Холимог тулааны ОУХМ Жадамбаагийн Нарантунгалагтай ярилцлаа. Тэрээр аравдугаар сарын 30-нд Макаод зохиогдсон “Legend-6” тулаанд Австралийн тамирчин Адриан Пангийг буулган авч ММA-гийн аваргын бүсийн эзэн болсон юм.
–Макаод зохиогдсон уг тэмцээн чухам ямар тулааных байсан юм бэ.
-Тулааны
урлагийн барилддаг, өшиглөдөг, боодог, цохидог гээд бүхий л элементийг оруулдаг холимог тулааны буюу ММА-гийн “Домог” нэртэй тулааны аваргын бүсийн төлөө тоглоод ирлээ. ММА-гийн холбоо нь Азидаа хамгийн томд тооцогддог.
–Холимог тулаан гэхээр бие хамгаалах урлагуудын нийлбэр гэж ойлгож болох уу?
-Бүх
тулааныг хольчихсон. Бөхийн барилдааны авч шидэх, жүдо, самбын өчиг, боолт, боксын цохилт гээд бүгдийг оруулсан. Бээлий нь маш нимгэн. Чөлөөт тулаан. Энэ тулаанд юу ч хийж болно.
–Дүрэмгүй зодоон, хориотой тулааны тэмцээн гэж нэрлээд байсан?
-Дүрэмгүй
тулаан гэдэг рүү нь дөхөж очно. Гэхдээ шууд тэгж нэрлэж болохгүй. Дотроо өвөрмөц хэд хэдэн дүрэмтэй. Хуруугаар нүд рүү хатгахгүй, хазахгүй, дагз, эмзэг эрхтэн рүү цохиж болохгүй гэсэн цөөхөн дүрэм бий.
–Бусад тулааны спорттой харьцуулбал хориглох заалт нь цөөн юм?
-Таэквондод гараар цохих, унагаах, авч шидэх, унасан хойно нь цохихыг хориглодог. Бокст өшиглөхийг, жүдод боох, өчихийг зөвшөөрдөг хэрнээ хөлд өчих нь хориотой. Самбод боодоггүй ч хөл, гард өчдөг. Чөлөөт бөхөд ноцолдоно, цохиж болохгүй гэдэг. Каратэд цохиж болно, гэхдээ толгой руу болохгүй. Мутай бокст тохойдож, өвдөглөж болно. Харин авч шидэх, унасан хойно нь цохиж болохгүй гэдэг бол холимог тулаанд энэ бүгдийг зөвшөөрдөг. Бүгдийг хийнэ.
–Таны оролцсон тэмцээн “Legend”-ийн зургаа дахь удаагийнх нь байсан юм билээ?
-Анхных
нь буюу “Legend-1”-д монголын тамирчид оролцож хориотой мэх хийсэн гэж шүүгчдийн булхайгаар хасагдаж байсан. Энэ удаад би шавь Д.Батгэрэлтэйгээ хамт оролцлоо. Шавь минь анх удаа мэргэжлийн тоглолтоо хийж ялалт байгуулсан. Өрсөлдөгч тамирчин нь Хонконгийн каратэгийн тамирчин байсан. Өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авч ялалт байгуулсан. Бид “Legend-1”-д оролцсон монголын тамирчдынхаа хариуг авч ялалт байгуулж, аваргынх нь бүсийг аваад ирсэндээ баяртай байна.
–Д.Батгэрэл тулааны ямар спортоор суурилсан бэ?
-2008 оноос манай “Шандас” клуб үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүр эхлэлийг нь яривал Асашёорюү Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын “Хүчтэн 19-68” гэж клуб байсан юм. Тэр клубт би сургалтаа авч, шавь нараа бэлдэж эхэлсэн. Тэгэхэд л бэлдэж байсан шавь нарын минь нэг нь Д.Батгэрэл. Д.Батгэрэл маань кикбоксын суурьтай. Сүүлийн үед барилдаан, тулааны спортын бүхий л зүйлийг хийж байгаа. Бид нарын бэлтгэл сургуулилтыг “Komit
service” компанийн удирдлагууд дэмжиж, тусгай байраар хүртэл хангаж өгсөн. Олон сайхан залуусыг дэлхийд нэрээ гаргасан тамирчин болоход тусалж дэмждэгт нь баярладгаа илэрхийлье.
Холимог бие хамгаалах урлаг буюу ММА Монголд хүчээ авч эхэлж байна. Энэ урлагийг манайд мэргэжлийн түвшинд хөгжихөд Араи Жүничи гэдэг япон багшийн нөлөө их бий. Энэ хүн “Жайка”-гийн шугамаар энд ажилладаг ч өөрийнхөө сонирхлоор бидэнд ММА-гийн тулааныг зааж сургаж байна. 1996 оноос клуб байгуулаад бие хамгаалах урлагийг зааж яваа хүн. Би энэ хүн дээр 2007 оноос хичээллэсэн. Одоо бол шавь нартайгаа хамт холимог тулааны хичээл заалгаж байгаа. Саяын тэмцээнд Жүничи багш маань бидэнтэй цуг явсан. Энэ хүн монгол тулааны урлагийг мэргэжлийн түвшинд гарахад маш их хувь нэмэр оруулж байна.
–Танай клубт холимог тулаанаар хичнээн тамирчин бэлтгэгдэж байна вэ?
-20 гаруй тамирчин байна.
–Холимог тулааны тэмцээнүүдийг харж байхад тамирчид нимгэхэн бээлий, шүдний хамгаалалттай л харагдсан. Өөр хамгаалалт гэхээр юм байхгүй юм билээ?
-Нимгэн
бээлий, шүд, эмзэг эрхтэний хамгаалалт л хэрэглэдэг.
–Холимог тулаанд тамирчид цус нөжтэйгээ холилдчихсон их л хүнд байдалтай тулалдаж байдаг. Хамгаалалт, хориглох заалт бага болохоор гэмтэх бэртэх аюул их байх?
-Харин
ч энэ урлагаар тоглоход амар. Босоо зодоонд өрсөлдөгчөө зөвхөн цохиод л байна. Цохиулахгүй гээд өрсөлдөгчөө бариад авбал хориотой. Каратэд маш их гэмтдэг, нүцгэн гараар зодолддог учир. Харин холимог тулаанд өөрийгөө яаж ч хамгаалж болно. Бүх хувилбар нь бэлэн. Толгойдоо ганц ч цохиулахгүй гээд өрсөлдөгчөө барьж авдаг ч юм уу, авч шиддэг ч юм уу янз бүрээр хамгаалаад ерөөсөө цохиулахгүйгээр ялалт авч болно. Тактикаа зөв боловсруулаад тулалдах хэрэгтэй.
–Аливаа бие хамгаалах урлагт гар хөл нь хурдан байх гэхээсээ илүүтэй толгойгоо сайн ажиллуулсанд нь ялалт ирдэг?
-Сэтгэн
болдох чадвар маш их хэрэгтэй. Тулаанчид шатарчнаас илүү бодол гаргадаг. Шатарчин хүн энгийн үед тухтай нь аргагүй бодож байгаад сүүлд нь нүүдэг. Харин тулаанд бодсон даруйдаа хийхгүй бол хоцорно. Амьсгал дээрдсэн, өвдсөн, ядарсан, цуцсан үедээ шатарчных шиг тийм бодол гаргах ёстой. Гэхдээ маш хурдан нүүдэл хийх хэрэгтэй. Цохилтоо хийж байхад өрсөлдөгч маань миний толгой руу цохиж өнөөх хариу цохилтын бодлыг мартуулна. Өрсөлдөгчийн цохилтыг ирэхэд юмаа мартахгүйгээр хийх юмаа хийгээд явна гэдэг чинь бодол, сэтгэхүйн хувьд дээд чанар болох гээд байгаа юм. Мэргэжлийн тулаанд хоёр тамирчин тоглоход хэн нь тулааны төгсгөлд эхнийх шигээ сэтгэн бодож чадах вэ гэдгийг судлаад алийг нь ялахыг урьдчилаад таамаглачихдаг. Тэр таамгаар л болчихдог доо.
–Дүрэмгүй, хориотой, шилэгдмэл эрсийн тоглодог тулаанд Монгол залуу аваргалсан гэсэн чинь бид омогшсон. Ялалт тамирчин хүний хувьд хамгийн сайхан мөч байдаг. Та цээжин дээрээ монгол бичгээр “Монгол” гэж бичсэн шивээстэй харагдсан?
-Морьтой,
нартай “Монгол” гэсэн гоё шивээс бий. Би 2004 оноос гадаадад мэргэжлийн тулаануудад оролцож эхэлсэн. Тэмцээнд оролцох бүртээ “Чингэс хаан” хамтлагийн “Чингэсийн баатрууд” дууны аян дээр рингэд гардаг.
…Халдвал халтай гэдгээ мэдүүлэх гэж
Хамтарвал үнэнч болохоо таниулах гэж
…Галд норсон гайхам заяа
Усанд шатсан үнэн заяа… гээд маш гоё үгтэй дуу. Энэ дуунаас ч юм уу бусад зүйлээс маш их эрч хүчийг авдаг. Энэ удаад монгол хүн анх удаа бүх юмыг хольсон хүнд тулаанд аваргын төлөө тоглохоор болсонд сэтгэлзүйн хувьд маш хэцүү байсан.
Анх удаа аваргын бүсийг нь авчих юмсан. Монгол бол бөхийн орон. Аугаа дайчин, түүхтэй орон гэдгийг батлахсан гэсэн бодол дэндүү их байсан. Эндээс Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны Удирдах зөвлөл бүтэн багаараа очиж дэмжсэн. Дээр нь Жүничи багш, шавь нар минь хамт очсон болохоор сэтгэлзүйн хувьд маш хүчтэй болж, ялагдах ёсгүй гэсэн бодлоор дүүрсэн. Би ялалт байгуулах бүртээ уухай хашгирдаг. Энэ тэмцээнд ялалт байгуулаад уухай хашгирахад жинхэнэ кайфтай байсан. Тэр кайф маань дээд цэгтээ хүрсэн. Уулын оргил дээр хүн гараад хашгирдаг даа. Түүнээс ч илүү гээд бод доо. Шавь нар маань “Таны уухай хашгирч байсан тэр мөч хамгийн гоё агшин байсан” гэцгээсэн.
Аваргын бүсийн энэ тулаанд би хөлдөө өчүүлсэн. Өрсөлдөгчөө цохиод байсан чинь бээлий нимгэн болохоор сарвууны яснууд минь хавдчихсан. Хуруу тулдаг даа тэрэн шиг сарвууны савхан яснууд тулаад хавдчихсан. Надтай тоглосон Австралийн тамирчин ерөөсөө ухардаггүй онцлогтой юм билээ. Цохихоор урагшаа дайраад л байна. Нимгэн бээлийтэй болохоор толгой руу цохиод байсан чинь сарвуу хавдчихсан.
Намайг хөлдөө өчүүлэхэд шавь нар минь “Багш маань бууж өгнө гэж байхгүй дээ. Одоо яах бол доо, яана аа” гэж бодсон гэсэн. Тэгээд яахав тэр хүнд байдлаас гарч ялалт байгуулсан. Шавь нар маань “Таныг тийм хэцүү байдлаас гараад ялсан чинь үнэхээр гоё байна” гэж хэлэхийг нь сонсоод миний хамрын самсай шархирсан. Ялалт минь үнэхээр амттай байлаа. ММА нь одоо дэлхийн тулааны оргил болж байна. Америкт туйлдаа хүртэл хөгжиж байна ш дээ.
–Тантай тоглосон Адриан Панг “Legend” тулааны удаа дараагийн аварга байсан юм биш үү?
-Австрали,
Шинэ Зеландын тамирчид чинь их хүчтэй. К-1-д Австрали, Шинэ Зеландын тамирчидтай тулалдахад хүнд жингийн тамирчдад нь цохилт ордоггүй юм. Гараа буулгачихаад цохиулаад л дайрч ирээд цохиод авдаг тамирчин олон байдаг.
Адриан Панг “Legend”-ийн аваргын бүсийг хамгаалсан тамирчин байхгүй юу. Кэйж Форсе гэдэг торон дотор зодолддог тулааны аварга тамирчин. Мутай боксоор суурилж, чөлөөт бөх, жиү жицүгээр дагнасан шилдэг тулаанч. Босоо, хэвтээ зодоон, барилдаанд аль алиндаа жигд. Ийм жигд чанартай тамирчин ховор. Харин миний хувьд нэлээд дөхөж очих байх гэж боддог юм. Би багаасаа бөхөөр барилдаж байгаад жүдогоор хичээллэж залуучуудын УАШТ-д гавьяат тамирчин Нармандахтай аваргын төлөө барилдаад мөнгөн медаль авч байлаа. Брюс Лигийн үндэслэсэн жеткундо тулааны урлагаар 1993 онд Эрдэнэтэд Бэхээ багш дээр хичээллэж байлаа. Жүдогоор барилддаг байхдаа жеткундогоор хичээллэсэн юм.
Аравдугаар ангидаа Эрдэнэт хотын жеткундогийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж байлаа. Бэхээ багш маань шавь нараа Японы хүчний кёкушин каратэд оруулсан. Би энэ каратэгаар Азийн аваргын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. 2003 онд Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар “Mongolian
figthing” тулааныг 93 кг-аас дээш, доош гэсэн хоёр ангиллаар зохиосон. Би тэгэхэд 72 кг-ын жинтэй байж 93 кг-аас доош жингийн ангилалд түрүүлсэн юм. Гэх мэтчилэнгээр өөрийгөө холимог тулаанд болж байгаа гээд тоогоод байгаа шүү. Би чансаагаараа мэргэжлийн 500 тулаанчаас 14 дүгээр байрт орчихоод явж байна.
–Таны рингийн нэр “Тунгаа” байх аа?
-Тийм.
Тунгаа гэдэг.
–Тулаанчид тоглолтын арга барил, онцлогоосоо хамаарч рингийн хочтой байдаг, хаздаг, хайрдаг, цахилгаан энэ тэр гээд. Таных юу?
-(Инээв).
Намайг хүүхэд байхаас минь Тунгаа гэж дууддаг байсан. Эмэгтэй хүний нэртэй. Намайг бүгд Нарантунгаа гэцгээнэ. Арван жилд байхдаа охидын үзлэгт хүртэл дуудагдаж байлаа. Чухам юу гэдгийг нь мэдэлгүй охидын үзлэгт яваад очиж ч байсан хөгтэй явдал бий. Тунгаа гэдэг чинь их гоё үг ш дээ. Бодож, тунгаа, шүүж тунгаа гэсэн үг. Ер нь шилэгдэх гэсэн утгатай юм уу даа.
Кикбоксын босоо тулааны дэлхийн шилдгүүдийг шалгаруулдаг К-1 (К one)-д оролцохоор Японд очлоо. Тэр тэмцээнд аваргын төлөө тоглохдоо үсрэлттэй, эргэлттэй шинэ мэх хийсэн юм. Тэгтэл япончууд гайхаад “Монголд бөх байдаг болохоос ингэж үсэрч, эргэдэг тулаан байдаг юм уу. Хүний хийдэггүй юмыг хийлээ” гээд Асашёорюү Д.Дагвадоржоос “Энэ ямар мэх вэ” гэж асуусан чинь “Энийг чинь Чингэс цавчилт гэдэг байхгүй юу” гээд хэлчихсэн гэсэн. Түүнээс хойш намайг “Чингэсийн цавчилт” гэдэг болсон. Аварга омогшоод л тэгээд хэлчихсэн хэрэг.
–Таны төрсөн нутаг ус хаана вэ?
-Би
Булган аймгийн Бугат сумын хүн. Бугат сум маань Эрдэнэт хотоос 30 км-ын зайтай. Эмээ өвөө маань Бугат сумын малчид. 1950-иад оны үед Эрдэнэт хотын бууриар ээж маань хурга ишгээ хариулаад л явж байсан гэдэг. Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. Энэ хоттой миний бүхий л амьдрал холбоотой. Одоо ахан дүүс маань бүгд тэнд амьдарч байна. Тэмцээнд ялалт байгуулахаараа Эрдэнэтэд л очиж баяраа тэмдэглэдэг.
Би эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Миний бэлтгэлийн ар талыг эхнэр маань дааж явдаг. Эхнэртээ баярлаж явдаг шүү.
Д.ГАНСАРУУЛ