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдсэн эдийн засгийн хямралаас хамгаалах төсвийн тогтворжуулалтын сан гэж бий. Мөн ирээдүй хойч үедээ хүртээх хадгаламжийн/ирээдүй өв сан болон дотоод эдийн засагтаа хөрөнгө оруулдаг хөгжлийн сан гэж бий. Үүний тод жишээ нь, Чилийн тогтворжуулалтын сан, Сингапурын Темасек, Казахстаны Самрук Казынаг дурдаж болно.

Өдгөө манай улс төсвийн тогтвортой байдлыг хангах Тогтворжуулалтын сан болон ирээдүй үед хадгаламж үүсгэх Ирээдүйн өв сангийн хуулиудыг 2010, 2016 онд баталсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирэх нэмэлт орлогыг бид хөгжилд хөтлөх томоохон мега төслүүд, эдийн засгийг төрөлжүүлэх үр ашигтай төсөл хөтөлбөрүүд болон нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж, Хөгжлийн сангаар дамжуулан дотоодын эдийн засгаа дэмжихийг зорьж байна. Энэхүү томоохон хөрөнгө оруулалт хийх механизм маань хуульчлагдсан, ил тод, ойлгомжтой, урт хугацааны бодлоготой уялдсан байхаас гадна мэргэжлийн, туршлагатай, итгэмжлэгдсэн удирдлагаар хангагдсан байх ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Эрдэс баялгийн салбарт цахим бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил одоо ямар шатанд явж байна, ямар ач холбогдол, үр дүнг хүлээж байгаа вэ?

-Эхний ээлжинд бид яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг хөгжүүллээ. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна. Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Энэхүү олгох процессыг цахимжуулах, оролцогч аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын материалаа цаасаар биш цахимаар илгээх, хянах, сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаа, шийдвэрийг ил тод, нээлттэй болгохын тулд сонгон шалгаруулалтын цахим систем хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Та Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлын тухай тодруулахгүй юу?

-Монгол, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй өрнөдөг учраас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг ярилцах шаардлага байсан. Би Гадаад харилцааны сайдын албан үүргийг хүлээн авсны дараахан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааг цар тахлын нөхцөл байдалд аль болох хэвийн явуулах талаар тодорхой ойлголцолд хүрсэн байснаа энэ удаагийн айлчлалаар бэхжүүлж чадлаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас айлчлалын хөтөлбөр жирийн үеийнхтэй харьцуулбал цомхон, арга хэмжээ цөөн байсан хэдий ч дөрвөн цаг орчим үргэлжилсэн хэлэлцээ, зоогийн үеэр Монгол, Хятадын харилцааны өргөн хүрээний асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэндээ сэтгэл хангалуун байна.

Хэлэлцээний үеэр бид хоёр улсын харилцааны ойрын хугацааны төлөвлөлтийг ярилцаж, дээд удирдлагын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэхээс гадна хамтын ажиллагааны голлох механизмууд тухайлбал, парламент хоорондын байнгын уулзалтын механизм, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан, ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны гол гол салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, зарим асуудлаар тохиролцоонд хүрсэн бол зарим асуудлыг хоёр талын холбогдох байгууллагууд нарийвчлан хэлэлцэхээр тогтсон.

Хоёр улс “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж буйг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасныг онцлон тэмдэглэмээр байна.

-Энэ хамтарсан мэдэгдлийн ач холбогдол юу болохыг манай уншигчдад дэлгэрүүлж танилцуулахгүй юу?

-Коронавируст халдварын тархалт дэлхийн бүх улсын өмнө томоохон сорилтуудыг бий болгож буйг бид бүгд мэднэ. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэг хамтран, уялдаатай ажиллаж байж даван туулж чадах билээ.

Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн цагаас Монгол, Хятадын ард түмэн “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэгчлэн бие биедээ чин сэтгэлийн дэмжлэг туслалцааг харилцан үзүүлж нягт хамтран ажиллаж байна. Цар тахлын эсрэг хамтран тэмцэхийн зэрэгцээ онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч ирлээ. Өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харьцангуй сайн явуулж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хоёр улсын ГХЯ-даар ахлуулсан коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмыг байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож ажиллалаа. Цар тахлын үед хоёр улсын хилийн боомтуудад “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр улсад ажил, үйлдвэрлэлтийг сэргээх, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллага хооронд цахим уулзалт хийж, халдварын тархалт, оношилгоо, эмчилгээний аргачлалын талаарх мэдээллийг шуурхай солилцож ирсний дүнд хоёр улсын хооронд халдвар харилцан тархаагүй амжилтаа удаан хугацаанд хадгалж байна. 4700 гаруй км урт хилээр хиллэдэг орнуудын хувьд энэ нь томоохон амжилт гэдгийг манай уншигчид ойлгож буй гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын дотоодод коронавируст халдвар тархаж эхэлсэн хүнд хэцүү цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн тусламжийн гараа сунгаж, 300 мянган тун вакцины туслалцааг үзүүлж, улмаар мөн арилжааны шугамаар 4 сая тун “Синофарм” компанийн веросел вакциныг худалдан авах зохицуулалтыг шуурхай хийсэнд Монгол Улсын Засгийн газар, ард иргэд гүн талархалтай байдаг.

Хамтын ажиллагааны эдгээр чиглэлийг үргэлжлүүлж, халдварын тархалтаас сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсонд нь энэхүү Хамтарсан мэдэгдлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал тодорхой хугацаанд үргэлжлэх нь ойлгомжтой болж байгаа өнөөгийн нөхцөл байдалд хөрш орнууд дасан зохицож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зорихоо нотолсон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд эерэг дохио өгч байна гэж хэлж болох юм.

-Таны айлчлалаас өмнө хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, мөн олон чухал тохиролцоонд хүрсэн тухай мэдээ гарч байсан. Та Ван И сайдтай эдгээр тохиролцоог бодит ажил болгох төлөвлөгөөг нарийвчлан тохирсон гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орсны дараахан хөрш орнуудын төрийн тэргүүн нартай утсаар ярьж, хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрсэн нь Монгол-Орос, Монгол-Хятадын харилцаа цаашид тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, Хятадын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрсэн.

Миний бие Ван И сайдтай уулзах үеэрээ хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх хүрээнд хоёр талаас авах арга хэмжээний талаар нарийвчлан ярилцсан. Тухайлбал, “Талын зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дараагийн шатны төслүүдийг тохиролцох, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд дуусгахаар тохирсон. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, ажлын хэсэг байгуулан хамтарсан төслийг нарийвчлан хэлэлцэхээр тогтсон.

-Тэгвэл нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, тохирсон зүйлүүд бий юү?

-Манай улсаас экспортлох нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь халдварын тархалтаас сэргийлэх үүднээс хил дамнасан хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоосонтой холбоотой гэдгийг та бүхэн мэднэ. Урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх зэрэг замаар Монголоос импортоор авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал нотолсон. Хилийн бүс нутагт халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр манай талаас авч буй цогц арга хэмжээний талаар Хятадын талд мэдээлэл өгч, голлох боомтуудаар тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн манай талын саналуудыг би танилцуулсан. Хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний дүнд нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Халдварын тархалтыг хянаж, байдал сайжирвал худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж буй хандлага улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Экспортыг нэмэгдүүлнэ гэхээр хилийн боомтуудын асуудал яригдаж таарна. Боомтуудын хүчин чадлыг нэмэх, саад бэрхшээлийг арилгах талаар нааштай шийдэлд хүрч чадсан уу?

-Мэдээж нэг удаагийн хэлэлцээний хугацаанд манай хоёр орон шиг өргөн харилцааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй. Гадаад харилцааны яамны удирдлагын түвшинд гол зарчмын тохиролцоог л хийдэг. Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлсний үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллах тохиролцоонд хүрсэн.Бидний хүрсэн тохиролцоог бодит ажил болгохоор хоёр талын холбогдох байгууллагуудын түвшинд, тухайлбал орон нутгийн түвшинд яриа хэлэлцээ өнөөдөр ч үргэлжилж байна. Манай консулын газрын төлөөлөл Ганцмод боомтод, холбогдогдох яам, байгууллагын төлөөлөл Гашуунсухайт боомтод ажиллаж Хятадын талын холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Боомт бүрийн нөхцөл байдал өөр байгаа тул тухайн нөхцөл байдалд тохирсон шийдэл олох, хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Саяхан манайд байгуулагдсан Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа ямар учиртай байгууллага вэ?

БНХАУ-д Боомтын захиргаа гэдэг боомттой холбоотой бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлдэг байгууллага байдаг. Манай улсад тийм байгууллага байдаггүй нь боомтуудын үйл ажиллагааны асуудлаар хоёр талын хооронд шуурхай хамтран ажиллахад тодорхой хүндрэл учруулж байсан. Энэ байдлыг сайжруулах үүднээс Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, холбогдох хуулийн зохицуулалтыг УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсний дүнд Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа хэмээх байгууллагыг шинээр байгуулаад байна.Уг захиргааны чиг үүрэг нь хилийн боомтын хяналт, улс хоорондын тээвэр зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах явдал юм.

Монгол Улсын Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа БНХАУ-ын Улсын боомтын захиргаатай шууд хамтын ажиллагаа тогтоож, хоёр улсын хилийн боомтуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шуурхай хэлэлцэх, хамтран зохицуулах механизм байгуулах саналыг айлчлалын үеэр манай талаас дэвшүүлснийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.

-Хөнгөлөлттэй зээл, тусламжийн асуудал яригдсан уу. Ер нь ямар хамтарсан төслүүд хэрэгжиж байна вэ. Шинээр яригдсан төсөл бий юү?

-Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцсон. Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцад цар тахлын улмаас тодорхой хүндрэл гарч буй нь ойлгомжтой. Тухайлбал, төслийн үнэлгээ хийх баг, төсөл хэрэгжүүлэхэд оролцох инженер, техникийн ажилтнууд төлөвлөсөн хугацаандаа ирж ажиллаж чадахгүй байх тохиолдол гарч байгаа. Шинээр хэрэгжүүлэх төслүүд, тухайлбал, аймгуудад ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, эмнэлэг барих төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн. Хоёр талын тохирсон процедурын дагуу Хятадын тал судалж хариу өгөх, манайх төслийн нарийвчилсан мэдээллийг өгөх зэргээр цаашид холбогдох ажил үргэлжилнэ.

-Ван И сайд та хоёрын ярьж тохирсон ажлууд яг хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх вэ. Яг бодит үр дүн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд яаж мэдрэгдэх бол?

-Дээр дурдсанчлан Гадаад харилцааны яамны удирдлагын түвшинд зарчмын асуудлуудыг ярьж, тохиролцдог. Хамтын ажиллагаа хөгжүүлэх ерөнхий нөхцөл, уур амьсгал, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь ГХЯ-дын үндсэн үүрэг юм. Хэрэгжүүлэх тодорхой ажлыг нь холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд хийдэг. Мэдээж тохиролцсон ажлуудын хэрэгжилтэд ГХЯ-дын зүгээс анхаарал хандуулж, хяналт тавьж, тодорхой зохицуулалт, дэмжлэг үзүүлэх болно.

-Таны айлчлалаас өмнө БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар хичээлэх хүсэлт хүргүүлсэн. Энэ асуудлыг нааштай шийдэж чадсан уу?

-Манай 11 мянга гаруй оюутнуудын эрх ашиг хөндөгдөж буй учраас энэ асуудлыг миний зүгээс онцлон ярьсан. Хятадад суралцаж буй бүх улсын оюутнуудтай холбоотой асуудал тул Хятадын тал нарийвчлан судалж байгаа юм байна лээ. Боловсролын яамтайгаа энэ асуудлыг зөвлөлдөж, нааштайгаар шийдвэрлэх боломжийг судлахаа ГХЯ-ны зүгээс илэрхийлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл үүсч болох магадлалтай. ГХЯ-ны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаараа дамжуулан цаашид ч энэ асуудалд анхаарлаа хандуулах болно.

– Эцэст нь асуухад, манай иргэд хэзээнээс урд хөршдөө чөлөөтэй зорчиж эхлэх бол?

-Цар тахлын улмаас иргэд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан нь манай хоёр улс шиг иргэдийн солилцоо ихтэй орнуудын хувьд багагүй асуудлыг үүсгэж байгааг би онцлон ярьсан. Иймээс вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хоёр улсын хоорондын агаарын харилцааг үе шаттайгаар сэргээх, тухайлбал эхний ээлжинд сард хоёр талаас нэг, нэг нислэг хийх зэргээр аажмаар сэргээх санал дэвшүүлсэн. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, вирус мутацид орж байгаа нь халдвараас сэргийлэх ажилд хүндрэл үүсгэж байгааг Хятадын тал тэмдэглэн ярьж байна лээ. Улс хоорондын агаарын харилцааг сэргээх нь цаг хугацааны асуудал бөгөөд цаашид зохицуулалтыг хэрхэн хийх талаар үргэлжлүүлэн санал солилцохын төлөө байгаагаа Хятадын талаас илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Эрүүл мэндийн салбар хүний нөөц, эдийн засгийн нөөцөө бүгдийг нь шавхан ажиллаж байна


Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн яам халдварыг бууруулах чиглэлд ойрын үед ямар ажлууд төлөвлөж, хийж байгаа вэ. Ямар бололцоо байна?

-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид маш их хичээн ажиллаж байгааг ярилцлагынхаа эхэнд онцолж хэлмээр байна. Эрүүл мэндийн яам цар тахлын энэ үед илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэлт зэрэг чиглэлээр бодлогын болон үйл ажиллагааны шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж ажилладаг.

Халдварын тархалтыг бууруулахын тулд бүх нийтээр тэмдэглэх баяр, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хурал цуглаан зэрэг нэг дор олон хүн цугларах арга хэмжээг хориглох, хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт хийх, олон нийтийн арга хэмжээнд нэг дор 10-аас илүү хүн цугларахыг хориглох зэрэг хэд хэдэн саналуудыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст санал оруулсан.

Мөн эм, оношлуур, хамгаалах хэрэгслийн нөөцийг тооцон, тасралтгүй хангах, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг халдвараас хамгаалах стратегийг боловсруулах зэргээр өөрийн яамны чиг үүргийн хүрээнд гаргах шийдвэрүүдийг гаргаж, тодорхой чиглэлүүдээр Улсын онцгой комисс, Засгийн газарт санал оруулж шийдвэрлүүлэх зэргээр ажиллаж байна.

Цаашид ч шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй, түргэн шуурхай гаргаж, тулгамдаж буй асуудлуудаа хурдтайгаар шийдэх шаардлагатай. Ингэхгүй л бол халдварын хурдыг гүйцэхгүй. Бидэнд халдварын тархалтыг бууруулах боломж бий. Халдвар нэг хүнээс нөгөөд тодорхой хэдэн замаар л халдварладаг. Иргэд аль болох эрсдэлгүй хүрээлэлд байж, бусадтай уулзахгүй байх, цахимаар ажиллах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах зэргийг тогтмолжуулж чадвал өвчлөлийг бууруулна. Энд мэдээж вакцинжуулалт маш чухал үүрэгтэй.

Эрүүл мэндийн яам боломжит бүх чиглэлээрээ мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Мэдээж цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо өндөр байна. Тодорхойгүй нөхцөл байдлыг тодорхой болгох шийдэл нь иргэд эрүүл мэндийн салбарынхантайгаа нэг тал болох, хамтдаа аюулт өвчний эсрэг тэмцэх хэрэгтэй болж байна.

-Вакцинд хамрагдалт өндөр байхад яагаад халдварын тоо буурахгүй, өсөөд байна вэ. Өмнө нь иргэдээ вакцинд хамруулаад зургадугаар сарын 15 гэхэд халдвар буурна гэж мэдээлж байсан шүү дээ. Энэ тооцоолол юу болсон бэ. Хэзээнээс халдвар буурч, хэвийн байдалд очих бололцоотой байна?

-Насанд хүрэгчдийн 80-аад хувийг вакцинжуулчихаад байхад яагаад халдвар буурахгүй байна гэх асуулт их ирж байгаа. Түүнчлэн ташаа ойлголт их тархсан, үүнд дараах хэдэн шалтгаан бий. Юуны өмнө Засгийн газар насанд хүрэгчдийн 62 хувийг вакцинд хамруулах зорилт тавьсан.

2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 52,5 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байна. Вакцин хийлгэж болохгүй заалттай хүмүүс болон эсэргүүцэгчдийн тоо нь 300 мянга орчим.

Монгол Улс 3,357,542 хүн амтай (100%). Үүнээс 0-17 насны 1,185,991 хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг эзэлж байна. Эдгээр шалтгааны улмаас дархлаажуулалтын хувь зорилтот хэмжээнд хүрээгүй явна.

Гэтэл хүн амын дунд дархлаа тогтох түвшин 78-80 хувь байх ёстой. Энэ түвшинд хүрэхийн тулд вакциндаа хамрагдаагүй залуу хүмүүс, түүнчлэн вакцин үйлдвэрлэгчийн зөвшөөрч, зөвлөж буй тодорхой насны бүлгийн хүүхдүүдээ вакцинд хамруулах нь чухал болж байна.

Хоёрдугаарт, Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд 15 буюу түүнээс дээш хоног болсон хүний тоо 1,578,648 хүн буюу одоогоор дөнгөж 50 хүрэхгүй хувьтай байна. Вакцины хоёр тунг хийлгээд 14-28 хоногийн дараа хүний биед хамгаалах уураг, санамжийн эс үүсч хүндрэлээс сэргийлдэг. Тиймээс хүн амын дунд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тун авсны дараа 14 хоног болсон иргэдийн тоо нэгдүгээр тунгийн хамрагдалтаа гүйцэж ирэх хүртэл хугацаанд иргэн бүр хариуцлагатай байж маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барих, олноор цуглахгүй байхыг уриалаад байгаа юм.

Гуравдугаарт, 2021 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэх хүн амын хөдөлгөөн цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 133 хувиар нэмэгдсэн байгаа юм. Халдвар буурч хэвийн түвшинд очихын тулд иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсанаас хойш 14-28 хоногийн хугацаа хэрэгтэй байдаг. Иймд иргэд маань олноороо цуглахгүй байх, бие биенийдээ айлчилж баяр тэмдэглэхгүй байх, аль болох зөвхөн өөрийн амьдралд нэн шаардлагатай ажил, гэр зэрэг тэр л хөдөлгөөн, чиглэлээсээ хэсэгтээ битгий хазайгаасай гэж хүсч байна.

Тэгэхээр өнөөдрийн хөдөлгөөний эрчим, вакцинд хамрагдалт маань бидний тооцоолсноос өөр байгаа учир халдварын тоо зургадугаар сарын 15-аас буурна гэсэн төсөөлөл маань өөрчлөгдчихөж байгаа юм.

-Хүүхдүүдийг вакцинд хамруулах чиглэлд ямар бодлого баримталж байна. Хичээл, сургууль эхлэхээс өмнө зөвшөөрөгдсөн насны хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах вэ?

-16-17 настай хүүхдүүдийг тархвар судлалын заалтаар сайн дурын үндсэн дээр, эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулж эхлээд байна. Хүлээлтээс давсан хамрагдалттай байгаа. Харин 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулах асуудал дээр холбогдох салбар зөвлөлүүд болон шаардлагатай бүх бүтцүүд олон судалгаанууд дээр ажиллаж дүгнээд ДЭМБ-аас тарьж болох тухай зөвлөмжийг өгсөн тул энэ насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Үүнээс гадна өндөр хөгжилтэй зарим улс шинжлэх ухааны судалгаанд суурилж дээрх шийдвэрийг гаргаж эхэллээ. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын Захиргаа зохицуулалтын шинэчлэл хариуцсан сайд Коно Таро хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийсэн. Тус улс 12-оос дээш насны хүүхдээ вакцинжуулж эхэллээ. Айх зүйл байхгүй гэдгийг хэлж байна. Яг үүнтэй ижил Монгол Улс шинжлэх ухааны ололт амжилтыг үндэслэн ийм шийдвэр гаргаж байна. Мэдээж хүүхэд гэдэг бол хүн бүрийн хамгийн эмзэг эрдэнэ. Тийм учир бид вакцинжуулах гэж яарахаас илүүтэйгээр гарч болох нөлөөлөл, үр дүнг маш тодорхой болгож байж вакцинжуулалтаа эхлүүлж байгаа гэдгийг зориуд тодотгон хэлмээр байна.

-Улсын баяр наадам зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэж иргэд ярьж байна. Үүнд Эрүүл мэндийн яам ямар бодлого, чиглэлтэй байна?

-Би дахин тайлбарлая. Цар тахал, халдварт өвчин бол аливаа хавьтлаар нэг хүнээс нөгөө хүнд халддаг. Хүний хөл, хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тийм учраас манай яамны зүгээс аливаа нийтээр тэмдэглэх баяр, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хурал цуглаан зэрэг нэг дор олон хүн цугларах арга хэмжээг хориглож, хойшлуулах чиглэлийг санал болгож байгаа.

-Дархлаажуулалтад хамрагдаад халдвар авсан хүмүүс хэд байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн гаргасан тайлангаар Улсын хэмжээнд коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон нийт 1,392,571 хүн байгаагаас 1.01 хувь (14,101) нь халдварт өртөж, өвчилсөн байна. Үүнээс вакцины бүтэн тунгаа аваад 14 хоногоос дээш болоод халдвар авсан байдлаар үзвэл, Комирнэти буюу Пфайзер 0,15 хувь, Веросел 0,35 хувь, Спутник 0,47 хувь, Астразенека 0,48 хувийг эзэлж байна. Бид анхнаасаа хэлээд л байгаа шүү дээ. Тодруулбал, “Та хэдийгээр хоёр тунгаа бүтэн авч, вакцинд хамрагдсан ч халдвар авч өвчлөх, улмаар халдвар тараагч болох эрсдэлтэй. Гэхдээ вакцин хүндрэх, цаашлаад нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална аа” гэж.

Тиймээс вакцины хоёр тун хийлгэсний дараа ч маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, дотоод орчинд агаар сэлгэлт хийх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал.

-Эрүүл мэндийн салбарын хувьд, цар тахлын үед гарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Хүний нөөцийн асуудал хамгийн хүнд байна. Эрүүл мэндийн салбар гэдэг эмч, сувилагч гэсэн мэргэжлээр хязгаарлагддаггүй. Эдгээр хүмүүсийн ард дэмжих алба буюу асрагч, үйлчлэгч, угаагч, ариутгагч, техникийн ажилтнууд, жолооч, нярав, нягтлан гээд маш олон хүний хөдөлмөр энэ салбарыг хөдөлгөж байдаг. Эдгээр хүмүүс маань эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх, цар тахлын голомтод ажиллах зэргээр хуваагдан ажиллахын зэрэгцээ эмчилгээ асаргааны явцдаа өөрсдөө ч халдвар авч өвчилснөөр бид хүний нөөцийн асуудалтай тулгарч байна. Таны ярилцлагаар дамжуулан өнөөдрийг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнчээр, сэтгэл зүрхээ зориулан, ар гэрээ олон хоногоор орхин байж цар тахлын эсрэг тэмцэн ажиллаж буй нийт эрүүл мэндийн салбарынхандаа болон бусад бүх салбарын ажилтан, ажиллагсдадаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Баярлалаа гэдэг үгийг бодит дэмжлэгтэй болгохын төлөө Засгийн газрын гишүүн байх хугацаандаа хичээн зорьж ажиллах итгэл үнэмшилтэй байгаа. Бид нэг дор бүгдийг зэрэг өөрчилж чадахгүй. Гэхдээ аль болох хурдтай өөрчлөх, ялангуяа нийгмийн асуудал дээр анхаарах ёстой. Би ч өөрөө салбарт ажиллаж байсан эмч хүний хувьд энэ үед ямар зовлон, бэрхшээл байгааг бүгдийг сайн ойлгож, мэдэж байгаа.

-Эмнэлгүүдийн нөхцөл байдлын мэдээлэл өгөхгүй юү. Эмнэлэгт ор байхгүй, халдвартай хүмүүсийг хүлээж авах газар олдохгүй гэх шүүмжлэл гарч байна?

-Бид анх гурван эмнэлэгт 1,000 орчим ор бэлдэж эхэлсэн байдаг. Дөрөвдүгээр сарын халдварын давлагаагаар орны тоог маш богино хугацаанд нэмэгдүүлснээр одоо улсын хэмжээнд 12000 гаруй эмнэлгийн ор цар тахлын эсрэг ажилуулж байна. Энэ орыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй болоод байна. Учир нь түрүүн хэлсэнчлэн эрүүл мэндийн салбар хүний нөөц, эдийн засгийн нөөцөө бүгдийг нь шавхан ажиллаж байна. Орыг бол дэлгэж болж байна, харин хүний нөөцийг “дэлгэх” боломж байхгүй тул ард иргэд та бүхэн өөрсдийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалах үүднээс эрүүл мэндийн салбарынхны гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөөсэй гэж дахин дахин хүсч байна. Мөн хотын захиргааны шинэ байранд 145 орыг бид дахин дэлгэж байна. Хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсээ эрэмбэлэн ангилж дэс дараалан суларсан эмчилгээний оронд хэвтүүлэх хүртэл байршуулахаар төлөвлөж байна. Үнэхээр энэ өвчний эсрэг Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, төрийн бусад салбарынхан ард иргэд та бүхэнгүйгээр тэмцээд үр дүнд хүрэхгүй шүү дээ. Нөгөө талдаа бид цар тахалд бүхнээ зориулбал бусад өвчнүүдийн эсрэг эмнэлгийн тусламж яах билээ. Маш олон хүмүүс өнөөдөр бусад өвчнөөр шаналж буй учир хурдан хугацаанд энэ цар тахлыг дарахад иргэн бүрийн өөрийгөө гэсэн, гэр бүлээ гэсэн, хамт олноо гэсэн, улс орноо гэсэн сэтгэл, зүтгэл хамгаас чухал. Энэ цаг мөчид халдвар хамгааллын дэглэмээ барьсан хүмүүсийг жинхэнэ эх оронч гэж хэлэх хэрэгтэй байх шүү.

-Нас баралтын хэмжээ өндөр байна. Цаашид нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх вэ?

-Улсын хэмжээнд 2021 оны зургадугаар сарын 22-ны байдлаар коронавируст халдвар нийт 100,263 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралт 469 болсон байна. Дэлхийн дундаж 2 хувь. Өдөрт гарч буй халдварын тохиолдлын тоогоор бид бусад улс орнуудтай харьцуулахад дээгүүр байгаа нь үнэн ч нас баралтын түвшин харьцангуй бага байгаа.

Жишээ нь, Хятад улсын бүртгэгдсэн тохиолдол манай улстай хамгийн ойр ижил буюу манайх хүн амдаа тооцвол өндөр хэдий ч нас баралтын хувь 9-10 дахин бага байгаа нь бид хүндээ тусламж үйлчилгээг хүргэж чадаж байна, нөгөөтэйгүүр манай эмч сувилагч нарын мэдлэг, чадвар шаардлагатай тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг сайн хангаад өгвөл олон улсын жишигт хүрснийг харуулж байна гэж би дүгнэж байгаа.

Гэвч өдөр болгон иргэд энэ цар тахлын улмаас нас барж байна аа гэдэг бол аюул дуусаагүй ээ гэсэн үг. Нас баралтыг бага байлгах, цаашлаад нэг ч хүнээ энэ өвчнөөр алдахгүйн тулд манай салбарынхан бүх л арга хэмжээг аван ажиллаж байна. Нийт нас барсан тохиолдлын 57 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Нас барсан хүмүүсийн дотор зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, уушгины архаг бөглөрөлтөт зэрэг архаг суурь өвчний оноштой хүмүүс голлох байрыг эзэлж байна.

Мөн энэхүү цар тахалтай тэмцсэн цаг хугацаанаас олж харсан нэг зүйлийг цаашдын салбарын бодлогодоо тэргүүлэх чиглэл болгон ажиллана гэж бодож байгаа. Энэ цар тахлаас нэг талдаа бид анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ололт болсон вакцинаар эрсдэлээс хамгаалж, хүндрэл нас баралтаас сэргийлж чадаж байна. Нөгөө талаас хувь хүн бүр өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө маск зүүж, зайгаа барьж, гараа сайн угааж, ариутгавал халдвар авахгүй байж болж байна. Ингэхээр аливаа өвчин эмгэгээс ангид байх буюу сэргийлэхэд хувь хүний оролцоо маш их буюу ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ байна гэсэн үг гэдгийг цар тахал тод томруун харуулж байна. Тийм болохоор цаашид бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгон ард иргэддээ эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй системтэй, чанартай олгож, аливаа өвчин эмгэгээс маш үр дүнтэй сэргийлж болно гэж харж байгаа. Бид цаашдаа архаг суурь өвчнийг эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх нь чухал гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байгаа. Засгийн газрын зүгээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр томоохон ажлуудыг эхлүүлэхээр зэхэж байна.

-Шинжилгээ авах цэгүүдийн тоо цөөхөн байна. Үнэгүй шинжилгээ өгдөг цэгүүдийн тоог нэмэгдүүлж, шуурхай болгох боломж бий юү?

-Эрүүл мэндийн яам УИХ-аас төсвийн тодотгол хийж өгөхийг хүсч байгаа. Эм, оношлуурын нөөцийг бэлдэхийн тулд Засгийн газар бүх талаар дэмжиж байна. Өдөрт бид дундаар 10 мянган PCR шинжилгээ хийж байна. Нэг оношлуур худалдан авах үнэ ойролцоогоор 30,000 төгрөг. Энэ дээр сорьц авах ажилтны цалин, хамгаалах хэрэгсэл, тээвэрлэлт, лабораторийн зардал нэмэгддэг. Тэгэхээр зөвхөн шинжилгээний оношлуур худалдан авахад 300 сая төгрөг зарцуулж байна гэсэн үг. Иймээс оношлуур, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа юм. Тэгэхгүй бол зөвхөн эрүүл мэндийн яамны төсвөөр зардлыг дийлэхгүй.

Цаашид эмнэл зүйн шинж тэмдэгт тулгуурласан, түргэвчилсэн тестийн оношилгоог илүүтэй ашиглахын зэрэгцээ шаардлагатай тандалт, хавьтлын PCR шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийдгээрээ хийнэ. Харин дээр дурдсан бусад шаардлагаар буюу сайн дураараа эмчийн заавраар бус хийгдэж буй шинжилгээг төлбөртэй болгохоос өөр арга байхгүй. Дахин тодруулан хэлэхэд тандалт, хавьтлын буюу тархвар судлаач эмчийн заавраар хийгдэх шинжилгээ үнэ төлбөргүй, өмнө нь хийгдэж байсан журмаараа явж байгаа. Илрүүлгийн 40 автобус бүхий эмч, эмнэлгийн ажилтнууд иргэдэд үйлчилсээр байна.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Энэ сонгууль эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх

УИХын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.


Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцлоо. Сонгуулийн үр дүнгийн тухайд Та улстөрч хүний хувьд юу хэлэх вэ?

-Ардчилсан нам нэгдэж сонгуульд оролцоогүй учраас л ард түмэн дүнгээ тавьсан гэж харж байна. Эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх. Одоо бурууг хайж дотроо дахин хагаралдах бус, эргэж буцалтгүй ирээдүйн төлөө зоригтой алхмуудыг хийж, хуучнаа халж, цаг үеэ мэдэрч өөрчлөгдөх нь зүйтэй. энэ л прогресс.

Хэд хоногийн өмнө УИХын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин та гурав Ардчилсан намын асуудалд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн. АН нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар болж байгаагаа мэдэгдсэн. Гишүүдийн гарын үсгийг цуглуулснаар намын дотоод асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа юу, ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Ардчилсан нам ардчилсан арга барилаар л асуудлаа шийднэ. Шүүхээр бус. Ингэж чадахгүй бол ардчилсан нам гэж өөрсдийгөө нэрлэж зарчмын хувьд болохгүй шүү дээ. ийм цагт нэгдэж, хамтаараа хэлэлцэж, асуудлаа шийдэхгүй бол 30 жилийн ардчиллын түүхийг ухрааж буй хэрэг болно.

Санаачилгын зорилго нь намын нэгдмэл байдал, эв нэгдлийг хангах, цаашлаад намын үйл ажиллагааг олонхын саналаар дэмжигдсэн нэг удирдлагатай болгох.

Тусдаа хурал хийж, тусдаа дарга сонгож, тусдаа аппарат ажиллуулж, бие биенээ үгүйсгэсэн гомдол маргааныг хууль, шүүхийн байгууллагаар барьж гүйснээр хэн нь ч ялсангүй шүү дээ. Үүнийг өнгөрсөн сонгууль баталлаа. Ирээдүйгээ, гишүүдээ бодох хэрэгтэй. Сэтгэл зүрхээрээ ардчиллыг дэмжиж ирсэн сонгогчид, гишүүдийн итгэл алдарч байна.Тиймээс үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гишүүдийнхээ олонхын байр суурь, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Хувь хүмүүсийн хувьд зөрчилдөх олон учир шалтгаанууд байгаа байх. Эцэс төгсгөлгүй үргэлжлээд байгаа энэ маргаан, зөрчилдөөнөө намаас ангид, гал тогооноос гарч байгаад шийдэцгээмээр байна. Хатуухан хэлэхэд, үүнийг дор бүрнээ ухамсарлаж шийдвэртэй алхам хийж чадахгүй бол энэ нам цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэг хэсэг хүмүүсийн улс төрийн карьертай хамт дуусч, үнэ цэнэгүй болох нь. Бид гурав энэ санаачилгаараа живж яваа хөлөг онгоцоо уснаас хамтаараа гаргацгаая гэж гишүүддээ уриалж байгаа. Дашрамд хэлэхэд, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа гурав дарга болох нь, ард нь Ээбий байна уу, хэн байна гээд л нөгөө улиг болсон уламжлалаараа битгий хардаарай, бидэнтэй хамтраад урагшаа явцгаая гэж Үндэсний бодлогын хорооны гишүүдээсээ чин сэтгэлээсээ хүсмээр байна.

Үр дүнд хүрэх үү?

-Хүрнэ гэж бодож байгаа. Ойлголцож, эвлэж нэгдэж байсан үедээ ялалт байгуулж ирсэн түүхтэй. Ялсан үедээ нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэчлэлтүүдийг алдаа оноотой ч зоримог эхлүүлдэг учраас Монголын ард түмэн Ардчилсан намыг дэмждэг. Намд өгсөн олон түмний итгэл бол энэ намыг үүсгэн байгуулж, үүний төлөө зүтгэж байсан үе үеийнхний 30 жилийн хамтын зүтгэлийн үр дүн шүү дээ. Бүтээсэн бүтээлээ өөрсдийн гараар устгахгүй байх аа гэж бодож байна. Ардчилсан нам тарж бутрах нь хэнд нь ч ашиггүй. Салж бутарсан МАН, МАХН 10 жилийн дараа нийлж байна, энэ бол бас л нэг сургамж.

Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай болсон гэдгийг сүүлийн хоёр сонгуулийн үр дүн хангалттай сайн харууллаа гэж бодож байна. Таны бодлоор яаж шинэчлэгдэх шаардлагатай юм бэ?

-Ард иргэдийн хүсэн хүлээсэн Ардчилсан намыг цоо шинээр дахин бүтээх.Ардчиллын амин сүнс хүний эрх, шударга ёсны баталгаа нь болох. Сэргэлт, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ хүч хэрэгтэй байна. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа нийгэмтэйгээ, залуу хойч үеийнхэнтэйгээ холбогдож, хүсэл мөрөөдлийг нь мэдэрч, хамтын зорилгоо ойлголцож, бүтээлцэх тогтвортой институци болгох ёстой.Болохгүй байгаа тогтолцоогоо дотор, гаднаас нь засч сайжруулахын тулд бие биенээ үгүйсгэх биш, оюун санаагаа нэгтгэх хэрэгтэй байна.

Ардчилсан намын нөхцөл байдал, нэр хүнд бодит байдал дээр ямар хэмжээнд байна вэ. Улс төрийн хоёр дахь хүчин байхаа больсон байна гэх дүгнэлтийг хүмүүс хэлж байна. Энэ тухайд таны бодол юу вэ?

-Ийм л хүнд нөхцөл байдал үүссэн учраас л сэргэлт, эв нэгдэл хэрэгтэй гээд байгаа юм. Үүний дараа л нэр хүнд, хүчтэй байдлын тухай ярилцана. Эвээ олсон тохиолдолд АН-ын хувьд амархан сэргэнэ. Хүний нөөц, үзэл санаа, шийдэл гарцын нөөц энэ намд бүрэн байгаа. Өмнөх үе нь намаа өмчлөөд байлгүй дараа үедээ илүү боломж өгч, нээлттэй байж, их улс төрд суралцахад нь тусалж, дэмждэг уламжлал, соёлыг бий болгомоор байна. Мэдлэг боловсролтой, туршлагатай, манлайлагч залуучуудын үзэл санааны нэгдэл болж чадвал байр сууриа хадгална.Ялагдана гэдэг шинэчлэгдэх шаардлагатай байгааг л харуулж байгаа хэрэг.

Монголын улс төрийн талаар таны бодол?

-Монголын улс төр үнэлэмжгүй болж байна. Төрийн өндөр албаны хүмүүсийн үг, үйлдэл үнэн байх ёстой. Сонгогдсон, томилогдсон зарим хүмүүсийн нийгэмд биеэ авч яваа үлгэрлэлгүй байдал, гэмт хэрэг зөрчилтэй холбогдсон, төр, хувийн эрх ашгийнхаа эрэмбийг умартсан байдалд ард иргэд үнэхээр дургүйцэж байна. Нам дотроо нэг нэгэндээ зарчмын шаардлага тавьж, алдаа оноогоо шүүж, хариуцлага хүлээлгэх ёс зүйн шүүлтүүрийн механизмтай болохгүй бол улстөрчдийн, намуудын нэр хүнд улам л унана. Эв нэгдэл гэдэг бас муу муухай бүхнээ хааж халхавчилж, хуйвалдахын нэр биш. Өрсөлдөгчөө, өрсөлдөгч намаа хууль бусаар замаасаа зайлуулж, өөртөө таатай байдал бий болгохын тулд нам дамнаж бүлэглэж, зураглаж байгаад ажилладаг болсон байна шүү дээ.Энэ бол улсаа, ирээдүйгээ баллаж байгаа үйлдэл. Эдийн засаг, нийгмийн хөгжилд саад болж буй гол зүйл энэ бохир улс төр.Монголын төрд өөр стандарт, үнэлэмж тогтоохын тулд шинэ үеийн улстөрчдөд энэ системийг бүхэлд нь өөрчлөх үүрэг ирж байна.

УИХын сонгуулиас хойш та нэг хэсэг чимээгүй байлаа, хаана юу хийж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хийсэн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад судалгаа хийх ажилд нэлээд цагаа зарцууллаа. Болж өнгөрсөн үйл явц бүрийг цаг хугацааны дарааллаар, бодит үр дагаврыг илэрхийлэх хэмжих үзүүлэлттэйгээр нь гаргаж үзэж, алдаа, анхаарах зүйлээ ойлгож авах нь улс төрийн намууд, улстөрчдөд их чухал санагддаг. Хөгжлийн бодлого боловсруулдаг мэргэшсэн институт “think tank” бодлогын судалгааны чадварлаг байгууллагуудаа бүр бодлогоор дэмжиж, датаа мэдээлэл бүрдүүлэх боломжийг нь нээлттэй болгож, бодитой судалгаанд нь үндэслэн шийдвэрээ гаргаж байхгүй бол эрх барьж байгаа нам, улстөрчид энэ улсаар зүгээр л тоглож байна шүү дээ. Дуртай дуртай өнцгөөсөө ярьж, өөрчилж, бужигнуулсаар шилжилтийн үед тавигдсан ардчилал, зах зээлийн нийгмийн үндэс-чөлөөт эдийн засгийн тогтолцоо, хүний эрх, шударга ёсны зарчим бүр алга болох тал руугаа орчихлоо. Тогтвортой бус, байнга савласан, нэгээс нэг рүү үсэрсэн, өмнөхөө үгүйсгэсэн хөрөөний ир шиг үр дагаврыг харуулж байгаа дөрөв дөрвөн жилийн хувирамтгай бодлого арга хэмжээнүүд засаглалыг ч, эдийн засгийг ч сулруулах үндсэн шалтгаан болж байна. Үүнийг бодлогын хувьд өөрчилж чадах чадамж, төлөвшилттэй улс төрийн намыг нийгэм хүсээд байгааг ойлгож, дотоод өөрчлөлт шинэчлэлээ хийх хэрэгтэй байна.

Таны ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


УИХаар энэ долоо хоногт хэд хэдэн хуулиуд хэлэлцэх тов гарсан байна. Та эдгээр хуулиас аль хуулинд ач холбогдол өгч, ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногт Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Кино урлагийн тухай хуулийн төсөл, Соёлын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр тов гарсан байгаа. Эдгээр хуулиудаас ойрын үед ач холбогдол өгч байгаа хуулиудыг дурдвал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээд явж байна. Уг хуулийн төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, зургадугаар бүлэгт “Эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”, 31.1-д заалтыг дурдаж болно. “Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хуулийн этгээд байна” гэсэн заалттай санал нийлэхгүй байгаа. Учир нь сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтын байгууллагын гол технологи байдаг атал энэхүү технологи руу нь төрийн бус байгууллага орж, зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх болж байгаа юм. Зарим хуульчид өөрийн хамгаалсан эрдмийн ажлаа сургалтын хөтөлбөрт оруулахаар шахалт үзүүлэх гэх мэт эрсдэл үүсэх магадлалтай.Төрийн дээд боловсролын бодлогын гол чиг үүргийг төрийн бус байгууллага авахаар байгаа нь харагдаж байна. Боловсролын яамны харьяанд Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл ажилладаг.

Тус байгууллага чиг үүргийн хүрээндээ хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг хийдэг. Төрийн бус байгууллага магадлан итгэмжлэл хийгээд байвал дурын төрийн бус байгууллага дор бүрнээ өөр өөрийн чиглэлээр дээд боловсролын магадлан итгэмжлэл хийж болохоор буруу жишиг тогтох талтай юм.

Та Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулийн төслийн агуулга ямар байх тухайд тодруулахгүй юу?

-Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын хамт санаачилсан юм. Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Зарим улс орон энэхүү баярыг үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр ирсэн. Тэдгээр улс орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, өөр хоорондоо ном уншиж өгч, зохиолч, нийтлэгчид өөрсдийн номоо түгээн дэлгэрүүлэх гэх мэт янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан. Иймд нийгмийн хэрэгцээ, шаардлага, соён гэгээрлийн сайн сайхны төлөө нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний номын баярын өдөр”-тэй болох нь зүйтэй юм.

Хуулийн төсөл хуульд нэмэлт оруулах хэлбэрээр боловсруулагдсан ба Нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Номын баярын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэх юм. Ингэснээр иргэд болон хүүхэд багачууд ном унших идэвх санаачилга нэмэгдэж, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг сурталчилж, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлж, хүний хөгжлийг дэмжинэ. Номын баярын өдөр нь бүх нийтээр амрахгүй уг өдрийг бямба, ням гаригт буюу амралтын өдөр тааруулж хийнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болох гэж байна. Та энэ хуулинд ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Энэ хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцох талуудын эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой, тэнцвэртэй байдлыг хадгалах зорилготой маш чухал хууль юм. Хөдөлмөрийн харилцаа нь гурван талын харилцан тохиролцоон дээр үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас эхэлдэг. Энэ хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Жишээ нь, Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хорин тав ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрны 4 хувиас доошгүй тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй бол зохих орон тоо тутамд оногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санд төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн байна.

Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Би өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл болон тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүдтэй хамтран санаачлан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан байгаа. Үүнээс дурдвал, Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай тогтоолын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, Ойн болон шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг Улсын Их Хуралд өргөн барьж баталлаа. Зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ. Мөнгөний бодлогын хүрээнд 2020 оны туршид бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан зургаан хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах замаар эх үүсвэр чөлөөлж, урт хугацаатай, зорилтот репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж ашигласнаар зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлэв. Ингэснээр шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны 4 дүгээр сард жилийн 15.0 хувь болсон.

Одоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явна. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар нарын хамтаар өргөн барьсан юм. Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн “төлбөр тооцоо” гэснийг “мөнгөн хөрөнгийн шилжүүлэг” гэж өөрчилсөн. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж, баталсан ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгасан. Түүнчлэн харилцах дансыг нэр томьёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар зохицуулалт хийсэн.

Мөн Музейн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан байгаа. Монгол Улс анх удаа Музейн тухай хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдах нөхцөл бүрдэж байна. Түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын үнэт зүйлийг хамгаалах, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж сайжирч нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн музейн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэгийн орон зай болж хөгжих суурь тавигдах юм.

Одоогоор Соёлын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа Боловсролын багц хууль дээр анхаарлаа хандуулж ажиллах болно. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүүхдийг бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж түүнийгээ чанартай хэрэгжүүлж, тогтвортой явуулах хэрэгтэй.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 онд хамрагдаж эхлэхдээ төсвийн алдагдал, зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар үүрэг амлалт авснаар, тэтгэврийн даатгалын шимтгэлд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүр долоон хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сард тус бүр 2.5 хувиар нэмэхдээ үе шаттайгаар шилжих зохицуулалт хийсэн байгаа. Энэ зохицуулалт нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тусгагдсан. Тодруулбал, 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 онд тус бүр 9.5 хувийн шимтгэл авахаар үе шаттай зохицуулсан юм.

Энэ хуулийн өөрчлөлтийг 2017 оны дөрөвдүгээр сард болон 2019 оны 12 дугаар сард тус тус хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үед дэлхийг хамарсан одоогийн цар тахлын аюулыг урьдчилан харах боломжгүй, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал 2020, 2021 ондоо үргэлжилнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй байдалд байсан. Тиймээс өнөөгийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг харгалзан бид энэ хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн заалтыг тодорхой хэмжээгээр бууруулах зохицуулалт хийсэн. Ингэснээр тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүрээс нэг хувь буурч, нийт хоёр хувиар буурсан байгаа.

Ковидын нөхцөл байдал хүндэрч байна. Манай улсын эдийн засгийн сүүлийн үеийн үзүүүлэлтүүд ямар хэмжээнд хүрсэн тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын эдийн засаг “Ковид-19” цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн. Гэвч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшсан. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авсаар байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Цар тахлын улмаас экспорт буурч үйлдвэрүүд ажиллахад тун хүнд байна. Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар уналтад орвол улсын төсвийн орлого буурч эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тээврийн салбарт шууд нөлөөлдөг бөгөөд бүх төрлийн тээврийн орлого өмнөх онуудаас буураад байна. Эдийн засгийн өсөлт суларсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох нүүрсний экспортын орлого 2.5 дахин алтны экспортын орлого 2.4 дахин, зэсийн баяжмалын орлого 1.4 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.

“Ковид-19” цар тахал нь өрхийн орлого, ажлын байр, хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр хариуцлагатай байх нь маш чухал. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ зөв сахин маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барин, хувийн ариун цэврийг чанд сахих нь бидний үүрэг юм. “Ковидгүй зуны төлөө” иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй зөв сахицгаая гэж уриалмаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Дэлгэрсайхан: Дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно

УИХын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


Та орон нутагт, тойрогтоо ажиллаад ирлээ. дорноговь аймагт нөхцөл байдал ямар байна вэ. тэр дундаа Замынүүд боомтод байдал хүндэрч байгаа талаарх мэдээлл бий?

-Дорноговь аймагтаа ажиллаад ирсэн. Сумдаар бүтэн тойрлоо. Замын-Үүдэд ажиллалаа. БНХАУ-ын талаас цар тахлын халдвар хамгааллын дэглэм барьж Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах хөдөлгөөнд саатал үүсээд байгааг та бүхэн мэднэ. Аймгийн хэмжээнд нэгдүгээр тунд бараг 100 хувь, хоёрдугаар тунд 70 хувь хамрагдалттай байна. Уг нь сая нэг хэсэг халдварын тархалт нэлээд хумигдаж байсан ч дахиад дэгдэж эхэлсэн. Цаашид Замын-Үүдийг дан ганц тээвэр ложистикийн чиглэлээр хараад байж болохгүй юм байна. Ачаа тээвэр зогсоход тэнд ажиллаж байсан жолооч, тэдний ар гэрийнхэн гээд олон хүний амьдрал хүнд байдалд орсон. Тиймээс Замын-Үүдийг ганц тээвэр ложистик гэж харахгүйгээр, томоохон үйлдвэрүүд барих ёстой. Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажилласан. Монгол Улсын Засгийн газраас энэ ондоо багтаад Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээхээр боллоо.Чөлөөт бүсийг нээж байж газар авсан аж ахуйн нэгжүүд барилга, үйлдвэрүүдээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх бололцоог хангана.

Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгохтой холбоотойгоор Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Үүгээр дэд бүтцийн ажлууд, зам талбайг барина. Мөн зургаа, долоон жил гацаад явахгүй байгаа дулааны станцыг ашиглалтад оруулахаар хөрөнгө мөнгийг нь шийдэхээр боллоо. Дэд бүтийг нь шийдэж байж олон барилга байгууламж баригдах юм. Одоо Замын-Үүдэд хоёр ч томоохон үйлдвэр баригдаад эхэлсэн. Мах боловсруулах, мах савлаж ууталдаг үйлдвэр баригдаж байна.

Замынүүд боомтын байрыг шинэчлэн барьж байгаа. энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Замын-Үүд болон бусад Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал боомтуудад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд Замын-Үүдийн боомтын хуучин шалган нэвтрүүлэх боомтыг найм дахин томсгон барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дорноговь аймагт том төслүүд хэргэжиж байгаа. эдгээр бүтээн байгуулалтууд цаашид хэрхэн үргэлжлэхээр харагдаж байна вэ?

-Дорноговьд 2016-2020 онд томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн.

Эргээд харахад цаг хожсон, хурдан хийсэн, олон давуу талууд бий. хэн ч цар тахал гарна гэж төсөөлж, тооцоолоогүй байсан. Үүнээс урьтаж олон том төсөл, бүтээн байгуулалт баригдлаа. томууд нь, нефть боловсруулах үйлдвэр, зүүнбаян-Таван толгойн төмөр зам. Ерөнхийлөгч гурван долоо хоногийн өмнө дорноговь аймагт ирж, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан. Одоо тохиолдол холбооны багахан ажил үлдсэн. Долдугаар сард эхний галт тэрэг аялах байх. нефтийн үйлдвэрийн тухайд, тус үйлдвэрийг дагалдуулаад 20-иод үйлдвэр нэмж баригдана. Төмөр нойтон аргаар баяжуулах, нүүрс угаах, угаасан нүүрсээ коксжуулах, тэндээс гарсан төмрийн хүдрийн баяжмал, кокс хоёроо нийлүүлээд ширэм болгох гэх мэт үйлдвэрүүд дэс дараатай баригдаад явж байгаа. Энэ үйлдвэрүүд баригдах дэд бүтцийг засгийн газар шийдэж өгсөн. Гэх мэт эдгээр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад ороход дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно. Ядаж бид арматураа хийдэг болбол барилгын материалын үнийн цохилтод орохгүй шүү дээ.

Олон үйлдвэрүүд баригдахаар ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчин дутагдах асуудал үүсэх үү. Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?

-Төмөр замчдаа бэлдмээр байна, баяжуулах үйлдвэрлэлийн ажилчдаа бэлдмээр байна. мал аж ахуйн салбар, хүнд уул уурхайн салбарт ажиллах хүчээ орон нутагтаа бэлтгэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. орон нутгийнхаа залуучууд, хүүхдүүдийг Дорноговь аймагтаа бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс БСШУЯ- тай ярилцаад, Дорноговь аймагт Политехникийн коллеж байгуулсан. энэ коллежиор төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд бэлтгэгдэх юм.

Аймгийн бүх сумд дэд бүтцэд холбогдсон байх аа. Мөн орон сууцжуулах хөтөлбөр ямар шатанд явж байна вэ?

Дорноговь аймагт хүн амын тоо хурдацтай өсч байна. Иргэд ажлын байраа дагаж нүүж ирсээр, дээр нь төрөлт нэмэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилд орон сууцжуулах хөтөлбөр эрчтэй явагдсан. Энэ жил ч мөн орон сууц хөтөлбөр үргэлжилж байна. Аймгийн бүх сум инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Одоо араас нь сумдад орон сууц барьж байна. Суманд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, малчдыг сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүн амынх нь тооноос хамаарсан орон сууц барьж эхэлсэн. Зарим сумдад баригдаж буй орон сууц ашиглалтад орох гэж байна. Сайншанд, Замын-Үүдэд 2000 орон сууц барина гэсэн төлөвлөлт хийсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж ярьж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Төр тогтвортой байх асуудал гадаадын хөрөнгө оруулагчдад амин чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, цар тахалтай байгаа ч эдийн засгаа орхихгүй гэдэг бодлого барьж байгаа. Эдийн засгийн гол тулгуур нь дорноговь юм. тиймээс томоохон бүтээн байгуулалтыг хурдлуулах, гадны хөрөнгө оруулалтыг татах зэргээр ажил үргэлжилнэ. Дорноговь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой аймаг. Яагаад гэвэл, дэд бүтэц, зам, эрчим хүч нь байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтаар нар салхины станцууд манайд баригдлаа. одоо усны асуудлаа бодлогоор шийдэж байна. дорноговьд хоёр дахь хийгдэх том бүтээн байгуулалт бол зүүнбаян-Ханги мандалын төмөр замын асуудал байна. засгийн газраас төлөвлөсөн 100 том төслийн эхний 30 төсөл дотор зүүнбаян-ханги мандалын төмөр зам орсон. Ерөнхий сайд л.оюун-эрдэнийн хувьд, энэ том бүтээн байгуулалтыг Улсын төсвөөр гэхээсээ илүү хувийн болон гадна, дотны хөрөнгө оруулалтаар шийдье гэж хэлсэн. Энэ мэдэгдэл, гадныханд болоод дотоодынхонд том мессэж болсон. Тэр утгаараа энэ том төслийг богино хугацаанд явуулах боломжийг тавьж өгч байгаа юм.

Мөн гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль Уих-ын чуулганаар хэлэлцэгдсэн. Энэ хуулиар жуулчдыг татах, хил орчмын болоод “өдрийн жуулчин” гэдэг шинэ нэр томьёог анх удаа хуулинд суулгаж өглөө. ингэснээр, ханги-мандал болон замын-үүд боомтоор урд хөршөөс жуулчид орж ирээд нэг өдөр болоод гарах ийм боломжтой. энэ нь Монгол Улсын эдийн засагт нэмэр болох, жуулчдыг татах бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлнө. Жилдээ 125 мянган жуулчин хамрын хийдэд ирдэг. Ихэнх нь дотоодын жуулчин, 5-10 хувь нь барууныхан, япончууд байдаг. нэг өдрийн жуулчин гэдэг нь, тухайлбал, Өмнөдмонгол, хятад жуулчид Монгол руу өдрөөр орж ирээд, дэлгүүр хоршоогоор худалдан авалт хийж, хилийн багана дээр зургаа авахуулаад буцдаг ийм жуулчин юм. Яагаад ийм жуулчдыг татах гээд байгаа юм гэхээр, Эрээн болоод баяннуур, хөх хот руу цаанаас гурваас найман сая жуулчин ирдэг юм байна лээ. Энэ олон жуулчдаас ядаж бид таваас арван хувийг нь монгол Улс руу татвал, хил орчмын иргэдийн амьдрал сайжирч, малчдын орлого нэмэгдэх юм. хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. тэр жуулчид орж ирээд эхний ээлжинд иднэ шүү дээ. Тэр хэмжээгээр махны үнэ өсөх, .иргэдийн орлого нэмэгдэх, өөрсдийн эко махыг сурталчлах гээд олон давуу тал харагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын махны экспорт нэмэгдэж байна. махаа гурван улс руу экспортолж байна. Голдуу бнхАУ руу, мөн АнэУ, охУ руу махаа экспортолж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт дээр хоёр зүйл нэмж хэлэхэд, туркүүд манай аймагт жилийн дөрвөн улирлын хүлэмж барьж өгөхөөр болсон. Нөгөөх нь, томоохон хэмжээний мах боловсруулах үйлдвэр хоёр жилийн дотор барьж өгнө. энэ үйлдвэрт малчдынхаа махыг худалдан авч эргүүлээд нядалж, бэлтгэсэн махаа том бүтээн байгуулалт хийж байгаа уул уурхай, баяжуулах үйлдвэр, цэргийн ангиудаа ханган нийлүүлэн ийм циклиэр бид ажиллах юм. ингэснээр махны үнийг тогтвортой байлгах, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах юм. энэ жишиг Өмнөговь аймагт хийгдсэн байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Сонгууль жилээс жилд намдуу болж байна

Ардчилсан намын дарга М.Тулгаттай ярилцлаа.


Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцож байна вэ. сонгуулийн сурталчилгааны явцаас танилцуулахгүй юу?

-Сонгууль эхлээд ид дундаа орж байна. Уулзалтууд хуваарийн дагуу явагдаж байна. Нэр дэвшигч маань сая орон нутагт ажиллаад ирлээ. Би зарим аймгуудаар хамт явж ажилласан. Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигчийн талаар зөв ойлголт авлаа, дэмжих сэтгэл төрлөө гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан. Миний хувьд амжилттай боллоо гэж дүгнэж байна.

нэр дэвшигч с.эрдэнийг зарим аймагт эсэргүүцэж, хүлээж авахгүй, хөөж байгаа бичлэг цахим орчинд явж байсан. ардчилсан намын гишүүд өөрсдөө С.Эрдэнийг эсэргүүцсэн гэх мэдээлэл цахим орчинд явж тарсан. Юу болсон талаар тодруулахгүй юу?

-Миний явсан аймгуудаас ганцхан аймагт буюу Дорнод аймаг дахь уулзалтын үеэр нэг уриа лоозон барьсан эмэгтэй нэр дэвшигчийг юм ярьж байхад арваад минут зэрэгцэж ярьж, орилж саад хийсэн. Гэхдээ тэнд байсан бусад иргэд, намын дэмжигчид тэр хүнд шаардлага тавьж, тэгсхийгээд намжсан. Дорнодын “Найрамдал” паркт болсон тэр уулзалт ерөнхийдөө их сайхан болж, сүүлд нь зураг хөргөө авахуулж, чөлөөт ярилцлага өрнөөд дууссан даа. Харин яг тэр хүний саад хийж байгаа бичлэгийг тасдаж аваад “Дорнодод хөөгдлөө” гэсэн гарчиг тавиад цахим орчинд зориуд явуулаад байна лээ. Ер нь бол орон нутагт нэр дэвшигчийг сайхан хүлээж авсан. Ардчилсан намын дотоод асуудлаас шалтгаалаад зарим орон нутагт нэр дэвшигчийг дэмжихгүй, эсрэг ажиллана гэх мэт яриа дуулдаж байсан. Санаа зовж байсан, гэтэл яг яваад очиход бол намын гишүүд, дэмжигчид маань дуу нэгтэй бид ардчиллаа дэмжилгүй яахав гэсэн байр суурьтай байна лээ. Намын дотоод асуудлын тухайд гишүүд маань “Та нар минь хурдхан учраа олоорой, итгэж хүлээж байгаа шүү. Ерөнхийлөгчийн сонгууль дээр бол намаа дэмжилгүй яахав” гэж ярьж байсан.

Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль намдуу болоод байна уу. Та улстөрч хүний хувьд сонгуулийн уур амьсгалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгууль жилээс жилд намдуу болж байгаа шүү дээ. Арав, хорин жилийн өмнөх сонгуулийн үеэр энэ тэндгүй концерт, найр наадам болж, ухуулга сурталчилгаа нүсэр болдог байсан. Сүүлийн жилүүдэд үзэгдэх байдлын хувьд сонгуулийн сурталчилгаа аядуу, даруухан гэмээр болж байгаа тал бий. Нөгөө талаас, яг цаанаа бол зорилтот сегмент бүлэг рүүгээ илүү фокуслаж ажилладаг болж байна. Ялангуяа Монгол Ардын Нам төрийн аппарат, төрийн эрх мэдэл, асар их мөнгөөр бярдаж сонгууль хийж байна. Өчигдрөөс малчдад 100 мянган төгрөгийн шилжүүлэг орж эхэлсэн мэдээлэл авлаа. Засгийн газраас тусламж гэдэг нэрээр. Энэ бол шууд санал худалдан авч буй үйлдэл. Үүнийг шалгах ёстой.

Саяхан залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж санаачилга гаргадагөглөөтөсөл зогсож байгаагаа мэдэгдлээ. Үүнийг юу гэж харж байна?

-Залуучуудын төлөөлөл болж ажилладаг энэ байгууллага өмнөх сонгуулиар иргэд, олон нийт, залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, хүчтэй акц хийсэн.

Гэтэл сая ямар нэг нууцлаг шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоох болсон тухай мэдэгдлээ. Улс төрийн дарамт шахалт юмуу, юу юм. Хачирхалтай л санагдаж байна. Эрх баригч намын хувьд сонгуулийн ирц муу байх нь ашигтай. Учир нь найдваргүй, савласан саарал хэсэг цөөн байх тусмаа, өөрсдийнх нь хайрцагласан, сүлжээ үүсгэж ажилласан хатуу хэсэг нь жин дарна гэсэн үг.

Уих дахь Ардчилсан намын гишүүд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж байгаа юу. Тэд өлсгөлөн зарлаж, эсэргүүцэж байсан шүү дээ. Одоо ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Бүлгийн дарга Н.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын тухайд намынхаа албан ёсны нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн байр суурьтай, өөр өөрийн онцлогтойгоор дэмжиж ажиллаж байгаа. Бусдын тухайд тодорхой мэдээлэл байхгүй байна.

Ардчилсан нам үе үеийн сонгуульд амжилттай оролцож ирсэн. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуульд ялна гэсэн итгэлгүй оролцож байгаа нь гайхширал төрүүлж байна гэх шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Нэр дэвшигчтэй ойр байгаа хүний хувьд хэлэхэд, манай нэр дэвшигч ялна гэсэн гүн итгэл үнэмшилтэй явж байгаа. Дээрх асуултын буюу сонгууль даруухан болж байна гэдэг утгаар тэгж харж байхыг үгүйсгэхгүй. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа сонгууль болохын хувьд маш өндөр зардалтай байдаг, үүний нэлээд хэсгийг олон нийтийн хандив, дэмжлэгээр бүрдүүлж явдаг. Ардчилсан намыг дэмждэг үндсэн масс бол баялаг бүтээгчид, тэр дундаа олигархиуд биш, жижиг дунд бизнесийнхэн байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн маань сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр гүн хямралд өртсөн. Ер нь Ковидын энэ хүнд үед сонгуулиар хамаа намаагүй цацаж байх нь утгагүй юм. Харин нөгөө талд эрх баригч намд юу л байна, данхайсан том төр, данхайсан том төсөв л байна. Хэдий тийм ч, Ерөнхийлөгчийн сонгууль бол Ардчилсан намын “бөхөд” ээлтэй “наадам”. Бид ялна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь манай төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгч гэдэг инстутици бол дэлхийд ховорхон жишиг, өөрийн гэсэн онцлогтой. Үндсэн хуулиар манайх парламентын засалалтай орон хэдий ч, парламент дээр аль нэг нам хэт давуу болж, ноёрхох тохиолдолд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч хяналт, тэнцвэрийг бий болгож өгдөг онцлогтой. Тиймээс ч Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр дэвшигчид илүүтэй итгэл өгч байсан.

Ардчилсан намын зүгээс нэр дэвшигчдийн дунд таван удаагийн мэтгэлцээн хийе, бусад зардлуудаа хэмнэе, иргэд сонгогчиддоо өөрсдийнхөө үзэл бодол, бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө ярьж уралдая гэдэг уриалга гаргасан. Үүнийг “Зөв хүн электорат” эвсэл дэмжсэн. МАН-аас хараахан хариу ирээгүй байна. Дахиад бид энэ хүсэлтээ тавина. Ийм байдлаар монголчууд бид сонгуулийн утга учиргүй их зардал, хэнээрхлийг хэмнэх, илүү үр дүнтэй уралдаан зохиох ёстой юм.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө Ардчилсан намаас СЕХнд мэдэгдэл хүргүүлсэн. Сонгуулийн санал хураалт шударга болж чадах эсэхэд та бүхэн юу хэлэх вэ?

-2020 оны УИХ-ын сонгуулиар программ хангамжид зохион байгуулалттайгаар нөлөөлсөн байх магадлалтай баримтууд дэлгэгдэж байна. Тэр хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад, “хохирогчгүй хэрэг” гээд хаасан байна. Хохирогчгүй гэж юу гэсэн үг вэ? Сонгууль шударга бус явагдвал хохирогчид нь Монголын нийт сонгогчид, мөн нэр дэвшсэн, саналаа луйвардуулан ялагдсан бүх нэр дэвшигчид юм. Ер нь 2020 оны сонгуулиас хойш хар машиныг тойрсон янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тиймээс үүнийг маш сайн шалгаж, үнэн мөнийг ньтогтоож мухарлаад явах ёстой гэдэг байр суурин дээр байна. Шударга сонгууль байхгүй болвол Монголын ардчилал мөхнө. Тэгэхээр Ардчилсан нам энэ асуудал дээр цаашид ч анхаарал тавьж, сонгуулийн луйвар гаргуулахгүй байхын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана.

Ардчилсан нам дотооддоо нэгдэхээр боллоо гэсэн мэдээлэл цацагдаж байгаад чимээгүй болчихлоо. Юу болсон бэ?

-Ардчилсан намын гишүүд нь хоёр хуваагдаад хагарчихсан зүйл байхгүй байна. Сонгуульдаа бүгд нэгдмэл байр сууриндаа, Ардчилсан намын нэр дэвшигчээ дэмжиж оролцож байна. Харин намын дунд шатанд зарим дарга нар эсрэг байр суурь илэрхийлж, түүнийгээ нийт гишүүдийн санал мэтээр зарлаж яваа тал бий. Гэхдээ анх эсэргүүцэж байсан хүмүүс хүртэл одоо дэмжинэ ээ, ардчиллаа хамгаалж авч үлдэх үү, үгүй юү гэдэг энэ сонгуулиас ихээхэн хамаарна гэж ярьж байна. Нам бус хүмүүс ч гэсэн манай нэр дэвшигчийг дэмжиж, уриалж байгаад баяртай байна. Нэр дэвшигч С.Эрдэнэ хүний зовлонг сонсдог, ойлгодог, олон хүнийг чирч явдаг ийм онцлогтой нэр дэвшигч. Хуурамч гоё сайхан ярьдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг. Сурталчилгааны явцад нэр дэвшигчийн маань чанар чансаа хүмүүст танигдаж, үнэлгээ нь өссөөр байна.

Харин хоёр даргын асуудал нэг талдаа шийдэгдэж байна уу гэвэл, одоогоор үгүй. Би О.Цогтгэрэл гишүүнд уулзах саналыг сүүлийн гурван долоо хоногийн турш тавьсан ч, хүлээж авсангүй. Хамгийн сүүлд манай намын Open democracy буюу “Нээлттэй ардчилал”гэдэг клубийн залуучууд хоёр талыг зуучлах уулзалт зохион байгуулахаар болсон. Яг уулзахаар болж байтал, нөгөө талаас сонгуулийн дараа болъё гээд цуцалсан. Миний хувьд, сонгуулийн өмнө уулзаж, ойлголцох санаатай байсан ч, бүтэлтэй болсонгүй.

Та ойрын үеийн улс орны нийгэм, эдийн засгийн байдлын тухайд юу хэлэх вэ?

-Одоо бол их шуурганы өмнөх нам гүм байдал гэдэг шиг л байна. Удаан хөл хорионд байсан аж ахуйн нэгжүүд дөнгөж ажиллаж эхэллээ. Цар тахал хумигдаагүй байгаа ч гэсэн иргэд маань ажил төрлөө амжуулах гээд бүгд л хөлхөлдөж байна. Жинхэнэ хямралын гамшиг долдугаар сараас эхэлнэ. Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлт, хүүхдийн мөнгө олголт, ус цахилгааны төлбөрийн чөлөөлөлт гээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Эрх баригчдаас эдгээр арга хэмжээг цааш сунгах талаар судална гэж байгаа ч, үнэндээ бол үүнээс цааш төсөв санхүүгийн боломж байхгүй. Ердөө сонгуулийн өмнө аргацаасан мэдэгдэл. Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа “Уучлаарай бид нар чадахгүй нь ээ” гэх болов уу. Ер нь Монгол Ардын Нам, Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ бодохгүй, тэдний үйл ажиллагаанд санаа зовохгүй байна. Ганц жишээ хэлэхэд худалдаа эрхлэгчид, бизнес эрхлэгчид маань хил гаалийн асуудалд үнэхээр үгээ барж байна. Хил гаалийн зардал нь дөрөв дахин өссөн. Захиалсан бараа, түүхий эд хил дээр гацчихсан. Хурдан гаргаж авах нь авлигаас хамааралтай. Худалдаа наймаа хийдэг хүмүүсийн хувьд, өндөр хүүтэй зээл аваад эргэлтийн хөрөнгөөрөө бараа, түүхий эдээ захиалчихдаг. Гэтэл тэдгээр нь хил дээр нам гацаатай. Хэн ч үүн дээр ажиллахгүй байна. УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нар нь орон нутагт хуваарилагдан явж, нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийгээд явж байна.

Та Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хорих ангид очиж уулзсан. Юу ярилцсан бэ?

-Сая хэд хоногийн өмнө миний бие Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханыг эргэж очлоо. Өмнө нь 2020 оны аравдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр мөн би үзэл санааны хоригдол болсон Ардчилсан намын лидерүүдээ эргэж очиж байсан. Ардчилсан нам шударга шүүхээр шүүлгүүлж чадаагүй үзэл санааны хоригдол болсон энэ хүмүүсээ хамгаалж өмгөөлж дуугарах ёстой. Олон нийтэд шүүхийн хараат бус байдал, хэргийн цаад учир шалтгаан, үнэн мөнийг олон нийтэд гаргаж тавьж, сануулж байх ёстой.

Бид хуулийн засаглалтай оронд амьдарч байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хамгийн гол нь тэр шүүх маань хараат бус байж, шүүхийн процесс нь хуулийн дагуу байх ёстой. XX зуунд Монголын тусгаар тогтнолын төлөө явсан төрийн зүтгэлтнүүд толгой дараалан хядуулсан. Хилсээр цаазлуулж, шоронд тамлагдсан. Тэгвэл өнөөдөр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилласан, чөлөөт зах зээлийн нийгэм, эдийн засгийн тэлэлтийн бодлого дээр гардаж ажилласан төрийн зүтгэлтнүүд шоронд хоригдож байна. Дубайн гэрээ гэдэг ч юм уу сүртэй нэртэй хэрэг ярьж байгаад, эцэст нь албаны автомашины үнийн зөрүү гэх мэт зүйл ангиар яаж ийгээд буруутгах жишээтэй. Сталины “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчим шүү дээ. Тиймээс цаашид ч бид энэ хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явах ёстой.